Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2016/0247

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ш.Чу*********, Р.А********, Н.Мө**********, Я.Ган**********, Б.Х*****

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар

Гуравдагч этгээд: Ц.О*****

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Хот байгуулалт дэд бүтцийн хяналтын албаны ахлах мэргэжилтний 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 223/2015 дугаар Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгуулах

Нэхэмжлэлийн нэмэгдүүлж, тодруулсан шаардлага: Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Хот байгуулалт дэд бүтцийн хяналтын албаны ахлах мэргэжилтний 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 223/2015 дугаар Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/9**дугаар захирамжийн Баянзүрх дүүргийн * дугаар хороо, 3**, 3** байрны дунд газар олгосныг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэвэгмид, нэхэмжлэгч Ш.Чу*********, Я.Ган**********, Н.Мө**********, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хандмаа, гуравдагч этгээд Ц.О*****ы өмгөөлөгч Ч.Ням, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бо********, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Мө********** нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Ш.Чу*********, Р.А********, Н.Мө**********, Я.Ган**********, Б.Х***** нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Баянзүрх дүүргийн * дугаар хорооны 37А, 3**, 38А, 3**, 40 дүгээр байрны дунд орших оршин суугчдын дундын өмчлөлийн газар болох Хүүхдийн тоглоомын талбай-д оршин суугчдын зөвшөөрөлгүйгээр 2015 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс хүүхдийн тоглоомын талбайг эвдлэн буулган, газар ухаж үйл ажиллагаа эхлүүллээ.

            37А, 3**, 38А, 3**, 40 дүгээр байрууд нь 1960-аад онд баригдсан хуучны барилга бөгөөд 3** байрнаас 3,5 метрт нүх ухсан байгаа нь уг газар ухалтын уршгаар хөрсөнд сийрэгжилт явагдаж тухайлбал: 3** байрны сууринд ан цав үүсэн нурах эрсдэлд орж, оршин суугчдын бидэнд хохирол учраад байна. Энэ нь хөрсний сийрэгжилтийн улмаас барилгын сууринд суулт, хазайлт өгч, цаашид 3**, 3** болон бусад байрны аюулгүй байдалд онц ноцтойгоор нөлөөлөх эрсдэл үүсээд байна. Иймд таван байрны оршин суугчид бидний эсэргүүцэж байгаа үйлдэлд нь доорх шалтгаантай болно. Үүнд:

1. Баянзүрх дүүргийн * дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Хүүхдийн тоглоомын талбай шинэчлэн барих тухай 10 дугаар тогтоолын 1. Тус хорооны 3**, 3** дугаар байрны 60 хувийн өрхийн оршин суугч иргэдээс ирүүлсэн санал болон хорооны иргэдийн нийтийн хурлын шийдвэрийг хүлээн ач, хүүхдийн тоглоомын талбай барих асуудлыг дэмжсүгэй гэж заасан байдаг. Нийслэлийн засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/9**дугаар захирамжаар баталгаажуулж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эзэмшүүлсэн 7 дугаар хорооны газар дээр иж бүрэн тохижилт бүхий хүүхдийн тоглоомын талбайтай газар доорх автомашины гарааш барих газарт оршин суугчдаас санал авсан мэт төрийн байгууллагуудыг төөрөгдүүлэн Нийслэлийн иргэдийн Нийтийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дүгээр тогтоолын бүлгийн 4.11, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/9* дүгээр тогтоолын 2.10 дахь заалтыг тус тус зөрчин холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авч газар шорооны ажил эхлүүлж байгаа болно.

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт бүрдүүлж өгсөн бичиг баримт нь эх хувиараа байх байтал бүгд хуулбар байна. Тухайлбал: Оршин суугчдын иргэний үнэмлэхийн хуулбар архивын үдээсний оромтой, бүдэг угаагдсан цээж зургаар иргэний үнэмлэх оруулсан байх магадлалтай, иргэдийн гарын үсэг баталгаатай эсэх эргэлзээтэй, утасны дугаар тэмдэглэгдээгүй гэх зэрэг оршин суугчдын бүх мэдээлэл тодорхой бус мөн 2014 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн * дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгчдийн Хүүхдийн тоглоомын талбай шинэчлэн барих тухай 5 дугаар тогтоолын 1. 3** байрны 80 өрхийн санал болон Иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн тус байрны хойд талд тоглоомын талбай бүхий нүхэн гарааш барихыг дэмжсүгэй гэсэн байна. Энэ талбай нь 37а, 3**, 38а, 3**, 40 дүгээр байрны дунд орших дундын өмчлөлийн талбай учир 5 дугаар байрны оршин суугчдын саналыг авах учиртай.

Оршин суугчид бид цонхны доор гарааш байхыг эрс эсэргүүцэж байгаа ба энэ бүтээн байгуулалтын ажил нь оршин суугчдын саналыг үндэслэн тэдний зөвшөөрлөөр хийгдэх ажил байтал биднээс санал зөвшөөрөл аваагүй. Үүнийг оршин суугчид батална. Эдгээр хүмүүс Оршин суугчдын 60 хувийн зөвшөөрсөн тухай санал өгсөн гэх боловч бидний гарын үсэг, жагсаалтыг бидэнд үзүүлэхээс татгалзаж байгаад, оршин суугчдын эрс эсэргүүцэлтэй тулгарсны дараа гараашбариулахыг дэмжсэн гэх оршин суугчдын зөвшөөрлийн хуудсыг эргүүл хийж байсан 2 цагдаагийн өмнө дэлгэн үзүүлэхэд 96 айлын зөвшөөрлийн хуудас байсан ба үүнээс 25 айл зөвшөөрөөгүй харин үлдсэн зөвшөөрлийн хуудас нь гарын үсэг, оршин суугчдын нэр зөрчилтэй байсан, үүнээс үзэхэд 3**, 3** байрны нийт 160 айлын 40,4 хувь гэхээр 60 хувь хүрэхгүй байгаа болно. Энэ айлууд нь үнэхээр зөвшөөрсөн бол хамт явж шалгая гэсэн саналыг оршин суугчдын төлөөлөх болох 2 хүн тавихад Цэдэнбал гэх хүн нь за одоохон гэж хэлээд утсаар ярьж байрны араар орж эргэж ирээгүй явсан болно. Оршин суугчдын төлөөлөх болох 2 иргэн нь Цэдэнбал гуайг иргэн ирэхийг 30 минут хүлээсний эцэст гэртээ орсон болно. Мөн өөр байрны оршин суугчдад архи уулгаж эрх ашгаа хамгаалж буй оршин суугчид руу дайруулах үг хэлээр доромжлуулж, том бие 6-7 залуусыг хөлслөн авч ирж оршин суугчдыг зодуулан дарамталж шалтгаангүйгээр 2 дугаар хэлтсийн цагдааг дуудуулж бидний эрх ашгийг зөрчиж байна.

2. Газар шорооны ажил нь 3**, байрнаас 3.5 метрийн зайтай хийгдэж байгаа нь Зам Тээврийн Барилга хот байгуулалтын Сайдын 2009 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 79 дүгээр тушаалаар батлагдсан Орон сууцны барилгын техник ашиглалтын дүрмийн 4.1.14-т заасан стандартыг баримтлаагүй болно. Уг газрыг ухаад 17 хонож байгаа ба энэ үеэр байнга бороо орж байгаа нь гулсалт үүсэж хөрсний сийрэгжилт явагдаж усан газрын барилгын ёроолоор нуралт үүсээд байна.

3. Хүүхдийн тоглоомын талбайн тохижилт хийгдэнэ гэх мэдээлэл 2014 оны зунаас яригдаж байсан боловч доороо гарааштай хүүхдийн тоглоомын талбай баригдана гэсэн мэдээлэл оршин суугчид бидэнд цаг тухайд нь өгөөгүй Оршин суугчдад танилцуулж санал авах ажлыг Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний газраас зохион байгуулаагүй бөгөөд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 84 дүгээр тогтоолын 2 дугаар зүйлийн 2.2 дах заасны зөрчсөн. Тухайн үед 3** байранд мансарт барих гэж байхад холбогдох байгууллагуудаас 3** байр нь суулттай доороо цэвдэгтэй гэсэн дүгнэлт гарч байсан учир одоог хүртэл мансарт баригдаагүй болно. Уг бичиг нь Хантайшир СӨХ-д архивлагдаж байх учиртай. 38а, 3**, 3**, 40 дүгээр байрны Хантайшир СӨХ нь оршин суугчид бидний эрх ашгийг зөрчин иргэдийн зөвшөөрөлгүй дэмжсэн байж СӨХ-ын дарга Н.Энхтуяа нь Би юу ч мэдэхгүй зөвхөн засвар үйлчилгээ хийх ёстой хүн гэсэн хариултыг оршин суугчид бидэнд өгч байгаа болно.

4. Оршин суугч бид үр хүүхдийнхээ эрүүл аюулгй байдлыг харгалзан үзэж газар доорх гражийн дээр тоглоомын талбай байхыг эрс эсэргүүцэж байна. Автомашины яндангаас гарах хүнд металын элемэнтүүд агаарт хуримтлагдсан үр хүүхэд оршин суугч бидний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Мөн уг газар доорх гараашнь газраас дээш 1 метр орчим өргөгдөн илүү гарах учраас үр хүүхдээ бэртэж гэмтэхээс сэргийлж уг байгууламжийг байрныхаа ур бариулахыг эрс эсэргүүцэж байна.

5. Ц.О***** захиалагчтай Бр**** компани нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 84 дүгээр тогтоолын 2 дугаар зүйлийн 2.11, 2.12, 3 дугаар зүйлийн 3.2.3, 3.5 дахь заалтыг тус тус зөрчиж байгаа болно гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга, Улаанбаатар хотын Ерөнхий архитектур О.Одбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 28-ны  дугаартай Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай захирамжаар Баянзүрх дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт дээрээ иж бүрэн тохижилт бүхий хүүхдийн тоглоомын талбайтай газар доорх автомашины гражийн зориулалттайгаар 1150 мкв газрыг 5 жилийн хугацаатайгаар олгосон.

Манай байгууллагаас иргэн Ц.О*****д 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн АДХ-005-10 дугаартай тохижилт бүхий газар доорх авто зогсоолын зориулалттай бүхий Архитектур төлөвлөлтийн даалгаврыг олгосон байна.

            Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 151 дүгээр тогтоолын хавсралтаар Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дүгээр тогтоолоор Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам батлагдсан. Манай байгууллага 2013 оноос барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, зөвшөөрлийг хууль, дүрэм журмын дагуу олгон ажиллаж байгаа болно.

Иргэн Ц.О***** нь манай байгууллагад барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах хүсэлтээ Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх, олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үй ажиллагааны журам-ын 6 дугаар бүлгийн 6.3-т заасан баримт бичгийг бүрдүүлэн ирүүлсэн. Баримт бичгийг хянан үзээд 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 223/2015 дугаартай Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгосон.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ тус газарт гарааш барихдаа олон нийтийн саналыг тусгаагүй Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолын 4 дүгээр бүлгийн 4.11 буюу санал өгвөл зохих иргэдийн 70 хувийн саналыг хүчинтэйд тооцно гэсэн заалтыг зөрсөн гэжээ. Ц.О***** нь манай газарт дээр иж бүрэн тохижилт бүхий хүүхдийн тоглоомын талбайтай газар доорх автомашины гарааш барих хүсэлтээ 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан байдаг бөгөөд уг хүсэлтдээ Баянзүрх дүүргийн * дугаар хорооны 7б, 3** байрны иргэдийн 85 хувийн дэмжсэн зөвшөөрлийг авсан.

Мөн төсөл хэрэгжүүлэхийг дэмжсэн Баянзүрх дүүргийн * дугаар хорооны Засаг дарга, Баянзүрх дүүргийн * дугаар хорооны иргэдийн Нийтийн хурлын Тэргүүлэгчдийн тогтоол, Хантайшир СӨХ-ны дэмжсэн тогтоол, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэмжсэн тогтоол зэргийг хавсаргаж ирүүлсэн байдаг.

Манай газраас олгосон Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл нь ямар нэгэн хууль, тогтоомж, дүрэм, журмыг зөрчөөгүй байна. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ж.Нарантуяа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/9**захирамжаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд 1150 м.кв талбайтай газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9 дэх заалтад Нийтийн эдэлбэрийн газар гэж зохих журмын дагуу нийтээр ашиглахаар тогтоосон төрийн өмчийн газрыг, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн гэж заасан.

Мөн Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна гэж хуульчилсан.

Дээрх заалтын дагуу Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Дүүргийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай 24 дүгээр тогтоолын 61 дэх хэсэгт 37А, 3** байрны нийтийн эзэмшлийн талбайг тохижуулж, ногоон байгууламж бүхий хүүхдийн тоглоомын талбай байна хэмээн батлагдсан төлөвлөгөөний дагуу хийгдэж буй ажил юм.

Нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд тухайн орчны нийтийн орон сууцны СӨХ болон бусад иргэн, хуулийн этгээдийн эзэмшил газартай давхцалгүй, нийтийн эзэмшлийн төрийн мэдлийн, төлөвлөгөөнд тусгагдсан газрыг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд дээрээ иж бүрэн тохижилт бүхий хүүхдийн тоглоомын талбайтай газар доорх автомашины гарааш барих зориулалттай эзэмшүүлсэн нь иргэн Ш.Чу*********, Н.Мө**********, Я.Ган**********, Б.Х***** нарын иргэдийн хуулиар олгогдсон эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

Иймд төрийн мэдлийн газрыг Нийслэлийн Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд дээрээ иж бүрэн тохижилт бүхий хүүхдийн тоглоомын талбайтай, газар доорх автомашины гарааш барих зориулалттай 1150 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн нь иргэн Ш.Чу*********, Н.Мө********** нарын иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ш.Чу********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Барилга эхлүүлэх зөвшөөрөл аваад хууль ёсны хууль бус гэдэг талаар талууд маргалдаж эхэлсэн. Бүх зүйлийн хуулийн дагуу хийгдсэн гэж хэлсэн. Гэхдээ бид нарт ямар ч материал үзүүлэхгүй байсан. Нийслэлийн Засаг даргын А/9**дугаар захирамжаар 7 дугаар хороонд 5 жилийн хугацаатай 1150 м.кв талбайд газар доорх граш, дээр нь хүүхдийн тоглоомын талбай барихаар болсон. Нийслэлийн Засаг даргын А/9**дугаар захирамжийн баталгаажих үүсвэр гэсэн хэсэгт хоосон байгаа. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 84 дүгээр тогтоолын журмуудыг баримталж үйл ажиллагаа эхлүүлэх учраас хоосон орхисон гэж үзэж байна. 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 84 дүгээр тогтоол гарсан. 2014 оны 9 дүгээр сард гарсан Нийслэлийн Засаг даргын А/799 дүгээр захирамж байгаа.

Гарааш барих бүх нөхцөл байдлуудыг Нийслэлийн Засаг даргын А/799 дүгээр захирамжид заасан байгаа. Нийслэлийн Засаг даргын А/799 дүгээр захирамжийг хүчингүй болгоод 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 84 дүгээр тогтоолыг гаргасан. Нийслэлийн Засаг даргын А/799 дүгээр захирамжийг баримталсан гэж үзэж байна. Гэтэл бүх тогтоолын журмыг зөрчсөн байгаа. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 84 дүгээр тогтоолын хавсралтын 1 дүгээр зүйлийн 1.7-д Иргэн, хуулийн этгээдийн өөрийн эзэмшил, өмчлөлийн газар дээр авто зогсоол барих тохиолдолд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журмын 3-7 дугаар бүлэгт заасны дагуу хэрэгжүүлнэ гэж заасан байгаа.

Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журмын 4 дүгээр бүлэгт Барилга барих үйл ажиллагаанд иргэн хуулийн этгээдийн оролцоог хангах, саналыг авах гэж заасан.

Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад орлуулах үйл ажиллагааны журмын 4 дүгээр зүйлийн 4.1-д Нийслэлийн нутаг дэвсгэрт барилгa барих үйл ажиллагаанд иргэн, хуулийн этгээдийн оролцоог хангана гэж заасан байгаа. Мөн журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т Дараах тохиолдолд барилга барих үйл ажиллагаанд иргэн, хуулийн этгээдийн саналыг авч болно гэж заасан байгаа. Ямар тохиолдолд санал авах вэ гэхээр мөн журмын 4 дүгээр зүйлийн 4.2.1-д орон сууцны хороолол дундах барилгажаагүй талбайд барилга байгууламж барихад санал авна гэж заасан байгаа. Журмын 4.2.-д заасан санал авах тохиолдолд, дараах байдлаар авна: Мөн журмын 4 дүгээр зүйлийн 4.3.1-д орон сууцны хороолол дундах барилгажаагүй талбайд барилга барих тохиолдолд нэгж талбарын хил хязгаарыг тогтоосон эргэлтийн цэгүүдээс дор дурдсан зайд байрлах үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөс санал авна , 4.3.1.2-т 5 давхар барилгад 21 метр гэж заасан байгаа. Гэтэл одоо баригдаж байгаа барилга хэдэн метр баригдаж байгаа талаар асуудал байна. Журмын 4 дүгээр зүйлийн 4.4-т Баригдах барилгын талаарх мэдээллийг олон нийтэд мэдээлэх 3х2м хэмжээтэй самбарыг барилгажих талбайд тод харагдахуйцаар 7-оос доошгүй хоног байршуулна гэж заасан байгаа. Гэтэл самбар байршуулаагүй. Хууль зөрчсөн гэсэн агуулгаар журмын заалтуудыг дурдаад байна. Журмын 4 дүгээр зүйлийн 4.11-д Санал өгвөл зохих иргэдийн 70 хувийн саналыг хүчинтэйд тооцно гэж заасан байгаа. 80 айл өрхөөс санал авсан байгаа. Иргэдийн Нийтийн Хурлын 10 дугаар тогтоолыг шүүхэд гаргаж өгсөн. Саналын тогтоол биш гэсэн баримтыг шүүхэд өгсөн байгаа... гэв.

Нэхэмжлэгч Н.Мө********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие 3** дүгээр байрны оршин суугч юм. 70 хувийн иргэдийн саналыг авсан байх шаардлагатай гэж тогтоолын заалтад байгаа. Гэтэл 30 хувьд ч хүрэхгүй санал авсан байгаа. Иргэдийн өгсөн саналыг тулгахаар зөрчилтэй олон зүйл байгаа. Жишээлбэл: 8 айлаас 21 хүний санал авсан. Зөвшөөрөөгүй гэсэн хүмүүсийн саналыг нотариатаар баталгаажуулсан. Хууль бус буюу 30 хувьд хүрэхгүй санал байна. 60-80 хувь хүртэлх саналыг оршин суугч бүрээс авч нотариатаар баталгаажуулсан. Гэтэл 3** байрны 80 өрх зөвшөөрсөн байгаа. 3** байрын 80 айл өрхийн санал байхгүй. Анх зөвшөөрөл авахдаа зөвхөн 3** байрын иргэдийн зөвшөөрлийг авсан. 3** байрны хүмүүсийн санал байхгүй байгаа.

Хүүхдийн тоглоомын талбайн нь 3** болон 3** байрны дунд байгаа учраас 3** байрны иргэдээс санал авах шаардлагатай гэж үзэж байна. Иргэдийн Нийтийн Хурлын тогтоолд зөвхөн 3** байрны 80 өрх гэж бичсэн байгаа. Гэтэл 3** байрын тал өрх нь зөвшөөрөхгүй гэсэн саналаа нотариатаар баталгаажуулсан. Граш барих буюу үл хөдлөх эд хөрөнгө нь 3-5 жилийн хугацаатай байдаг. Хэдэн давхар барилга барих талаар баталгаажилт байхгүй. 5 метр хүрэхгүй зайд тулаад ухсан байгаа. 5 метрийн зайд хүрэхгүй байгаа 3** байр яах вэ гэдэг асуудал байна. Манай байр бол 1976 оны барилга байгаа. Удахгүй дахин төлөвлөлтөд орох барилга юм. Манай байр 5 байрнаас ганцхан мансардгүй барилга байгаа. Яагаад гэвэл хазайлттай, цууралттай барилга учир мансард бариагүй. Байранд суулт өгөөд эхэлсэн байгаа. Цаашид орон гэргүй болох асуудал байгаа... гэв.

Нэхэмжлэгч Я.Ган********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...4,4 м цэвдэгтэй гэж дүгнэлтэд бичсэн байгаа. Газрын зөвшөөрөл авахын тулд эхэлж иргэдээс зөвшөөрөл аваад дараа нь хороо, дүүргээс зөвшөөрөл авна гэж бодож байна. Бүх зүйл худлаа байгаа. Дулааны шугам ухаж байсан чинь шууд газар ухаад эхэлсэн. Баянзүрх дүүргийн * дугаар хорооны иргэдээс зөвшөөрөл авсан гэхэд би итгэхгүй байна 7 дугаар хорооны айл, өрхөөр хамт оръё гэж хэлээд н.Цэцэгмаагийн нөхөр Цэдэнбал гэдэг хүнтэй хамт эхний хоёр айлаар ороод зугтаасан. Хүүхдийн тоглоомын талбайн тохижуулах талаар жилийн өмнө Баянзүрх дүүргийн * дугаар хорооны иргэдээс санал авсан. Тус баримтуудыг ашиглан Баянзүрх дүүргийн иргэдийн Нийтийн Хурлаар оруулсан. Хорооноос хуурамч бичиг бүрдүүлээд Баянзүрх дүүрэг дээр очихдоо 41, 42 дугаар байрны хажуу тал бичсэн байгаа. Дэс дарааллын явсан гэсэн бичиг баримтууд бүгд худлаа байгаа болохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Манай байрны оршин суугчид сэтгэл санааны дарамттай байна. Яагаад гэвэл ямар ч зөвшөөрөлгүй 3 метр ухсан байгаа. Бороо, цас орохоор ус нь тунаад газрын хажуу тал нурсан. Тус нүхэнд хүн унавал хэн хариуцах вэ гэж шаардлага тавьсны эцэст хашаа бариулсан... гэв.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хандмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага бол Нийслэлийн Засаг даргын А/9**дугаар захирамжийг хүчингүй болгуулах байгаа. А/9**дугаар захирамж бол газар эзэмшүүлсэн шийдвэр юм. Нийслэлийн Засаг дарга захирагчийн ажлын албанд 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлд тодорхой заасан байгаа. Нийтийн эдэлбэр газар төрийн өмч мөн гэж Газрын тухай хуульд заасан. СӨХ-ны газар иргэдийн газартай давхацсан эсэхийг шалгасны дараа газар эзэмшүүлсэн. Төр өөрийн эзэмшлийн газрыг захирагчийн ажлын албанд эзэмшүүлсэн нь нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх ашгийг хөндөөгүй. Харин газар давхацсан бол хууль ёсны эрх ашгийг хөндөж байгаа. Төр өөрийн эрх мэдлийн хүрээнд газар эзэмшүүлсэн. Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.7-д Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн орчны газрын ногоон зүлэг, мод, бут, сөөг, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний болон автомашины зам, машины зогсоол тэдгээртэй адилтгах байгууламжийн төлөвлөлт, барилгажилтийн норм, дүрмийг барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална гэж заасан байгаа. Хуульд заасны дагуу ерөнхий төлөвлөгөө нь хэсэгчилсэн төлөвлөгөөтэй уялдсан байх шаардлагатай. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 84 дүгээр тогтоолыг мөрдөх шаардлагагүй. 5/14 дугаар тогтоолд заасны дагуу 2-4 давхар барилга баригдах тохиолдолд зөвшөөрөл авна. Нийслэлийн Засаг даргын А/799 дүгээр захирамжийг хууль зөрчсөн гэж үзээд байна. А/799 дүгээр захирамжийн хувьд Хууль зүйн яаманд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох ёстой. Гэтэл Хууль яаманд бүртгүүлээгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Мөнхдэлгэр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Авто зогсоол барих тухай Нийслэлийн Засаг даргын захирамжаар батлагдсан журам бол илт хүчин төгөлдөр бус болохыг өөрөө зөвшөөрөөд 2015 оны Нийслэлийн Засаг даргын А/71 дүгээр захирамжийг гаргасан. Тухайн акт гарсан өдрөөс хойш хүчин төгөлдөр бус байсан гэж үзэх үндэслэлтэй байна. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан акт нь 5/14 дугаар тогтоол байгаа.

Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих, газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад Оруулах үйл ажиллагааны журмын 4 дүгээр зүйлийн 4.1.3-т орон сууцны хороолол дундах барилгажаагүй талбайд барилга барих тохиолдолд нэгж талбарын хил хязгаарыг тогтоосон эргэлтийн цэгүүдээс дор дурдсан зайд байрлах үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөс гэж тодорхой заасан байгаа. 16 давхар барилга барих юм бол нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх ашгийг хөндөх боломжтой. Хариуцагч 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 84 дүгээр тогтоолоор батлагдсан журмыг зөрчсөн гэж тайлбарлаад байна. Журам батлагдахаас өмнө Газар барилгажилтын зөвлөлийн хурал 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр болсон. Газар барилгажилтын зөвлөлийн хурлаар орсны дараа газрыг асуудлыг шийддэг. 2014 оны10 дугаар сарны 28ны газрын захирамж гараад 2015 оны 5 дугаар 05-ны архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан. Журам батлагдахаас өмнө авто зогсоолтой холбоотой процессууд бүгд явагдсан. Барилгын ажил эхлүүлэх болон газар олгосон явдал нь нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх ашгийг хөндсөн гэдэг нотлогдохгүй байна. Хазайлттай гэсэн асуудлаар мэргэжлийн байгууллагаас дүгнэлт гаргасан байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ч.Ням: ...Нэхэмжлэл гаргасан А.А*******гэдэг шүүх хуралдаан нэхэмжлэл гаргасан цагаас эхлээд ирсэнгүй. Б.Х***** гэж хүн нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд ирээгүй байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг нэхэмжлэлээ дэмжиж ирсэнгүй. Нэхэмжлэг нар нэгэн зорилготой буюу 3**, 3** байрны оршин суугчдын төлөөлсөн төлөөлөл гэдэг нь эргэлзээтэй байна. Миний үйлчлүүлэгчээс болзол тавьж мөнгө нэхэж байна. Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосон явдал нь нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх ашгийг хөндсөн талаар тогтоогдохгүй байна. Үнэхээр Улаанбаатар хотын нүүр царайг дээшлүүлж, сайжруулахын тулд Улаанбаатар хотын хэмжээнд хийгдэж байгаа ажил юм. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ш.Чу*********, Р.А********, Н.Мө**********, Я.Ган**********, Б.Х***** нар нь Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 00******* № 223/2015 тоот Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг болон Нийслэлийн засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/9**тоот захирамжийн Баянзүрх дүүргийн * дугаар хороо 3**, 3** байрны дунд газар олгосон хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Маргаан бүхий захиргааны актууд буюу Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 00******* № 223/2015 тоот Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл болон Нийслэлийн засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/9**тоот захирамжийн үйлчлэлийн улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй буюу зөрчигдөөгүй байна гэж шүүх үзэв.

Маргаан бүхий захиргааны актуудыг нийтийн эрх ашгийн төлөө буюу нийслэлийн авто замын болон авто зогсоолын ачааллыг бууруулах зорилгоор гаргасан байх ба дээрээ иж бүрэн тохижилт бүхий хүүхдийн тоглоомын талбайтай газар доорх авто зогсоолын зориулалтаар газар олгож, улмаар Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгосон байна

Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл-ийг болон Нийслэлийн засаг даргын А/9**тоот захирамжийг гаргасны улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, газар, барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн талаарх хууль тогтоомж, эдгээртэй холбоотой холбогдох норм, дүрэм, стандарт зөрчигдөөгүй байна.

Нэхэмжлэгч нар манай орон сууцуудын суурь хазайлттай гэдгийг мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгаж тогтоосон тул газар доорх авто зогсоол байгуулах нь манай байрны бүрэн бүтэн байдалд нөлөөлнө гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байх хэдий ч энэ нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №02-04/2881 тоот албан бичиг[1][1], Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №7/3576 тоот албан бичиг[2][2]-ээр үгүйсгэгдэж байна.

Дээрээ иж бүрэн тохижилт бүхий хүүхдийн тоглоомын талбайтай газар доорх авто зогсоолыг байгуулснаар нэхэмжлэгч нарын орон сууцруугаа орох гарах орц гарцыг хаах, барилга хоорондын зайн талаарх норм, дүрэм зөрчигдөх, байгалийн гэрлийг хаах, автомашины зогсоолгүй, хүүхдийн тоглоомын талбайгүй болгох гэх мэт нэхэмжлэгч нарын эрхийг зөрчсөн нөхцөл байдал үүсэхгүй юм.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 84 дүгээр тогтоолоор Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд авто зогсоол төлөвлөх, барьж байгуулах журам-ыг баталсан байна. Гуравдагч этгээд Ц.О*****ы газар доорх авто зогсоолын Архитектур төлөвлөлтийн даалгаврыг 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр баталсан байна.

Нэхэмжлэгч нар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 84 дүгээр тогтоолоор батлагдсан журмын дагуу иргэдийн саналыг аваагүй гэж тайлбарлан маргаж байгаа боловч гуравдагч этгээд Ц.О*****ы Архитектур төлөвлөлтийн даалгаврыг дээрх журам батлагдахаас өмнө буюу 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр баталсан байх тул нэхэмжлэгч нарын ийнхүү тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Захиргааны хэм хэмжээ тогтоосон акт буюу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 84 дүгээр тогтоолоор батлагдсан журам нь батлагдсанаасаа хойших нийгмийн харилцаанд үйлчлэх ба Архитектур төлөвлөлтийн даалгаврыг 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр баталсан байх тул тус журамд заасны дагуу санал аваагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч нар маргаж байгаа нь үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нар мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам-ын дагуу иргэдийн саналыг аваагүй гэж тайлбарлан маргаж байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дүгээрт тогтоолоор Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих, газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам-ыг баталсан байх ба тус журмын 4.3.1.1-т 2-4 давхар барилгад тус барилгын нэгж талбарын хил хязгаарыг тогтоосон эргэлтийн цэгээс 15 метрийн зайд байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөс санал авахаар заасан байна.

Дээрх журмын заалтаас үзэхэд 2-4 давхар барилга барихаар төлөвлөсөн тохиолдолд уг шинэ барилгаас 15 метрийн зайд байрлах үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчөөс зөвшөөрөл авахаар зохицуулсан байх тул газар доорх авто зогсоол барих харилцаанд тус журмын заалт хамааралгүй байна.

Иймд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан журмын дагуу иргэдийн саналыг аваагүй нь хууль бус гэсэн агуулгаар гэж тайлбарлан маргаж байгаа нэхэмжлэгч нарын тайлбар үндэслэлгүй.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхийг Нийслэлийн засаг дарга эдлэхээр, 33 дугаар зүйлийн 33.1.1-т энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана гэж тус тус хуульчилсан байна.

Газрын тухай хуулийн дээрх заалтуудаар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд Нийслэлийн засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/9**тоот захирамж гарсан байх уг захирамж нь хуульд нийцсэн байх бөгөөд нэхэмжлэгч нарын эрхийг хөндөөгүй байна.

Иймд Нийслэлийн засаг даргын хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд гарсан 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/9**тоот захирамж болон түүнээс улбаалан гарсан Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл-ийг шүүхээс хүчингүй болгох боломжгүй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т Энэ хуулийн зорилт нь иргэн, хуулийн этгээдээс захиргааны актыг хууль бус гэж үзэж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар гаргасан гомдол, нэхэмжлэлийн дагуу... захиргааны хэргийг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино, 3 дугаар зүйлийн 3.1.7-д нэхэмжлэл гэж иргэн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандаж гаргасан өргөдлийг хэлнэ гэж тус тус заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтуудын агуулгаас үзэхэд Захиргааны хэргийн шүүх нь захиргааны хууль бус актын улмаас нэхэмжлэгчийн өөрийнх нь сүбьектив эрх, хууль ёсны ашиг сонирхол бодитоор зөрчигдсөн буюу хөндөгдсөн тохиолдолд маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох гэх мэт шийдвэр гаргах ба маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгч нарын эрх бодитоор зөрчигдсөн үйл баримт тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хангах боломжгүй.

Харин газар доорх авто зогсоолын зориулалтыг өөрчлөх зэрэг байдлаар нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нөхцөл байдал үүсвэл энэ асуудлаар нэхэмжлэгч нар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.Чу*********, Р.А********, Н.Мө**********, Я.Ган**********, Б.Х***** нарын Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 00******* № 223/2015 тоот Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл болон Нийслэлийн засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/9**тоот захирамжийн Баянзүрх дүүргийн * дугаар хороо 3**, 3** байрны дунд газар олгосон хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАТЗОРИГ