Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 453

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Г.Эрдэмбаатар,

шүүгдэгч Б түүний өмгөөлөгч Ж.Энхтуяа нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бт холбогдох 1705002420091 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Дурсамж” бааранд зохион байгуулагч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт оршин суух, урьд Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 148 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 148 дугаар зүйлийн 148.1, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 58 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 7 сар 22 хоног хорих ялыг тэнсэн суллаж мөн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож шийдвэрлэсэн. Шүүгдэгч Б нь 2017 оны 07 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Дурсамж нэртэй бааранд Э.Гантөрийн нүүрэн тушаа газарт өвдөглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ НЬ: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад бүгдийг мэдүүлсэн” гэв. Шүүгдэгч Б нь 2017 оны 07 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Дурсамж нэртэй бааранд Э.Гантөрийн нүүрэн тус газарт өвдөглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: Хохирогч Э.Гантөрийн “2017 оны 07 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 00 цагийн үед манай найз Энхбат миний ажиллаж байсан Улаанбаатар паласын бааранд очиж сууя гээд би Энхбат, Анхбаяр, Сумъяажаргал, Норовбадам бид хэд явсан. Тэгээд би бааранд ороод ширээнд сууж 10 шил пиво аваад бид нар хувааж уусан. Би 2-3 шил пиво уусан байх. Тэгээд бүжиглэж байж байгаад ариун цэврийн өрөөнд ороход Энхбат, Анхжаргал, Сумъяажаргал нар юм яриад зогсож байсан чинь баарны зохион байгуулагч гэх Б орж ирээд түрүүнээс хойш яагаад байгаа юм гээд Анхбаяр руу хандаж хэлээд байсан. Тэгээд юу болсон юм, яасан юм гээд Б руу хэлэхэд алив гаръя одоо баарнаас гарцгаа гээд бид нарыг түлхсэн. Тэгээд намайг хаалган дээр зогсож байхад гар гээд түлхэхээр нь би гарахгүй гэхэд Сумъяа, Энхбат бид гурвыг дагуулж тэр өрөөндөө ороод намайг түлхэж буйдан дээр унагаад миний нүүр рүү ирээд өвдөгөөрөө өвдөглөсөн” “...Миний шүд үйрч унасан. Эрүү жоохон зуурч өвдөөд байгаа гэмтэл бэртэл байна. Намайг зодсон Б миний эмчилгээний зардалд нийт 600.000 төгрөгийг өгсөн байгаа. Надад гомдол санал байхгүй. Б надаас уучлалтай гуйсан. Би шинжээч эмчийн дүгнэлтийг уншиж танилцсан миний биед учирсан дээрх гэмтлийг Дурсамж баарны зохион байгуулагч Б гэж залуу учруулсан. Б надаас уучлалт гуйсан. Бид хоёр эвлэрсэн байгаа” гэсэн мэдүүлэг. /хэргийн 9, 11 дүгээр хуудас/ Гэрч Т.Энхбатын “2017 оны 07 дугаар сарын 17-ны орой 22 цаг болж байхад Тэмүүлэл хотхоны гадна найз Гантөр, Анхбаяр, Сумъяажаргал нартай уулзсан. Бид нар юм ярьж байгаад бидний өмнө ажиллаж байсан Дурсамж бааранд орохоор болоод явсан. ...Дурсамж бааранд манай найз Булгаа хамгаалагчаар ажиллаж байсан учир бид нарт 10 шил Сэнгүр гэсэн нэртэй пиво авч өгсөн. ...Бааранд жаахан бүжиглэж байгаад Анхаа бид хоёр хамт тамхи татахаар гарсан. Тэгээд тамхи татаад буцаад бааранд орсон. Тэгээд 00-ын өрөө ороод би найз Анхбаярыг эмэгтэйчүүдийн 00-ийн өрөө рүү түлхсэн гэтэл баарны зохион байгуулагч Б ах ирээд уурлаад Анхбаяртай маргалдсан. Тэгээд би Б ахад уучлаарай дүү нар нь одоо ингээд гарлаа гэж хэлсэн. Гэтэл Анхбаярыг Б ах заамдаад хажуугийн өрөө рүү дагуулаад аваад орсон. Тэгээд би араас нь дагаад орсон. Тэгсэн Б ах уурлаад байсан. Тэгсэн Анхбаярыг гаргах гэтэл Б ах гаргахгүй байсан. Тэгээд байж байтал найз Гантөр гаднаас орж ирээд Б ах гарлаа гэж хэлсэн чинь та нар юу юм гэж хэлээд Гантөрийг буйдан руу татаж унагаасан. Тэгээд Гантөр унасан чинь Б ах Гантөрийн нүүр лүү өвдөглөсөн. Тэгээд Гантөрийн амнаас цус гарсан. Гантөр өрөөнөөс гараад үүдэнд 102-т залгаж цагдаад дуудлага өгсөн. Тэгээд хэсэг хугацааны дараа цагдаагийн албан хаагч нар ирээд юу болсон талаар асуусан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 46 дугаар хуудас/ Гэрч Н.Анхбаярын “... Тэр үед манай найз Гантөр өрөөнд орж ирээд үүдний тэнд зогсож байсан. Гэтэл Б Гантөрийг хараад чи бас над руу муухай хараад байна уу гэж хэлээд Гантөрийг заамдсан. Тэгээд Гантөрийг арын буйдан дээр унагаасан. Тэр үед Гантөр баруун өвдгөөрөө нүүр хэсэг рүү өвдөглөсөн гэтэл Гантөрийн уруул, шүд хэсгээс нь цус гарч байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 47 дугаар хуудас/ Гэрч Сумъяажаргалын “... Би гэртээ орох гээд явж байтал Гантөр над руу залгаад чи хаана байна хүрээд ирээ намайг баарны зохион байгуулагч Б гэх залуу зодчихлоо гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 49 дүгээр хуудас/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн №9547 дугаартай шинжээчийн “... 1. Э.Гантөрийн биед 12 дугаар шүдний хугарал, дээд уруулд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 14 дүгээр хуудас/ Бийн яллагдагчаар өгсөн “...Тэгэхээр нь би заамдаж байгаад Гантөрийг хавирч унагаагаад дээрээс нь өвдөгөөрөө эрүү лүү нидэрсэн. ...Би шинжээч эмчийн дүгнэлтийг уншиж танилцсан. Иргэн Гантөрийн биед учруулсан хөнгөн гэмтлийг би Гантөрийн биед учруулсан. Би хохирогч Гантөрд эмчилгээний зардал нийт 650.000 төгрөг өгсөн байгаа. Гантөр одоо гомдол сандал байхгүй. Гантөр бид хоёр сайн дураараа эвлэрсэн” гэсэн мэдүүлэг /хэргийн 54 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ. Иймд шүүгдэгч Бийн үйлдсэн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжтэй бөгөөд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Шүүгдэгч Б, хохирогч Э.Гантөр Б.Ундрахбаяр нарын хооронд маргаан үүссэн бөгөөд маргаанаас үүдэж Б нь Э.Гантөрийн нүүрэн тус газар өвдөгөөрөө цохиж шууд санаатай хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Шүүгдэгч Бийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв. Хохирогч Э.Гантөрд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 600.000 төгрөгийг шүүгдэгч Б төлж барагдуулсан байх тул түүнийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан байна гэж дүгнэлээ. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүх шүүгдэгч Бт хууль зааснаар торгох ял оногдуулахаар шийдвэрлэж, түүний орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 36.14, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Бийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Бт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.АЛТАНХУЯГ