Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 137

 

Д.Н-гийн нэхэмжлэлтэй                                                                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул             даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 104/ШШ2019/00431 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч Д.Н-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.М-, Г.Э- нарт холбогдох

Автомашины үнэ 7 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Г.М-ийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хариуцагч Г.М-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Н- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Г.Баяраатай 2009 онд танилцаад 2010 онд нэг орж ханилан сууж, 2 охин төрүүлсэн. Нөхөр маань 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр нойр булчирхай үрэвсэж Цэргийн төв эмнэлэгт хэвтэж хагалгаанд орсон. Нөхрийн дүү Г.Эрдэнэбилэг хот руу орчихоод ирэе гээд 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 11.000.000 төгрөгөөр худалдаж авсан Тоёота пробокс маркийн 2009 онд үйлдвэрлэсэн 85-29 УНӨ улсын дугаартай автомашиныг авч яваад буцааж авчирч өгөөгүй 7.000.000 төгрөгөөр бусдад зарсан. Энэ машиныг нөхөр маань 2016 оны 6 дугаар сард цэргийн ангиас тэтгэвэрт гарч 36 сарын тэтгэмжийн 22.000.000 төгрөг аваад худалдаж авсан байсан. Би талийгаач Г.Баяраатай гэр бүлээ батлуулаагүй ч шүүхээр хамтын амьдралтай байснаа тогтоолгосон, бидний дундаас 2 охин төрсөн учраас уг хөрөнгийг бидний дундын эд хөрөнгө түүний захиран зарцуулалтанд хяналт тавих, ах, дүү нар нь надад юунд зарцуулсан талаараа тайлагнах ёстой гэж үзэж гомдож байгаа. Талийгаач нөхрийг маань дүү Г.М- нь сахиж байсан. Нөхрийг маань эмнэлэгт хэвтэж байхад уулзуулдаггүй, сахиулдаггүй байсан. Миний бодлоор 2.850.000 төгрөгийг эмчилгээнд зарцуулсан гэж бодож байгаа. Бусдыг нь юунд зарцуулсанг нь мэдэхгүй тул 7.000.000 төгрөгийг Г.М-ээс гаргуулж өгнө үү. Г.Эрдэнэбилэгээс 7.000.000 төгрөгийг шаардахгүй гэжээ.

Хариуцагч Г.М-, Г.Эрдэнэбилэг нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Бидний төрсөн ах Г.Баяраа нь Налайх дүүргийн 337 дугаар цэргийн ангид онгоцны механикчээр ажиллаж байгаад 2017 оны 6 дугаар сард тэтгэвэрт гарсан билээ. Ах маань 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр бие нь муудаж Улаанбаатар хотын Цэргийн госпиталд хагалгаа хийлгэхээр Налайхын эмнэлэгийн түргэн тусламжаар хүргэгдэн хэвтсэн. Улмаар эмчилгээ сувилгааны зардалд ахыг нас барах хүртэлх хугацаанд нийтдээ 10.000.000 гаруй төгрөг зарцуулагдсан бөгөөд эхний ээлжинд ах, дүү, хамаатан саднаасаа цуглуулаад л байсан боловч сүүлдээ ах, дүү нараасаа мөнгө нэхээд зовоогоод байх боломжгүй тул талийгаач ахынхаа зөвшөөрлийн дагуу түүний өмчлөлийн 85-29 УНӨ улсын Тоёота пробокс маркын авто машиныг 7.000.000 төгрөгөөр зарж түүний эмчилгээ сувилгаанд бүрэн зарцуулж 4 удаагийн хагалгааны дараа бие нь сайжрахгүй байсаар бурханы оронд одсон. Гэтэл ахыг минь нас барсаны дараа хамтран амьдарчаар тогтоолгосон байсан. Миний ах Д.Н-гийн дагавар хүүхдүүдийг өөрийн юм шиг хайрлаж тэжээж байсан. Хэрвээ цаг хугацаа алдалгүй бидэнд мэдэгдэж, эмнэлэгийн түргэн тусламж үзүүлсэн миний ах амьд сэрүүн байх боломжтой байсан. Д.Н-гийн нэхэмжлээд байгаа автомашиныг миний ах 2017 онд цэргийн байгууллагаас өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаа олгодог 36 сарын тэтгэмжийн мөнгөөрөө авсан бөгөөд Д.Н- гэх хүн уг авто машиныг авахад нэг ч төгрөг оруулаагүй, оруулах боломж ч байхгүй нэгэн болно.  Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгч нь талийгаачтай гэр бүл биш тул Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжилж буй авто машины үнэ болох 7.000.000 төгрөгийг шаардах эрх нэхэмжлэгч Д.Н-д байхгүй байна. Бидний зүгээс авто машиныг зараад өөрсдийн амьдралдаа зарцуулсан зүйл огт байхгүй. Д.Н- нь ахыг минь амьд сэрүүн байхад 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр нэг сарын тэтгэвэрийн зээл, 4 сарын тэтгэврийн зөрүү болох үлдэгдэл мөнгийг нь авчихсан байсан хэрнээ эмчилгээнд нэг ч төгрөг өгөөгүй. Бид ахынхаа амь насыг аврахын тулд эмчийн зааврын дагуу гаднаас маш олон хүчтэй эм, тариаг өдөр бүр авч өгдөг, шаардлагатай шинжилгээ, аппаратанд оруулж төлбөр тооцоог өгч байсан. Миний талийгаач ах 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 11 цаг 25 минутанд амьсгал хураах үед би ахынхаа хажууд уйлаад зогсож байсан. Гэтэл Д.Н- нь хэдэн цагт нас барсныг нь мэдэхгүй байж нас барсан цаг минутыг нь хүртэл худал бичиж түүгээр ч барахгүй Автомашин зарсан мөнгөнөөс нэг ч төгрөг эмчилгээнд оруулаагүй, миний өөрийн ах, дүү нар болон нөхөр бид хоёрын цуглуулсан мөнгөөр эмчилгээний зардлыг төлж барагдуулсан гэх мэтээр худал мэдүүлэг өгч бид нарыг гүтгэж байгаад нь бид маш их гомдолтой байна. Иймд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д заасныг баримтлан хариуцагч Г.М-ээс 2.423.025 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4.576.775 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Н- хариуцагч Г.Эрдэнэбилэгээс 7.000.000 төгрөг гаргуулахаас татгалзсаныг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Д.Н-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126.950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Г.М-ээс 53.722 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Н-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Г.М- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Д.Н-н юуны улмаас яагаад хохирсон гээд байгаа үйл баримт тогтоогдоогүй, талийгаач ахынхаа хөрөнгийг өөрийн зөвшөөрлөөр нь зарж, мөнгийг өөрт нь зарцуулаад дууссан явдал, эдгээрийн хооронд ямар нэгэн шалтгаант холбоо байхгүй байна. Ахыг минь нас барсны дараа Д.Н- нь 2 хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмж авахын тулд худал түүх зохиож ярьсаар шүүхийг төөрөгдүүлж хамтын амьдралтай байсан гэсэн шүүхийн шийдвэр гаргуулж авсан. Яг үнэндээ миний ах ганцхан бага охиноо л минийх гэдэг байсан. Зөвхөн эндээс л Д.Н-, ахын минь машины мөнгөнд хошуу дүрэх, шунах эрхгүй гэдэг нь харагдаж байна. Шүүх нэхэмжлэгч Д.Н-н 7 сая төгрөгийг эмчилгээнд зарцуулаагүй гэж биднийг буруутгах үндэслэлийг, Д.Н-г хохироож үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх бидний гэм бурууг тогтоож байж, хэргийг бүх талаас нягталж хэргийг нэг мөр шийдэх ёстой байсан. 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Цэргийн эмнэлгээс эмчилгээнд зориулж гаднаас авсан эм тариаг хийж байсныг нотлох сувилагчийн тэмдэглэлийг гаргуулах хүсэлтийг гаргахад хангаагүй болно. Гэтэл энэ тохиолдолд цэргийн байгууллагад насаараа ажилласан ахынхаа тэтгэвэрт гарахдаа хүртсэн шударга хөдөлмөрийн үр шим буюу 36 сарын цалинтай тэнцэх хэмжээтэй тэтгэлгийн мөнгөөр авсан автомашиныг хүндээр өвдсөн үед нь өөрийнх нь зөвшөөрлөөр зарж борлуулан эмчилгээнд нь бүрэн зарцуулсан асуудал маргааны гол зүйл болж байна. Өөрөөр хэлбэл, шүүх миний данснаас бэлнээр гарсан мөнгийг эмчилгээнд зарцуулаагүй гэж үзсэн. Гэтэл би Амгаланбаатар, Солонго, Өлзий зэрэг эмч нарын өдөр болгон бичиж өгсөн эм тариаг гаднаас авахын тулд мөнгөө АТМ машинаас аваад өндөр үнэтэй эм тариа. 245.000 төгрөгний альбумин уураг, 65.000 төгрөгний нэмэгдэл хоол зэргийг худалдан авч ээлжийн сувилагчид өгөхөд эмчилгээ хийгдсэний дараа шилийг үзүүлдэг байсан. Энэ бүх процесс сувилагчийн тэмдэглэлд бичигдсэн байгааг анхаарч үзээгүй. Надад байсан е-баримтыг оршуулгын үеэр өвчтөний түүхийн хамтаар шатааж устгасан болохыг шүүхэд үнэн зөвөөр гэрчүүдийн хамтаар мэдүүлсэн болно. Өдөр болгон эм тариа гаднаас авч өгдөг байсан. Нийт мөнгөнөөс үлдсэн 450.000 төгрөгийг ажил явдалд зарцуулж дуусгасан. Мөн түүнчлэн миний данс өөрийн мөнгөний 209.000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан бөгөөд тухайн цаг хугацаанд 50 болон 100.000 төгрөг дансаар, бэлнээр 300.000 төгрөг орж ирсэн бодит байдлыг тодруулаагүй. Гэтэл шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ дээрх зардлыг дутуу тооцож, намайг баримт гаргаж өгөөгүй шалтгаанаар сувилагчийн тэмдэглэлийг эмнэлгээс шаардаж гаргуулалгүй ганцхан Хаан банкны дансны хуулгыг баримтлан шийдсэнд гомдолтой байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д хамааруулж шийдсэнийг хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Нотлох баримтыг танилцуулах, өөрсдийн тайлбар өгөх. үндэслэлээ хамгаалах, үгүйсгэх боломжийг тэгш олгоогүй нь Шүүхийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч миний гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Д.Н- нь хариуцагч Г.М-, Г.Эрдэнэбилэг нарт холбогдуулж автомашины үнэ 7.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Д.Н- нь хамтран амьдарч байсан талийгаач Г.Баяраагийн өмчлөлийн автомашины үнийг хариуцагч нараас гаргуулахыг хүссэн ба анхан шатны шүүх  нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар шаардах эрхтэй гэж үзсэн нь хууль хэрэглээний хувьд буруу болжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Н- нь талийгаач Г.Баяраатай хамтын амьдралтай байсан, тэдний дундаас 2 хүүхэд төрсөн гэж дүгнэхдээ  хэрэгт авагдаагүй нотлох баримтад үндэслэжээ.

Талийгаач Г.Баяраагийн өмчлөлийн автомашиныг хариуцагч Г.Эрдэнэбилэг бусдад 7.000.000 төгрөгөөр худалдсан үйл баримт тогтоогдож байгаа хэдий ч нас барагчийн хууль ёсны өвлөгч нарын бичиг баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч шаардах эрхтэй эсэх нь тодорхойгүй тохиолдолд давж заалдах шатны шүүхээс хууль хэрэглээний талаар дүгнэлт хийх, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй.

Мөн шүүх хариуцагчийн “талийгаач Г.Баяраагийн эмчилгээнд зориулж гаднаас авсан эм тариаг хийж байсныг нотлох сувилагчийн тэмдэглэлийг гаргуулах” хүсэлтийг хангахгүй орхисон атлаа “...хариуцагч Г.М- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргах өгөх үүргээ биелүүлээгүй...” гэж үзсэн нь учир дутагдалтай болсон байна. Хариуцагчийн хүсэлтэд дурдсан “сувилагчийн тэмдэглэл” гэх баримт байдаг бол хэрэгт ач холбогдолтой байж болохоор байна.

Дээр дурдсанаар хэргийн нөхцөл байдал тодорхой бус, хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан “шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй”, мөн хуулийн 168.1.7-д заасан “нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн”  үндэслэлд тус тус хамаарах тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 104/ШШ2019/00431 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцачийн төлсөн 53 722 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 А.МӨНХЗУЛ      

                                                          ШҮҮГЧ                                 Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ         

                                                                                                     Н.БАТЗОРИГ