Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 243

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Х.Идэр, Б.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга: Т.Гантогтох;

улсын яллагч: Л.Мажигсүрэн;

иргэдийн төлөөлөгч: Ж.Наранзориг;

хохирогч: Г.Алтанцацрал, З.Бүзлхам;

гэрч: М.Энхзаяа;

шүүгдэгч /хохирогч/: С.Эрдэнэчулуун, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт;

шүүгдэгч /хохирогч/: Ц.Даваадорж, түүний өмгөөлөгч А.Ариунаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Самдангийн Эрдэнэчулуун, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цэрэнбазарын Даваадорж нарт холбогдох эрүүгийн 201725020254 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:  

 

1. Монгол Улсын иргэн, 1985 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Ганчулуун” ХХК-д инженер ажилтай байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан 14 дүгээр баг, 1 дүгээр хорооллын 35 дугаар байрны 43 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ТЗ85031815 регистерийн дугаартай, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Самдангийн Эрдэнэчулуун,

 

2. Монгол Улсын иргэн, 1987 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, компьютерийн операторч мэргэжилтэй, “Монхавх Инженеринг” ХХК-д гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 26 дугаар гудамжны 304 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, УЗ87040615 регистерийн дугаартай, хэрэг хариуцах чадвартай, Хулгар овогт Цэрэнбазарын Даваадорж.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч С.Эрдэнэчулуун нь архи ууж согтуурсан үедээ 2017 оны 01 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнийн 03 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 23-41 тоотод хамтран амьдрагч байсан З.Бүзлхамын гэрт очиж түүнийг найзуудтайгаа байсанд нь дургүйцэн үл ялих зүйлээр шалтаглан бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчих явцдаа хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн танхайн сэдэлтээр хохирогч Г.Алтанцацралын гэдсэн тус газар хутгалж “ … хэвлийн хөндийд нэвтэрч, бүдүүн гэдэсний өгсөх хэсэг болон цөсний хүүдийг гэмтээж хатгагдаж зүсэгдсэн шарх, цөсний хүүдий авах мэс засалын дараах байдал, баруун шилбэнд цус хуралт” зэрэг хүнд гэмтэл санаатай учруулан, эрхтэнээс нь хагацуулсан,

 2017 оны 01 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнийн 03 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 23-41 тоотод хамтран амьдрагч байсан З.Бүзлхамын гэрт очиж түүнийг найзуудтайгаа байсанд нь хардаж, үл ялих зүйлээр шалтаглан бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчих явцдаа хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн хохирогч З.Бүзлхамын гаран тус газар хутгалж хөнгөн гэмтэл, хохирогч Ц.Даваадоржийн гаран тус газарт хутгалж хөнгөн гэмтэл тус тус учруулан, догшин авирлаж танхайрсан,

яллагдагч Ц.Даваадорж нь 2017 оны 01 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд архи ууж согтуурсан үедээ Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 23-41 тоотод найз З.Бүзлхамын гэрт найзуудтайгаа очсон байхад нь түүний хамтран амьдрагч байсан С.Эрдэнэчулуун согтуугаар ирж, гэр дээр нь гарах, хаалгыг нь нүдэх зэргээр зүй бус авирлаж улмаар З.Бүзлхамын гэрт орж ирж тэдэнтэй басамжилж харьцаж, хэл үгээр дайрч заамдан авч цохиж авсанд нь дургүйцэн зөрүүлэн цохиж С.Эрдэнэчулууны бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч /хохирогч/ С.Эрдэнэчулуун мэдүүлэхдээ: 2017 оны 01 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө болсон үйл явдал. Хэргийн процесс дээр надаас бусад хүмүүс хүнд гэмтсэн. Үүнийг маш сайн ойлгож, гэмшиж байна. Хохирогч нарын хохирлын зардал мөнгөнөөс тодорхой хэмжээгээр боломжийнхоо хэрээр гаргаж өгсөн. Үлдэгдэл мөнгийг гаргаж өгөх гэж хичээж явж байна. З.Бүзлхам бид хоёр хоорондын гэр бүлийн маргаанаас болж 7 хоног тусдаа байсан. Би хонох газар байхгүй учраас ажил дээрээ хонох гэж байгаад гэртээ буцаад 2017 оны 1 дүгээр сарын 26-27-ны шилжих шөнө 02 цагийн үед ирэхэд надад хаалга онгойлгож өгөхгүй байсан. Би нилээд удаан тогшсон. Тэгж байгаад “хэн бэ” гэх дуу гарсан. Тэр дуугарсан хүн З.Бүзлхам байсан. Намайг “би байнаа” гэж хэлсэн чинь онгойлгохгүй нилээд удсан. Би дахин хүчтэй хаалга тогшиход хаалганы цаана эрэгтэй хүний дуу гарсан учраас би хардаж эхэлсэн. Намайг дотогшоо ороход ширээн дээр нэг шил архи тавьсан, З.Бүзлхам түүний найзууд гээд  тавуулаа уугаад сууж байсан. Би ороод хоёр залууруу нь уурлахад З.Бүзлхам хажуунаас “манай нөхөр байгаа юм” гэж хэлсэн. Тэр үед Ц.Даваадорж “тэгвэл чи суучих, сайхан танилцъя” гэж хэлсэн. Би Ц.Даваадоржтой нэг хундага тулгаж уусан. Дараа нь Д.Хаш-Эрдэнэ гэх залуу надтай бас “танилцъя” гэж хэлсэн. Бид хоёр жаахан юм ярьж байгаад маргалдаж эхэлсэн. Ц.Даваадорж хажуунаас босч ирээд намайг үгээр дайраад байхаар нь би гэрийн эзэн хүн учраас босч ирээд маргалдсан. Ц.Даваадорж намайг түрүүлж цохисон. Би нэг цохиулаад толгой манарсан. Ц.Даваадорж, Г.Алтанцацрал, Д.Хаш-Эрдэнэ гурвуулаа намайг цохисон. Би “та нар ингэж байгаа юм бол би цагдаа дуудна” гэж хэлээд гэрээс гарах гэж байхад Ц.Даваадорж миний араас татаад газар унагаасан. Намайг буцаж гэр рүү чирч оруулаад нийлж зодсон. Намайг зодуулж байхад З.Бүзлхам дундуур орж ирээд салгасан. Биднийг хоёр тал руу салгаж байхад манай баз хүргэн орж ирээд намайг салгаж авч гарсан. Би тэдний гэрт орж ирээд хутга авч буцаад гэртээ орсон. Намайг буцаад гэрт орж ирэхэд Д.Хаш-Эрдэнэ гэх залуу бариад авсан. Тухайн үед надад бодогдсон зүйл бол ямар нэг буруу зүйл хийж болохгүй гэж бодсон. Тухайн би маш их шоконд орсон зогсож байсан. Намайг зогсож байхад яг юу болсон талаар мэдэхгүй. Миний барьсан хутга болон би өөрөө газар унасан байсан. Би өөрийгөө хамгаалахын тулд хамгийн түрүүнд хутга барьж авсан. Тэгэхэд надаас гадна таван хүн хутга булаацалдсан. Тэр үед над руу хутга ирэхэд өөрөөсөө холдуулж хойш нь савсан. Тэгээд эндээс би холдох ёстой юм байна гэж бодоод хутгаа тавиад хаалганы урд очсон. Намайг гэрийн үүдэнд очиж зогсоход Д.Хаш-Эрдэнэ цагдаа дуудаж байх шиг харагдсан. Цагдаа дуудаж байхад би өөрөө буруу зүйл хийгээгүй гэж бодсон. Тухайн болсон процессийг мэдэхгүй байсан. Хохирогчийн хувьд нэмж хэлэх зүйл байхгүй. Ц.Даваадоржоос хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч /хохирогч/ Ч.Даваадорж мэдүүлэхдээ: Шүүгдэгч С.Эрдэнэчулуун худлаа хэлж байна. Болсон үйл явдлын талаар гэрч, хохирогч нарын мэдүүлэгт тодорхой хэлсэн байгаа. Юу болсон бэ гэхээр энэ хүн эхнээсээ хаалга нүдэж орж ирээд уурлаад байсан. Би С.Эрдэнэчулуунтай эв зүйгээр ярьж “танилцъя” гэхэд урдаас уурлаад байсан. Манай найзтай маргалдаж байхад нь би “боль” гэхэд намайг “чи муу юу юм бэ, чамайг ална” гэж хэлээд над руу дайрсан. Эхэлж С.Эрдэнэчулуун намайг нэг цохисон. Би зөрүүлээд нэг цохисон. Тэнд байсан хүмүүс С.Эрдэнэчулууныг зодоогүй. Энэ хүний ярьсан шиг тийм олон зодоон болоогүй. Биднийг зодолдож байхад ах нь орж ирээд С.Эрдэнэчулууныг авч гарсан. Удалгүй С.Эрдэнэчулуун хутга барьж орж ирээд шууд “би чамайг ална” гэж хэлээд над руу дайрсан. Миний гар руу хутгалахад би хойшоо болсон. Тэр үед Г.Алтанцацрал салгах гэж дундуур орж ирээд гэдсэндээ хутгалуулсан. Болсон явдал ийм л зүйл болсон. Би хохирогчийн хувьд С.Эрдэнэчулуунаас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Алтанцацрал мэдүүлэхдээ: 2017 оны 01 дүгээр сарын 26-27-ны шилжих шөнө манай найз З.Бүзлхамын гэрт энэ хэрэг болсон. Миний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг тэр чигээрээ хэвээрээ байгаа. 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр би билльярданд ажиллаж байгаад шөнийн 01 цагийн үед манай ажлыг хаагаад М.Энхзаяа, З.Бүзлхам бид гурав гарч явсан. Тэр үед манай найз Ц.Даваадорж над руу ярьсан. Утсаар “Хаш-Эрдэнэ гадаад гарах гэж байгаа юм байна, хэдүүлээ уулзъя, бид хоёр Алтай хотхонд байна. Та нар хүрээд ир” гэж хэлсэн. Тэгэхэд З.Бүзлхам “манай гэрт манай хүүхэд байгаа учраас би тийшээ явах боломжгүй, та хоёр наашаа хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд бид гурав замаасаа нэг шил архи аваад З.Бүзлхамын гэр рүү нь орсон. Бид гурав уугаад сууж байтал Ц.Даваадорж, Д.Хаш-Эрдэнэ хоёр ирсэн. Бид нар юм яриад сууж байтал гадаа хаалга тогшсон. Тухайн үед З.Бүзлхам, С.Эрдэнэчулуун хоёр салсан гэж хэлж байсан. Хаалга нүдээд байхаар нь бид нар дуугүй болсон. Гэтэл гэр дээр 1 хүн гарч ирсэн. Тэгэхээр нь бид нар хаалгаа онгойлгосон. Тэгтэл С.Эрдэнэчулуун орж ирээд “та нар юун хүмүүс вэ, манай гэрт юу хийж байгаа юм бэ” гэж хэлсэн. Бид түүнд “бид нар багаасаа найзалсан хүмүүс юм. Манай найз гадагшаа явах гэж байгаа, бид нар гаргаж өгөх гэж сууж байна” гэж хэлсэн. С.Эрдэнэчулуун “та нар хүний гэрт ингээд сууж байдаг хэн юм бэ” гэхэд Ц.Даваадорж босч ирээд “бид нар чинь Монгол хүмүүс байна даа, хэл амаараа учраа олъё. Бид нар З.Бүзлхамтай ямар ч хамааралгүй. Бид нар багаасаа нөхөрлөсөн сайн найзууд, танилцъя, чи наанаа суучих” гэж хэлсэн. Хэсэг сууж байтал С.Эрдэнэчулуун “би Эрдэнэтийн атман, та нар намайг мэдэх үү” гэж хэлээд маргалдаж эхэлсэн. Намайг гараад бие засчихаад ороод ирэхэд С.Эрдэнэчулуун, Ц.Даваадорж, Д.Хаш-Эрдэнэ нар маргалдаад зогсож байсан. Би С.Эрдэнэчулууныг “одоо боль, чи эндээс яв эсвэл бид нар явъя” гэж хэлсэн. Маргалдаж байхад С.Эрдэнэчулуун түрүүлж цохисон. Гаднаас З.Бүзлхамын ах нь орж ирээд С.Эрдэнэчулууныг авч гарсан. С.Эрдэнэчулуун буцаж орж ирэхдээ гартаа хутга барьсан байсан талаар мэдэхгүй байна. Ц.Даваадорж гараа бариад “намайг хутгачихлаа” гэж хэлэхэд би “чи яаж байгаа юм бэ, болиоч” гэж хэлэхэд миний гэдэс халуун оргиод би орон дээр унасан.  Зүүн гараараа гэдсээ дарахад гар тэр чигээрээ цус болсон байсан. Тэгээд ухаан алдсан. Намайг нэг ухаан ороход З.Бүзлхам “чи миний найзыг алчихлаа, би чамайг ална” гэж хэлж байсан. Би маргааш өдөр нь 12 цагийн үед эмнэлэгт сэрсэн. Одоо би гомдолтой байна. Би хоёр хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй. Одоо ийм явдал болоогүй байсан бол ажлаа хийгээд явж байх байсан. Би 1 сараас хойш ажил төрөл хийж чадахгүй байгаа. Эмчилгээний зардлаа хавтаст хэрэгт өгсөн. Мөн өмгөөлөгчийн хөлс 1.500.000 төгрөг болон нийт 14.000.000 гаруй төгрөг нэхэмжилж байна. Би шүүгдэгчээс гар дээрээ нэг ч төгрөг аваагүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч З.Бүзлхам мэдүүлэхдээ: Хохирогчийн үүднээс надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй. 2017 оны 01 дүгээр сарын 26-ы өдөр 20 цагийн үед найз Г.Алтанцацралын ажил дээр очсон. М.Энхзаяа бид хоёр Г.Алтанцацралын ажлыг нь тарахыг хүлээж байгаад би хоёр найздаа манай гэр рүү явах санал гаргасан. Би хэлэхдээ “би гэртээ хүүхэдтэйгээ хоёулаа байгаа, орой унтаж чадахгүй байгаа учраас хоёр найзыгаа хамт яваад хоноод өгөөч” гэж гуйсан. Бид нэг шил архи аваад манай гэр рүү явж байтал Ц.Даваадорж, Г.Алтанцацралын утсаар надтай ярьсан. Бид нарыг “Алтай хотхонд хүрээд ирээч” гэж хэлсэн. Би “очиж чадахгүй, манай хүүхэд гэртээ ганцаараа байгаа, хэрвээ уулзъя гэвэл манай гэрт хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд Ц.Даваадорж, Д.Хаш-Эрдэнэ нар манайд ирсэн. Бид юм яриад сууж байтал хаалга нүдсэн. Би “хэн бэ” гэж хэлэхэд дуугарахгүй байсан. Хаалга бүр хүчтэй нүдэж эхэлэхээр нь би С.Эрдэнэчулууныг ирж байна гэж мэдсэн боловч хартай хүн учраас хаалга онгойлгохоос айж байсан. Би С.Эрдэнэчулууныг явуулах гэж үзсэн. Гэтэл Ц.Даваадорж, С.Эрдэнэчулууныг “наашаа суучих сайхан танилцъя” гэж хэлсэн. Бүгд ширээ тойроод сууж байтал Д.Хаш-Эрдэнэ босч ирээд С.Эрдэнэчулуунтай маргалдсан. С.Эрдэнэчулууныг яг хэн түрүүлж цохисон талаар мэдэхгүй байна. Ц.Даваадорж, С.Эрдэнэчулууныг хэд хэд цохисон. Би С.Эрдэнэчулууныг өмөөрч “энэ миний хайртай хүн” гэж хэлсэн. Энэ үед Д.Хаш-Эрдэнэ болон Г.Алтанцацрал хүртэл хажуу талаас орж ирж зодсон. Намайг “танхай хүнийг чи яагаад өмөөрч байгаа юм бэ” гэсэн байдлаар С.Эрдэнэчулууныг гурван талаас нь зодсон. Би салгаж дийлэхгүй байсан учраас хүргэн ахыгаа дуудсан. Тэгээд гаднаас хүргэн ах орж ирээд эд нарыг салгаж С.Эрдэнэчулууныг авч гарсан. Би С.Эрдэнэчулууныг тайвшруулах гэж хүргэн ахындаа орох гэтэл С.Эрдэнэчулуун зөрөөд хутга авч гарсан. С.Эрдэнэчулууны араас таттал би өөрөө хутганд хатгагдсан. Эрдэнэчулуун намайг санаатай хатгаагүй. Би өөрөө хатгуулсан гэж бодож байна. Гэрт болсон зүйлийн талаар мэдэхгүй. Намайг ороход Г.Алтанцацрал орон дээр хэвтэж байсан. Тэгээд эмнэлэг цагдаа нар ирсэн гэв.

Мөрдөн байцаалтын шатанд хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-8/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 25/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 26/, эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 27/, хохирогч З.Бүзлхам /хх-ийн 29-30/, Ц.Даваадорж /хх-ийн 32-33/, Г.Алтанцацрал /хх-ийн 35-37/, С.Эрдэнэчулуун /хх-ийн 39/, гэрч Ц.Пүрэвсүрэн /хх-ийн 40/, П.Зул-Эрдэнэ /хх-ийн 41/, М.Энхзаяа /хх-ийн 42/, Ё.Амарбаясгалан /хх-ийн 44/, А.Энхчимэг /хх-ийн 86/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2113, 2223, 2118, 2117, 1705, 929 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 46, 51, 54, 57, 59, 60/, С.Эрдэнэчулууны сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 73-77/, Ц.Даваадоржийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 78-83/, С.Эрдэнэчулууны иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 84/, С.Эрдэнэчулууны урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 95/,  С.Эрдэнэчулууны хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 87-95/, Ц.Даваадоржийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 96/, Ц.Даваадоржийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 97/, Ц.Даваадоржийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 96-110/, Г.Алтанцацралын өвчний түүхийн хуулбар /хх-ийн 119-129/, Г.Алтанцацралын хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 138-144/, Г.Алтанцацралаас шинээр гаргаж өгсөн хохиролтой холбоотой 10 хуудас баримт зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.Даваадорж нь 2017 оны 01 дүгээр сарын 27-ны шөнийн 03 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Алтайн 23 дугаар гудамжны 41 тоотод тодорхой сэдэлттэй буюу хувийн таарамжгүй харьцааны улмаас С.Эрдэнэчулуунтай маргалдан зодолдож түүнийг хөнгөн гэмтээсэн,

 

Шүүгдэгч С.Эрдэнэчулуун нь 2017 оны 01 дүгээр сарын 27-ны шөнийн 03 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Алтайн 23 дугаар гудамжны 41 тоотод бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин зэвсэг хэрэглэн буюу З.Бүзлхам, Ц.Даваадорж нарыг хутгалж тэднийг хөнгөн гэмтээж танхайрсан,

мөн тухайн өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Алтайн 23 дугаар гудамжны 41 тоотод онцлох шалтгаангүйгээр Г.Алтанцацралыг хутгалж эрхтэнээс нь хагацуулж танхайн сэдэлтээр бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь:

 

хохирогч З.Бүзлхамын /хх-ийн 29-30/: “... С.Эрдэнэчулуун бид хоёр хамтран амьдрагч байсан. 2017 оны 01 дүгээр сарын 26-ны орой 20 цаг өнгөрч байхад би хүүхдээ эгчийнхээ гэрт үлдээгээд найз Г.Алтанцацралын ажил дээр очсон. Бид хоёр юм яриад байж байтал М.Энхзаяа гээд манай найз араас орж ирсэн. Г.Алтанцацрал “ажил тартал хамт байж байгаад хамт явцгаая” гэсэн. Ажил нь 00 цаг 30 минутын орчим тараад бид 3 такси бариад манай гэрт ирсэн.  Тэгээд бид гурав замдаа авсан 1 шил 0,5 литрийн архиа хувааж уусан. Тэгээд бид гурав сууж байтал Ц.Даваадорж, Д.Хаш-Эрдэнэ нар надтай утсаар яриад “уулзъя” гэхээр нь би гэртээ дуудсан. Тэр хоёр ирээд удаагүй байж байтал гэрийн хаалга нэлээн чанга нүдсэн. Би “хэн бэ?” гэтэл дуугарахгүй байсан. Хаалга дахиад чанга цохиод эвдчих гээд байхаар нь би хаалга тайлж өгсөн. С.Эрдэнэчулуун гэрт орж ирээд Ц.Даваадоржтой маргалдсан. Ц.Даваадорж “энэ юун хүн бэ?” гэхээр нь би Ц.Даваадоржид тайлбарлаж “надтай суух гэж байгаад больсон хүн байгаа юм” гэсэн. Тэгтэл С.Эрдэнэчулуун Ц.Даваадоржийг “зүгээр эр хүн юм бол сайхан хэн хэндээ гомдолгүй гэж өргөдөл бичиж байгаад зодолдчихъё” гэсэн. С.Эрдэнэчулуун өөрийгөө “Эрдэнэтийн атман, надад зөндөө танидаг хүн байгаа” гэх мэт юм яриад байсан. Ц.Даваадорж “би ч гэсэн Яармагийнх, надад ч гэсэн танидаг хүн зөндөө байгаа” гээд тэр хоёр хоорондоо маргалдаад зодолдож эхэлсэн. Ц.Даваадорж С.Эрдэнэчулууныг нэлээн хэдэн удаа цохих шиг болсон. Гэтэл манай урд байдаг хүргэн ах Ц.Пүрэвсүрэн, дүү П.Зол-Эрдэнэ нар гэрт орж ирээд салгаад аваад гэртээ орсон. Би араас нь С.Эрдэнэчулууныг тайвшруулах гээд ортол гал тогооны шкафнаас хутга аваад гарсан. Би “явуулахгүй” гээд араас нь татсан чинь миний зүүн гарын шуу орчим хутгаараа нэг удаа хатгасан. Би “хутга аваад гарчихлаа” гээд орилсон. Тэгээд араас нь ортол манай найз Г.Алтанцацрал орон дээр хэвтсэн, Ц.Даваадорж “гарандаа хутгалуулчихлаа” гээд орилоод байсан. Би Г.Алтанцацрал дээр очоод хартал цамц нь цус болсон байхаар нь цамцыг  сөхөөд хартал  гэдэс нь гараад ирсэн байсан. Манай хүргэн Ц.Пүрэвсүрэн, дүү П.Зол-Эрдэнэ хоёр С.Эрдэнэчулууныг барьж аваад хутгыг нь гарнаас нь салгаад цааш аваад шидсэн гэсэн. Удалгүй цагдаагийн байгууллагын ажилтан болон түргэн тусламжийн эмч нар ирсэн. С.Эрдэнэчулуун гаднаас орж ирэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. С.Эрдэнэчулуун өөрөө хүнтэй маргалдаж зодолдоод, зодуулаад ирэхээрээ гартаа ямар нэгэн зүйл барьдаг зантай. Өмнө нь бас хүнтэй маргалдаж зодолдож байсан. Манай хүргэн ахаас С.Эрдэнэчулуун тамхи гуйхаар нь хүргэн  ах  тамхи  авч өгөх гээд цааш явсан хойгуур нь хутга авсан байна лээ. Бор модон иштэй үзүүр нь харласан хутга байсан…” гэх мэдүүлэг,

 

хохирогч Ц.Даваадоржийн /хх-ийн 32-33/: “... 2017 оны 01 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө би найз Д.Хаш-Эрдэнэтэй хамт танил найз болох З.Бүзлхамын гэрт нь очсон. Гэрт нь ороход З.Бүзлхам, Г.Алтанцацрал, М.Энхзаяа, З.Бүзлхамын хүүхэд нь дөрвүүлээ байж байсан. Д.Хаш-Эрдэнэ бид 2 очихдоо 1 шил 0,75 литрийн “Экс” архи аваад очсон. Архиа задлаад ууж байтал З.Бүзлхамын гэрийнх нь хаалгыг гаднаас нь хүн балбаад байсан. З.Бүзлхам “хаалга тайлаад яах юм бэ?” гэж хэлсэн. Тэгтэл гэрийн гадаа эрэгтэй хүн “хаалгаа онгойлго” гээд чарлаад байсан. З.Бүзлхам “манай салсан найз залуу байгаа юм, тайлаад хэрэггүй” гээд байсан. Гэтэл нөгөө залуу нь гэр дээр авирч гараад түйвээгээд байхаар нь “за яршиг хаалгаа онгойлгоод оруулчихаа” гэж хэлсэн. З.Бүзлхам өөрөө хаалгаа онгойлгосон. Нөгөө залуу нь орж ирээд манай найз Д.Хаш-Эрдэнэ бид хоёр руу дайраад “та 2 хэн бэ?, юу хийж байгаа юм бэ?” гэхээр нь “бид нар бүүр эртний найзууд байгаа юмаа, өнөөдөр хүрээд ир, гэхээр нь бид нар ирээд байж байна, Д.Хаш-Эрдэнэ гадаад улс руу явах гэж байгаа юм, гаргаж өгөх гээд сууж байна” гэж хэлсэн. Тэгсэн чинь С.Эрдэнэчулуун нь муухай хараад л “чи хэн юм бэ, чи зүгээр хэн ч биш” гэх зэргээр дайраад уурлаад байсан. Би уг нь учир зүйг нь олоод овоо гайгүй болоод байж байтал С.Эрдэнэчулуун манай найз Д.Хаш-Эрдэнэтэй муудалцаад дайраад барилцаад авсан. Би очоод салгах гэтэл над руу дайраад заамдаад цохиод авахаар нь би түүнийг зөрүүлээд цохиж зодолдсон. Д.Хаш-Эрдэнэ зодоонд оролцоогүй. С.Эрдэнэчулуун нь гэрээс гараад явсан. Бид “явъя” гээд байж байтал гэрийн хаалга онгорхой гэрийн гадаа хүмүүс чарлалдаад “боль байг” гэх зэргээр орилолдоод эхэлсэн. Би “за байдал биш боллоо” гэж бодоод хуванцар сандлыг нэг гартаа бариад нөгөө гартаа архины шил бариад биеэ хамгаалах гээд зогсож байтал гэрийн хаалгаар С.Эрдэнэчулуун улаан галзуу дайраад орж ирсэн. Би С.Эрдэнэчулууныг гартаа хутга барьсан байсан эсэхийг анзаараагүй. Над руу дайрахаар нь би түүн рүү хуванцар сандал шидэхэд оноогүй. Нөгөө гартаа барьсан архины шилээрээ цохих гэтэл миний зүүн гарын булчин руу хутгалаад буцаж татсан. Би шууд гараа дараад орилоод хойшоо зугтсан. Миний өмнүүр Г.Алтанцацрал ороод түүнийг барьж авах шиг болтол Г.Алтанцацрал хойшоо саваад орон дээр уначихсан. Д.Хаш-Эрдэнэ болон урд талынх нь айлын нэг залуу хоёр нийлээд С.Эрдэнэчулууныг хоёр талаас нь баглаад бариад авсан. Гэтэл Г.Алтанцацралын цамц нь дээшээ сөхөгдчихсөн, гэдэсний доод хэсгээр нь томоор зүсэгдчихсэн /хонь гаргаж байгаа юм шиг/ гэдэс нь сэмж нь бөмбийгөөд гараад ирчихсэн байсан. М.Энхзаяа орилоод “би харж чадахгүй нь ээ” гээд Г.Алтанцацралын гэдсэн дээр ороолтоороо бүтээгээд тавьсан. Тэгээд яаралтай цагдаа, түргэн дуудсан. С.Эрдэнэчулуун уусан байсан…” гэх мэдүүлэг,

 

хохирогч Г.Алтанцацралын /хх-ийн 35-37/: “... 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ажил дээрээ байж байтал орой 23 цагийн орчим манай хоёр найз З.Бүзлхам, М.Энхзаяа нар ирсэн. Бид гурав юм ярьж сууж байгаад хүний нэг ширхэг 0,5 литрийн пиво уусан. Бид гурав 02 цагийн орчим манай ажиллаас гараад явж байтал М.Энхзаяа руу Ц.Даваадорж залгаад “Д.Хаш-Эрдэнэ гадагшаа явах гээд бид хоёр хамт байна, та гурав Алтай хотхонд хүрээд ир” гэсэн. З.Бүзлхам “манай гэрт манай хүүхэд байгаа учир очих боломжгүй, та 2 манай гэрт хүрээд ир, бид гурав манай гэрт очоод байж байя” гэхэд  Ц.Даваадорж, Д.Хаш-Эрдэнэ хоёр  ирэхээр болсон. Бид гурав З.Бүзлхамын гэр рүү очихдоо замаараа дэлгүүрээс нэг шил 0,5 литртэй архи аваад орсон. Тэгээд уг архиа уугаад сууж байтал Ц.Даваадорж, Д.Хаш-Эрдэнэ хоёр ирсэн. Бид нар юм яриад сууж байтал хаалга гаднаас тогшсон. Бид нар С.Эрдэнэчулууныг ирж байгаа байх гээд хаалга тайлахгүй байсан чинь гэр дээр нь авирах чимээ сонсогдсон. Тэгэхээр нь бид нар “хаалгаа тайл тайл” гэж хэлээд З.Бүзлхам хаалгаа тайлсан. Гаднаас С.Эрдэнэчулуун орж ирээд З.Бүзлхамтай хоорондоо юм яриад байсан. С.Эрдэнэчулуун цаанаас ирээд “за юун хоёр залуу вэ?” гэсэн чинь Ц.Даваадорж “битгий буруугаар ойлгоорой, бид нар багаасаа найзалсан найзууд байгаа юм” гэж хэлсэн. С.Эрдэнэчулуун “наад архинаасаа нэг хийчих” гэж хэлээд архинаас хэд хэд уусан. З.Бүзлхам “чи юу хийж яваа юм бэ, би гэртээ найз нартайгаа уулзаж байна, чи одоо яв, одоо би чамд хамаагүй биздээ” гэж хэлсэн. Би гарч бие засаад эргээд гэрт орж ирсэн чинь Ц.Даваадорж, С.Эрдэнэчулуун хоёр хоорондоо маргалдсан Ц.Даваадоржийг цааш хана руу шахсан Д.Хаш-Эрдэнэ наана нь “боль” гээд зогсож байсан. З.Бүзлхам бид хоёр тэр хоёрыг “боль” гээд би дундуур нь ороод С.Эрдэнэчулуунд “чи одоо яв эсвэл бид явъя” гэж хэлсэн чинь миний гэдэс халуу оргиод явчихсан. Би гэдсээ гараараа бариад үзтэл маш их цус болсон байсан. Намайг ухаан балартаад нэг сэргэтэл З.Бүзлхам “чи миний найзын гэдсийг нь цувуулсан байна” гээд орилоод байсан. Түүнээс хойш юу болсныг санахгүй байна …” гэх мэдүүлэг,

 

хохирогч С.Эрдэнэчулууны /хх-ийн 39/: “ ... Би Ц.Даваадоржийг хамтран амьдрагч З.Бүзлхамтай хардсаны улмаас маргалдсан. Бид нар бүгд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан …” гэх мэдүүлэг,

 

гэрч Ц.Пүрэвсүрэнгийн /хх-ийн 40/: “ ... 2017 оны 01 дүгээр сарын 26-ны орой унтаж байсан чинь шөнө 01 цагийн орчим хажуу талын  гэрт хүмүүс шуугилдаад байсан. Тэгээд би юу болсон юм бол гэж бодоод гэрт нь орсон чинь С.Эрдэнэчулуун, З.Бүзлхам болон тэдний найз нар гээд 2 эрэгтэй, 2 эмэгтэй хоорондоо маргалдаад байсан. Тэгэхээр нь би “боль” гээд С.Эрдэнэчулууныг аваад гэртээ орсон. Би урд талын өрөө рүү орж тамхи авах гээд цааш ортол С.Эрдэнэчулуун манай үүдний өрөөнөөс хутга аваад гараад гүйсэн. Би хойноос нь гүйгээд амжаагүй. Би араас нь З.Бүзлхамын гэрт нь орсон чинь З.Бүзлхамын найз Г.Алтанцацрал гэдсээ барьсан хэвтэж байсан. Тэгэхээр нь би очоод хутгыг нь тавиулаад хутгыг нь аваад гаргаж шидсэн. С.Эрдэнэчулууныг дагуулаад гэррүү орсон. Тэгээд цагдаа болон түргэн ирсэн …” гэх мэдүүлэг,

 

гэрч П.Зул-Эрдэний /хх-ийн 41/: “ ... 2017 оны 01 дүгээр сарын 27-ны шөнө 01 цагийн орчим би гэртээ унтаж байсан чинь хажуу талын гэрт хүмүүс шуугилдаад байсан. Би аав Ц.Пүрэвсүрэнгийн хамт гэрээс гараад хажуу талын гэрт орсон чинь С.Эрдэнэчулуун, З.Бүзлхам эгчтэй маргалдаад байсан. Манай аав “одоо та нар боль” гээд С.Эрдэнэчулууныг аваад гэр рүүгээ орсон. … Би гэртээ орох гээд явж байсан чинь С.Эрдэнэчулуун гартаа хутга барьсан манай гэрээс гараад явж байсан. Би хойноос нь татсан чинь намайг түлхээд унагаасан. Намайг гэртээ ортол аав С.Эрдэнэчулууны араас гарсан. Би аавын араас гарч аавтай хамт гэрт нь ороход нэг эмэгтэй хүн хэвлий хэсэгтээ хутгалуулсан орон дээр хэвтэж байсан. С.Эрдэнэчулуун нэг өндөр залуугийн гаран тус газар нь хутгалсан байсан. Аав бид 2 очоод хутгыг нь тавиулаад аав хутгыг нь аваад гаргаж шидсэн. Тэгээд аав С.Эрдэнэчулууныг гэр рүүгээ дагуулаад  орсон. Тэгээд цагдаа болон түргэн тусламж дуудсан …” гэх мэдүүлэг,

 

            гэрч М.Энхзаяагийн /хх-ийн 42/: “ ... 2017 оны 01 дүгээр сарын 26-ны орой 23 цагийн орчим би найз Г.Алтанцацралын ажилладаг биллъярданд очиход манай найз З.Бүзлхам ирсэн гээд сууж байсан.  Тэгээд бид гурав юм ярьж сууж байгаад хүмүүс нь гарсаны дараа 02 цаг өнгөрч байхад Г.Алтанцацрал биллъярдаа хаагаад уг газраас гарсан. Бид гурав З.Бүзлхамын гэр рүү явахаар болоод замаараа дэлгүүр орж 0,5 литрийн нэг шил архи аваад хувааж уусан. Тэгтэл Давка над руу утсаар яриад “хаана байна, найзыгаа гаргаж өгөх гэсэн юм, уулзах уу” гэсэн чинь З.Бүзлхам “манай гэрт хүрээд ир, би хүүхэдтэйгээ байна” гэсэн. Давка, Хашаа 2 ирж суугаад 5-10 минут орчим болж байсан чинь гаднаас С.Эрдэнэчулуун хаалга тогшсон. Тэгэхээр нь хаалгаа тайлж өгөх гэсэн чинь маш их чанга тогшсон. З.Бүзлхам хаалга тайл өгөх гэсэн чинь бараг эвдээд ороод ирэх шиг болсон. С.Эрдэнэчулуун нилээд согтуу орж ирээд З.Бүзлхамтай маргалдаад Давка, Хашаа хоёр руу агсараад байсан. З.Бүзлхам, С.Эрдэнэчулууныг “чи манай гэрээс гар” гээд хөөгөөд байсан. Давка “эв зүйгээ олцгооё” гээд С.Эрдэнэчулууныг “суучих” гэсэн чинь С.Эрдэнэчулуун Давкаг эхлээд цохих шиг болсон. С.Эрдэнэчулуун, Давка хоёр ноцолдоод эхлэхээр нь би орон дээр унтаж байсан З.Бүзлхамын хүүхэд Оргил руу гүйж очоод тэвэрч аваад гарсан. Давка, С.Эрдэнэчулуун 2 хоорондоо үүдэн дээр зодолдоод байсан. Харин Хашаа, З.Бүзлхам, Г.Алтанцацрал  нар тэр хоёрыг салгах гээд оролдож байсан. Тэгтэл “С.Эрдэнэчулуун гараад гүйчихлээ” гээд З.Бүзлхам араас нь гараад гүйсэн. Хэсэг байж байгаад С.Эрдэнэчулуун гаднаас гартаа хутга барьсан орж ирсэн. Давка, Хашаа хоёр хутгыг нь тавиулах гээд ноцолдсон. Тэгтэл Давка гэнэт гараа бариад, Г.Алтанцацрал орон дээр унасан хэвтэж байсан. Би Г.Алтанцацрал дээр очтол Г.Алтанцацралын гэдэс нь цуваад гараад ирсэн байсан …” гэх мэдүүлэг,

 

                 шүүгдэгч Ц.Даваадоржийн буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Эрдэнэчулууны биед “…хамрын зүүн далавч ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд няцарсан шарх, цус хуралт, дух, зүүн хөмсөг, баруун сарвуу, сарвууны 4-р хуруунд зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2113 дугаартай дүгнэлт /хх-ийн 46/,

 

                 шүүгдэгч С.Эрдэнэчулууны буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Даваадоржийн биед “…зүүн бугалганд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий ир үзүүр бүхий 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2223 дугаартай дүгнэлт /хх-ийн 51/,

 

                 шүүгдэгч С.Эрдэнэчулууны буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Алтанцацралын биед “… хэвлийн хөндийд нэвтэрч, бүдүүн гэдэсний өгсөх хэсэг болон цөсний хүүдийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цөсний хүүдий авах мэс заслын дараах байдал, баруун шилбэнд цус хуралт” бүхий  хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн хүнд зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2118 дугаартай дүгнэлт /хх-ийн 54/,

 

                 шүүгдэгч С.Эрдэнэчулууны буруутай үйлдлийн улмаас хохирогч З.Бүзлхамын биед “ … зүүн шуунд шарх, баруун бугалга, зүүн тохойнд цус хуралт” бүхий  ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2117 дугаартай дүгнэлт /хх-ийн 57/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч С.Эрдэнэчулуун, Ц.Даваадорж нарын гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв. 

 

                 Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаас үзэхэд тухайн хэрэг учрал болсон өдөр С.Эрдэнэчулуун нь согтуурсан үедээ өөрийн хамтран амьдарч байсан З.Бүзлхамын гэрт буюу Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Алтайн 23 дугаар гудамжны 41 тоотод очсон бөгөөд З.Бүзлхамыг найз нартайгаа гэртээ архидан согтуурч байсанд дургүйцэж, энэ шалтгааны улмаас гэрт байсан хүмүүстэй хэрүүл маргаан үүсгэн, улмаар Ц.Даваадоржтой зодолджээ. Дээрх тодорхой сэдэлт, хувийн таарамжгүй харьцааны улмаас Ц.Даваадорж нь С.Эрдэнэчулууныг зодож хөнгөн гэмтээсэн байна. Ц.Даваадорж, С.Эрдэнэчулуун нарын хоорондын зодооныг гэрт байсан хүмүүс салгаж (хоорондын маргаан тэмцэлдээн дууссаны эцэст) С.Эрдэнэчулууныг хэргийн гэрч Ц.Пүрэвсүрэн гэртээ оруулсны дараа С.Эрдэнэчулуун нь хутга барьж  гарсан, “хутга барьж гарах хэрэггүй” хэмээн хориглосон З.Бүзлхамыг үл ялих зүйлээр шалтаглан зүүн шуунд  хутгалж хөнгөн гэмтээсэн, улмаар Алтайн 23 дугаар гудамжны 41 тоотод буцаж орон Ц.Даваадоржийн зүүн бугалганд хутгалж хөнгөн гэмтээсэн, онцлох шалтгаангүйгээр Г.Алтанцацралын хэвлийд хутгалж санаатай хүнд гэмтээсэн үйл баримт мөрдөн байцаалтаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна.

 

Дээрх үйл баримтуудыг дүгнэн үзвэл  Ц.Даваадорж нь гарцаагүй байдалд буюу бусдын амьд явах эрх, бусад эрх, эрх чөлөөнд тулгарсан аюулыг зайлуулах, уг аюулыг тухайн нөхцөл байдалд өөр аргаар зайлуулах боломжгүйн улмаас С.Эрдэнэчулууныг зодож хөнгөн  гэмтээсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн С.Эрдэнэчулуун нь чухам ямар хутгаар хохирогч нарыг хутгалж хөнгөн, хүнд гэмтээсэн нь түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг тодорхойлоход ач холбогдолгүй, хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдүүлсэн гэрч нарын мэдүүлэг ноцтой харилцан зөрүүтэй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

 

Ийм учраас шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс гаргасан “Ц.Даваадоржид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох”, “хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах” гэсэн саналуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Ц.Даваадорж нь хувийн таарамжгүй харьцааны улмаас С.Эрдэнэчулууныг зодож түүнийг хөнгөн гэмтээсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг, С.Эрдэнэчулуун нь нийгэмд тогтсон эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг илэрхий үл тоомсорлон, өөрийн догшин зан авираа бусдын анхаарлын төвд байлгахыг эрмэлзэн ялимгүй зүйлээр шалтаглан, мөн онцлох шалтгаангүйгээр зэвсэг хэрэглэн Ц.Даваадорж, З.Бүзлхам, Г.Алтанцацрал нарыг хөнгөн, хүнд гэмтээсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг тус тус бүрэн агуулж байх тул шүүгдэгч нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэн, Эрүүгийн хуульд заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

            Хохирогч Г.Алтанцацралын хэвлийн хөндийд нэвтэрч, бүдүүн гэдэсний өгсөх хэсэг болон цөсний хүүдийг гэмтээсэн хүнд гэмтлийн улмаас түүний цөсний хүүдийг мэс заслаар авсан байна. “Эрхтэнээс нь хагацуулах” гэдэг нь хууль зүйн ойлголт бөгөөд прокуророос С.Эрдэнэчулууныг “…танхайн сэдэлтээр… эрхтэнээс нь хагацуулж, хүнд гэмтэл санаатай учруулсан…” хэмээн ялласан нь хууль зүйн үндэстэй гэж шүүх үзсэн болно.

Шүүхээс шүүгдэгч Ц.Даваадорж, С.Эрдэнэчулуун нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт “…согтуурсан үедээ…” гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв. Шүүгдэгч нарт ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.Эрдэнэчулуун нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн өөр өөр зүйлд заасан хоёр гэмт хэрэг үйлдсэн тул шүүх гэмт хэрэг тус бүрд нь ял оногдуулж, хөнгөн ялыг хүндэд нь багтааж түүний биечлэн эдлэх ялыг тогтоохоор шийдвэрлэв.

Хэдийгээр шүүгдэгч-хохирогч С.Эрдэнэчулуун “Ц.Даваадоржтой сайн дураар эвлэрч байна, гомдол саналгүй” гэх боловч Ц.Даваадоржийн хувьд тэрээр гэм буруугийн талаар маргаж, хохирогчтой сайн дураар эвлэрсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлд зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй.

Шүүх шүүгдэгч Ц.Даваадоржийн хувийн байдлыг харгалзан түүний эрх чөлөөг хязгаарлаж, нийгмээс тусгаарлахгүйгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ. Торгох ялын хэмжээг гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 192.000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоов.

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорын нөхөн төлбөрийн хэмжээг дараах байдлаар шийдвэрлэв.

     Шүүгдэгч (хохирогч) Ц.Даваадорж, С.Эрдэнэчулуун нар нь бие биенээсээ “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул тэднийг өөр хоорондоо төлөх төлбөргүй, хохирогч З.Бүзлхам “С.Эрдэнэчулуунаас нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул С.Эрдэнэчулууныг түүнд төлөх төлбөргүй гэж тус тус шүүх дүгнэв.

Хохирогч Г.Алтанцацрал нийт 13.537.000 төгрөгийг (эмчилгээний, өмгөөлөгчид төлсөн зардал, бусад зардал) нэхэмжилсэн байна. Дээрх нэхэмжлэлийн зарим хэсгийг буюу гаргуулах үндэслэл, хэмжээ нь тогтоогдсон бүрэн нөхөн төлөгдөөгүй нийт 2.810.800 (эмчилгээний, шатахууны) төгрөгийг шүүгдэгч С.Эрдэнэчулуунаас гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй. С.Эрдэнэчулуун хохирогчийн эмчилгээнд сайн дураар 1.960.000 төгрөгийг зарцуулсан баримт гаргаж өгсөн бөгөөд энэ нь дээрх төлбөрөөс хасагдаж тооцогдохгүйг дурдаж байна.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно” гэж өмгөөлөгчийн хөлсний талаар заажээ.

Хохирогч Г.Алтанцацралын өмгөөлөгчид төлсөн хөлсийг байцаан шийтгэх ажиллагааны зардал эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул 1.500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Харин Г.Алтанцацралын нэхэмжлэлээс үлдэх 9.226.200 төгрөгийн (ажилгүй байсан хугацааны цалин, сэтгэл санааны хохирол, өвчтэй хүн асарсаны зардал г.м) нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов.

 

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Самдангийн Эрдэнэчулууныг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин зэвсэг хэрэглэн танхайрсан гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд,

мөн танхайн сэдэлтээр бусдыг эрхтэнээс нь хагацуулж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Хулгар овогт Цэрэнбазарын Даваадоржийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эрдэнэчулууныг 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар,

мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эрдэнэчулууныг 7 /долоо/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Даваадоржийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 /тав/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960.000 /есөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Эрдэнэчулуунд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1дэх хэсэгт зааснаар оногдуулсан  7 /долоо/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялд багтааж, С.Эрдэнэчулууны биечлэн  эдлэх ялыг 7 /долоо/ жил 1 /нэг/ сарын  жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эрдэнэчулуунд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Эрдэнэчулуун 60 /жар/ хоног цагдан хоригдсоныг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Даваадорж нийт 13 /арван гурав/ хоног цагдан хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг тухайн үед мөрдөгдөж байгаа нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 240.000 /хоёр зуун дөчин мянга/ төгрөгтэй тэнцүүлж, торгох ялаас хасч, уг ялыг эдэлсэнд тооцсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эрдэнэчулуунаас нийт 2.810.800 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Алтанцацралд олгож, хохирогчийн нэхэмжлэлээс 9.226.200 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

9. Хохирогч Г.Алтанцацралын өмгөөлөгчид төлсөн зардал 1.500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

10. Шүүгдэгч С.Эрдэнэчулуун нь хохирогч Ц.Даваадорж, З.Бүзлхам нарт төлөх төлбөргүй, шүүгдэгч Ц.Даваадорж нь хохирогч С.Эрдэнэчулуунд төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

11. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Эрдэнэчулуунд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч Ц.Даваадоржид урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

12. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар, тэдний өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 1 шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            13. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Эрдэнэчулуунд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж., шүүгдэгч Ц.Даваадоржид бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.МӨНХ-ЭРДЭНЭ

                                         

                                   ШҮҮГЧИД                                          Х.ИДЭР

 

                                                                                           Б.ДУЛАМСҮРЭН