| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 2005009260856 |
| Дугаар | 2020/ДШМ/1385 |
| Огноо | 2020-11-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.8.1., |
| Улсын яллагч | Н.Энхболд |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 2020/ДШМ/1385
Л.Э, Д.М нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Ариунхишиг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Энхболд,
хохирогч, цагаатгагдсан этгээд Л.Э ын өмгөөлөгч Э.Одгэрэл,
хохирогч, цагаатгагдсан этгээд Д.М , түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал,
нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/738 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор А.Баясгалангийн бичсэн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 63 дугаартай эсэргүүцэл болон хохирогч, цагаатгагдсан этгээд Л.Э ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Л.Э, Д.М нарт холбогдох эрүүгийн 2005 00926 0856 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Л.Э, ял шийтгэлгүй,
2. Д.М, ял шийтгэлгүй, ;
Д.М нь 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 22 дугаар дунд сургуулийн гадна автомашины зам хааж тавьсны улмаас үүссэн маргааны үед иргэн Л.Э ын нүүрэнд толгойгоороо мөргөж биед нь баруун нүдний ухархайн доод хана, гадна ханын хугарал, тархи доргилт, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,
Л.Э нь 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 22 дугаар дунд сургуулийн гадна автомашины зам хааж тавьсны улмаас үүссэн маргааны үед иргэн Д.М гийн 54-68 УБХ улсын дугаартай Тоёота Акуа маркийн автомашины цонх руу чулуу шидэж урд салхины шилийг хагалж, баруун хойд үндсэн крило, баруун хойд хаалга, зүүн урд хаалга, зүүн хойд хаалгыг цохиж гэмтээсний улмаас 410.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Д.М гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Л.Э ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.М д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Л.Э т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.М , Л.Э нарыг цагаатгаж, шүүгдэгч Д.М , Л.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Прокурор А.Баясгалан бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар: Хэрэгт авагдсан хохирогч Л.Э ын мөрдөн байцаалтад өгсөн “...54-68 УБХ улсын дугаартай жолооч руу залгахад одоо очлоо гэж хэлсэн. Тэгээд удаад байхаар нь дахиад охиноороо нөгөө утас руу залгуулж яриулсан чинь миний машиныг аваад яв гэж хэлсэн гэсэн. Тэгээд нөгөө дугаар луу олон удаа залгасан боловч утсаа авахгүй байсан. Би их яараад байсан болохоор олон удаа нөгөө машины жолоочийн дугаар луу залгасан. Тэгээд их удаж байж ирэхээр нь би орилоод /ярьж чадахгүй учир/ үйлдлээр өөрийнхөө цаг руу заагаад нөгөө хүн рүү гараараа чичилсэн. Энэ нь яасан удаж ирдэг юм бэ гэж хэлж байгаа юм. Тэр залуу намайг шоолж инээгээд байсан. Тэгэхээр нь би тэр залуугийн мөр лүү нь түлхсэн чинь нөгөө залуу цамцаа тайлаад бид 2 заамдалцаад зогсож байгаад арай цохичихгүй байх гэж бодтол шууд баруун нүд, хацар орчим руу мөргөсөн. Тэр залуу мөргөнгүүт миний нүд орчим маш их өвдөлт мэдэрсэн. ...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Э.Баяндэлгэрийн “...манай аав, машин таглаж тавьсан жолооч ах 2 бие биенийгээ заамдсан. Би айгаад орилоод уйлсан. Тэгтэл намайг жижүүр эмээ машиндаа сууж бай гэсэн. Тэгээд би машиндаа ороод сууж байтал манай аавыг тэр ах цохих шиг болсон. ...” гэх мэдүүлэг, гэрч Т.Дүүрэнжаргалын “...тухайн үед үд дунд 12 цагийн үед байсан санагдаж байна. Өглөө орсон сурагчид тараад өдөр орох сурагчид ирээд бужигналдаж байхад би хүүхдүүдтэй зууралдаад завгүй байсан. Тэгтэл миний хажууханд 2 танихгүй хүн хоорондоо маргалдаад зууралдаад байгаа харагдсан. Яг хэн нь хэнийгээ цохисныг би хараагүй. ...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар хохирогч Л.Э ын автомашины зам хааж тавьсан, удаа дараа залгаж дуудсан боловч удаж ирсний улмаас хохирогч Л.Э нь удаж ирлээ гэх шаардлага тавьсан. Гэтэл Д.М нь түүний хөгжлийн бэрхшээлтэй байдлыг шоолж инээн зохисгүй байдал гаргасан, улмаар маргалдаж Л.Э нь Д.М гийн мөр лүү түлхэх үйлдэл хийсний дараа Д.М нь цамцаа тайлж харилцан заамдалцаж бие биедээ хүч хэрэглэсэн зүй бус үйлдэл гаргасан. Энэ үед Д.М хохирогч Л.Э ыг нүүр тус газар нь мөргөсний улмаас баруун нүдний ухархайн доод хана, гадна ханын хугарал, тархи доргилт, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь тогтоогдсон. Гэтэл анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан буюу гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шүүгдэгч Д.М гийн хохирогчийн зүй ёсны шаардлагыг үл тоож хөгжлийн бэрхшээлтэй байдлыг шоолж инээсэн зүй бус үйлдлийн улмаас харилцан бие биеийн эрх чөлөөнд халдаж заамдалцсан үйлдлийг дан ганц хохирогч Л.Э нь Д.М гийн эсрэг довтолгоон эхлүүлж заамдаж авсан гэж дүгнэсэн нь бодит байдалтай нийцээгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн, ойр дотны хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжгүй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан боловч бусдын эсрэг санаатай өдөөн хатгалт хийсний улмаас үүссэн таарамжгүй харилцааны явцад маргалдаж, улмаар харилцан бие биенийхээ эрх чөлөөнд халдан довтолж санаатай гэмтэл учруулсан нөхцөлд аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзэхгүй. Мөн шүүгдэгч Л.Э ыг 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хохирогч Д.М гийн 54-68 УБХ улсын дугаартай Тоёота Акуа маркийн автомашины цонх руу чулуу шидэж урд салхины шилийг хагалж, баруун хойд үндсэн крило, баруун хаалга, зүүн урд хаалга, зүүн хойд хаалгыг цохиж гэмтээсний улмаас 410.000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч эд зүйлийн үнэлгээг 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдөр хийлгэсэн, мөн энэ гэмт хэргийн талаар хохирогч Д.М гийн мэдүүлэг нь бусад эх сурвалжаар нотлогдоогүй гэж дүгнэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан хохирогч Д.М гийн “...тухайн үл таних залуу намайг машиндаа суухад миний машины шил рүү цохиод байсан. Намайг машинтайгаа зугтаахад миний араас чулуу шидээд миний тээврийн хэрэгслийн урд талын шилийг цуулсан. ...” гэх мэдүүлэг, “Гэрэгэ эстимэйт” ХХК-ийн 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 54-68 УБХ улсын дугаартай Тоёота Акуа маркийн автомашинд 410.000 төгрөгийн шууд зардал бүхий гэмтэлтэй болохыг тодорхойлсон “Автомашины техникийн үнэлгээний тайлан”, гэрч Л.Даваасүрэнгийн “...хэрэг болох үед 11 цаг өнгөрч байхад дүүгээ сургуулиас нь авахаар хүү болох Д.М нь миний машиныг унаад явсан юм. 7-8 насны бололтой эмэгтэй хүүхэд дугаарыг нь санахгүй байна, ямар ч байсан 88-тай дугаараа машинаа холдуулаач ээ гэж залгахаар нь тухайн үед Д.М руу залгаад машинаа холдуул гээд залгаад байна гэж хэлсэн чинь дүүгээ дагуулаад очиж байна гэж хэлсэн. Манай гэр Баянбүрд автобусны буудлын тэнд байдаг юм. Эндээс миний машиныг унаж гарах үед тээврийн хэрэгсэлд ямар ч эвдрэл, гэмтэл байгаагүй. Тэгсэн чинь 12 цагийн үед над руу залгаад 1 хүнтэй маргаан үүсээд байна, цагдаа ирчихсэн байна гэж утсаар ярьж байсан. Тэгээд би тухайн үед гэртээ ирэхэд нь машинаа хартал баруун, зүүн гупер болон их биеийн доогуур хэсэг газар хонхойсон, мөн дээвэр хэсэг, баруун талын хаалга зэрэг газар 3, 4 газар хонхойчихсон байсан. Бас урд талын салхины шилний баруун доод хэсэгт цуурсан байхаар нь Д.М гаас юу болсон тухай асуухад миний машиныг өшиглөөд гараараа цохиод байсан. ...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй байна.
2. Шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар: Шүүхээс үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлтдээ шүүгдэгч Д.М нь өөрийн халдашгүй байх эрхийг халдлагаас хамгаалан хохирогч Л.Э ыг мөргөсөн үйлдэл хийснийг Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргагүй хамгаалалт хийсэн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад заасан “гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон” гэж дүгнэсэн боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгохдоо зааж, цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...шүүгдэгч Д.М д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ...яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, ...цагаатгасугай.” гэж, 4 дэх заалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай гэж тус тус заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад цагаатгах тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгчийн цагаатгасан үндэслэлийг тусгана, 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тусгана” гэж заасан шаардлагыг хангаагүй буюу шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг тус тус хангаагүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг үндэслэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/738 дугаар шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү. ...” гэжээ.
Хохирогч, цагаатгагдсан этгээд Л.Э давж заалдах гомдолдоо: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ийнхүү дүгнэн шийдвэрлэхдээ “...тус шүүх уг хэргийг 2020 оны 3 сарын 26-ны өдөр хэлэлцэж, нотлох баримт хангалтгүй үндэслэлээр 709 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг буцааж шийдвэрлэн, нэмэлт ажиллагаа хийсэн боловч шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдохгүй байна. ...” гэжээ. Уг хэргийг 2020 оны 3 сарын 26-ны өдөр хэлэлцэх үед шүүгдэгч Д.М болон түүний өмгөөлөгч нар нь Д.М г аргагүй хамгаалалт хийсэн гэж тайлбар, мэдүүлэг өгч байсан. Үүний дагуу нотлох баримт хангалтгүй үндэслэлээр 709 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг буцааж шийдвэрлэн, нэмэлт ажиллагаа хийлгэсэн боловч хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, бусад нотлох баримтаар Д.М г аргагүй хамгаалалт хийсэн гэх зүйл нотлогддоггүй. Мөн шүүгч нь шүүгдэгч нарын харилцан заамдалцаж авсан гэх мэдүүлгээр Д.М г аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэж, Д.М г цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Шүүгч хэргийг хэлэлцэн шийдвэрлэхдээ Д.М нь миний хөгжлийн бэрхшээлтэйг минь мэдэнгүүтээ дооглон тохуурхссан, намайг удаа дараа утсаар залгаж, яарч байгаагаа хэлж байхад үл тоон, наад машинаа аваад яв гэх мэтээр тохуурхан доромжилж байсан болон Д.М г мэдүүлэг өгөх болгондоо мэдүүлгээ өөрчилдөг байдлыг харгалзан үзэлгүйгээр, зөвхөн нэг талыг барин, цагаатгах тогтоолыг гаргасан нь ийнхүү гомдол гаргахад хүрсэн юм. Нүд бол эмзэг эрхтэн бөгөөд Д.М гийн Л.Э миний эрүүл мэндэд учруулсан гэмтэл нь хэдийгээр шүүх эмнэлгээс хөнгөн гэмтэл гэж дүгнэсэн боловч цаашид гарах хүндрэлийг урьдчилан таах аргагүй юм. Д.М г аргагүй хамгаалалт хийсэн байж болзошгүй талаар хэн ч гэрчлэн мэдүүлээгүй, харин ч эсрэгээрээ Д.М гийн бусдыг доромжлон тохуурхсан талаар гэрчүүдийн мэдүүлэг байсаар байтал бусдын эрүүл мэндэд гэмтэл учруулсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэж Д.М д холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэснийг Л.Э миний бие хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Д.М д хуульд заасны дагуу хариуцлага тооцон, надад учирсан хохирлыг Д.М гаас гаргуулж өгнө үү. ...” гэжээ.
Хохирогч, цагаатгагдсан этгээд Л.Э ын өмгөөлөгч Э.Одгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс цагаатгагдсан этгээд Л.Э ын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Л.Э нь 90 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай иргэн бөгөөд энэ талаар баримт хавтас хэрэгт авагдсан байгаа. Мөн Л.Э нь эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд эхнэр нь өөртэй нь адилхан хэлгүй, дүлий буюу 100 хувь хөдөлмөрийн чадвар алдалттай. Л.Э ын том охин нь оюутан, дунд охин болох гэрчээр оролцож байгаа. Э.А нь бага ангийн сурагч, бага хүүхэд нь цэцэрлэгийн насны хүүхэд байдаг. Өөрөө өрхийн тэргүүн болохынхоо хувьд гэр бүлээ тэжээн тэтгэж амьдардаг хүн. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Д.М г аргагүй хамгаалалт хийсэн гэх үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ийнхүү цагаатгах тогтоол гаргахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасны дагуу өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг тулгарсан довтолгооны эсрэг хийсэн үйлдэл гэж үзсэн. Гэтэл хавтас хэрэгт авагдсан нотлох баримт буюу сургуулийн цагдаа хийж байсан гэрч мэдүүлэхдээ “2 хүн маргалдаад зогсож байсан” гэсэн. Хавтас хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээс харахад хүмүүс зодолдож байсан гэж хэн ч мэдүүлдэггүй. Мөн Л.Э ын гомдлын дагуу газар дээр нь ирж шалгасан цагдаа мэдүүлэхдээ “тухайн үед Л.Д.М ямар нэгэн зодуулсан талаар надад хэлээгүй” гэсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг авч эхлэхэд Л.Д.М гаас “би зодуулсан. Намайг боосон. Толгой өвдөж байна” гэх мэтээр мэдүүлж эхэлсэн. Шүүх эмнэлгээр дүгнэлт гаргуулахад Л.Д.М д ямар нэгэн гэмтлийн зэрэг тогтоогдоогүй. Гэтэл Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс харилцан заамдалцаад Л.Э “энэ арай намайг цохихгүй байх” гэж бодсон нь Д.М г аргагүй хамгаалалт хийхэд хүргэсэн гэж үзсэн. Харилцан заамдалцаж байгаа үйлдэл нь довтолгоон, халдлага гэж үзэхэд эргэлзээтэй. Иймд прокурорын эсэргүүцэлд дурдагдсан Д.М г цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байгаа хэсгийг дэмжиж байна. Нэгэнт Л.Э ыг Д.М гийн эрүүл мэнд, амь насанд ноцтой хохирол учруулахаар халдлага хийсэн гэж үзэхгүй учраас Д.М г цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд Л.Э т учирсан хохирлыг Д.М гаас гаргуулж, Д.М гийн гэм буруутай үйлдлийг тогтоож өгнө үү. ...” гэв.
Хохирогч, цагаатгагдсан этгээд Д.М гийн өмгөөлөгч Ч.Өнөржаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би энэ хэрэгт 2019 оны 12 сард өмгөөлөгчөөр оролцож эхэлсэн. Тухайн үед Д.М гийн аав нь “миний машиныг хүүхэд маань унаж явсан болохоор бид ч гэсэн хохирсон. Миний хүүгийн биед гэмтэл учирсан байсан хэдий ч нөгөө хүн нь хөгжлийн бэрхшээлтэй байсан учраас бид гомдол гаргаагүй байсан юм” гээд маш их гомдолтой байсан. Д.М нь орон нутагт ажилтай байх хойгуур Л.Э нь гомдол гаргасан байсан. Тэгээд ажлаа дуусгаж ирээд буюу 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “надад бас хохирол учирсан байсан” гээд шинжилгээ хийлгэхэд гэмтлийн зэрэг тогтоогдоогүй. Хэдийгээр гэмтлийн зэрэг тогтоогдоогүй ч гэсэн автомашиныхаа гэрэл, гупер зэргийг засуулаагүй байгаа учраа та нарт гомдол гаргах эрх бий гэдгийг нь хуульч хүний хувьд хэлсэн. Иймээс сүүлд гомдол гаргасан. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын Д.М д холбогдох хэсгийг хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүх шийдвэрээ гаргахдаа холбогдогч Л.Э ын өгсөн мэдүүлгийн зарим хэсгийг үндэслэсэн. Би энэ хэрэгт өмгөөлөгчөөр ороод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой нотлох баримтыг цуглуулах үүднээс нэмэлт ажиллагаа хийлгэсэн. Гэтэл гэрчүүдээс шаардлагатай мэдээлэл цуглараагүй. Гэхдээ шүүхээс Л.Э ын өөрийнх нь өгсөн мэдүүлгийн зарим хэсгийг үнэлж аргагүй хамгаалалтын шинжтэй үүссэн нөхцөл байдлын улмаас өөрийнхөө биеийг хамгаалсан гэж үзэж Д.М гийн үйлдэлд хууль зүйн дүгнэлт өгснийг үндэслэлтэй гэж үзэж байна. Л.Э мэдүүлэхдээ “намайг хөгжлийн бэрхшээлтэй байдлыг далимдуулж инээсэн. Ийм учраас би уурласан юм” гэдэг. Мөн “олон удаа дуудуулсан” гэдэг. Д.М мэдүүлэхдээ “тухайн өдөр аавын машиныг унаад явж байсан болохоор залгасныг нь мэдээгүй. Аав “яаралтай оч” гэхээр нь би аль болох хурдан очсон” гэсэн. Хэдийгээр олон удаа дуудлага хийсэн байгаа ч гэсэн маш хурдан давтамжтай байсан. Мөн дуудлагыг бага насны хүүхэд хийсэн учраас Д.М гийн аавын “миний машиныг хүн аваад явсан” гэдэг үгийг сайн ойлголгүй “наад машинаа аваад яв” гэдэг байдлаар тайлбарласан гэдгээ гэрчээр мэдүүлсэн байсан. Мөн Л.Э мэдүүлэхдээ “намайг хөгжлийн бэрхшээлтэй байдлыг далимдуулж инээсэн” гэдэг. Гэтэл үүнийг хохирогчийн мэдүүлгээс өөр хүн нотолдоггүй. Бодит байдал дээр машиныг нь таглаж тавьсан болохыг харсан, тухайн хүнд хүндрэл учруулсан байж болзошгүй гэдэг утгаар хөгжлийн бэрхшээлтэй болохыг нь далимдуулж инээгээд байх нөхцөл байдал байхгүй, аль болох хурдан машинаа холдуулж зогсоолыг чөлөөлөх арга хэмжээ авахыг хичээсэн гэж Д.М хэлдэг. Д.М болон түүний өмгөөлөгчийн зүгээс Л.Э ыг цагаатгаж шийдвэрлэсэн цагаатгах тогтоолд гомдол гаргаагүй. Гэхдээ Л.Э ыг цагаатгаж шийдвэрлэсэнд прокуророос эсэргүүцэл бичсэн байх тул прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Шинжээчийн дүгнэлтээр Д.М д 660.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзсэн. Гэтэл прокуророос яллах дүгнэлтдээ 410.000 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэсэн байсан. Шинжээчийн дүгнэлтээр бодит зардлаас гадна, засвар үйлчилгээний үнэлгээг тооцон 660.000 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэсэн. Мөн шинжилгээ хийлгэсний 35.000 төгрөгийн зардал гарсан. Хэрэв Л.Э ын үйлдлийг гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна гэж дүгнэвэл Д.М д 695.000 төгрөгийн хохирол учирсан гэдгийг хэлмээр байна. ...” гэв.
Хохирогч, цагаатгагдсан этгээд Д.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Л.Э нь өөрийгөө зөвтгөж, намайг бусдад буруугаар ойлгогдохоор илэрхийлээд байдаг юм. Л.Э нь хэл ярианы бэрхшээлтэй байж болох ч гэсэн бусадтай харилцахдаа дутагдалтай хүн байсан. Би машиныг нь тахир дутуу хүний машин байна гэж мэдээгүй, албаар таглаж зогсоогүй. Би тухайн өдөр дүүгийнхээ хүүхдийг очиж авах гээд аавынхаа машиныг унаад гараад ирсэн байсан юм. Машин дээр манай аавын утасны дугаар байсан болохоор Л.Э манай аав руу залгасан байсан. Тэгээд аав над руу залгаж хэлэхээр нь би хүүхэд хувцаслаад удалгүй гарсан. Намайг гарч ирэхэд Л.Э үгийн зөрүү байхгүй шууд цээж рүү минь цохисон. Би тухайн үед шоконд орсон. Шүүх хуралдаанд энэ цамцыг өмсөж ирсэн шалтгаан нь тухайн өдөр би энэ цамцтай явж байсан юм. Л.Э аас “цамцаа тайлсан” гэж худлаа яриад байгаа юм. Би энэ цамцаа тайлчихсан байсан бол би боогдохгүй байсан. Энэ цамц маш хатуу материалтай. Мөн урагдсан сорви нь одоог хүртэл байгаа. Тухайн хэрэг болсноос хойш угаасан учраас цусны толбо нь арилсан байна. Үүнээс болж миний хүзүү улаан, эрээн болчихсон байсан. Хэрэг болдог өдөр би хүний машин тагласан байсан учраас үл ойлголцлоо гэж бодоод цагдаагийн байгууллагад хандаагүй. Тэр өдөр Л.Э аавын минь машиныг үргэлжлүүлж гэмтээх гээд байсан болохоор машинаа холдуулсан юм. Тэр хавиар хүүхдүүдээ аваад явж байсан эцэг, эхчүүд бид хоёрыг салгах гэж оролдсон боловч Л.Э дайраад байсан учир хүмүүс “миний дүү чи явахгүй бол болохгүй юм байна” гээд Л.Э ыг хориод цаашлуулж байсан. Би авч байсан хүүхдээ сургуулийн цагдаагийн хажууд үлдээгээд машинаа холдуулж зогсоолд байрлуулчихаад эргэж ирэх хооронд Л.Э байхгүй болчихсон байсан. Мөн шүүгдэгч Л.Э аас машины шил хагарсан талаар маргаад байгаа юм. Би Л.Э аас холдоод машиндаа суухад Л.Э тонгойж газраас чулуу авч байгаа нь харагдсан. Би чулуу авч шидэх гэж байна гэж бодоод машинтайгаа хөдлөөд зогсоход шидсэн чулуу нь урд шилэн дээр буучихсан юм. Тэгээд машинаа зогсоолд байрлуулчихаад буцаад ирэхэд Л.Э байхгүй болчихсон, авах гэж байсан хүүхэд маань 3 сургуулийн цагдаагийн хажууд уйлаад зогсож байсан. Би дүүгээ тайвшруулаад зогсож байтал эргүүлийн цагдаа ирээд юу болсон талаар асуухад нь болсон асуудлын талаар хэлсэн. Сургуулийн цагдаа хийж байсан тухайн болсон бүх асуудлыг харсан залуу мэдүүлэхдээ “чамайг гарч ирээгүй байхад чиний машины гупер лүү чинь өшиглөөд байсан. “Хүүе ээ болиоч хүний машин шүү дээ” гэж хэлэхэд урдаас нь дунд хуруугаа гэлүү, эсхүл салаавчаа гаргасан” гэсэн. Тэр талаар сургуулийн цагдаа залуу дуудлагаар ирсэн эргүүлийн цагдаад хэлж байсан. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.
Прокурор Н.Энхболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурор А.Баясгалангийн бичсэн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 63 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг дэмжиж байна. Хавтас хэргийн материалаас харахад Д.М , Л.Э нар нь маргалдаж, Д.М нь цамцаа тайлаад харилцан заамдалцсан байсан. Тэгэхээр Л.Э нь Д.М гийн амь насанд аюултай довтолгоо хийсэн гэж үзэхгүй байна. Мөн Д.М нь Л.Э тай маргалдаж мөргөх ёсгүй байсан. Хавтас хэргийн материалаас харахад Л.Э нь Д.М руу 16 удаа залгасан байсан. Гэтэл тухайн үед утсаа авахгүй, зарим тохиолдолд утсаа аваад “наад машинаа аваад явчих” гээд, гарч ирснийхээ дараа Л.Э ыг хөгжлийн бэрхшээлтэйг далимдуулж тохуурхсан байсан. Л.Э “чи ямар удаан юм бэ” гээд Д.М гийн мөр лүү түлхэхэд Д.М нь цамцаа тайлсан байсан. Тэгэхээр үүнийг аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн Л.Э нь Д.М гийн унаж явсан автомашинд 410.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тээврийн хэрэгслийн үнэлгээ, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Прокуророос Д.М г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Л.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх цагаатгах тогтоол гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн. Өөрөөр хэлбэл цагаатгах тогтоол нь хуульд заасан шаардлагыг хангаагүй, шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, үндэслэлтэй болж чадаагүйн улмаас давж заалдах шатны шүүх дүгнэлт хийх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна.
Учир нь, шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтэцэд тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин зургадугаар бүлэгт тодорхойлон хуульчилсан байх ба шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд хуулийн ноцтой зөрчил гэж үзэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заажээ.
Тухайлбал, шүүхээс цагаатгах тогтоол гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, түүнийг нотолж байгаа нотлох баримтын агуулга;” гэж, мөн зүйл, хэсгийн 1.2 дахь заалтад “шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл;” гэж тус тус заасан асуудлуудын талаар шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт тусгахаар байна.
Гэтэл Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/738 дугаартай цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгасан үндэслэлээ “... Д.М нь өөрийн эсрэг довтолгоонд хариу үйлдэл үзүүлэн өөрийн халдашгүй байх эрхийг хамгаалан хохирогч Л.Э ыг мөргөсөн үйлдэл хийсэн нь аргагүй хамгаалалтын шинжтэй, харин хохирогч Д.М нь эд зүйлд учирсан хохирлын үнэлгээг 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдөр хийлгэсэн бөгөөд энэ гэмт хэргийн талаарх Д.М гийн мэдүүлэг нь бусад эх сурвалжаар нотлогдоогүй. ...” гэсэн дүгнэлт хийжээ.
Анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтээс үзэхэд хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын мэтгэлцээнээр чухам ямар нөхцөл байдал тогтоогдож, шүүгдэгч нарыг гэм буруугүйд тооцох үндэслэл болсон нь тодорхойгүй, хэрэв хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох боломжгүй гэж үзвэл улсын яллагчийн санал дүгнэлт болон түүнтэй холбоотой нотлох баримтуудыг хэрхэн үнэлж, няцаан үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй байх тул шүүхийн шийдвэр хуульд заасан шаардлагыг хангаагүй байна.
Эдгээр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 1.3-д заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” гэх үндэслэлд хамаарах тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл, хохирогч Л.Э ын гаргасан гомдлыг тус тус хүлээн авч, цагаатгах тогтоолыг хүчингүй болгон, Д.М , Л.Э нарт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/738 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Д.М , Л.Э нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл Д.М , Л.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ М.АЛДАР