Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2016/0227

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, Засгийн газрын 11 дүгээр байранд байрлах тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Со******* ца****ХХК

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Засаг дарга

Гуравдагч этгээд: Б.Б**********, Ч.Б*********

Нэхэмжлэлийн шаардлага: Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 39* дүгээр захирамжийн иргэн Б.Б**********, Ч.Б********* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Уу**********, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О****, А.********** гуравдагч этгээд Б.Б**********, Ч.Б********* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Со******* ца****ХХК-ийн захирал Б.С************* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Манай компани нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны 267 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 286 дугаар захирамж зэрэг шийдвэрүүдийн хүрээнд Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар /шинэ нэрээр Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар/-т олгогдсон эрхийн хүрээнд Хан-Уул дүүргийн * дүгээр хорооны нутаг дэвсгэрт Бу******-У***хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх төсөлд хамтран ажиллахаар 2008 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 2008/17, 2008/03, 2009/26, 007 тоот гэрээг байгуулан тус нутаг дэвсгэрт 4 га газар гэрээгээр эзэмшиж эхэлсэн бөгөөд Нийслэлийн Засаг даргын 747 тоот захирамжаар манай компанид газар эзэмших эрх нь үүсч нэгж талбарын 8027/0083, 8027/0*****тоот дугаарууд бүхий 02**********, 0********* тоот тус тус газар эзэмших гэрчилгээтэй.

          Өнгөрсөн хугацаанд буюу 2008 оноос хойш өнөөдрийг хүртэл дээрх газарт газрын төлбөр болон газрын дуудлага худалдааны анхны үнийн төлбөрт 132 сая төгрөгийг Нийслэлийн газрын албанд тушааж ямар нэг төлбөрийн зөрчил гаргалгүй явж ирсэн ба Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газартай 2013 оны 6 сар хүртэл хамтран ажиллахаар гэрээгээ сунгаж ирсэн бөгөөд 2010, 2011 онуудад тус газарт хэрэгжүүлэх орон сууцны барилгын зураг төслөө батлуулж бид өөрсдийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ирсэн.

          Гэтэл тус газарт инженерийн дэд бүтцийг шийдвэрлэх төрийн зүгээс хариуцах ажлууд нь хойшилсноос өнөөдрийг хүртэл төлөвлөгдсөн хугацаанд хэрэгжүүлэх төслийн ажил эхэлж чадаагүй юм. Гэхдээ энэ нь эдийн засгийн хямралаас өгсүүлээд олон зүйл нөлөөлснийг үгүйсгэхгүй байна.

          Бид 2013 онд дахин зураг төслөө шинэчлэн Улаанбаатар хотын ерөнхий архитектураар батлуулан барилгын ажлаа эхлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

          Тус газарт барилгын зураг төсөл, геодези, байр зүйн зураг, инженер, геологи, хөрсний шинжилгээ болон бусад аж ахуйн зардалд 500 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна.

          Гэтэл бидний хотын даргын шийдвэртэй бүх зүйл нь хуулийн дагуу байгаа гэж ойлгож байсан газарт маань гэнэт хүмүүс гарч ирж маргаан үүсгэх болсонд гайхаж байна.

          Хамгийн гол нь 6, 7 жилийн дараа Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамж барин ийм асуудал үүсгэж байгаад гайхаж байна.

          Нийслэлийн Засаг дарга бүрэн эрхийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ гэж заасан байхад Хан-Уул дүүргийн Засаг дарга Д.Загджав 2008 оны 08 дугаар сарын 07-ны өдөр дугаар 322 дугаар захирамжаар 4.0 га газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэх эрх олгосон байна.

          Гэтэл Хан-Уул дүүргийн Засаг дарга Д.Загджавын газар эзэмших эрх олгох тухай захирамжийг хүчингүй болгож Хан-Уул дүүргийн Засаг дарга Д.Занданбат нь 2008 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дугаар 39* тоот захирамжаар иргэн Б.Б**********, Ч.Б********* нарт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт газар эзэмшүүлэх эрхийг олгохдоо Монгол Улсын Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг зөрчин Нийслэлийн Засаг даргын 2007 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 286 дугаар захирамжаар олгосон эзэмшил газартай давхцуулан газар эзэмшүүлэх эрх олгосон байна.

          Хан-Уул дүүргийн Засаг дарга Д.Занданбат нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 дахь заалт, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг зөрчин 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 39* дугаар 39* тоот захирамжаар Нийслэлийн Засаг даргын олгосон эзэмшлийн газарт иргэн Б.Б**********, Ч.Б********* нарт газар давхцуулан олгосон байх тул Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дугаар 39* тоот захирамжийн иргэн Б.Б**********, Ч.Б********* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан.

          Гэтэл тус гомдол маань Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Өмчийн харилцааны газарт шилжсэн байх бөгөөд өнөөг хүртэл албан хариуг манайд өгсөнгүй.

          Иймд Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 39* дүгээр захирамжийн иргэн Б.Б**********, Ч.Б********* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

          Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэр, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3-т Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэх, мөн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу төрийн албан хаагчийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор Буянт-Ухаа орон сууцны цогцолбор барих хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд уялдуулан 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 39* дүгээр захирамжаар Б.Б**********, Ч.Б********* нарт тус дүүргийн 9 дүгээр хороо /16 дугаар хороо/ Нисэхийн цагаан хаалганы баруун урд талд тус бүр 250 м.кв газрыг 15 жилийн хугацаатай гэр бүлийн хэрэгцээнд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.

          Дээрх захиргааны акт нь Со******* ца****ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй бөгөөд иргэн Б.Б**********, Ч.Б********* нар нь Монгол Улсын Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Газрыг Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн /цаашид "иргэн" гэх/, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуульд заасны дагуу  эзэмшиж ашиглана гэж заасны дагуу эзэмшиж байгаа.

          Иймд Со******* ца****ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.      

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдэн төлөөлөгч Ж.Б********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамж нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 дахь заалтыг зөрчсөн. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь хэсэгт 21.2.3 дахь хэсэгт заасан бусад газрыг эзэмшүүлэх асуудлыг тухайн дүүргийн Засаг дарга хэрэгжүүлнэ гэж заасан байгаа юм. Өнөөдрийн байдлаар Нийслэлийн Засаг даргын захирамж, Нийслэлийн иргэдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол нь хүчин төгөлдөр байдаг. Үүний хүрээнд Буянт-Ухаа хорооллын төсөл хэрэгжиж байна. Хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий газарт дүүргийн Засаг дарга захирамж гаргаж болохгүй гэдэг заалтыг зөрчсөн байна гэж үзсэн. Нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан хариуцагч талаас нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй ч хариуцагч талаас гаргаж өгч чадаагүй. Гаргасан захирамжаа хамгаалж чадахгүй байна. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2 дахь хэсэгт заасныг мөн тус тус зөрчсөн байна. Тойм зураг байдаггүй. Б.Батхүрэл Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт газрыг авахдаа хууль бусаар авсан гэдгийг нотолж байна. Ч.Бадамсүрэнгийн хувьд гаргаж өгсөн өргөдөлд Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутагт аль хэсэгт нь газар эзэмших гэж байгаа талаар дурдаагүй. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд төрийн өмчийн газар бөгөөд Со******* ца****ХХК-ийн үндсэн хөрөнгө биш юм. Хэрэв үндсэн хөрөнгө гэж үзэж байгаа бол Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т зааснаар гэрээний үүргийн шаардлага гаргана. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т зааснаар хуульд өөрөө заагаагүй бол гэрээний ерөнхий хугацаа 10 жил байхаар заасан гэв.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Тухайн дүүргийн Засаг даргаас иргэнд газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулахыг шийдвэрлэдэг. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар төрийн албан хаагчийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр зохицуулсан байдаг. Ч.Б*********, Б.Ба******** нар нь Хан-Уул дүүргийн захиргаанд 1988 оноос хойш ажиллаж ирсэн хүмүүс байдаг. 250 м.кв газрыг 30 гаруй жил ажилласан гэж тус албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор эзэмшүүлэн шийдвэрлэсэн. Со******* ца****ХХК-ийн хууль ёсны ашиг сонирхол нь 2009 онд тухайн газрыг шилжүүлж авснаар яригдах асуудал юм. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т төрийн байгууллагын эзэмшүүлсэн газрыг бусдад шилжүүлж, ашиглахыг хориглоно гэж заасан байдаг. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас шилжүүлэн авсан зүйлийг тайлбарладаг. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

          Тухайн үедээ ажилчдын хүсэлтийг хүлээн авч архивлах үүргээ биелүүлээгүй байдаг. Нэгдсэн журмаар зохион байгуулж байсан ажил юм. Тухайн үеийн хариуцсан ажилтан нь хариуцлага алдсан гэж үзэж байна.

          Ажлын хариуцлага алдсан хүний буруу байгаа болохоос Хан-Уул дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргын буруу биш юм гэв.

          Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Газрын харилцаа геодези зураг зүйн газраас авсан нотлох баримтад газрын асуудал давхцаж байгаа нь харагдахгүй тогтоогдохгүй байна. 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2** тогтоолоор Хан-Уул дүүргийн 1* дугаар хорооны нутаг дэвсгэрт 60 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Гэтэл 2008 оны 286 дугаар захирамжаар Нийслэлийн Барилга хот байгуулалтын төлөвлөлтийн газарт Хан-Уул дүүргийн 8, 9, 10 дугаар хорооны нутагт дэвсгэрт 90 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Нийслэлийн Засаг дарга эрх хэмжээгээ хэтрүүлсэн байдаг. Анх Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 60 га газрыг эзэмшүүлсэн байна. Нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 дахь хэсэгт заасан эрх хэмжээг хэрэгжүүлэхдээ тухайн дүүргийн Засаг даргын саналыг үндэслэнэ гэсэн заалтыг зөрчсөн байна. 2010 оны 747 дугаар захирамжаар Нийслэлийн барилга хот төлөвлөлтийн газарт эзэмшүүлсэн газрыг Со******* ца****ХХК-нд эзэмшүүлэхдээ хуулийг зөрчсөн. Буянт-Ухаа 2 дугаар хороолол нь маргаж байгаа газар дээр буюу шинэ спорт ордны урд хэсэгт байрлалтай байгаа. Хан-Уул дүүргийн Засаг даргын 39* дүгээр захирамжаар олгосон газар нь нэхэмжлэгчийн газартай давхцаагүй байна. Нэхэмжлэгчийн ямар эрх ашиг нь хөндөгдөж байгаа нь тодорхой байна гэж үзэхээр байгаа юм.

          Нэхэмжлэгчийн эрх ашиг яаж хөндөгдсөн талаар тодорхойгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хөөн хэлэлцэх хугацааны асуудалд нэхэмжлэгч талаас Иргэний хуулийн дагуу тайлбарлаж байна. Энэ хэрэг нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т зааснаар өөрийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн актыг мэдсэнээс хойш 30 хоног гэж заажээ гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Со******* ца****ХХК нь Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 3** дүгээр захирамжийн иргэн Б.Б**********, Ч.Б********* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.7-д хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзвэл захиргааны байгууллага, албан тушаалтнаас дахин шинэ акт гартал захиргааны уг актыг түдгэлзүүлэх гэж заасан байна.

Шүүх дээрх заалтын дагуу хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай буюу газрын кадастрын зураг үйлдэх шаардлагатай гэж үзэж захиргааны байгууллагаас Б.Б**********, Ч.Б********* нарт эзэмшүүлсэн гэх газрын кадастрын зургийг үйлдэх хүртэл хугацаагаар Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 39* дүгээр захирамжийн иргэн Б.Б**********, Ч.Б********* нарт холбогдох хэсгийг түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчид болох Засаг даргын тамгын газрын эрх зүйн мэргэжилтэн Б.О***, дүүргийн өмч, газрын харилцааны албаны газар зохион байгуулагч А.А*****ү нар кадастрын зураг үйлдэлгүйгээр буюу газрын байршлыг нарийвчлан тогтоолгүйгээр Б.Б**********, Ч.Б********* нарт газар эзэмшүүлсэн, кадастрын зураг байхгүй учраас гуравдагч этгээдүүдийн газар яг хаана байрлаж байгааг тодорхойлох боломжгүй гэсэн агуулгаар кадастрын зураг байхгүй болохыг хариуцагч өөрөө хүлээн зөвшөөрч тайлбарлаж байна.

Хариуцагч нь кадастрын зураг үйлдэж буюу газрын байршил, эргэлтийн цэгийг тогтоож байж газрыг эзэмшүүлэх нь хуульд нийцэх юм.

Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.11-т Газрын кадастрын зурагт ерөнхий болон оноосон хил, заагийг харуулна, 16.12-т Ерөнхий болон оноосон хил, зааг, тэдгээрийн эргэлтийн цэгийн байрлалыг байгалийн байнгын биет, хүний бүтээсэн байгууламж, тэмдэглээс, геодезийн байнгын цэг, тэмдэгтүүдийг ашиглан газар дээр нь тэмдэглэж газрын кадастрын зурагт буулгана гэж заасан байна.

Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3-т эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх гэж дүүргийн газрын албаны эрх хэмжээг хуульчилсан байна.

Кадастрын зураг үйлдэж буюу газрын эргэлтийн цэг, газрын байршлыг тогтоолгүйгээр гуравдагч этгээдүүдэд газар эзэмшүүлсэн хариуцагчийн үйлдэл нь хууль зөрчсөн байна.

Хариуцагчийн төлөөлөгч нар газрын давхцал байхгүй гэж тайлбарлаж байгаа боловч үүнийг нотлох кадастрын зураг байхгүй учир хариуцагчийн энэ тайлбар үндэслэлгүй.

Мөн Со******* ца****ХХК-д эзэмшүүлсэн газрын аль хэсгээр гуравдагч этгээдүүдэд эзэмшүүлсэн газар давхцаж байгааг нэхэмжлэгч өөрөө зааж, тодорхойлж чадахгүй байгаа ба манай газартай давхацсан гэсэн ерөнхий, тодорхойгүй үндэслэлээр нэхэмжлэгч тал тайлбарлаж байна.

Хариуцагч кадастрын зураг үйлдэх чиг үүргээ хэрэгжүүлэлгүйгээр гуравдагч этгээдүүдэд газар эзэмшүүлснээс шалтгаалж энэ маргаан үүссэн байна гэж шүүх үзлээ.

Кадастрын зураг байхгүйгээс шалтгаалж газрын давхцал байгаа эсэхийг тогтоох боломжгүй буюу маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн эсэхийг шүүхээс дүгнэх боломжгүй байна.

Хариуцагчийн кадастрын зураг үйлдэлгүйгээр буюу газрын байршлийг нарийвчлан тогтоолгүйгээр газар эзэмшүүлсэн алдаатай үйлдлийг хариуцагчаар өөрөөр нь зөвтгүүлэх нь зүйтэй байна.

Иймд Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 39* дүгээр захирамжийн Б.Б**********, Ч.Б********* нарт холбогдох хэсгийг тус захирамжаар Б.Б**********, Ч.Б********* нарт эзэмшүүлсэн газрын байршлыг тогтоох буюу кадастрын зураг үйлдэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.11, 16.12, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3-т заасныг тус тус баримтлан Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 39* дүгээр захирамжийн Б.Б**********, Ч.Б********* нарт холбогдох хэсгийг тус захирамжаар Б.Б**********, Ч.Б********* нарт эзэмшүүлсэн газрын кадастрын зургийг үйлдэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2-т заасныг баримтлан хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг дарга нь өөрийн дэргэдэх дүүргийн Өмч, газрын харилцааны албаар Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 39* дүгээр захирамжаар Б.Б**********, Ч.Б********* нарт эзэмшүүлсэн газрын кадастрын зургийг үйлдүүлэх замаар энэ шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАТЗОРИГ