Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 128/2017/0831/З |
Дугаар | 221/МА2017/0877 |
Огноо | 2017-12-14 |
Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 221/МА2017/0877
|
“П Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Т, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.*******, хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******, хариуцагч Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, гуравдагч этгээд “З б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч З.Сүхбаатар нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0832 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “П Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, тус газрын Үнэлгээний хороо, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0832 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, 12.3, 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.1, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.3, 27.4, 28 дугаар зүйлийн 28.3, 28.7.3, 28.7.4-д заасныг тус тус баримтлан “...Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 17/0181 тоот тендерийн үнэлгээний хорооны ““П Э” ХХК-ийн тухай” дүгнэлтийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 17/0181 тоот тендерийн үнэлгээний хорооны “З б” ХХК-ийг шалгаруулсан зөвлөмжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 02/1616 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах, Захиалагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын “З б” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгуулах, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 17/0181 тоот тендер шалгаруулалтад “П Э” ХХК нь тендерийн материал ирүүлж, шалгарсан болохыг тогтоож, гэрээ байгуулахыг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт даалгуулах-ыг хүссэн шаардлага бүхий “П Э” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч “П Э” ХХК-ийн төлөөлөгч Д.Т давж заалдах гомдолдоо: “...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “З б” ХХК нь Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны цэцэрлэгийн гадна тохижилтын ажлыг хийж гүйцэтгэх буюу маргаан бүхий тендер шалгаруулалтаас өөр ажил хийж гүйцэтгэх үнийн санал ирүүлсэн нь тогтоогддог боловч шүүх “санамсаргүй техникийн шинжтэй, хэлбэр төдий алдаа” гэж дүгнэсэн нь Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, Сангийн сайдын 2014 оны 212 дугаар тушаалаар батлагдсан “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журам”-тай зөрчилдөж байна.
Тодруулбал, “З б” ХХК-ийн тендерт шалгарсан гол үзүүлэлт нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан бага үнийн санал гэж тус шүүхээс дүгнэх боловч “З б” ХХК-ийн ирүүлсэн үнийн санал нь маргаан бүхий тендер шалгаруулалтын үнийн санал биш байдаг. Энэ нь “З б” ХХК-ийн нотлох баримтаар гаргаж өгсөн Барилгын хөгжлийн төвийн экспертизийн дүгнэлтээр тогтоогддог боловч үүнийг нотлох баримтын хэмжээнд шүүхээс үнэлээгүй, улмаар хариуцагчийн үйлдлийг зөвтгөн дүгнэсэн нь хууль бус гэж үзнэ.
Шүүхийн шийдвэрт “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-д “Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна”, 28.7.3-д “бүх тендерийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно”, 28.7.4-д “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзнэ” гэсэн хуулийн заалтуудыг үндэслэсэн байх боловч уг тендер шалгаруулалтад шалгарсан “З б” ХХК нь шаардлагад нийцсэн тендерийн материал ирүүлээгүй болохыг дүгнээгүй.
Хуулийн дээрх зохицуулалт нь шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн тендер оролцогчдод хамааралтай заалт байх ба маргаан бүхий тендер шалгаруулалт нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.16-д заасан “түлхүүр гардуулах гэрээ”-ний нөхцөлтэй буюу барилга байгууламжийн зураг төсөл заавал шаардах шалгаруулалт байтал зураг төсөл ирүүлээгүй тендерийн материал ирүүлсэн “З б” ХХК-ийг шалгаруулсан Үнэлгээний хорооны дүгнэлтийг зөвтгөн тайлбарласныг хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.
Түүнчлэн ТОӨЗ-д зургийн компани нь тендерт оролцогчийн нэгэн адил холбогдох төрийн байгууллагуудаас лавлагаа гаргуулсан байх шаардлага тавьсан боловч “З б” ХХК-ийн зургийн ажил гүйцэтгэх 2 компанийн нэг нь тус шаардлагыг огт хангаагүй байдаг. Мөн гуравдагч этгээдийн нотлох баримтаар гаргаж өгсөн Барилгын хөгжлийн дүгнэлтээр зургийг өөр компаниар гүйцэтгүүлсэн болох нь тогтоогддог боловч энэ талаар шүүхээс дүгнэлт өгөөгүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “П Э” ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасны хүрээнд ТОӨЗ-д тусгайлан заасан баримтын бүрдлийг ханган ирүүлсэн, шүүх хуралдаан дээр бичгийн нотлох баримтыг гарган өгсөн боловч шүүхийн шийдвэрт “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д заасан зохицуулалтыг хариуцагчид хүлээлгэсэн үүрэг биш” гэж дүгнэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.3 дахь заалттай зөрчилдөж байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн үндсэн зарчим нь тендер оролцогчдод тэгш боломж олгоход оршдог. Гэтэл маргаан бүхий тендер шалгаруулалтад тендер оролцогчдыг тэгш боломжоор хангаагүй үйл баримт тогтоогдож байхад хариуцагч хуулиар хүлээсэн эрх хэмжээгээ хэтрүүлж, ТОӨЗ-г өөрчилсөн үйлдлийг зөвтгөн тайлбарласан нь “П Э” ХХК-ийн шударгаар өрсөлдөх эрхийг хязгаарлаж байна.
Маргаан бүхий тендер шалгаруулалтад шалгарсан “З б” ХХК-ийн ТОӨЗ-д заасан агаар сэлгэлтийн инженер нь бакалаврын зэрэгтэй биш буюу инженер биш байтал инженерийн түвшинд үнэлсэн Үнэлгээний хорооны дүгнэлтийг шүүхээс зөвтгөн дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан шийдвэр боллоо. Нэг үгээр хэлбэл “З б” ХХК-ийн илэрхий алдаатай тендерийн материалыг хэлбэрийн төдий техникийн алдаатай гэж дүгнэх атлаа “П Э” ХХК-ийн ирүүлсэн тендерийн материалыг ТОӨЗ-д нийцэхгүй гэж дүгнэж байгаа нь хэт нэг талыг барьсан шийдвэр боллоо.
Шүүхийн шийдвэрт “З б” ХХК нь цахим тендерт эх хувиас хуулбарлан баримт гаргаж өгөөгүй талаар дүгнэсэн боловч шүүхээс “уг тендерийн баримт бичигт холбогдох нотлох баримтуудыг нотариатаар гэрчлүүлсэн байх шаардлага, шалгуурыг тавиагүй байх тул” гэж хариуцагчийн үйлдлийг зөвтгөн дүгнэсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон ТОӨЗ-ны 4.4/а/-д “Улсын бүртгэлийн гэрчилгээний эхээс хийсэн хуулбарыг ирүүлнэ” гэж заасантай зөрчилдөж байна.
Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдаан дээр нотлох баримт шинжлэн судлах явцад талуудын тайлбараар тогтоогддог боловч шүүхээс зөвтгөн дүгнэснийг эс зөвшөөрч байна. “П Э” ХХК-ийн хувьд хуулийн шаардлага ханган иж бүрдэл бүхий тендерийн материалыг эхээс хуулбарласан болохоо нотариатын гэрчлэлээр баталгаажуулан өгснийг шүүхээс мөн дүгнээгүй.
Маргаан бүхий тендерт шалгарсан “З б” ХХК-ийн тендерийн баримт бичиг нь эх баримтаас хуулбарлаагүй, хуулбараас хуулбарласан, үнэлэх боломжгүй баримт ирүүлснийг Үнэлгээний хороо үнэлж шийдвэр гаргасан шүүх энэхүү байдлыг нотлох баримтын хэмжээнд үнэлсэн нь буруу гэж үзэж байна. Учир нь, Үнэлгээний хороо нь шаардлага хангасан эхээс хуулбар хийсэн “П Э” ХХК-ийн тендерийн материалыг үнэлээгүй атлаа шаардлага хангаагүй тендерийн материал хүргүүлсэн компанийг ямар үндэслэлээр шаардлага хангасан материал ирүүлсэн гэж үзсэн нь тодорхойгүй, ойлгомжгүй байна.
Маргаан бүхий тендер шалгаруулалтад шалгарсан “З б” ХХК-ийн санхүүгийн чадавхыг үнэлсэн баримт нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлд заасныг хангаагүй байтал Үнэлгээний хороо хангасан мэтээр үнэлснийг эс зөвшөөрч маргасан байтал энэ талаар шүүхээс дүгнээгүй.
Мөн хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан хяналт тавих эрхээ хэрэгжүүлээгүй талаар шүүхээс дүгнээгүй.
Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх бүрэлдэхүүн дараах үндэслэлээр нэхэмжлэгч “П Э” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас “Цэцэрлэгийн барилгын өргөтгөл 100 ор /Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 105 дугаар цэцэрлэг/”-ыг нийлүүлэх нээлттэй тендерийг 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр зарласан, уг тендерт нэхэмжлэгч “П Э” ХХК болон гуравдагч этгээд “З б” ХХК оролцсон, тус газрын Үнэлгээний хороо “Тендерт оролцогчид өгөх зааварчилгаа”-ны 6.3(г)-д тусгайлан заасан “барилгын инженер, цахилгааны инженерүүд тус тус 3 жил ажилласан ажлын туршлагатай байх шаардлагыг хангаагүй, ажилласан жилийг нотлох баримтыг дутуу ирүүлсэн, халаалт, агаар сэлгэлтийн инженерийн талаар мэдээлэл ирүүлээгүй” гэж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д заасныг үндэслэн нэхэмжлэгч “П Э” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзаж, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4-д заасныг үндэслэн гуравдагч этгээд “З б” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн гэж үзэж, шалгарсан болохыг мэдэгдэхээр шийдвэрлэсэн байна.
1. “Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 17/0181 тоот Тендерийн үнэлгээний хорооны “П Э” ХХК-ийн тухай” дүгнэлт, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 02/1616 дугаар мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
“Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн баримт бичиг”, “Тендерт оролцогчид өгөх зааварчилгаа”-ны 6.3(г)[1]-д тендерт оролцогчид нь “барилгын инженер, халаалт, агаар сэлгэлтийн инженер, цахилгааны инженер тус тус 3 жил ажилласан ажлын туршлагатай байх”-аар, оролцогч уг шаардлагыг хангаж байгаа эсэхээ “инженер, техникийн ажилтнуудын сургууль төгссөн дипломын хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн даатгуулагчийн ажил, албан тушаалын өөрчлөлтийн тэмдэглэл, нийгмийн даатгал төлсөн хэсгийн хуулбар, мэргэжлийн үнэмлэхийн хуулбар”-аар нотлохоор тусгайлан заажээ.
Гэтэл захиалагчаас нэхэмжлэгч “П Э” ХХК-ийн тендерт ирүүлсэн баримт бичгээс тус компанийн тодорхой ажил, үйлчилгээг гүйцэтгэх ажилтан, ажилчдын боловсрол, мэргэжлийн ур чадварыг хянан үзэхэд барилгын инженер Г.Болд-Эрдэнэ, цахилгааны инженер П.Амаржаргал нарын ажлын туршлага нь Тендерт оролцогчид өгөх зааварчилгаанд тусгайлан заасан шаардлагыг хангаагүй, тодруулбал, тэдгээрийн зөвхөн 2017 оны нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг ирүүлсэн, түүнчлэн халаалт, агаар сэлгэлтийн инженерийн талаар мэдээлэл ирүүлээгүй байсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар болон нэхэмжлэгч “П Э” ХХК-ийн тендерийн баримт бичигт хавсаргасан баримтуудаар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч компанийн тендерээс татгалзсан Үнэлгээний хорооны шийдвэр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ”, 27.1.1-д “энэ хуулийн ...16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага”, 27.3-д “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 27.4-д “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана” гэж заасантай нийцсэн байх тул хариуцагчийн тус компанийн талаарх дүгнэлт, мэдэгдлийг хүчингүй болгох үндэслэлгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.
2. “Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 17/0181 тоот Тендерийн үнэлгээний хорооны “З б” ХХК-ийг шалгаруулсан зөвлөмж, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын “З б” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “уг тендерт хамгийн сайн гэж үнэлэгдсэн “З б” ХХК нь ТОӨЗ-ны 31.1.(з).4-д заасан “Зураг төсөл боловсруулах байгууллага нь ажлын зураг, төсвийг боловсруулж тендерт ирүүлэх” шаардлагыг хангаагүй” гэж тодорхойлжээ.
“Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн баримт бичиг”, “Тендерт оролцогчид өгөх зааварчилгаа”-ны 31.1(з).4[2]-д тендерт оролцогчид нь “Зураг төсөл боловсруулах байгууллага нь ажлын зураг, төсвийг боловсруулж тендерт ирүүлэх ба тендерт шалгарсан тохиолдолд захиалагчид шүүмж хийлгэж, экспертизээр баталгаажуулж, ажлын зураг төсөл боловсруулах явцад захиалагч байгууллагатай зөвшилцөх, магадлал хийлгэх ажлыг 14 хоногийн дотор гүйцэтгэж захиалагчид хүлээлгэн өгсний дараа барилга угсралтын ажлыг гүйцэтгэж эхэлнэ” гэж заасан байна.
Гэтэл хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, гуравдагч этгээд “З б” ХХК нь тендерт ажлын зураг боловсруулж ирүүлээгүй болох нь тогтоогдож байх бөгөөд энэ нөхцөл байдлыг хариуцагчаас “эскиз зургийг хариуцагчаас гаргаж өгсөн, үүний дагуу төсвөө боловсруулж үнийн саналаа гаргасан, ...тендер шалгаруулалтад шалгарах эсэхээ мэдэхгүй учир өндөр үнэтэй ажлын зургийг хийлгэдэггүй” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.
Тодруулбал, захиалагчаас тендерт оролцогчид ажлын зураг ирүүлсэн байх шаардлагыг тавьсан атлаа тендер шалгаруулалтыг явуулахдаа “...захиалагчаас ирүүлсэн зураг байгаа учраас шалгарсан компани зураг ирүүлэх шаардлагагүй, ...шалгарсан тохиолдолд 14 хоногт зургийг гүйцэтгэх гэрээ ирүүлсэн учир шаардлагад нийцсэн гэж үзнэ...” гэж дүгнэн, тендерийн баримт бичигт заасан дээрх шаардлагыг хангаагүй “З б” ХХК-ийг тендерт шалгаруулсан нь буруу болжээ.
Гэвч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар захиргааны акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол маргаан бүхий актыг хүчингүй болгож шийдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл, захиргааны акт хууль бус байхаас гадна нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдсон тохиолдолд захиргааны актыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн эрхийг сэргээж шийдвэрлэх журамтай.
Гэтэл нэхэмжлэгч “П Э” ХХК нь өөрөө тендерийн баримт бичигт заасан захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлагыг хангаагүй үндэслэлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан тендерийг хянан үзэх үе шатнаас хасагдсан тул тус компанийн нэхэмжлэлд үндэслэн “З б” ХХК-ийг шалгаруулсан Үнэлгээний хорооны зөвлөмж, “З б” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын мэдэгдлийг хүчингүй болгох боломжгүй, хүчингүй болгож шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн тендерт оролцох, шалгарах эрх сэргэж, хамгаалагдахгүй байна.
3. “Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 17/0181 тоот тендер шалгаруулалтад “П Э” ХХК нь тендерийн материал ирүүлж, шалгарсан болохыг тогтоож, гэрээ байгуулахыг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Дээр дурдсанаар нэхэмжлэгч “П Э” ХХК нь тендерийн баримт бичигт тусгайлан заасан шаардлагыг хангаагүй болох нь тогтоогдсон тул тус компанийг тендерт шалгарсан болохыг тогтоож, улмаар гэрээ байгуулахыг хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт даалгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй тул анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.
Иймд “шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлүүлэх тухай” нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0832 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “П Э” ХХК-ийн төлөөлөгч Д.Т-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “П Э” ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН