Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 110/2017/0063/з |
Дугаар | 268 |
Огноо | 2018-06-18 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 268
Т.Б-ын нэхэмжлэлтэй,
Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: М.Батсуурь
Шүүгчид: Л.Атарцэцэг
Б.Мөнхтуяа
Ч.Тунгалаг
Илтгэгч шүүгч: Д.Мөнхтуяа
Нэхэмжлэлийн шаардлага: “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2008 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 73 дугаар захирамжийн Ц.Х, Х.А, Х.А нарт 667 м2 газар өмчлүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах тухай”
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 110/ШШ2018/0012 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2018/0200 дугаар магадлал,
Нэхэмжлэгч Т.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 110/ШШ2018/0012 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, 38.3, 38.4 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2008 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 73 дугаар захирамжийн Ц.Х, Х.А, Х.А нарт 667 м2 газар өмчлүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2018/0200 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 12 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Т.Б-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Нэхэмжлэгч Т.Б гомдолдоо: ... Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар иргэн Ц.Буядаагаас 310 м2 газрыг 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр иргэн Т.Батмөнхөд шилжүүпэх гэрээ байгуулан газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн болох нь тогтоогдож байгаа гэж зөв дүгнэсэн хэдий ч ...эрхийн гэрчилгээг шилжүүлэгч болон шилжүүлэн авагчаас эрх бүхий этгээд болох тухайн шатны Засаг даргад хуульд заасан холбогдох баримт бичгийг хавсарган эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлт гаргаагүй, мөн тухайн шатны Засаг даргаас газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай шийдвэр гараагүй байх тул иргэн Ц.Буядагаас 310 м2 газар эзэмших эрхийн гэрчилгээгээ Т.Батмөнхөд шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болоогүй байна... хэмээн дүгнэлт хийж, Газрын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг буруу хэрэглэн тайлбарлажээ.
4. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “...эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараах бичиг баримтуудыг хавсаргана...”, 38.2.1-д “...нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ...”, 38.2.2-т “...эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо...” зэрэг баримтуудыг хавсаргахаар байна.
5. Хуулийн 38.2-т заасан эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргасан эсэх нь гэрч Зулайгийн шүүхэд өгсөн “...2006 оны 07 дугаар сарын 28-ны өдөр иргэн Ц.Буядаа биеэрээ ирж өөрийн эзэмшлийн газрыг Т.Батмөнхөд шилжүүлэх хүсэлт тавьж гэрээг баталгаажуулсан...” гэх мэдүүлгээр тогтоогдож байна гэж ойлгоно. Үүнээс үзвэл, 2 талын хүсэл зоригоор газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэхүй ажиллагаа явагдсан бөгөөд энэ тохиолдолд газар шилжүүлэгч, газар шилжүүлэн авагч нар хоёулаа хүсэл зоригоо хэн нэгний дарамт шахалтгүйгээр илэрхийлж, үүнийг нотариатчаар баталгаажуулсан байхад, шүүхээс талууд хүсэлт гараагүй, өөрөөр хэлбэл хавсаргах баримт бичгийг дутуу бүрдүүлсэн гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй. Мөн хуулийн 38.2.2-т заасан эрх, үүргийг хүлээн зөвшөөрсөн нотолгооны хувьд, энэ нь тухайн “Эзэмшлийн газрыг бусдад шилжүүлэх гэрээ”-нд Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг тусгаж өгснөөрөө илэрхийлэгдэж байгаа болохыг шүүх анхаарч үзээгүй.
6. Нөгөөтэйгүүр, ... тухайн шатны Засаг даргаас газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай шийдвэр гараагүй... гэх үндэслэлийн хувьд, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т “...эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараах зүйлийг тодруулна...”, 38.4-т “...эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 хоногийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана...” гэж тус тус заажээ. Тэрээр, газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авсан этгээд тухайн шатны Засаг даргад эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлт гаргах хугацааг хуулиар тодорхой заагаагүй, хэрэв хүсэлт гаргасан нөхцөлд ажлын 15 хоногийн дотор шийдвэрлэхээр тусгажээ. Өөрөөр хэлбэл, хуульд эрх шилжүүлэн авагч буюу иргэн нь хүсэлтээ хэзээ гаргах талаар огт хугацаа заагаагүй бөгөөд шийдвэр гаргах эрх бүхий этгээдийн хуулийн хугацааг тодорхойлсон байна.
7. Иймд, дээрх байдлаар Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасан шаардлагыг бүрэн хангаж байх тул хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн шийдвэр гаргасанд гомдолтой байна.
8. 2010 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Т.Б , Т.Батмөнх нарын хооронд газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай гэрээ байгуулагдаж, уг гэрээг үндэслэн Өлгий сумын Засаг даргын 2010 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 92 дугаар захирамжаар иргэн Ц.Буядаагийн газар эзэмших эрхийн гэрчилгээг Т.Б ад шилжүүлзн эзэмшүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон боловч мөн хуулийн 35.1.4, 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, 38.3-д заасантай тус тус нийцээгүй гэжээ.
9. Энэхүү үндэслэлийг мөн адил дээр дурдсан үндэслэлээр няцааж байгаа бөгөөд Т.Батмөнхөд албан ёсны газар эзэмшүүлэх эрх бүхий этгээдийн шийдвэр гараагүй хэдий ч иргэн Ц.Буядаагаас түүнд газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх итгэмжлэл олгосон байх ба үүнийг үндэслэж нотариатч баталгаажуулалт хийснээрээ хүчин төгөлдөр болсон. Түүнчлэн, Ц.Хорлоо 2008 онд маргаан бүхий газрыг өмчлөлдөө авахаас өмнө 310 м2 газрыг түүний ах болох Ц.Буядаа эзэмшиж, ашиглаж ирсэн нь гэрчийн мэдүүлэг болон бусад хөндлөнгийн нотлох баримтуудаар, мөн Ц.Буядаагаас Т.Батмөнхөд маргаан бүхий газрыг шилжүүлсэний дараа Ц.Хорлоо, Т.Батмөнх, Т.Б нар нэг хашаанд хамт амьдарч байсан буюу гуравдагч этгээд Ц.Хорлоогийн зүгээс ямар нэгэн байдлаар маргаан гаргаж байгаагүй болох нь тус тус тогтоогддог.
10. Гэтэл, шүүх 2008 онд гуравдагч этгээд Ц.Хорлоод маргаан бүхий газрыг бүхэлд нь өмчлүүлэхээр шийдвэрлэсэн, тухайн шийдвэр нь хүчин төгөлдөр байхад 2010 онд тухайн газрын 310 м2 талбай бүхий хэсгийг нэхэмжлэгч Т.Б ад дээрх байдлаар шилжүүлэн эзэмшүүлсэн шийдвэр нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгтэй нийцээгүй байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй болжээ.
11. Учир нь, 2006 онд Ц.Буядаа Т.Батмөнхөд газар эзэмших эрхийн гэрчилгээ шилүүлэх тухай гэрээг нотариатаар баталгаажуулсан байсан, гэхдээ уг баталгаажуулалт нь хууль бус болсон гэж дүгнэжээ. Хэрэв хууль ёсны баталгаажуулалт явагдаагүй бол яагаад Ц.Буядаагийн эзэмшлийн газрыг түүний зөвшөөрөлгүйгээр Ц.Хорлоод бүхэлд нь өмчлүүлсэн шийдвэр гарах болов гэсэн асуулт гарч ирэх ба Ц.Буядаа маргаан үүсгээгүй явдал нь нэгэнт хашааны тал хэсэг болох 310 м2 газрыг Т.Батмөнхөд хууль ёсны дагуу шилжүүлсэн гэж ойлгосноор маргаан гаргах шаардлага байгаагүй гэдэг нь харагдаж байна. Харин Т.Батмөнх болон Т.Б нарын зүгээс тухайн үед маргаагүй шалтгааны хувьд газартаа оршин сууж, газрыг эзэмшиж, ашиглаж байсан бөгөөд гуравдагч этгээд Ц.Хорлоогоос миний өмчлөлийн газар гэх байдлаар ямар нэгэн хэрүүл маргаан гаргаагүй байсантай шууд холбоотой.
12. Тэгэхээр Т.Б ад биш, Ц.Хорлоод газар өмчлүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг ноцтой зөрчсөн үйлдэл юм.
13. Анхан шатны шүүх “...тухайн итгэмжлэлийг Ц.Буядаа олгосон нь тогтоогдоогүйгээс гадна уг итгэмжлэлийн хугацаа 2009 онд дууссан...” гэжээ.
14. Ц.Буядаа итгэмжлэл олгосон гэх эсэх нь гэрч н.Зулайгийн ...иргэн Ц.Буядаагаас Т.Батмөнхөд итгэмжлэл өгснийг мөн би нотариатаар баталгаажуулсан. Уг итгэмжлэлд Т.Буядагаас Т.Батмөнхөд гарын үсэг зурах, газар шилжүүлэх эрх олгосон байсан. Тэрээр итгэмжлэлийг үндэслэн Т.Буядаа гэдгийн хойно Т.Батмөнх гарын үсэг зурснаар баталгаажуулсан. Тухайн үед Т.Б 2006 оны гэрээ, итгэмжлэл, гэрчилгээ зэргийг авч ирсэн учраас 2010 онд газар шилжүүлэх гэрээг баталгаажуулсан болно... гэх мэдүүлгээр болон тухайн үеийн бүртгэлийн дэвтэрт байгаа бүртгэл, түүний зурсан гарын үсэг гэх хөдлөшгүй үнэн баримтуудаар, гэрч Т.Батмөнхийн ...2006.07.28-ны өдөр эзэмшлийн газрыг бусдад шилжүүлэх гэрээ байгуулсан. Тухайн гэрээ байгуулах үед итгэмжлэл үйлдсэн. Ингээд уг итгэмжлэлийн дагуу Т.Б ад маргаан бүхий газрыг 2010.05.03-ны өдөр шилжүүлсэн... гэх мэдүүлгээр, мөн итгэмжлэлд зурагдсан гарын үсэг Ц.Буядаагийн гарын үсэг мөн болох нь шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдсон байхад итгэмжлэл олгосон нь тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд дээрх баримтуудаар нотлогдохгүй болохыг дурдаж байна.
15. Гуравдагч этгээд Ц.Хорлоод маргаан бүхий газрыг бүхэлд нь өмчлүүлсэн шийдвэр нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.1, 5.1.5.2, 20 дугаар зүйлийн 20.3, 21 дүгээр зүйлийн 21.1. дэх заалтыг тус тус зөрчсөн гэдэг нь тогтоогдсон боловч энэ талаар Ц.Буядаа маргаагүй гэжээ. Нэгэнт уг газрыг Ц.Буядаагаас Т.Б ад шилжүүлсэн учраас Ц.Буядаа маргаан гаргах эрхгүй бөгөөд энэ хэргийн оролцогч биш учраас маргаан гаргах боломжгүй. Харин Т.Б-ын хувьд дээр дурдсанчлан газар эзэмших үйл явц нь ямар ч хууль зөрчөөгүй буюу түүнд газар эзэмшүүлсэн шийдвэр нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байхад анхан шатны шүүхээс хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар үнэлэлт. дүгнэлт хийсэн нь Захигргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “...шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй...” гэж заасныг ноцтой зөрчсөн байна.
16. Мөн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй, хэргийг нотлох баримтын хүрээнд, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж шийдвэрийг хэвээр үлдээснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
17. Иймд, анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийх, хууль ёсны бөгөөд Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй, бодит байдалд тулгуурлан дүгнэлт хийгээгүй байх тул Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 110/ШШ2018/0012 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 212/МА2018/0200 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
18. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2008 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 73 дугаар захирамжаар тус аймгийн Өлгий сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт 667 м2 газрыг иргэн Ц.Х, Х.А, Х.А нарт өмчлүүлэхээр шийдвэрлэсэн, нэхэмжлэгч Т.Б аас “... миний ... /бусдаас/ худалдан авсан өмч болох хашаа, байшингийн газрыг оролцуулан Ц.Хорлоо нарт өмчлүүлсэн нь хууль бус” гэж, гуравдагч этгээд Ц.Хорлоо нараас “... уг газар бүхэлдээ миний эзэмшлийн газар тул ... 667 м2 газрыг өмчилж авсан нь ... хууль зөрчөөгүй” гэж тус тус маргасан, хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргаас “...маргаан бүхий газрыг 2008 онд Өлгий сумаас бүрдүүлж ирүүлсэн материалын дагуу аймгийн Засаг даргын захирамжаар иргэн Ц.Х, Х.А, Х.А нарт 667 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх тухай шийдвэр гаргасан” гэх тайлбарыг шүүхэд гаргажээ.
19. Хэргийн оролцогчдын тайлбар,хэрэгт цугларсан бусад баримтуудаас үзвэл, маргаан бүхий захиргааны актаар гуравдагч этгээд Ц.Хорлоо нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 1996 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 15 дугаар шийдвэрээр 310 м.кв, түүний ах Ц.Буядаа нь мөн сумын Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 03 дугаар захирамжаар 310 м.кв газар тус тус эзэмшсэн, уг газрууд нь хөрш залгаа, дээрээ тус тусын үл хөдлөх хөрөнгөтэй, Ц.Буядаа нь 2006 оны 07 дугаар сарын 28-ны өдөр өөрийн байшинг худалдах, 310 м.кв газар эзэмших эрхээ шилжүүлэхээр нэхэмжлэгч Т.Б-ын ах Т.Батмөнхтэй Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дахь хэсгийг үндэслэн гэрээ, хэлцэл хийж, ноториатаар баталгаажуулан, төлбөрөө авсанаар өөрийн байшин болон эзэмшил газраа шилжүүлэн өгч, өөрөө Дархан-Уул аймаг руу нүүсэн, уг хугацаанаас хойш нэхэмжлэгч Т.Б нь маргаан бүхий газар, байшинг бодитоор эзэмшиж, ашиглаж байсан, гуравдагч этгээд Ц.Хорлоогоос Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 1996 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 15 дугаар шийдвэрээр “810 м.кв газар эзэмших эрх олгогдсон” гэх боловч, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 5068 дугаар дүгнэлтээр “... “810” гэсэн тоон бичвэр өмнө нь “310” байсныг нэмэлт элемент үйлдэж, “3”-ын тоог “8” болгож засварласан” нь тогтоогдсон байх тул гуравдагч этгээд Ц.Хорлоо нь анхнаасаа “810 м.кв газар эзэмшсэн” гэж шүүх дүгнэх боломжгүй, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийжээ.
20. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.1-т “... Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөөнд тусгагдсан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байгаа бөгөөд тухайн иргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг түүнд өмчлүүлэх”-ээр, 5.1.5.2-т “... Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөө, шийдвэрт тусгагдсан, иргэдэд өмчлүүлэх газарт хамаараагүй бөгөөд тухайн иргэн газар өмчилж авах хүсэлт гаргасан тохиолдолд энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөө, шийдвэрт иргэдэд өмчлүүлэхээр тусгагдсан бөгөөд бусад этгээдийн эзэмших, ашиглах эрх үүсээгүй байгаа газраас тэргүүн ээлжинд түүнд өмчлүүлэх”-ээр тус тус заасан байхад хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга маргаан бүхий захирамжаар иргэн Ц.Буядаагийн нэр дээр эзэмших эрхийн гэрчилгээтэй, Т.Б-ын бусдаас худалдаж авсан үл хөдлөх хөрөнгө байршиж байгаа, бодитоор ашиглаж байгаа газрыг бүхэлд нь оролцуулан Ц.Х, Х.А, Х.А нарт өмчлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль бус, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т заасан “иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэсэнтэй нийцээгүй талаар анхан шатны шүүх мөн зөв дүгнэлт хийсэн атлаа “... нэхэмжлэгч Т.Б-ын эрхийг зөрчөөгүй” гэж үндэслэлгүй дүгнэлт хийн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.
21. Тодруулбал, нэхэмжлэгч Т.Б аас “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2008 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 73 дугаар захирамжийн иргэн Ц.Х, Х.А, Х.А нарт 667 м2 газрыг өмчлүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан, үндэслэлээ “... миний бодитоор эзэмшиж ашиглаж байгаа газрыг оролцуулан Ц.Хорлоо нарт өмчлүүлсэн” гэх агуулгаар маргасан, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар, нэхэмжлэгч Т.Б-ын бусдаас худалдаж авсан үл хөдлөх хөрөнгө байршиж байгаа газрыг оролцуулан Ц.Хорлоо нарт өмчлүүлсэн үйл баримт тогтоогдсон байхад “нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй” гэсэн нь буруу, газар эзэмших эрхийг Ц.Буядаагаас Т.Б ад шилжүүлсэн сумын Засаг даргын захирамж гараагүй байсан нь уг газрыг Ц.Хорлоо нарт өмчлүүлэх үндэслэл болохгүй юм.
22. Иймд, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.1, 5.1.5.2, 21 дүгээр зүйлийн 21.1-т заасныг зөрчиж, бусдын эзэмшилд байгаа 310 м.кв газрыг Ц.Х, Х.А, Х.А нарт өмчлүүлэхээр шийдвэрлэсэн маргаан бүхий захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлтэй, харин, Ц.Хорлоогийн анхнаасаа эзэмшиж байсан 310 м.кв болон өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хамааралгүй үлдсэн газрын хувьд түүнийг өмчлүүлсэн шийдвэртэй Т.Б маргах эрхгүй тул Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2008 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 73 дугаар захирамжийн иргэн Ц.Х, Х.А, Х.А нарт 667 м2 газар өмчлүүлсэн шийдвэрийн маргаан бүхий “310 м.кв”-т газарт холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зөв байна.
23. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд холбогдуулан, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг тайлбарлан хэрэглэх байтал Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, 38.3, 38.4 дэх хэсэг буюу “газар эзэмших эрх шилжүүлэх”-тэй холбоотой хуулийн зохицуулалтыг хэрэглэсэн нь буруу, түүнчлэн, нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй асуудлаар буюу “2010 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Т.Батмөнхөөс Ц.Буядааг төлөөлөн түүний 310 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг Т.Б ад шилжүүлэхээр “Эзэмшил газрыг бусдад шилжүүлэх гэрээ”-г байгуулж, нотариатаар батлуулсан нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.1-д заасантай нийцээгүй” гэхчилэн дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан “...шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэсэнтэй нийцсэнгүй.
24. Иймд, нэхэмжлэгч Т.Б-ын “... шүүхүүд /хуулийг/ буруу тайлбарлан хэрэглэсэн, ... нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн шийдвэр гаргасан, ... анхан шатны шүүхээс хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн” гэх хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй, шүүхийн шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 110/ШШ2018/0012 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2018/0200 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.1, 5.1.5.2, 21 дүгээр зүйлийн 21.1-т заасныг тус тус баримтлан, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2008 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 73 дугаар захирамжийн иргэн Ц.Х, Х.А, Х.А нарт 667 м2 газар өмчлүүлсэн хэсгээс 310 м.кв газарт холбогдох хэсгийг хүчингүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Б аас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА