Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2016/00687

 

Л.Гантөмөрийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгино хайрхан дүүргийн

Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2016/00383 дугаар шийдвэртэй

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 686 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Л.Гантөмөрийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч  Г.Ууганбаярт холбогдох,

11.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан хяналтын гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Энхтөгс, хариуцагчийн төлөөлөгч Ц.Мөнхтуяа, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2012.5.11-ний өдөр Г.Ууганбаярт 7 сая төгрөг зээлдүүлсэн ба 2015.6.11-ний өдөр нэг сарын хугацаатай 7 сая төгрөгийг нэг  сарын 300.000 төгрөгийн хүүтэй, алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг өдөр тутамд 0.5 хувь байхаар зээлийн гэрээ байгуулсан. Г.Ууганбаяр нь дээрх хугацаанд зээлийг төлөөгүй тул үндсэн зээл 7 сая төгрөг, хүү 3 сая төгрөг, алданги 1.500.000 төгрөг, нийт 11.500.000 төгрөгийг Г.Ууганбаяраас гаргуулж өгнө үү. 2012.5.09-ний өдрийн 7 сая төгрөгийг зээлийн гэрээний хувьд амаар зээлийн гэрээ байгуулсан. Хүүгийн хэмжээг 4 хувь байхаар тохирсон тул хариуцагч хүү төлж байсан, хугацаа тохироогүй гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 2012.5.11-ний өдөр Л.Гантөмөрөөс 7 сая  төгрөгийг 4 хувийн хүүтэй хугацаагүй зээлж авсан ба тухайн үед бичгээр гэрээ байгуулаагүй. Уг зээлээс 4 сая төгрөгийг дүүдээ өгч, өөрөө 3 сая төгрөгийг авсан. 2012.6.11-ний өдрөөс 2015.01.26-ны өдрийн хооронд сар бүр 280.000 төгрөгийг, хүүд тооцож 1 сая төгрөгийг Л.Гантөмөрт төлсөн. 2015.01.26-ны өдөр 7 сая  төгрөгийг төлж дуусгасан. 2015.6.11-ний өдөр Л.Гантөмөр нь өмнөх гэрээг нөхөж байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу би мөнгө аваагүй. 2012.6.11-ний өдрөөс 2015.01.26-ны өдрийн хүртэл нийт 6.604.000 төгрөг  төлсөн. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2015.6.11-ний өдрийн зээлийн гэрээгээр 7 сая төгрөгийг Л.Гантөмөрөөс аваагүй. Харин 2012.5.11-ний өдөр Л.Гантөмөрөөс 7сая  төгрөгийг 4 хувийн хүүтэй, зээлж авсан ба зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй. 2015.6.11-ний өдөр Л.Гантөмөрөөс 7 сая төгрөгийг зээлж аваагүй, хүчээр  зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан, мөн өмнөх гэрээг нөхөж хийсэн буюу дүр үзүүлэн байгуулсан тул гэрээг Иргэний хуулийн 56.1.1, 56.1.2, 60.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус гэж  тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэл нь тодорхойгүй байна. 2012.05.11-ний өдөр харилцан тохиролцсоны үндсэн дээр 7 сая  төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй зээлүүлсэн. Энэ хүү хэлцлийн дагуу Г.Ууганбаяр нь сард 280.000 төгрөг дансанд шилжүүлсэн. Хариуцагч энэ тухай 2015.11.15-ны өдөр шүүхэд гаргасан тайлбарт дурдсан байгаа. Мөн энэ талаар 2014.11.28-ны өдөр баталгаа хийж өгсөн байдаг. Г.Ууганбаяр нь зээлийн үндсэн төлбөр, түүний хүүг төлөх тухайгаа тодорхой илэрхийлж ,улмаар 2015.6.11-ний өдөр гэрээг бичгээр хийсэн. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгино хайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2016/00383 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан Г.Ууганбаяраас 676.000 төгрөг гаргуулан Л.Гантөмөрт олгож, нэхэмжлэлээс 10.824.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул Л.Гантөмөрт холбогдох Г.Ууганбаярын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 199.000 төгрөг, хариуцагчаас төлсөн 199.000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 20.774 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 686 дугаар магадлалаар Баянгол, Хан-Уул, Сонгино хайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2016/00383 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Иргэний хуулийн 56.3-т заасны дагуу хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ гэсэн заалтыг шүүх харгалзан үзсэнгүй. Мөн нэг гэрээг бичгээр гэрээ байгуулахаас өмнөх, байгуулсанаас хойших гэж салгаж дүгнэсэн нь буруу. Талууд анх зээлсэн 7 сая төгрөгийн зээлийн талаар яригдаж байгаа нь хэрэгт авагдсан баримтаас харагддаг. Мөн Иргэний хуулийн 212.1-д заасны дагуу аль нэг эрхийг үүрэг гүйцэтгэгч сонгож сар бүр 280.000 төгрөгийг хүү төлж байсан нь дансны хуулгаар  нотлогдож байгаа. Мөн хариуцагч өнгөрсөн хугацаанд хүү төлж байсан гэсэн тайлбар өгсөн байхад үндсэн зээлээс хасч тооцсон нь буруу. Шүүх 7 сая төгрөг шилжсэн, талууд хүү тохиролцсон учраас хожим гэрээний хэлбэрийн шаардлагыг хангасан үйл баримтад дүгнэлт хийсэн атлаа тус гэрээний дагуу шаардлага гаргах эрхгүй гэсэн нь ойлгомжгүй байна. Гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох сөрөг нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгосон атлаа тус нэхэмжлэлийн зарим хэсгийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгов. Хариуцагч шүүх хуралдаанд 2015.06.11-ний өдрийн зээлийн гэрээний 7 сая төгрөг нь 2012.05.11-ний өдөр зээлсэн, мөн 2014.11.28-ны өдөр баталгаажуулсан 7 сая төгрөг мөн гэх тайлбарыг өгсөн тул шүүх Иргэний хуулийн 282.4 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Мөн 280.000 төгрөгийг хүүд төлж нийт 7.360.000 төгрөг хийсэн гэсэн байдлаас хархад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1-д заасныг зөрчлөө. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Л.Гантөмөр нь Г.Ууганбаяраас үндсэн зээл 7 сая төгрөг, хүү 3 сая төгрөг, алданги 1.500.000 төгрөг нийт 11.500.000 төгрөг гаргуулахыг хүсэж, 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн “зээлийн гэрээ”-г үндэслэл болгосныг хариуцагч зөвшөөрөөгүй маргасан байна.

Хоёр шатны шүүх нэхэмжлэлээс 676.000 төгрөг хангасныг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд Л.Гантөмөрийн гомдлын зарим хэсэг үндэслэлтэй байх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.

Хариуцагч нь 2012 оны 05 дугаар сарын 11-ний өдөр амаар гэрээ байгуулж нэхэмжлэгчээс 7 сая төгрөг зээлж авсан, зээлийн төлбөрт нийт 6.604.000 төгрөг төлсөн талаар зохигчид маргаагүй, энэ үйл баримт тогтоогдсон байна.   

Г.Ууганбаяр нь Л.Гантөмөрөөс зээл авахдаа бичгээр гэрээ байгуулаагүй ч зээлд  хүү төлөхөөр баталгаа хийж өгсөн /хх 30/ тул 2012 онд зээлж авсан 7 сая төгрөгт 1.500.000 төгрөгийн хүү төлөх талаар зохигчид 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр тохиролцсон гэж үзэх нь Иргэний хуулийн 281, 189 дүгээр зүйлийн 189.1,198 дугаар зүйлийн 198.1-г зөрчихгүй.      

Хариуцагч 7 сая төгрөг 2012 оны 05 дугаар сарын 11-ний өдөр зээлсэн, нийт 6.604.000 төгрөг буцааж төлсөн тул үндсэн зээлд 396.000 төгрөг, хүү 1.500.000 төгрөг нийт 1.896.000 төгрөгийг Г.Ууганбаяр төлөх үүрэгтэй байна.

Хоёр шатны шүүх Л.Гантөмөрийн нэхэмжлэлээс алданги 1.500.000 төгрөгийн  талаар Иргэний хуульд нийцсэн дүгнэлт хийсэн тул энэ тухай нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ. 

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж Л.Ууганбаяраас 1.896.000 төгрөг гаргуулж Л.Гантөмөрт олгож, нэхэмжлэлээс 9.604.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 686 дугаар магадлал, Баянгол, Хан-Уул, Сонгино хайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2016/00383 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...676.000 төгрөг..” гэснийг “...1.896.000 төгрөг..” гэж, “...10.824.000 төгрөг..” гэснийг “... 9.604.000 төгрөг..” гэж, 3 дахь заалтын “...20.774 төгрөг...” гэснийг “...46.726 төгрөг...” гэж өөрчлөн, шийдвэр болон  магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 199.000 төгрөгийг буцааж олгох захирамж гаргасугай.

                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                 Х.СОНИНБАЯР

                                       ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ