Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 34

 

Ц.Н- холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болормаа, нарийн бичгийн дарга Н.Энхжил нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 148 дугаар шийтгэх тогтоол, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 27 дугаар магадлалтай, Ц.Н- холбогдох 1835002190144 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болормаагийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1978 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Увс аймгийн Давст суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, ял шийтгүүлж байгаагүй, И т овогт Ц-н Н-.

Ц.Н- нь 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 6-р багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж төрсөн дүү Ц.Г- зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Н-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н- 3 жил 4 сар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Н-, хохирогч Ц.Г- нарын гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болормаа гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх Ц.Н-г Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Ц.Н- нь 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн нутагт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн төрсөн дүү Ц.Г- зодож, биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон ба түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн" гэж хүндрүүлэн зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно” гэж заасан. Өөрөөр хэлбэл гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд нарийвчлан зохицуулсан байх бөгөөд тухайн этгээд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн эсэхийг дээрх гэмт хэргийн үндсэн шинжүүдээр тодорхойлохоор хууль тогтоогч тогтоож өгсөн байхад салбар хууль болох Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийн заалтыг гол болгож, хэргийг шийдвэрлэсэн нь хууль ёсны зарчимд нийцэхгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх’' гэмт хэргийн үндсэн шинжийг дараах байдлаар тодорхойлж өгсөн.

Тодруулбал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах, эрхэд халдсан бол” эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ. Уг зүйл хэсгийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг аваад үзвэл “энэ гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн, асрамжийн үйлчилгээ үзүүлэх байгууллагын ажилтан үйлдсэн, таслан зогсоох гэсэн хүнийг эсэргүүцэж үйлдсэн бол” гэх диспозицийг хууль тогтоогч тогтоож өгсөн байна. Ийнхүү гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн үндсэн шинжийг дээрх байдлаар Эрүүгийн хуульд нэг бүрчлэн нарийвчлан тогтоож өгсөн байх бөгөөд эдгээрийг уг гэмт хэргийн заавал байх шинж гэж үзнэ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3.1.2 дахь хэсэгт “тусдаа амьдарч байгаа төрүүлсэн үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж заасан ба хохирогч Б.Г- нь ялтан Ц.Н-гийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу төрсөн дүү мөн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон боловч Ц.Н-гийн төрсөн дүүгээ зодсон үйлдэлд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн үндсэн шинж болох гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг “байнга зодсон” гэх шинж тогтоогдохгүй байна. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, Ц.Н-гийн үйлдлийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэн зүйлчилж, миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсанд гомдолтой байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, Ц.Н- холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. Мөн Ц.Н- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгасан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг хэрэглэн түүнд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж, шийтгэх тогтоол, магадлалд зохих өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Прокурор Г.Гэрэлтуяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Ц.Н- холбогдох хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүгдэгч Ц.Н- нь төрсөн дүүгээ зодож, бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан байдаг. Өөрөөр хэлбэл шүүх дүгнэхдээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж субъектийнх нь хувьд авч үзэн хүнд гэмтэл учруулсан 1 удаагийн шинжтэй үйлдлийг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 болгон хүндрүүлэн зүйлчилсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах нь саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болормаагийн гаргасан гомдлыг үндэслэн Ц.Н- холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Ц.Н- нь 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт төрсөн дүү Ц.Г- зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Харин анхан болон давж заалдах шатны шүүх Ц.Н-гийн үйлдсэн гэмт хэргийн шинжийг тодорхойлж хууль зүйн дүгнэлт хийхдээ шүүгдэгчийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Анхан шатны шүүх Ц.Н- болон түүний төрсөн дүү Ц.Г- нарын гэр бүлийн талаарх харилцан хамаарлыг тодорхойлохдоо өөр салбар эрх зүйн хэм хэмжээг иш татаж тайлбарласан нь зөв боловч гэмт хэрэг, түүний шинжийг зөвхөн Эрүүгийн хуулиар тодорхойлсон байх хууль ёсны зарчмыг зөрчиж, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан хэм хэмжээг гэмт хэргийн шинжид шууд хамаарах ойлголт мэтээр дүгнэж, гэр бүлийн харилцан хамааралтай хүмүүс хооронд үйлдэгдсэн гэмт хэрэг бүрийг гэр бүлийн хүчирхийлэлд хамааруулан зүйлчлэх ёстой гэсэн дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн агуулга, зарчмыг буруу тайлбарлан хэрэглэжээ.     

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд тодорхойлсон агуулгаар ойлгох ёстой бөгөөд уг зүйлд заасан аль нэг үйлдлийг байнга хийсэн тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор хууль тогтоогч тодорхойлсон байна.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэх шинжээр хүндрүүлэн зүйлчлэхдээ хэдийгээр энэ нь нэг удаагийн шинжтэй үйлдэл байж болох боловч тухайн үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг хангаж байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийн зүйчлэлийг зөв тогтоож байх шаардлагатай юм.

Шүүгдэгч Ц.Н- нь төрсөн дүүгээ гэр бүлийн харилцан хамааралтай байдлыг нь далимдуулан байнга зодож байсан, эсхүл байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлаасан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин хүмүүс хоорондын харилцаа, ах дүүгийн ёсны талаарх нийгэмд тогтсон зан заншил, ёс суртахууны нийтлэг хэм хэмжээг бүдүүлгээр зөрчсөн хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг гарах шалтгаан болсон, түүнчлэн хохирогчийн амьдарлын буруу зан үйл, хэв шинж, зуршлыг засах үүднээс ах хүний хувиар зүй ёсны шаардлага тавихад хохирогч хэл амаар доромжилсноос шалтгаалж гэнэт үүссэн буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн байх тул шүүгдэгчийн үйлдэлд гэр бүлийн хүчирхийллийн шинж үгүйсгэгдэж байна.

Иймд шүүгдэгч Ц.Н- холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчлэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй байхын зэрэгцээ түүнд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг бүрэн нөхөн төлсөн байдал, хувийн байдал, түүнчлэн хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл бий болсон зэрэг тухайн хэргийн онцгой нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан хорих ялыг 1 жил болгон хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Зүйлчлэлийг зөвтгүүлэхээр гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болормаагийн гомдол хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 148 дугаар шийтгэх тогтоол, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 27 дугаар магадлалд “Прокуророос Ц.Н- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй”, “Ц.Н-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай”, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан шүүгдэгч Ц.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Н- оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэсэн өөрчлөлтийг тус тус оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

         ШҮҮГЧ                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                          Ч.ХОСБАЯР

                                                                                          Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН