Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2020/ДШМ/1386

 

                                         Ц.Д д холбогдох эрүүгийн

                                                   хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Ариунхишиг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Одонтуяа,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 2020/ШЗ/1689 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Одонтуяагийн бичсэн 2020 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 55 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Ц.Д д холбогдох эрүүгийн 2010 01230 0726 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Ц.Д, ял шийтгэлгүй, ;

Ц.Д  нь 2020 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Гэгээнтэн цогцолборын ариун цэврийн өрөөнд Iphone-10 загварын гар утсыг орхиж явсан гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ц.Д гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульчилж өгсөн бөгөөд яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж, прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, эсхүл ялаас чөлөөлөх, эсхүл ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг яллагдагчид танилцуулж, зөвшөөрвөл гарын үсэг зуруулахаар хуульд заажээ. Ц.Д  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналыг прокурорт гаргаж /хэзээ гаргасан огноо тодорхойгүй/, уг хүсэлтийг прокурор үндэслэлтэй гэж үзэн тогтоол үйлдэх /хх-65/ улмаар яллагдагчтай тухайн зүйл хэсэгт зааснаар оногдуулах ялыг тохирчээ. Гэтэл ял тохирсон прокурорын 2020 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 174 дүгээр прокурорын саналд /хх-66-67/ “...Прокуророос яллагдагч Ц.Д д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан ялаас чөлөөлөх саналыг танилцуулж байна” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчтай ялаас чөлөөлөх саналыг тохирч, хэргийг шүүхэд шилжүүлжээ. Ц.Д  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон байхад прокурор түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулж, ялаас чөлөөлнө гэсэн нь үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн бөгөөд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй,

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлөх тухай асуудал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт холбогдсон хүнийг тухайн зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулж, тохирох ялыг оногдуулсны дараа оногдуулсан ялаас чөлөөлөх тухай зохицуулалт бөгөөд прокурор ял оногдуулахгүйгээр ялаас чөлөөлнө гэсэн санал танилцуулсан нь үндэслэлгүй бөгөөд прокурор, яллагдагч нар ямар ял тохирч, уг ялаас чөлөөлөх гэсэн нь ойлгомжгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэсэн шаардлагыг хангахгүй байна. Мөн яллах дүгнэлтийн /хх-60-62/ тодорхойлох болон тогтоох хэсэгт гэмт хэргийн улмаас хэнд хэдэн төгрөгийн хохирол учруулсан талаар бичээгүй. Иймд Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Ц.Д д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Б.Одонтуяа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020/ШЗ/1689 дугаартай захирамжид дурдсан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг зөрчсөн байна.

1. Хавтаст хэрэгт Ц.Д г 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон гэж яллах дүгнэлт үйлдсэн, мөн хэргийг хялбаршуулаад прокурорын саналд дээрх үйлдэл нь 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэж бичиг техникийн шинжтэй алдаатай бичсэн байна. Ц.Д д холбогдох хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг болох нь яллах дүгнэлт, хялбар тогтоол, прокурорын саналын үндэслэх хэсэгт ойлгомжтой, тодорхой байдаг.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэхийг зохицуулсан бөгөөд уг зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “...илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” тухай заалт нь шүүгдэгчид ял оногдуулахгүйгээр ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүйгээр тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх гэсэн хуулийн зохицуулалт юм. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл ...эсхүл ялаас чөлөөлөх, эсхүл ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж ...” гэж заасан байна. Гэтэл шүүхээс ял оногдуулаад, чөлөөлж байгаа нь хуулийг буруу хэрэглэж, улмаар прокурорын яллагдагчтай ял тохиролцохдоо ялаас чөлөөлөх талаар заасан хуулийн заалтыг хэрэглэх боломжгүй байдлийг бий болгож байна. Иймд Ц.Д д холбогдох эрүүгийн 2010 01230 0726 дугаартай хэрэгт Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 2020/ШЗ/1689 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Анхан шатны шүүхээс Ц.Д д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно:”, 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх;” гэж тус тус хуульчилсан.

Прокуророос шүүгдэгч Ц.Д г Ц.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах. ...” гэсэн ялын төрлөөс алийг сонгон хэрэглэж ялаас чөлөөлөх эсэх нь тодорхойгүй байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан ялын төрөл, хэмжээний талаар прокуророос танилцуулж, улмаар яллагдагч нь Ц.Д  нь зөвшөөрсөн тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар “ялаас чөлөөлөх” тухай саналыг шүүхээр шийдвэрлүүлэх учиртай бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.2 “...яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримт...”, 4.1 дэх хэсэгт “...яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх...” талаарх шаардлагыг прокурор Б.Одонтуяагийн 2020 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 515 дугаартай яллах дүгнэлт хангахгүй байна.

Учир нь, хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт “... Төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол...” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг.” хэлнэ гэж хуульчилсны дагуу дээрх гэмт хэргийн үр дүнд 300.000 төгрөгөөс дээш хэмжээний хохирол учирсан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдох бөгөөд яллах дүгнэлтэд яллагдагч Ц.Д гийн завших үйлдлийн улмаас ямар хэмжээний хохирол учирсан нь тусгагдаагүйн гадна шүүх таамаглалд үндэслэж хичнээн хэмжээний хохирол учирсаныг тогтоох боломжгүй юм.

Уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг зөв тодорхойлох нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинж байгаа эсэх, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил эсэхийг ялган дүгнэлт өгөхөд чухал ач холбогдолтой.

Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр санал гаргахдаа яллагдагч Ц.Д д холбогдох хэргийн зүйлчлэлийн талаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлтээс зөрүүтэй бичсэнийг тэмдэглэвэл зохино.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Одонтуяагийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 2020/ШЗ/1689 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Одонтуяагийн бичсэн 2020 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 55 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ш.БАТ-ЭРДЭНЭ  

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР