Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 454

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: Х.Дашням,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбадагва,

шүүгдэгч Н , түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг /2149/ нарыг оролцуулж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н т холбогдох эрүүгийн 2016 2602 2770 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, ах, дүү, 1 нас 8 сартай хүүхдийн хамт оршин суух, ял шийтгэлгүй Н . Шүүгдэгч Н  нь 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Хөгжил хотхоны 25/1-606 тоотод оршин суух З.Золзаяагийн гэрээс хүүхдийн түрдэг тэрэг, гутал, өмд зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 440 000 төгрөгийн, 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны 59 дүгээр байрны 29 тоотод оршин суух иргэн Б.Зоригтын гэрээс “Делл” маркийн зөөврийн комьпютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 700 000 төгрөгийн, 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр иргэн Б.Зоригтод “түр хэрэглээд өгье” гэж хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар “Делл” маркийн зөөврийн комьпютер, 2 “Айпоне-4” маркийн гар утсыг нь авч, залилан мэхлэн Б.Зоригтод 925 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. ТОДОРХОЙЛОХ НЬ: Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Н  мэдүүлэхдээ: ...Тухайн үед би жирэмсэн болсон тул ээжээсээ айгаад, ээждээ хэлэлгүй гэрээсээ явсан. Тэгээд хөдөө очиж хүүхдээ төрүүлсэн. Хүүхэд маань өвдсөн тул амар аргаар мөнгө олохын тулд бусдын эд зүйлийг хулгайлж зараад мөнгөөр нь хүүхэддээ эм авсан. Энэ гэмт хэргийг үйлдэх үед хүүхэд маань 7 сартай байсан. Би хохирогч Зоригтод “манай аав АНУ-д байдаг” гэж худлаа ярьсан юм. Хохирогч нарт учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Буруу зүйл хийсэн гэдгээ ойлгож байна. Цаашид дахин гэмт хэрэгт холбогдохгүй байж чадна. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв. Мөрдөн байцаалтад хохирогч-Б.Зоригт мэдүүлэхдээ: …Би Н  гэдэг эмэгтэйтэй 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр фэйсбүүкээр танилцаж, орой нь уулзаж, ярилцаад салсан. Надад өөрийгөө “Богд-Ар хорооллын тэнд байрлах дуу бичлэгийн студид дууны найруулагч ажилтай, нэг хүүхэдтэй, хүүхэд нь 7 сартай, манай хүүхдийн аав намайг зодсоор байгаад тархины хорт хавдартай болгосон, байнга зодоод байхаар нь салсан, манай төрсөн эцэг Батбаяр АНУ-ын Вашингтон хотод элчин сайдын яаманд ажилладаг, өөрийгөө болохоор 10 дугаар хороололд хамаатныхаа гэрт түрээслэж амьдардаг” гэж хэлсэн. Ингээд би Н тэй 2016 оны 9 дүгээр сарын 25, 26-ны үеэс үерхэж эхэлсэн. Хэд хоногийн дараа Н  гэрээсээ уйлсан гарч ирсэн, “манай хамаатнууд надаас мөнгө нэхээд мөнгө зээлчих гээд байна, байхгүй гэтэл намайг янз бүрээр харааж зүхээд байна” гэсэн. 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр уулзаад би ээжтэйгээ танилцуулахаар гэртээ авч очсон. Манай гэрт очоод 1 хонож, ээжтэй танилцсан. Би тэр өглөө нь ажилтай байсан болохоор эрт гараад, “чи жаахан унтаж амарч байгаад явахгүй юу даа” гээд явсан. Тэр өдрийн маргааш нь Н ийн ааваас захидал ирээд “миний охин чиний нөүтбүүкийг авсан байна. Юм хийх гэсэн юм гэнээ, уучлаарай” гэхээр нь би нэг их юм бодолгүй “хэрэглэж байгаад өгөөрэй” гэж хэлсэн. Харин дараа нь 10 дугаар сарын 24-ний өдөр хамт кино үзсэн ба энэ өдрөөс 2-3 хоногийн өмнө “Айпоне-4” маркийн гар утсаа би түр барьж байгаарай гээд өөрийнхөө 94920922 дугаартай нь өгсөн. Эхний зөөврийн комьпютер болохоор “Делл” загварын Хятад улсаас 2013 онд 900 000 төгрөгөөр худалдаж авсан хар өнгөтэй байсан. Үүнийг ажил дээрээ хэрэглэж байгаад өгье гээд 2016 оны 9 дүгээр сарын 29-ний хавьцаа авсан. Харин 2 дахь комьпютерыг манай гэрт хоносныхоо маргааш зөвшөөрөлгүй хулгайлж авсан байсан ба аав нь гэх худлаа өөрийнхөө үүсгэсэн фэйсбүүк хаягнаас “зөвшөөрөлгүй авчихлаа, уучлаарай” гэсэн зүйлээ бичсэн байсан. Энэ 2 нөүтбүүкийг хоёуланг нь ломбардад 2016 оны 10 дугаар сарын 01, 20-ны өдрүүдэд 190 000 төгрөгийн барьцаанд тавьсан байсныг би 225 000 төгрөгийг нь төлж авсан. Энэ мөнгөө нэхэмжилж байна. Өөрийнхөө төрсөн 3 ээжийг Туркэд байдаг, намайг бага байхад хаясан, аав одоо Америкад байгаа, аав намайг бага байхад үрчилж аваад өсгөсөн гэж ярьдаг байсан гэжээ. (хэргийн 16-17 дугаар хуудас), Мөрдөн байцаалтанд хохирогч-З.Золзаяа мэдүүлэхдээ: ...2016 оны 7 дугаар сард би өөрийн оршин сууж байсан 25/1-р байрны 606 тоотод хажуу өрөөндөө хүн хөлслүүлж суулгах санаатай байсан ба фэйсбүүкт хажуу өрөө түрээслэж сууна гэсэн зар байхаар нь би тухайн зарын доор өөрийнхөө дугаарыг тавьтал нэг охин яриад бага насны гэмээр охин хүүхдээ тэвэрсэн ирээд байр хөлслөх гэсэн юм. Нялх хүүхэдтэйгээ хоёулаа юмаа гэхээр нь би өрөө үз гээд оруулсан. Гэрт орж ирээд “манай аав Америкад байдаг, танд мөнгө шилжүүлнэ. Байрны мөнгийг 6 сар юм уу 1 жилээр төлнө байх, та холбогдоорой” гэсэн. Тэр орой аав нь гэх хүнтэй фэйсбүүкээр танилцуулаад аав нь гэх зурагтай профайлаас “манай охин байр хайгаад явж байгаа юм, танай гэрт ирсэн байгаа юм уу, удахгүй манай цалин бууна, 7 хоноод мөнгө шилжүүлье. 6 сараар юм уу 1 жилээр түрээслэнэ” гэхээр нь би 6 сараар болох байх гэсэн. 5-6 хоног хүлээсэн ба надад Америкаас ирсэн мөнгөний код гээд 6 оронтой тоо хэлсэн. Би банкин дээр хагас бүтэн сайн өдөр хүлээгээд бүтэхгүй болохоор нь банкны ажилтнаас асуухад Америкаас 10 оронтой тоогоор ирдэг гэсэн. Би аавтай нь холбогдоод “хүүхэд чинь ирэхгүй байна, цагдаад өглөө” гэхэд “та байж бай эгчээ би удахгүй Америкаас очоод хохирлыг нь барагдуулна” гэж ярьдаг байсан. Би ингээд бүтэхгүй болохоор нь худлаа хэлсэн гэдгийг нь мэдсэн. Манайхаас явахдаа хүүхдийн тэрэг, “Зара” брэндийн эмэгтэй гутал, “Зара” брэндийн эмэгтэй өмдийг хулгайлаад явсан байсанд гомдолтой байна, хохирлоо барагдуулж авмаар байна гэжээ. (хэргийн 19-20 дугаар хуудас) Мөрдөн байцаалтанд хохирогч-Б.Майнбаяр мэдүүлэхдээ: ...2016 оны 9 дүгээр сарын эхээр фэйсбүүкээр манай дүүтэй танилцаад хажуу өрөө хөлслөхөөр болоод жаахан хүүхэдтэйгээ ирсэн. Манайд 2 сарын турш амьдарсан. Манай дүү Урангоог ажилдаа явсан хойгуур 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хувцас, бамбарууш зэрэг эд зүйлийг аваад явсан байсан. Орой нь залгахад утсаа авахгүй фэйсбүүкийн “бартердий хүүхнүүдээ” гэдэг групп дээр миний хувцсыг зарна гэчихсэн байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан гэжээ. (хэргийн 87 дугаар хуудас) Мөрдөн байцаалтанд гэрч-Б.Урангоо мэдүүлэхдээ: ...2016 оны 9 дүгээр сарын дундуур манай гэрт ирэхдээ хүүхдийн улаан өнгийн тэрэгтэй ирсэн ба хажуу өрөөнд чинь сууя гэсэн. Түрээсээ яах юм бэ гэхэд манай аав сард нэг сая төгрөг явуулдаг гэж хэлж байсан. Хүүхэд нь тухайн үед 7-8 сартай байсан байхаа. Тэгээд байж байгаад Зоригоо гэх найз залуутай болсон гэж ярьж байснаа тэдний гэрт очиж ээжтэй нь танилцсан гэж ярьж байсан ба удалгүй 10 сарын эхээр байсан шиг санаж байна. Нэг зөөврийн комьпютер авчраад “Зоригт гэх залуугийнх байгаа юм. Намайг кино үзэж байгаарай” гэж өгсөн гэж хэлсэн. Сүүлд цагдаа дээр ирэхэд тэр зөөврийн комьпютерээ миний иргэний үнэмлэхийг хулгайлж авч яваад миний нэрээр ломбардад барьцаанд тавьсан байсныг мэдсэн. Удалгүй 4 манай эгч Б.Майнбаяр над руу яриад Н  миний цасны куртикийг зарна гээд зар тавьсан байна гэхээр нь би гэртээ очиход манай эгч Майнбаярын цасны хувцас, ноолууран цамц, цагаан өнгийн өмд, торон цамц, бор шаргал өнгийн бамбаруушин чихмэл, тоглоом зэрэг зүйлийг хулгайлаад явчихсан байна гэж хэлж байсан гэжээ. (хэргийн 103 дугаар хуудас) Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 3766 тоот дүгнэлтэд: 1. Хүний геномын микросателлитын D3S135, THO1, D18S51, Penta E, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PO, penta D, vWA, D8S1179, TPOX, FGA гэсэн 15 локусын аллелиар Н  нь Энх-Эрдэнийн биологийн эх байх боломжтой байна. 2. Н  нь Энх-Эрдэнийн биологийн эх байх магадлалыг тооцоолж үзэхэд 99,99 хувийн магадлалтай байна гэжээ. (хэргийн 140 дүгээр хуудас) Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд: Н  нь урьд ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 91 дүгээр хуудас) ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР: Шүүгдэгч Н  нь 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Хөгжил хотхоны 25/1-606 тоотод оршин суух хохирогч З.Золзаяагийн гэрээс хүүхдийн түрдэг тэрэг, гутал, өмд зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 440 000 төгрөгийн, 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 59 дүгээр байрны 29 тоотод оршин суух хохирогч Б.Зоригтын гэрээс “Делл” маркийн зөөврийн комьпютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 700 000 төгрөгийн, 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр иргэн Б.Зоригтод “түр хэрэглээд өгье” гэж хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар “Делл” маркийн зөөврийн комьпютер, “Айпоне-4” маркийн гар утсыг нь авч залилан мэхлэн Б.Зоригтод 925 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Майнбаяр, Б.Зоригт, З.Золзаяа, гэрч Б.Урангоогийн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ. Шүүгдэгчид холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгасан байна. Мөрдөн байцаалтад шүүгдэгч Н ийг хохирогч З.Золзаяа, Б.Зоригтын нарын гэрээс эд зүйлийг давтан үйлдлээр хулгайлсан гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2-т зааснаар ял сонсгож, яллагдагчаар татжээ. 5 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д “хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан... бол гэж заасан бөгөөд түүнд урьд сонсгосон давтан үйлдлээр хулгайлсан гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүн нь дээрх зүйлд байхгүй болж, түүний эрх зүйн байдал нь дээрдэж байна. Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас Н т холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн үйл баримттай тохирч байна. Шүүх шүүгдэгч Н ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан, бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхлэж авсан гэмт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар ял оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ. Гэвч Н ийн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хохирогч Б.Зоригтыг хуурч мэхлэх аргаар “Делл” маркийн зөөврийн комьпютер, “Айпоне-4” маркийн гар утсыг нь залилан авч, 925 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1-д хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба мөн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д “хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сар өнгөрвөл гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй” гэж заасныг буцаан хэрэглэж, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Н  нь 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүү Н.Энх-Эрдэнийг төрүүлсэн, хүү нь одоо 1 нас, 8 сар, 14 хоногтой болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 3766 тоот дүгнэлт, 1116001104 тоот бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна. Хохирогч Б.Зоригт, З.Золзаяа нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нотлох баримтыг нотариатаар батлуулан ирүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1 нас 8 сар, 14 хоногтой хүүхдээ асран хамгаалдаг, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогч нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Шүүгдэгчийн үйлдсэн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна. 6 Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1-д “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно гэж заасан тул шүүх хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх Н т хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Н ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан, бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасныг журамлан шүүгдэгч Н ийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1-д заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н ийг 07 /долоо/ сар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Н т оногдуулсан 07 /долоо/ сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н т 07 сар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2-д зааснаар Н  хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай шүүгч захирамж гаргах эрхтэй, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд уг этгээд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд Эрүүгийн 7 хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг тус тус дурдсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н т авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ОЮУН