Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2020/ДШМ/1486

 

З.Дхолбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүгдэгч З.Д, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/185 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч З.Д, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2002 00426 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

З.Д

Шүүгдэгч З.Д нь 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн орчимд Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол бодисын агууламжтай хориглосон сэтгэцэд нөлөөт “өвс” гэх нэршилтэй ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн олж авч улмаар тухайн өвс гэх нэршилтэй ургамлыг нийт 830.5119 грамм хэмжээтэй, мөн “өвс” гэх нэршилтэй ургамлаар хийж бэлтгэсэн буюу “шавар" гэх нэршилтэй бодисыг 0.1062 грамм хэмжээтэй тус тус 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 51Б дугаар байрны 63 тоот орон сууцны байранд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: З.Дын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: З.Дыг “Хуулиар хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэх, хадгалах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.Д1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар З.Доногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, шүүгдэгч З.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хураагдсан эд мөрийн баримт Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа бөгөөд уг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан дотроо бохирлогдсон шингэнтэй, 2 талыг нь цоолсон, 0.5 литрийн хуванцар сав, ургамал мэт зүйл, гялгар ууттай шавар мэт зүйл, гаанс хэлбэртэй төмөр, цаасан хайрцагтай нойтон ургамал мэт зүйл зэргийг устгах, АМ4979082 серийн дугаартай 20-тын мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, АО5407518 серийн дугаартай 10-тын мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, А\/7201455 серийн дугаартай 50-тын мөнгөн дэвсгэрт 1 ширхэг зэргийг Монгол Банкинд шилжүүлэхийг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар Тамхитай тэмцэх газарт даалгаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Давсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.

Шүүгдэгч З.Д давж заалдах гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...З.Дминий бие нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/1865 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн болно. Миний бие нь 1996 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр айлын том хүү, удмын том ач болж төрсөн билээ.

Иймд олон дүү нартаа үлгэрлэн зааж, сургаж, сайн зүйлсийг хийж бүтээж, өөрийн найз охиныхоо ирээдүйн хань, хүүхдүүдийнхээ сайн аав болохыг хүсэж байна. Хийж байсан ажил минь их хотын бүтээн байгуулалт хөгжилтэй холбоотой бөгөөд ХУД-ийн нэхмэлийн шарын дахин төлөвлөлтийн борлуулалтад гар бие оролцох ажилдаа дахин ажиллах хүсэлтэй байна.

 

Ийм учраас эрхэм хүндэт шүүгч та бүхнээс чин сэтгэлээсээ надад боломж олгож, миний амьдралд тус болж ганцхан удаа гэрэл гэгээ нэмж, эрх чөлөөгөөр хөрөнгө оруулалт хийж хорих ялыг минь хөнгөлж, хорихоос өөр ялаар шийдэж өгөөч гэж хүсэж байна.

 Хууль бус гэдгийг мэдээгүй хуулийн мэдлэг дутуугаас өөрийн сонирхолдоо хөтлөгдөн буруу зүйл хийсэндээ их гэмшиж ухаарч ойлгож байна. Хууль бус зүйл гэдгийг ойлгож мэдсэн учир цаашдаа амьдрах хугацаандаа дахин ийм алдаа гаргахгүй гэдгээ амлаж байна. ...” гэв.

Шүүгдэгч З.Дын өмгөөлөгч Н.Намжилцогт давж заалдах гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Н.Намжилцогт би Золбаяр овогтой Дашнямд эрх зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байна.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/1865 тоот шийтгэх тогтоолыг эс хүлээн зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн дараах гомдол гаргаж байна. Үүнд:

1. Анхан шатны шүүхээс шүүгдэгч З.Доногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэл нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохироогүй гэж үзэж байна. Энэ гэмт хэргийн улмаас хэн нэгэнд ямар нэгэн хохирол, хор уршиг бодитоор учраагүй. Монголчууд бидний “Хогийн олс’’ гэж нэрлэдэг энэ өвс нь синтетик аргаар боловсруулан гаргаж авсан герион, кокайн, айс /мөс/, LCD, экстази гэх мэт хар тамхинуудаас хоруу чанарын хувьд хэдэн арав дахин бага гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Энэ ургамлыг эмийн үйлдвэрт өргөн хэрэглэж, олон эмийн найрлагад оруулж, тэдгээр эмүүдээр нь иргэдийг эмчилж байна. Манай улсын эмнэлгийн байгууллагад эмчилгээнд хэрэглэж байгаа тайвшруулах үйлчилгээтэй олон эмийн найрлагад “дельта-9 тетрагидроканнабинол” гэх бодис орсон байна. АНУ-ын 33 муж, Канад, Герман, Нидерланд, Португали, Сингапур, Аргентин, Норвеги, Швейцар, Израиль, Гүрж, Өмнөд Африкийн бүгд найрамдах улс зэрэг олон оронд энэ өвсийг хэрэглэхийг хуулиар зөвшөөрсөн байна. Өвс болон синтетик аргаар боловсруулан гаргаж авсан хар тамхинуудын энэ ялгамжтай байдлуудыг шүүх харгалзан үзэж ял шийтгэлийг ялгамжтай оногдуулах нь эрх зүйн хувьд үр нөлөөтэй, оновчтой, шударга болох юм.

2. Шүүгдэгч З.Дыг нийгмээс тусгаарлаж, хорих ялыг биечлэн эдлүүлэх зайлшгүй шаардлага байгаагүй. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “хорих ялын дээд хэмжээг 5 жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн эсвэл нөхөн төлөхөө илэрхийлж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд 5 жил түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэж болно” гэсэн бол мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн эсвэл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 5 жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан байна. Шүүгдэгчид ашигтай, эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн эрүүгийн хуулийн энэ 2 заалтын бүх шаардлагыг шүүгдэгч З.Д бүрэн хангасаар байтал шүүх хэрэглээгүйд гомдож байна. Шүүгдэгч З.Д нь “Хогийн олс” гэх энэ ургамлаас хамааралтай болчихсон түүнийг байнга хэрэглээд явдаг хүн биш болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүх сэтгэц эмгэг судлалын комиссын дүгнэлтээр нотлогдож байгаа.

3. Монгол улсын эрүүгийн хариуцлагын гол зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог. З.Д нь одоо 24 настай. Ёс суртахуун, зан чанар, ертөнцийг үзэх үзэл нь дөнгөж төлөвшиж яваа насандаа шоронд хоригдвол сайн хүн болж төлөвшихгүй нь лавтай. Алдаа огт гаргадаггүй хүн гэж байхгүй. Харин алдаагаа давтан гаргахгүй байх нь чухал. Санамсар болгоомжгүй, хэнэггүй, саваагүй зангаасаа болоод анх удаагаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж дахин ийм алдаа дутагдал огт гаргахгүй байж чадна гэдгээ З.Д илэрхийлсээр байгаа бөгөөд энэ залууг зан үйлээ засах сургалтад хамруулж, согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож нэг удаа боломж олгож, нийгмээс тусгаарлахгүй байх нь хорих ял оногдуулснаас илүү үр нөлөөтэй хүмүүжлийн шинжтэй болох юм.

4. Дээр дурдагдсан нөхцөл байдлууд, түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч ухааран ойлгосон байдал зэргийг харгалзан үзэж Баянзүрх дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/1865 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, эсхүл 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан З.Доногдуулсан 1 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Д, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

З.Д нь 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн орчимд Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол бодисын агууламжтай хориглосон сэтгэцэд нөлөөт “өвс” гэх нэршилтэй ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн улмаар 830.5119 грамм хэмжээтэй “өвс” гэх нэршилтэй ургамал, 0.1062 грамм хэмжээтэй шавар гэх нэршилтэй бодисыг 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 51Б байрны 63 тоот байранд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч З.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Анх гэрчийн мэдүүлэг өгөх үедээ минийх биш Д.Бат-Оргилынх гэж худал мэдүүлсэн. Тухайн үед би их айсан сандарсан байсан болохоор минийх биш Д.Бат-Оргилын өвс байгаа юм гэж хэлсэн юм...”, “... дээрх зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 46, 93-94/,

шүүгдэгч З.Дын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй ...” гэх мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 160/,

хүний биеэс биологийн дээж авч мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-20/,

хүний биеэс биологийн дээж авч мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-25/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 4558 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “З.Д УШ96042154 2020.8.18” гэж хаягласан шээсний дээжээс Тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 53-55 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 4553 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн №1 гэж дугаарласан 0.5л-ийн хуванцар сав, дотроо бохирлогдсон шингэнтэй, /2 талыг нь цоолсон/, №2 гэж дугаарласан хуйлж ороосон 20-тын мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, №4 гэж дугаарласан ургамал мэт зүйл, №5 гэж дугаарласан гялгар ууттай шавар мэт зүйл 1 ширхэг, №6 гэж дугаарласан гаанс хэлбэртэй төмөр 1 ширхэг, №7 гэж дугаарласан 10-тын мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, №8 гэж дугаарласан 50-ын мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, №9 гэж дугаарласан цаасан хайрцагтай нойтон ургамал мэт зүйл тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна. Шинжилгээнд ирүүлсэн №3 гэж дугаарласан тогоо хэлбэрт оруулсан тугалган цаас, №7 гэж дугаарласан 20-тын мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, №8 гэж дугаарласан 10-ын мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, №10 гэж дугаарласан гялгар ууттай үр мэт зүйл, №11 гэж дугаарласан хоосон гялгар уут зэргээс мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. №4 гэж дугаарласан ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 4.3472 гр, №5 гэж дугаарласан гялгар ууттай шавар мэт зүйлийн цэвэр жин нь 0.1062 гр, №9 гэж дугаарласан цаасан хайрцагтай нойтон ургамал мэт зүйлийн 826 гр, №10 гэж дугаарласан гялгар ууттай үр мэт зүйлийн цэвэр жин нь 0.1647 гр байсан ургамал мэт зүйлүүдээс 0.1 гр, шавар мэт зүйл болон үр мэт зүйлүүдээс 0.02 гр-г шинжилгээнд зарцуулав” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 59-67/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 4554 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Д.Бат-Оргил У393031334” гэж хаягласан шээсний дээжээс Тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 74-76/,

гэрч Д.Бат-Оргилын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... миний шээснээс ТНС гэх бодис илэрсэн үнэн. Би одоогоос 14 хоногийн өмнө өөрийн найз Дашнямын гэрт буюу Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 51Б-63 тоотод найз Дашнямын хамт хэрэглэсэн. Тухайн үед Дашнямын гэрт өвс гэх ургамал байсан ... би гаднаас ямар нэгэн өвс ургамал авч ороогүй, тэр мансууруулах үйлчилгээтэй өвс гэх ургамал манай найз Дашнямын гэрт байсан ... харин сонирхоод л татчихсан ... Дашням цагдаагийн байгууллагад баригдсаныхаа дараа надад хэлэхдээ намайг өөрийг нь цагдаад бариад өгчихлөө гэж бодоод өөрийн гэрийн болкон дээрээс хураагдсан гялгар ууттай өвсийг Бат-Оргилынх гээд хэлчихсэн гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч З.Дын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид “... “Сэтгэцэд нөлөөлөх бодис” гэж I, II, III, IV жагсаалтад орсон /2 дугаар жагсаалтад дельта-9-тетрагидроканнабинол багтсан/ байгалийн буюу нийлэг аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлнэ.”,

мөн “сэтгэцэд нөлөөлөх бодисыг анагаах ухааны болон эрдэм шинжилгээний зорилгоор ашиглах нь зайлшгүй бөгөөд тийм зорилгоор ашиглах боломжийг зүй бусаар хязгаарлах ёсгүй гэдгийг хүлээн зөвшөөрч..., ...хууль буюу журамд харш, санаатайгаар үйлдсэн аливаа үйлдлийг шийтгэвэл зохих гэмт хэрэг гэж үзэх бөгөөд ноцтой гэмт хэрэгт тохирох шийтгэл, тухайлбал хорих буюу эрх чөлөөг нь хасах бусад шийтгэл хүлээлгэх явдлыг өөрийн үндсэн хуулийн хязгаарлалтыг харгалзан хангана.

Нэгдсэн үндэстний байгууллагын 1961 оны “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлтийн эсрэг” конвенцид “... “Мансууруулах эм” гэж Мансууруулах эмийн тухай 1961 оны нэгдсэн конвенц болон нэмэлт өөрчлөлт оруулсан уг конвенцийн I жагсаалт, II жагсаалтад орсон байгалийн болон нийлэг аливаа бодисыг хэлнэ” гэж тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл, “Мансууруулах эм”, “Сэтгэцэд нөлөөлөх бодис” гэдэг нь өөр хоорондоо ялгаатай бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч З.Дын үйлдлийг “...хуулиар хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэм буруутайд...” тооцон шийдвэрлэснийг шүүгдэгч З.Дыг “...хуулиар хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэм буруутайд...” тооцож зөвтгөх нь зүйтэй байна.

Шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.Д1 жил 6 сар хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Шүүгдэгч З.Дын “... хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа тул хорих ялаас өөр ялаар шийтгэж өгнө үү. ...”,

шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Намжилцогтын “...анхан шатны шүүхээс шүүгдэгч З.Д1 жил 6 сарын хорих ял оногдуулсан нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохироогүй. ...анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа... зэргийг харгалзан үзэж... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, эсхүл мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан... хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Шүүгдэгч З.Дын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгч З.Д, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарын давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалт нь шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл, хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй юм.

Хэдийгээр шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа талаар өөрөө болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан хэдий ч түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлийг хэрэглэх үндэслэлгүй байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч З.Д, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/1865 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч шүүгдэгч З.Д, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.БАТСАЙХАН

  

ШҮҮГЧ                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ