Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 455

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Бат-Амгалан,

улсын яллагч Г.Хатанцэцэг,

шүүгдэгч М  түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан М т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201726021173 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Монгол Улсын иргэн, М Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагч Алтанцэцэгийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй. Шүүгдэгч М  нь 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Орхон худалдааны төвийн хашааны баруун урд талын хогийн цэгийн хажуугийн шатнаас иргэн М.Эрдэнэбаатарын нүүрэн тус газарт цохин унагаж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч М  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Эрдэнэбаатартай тааралдсан. Би Эрдэнэбаатартай муудалцаж шатан дээрээс түлхэх үед хашлага руу унасан. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” гэв. Шүүхээс хэргийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт: Шүүгдэгч М  нь 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Орхон худалдааны төвийн хашааны баруун урд талын хогийн цэгийн хажуугийн шатнаас иргэн М.Эрдэнэбаатарын нүүрэн тус газарт цохин унагаж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох: “Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Орхон худалдааны төвийн урд байрлах хог хийдэг төмөр чингэлэгийн гэрэл зураг”. /хэргийн 13 дугаар хуудас/ Хохирогч М.Эрдэнэбаатарын “2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр дөрвүүлээ архиа хуваан ууж дуусчихаад Нацагаатай би Орхон худалдааны төвийн хашаанд байрлах хогийн пункер руу, харин Эрка ах эхнэртэй нь Кёкүшью цамхаг орчмоор явсан юм. Ингээд 09 цагийн орчимд Орхон худалдааны урд байрлах хогийн пункер дотор Нацагаа орчихсон. Би гадна талд шатан дээр зогсож байсан юм. Тэгтэл зүс таних Улаанаа, 2 эмэгтэй, 1 эрэгтэйтэй ирээд дотор хэн байгаа юм гэхээр нь би сайн танихгүй, хог ухаж байгаа гэж хэлтэл Улаанаа дотор хэн байгааг харах гээд шатаар дээшээ гарч ирсэн. Тэгээд хогийн пункер дотроос гаргаад ирсэн байсан Чингис голд архины шилийг Улаанаа авах гэж дайрахаар нь өгөхгүй гээд хэлтэл шууд хоолойноос 2 гараараа багалзуурдаж аваад тэгээд боолтонд орсон. Тэгээд юу болсоныг мэдэхгүй ба нэг мэдсэн хогийн пункерын ертөнцийн зүгээр урд талд төв зам тал руу баруун тал хэсгээ дарчихсан доор ямар нэгэн зүйл байгаа бололтой босож болохгүй цээжнээс доош мэдээгүй болоод байхаар нь Улаанаад түргэн дуудаад өгөөч гэтэл яваад өгчихсөн ба амь авраарай гээд орилж байтал Орхон захын үйлчлэгч 2 эмэгтэй эмнэлэг дуудаад тэгээд дахиад үйлчлэгч нарыг ирэхээр нь дахиад дуудаад өгөөч гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 14-16 дугаар хуудас/ “... тушаах гэж авсан голд Чингис архины шилийг шатны тавцан дээр тавьчихсан байтал түүнийг авах гэхээр нь өгөхгүй гэтэл М  авна гээд хоорондоо маргалдтал нэг нэгийгээ заамдаж автал би ухаан самууртал намайг доош унагаасан юм. Ер нь бол маргаан хогноос болсон юм. М ыг зүс танина. “... Улаанаа намайг боож байгаад унагаасан. Хамт явсан Нацагдорж гэдэг хүн бараг хараагүй байх. Хог ухаж байсан. Гомдолтой байна. Эмчилгээний зардлаа барагдуулмаар байна.” гэсэн мэдүүлэг. /хэргийн 66 дугаар хуудас/ Гэрч М.Алтанцэцэгийн “...2017 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 14-15 цагийн хооронд шиг санагдаж байна. Гэмтлийн эмнэлгээс Эрдэнэбаатар гэж хүнийг таних уу гэж хэлсэн. Тэгээд танина хэн бэ гэхэд сувилагч байна, манай хүзүү нурууны тасагт хүзүү хугарсан, цээжин биенээс доош саажилт өгсөн байдалтай байна гэхээр нь эмнэлэг дээр ирэхэд өвдөлт ихтэй байхаар нь юу болсон талаар асуутал бүдэг бадаг дуу багатайгаар хаана гэдгийг хэлээгүй, хүн боогоод контейнероос түлхээд унагаачихсан гэхээр нь хэн унагасан гэхэд Улаанаа гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 17-18 дугаар хуудас/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 7166 дугаартай актын: “1. М.Эрдэнбаатарын биед гавлын дух зулай, чамархайн яс болон 2 талын ухархайн яс, хацар ясны хугарал, сээрний 2,3,5,6 дугаар нугалмын их бие, нум, хөндлөн болон арын сэртэнгийн нугасны хөндий рүү орж нугас гэмтээсэн няцарсан хугарал, нугасны дарагдал, аюулхайгаас доошх өнгөц, гүний мэдрэхүйн алдагдал, доод мөчдийн саажилт, баруун 2,3,4-р хавирга, зүүн 5-р хавирганы хугарал, уушгины няцрал, нүүрний зулгаралт, зөөлөн эдийн няцралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гавлын ясны хугарал, сээрний нугалмуудын нугас гэмтээсэн хугарал хавиргануудын хугарал, уушгины няцрал гэмтлүүд нь амь насанд аюултай тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.2.1, 3.1.6, 3.1.7, 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зөөлөн эдийн гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул уг журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд гэмтэл үүссэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5. Дээрх гэмтлүүд нь цаашид эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх болон ерөнхий хөдөлмөрийн чадварыг хэрхэн алдагдуулах нь гэмтлийн эцэс төгсгөлөөс хамаарна” гэсэн дүгнэлт. /хэргийн 23 дугаар хуудас/ Гэрч М.Түвшинбаярын “Би Баянгол дүүргийн 6 дугаар хороо Орхон худалдааны төвд үйлчлэгч ажилтай ба 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 09 цагийн үед ажил дээрээ очоод ажлаа хийж байгаад 10 цагийн орчимд зах доторхи хогоо цэвэрлэчихээд ...шатны дээд талд үл таних хог түүдэг байрны хүн зогсчихсон, шатны доод талд захын хашаа хоёр завсарт үл таних нэг хүн газар уначихсан, дээшээ хараад хэвтэж байхаар нь ганцаараа байсан учраас хогоо тэр хавьдаа тавьчихаад эргэж зах руугаа ороод хамт ажилладаг Гангаамаа эгчид хогийн пункерны хажуу талд хүн уначихсан байна, хоёулаа очоодхоё гэж хэлээд хоёулаа эргээд очоод унасан хүнээс яасан бэ босохгүй юм уу гэхэд босч чадахгүй байна гээд хэвтэж байсан. Хажуу талд нь очих гэсэн боловч хашааны цаад талд байсан учир ойртож чадаагүй. Тэгтэл хаанаас мэдэхгүй эрэгтэй, эмэгтэй хоёр хүн гарч ирээд эмэгтэй нь ус авах гэсийн, ус өгөөч гэхээр нь эргэж эмэгтэйг нь дагуулаад ус өгөхөөр явсан. Ингээд уг эмэгтэйд ус хийж өгөөд явуулсан ба эргэж нилээн байж байгаад 10 орчим минутын дараа эргээд хог хаях гээд очтол босоогүй ганцаараа хэвтэж байсан. Надад юу гээд байгаа нь мэдэгдэхгүй байсан ба ямар ч байсан түргэн дуудаад өгөөч гээд байхаар нь хажууханд хүүхдээ тэргэн дээр түрчихсэн эмэгтэй явж байхаар нь тэр хүн энэ хүнд түргэн дуудаад өгөөч гээд түргэн дуудуулсан. Тэгээд эргээд Гангаамаа эгчид босоогүй байна гэж хэлээд байж байтал удалгүй түргэн тусламж ирээд шатнаас унасан гэх хүнийг аваад явсан юм. ...Намайг очиход шатан дээр нэг хүн зогсож байсан. Эргээд ирэхэд байхгүй болчихсон байсан.” гэсэн мэдүүлэг. /хэргийн 73-74 дүгээр хуудас/ Гэрч Ш.Алтанцэцэгийн “...Тухайн үед би замын хажуу талаар явж байсан хүүхдийн тэрэг түрсэн эмэгтэйг гуйгаад түргэн дуудаад өгөөч гэж хэлсэн. Тухайн үед түргэн дуудахад Орхон худалдааны төвийн 2 үйлчлэгч байсан. Би хогийн пункерын хажуу талд зогсож байсан. ...Тухайн үед би яг шатнаас унаж байхыг нь хараагүй. Унасан хамарнаас нь цус гарсан байхаар нь юу болсон талаар асуутал М  нь сая шатнаас уначихлаа, таягаа тулах гэж байгаад уначихлаа гэж хэлсэн. Тэрнээс биш би яг хараагүй. Яаж байгаад газарт унасанг нь хараагүй. Эрдэнэбаатар, М  хоёр нэг нэгийгээ хог ухлаа гэдгээс болж маргалдсан. Би хажууханд нь хогийн пункернээс хог хараад зогсож байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 89 дүгээр хуудас/ Шүүгдэгч М ын яллагдагчаар дахин өгсөн “...Надад сонсгож байгаа ялтай холбоотой санал хүсэлт байхгүй. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хөнгөн байдлаар шийдэж өгнө үү гэж хүсэж байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би өмнөх мэдүүлгүүддээ хохирогч Ээнээ буюу Эрдэнэбаатартай маргалдаад нэг нэгийгээ заамдаж авах үедээ түлхэж унагаасан гэдгээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн тул надад нэмж ярих зүйлгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 156 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ. Шүүгдэгч М  нь хохирогч М.Эрдэнэбаатартай “архины шил” булаалцалдаж маргалдах явцдаа түүний хоолойноос боож шатнаас түлхэж унагаасны улмаас түүний биед амь насанд аюултай хүнд гэмтлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр учруулсан нь хохирогчийн мэдүүлэг, гэрч, шүүгдэгчийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээр тогтоогдсон тул М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Шүүгдэгч М  нь 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн бөгөөд түүнийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан байсан боловч 2015 оны 7 дугаар сарын 01-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн /шинэчилсэн найруулга/ ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... оногдуулах ялыг хөнгөрүүлсэн ... хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасны дагуу мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулах ялын доод хэмжээ багассан тул энэ зүйлчлэлээр хэргийг зүйлчилж яллагдагчаар татсан нь үндэслэлтэй. Иймд шүүгдэгч М  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршигийн шинж чанар зэргийг харгалзан түүнд 2015 оны Эрүүгийн хуулийн /шинэчилсэн найруулга/ тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ял оногдуулж, анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч М ын 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 1-ний өдөр хүртэл баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдвал зохино. Хохирогч М.Эрдэнэбаатараас гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 1.588.394 төгрөг болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул энэ төлбөрийг шүүгдэгч М аас гаргуулахаар шийдвэрлэв. Харин бусад зардалд нийт 3.096.500 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд хор уршигийн хохирлыг тооцох боломжгүй тул хохирогч нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна. Хэрэгт Erlian Lian Yi jinZhong Medical Equipment Import and Expiirt Trading Co.,Ltd /хэргийн 81 дүгээр хуудас/ эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн гэх 880 юаны баримт авагдсан байх бөгөөд энэ нь албан ёсны орчуулагаг хийгдээгүй, гадаад валютын ханшны лавлагаа байхгүй байна. Шүүгдэгч М  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 36.14, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. М ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М ыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М т оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М ын баривчлагдсан, цагдан хоригдсон 63 /жаран гурав/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч М т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Шүүгдэгч М аас гэмт хэргийн улмаас учруулсан эмчилгээний зардал болох 1.588.394 /нэг сая таван зуун наян найман мянга гурван зуун ерэн дөрөв/ төгрөг гаргуулж Баянгол дүүргийн 23 дугаар хороо Зүүн Ард Аюушийн 25-8 дугаар гудамжны 154 тоотод оршин суух Харчин овогт Мөнхөөгийн Эрдэнэбаатарт /ЗЮ67121533/ олгосугай.

7. Хохирогч Б.Эрдэнэбаатар нь хор уршигийн хохирлыг нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол М т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.АЛТАНХУЯГ