| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2024/00380/И |
| Дугаар | 129/ШШ2024/00303 |
| Огноо | 2024-06-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 129/ШШ2024/00303
129/ШШ2024/00303
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа би
Нэхэмжлэгч: А аймгийн Э сумын . багт байрлах Х ХХК
Хариуцагч: А аймгийн Ө сумын Я баг . тоотод байрлах Г ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: 4,001,957.99 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани Г ХХК-д 2022 оны 02 сарын 01-ний өдөр Эм эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн бараа ханган нийлүүлэх гэрээг байгуулан хамтран ажиллаж байсан бөгөөд 2023 оны 9 сарын 20-ны өдрийн байдлаар 5,858,252.50 төгрөгийн авлага үүссэн. Үүнээс хойш дахин эм бараа аваагүй ч төлбөр бага багаар төлөлт хийж 2,667,971.99 төгрөгийн авлага үлдсэн. Гэрээнд заасны дагуу эм барааны төлбөрийг сар бүр 25-30-ны өдрийн тооцоо нийлж баталгаажуулах бөгөөд төлбөрийн барааг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор төлөх үүрэгтэй байдаг. Хариуцагч нь харилцагчийн дэлгэрэнгүй тайланд тусгагдсан барааг хүлээн авсан /өсөлт гэсэн багана/ өдрөөс эхлэн тус бүр тухайн сард багтаан төлбөрийг төлөх үүрэгтэй байсан. Гэвч хариуцагч нь эм барааны төлбөрийг хугацаандаа төлөх үүргээ биелүүлээгүй тул эм барааны төлбөрийн үлдэгдлийг төлөх өдрийг тухайн сар бүрийн сүүлийн өдрөөр тооцон авлагын үлдэгдлээс гэрээний 4.6-д заасны дагуу алдангид шилжүүлж мөн гэрээний 5.2-т заасны дагуу алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар хоног тутам тооцож үзвэл нийт 3,214,766.75 төгрөгийн алданги бодогдсон байна. Үүнийг Иргэний хуульд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 1,333,986 төгрөгийн алданги бодогдсон байна. Хариуцагч талд төлбөр төлөх хугацааг удаа дараа хугацаа тогтоож өгсөн боловч үр дүн гараагүй төлбөр төлөөгүй байна. Иймд Г ХХК-иас Эм эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн бараа ханган нийлүүлэх гэрээний үүргийн төлбөр болох төлбөр 2,667,971.99 төгрөг, алданги 1,333,986 төгрөг нийт 4,001,957.99 төгрөгийг гаргуулж Х ХХК-д олгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Г ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Г ХХК-ийн захирал Э.Ц миний бие Х ХХК-ийн нэхэмжилсэн 4,001,957.99 төгрөгөөс 2024 оны 6 сарын 20-нд 1,000,000 төгрөг, 2024 оны 6 сарын 24-нд 1,000,000 төгрөг тус тус төлсөн. Одоо үлдэгдэл 2,001,957.99 төгрөгийг 2024 оны 7 сарын 31-ний дотор бүрэн төлж дуусгана. Нэхэмжлэлийн шаардлагатай маргахгүй гэжээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Г ХХК-д холбогдуулан эм эмнэлгийн хэрэгсэл эрүүл мэндийн бүтээгдэхүүн бараа ханган нийлүүлэх гэрээний үүрэг 4,001,957.99 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй.
Зохигчийн байгуулсан эм эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, бараа ханган нийлүүлэх гэрээний 3.17-д хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон тул нэхэмжлэгч нь алданги нэхэмжлэх эрхтэй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г ХХК нь нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжилсэн 4,001,957.99 төгрөгөөс 2024 оны 6 сарын 21-нд 1,000,000 төгрөг, 2024 оны 6 сарын 24-нд 1,000,000 төгрөг, нийт 2,000,000 төгрөг төлсөн нь дансны хуулга /ХХХК-ийн ХААН банкны дансны хуулга/-аар, үлдэгдэл 2,001,957.99 төгрөгийг 2024 оны 7 сарын 31-ний дотор төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагчийн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөх талаар зохигч тайлбар гаргаагүй тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,981 төгрөгөөс 39,490.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Г ХХК-с 39,490.5 төгрөг, улсын орлогоос 39,490.5 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Ха ХХК-ийн нэхэмжилсэн нийт 4,001,957.99 төгрөгөөс хариуцагч Г ХХК нь 2024 оны 6 сарын 21-нд 1,000,000 төгрөг, 2024 оны 6 сарын 24-нд 1,000,000 төгрөг, нийт 2,000,000 төгрөг төлсөнийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжилсэн нийт 4,001,957.99 төгрөгийн төлөөгүй үлдэгдэл 2,001,957.99 төгрөгийг 2024 оны 7 сарын 31-ний дотор төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Г ХХК-ийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагч Г ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 2024 оны 6 сарын 21-нд 1,000,000 төгрөг, 2024 оны 6 сарын 24-нд 1,000,000 төгрөг, нийт 2,000,000 төгрөг төлсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,981 төгрөгөөс 39,490.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Г ХХК-с 39,490.5 төгрөг, улсын орлогоос 39,490.5 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.
4. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
5. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА