| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2024/00334/И |
| Дугаар | 129/ШШ2024/00304 |
| Огноо | 2024-06-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 129/ШШ2024/00304
129/ШШ2024/00304
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа би
Нэхэмжлэгч: А аймгийн Э сумын . багт байрлах А аймгийн Х газар
Хариуцагч: А аймгийн Э сумын . тоотод оршин суух Ж овгийн Т.Э
Хариуцагч: У хот, С дүүрэг . тоотод оршин суух Б овгийн Ш.Б
Нэхэмжлэлийн шаардлага: 5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А аймгийн Х газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ш.Б-тэй 2023 оны 5 сарын 12-ны өдрийн 24 дугаартай эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээ болон иргэн Т.Эн-тай 2023 оны 5 сарын 12-ны өдрийн 24 дугаартай батлан даалтын гэрээг тус тус байгуулж 36 сарын хугацаанд 100 хувь эргэн төлөгдөх нөхцөлтэй 5,000,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг олгосон. Санхүүгийн дэмжлэгийн эргэн төлөлтийг гэрээний хавсралт хуваарийн дагуу 2023 оны 11 сараас санхүүгийн дэмжлэгийн эргэн төлөлтийг төлж эхлэх байсан боловч одоог хүртэл огт төлөөгүй гэрээний үүргээ биелүүлэхгүй байна. Үндсэн зээлдэгч Ш.Б нь санхүүгийн дэмжлэгт хамрагдах үедээ А аймгийн Э сумын . тоотод оршин сууж байсан бөгөөд одоо тус хаяг дээрээ амьдардаггүй, оршин суугаа газар нь тодорхойгүй байна. Иргэн Ш.Б нь эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээний 4.5 дахь зүйлд заасан үүргээ биелүүлэхгүй зайлсхийснээс эргэн төлөлтийг нэхэмжлэх боломжгүй байгаа тул батлан даагч болох Т.Э-г батлан даалтын гэрээний 1.3, 3.1 дэх зүйлд заасны дагуу хариуцагчаар татан эргэн төлөлтийн үүргийн биелэлтийг хангуулах хүсэлттэй байна. Иймд төлөгдөөгүй үлдэгдэл 5,000,000 төгрөгийг батлан даагч Т.Э-с гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ш.Б нь нэхэмжлэгч А аймгийн Х газрын нэхэмжилсэн нийт 5,000,000 төгрөгийг 2024 оны 6 сарын 24-ний өдөр бүрэн төлж барагдуулсан. Иймд хариуцагч Ш.Б, Т.Э нараас 5,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна гэжээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А аймгийн Х газар нь хариуцагч Т.Э-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 5,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Эн-н хүсэлт, нэхэмжлэгчийн зөвшөөрснөөр Ш.Ба-г хамтран хариуцагчаар оролцуулсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ш.Б нь нэхэмжилсэн 5,000,000 төгрөгийг төлж барагдуулсан буюу нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч А аймгийн Х газар зээлийн гэрээний үүрэг 5,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О-н тайлбараар тогтоогдож байна.
А аймгийн Х газар нь 2024 оны 5 сарын 17-ны өдрийн 01/187 тоот итгэмжлэлээр Ж.О-д нэхэмжлэлээсээ татгалзах эрхийг олгосон бөгөөд нэхэмжлэгчийн татгалзал хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөх талаар зохигч тайлбар гаргаагүй тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Ш.Б, Т.Э нараас зээлийн гэрээний үүрэг 5,000,000 (таван сая) төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгч А аймгийн Х газрын татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Энэ нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдсугай.
3. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА