Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2020/ДШМ/1387

 

                                              Э.Б, Б.А, Г.Г нарт холбогдох

                                             эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Ариунхишиг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Цогтгэрэл,

яллагдагч Э.Б-н өмгөөлөгч Ж.Болдбаатар,

яллагдагч Б.А-н өмгөөлөгч Ц.Амар,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЗ/1643 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Цогтгэрэлийн бичсэн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 41 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Э.Б, Б.А, Г.Г нарт холбогдох эрүүгийн 1809 00874 0458 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Э.Б, ял шийтгэлгүй, /РД:/;

2. Б.А, ял шийтгэлгүй, /РД:/;

3. Г.Г, ял шийтгэлгүй, /РД:/;

Э.Б, Б.А, Г.Г нар нь бүлэглэн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 2 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “UB kebab” түргэн хоолны газрын гадна хохирогч Х.Түмэн-Эрдэнийг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Э.Б, Б.А, Г.Г нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ” гэж заасан байна. Гэтэл прокурор, мөрдөгч нар тус эрүүгийн хэрэгт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 2020/ШЗ/232 дугаар шүүгчийн захирамж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ДШМ/309 дугаар магадлалд заасан ажиллагааг бүрэн гүйцэт хийж ирүүлээгүй бөгөөд дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул яллагдагч Э.Б, Б.А, Г.Г нарт холбогдох хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Э.Б, Б.А, Г.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Г.Цогтгэрэл бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгчийн захирамжийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэх дараах нөхцөл байдлууд байна. Үүнд: 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 2020/ШЗ/232 дугаар шүүгчийн захирамж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЗ/309 дугаар магадлалд 3 заалтыг тусгасан байсан.

- Яллагдагч Г.Г гийн үйлдлийг прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй,

- хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон камерийн бичлэгийг Шинжлэх ухаан техникийн их сургуулийн Мэдээлэл техникийн сургуулийн багш нараас шинжээчээр томилж, дээрх камерийн бичлэгийг тодруулах, удаашруулах боломжтой эсэхийг тодруулах,

- хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй байх тул эдгээр зөрүүтэй нөхцөл байдлуудыг нэг мөр тогтоосны эцэст гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эргэлзээгүй тогтоох. Прокурор, мөрдөгчийн зүгээс дээрх 3 заалтын 1, 2 дугаар заалтыг биелүүлж 3 дахь заалт тодорхой биш, ойлгомжгүй, хэрхэн гүйцэтгэх нь тодорхойгүй байсан тул биелэгдэх боломжгүй заалт гэж үзсэн болно. Учир нь яллах дүгнэлтийн хавсралтад хохирогч Х.Түмэн-Эрдэнэ, гэрч Б.Мөнхтүвшин, С.Чингүүнбилэг, Э.Бишрэлт нарыг шүүх хуралдаанд оролцуулах саналыг гаргасан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 15 дахь хэсэгт хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж аль нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг шүүх шийдвэрлэнэ, 16.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт шүүх хавтаст хэргийн материалд тусгагдсан мэдүүлгийг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй харьцуулан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох эсэхийг шийдвэрлэхээр тус тус хуульчилсан. Гэтэл шүүх хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь үнэлэх буюу шүүхийн хэлэлцүүлгээр харьцуулах замаар шинжлэн судлах ажиллагааг хийлгүйгээр буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд дотоод итгэлээр үнэлнэ” гэсэн зааллтыг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Мөн шүүгчийн захирамжид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ямар мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэх талаар тодорхой дурдалгүйгээр ерөнхий байдлаар хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй болно. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЗ/1643 дугаартай шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлээр хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Яллагдагч Э.Б ийн өмгөөлөгч Ж.Болдбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж үзэн хэвээр үлдээх саналтай байна. Анхан шатны шүүхээс 3 заалтаар хэргийг прокурорт буцааж нэмэлт ажиллагаа хийлгэхээр шүүгчийн захирамж гарсан. Үүний 3 дахь заалт буюу гэрчүүдийн мэдүүлгийн зөрүүг арилга гэж байгаа нь ойлгомжгүй байна гэж байна. Өмгөөлөгч Ц.Амар бид хоёрын зүгээс урьдчилсан хэлэлцүүлэг зарлуулахаар 2 удаа хүсэлт гаргасан. Үүнд ямар, ямар мэдүүлэг яаж зөрөөд байгааг тодорхой тусгасан. Тэгэхээр прокурорын эсэргүүцэлд дурдагдсанчлан ойлгомжгүй зүйл байхгүй. Сүүлд гарсан шүүгчийн захирамжид “өмгөөлөгч Ж.Болдбаатар, Ц.Амар нарын хүсэлтэд дурдагдсан асуудлыг анхаарч шалгах” гэж тусгайлсан заалтыг оруулж өгсөн. Өмгөөлөгч Ц.Амар бид хоёрын урьдчилсан хэлэлцүүлэг зарлуулах хүсэлтэд ямар гэрчийн мэдүүлэг яаж зөрж байгаа, хоорондоо хэрхэн авцалдахгүй байгаа талаар маш тодорхой дурдаж өгсөн байхад улсын яллагч ойлгохгүй байна гэж байгаад гайхаж байна. Мөн прокуророос шүүгчийн захирамжид заасан 2 заалтыг биелүүлсэн гэж байна. Энэ заалтыг биелүүлэхдээ Шинжлэх ухаан технологийн их сургуулиар дүгнэлт гаргуулсан. Гэтэл энэ нь өмнөх дүгнэлтээ хуулбарлаж гарсан байсан. Өөрөөр хэлбэл, шинжээчийн дүгнэлтэд “камерын бичлэг шинжилгээнд тэнцэхгүй байна. Бичлэг дээр дүрсний үсрэлт, гацалт нь арилах боломжгүй байна” гэх дүгнэлт гарсан. Камерын бичлэг чанарын шаардлага хангахгүй байна гэх дүгнэлт гарчихаад байхад улсын яллагчийн зүгээс камерын бичлэгийг үндэслэсэн “энэ камерын бичлэгт энэ нь шүүгдэгч, хохирогч байна” гэх мэтээр шууд танина яллаж байна. Ийм хэт нэг талыг барьж яллах дүгнэлт үйлдэж байхад анхан шатны шүүхээс үндэслэлтэй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

Яллагдагч Б.А-н өмгөөлөгч Ц.Амар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шүүхээс хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж байна. Мэдүүлгийн зөрүү гарч байгаа гэрчүүдийн мэдүүлгийг шүүх хуралдааны явцад арилгах боломжтой. Гэхдээ урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас хэргийг прокурорт буцааж байгаа шалтгаан нь камерын бичлэгийг Шинжлэн ухаан технологийн их сургуулийн мэдээлэл технологийн их сургуулиар дахин дүгнэлт гаргуул гэсэн. Гэтэл хавтас хэрэгт шинжээч томилсон тогтоол байхгүй, шинжээчид эрх, үүрэг танилцуулаагүй, шинжээчийн дүгнэлт нь хуулийн шаардлага хангаагүй байна. Өмгөөлөгчийн зүгээс камерын бичлэгийг нотлох баримтаар үнэлээд, энэ нотлох баримтаа хэлэлцүүлээд, гэрч нарын мэдүүлэгтэй тохирч байгаа эсэхийг шинжлэн судлах боломжтой гэж үзэж байна. Гэтэл шинжлэн судлуулах нотлох баримт нь хууль ёсны шаардлага хангахгүй байна. Өөрөөр хэлбэл, өмнө нь давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан ажиллагааг хийгээгүй. Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос Э.Б, Б.А, Г.Г нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх яллагдагч Э.Б, Б.А, Г.Г нарт холбогдох хэргийг хянаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ” гэж заасныг биелүүлээгүй тул шүүгчийн захирамж, магадлалд дурдсан ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай хэмээн дүгнэж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэл муутай болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн хуульчлан зааж, тэдгээрийг зөвхөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад нотлохгүй бөгөөд шүүх хуралдааны явцад нотолдог болохыг зохицуулан хуульчилсан болно.

Шүүх аливаа эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, харилцан зөрүүтэй нотлох баримтуудын аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг зааж, хэргийн үйл баримтад тулгуурлан шүүгдэгчийг гэм буруутэй эсэх, ямар гэмт хэргийн шинжид тохирч байгаа талаар хууль зүйн дүгнэлт хийдэг учиртай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно”, Шүүхийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт “Шүүх шүүн таслах ажиллагааны мэтгэлцэх зарчмыг хангахдаа шүүх хуралдаанд талууд, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч болон улсын яллагчид асуулт асуух, хариулах, нотлох баримтыг танилцуулах, өөрсдийн тайлбар өгөх, үндэслэлээ хамгаалах, үгүйсгэх боломжийг тэгш олгоно” гэж тус тус заажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заасан бөгөөд прокурор энэ үүргээ хэрэгжүүлэхдээ, шаардлагатай оролцогч нарыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргаж, хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргээ хэрэгжүүлэх боломжтойг дурдаж байна.

Шүүхээс хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдийг хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлгүүд болон бусад нотлох баримтуудтай харьцуулан хэргийн үйл баримтыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийх бүрэн боломжтой.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор Г.Цогтгэрэлийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, Э.Б, Б.А, Г.Г нарт холбогдох эрүүгийн хэргийг яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 11ий өдрийн 2020З/1643 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Э.Б, Б.А, Г.Г нарт холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн хэлэлцүүлэхээр мөн дүүргийн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцтэл Э.Б, Б.А, Г.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ш.БАТ-ЭРДЭНЭ  

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

 ШҮҮГЧ                                                            М.АЛДАР