Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 250

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Д.Чинзориг;

улсын яллагч: Ц.Амгаланбаатар;

шүүгдэгч: Ж.Ган-Эрдэнэ, Н.Чингис;

шүүгдэгч нарын өмгөөлөгч: С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Нармандахын Чингис, Боржигон овогт Жаргалын Ган-Эрдэнэ нарт холбогдох эрүүгийн 201725020741 дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 

1. Монгол Улсын иргэн, 1996 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2 эхийн хамт Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 21 дүгээр гудамжны 359а тоотод оршин суух, ял шийтгэлгүй, У396071831 регистрийн дугаартай, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овогт Нармандахын Чингис,

 

2. Монгол Улсын иргэн, 1994 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Орхон аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 3 дугаар гудамжны 239 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, МВ94042713 регистрийн дугаартай, Боржигон овогт Жаргалын Ган-Эрдэнэ.

                                                                                                       

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Н.Чингис нь Ж.Ган-Эрдэнэтэй бүлэглэн 2017 оны 03 дугаар
 сарын 30-ны өдөр 02 цагийн үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг 20
 дугаар байрны урд талын гражний цоожийг эвдэн агуулах саванд нэвтэрч иргэн
Ч.Бүүвэйхүүгийн /delkor/ нэртэй аккумлятор, ус татагч насос зэрэг эд зүйлийг
хулгайлж 520.000 /таван зуун хорин мянга/-н төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулж бусдын эд хөрөнгийг хулгайлсан,

яллагдагч Ж.Ган-Эрдэнэ нь Н.Чингистэй бүлэглэн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 02 цагийн үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг 20 дугаар байрны урд талын гражний цоожийг эвдэн агуулах саванд нэвтэрч иргэн Ч.Бүүвэйхүүгийн /delkor/ нэртэй аккумлятор, ус татагч насос зэрэг эд зүйлийг хулгайлж 520.000 /таван зуун хорин мянга/-н төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулж бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

Шүүгдэгч Н.Чингис шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ялаар шийтгэж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Ж.Ган-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ялаар шийтгэж өгнө үү гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагаагаар бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-8/, Цагдаагийн алба хаагчийн илтгэх хуудас /хх-ийн 9/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 15/, эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт /хх-ийн 16/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 19/, хохирогч Ч.Бүүвэйхүү /хх-ийн 20-21/, гэрч Б.Март /хх-ийн 22/, Б.Номин /хх-ийн 23/, Л.Буян-Орших /хх-ийн 24/, Д.Адъяадаарий /хх-ийн 25/, Г.Баттүшиг /хх-ийн 26/ нарын мэдүүлэг, Н.Чингисийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг/хх-ийн 54-55, 60-61/, Ж.Ган-Эрдэнийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 56-59/, Н.Чингисийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 69/, Ж.Ган-Эрдэнийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 70/, Н.Чингисийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71/, Ж.Ган-Эрдэнийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72/, шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 73-75/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ж.Ган-Эрдэнэ, Н.Чингис нар нь бүлэглэн 2017 оны 03 дугаар сарын 30-ны шөнийн 02 цагийн үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 20 дугаар байрны урд байрлах хохирогч Ч.Бүүвэйхүүгийн гражний цоожийг эвдэн агуулах саванд нэвтэрч /delkor/ нэртэй аккумлятор, ус татагч насос зэрэг эд зүйлийг хулгайлж 520.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь:

 

хохирогч Ч.Бүүвэйхүүгийн /хх-ийн 21/: “... Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр ирэхэд миний гражид байсан худгийн насос болон 1 ширхэг аккумляторыг хулгайлаад аваад ирсэн байсныг харж таньчихаад өөрийнхөө байрны урд талд байдаг тоосгон гражид очиж үзэхэд, гадна талын дүүжилдэг цоожийг хөшиж онгойлгоод үүдэнд нь байсан худгийн насос, “делкор” брендийн 90 ампертай аккумлятор зэргийг аваад явсан байсан ...” гэх мэдүүлэг,

 гэрч Д.Адъяадаарийгийн /хх-ийн 25/: “... Би 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 08 цагаас 03 дугаар сарын 31-ний өдрийн 09 цагийн хооронд жижүүрийн үүрэг гүйцэтгэж 24 цаг ажилласан. Телекамерийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 1 дүгээр байрны урдуур сэжиг бүхий 2 этгээд цайвар өнгийн шуудайтай зүйл үүрч явахад нь станцаар “Тамир” чиглэлийн хөдөлгөөнт эргүүлд мэдэгдэж шалгуулахад Ж.Ган-Эрдэнэ, Н.Чингис гэх хоёр этгээд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 20 дугаар байрны хажуугийн гражаас автомашины аккумлятор, худгийн насос зэрэг эд зүйл хулгайлсан болох нь тогтоогдсон…” гэх мэдүүлэг,

 

гэрч Г.Баттүшигийн /хх-ийн 26/: “... Жижүүрээс телекамерийн цагдаа Адъяадаарий станцаар “Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 52 дугаар байрнаас Өгөөжийн чиглэлд сэжиг бүхий 2 этгээд шуудайнд эд зүйл хийсэн явж байна” гэсэн дуудпага өгөхөөр нь араас нь хайж байгаад барьж авахад цагаан өнгийн шуудайнд  худгийн насос, делкор гэсэн аккумлятор хийж явсныг жижүүрт хүлээлгэж өгсөн ...”  гэх мэдүүлэг,

 

Ж.Ган-Эрдэнийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 56-59/: “ … Миний бие 2017 оны 03 дугаар сарын 29-ний шөнийн 02 цагийн үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 20 дугаар байрны урд байрлах зүүн тийшээ харсан төмөр саарал хаалгатай гражийн урдуур явж байтал гражийн хаалга онгорхой байхаар нь Чингисийн хамт орж хаалганы баруун буланд нь байсан аккумлятор, зүүн талд нь машины дугуйны хажууд байсан усны насосыг хоолны мөнгө болгох гэж авсан. Чингис бид хоёр аккумлятор, усны насосоо дамжлаад явж байгаад “Рокмон билдинг” төвийн замын урд талын уулзварын ойролцоо цагдаатай таарсан. Хоёр цагдаа алаг машинаас бууж ирээд “юу хийж яваа юм бэ, та хоёрыг шалгана” гэж хэлээд бид хоёрыг машиндаа суулгаад аваад явсан. Би тус хулгайлж авсан эд зүйлээ “хүнээс худалдаж авсан” гэж хэлсэн …” гэх мэдүүлэг,

 

Н.Чингисийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 54-55, 60-61/: “…Би 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гэр оронд хоол байхгүй болчихсон учраас 6 дугаар сургуулийн орчмоор явж зэсний хог түүсэн. Шөнийн 02 цагийн орчим намайг унтаж байхад Ган-Эрдэнэ дуудаж сэрээгээд “цугтаа ийшээ нэг юманд явчихаад ирье” гээд 6 дугаар сургуулийн хойд талын тоосгон граж дээр очсон. Намайг бие засаж байтал Ган-Эрдэнэ нөгөө гражийг онгойлгож байсан. Бид 2 граж руу ороход нилээн их юм хураасан байсан. Би “юм байхгүй байна, явъя” гэсэн чинь Ган-Эрдэнэ надад “энэ аккумляторыг барьчих” гэхээр нь би аваад гарч байсан чинь гражийн зүүн гар талын буланд усны насос байж байхаар нь Ган-Эрдэнэ тэвэрч гараад баруун тийшээ сургуулийн хашаа даваад цааш гараад явж байтал цагдаагийн алаг машин ирээд биднийг барьсан…” гэх мэдүүлэг болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагаагаар бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-8/, Цагдаагийн алба хаагчийн илтгэх хуудас /хх-ийн 9/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 15/, эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт /хх-ийн 16/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 19/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар батлагдаж, тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

 

Шүүгдэгч Ж.Ган-Эрдэнэ, Н.Чингис нар нь бүлэглэн өөрт үл хамаарах, өөрөө захиран зарцуулах ямар ч эрхгүй бусдын эд хөрөнгийг нууц далд хэлбэрээр агуулах саванд нэвтрэн хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулсан байх тул шүүгдэгч нарыг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, дээрх хуулийн зүйл хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Ж.Ган-Эрдэнэ, Н.Чингис нарт ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзсэнээс гадна анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн, энэ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

 

            Хохирогч Ч.Бүүвэйбаатар “хохирлоо барагдуулж авсан” /хх-ийн 21/ гэсэн тул шүүгдэгч нар хохирогчид төлөх төлбөргүй болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тэмдэглэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Боржигин овогт Нармандахын Чингис, Боржигон овогт Жаргалын Ган-Эрдэнэ нарыг бүлэглэн, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ган-Эрдэнэ, Н.Чингис нарыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, тус бүрийг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ган-Эрдэнэ, Н.Чингис нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ган-Эрдэнэ 28 /хорин найм/ хоног, шүүгдэгч Н.Чингис 28 /хорин найм/ хоног тус тус цагдан хоригдсоныг тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Шүүгдэгч Ж.Ган-Эрдэнэ, Н.Чингис нар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ган-Эрдэнэ, Н.Чингис нарт тус бүр оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, тус бүрийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэдний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг оршин суугаа газрын буюу Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст тус тус даалгасугай.

 

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгч, хохирогч эс зөвшөөрвөл уг тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.Ган-Эрдэнэ, Н.Чингис нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Б.МӨНХ-ЭРДЭНЭ