Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ц.Амармэнд |
Хэргийн индекс | 181/2024/00019/И |
Дугаар | 181/ШШ2024/02480 |
Огноо | 2024-06-18 |
Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 181/ШШ2024/02480
2024 06 18181/Ш Ш2024/02480
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: нэхэмжлэлтэй,
Хариуцагч: холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: СХК/Р,
Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч c хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч c, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч c, гэрч c, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Аа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: c миний бие Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны оршин суугч. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03-р сарын 02-ны өдрийн №101/ШШ2022/00346 дугаар шийдвэрээр 89,950,341 төгрөг гаргуулж, cинд олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Сүхбаатар дүүргийн шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийж төлбөрт хураагдсан cгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203002535 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 12 хороо, Хангайн 3 дугаар гудамж, 82 тоот хаягт оршин байрлах, 127,8 м.кв талбайтай хувийн орон сууц, 112 м.кв агуулахын зориулалттай үл хөдөх эд хөрөнгө 442 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрыг нийтэд нь 189,639,500 төгрөгөөр үнэлсэн байгааг эс зөвшөөрч байгаа болно. Учир нь c миний бие нь өөрийн өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд болох газрыг нийтэд нь 600 сая төгрөгөөр үнэлсэн үнийн санал өгсөн. Миний өмчлөлийн үл хөдөх эд хөрөнгүүд газар нь Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, буюу 100 айл орчимд байрладаг үнэлгээ өндөртэй байдаг. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилсон үнэлгээчний үнэлсэн үнэлгээ болох 189,639,000 төгрөгөөр миний өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд газрын хамт үнэлсэн байгаа нь зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлж миний эд хөрөнгийг үнэгүйдүүлж хохиролтой байна гэж үзэж, нэхэмжлэл гаргасан үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагч c шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2022/00346 дугаар захирамжаар c, Б.Баярсайхан нараас 89.950.341 төгрөгийг гаргуулж c ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг үндэслэн Иргэний хуулийн 175 дугаар зүйлд зааснаар төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 3 дугаар гудамж, 82, 82 б тоот хаягт байршилтай 127.8 м.кв талбай бүхий хувийн сууц агуулахын зориулалттай эд хөрөнгө, 442 м.кв талбай бүхий өмчлөх эрхтэй газрыг битүүмжлэн хурааж, талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцож үнийг тогтоогоогүй тул Шинжээчээр Файн эстимэйт ХХК-ийг томилж хөрөнгийн үнэлгээг тогтоолгоход 189.639.500 төгрөгөөр тогтоосон. Уг үнэлгээний талаар тайланг 2023 оны 12 дугаар сарын 11 -ний өдөр хүлээн авч төлбөр төлөгч нарт 2023 оны 4-157/25541 тоот албан бичгээр мэдэгдэж, хөрөнгийн үнэлгээний тайланг танилцуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 62 дугаар зүйлийн 62.1-д заасан эрх үүргийг тайлбарлан тэмдэглэл хөтөлсөн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд c ХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2022/00346 дугаар захирамжид заагдсан барьцаа хөрөнгүүдэд үнэлгээг хийсэн тул хууль зөрчөөгүй. Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрээр төлөх ёстой өр төлбөрөөс ямар ч төлбөр төлөөгүй, төлбөр авагчийг хохироож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна.
Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, төлбөр төлөгчид хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх тухай тодорхойлолт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 346 дугаартай захирамж зэрэг баримтууд ирүүлсэн байна.
Хариуцагчаас: Улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, шүүхийн гүйцэтгэх хуудас, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 346 дугаартай захирамж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаат мэдэгдэл, эд хөрөнгө хураах тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, c ХК-ийн ГЗ/896 тоот албан бичиг, 24192 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн тэмдэглэл , шинжээч томилох тухай тогтоол, төлбөр төлөгчид хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх тухай 25541 тоот албан бичиг, Монголын мэдээ сонин, 1/13 тоот анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 04-226/216 тоот албан бичиг, 4-157/236, 4-157/237тоот мэдэгдэл, 2024 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Файн эстимэйт ХХК үл хөдлөх өмчийн тайлан зэрэг баримтууд хавсаргагдсан байна.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл зэрэг баримтууд ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч c нь cт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: c нь шинжээч томилж, барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 189,639,500 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг үнэлэхдээ cгийн өмчлөлийн газар дээр баригдсан агуулахын зориулалттай хөрөнгийг огт үнэлээгүй орхигдуулсан, зөвхөн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй зүйлүүдийг үнэлснээс шалтгаалан зах зээлийн бодит үнэлгээ тогтоогдоогүй тул үнэлгээг хүчингүй болгуулна гэж маргасан.
4. Хариуцагч c нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх мэдэгдлийг удаа дараа хүлээлгэн өгсөн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул шүүхийн шийдвэрт заагдсан барьцаа хөрөнгийг битүүмжлэн, хурааж, төлбөрт хураагдсан хөрөнгөд үнийн санал авахаар нэхэмжлэгчид мэдэгдлийг хүлээлгэн өгсөн, үнийн санал авсан боловч төлбөр авагчаас хөрөнгийн үнэлгээнд хөндлөнгийн шинжээч томилох хүсэлт гаргасны дагуу Файн эстимэйт ХХК, cийг томилж, шүүхийн шийдвэрт тусгагдсан барьцаа хөрөнгүүдэд зах зээлийн үнэлгээг тогтоолгоход 189,639,500 төгрөгөөр үнэлснийг хуулийн дагуу талуудад мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчөөгүй, үнэлгээг зөвхөн шүүхийн шийдвэрт заагдсан барьцаа хөрөнгүүдэд хийсэн нь хуульд нийцсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд c ХХК нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш төлбөр бүрэн төлөгдөөгүй, төлбөр төлөгчтэй үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тохиролцож чадаагүй тул хуулийн дагуу үнэлгээг тогтоолгох зорилгоор шинжээч томилогдсон. Шинжээч томилуулан хөндлөнгийн үнэлгээ гаргуулах хүсэлт гаргасны дагуу үнэлгээг хийсэн нь хуульд нийцсэн. Нэхэмжлэлийн үндэслэлээ буюу хөрөнгийг хэт багаар үнэлсэн гэх тайлбараа нотлох баримтын хүрээнд нотлоогүй, мөн үнэлгээчин нь Шийдвэр гүйцэтгэх байгууллагын шинжээч томилох тогтоолд заагдсан эд хөрөнгүүдэд хөрөнгийн үнэлгээг тогтоосон нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
6. Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг судлахад дараах үйл баримт тогтоогдсон болно.
7. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн №181/ШШ2022/00346 дугаар захирамжаар cны нэхэмжлэлтэй, c, Б.Баяртсайхан нарт холбогдох иргэний хэрэгт зохигч эвлэрлийн гэрээ байгуулж, хариуцагч c, Б.Баяртсайхан нар 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор 89,950,341 төгрөгийг төлж барагдуулах, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 3000-2018/158 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн 2203017311 тоот дугаар бүхий Сүхбаатар дүүрэг, 12 дугаар хороо, Хангайн 3 дугаар гудамж, 82 тоот хаягт байршилтай 127.8 м.кв талбай бүхий хувийн сууц, агуулахын зориулалттай эд хөрөнгө, Улсын бүртгэлийн Г-2203002535 тоот дугаар бүхий Сүхбаатар дүүрэг, 12 дугаар хороо, Хангайн 3 гудамж, 82б тоот хаягт байрлах 442 м.кв талбай бүхий өмчлөх эрхтэй газар НТД18643313723402 зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
8. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн №181/ШЗ2022/11855 шүүгчийн захирамж, №181/ГХ2022/00948 шүүхийн гүйцэтгэх хуудсын дагуу хариуцагч Б.Баяртсайхан, c нарт шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн нь өнөөг хүртэл дуусгавар болоогүй байгаа, ажиллагааны дагуу төлбөр төлөгчөөс мөнгөн төлбөрийг төлбөр авагчид бүрэн шилжүүлсэн, шүүгчийн захирамжаар баталгаажуулсан эвлэрлийн гэрээгээр харилцан тохиролцсон эвлэрлийн дагуу төлбөр тооцоог дуусгавар болгосон гэх үйл баримт тогтоогдоогүй тул төлбөр төлөгч нарын үүрэг хэвээр байна.
9.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2022 оны 10 дугаар сарын 13-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, улмаар шүүхийн шийдвэрийг төлбөр төлөгч нь сайн дураар биелүүлээгүйтэй холбоотойгоор шийдвэрт заагдсан барьцаа хөрөнгүүдийг битүүмжлэх, хураах зэрэг ажиллагааг явуулжээ.
9.2. Түүнчлэн барьцаа үл хөдлөх эд хөрөнгөнд үнийн санал ирүүлэх талаар төлбөр төлөгчид мэдэгдэхэд 800,000,000 төгрөгийн саналыг 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн байна.
9.3. Төлбөр авагч c ХХК-ийн зүгээс хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг тогтоолгох хүсэлтийг cт 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр бичгээр гаргасныг үндэслэн тус газраас 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №11/447 Шинжээч томилох тухай тогтоолоор хөрөнгийн үнэлгээний зах зээлийн үнэлгээг гаргуулах зорилгоор c /Файн эстимэйт ХХК/-г томилжээ.
9.4. Файн эстимэйт ХХК, үнэлгээчин c нь нэхэмжлэгч cгийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн 2203017311 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 12 дугаар хороо, Хангайн 3 дугаар гудамж, 82 тоот хаягт байршилтай 127.8 м.кв талбай бүхий хувийн сууц, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Улсын бүртгэлийн Г-2203002535 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 12 дугаар хороо, Хангайн 3 гудамж, 82б тоот хаягт байрлах 442 м.кв талбай бүхий өмчлөх эрхтэй газрын зах зээлийн үнэ цэнийг үнэлэхдээ 189,639,500 төгрөгөөр тогтоожээ.
9.5. Шинжээч нь хөрөнгийн үнэлгээг үнэлэхдээ төлбөр төлөгчийн өмчлөлийн газар, түүн дээр бэхлэгдсэн агуулахын зориулалттай нэг үл хөдлөх эд хөрөнгийг огт үнэлээгүй, үнэлгээний тайланд тухайн эд хөрөнгө нь тусгагдаагүйгээс шалтгаалан маргах үндэслэл болжээ.
10. Шинжээчийн дүгнэлт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанд гэрчээр оролцсон шинжээчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан үнэлгээний тайлан зэргийг харьцуулан дүгнэхэд үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг шинжээч тогтоохдоо үнэлгээний объектод хамаарах газар дээр баригдсан агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг огт үнэлэхгүй орхигдуулсан, үнэлгээний тайланд оруулахгүйгээр хөрөнгийн үнэлгээг гаргасан нь учир дутагдалтай болсон, эдгээр үйл баримт тогтоогджээ.
11. Тодруулбал, нэхэмжлэгч нь cгийн өмчлөлийн, Улсын бүртгэлийн Г-2203002535 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 12 дугаар хороо, Хангайн 3 гудамж, 82б тоот хаягт байрлах 442 м.кв талбай бүхий өмчлөх эрхтэй газар дээр эрхийн улсын бүртгэлийн 2203017311 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 12 дугаар хороо, Хангайн 3 дугаар гудамж, 82 тоот хаягт байршилтай 127.8 м.кв талбай бүхий хувийн сууц, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө баригдсан, эдгээр хөрөнгүүдийг үнэлсэн талаар зохигчид маргаагүй боловч тухайн газар дээр нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулаагүй боловч дахин нэг үл хөдлөх эд хөрөнгийг барьсан байсан, уг хөрөнгийг огт үнэлээгүй гэж маргасан байна.
12. Хариуцагч c, төлбөр авагч c, үнэлгээчин c нар нь тухайн газар дээр баригдаж буй хөрөнгийг үнэлээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбартай маргаагүй боловч шүүхийн шийдвэрт тусгагдсан барьцаа хөрөнгөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байгаатай холбоотойгоор тухайн хөрөнгөд үнэлгээ тогтоох шаардлага үүсэхгүй гэж маргасан байна.
13. Хөрөнгийн үнэлгээчин cийн хувьд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өгсөн чиглэл болон шинжээч томилох тухай тогтоолд заагдсан улсын бүртгэлийн гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгүүдэд үнэлгээ тогтоосон, харин уг газар, хашаанд дутуу баригдсан 100 м.кв гаруй талбайтай байгууламжийг үнэлээгүй, үнэлгээний тайланд тусгаагүй гэсэн мэдүүлгийг шүүх хуралдаанд гаргажээ.
14. Дээр дурдсан тайлбар, мэдүүлэг, мэтгэлцээн, хэрэгт цугларсан баримт зэргээс дүгнэхэд нэхэмжлэгч cгийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Г-2203002535 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 12 дугаар хороо, Хангайн 3 гудамж, 82б тоот хаягт байрлах 442 м.кв талбай бүхий өмчлөх эрхтэй газар дээр шүүхийн шийдвэрийн дагуу барьцаалагдсан байсан үл хөдлөх эд хөрөнгөөс гадна өөр байгууламж барьсан байсан нь болох нь тогтоогджээ.
15. Түүнчлэн Файн эстимэйт ХХК, cийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гаргасан Үнэлгээний тайлан-гийн 6 дугаар хуудасны 1.11.4-т ... мөн тус өмчлөлийн газар байрлалтай, агуулахын зориулалттай байшинг үнэлгээнд тооцсонгүй. Учир нь энэхүү ҮХХ хөрөнгө нь шинжээч томилох тогтоолд байгаагүй тул үнэлгээг тооцсонгүй гэж үнэлгээний тайланд мөн тусгагджээ.
15.а/ Мөн үнэлгээний тайлангийн 14 дүгээр хуудаст cгийн өмчлөлийн газар болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг дээд байрлалаас авсан план зураг тусгагдсан, Дүрслэл №2-т авагдсан сансрын зургаар тухайн газар дээр баригдсан үл хөдлөх эд хөрөнгийн хувьд хамгийн том хэмжээтэй байгууламж, /улбар шар дээвэртэй/ хөрөнгө нь маргааны гол зүйл болохыг хэн алин нь зөвшөөрчээ.
16. Гэтэл уг хөрөнгийг огт үнэлээгүй буюу барьцааны гэрээг байгуулахад тухайн хөрөнгө байгаагүй, мөн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгүй байсан учир үл хөдлөх эд хөрөнгөд хамаарахгүй гэсэн тайлбар, татгалзлаар хөрөнгийг үнэлээгүйгээс тухайн газар дээр бэхлэгдсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийн бодит үнэлгээг гаргаагүй гэх үндэслэл болох бөгөөд үнэлгээний тайлан нь хөрөнгийн зах зээлийн бодит байдалд нийцээгүй байна.
17. Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-т Аливаа этгээдийн эзэмшилд байгаа эд юмсыг эд хөрөнгө гэнэ гэж, мөн хуулийн 84.2-т Эд хөрөнгө нь үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө байна гэж, мөн хуулийн 84.3-т Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна гэж, мөн хуулийн 85.2-т Түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна гэж заажээ.
18. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу барьцааны хөрөнгө болох газрын өмчлөх эрхийг үнэлж, дуудлага худалдаанд оруулж байгаа тохиолдолд тухайн газар дээр бэхлэгдсэн газрын бүрдэл хэсэгт хамаарах үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх шаардлагатай.
19. Түүнчлэн үнэлэгдээгүй үл хөдлөх эд хөрөнгө нь иргэний эрх зүйн бие даасан обьект, тусдаа үнэлэгдэх боломжтой эд зүйл болоогүй болох нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авагдаагүй буюу улсын бүртгэлд бүртгэгдээгүй байгаагаар тогтоогджээ.
20. Иймд үнэлгээнд тусгагдаагүй агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь тусдаа үнэ цэнэтэй зүйл байсан, мөн барьцаа хөрөнгөд хамаарах газартай бэхлэгдсэн болох нь тогтоогджээ. Гэтэл уг хөрөнгийг үнэлээгүй орхигдуулсан нь Иргэний хуулийн холбогдох хэм хэмжээ, мөн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасан Хөрөнгийн үнэлгээ бодитой байх зарчимд нийцээгүй байна.
21. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т Үл хөдлөх эд хөрөнгөөс салгаж үл болох бүрдэл хэсэг, эсхүл бусдын өмчлөлд шилжээгүй уг үл хөдлөх эд хөрөнгөтэй хамт байгаа хөдлөх эд хөрөнгийг үл хөдлөх эд хөрөнгөтэй хамт дуудлага худалдаагаар худалдана гэж зааснаар газар түүнд бэхлэгдсэн хөрөнгүүдийг бүхэлд нь үнэлсний үндсэн дээр албадан дуудлага худалдаанд оруулах боломжтой юм.
22. Иймд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад холбогдуулан гаргасан cгийн нэхэмжлэлийг хангаж, хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан cгийн өмчлөлийн, Улсын бүртгэлийн Г-2203002535 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 12 дугаар хороо, Хангайн 3 гудамж, 82б тоот хаягт байрлах 442 м.кв талбай бүхий өмчлөх эрхтэй газар, Сүхбаатар дүүрэг, 12 дугаар хороо, Хангайн 3 дугаар гудамж, 82 тоот хаягт байршилтай 127.8 м.кв талбай бүхий хувийн сууц, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 189,639,500 төгрөгөөр үнэлсэн Файн эстимэйт ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Хүсэлт шийдвэрлэх тухай Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №181/ШЗ2024/01424 захирамжийн үйлчлэл шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД