Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 456

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: Х.Дашням,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Оюунжаргал,

хохирогч: Б.Ундрал

шүүгдэгч: Б , түүний өмгөөлөгч Д.Батбаяр /0200/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б т холбогдох эрүүгийн 1705 0062 500108 дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Монгол улсын иргэн, Дархан-Уул аймагт төрсөн, эрэгтэй, халх, 23 настай, дээд боловсролтой, газар зохион байгуулагч мэргэжилтэй, ам бүл 3, аав, ээжийн хамт оршин суух бүртгэлтэй боловч одоо түр оршин суух, ял шийтгэлгүй, Б . Шүүгдэгч Б  нь 2017 оны 8 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 86 дугаар байрны 42 тоотод согтуугаар 2 Б.Ундралыг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, хамрын ясны хугарал, бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар) ТОДОРХОЙЛОХ НЬ: Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б  мэдүүлэхдээ: “...Тухайн үед Б.Ундрал бид хоёр үерхээд сар гаруй хугацаа болж байсан. Ундрал бид хоёр маргалдсан. Хохирогч Б.Ундралд эмчилгээний зардалд 716 000 төгрөг төлсөн ба цаашид эмчилгээний зардал гарвал төлнө. Тухайн үед бид маргалдаад түүнийг би цохисон нь үнэн. Харин түүнийг үзэн ядаж, зодоогүй. Би өөрөө хагалгаанд орж байсан учраас өвдөлтийн зовлонг нь мэднэ. Хийсэн хэрэгтээ гэмшиж, хохирогч Б.Ундралд гэмтэл учруулсан буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Дахиж гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна. Хохирогчоос уучлалт гуйж байна гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Б.Ундрал мэдүүлэхдээ: “...Хэрэг гарахын өмнөх орой нь бид Б ийн гэрт хөзөр тоглосон. Бид хоёр зүгээр л үерхэж байсан. Би хувцастайгаа унтахаар хэвтэхэд Б  намайг оролдохоор нь би уурлахад тэр бас уурлаж, цамцаа тайлаад миний нүүр рүү шидсэн. Би нөгөө өрөөнд нь орсон. Дараа нь Б  надаас уучлалт гуйгаад бид хоёр эвлэрсэн. Би маргааш нь түүнд хоол хийж өгөөд явсан. Тэр үед Б  надаас уучлалт гуйгаад дахиж ийм алдаа гаргахгүй гэж хэлсэн. Үүний маргааш нь би гэрт нь 21 цагийн үед очиход Б  хоёр найзтайгаа байсан бөгөөд нэг найзынх нь эмээ нь нас барсан, сэтгэлийг нь тайтгаруулна гээд тэд пиво ууж байсан. Бид хамт пиво ууж, хөзөр тоглож, үүрийн 04 цагийн үед унтахаар өрөөндөө орсон. Энэ үед Б  нилээн согтуу байсан. Намайг дахин оролдсон. Эхлээд би орилж чадаагүй, сүүлдээ орилсон. Тэгтэл Б ийн найз Ариунбаяр орж ирээд “одоо болно найзаа, боль” гэж хэлсэн. Гэтэл Б  миний үснээс татаж, доошоо дарж байгаад цохисон. Миний хамраас цус гарсан. Тэгээд би гэрээс нь гарч явсан. Тэгсэн Б  араас утсаар ярьж, элдэв үгээр доромжилсон. Би гэртээ ороход манай эгч миний зодуулсан байдлыг харсан. Би уг нь цагдаад очъё гэж бодоогүй байсан. Гэтэл Б  намайг утсаар доромжилсон болохоор цагдаад өргөдөл өгсөн. Энэ хэрэг болсоноос хойш бид хоёр хэд хэдэн удаа уулзсан. Би Б ийг надаас уучлалт гуйх юм болов уу гэж бодсон чинь тэр чин сэтгэлээсээ уучлал гуйгаагүй. Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд Б  надад 716 000 төгрөг өгсөн. Үүгэр би эмчилгээ хийлгэсэн. Б т нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахыг хүсч байна гэв. Мөрдөн байцаалтад гэрч-Э.Төмөр-Очир мэдүүлэхдээ: ...Би 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 20 цагийн орчимд Б ийн гэрт пиво уухаар очсон. Намайг тэдний гэрт байхад 2 цагийн дараа Б ийн найз гээд байдаг Ундрал орж ирсэн. Тэгээд тэр хоёр хоорондоо яг юуны талаар яриад байгааг нь ойлгоогүй, хоорондоо хэрэлдээд байсан. Ундрал, Б  хоёр өрөөндөө хаалга нь онгорхой байхад хэрэлдээд Б , Ундралыг алгадаад, цохиод байх шиг харагдсан. Би өглөө ажилтай байсан учраас 3 унтаж амарсан юм. Тэгтэл шөнө цагдаа орж ирээд Б ийг аваад явсан бөгөөд Ундрал цагдаатай хамт гэрт орж ирсэн байсан. Тэр өдөр Ариунбаяр бид 2 нэг өрөөнд, Б , Ундрал 2 нэг өрөөнд байсан. Б  Ундралыг алгадаж байгаа чимээ гарсан ба тэгэхэд өрөөнд харанхуй байсан учраас яг хааш нь алгадсан талаар би хараагүй. Б  хэрэг гарах өдөр хохирогч Ундралын хүсэл зоригийн эсрэг бэлгийн харьцаанд орох зорилготой үйлдэл хийсэн зүйл байхгүй гэжээ. (хэргийн 13-14 дүгээр хуудас) Мөрдөн байцаалтад гэрч-Б.Ариунбаяр мэдүүлэхдээ: ...2017 оны 8 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 18 цагийн үед ажлаа тарж гэртээ ирээд, буцаад гарсан. Тэгээд 21 цагийн үед буцаж гэртээ ирсэн. Намайг орж ирсний дараа Б , Төмөр-Очир нар гэрт ирсэн. Төмөр-Очирын эмээ нь нас барсан гээд 2.5 литрийн пиво бариад орж ирсэн. Юм яриад тэр хоёр сууж байхдаа Б  хэлэхдээ “манай нэг найз ирж байгаа” гэж хэлж байсан. 22 цаг өнгөрч байх үед Б ийн найз Ундрал гэдэг нэртэй хүүхэн орж ирсэн. Тэр 3 хөзөр тоглож байгаад дахиж 2 ширхэг 2.5 литрийн пиво авч уусан. Би “маргааш ажилтай” гээд 23 цаг 40 минутын орчим унтахаар хэвтээд өгсөн. Намайг унтаж байхад Б , Ундрал 2 хоорондоо маргалдаад байсан. Нөгөө талын жижиг өрөөнд ортол Б , Ундралын толгой хэсэг рүү нь 2 удаа алгадсан. Би салгаад, Ундралыг тэр өрөөнөөс гаргаад “одоо яв, би чамайг унаанд суулгаад өгье” гэхэд “би өөрөө суугаад явна” гээд гараад явсан. Удалгүй цагдаа нар ирсэн. Намайг жижиг өрөөнд орох үед хоёулаа хувцастайгаа байсан. Б  дээд талаараа хувцасгүй байсан. Яагаад маргалдсан талаар Б аас асуухад “над руу пиво цацаад тэгээд би уурлаад хоёр удаа алгадсан юм” гэж хэлсэн гэжээ. (хэргийн 34-35 дугаар хуудас) Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 30- ны өдрийн 11059 тоот дүгнэлтэд: 1. Б.Ундралын биед тархи доргилт, хамрын ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хавтаст хэргийн 16 дугаар хуудас) Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд: Б  ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 22 дугаар хуудас) ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР: 4 Шүүгдэгч Б  нь 2017 оны 8 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 86 дугаар байрны 42 тоотод согтуугаар Б.Ундралтай маргалдаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, хамрын ясны хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Ундрал, гэрч Э.Төмөр-Очир, Б.Ариунбаяр нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 11059 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ. Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна. Баянгол дүүргийн прокурорын газраас Б т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар ял оногдуулах нь зүйтэй. Хохирогч Б.Ундрал нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэнтэй холбоотой зардлын талаар нотлох баримт хэрэгт гаргаж өгөөгүй байна. Харин шүүгдэгч нь Б.Ундралд 570 000 төгрөгийг хаан банкаар дамжуулан шилжүүлсэн, эмчилгээний зардалд 46 000 төгрөг төлсөн баримтыг нотлох баримтаар гаргаж, баримтгүй 100 000 төгрөг төлсөн гэж мэдүүлснийг хохирогч хүлээн зөвшөөрч байна. Б  нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 716 000 төгрөгийн хохирол төлсөн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Хохирогч Б.Ундрал нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой цаашид гарсан эмчилгээний зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б ийг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар Б  нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Хохирогч Б.Ундрал нь энэ хэргийн улмаас учирсан гэмтлээ эмчлүүлэхэд цаашид гарсан эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, яллагч, дээд шатны прокурор, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 6 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ОЮУН