Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2020/ДШМ/1388

 

                                               Г.М, Ж.М нарт холбогдох

                                                эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Ариунхишиг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Ариунжаргал,

хохирогч, шүүгдэгч Ж.М ,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/1664 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч, шүүгдэгч Ж.М-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Г.М, Ж.М нарт холбогдох эрүүгийн 2006 02543 1956 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Г.М, 1 удаагийн ял шийтгэлтэй,

2. Ж.М, 1 удаагийн ял шийтгэлтэй,

Г.М  нь 2020 оны 5 дугаар сарын 26-ны орой 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 32 дугаар байрны 27 тоотод иргэн Ж.М ын нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, эрүү, баруун, зүүн шууны цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

Ж.М  нь 2020 оны 5 дугаар сарын 26-ны орой 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 32 дугаар байрны 27 тоотод иргэн Г.М гийн нүүрэн тус хэсэгт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хамар яс баруун талд зөрөөтэй, зүүн талд цөмөрсөн хугарал, дух, хацарт зөөлөн эдийн няцрал, доод уруулд цус хуралт, баруун хацар, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.М,Ж.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.М, Ж.М  нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М,Ж.М нарт 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Г.М,Ж.М нарт тус бүр оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж тус тус хэсэгчлэн төлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус сануулж, Г.М,Ж.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Г.М,Ж.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ж.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Болсон явдал бол эхлээд Г.М  миний нүд рүү цохисон. Даваахүү Г.М тай заамдалцан ноцолдож зодолдсон. Газар унасан. Нүдээ тэс цохиулаад харанхуйлсан, манарсан байдалтай би Даваахүү, Г.М  нарыг салгах гэж дээр нь байсан Г.М г хүний араас нь татаж, салахгүй болохоор нь “больчихооч ээ” гээд араас нь нуруу, толгой руу нь гарын хажуугаар цохисон. Даваахүү, Г.М  нар салж босч ирснээс хойш Г.М  хутга, сэрээ барьж Даваахүү рүү дайрахад гэрч Нямаа хориглож болиулсан. Улмаар Г.М  нимгэн цамцаа урж тайлаад гүйгээд гарсан. Зодоон гэх үйл явдал ийм л юм болсон. Уг хэргийн нэг гэрч буюу хохирогчийн эхнэр Нямаа эхлээд “манай нөхрийг Даваахүү, Ж.М  нар зодсон, Ж.М  араас нь балбаад байсан” гэж үнэн мэдүүлсэн хэрнээ 2 дахь удаагийн мэдүүлэгтээ өмнөх мэдүүлгээ өөрчилж, “Даваахүү огт оролцоогүй, зөвхөн Ж.М  л зодсон, нүүр лүү нь цохисон” гэсэн байдаг. Хэрэг прокурорт шилжсэнээс хойш энэ Нямаа над руу утасдаж уулзах хүсэлт тавиад найз Цолмонгийнхоо хамт над дээр ирж уулзаж “Ж.М ын эсрэг мэдүүлэг өгсөнгүй гэж нөхөр нь болох хохирогч Г.М  ална гэж дарамтлан машинтай нь ачааны машинаар мөргөсөн. Дарамтлуулж аргагүй байдалд ороод 2 дахь удаагийн мэдүүлэгтээ таны эсрэг худал мэдүүлэг өгсөн” гэж надад хэлж машины эвдэрсэн байдлын зураг болон хохирогчийн зүгээс түүний утас руу “гэрчгүй ална” гэсэн мессеж бичсэнийг надад үзүүлж та зургийг нь ав гэсний дагуу би утсан дээрх мессежний зургийг авсан. Энэ талаар миний бие прокурор Ариунжаргалд мэдэгдэж, уг нотлох баримтыг өгөх гэсэн боловч “Яллах дүгнэлт үйлдсэн. Хэргийг шүүхэд шилжүүлж байгаа” гээд аваагүй. Шүүх хуралдааны эхэнд уг нотлох баримтад үзлэг хийлгэхийг хүссэн боловч утсан дээрх нотлох баримтыг авахгүй гээд мөн хүлээж аваагүй. “Даваахүү эхлээд цохисон. Нүүрэн тус газар 2 удаа цохиж, дух руу мөргөсөн. Уруул язалсан” гэж Г.М  мэдүүлсэн байдаг. Даваахүү нь Г.М гаас мухар сөөм намхан хүн. Түүний мөргөсөн үйлдэл хохирогчийн духанд биш хамарт л цохилт өгнө. Шүүх хуралдаан дээр улсын яллагчийн зүгээс “Г.М д хэн гэмтэл учруулсан бэ? гэсэн асуултад би “Даваахүү намхан хүн. Түүний мөргөсөн нь энэ хүний хамрыг оносон юм болов уу” гэж хариулсан. Улсын яллагчийн зүгээс “таны хамрыг хэн гэмтээсэн бэ?” гэсэн 4 удаагийн асуултад хохирогч эхний удаа “Даваахүүгийн ...” гээд чимээгүй байснаа “Ж.М ын хэлдэг үнэн шүү дээ... цагдаа, прокурор өгөөш үмхсэн” гэж тодорхой хариулсан бол дараа дараагийн асуултуудад “хүнд зодуулж байгаа хүн тэр тэд цохисон гэж цээжлээд зогсож байх боломжгүй”, “хоёулаа цохисон” гэсэн бол хамгийн сүүлийн “нэг удаагийн цохилтоор гэж шинжээчийн дүгнэлт гарсан байна?” гэсэн асуултад хохирогч огт хариулаагүй юм. Түүнчлэн шүүгчийн зүгээс тавьсан 3 удаагийн ийм асуултад “Энэ хүний хэлээд байгаа үнэн шүү дээ. Хамгийн их зодсон нь Даваахүү шүү дээ”, “энэ хоёр хүн хоёулаа зодсон. Даваахүү уруул язалсан. Даваахүү хамар луу мөргөсөн. Хамгийн бага оролцоотой хүнийг нь яллагдагчаар татсан. Тэрийгээ шийдмээр байна” гэсэн ба шүүгчийн хамгийн сүүлийн асуултад “хоёулаа дайрсан. Тэгэхдээ Даваахүү хамар луу мөргөсөн шүү дээ. Мөрдөн байцаагч намайг хөтлөөд байцаагаад байсан. Та энэ дээр зур, энэ дээр зур гээд л. Та ингээд бичсэн байна шүү дээ гэхээр ...” гэсэн гэдэг. Хохирогч шүүх хуралд өгсөн сүүлийн мэдүүлэгтээ “Хоёулаа цохисон, хоёулаа зодсон, хоёулаа дайрсан” гэснээс биш улсын яллагчийн “танаас мэдүүлэг авахад хамрыг Ж.М  цохисон гэсэн. Сүүлийн удаа асууя. Хамрын гэмтлийг хэн учруулсан бэ” гэж, шүүгчийн “Тэгэхээр Ж.М  хамарт чинь гэмтэл учруулсан. Өөр гэмтэл учруулаагүй гэсэн үг үү” гэж асуухад хүртэл хохирогч хамрын гэмтлийг Ж.М  учруулсан гэж огт хэлсэнгүй, харин Даваахүү үйлдлийг давтан давтан хэлж, мөрдөн байцаагч хөтөлж асуусан тухай мэдүүлдэг. Мөрдөн байцаагчийн зүгээс мөн “450.000 төгрөгийн л торгуультай шүү дээ. Г.М  хэргээ хүлээгээд хялбаршуулсан журмаар шийдүүлэхийг зөвшөөрсөн. Та зөвшөөрчихөөч” гэж байсан ба улсын яллагчийн зүгээс “танаас мэдүүлэг авахад хамрыг Ж.М  цохисон гэсэн” гэж, шүүгчийн зүгээс хохирогчид асуулт тавихдаа “Тэгэхээр Ж.М  хамарт чинь гэмтэл учруулсан. Өөр гэмтэл учруулаагүй гэсэн үг үү” гэх зэргээр хохирогчид тулган сануулж, түүнийг хөтөлж асууж байсан нь хэргийн үнэнийг олох сонирхол байсан уу гэх эргэлзээг төрүүлж байна. Түүнчлэн 3 гэрчийн 2 нь бүх мэдүүлэгт Г.М г Ж.М  цохисон гэх нэг ч мэдүүлэг байдаггүй. Улсын яллагчийн яллах дүгнэлтэд Г.М г Ж.М  цохисон гэх нэг ч гэрчийн мэдүүлэг дурдагдаагүй, зөвхөн хохирогчийн мэдүүлэг, гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт, хариултыг дурдсан, гэрчүүдийн мэдүүлэг /2 гэрчийн бүх мэдүүлэгт Ж.М  цохиогүй гэж байдаг ба хохирогчийн эхнэр болох Нямаа дарамтад өртөн өмнөх үнэн мэдүүлгээ өөрчилж миний эсрэг худал мэдүүлэг өгсөн/, шүүх хуралдаан дээр хохирогч бодит байдалтай тулаад ирэхээрээ үнэн байдлыг мэдүүлсэн мэдүүлгүүд нь Г.М г Ж.М  гэмтээсэн гэх үйлдлийг хангалттай няцааж байхад шүүх хэргийн үнэн байдлыг эргэлзээгүй тогтоох зарчмыг алдагдуулан тулган тасалж ял халдаасанд нэн гомдолтой байна. Иймд дурдсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийг нарийвчлан хэлэлцэж надад холбогдуулсан үйлдэл, оноосон ялыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор Д.Ариунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Тухайн өдөр Г.М гийн гэрт хохирогч, шүүгдэгч нар архи ууж байсан гэдэг бөгөөд гаднаас Г.М  эрүүл орж ирсэн гэж гэрчүүд мэдүүлдэг. Тэгээд Г.М,Ж.Мнар хоорондоо мөнгөний улмаас маргалдаж, барьцалдаж, зодолдсон болох нь тухайн хэрэг болох үед байсан гэрчүүдийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Гэрч Даваахүү мэдүүлэхдээ “Г.М г гаднаас орж ирэхэд биед нь ямар нэгэн шарх байгаагүй” гэдэг. Мөн хохирогч Г.М  нь тухайн өдрөө гарч өөрөө өргөдөл, гомдол гаргасан байсан. Г.М  мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд мэдүүлэхдээ “Ж.М ын цохилтын улмаас миний биед гэмтэл учирсан” гэдэг. Хавтас хэрэгт авагдсан баримтууд болон шүүх хуралдааны явцад өгсөн мэдүүлгүүдээс Г.М,Ж.Мнар нь харилцсан зодолдож бие биенийхээ биед хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдож байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Г.М  нь 2020 оны 5 дугаар сарын 26-ны орой 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 32 дугаар байрны 27 тоотод иргэн Ж.М ын нүүрэн тус хэсэгт гараараа цохиж, эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, эрүү, баруун, зүүн шууны цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

Ж.М  нь 2020 оны 5 дугаар сарын 26-ны орой 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 32 дугаар байрны 27 тоотод иргэн Г.М гийн нүүрэн тус хэсэгт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хамар яс баруун талд зөрөөтэй, зүүн талд цөмөрсөн хугарал, дух, хацарт зөөлөн эдийн няцрал, доод уруулд цус хуралт, баруун хацар, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Ж.М ын “...Г.М  нилээн уусан, 2-3 хундага татчихаад шууд миний баруун нүд рүү гараараа 1 удаа, эрүү лүү гараараа 1 удаа цохиод авсан. ...” /хх 11-12/,

хохирогч Г.М гийн “...Даваахүү над руу дайраад миний доод уруул руу гараараа 2-3 удаа, баруун шанаа руу бөгжтэй гараараа, дух руу мөргөсөн. Ж.М  босож ирчихээд өөрийг нь Даваахүү цохисныг мэдэхгүй, намайг цохисон гэж андуураад миний нүүрэн тус газар 2-3 удаа гараараа цохисон. ...” /хх 17-18/,

гэрч Г.Даваахүүгийн “...Яг тухайн үед Г.М  нь сандал дээр сууж байсан Ж.М ын зүүн талын нүд рүү гараараа 1 удаа цохисон. ...” /хх 25-26/,

гэрч Ц.Нямдаваагийн “...Гэнэт Ж.М , Даваахүү 2 манай нөхөр Г.М д агсам тавьж эхлээд манай нөхрийг зодсон. ...” /хх 27-28/,

гэрч Ц.Доржхандын “...Ж.М  явах гэтэл би түүнийг гаргаж өгөх гэж байтал Г.М  хүрч ирээд Ж.М ын яг хаашаа цохисныг би мэдэхгүй байна, ямар ч байсан цохиод Ж.М  хана руу саваад унасан. Унангуут нь дахин араас нь очоод боосон. ...” /хх 31-32/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Ж.М ын биед баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, эрүү, баруун, зүүн шууны цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх 6282 дугаартай /хх 36-37/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Г.М гийн биед хамар яс баруун талд зөрөөтэй, зүүн талд цөмөрсөн хугарал, дух, хацарт зөөлөн эдийн няцрал, доод уруулд цус хуралт, баруун хацар, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх 6811 дугаартай дүгнэлтүүд /хх 44-45/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Г.М,Ж.Мнарыг харилцан бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Иймд хохирогч, шүүгдэгч Ж.М ын зүгээс “Г.Даваахүүгийн цохисон үйлдлийг шалгуулна, надад оногдуулсан ялыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.М,Ж.Мнарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Түүнчлэн, шүүхээс шүүгдэгч Г.М,Ж.Мнарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэрэгт тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ... гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг тус тус хангажээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч, шүүгдэгч Ж.М ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/1664 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч, шүүгдэгч Ж.М ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ш.БАТ-ЭРДЭНЭ  

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР