Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2024/02334

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2024/02334

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Ц.Амармэнд, С.Хишигбат нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: .оршин суух, Т.О /регистрийн дугаар: ./-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:. оршин суух, Ц.Г /Регистрийн дугаар: ./,

Хариуцагч: .тоотод оршин суух, Д.С  /регистрийн дугаар: ./,

Хариуцагч: . тоотод оршин суух,Б.М /регистрийн дугаар: ./,

Хариуцагч:...тоотод оршин суух, С.М  /Регистрийн дугаар: ../ нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 933,904 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.О., хариуцагч Ц.М., Т.С.нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Ц.Г., хариуцагч нарын өмгөөлөгч Т.Э., хариуцагч Ц.Мя. өмгөөлөгч Д.Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь Ц.Г , Д.С , Б.М , С.М нарт холбогдуулан гэм хорын хохиролд 933,404 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Би Сүхбаатар дүүргийн .. оршин суудаг бөгөөд манай дээд давхрын 05 тоотод оршин суугч Д.С , Ц.Г нарын гэрээс 2022 оны 01 дүгээр сараас 9 дүгээр сар хүртэл хугацаанд удаа дараа ус алдсанаас болж манайд 526,404 төгрөгийн хохирол учирсан. Тодруулбал:

2022 оны 01 дүгээр сард тус айл нь ариун цэврийн өрөөнийхөө сантехникийн шугам хоолойгоо засаж янзлах явцдаа манай дээрээс таазанд цууралт үүсгэж, улмаас ус шүүрч алдагдсан. Мөн энэ хугацаанд манай гал тогооны таазны усны хоолойны шугам дагуу хэсэгт дээрээс ус шүүрч алдагдсан.

2022 оны 02 дугаар сарын 04, 05-ны өдрүүдэд дээд айлын ариун цэврийн өрөөнөөс нь өөрсдийн хэрэглээний буруугаас болж ус алдагдсан.

2022 оны 4 дүгээр сарын 14-28-ны өдрүүдэд тус айлын ариун цэврийн өрөөний далд мантажны гэмтлээс болж манайд удаа дараа ус алдагдсан. Мөн залгаа хананд байрлах манай 00 өрөөний хананд ус нэвчсэн. Маргааш нь дуудлага өгөхөд засварчин ирээд дээд айлд чинь ил шугам, юм алга, далд шугам байх гэсэн. Ц.Г далд шугамаа солиулахгүй гэсэн байдаг. Дараа нь дахин ирээд далд шугам нь цоорсон гэсэн. 4 дүгээр сарын 26, 27-нд дахин ус алдсан. Дуудлага өгөхөд Б.Алтанзул инженер ирээд далд шугам байна. 2-3 хоног ажигла гэсэн. Гэтэл ус нь улам нэмэгдсэн. Ингээд 4 дүгээр сарын 28-нд засвар хийгээд ус нь зогссон.

2022 оны 8 дугаар сарын 17-нд 10 цагийн орчим Э.Хүлэг-Эрдэнэ, Н.Мөнхбат гэж хоёр слесарь ирээд дээд 05, 07 тоот айлуудын далд шугамыг солих гэж байна гэсэн. Уг байр 1998 онд ашиглалтад орсон, сантехник нь муудсан нь үнэн, өмнөх айл нь мөн хэд хэдэн удаа ус алдаж байсан.

2022 оны 8 дугаар сарын 22-ноос 9 дүгээр сарын 02-ны өдрүүдэд дээд айл нь ариун цэврийн өрөөнийхөө далд босоо шугамаа сольж засварлах явцад манай ариун цэврийн өрөөний тааз, хананд тасралтгүй, олон өдөр ус алдагдаж, манай залгаа байрлалтай 00 өрөөний хананд ус нэвчсэн.

Дээрх ус алдагдсан тухай бүр манайх холбогдох ОСНААУГ-ын дуудлага хүлээн авах 7000-5454 дугаарт мэдэгдэж, улмаар холбогдох дуудлагын слесарууд ирж дээд 05 тоот айлын гэмтлийг шалган, үйлчилгээ үзүүлж байсан бөгөөд үүнийг тухай бүр нь баримтжуулж, бичлэг хийсэн.

Ийнхүү олон удаа тус айлаас уг алдсаны улмаас манайд учирсан хохирлыг тус 05 тоот хариуцахыг ОСНААУГ-ын ХҮТ-8-ын актаар тогтоосон. Хохиролд тооцсон 526,404 төгрөгийг Вендо ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн хохирлын үнэлгээний дүгнэлтийг үндэслэн нэхэмжилсэн.

Манай байр СӨХ байхгүй учир далд босоо шугамын засвар, үйлчилгээг тухайн айл өөрөө л хариуцах ёстой. 05 тоотын далд босоо шугам өөрийнх нь өмч учир өөрсдөө засварлах үүрэгтэй бөгөөд хохирлоо ч хариуцах ёстой.

Тус 05 тоотын оршин суугч нар 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр нүүж ирээд засвар хийж, юм балбаж эхэлсэн. 2022 оны 01 сард энэ айлыг нүүж ирэхээс өмнө манай бүх тааз цэвэрхэн байсан. Гэтэл 2022 оны 01 сараас засвар хийсэн бөгөөд эдний сууцны шал нь ямарч давхар нэмэлт хучилтгүйгээс сууцандаа удтал засвар хийж, их доргилт, хатуу юмс унагах, шалаа цохиж нүдсэн, балбах, шалаа байнгын санаатай дэвслэх зэргээс үүдэн манай дүүжин таазтай өрөөнүүдийн харагдах байдлаас бусад гал тогооны, коридорын өрөөний таазанд заадас үүссэн байгаа ба дээрх айлыг ирэхээс өмнө манайх гэртээ засвар хийлгэсэн байсан учир манай таазанд ямар ч ул мөр байгаагүй. Иймд дээрх айлын гал тогооны өрөөний таазанд учруулсан хохирлыг нэмж нэхэмжлэх хүсэлтэй байна.

Би урьд үнэлгээ хийлгэсэн Вендо ХХК-д хандахад дахин үнэлгээ хийлгэхэд ажлын хөлсийг нэмж тооцно гэж хэлсэн ба хувь хүнд хандахад гал тогооны өрөөний тааз 13 мкв-д ажлын хөлс 1 мкв тутамд тааз хусах 3,000 төгрөг, замаск 6,000 төгрөг, эмульс 5,000 төгрөг, зүлгүүр 2,500 төгрөг, нийт 216,000 төгрөг, засварын материал таазны эмульс 4 кг, замаск, зүлгүүр, гүрүнт нийт 60,000 төгрөг, нийт 276,000 төгрөгийн үнэлгээг санал болгосон. Иймд 276,000 төгрөгийн төлбөрийг нэмж гаргуулах хүсэлтэй байна.

Иймд тус 05 тоотод оршин суугч нараас ус алдаж учруулсан хохирол болох 526,404 төгрөг, Вендо ХХК-ийн үнэлгээний хөлс 88,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сард гал тогооны өрөөнд ус алдсны засварын зардал 276,000 төгрөг, баримт бүрдүүлэхэд бичиг баримтын зардалд 43,500 төгрөг, нийт 933,904 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Улсын бүртгэлээс ирсэн баримтаар уг 05 тоот айлын өмчлөгчөөр 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс Б.М , 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс С.М өмчлөгч болсон байх тул тэднийг хамтран хариуцагчаар тодорхойлсон. Өмчлөгч С.М хаягтаа оршин суудаггүй, олдохгүй байгаа тул хамтран хариуцагчаас татгалзсан. Гэхдээ 05 тоотод Ц.Г , Д.С нар албан ёсоор оршин суудаг талаар хорооноос тодорхойлсон.

Иймд Ц.Г , Д.С , Б.М нараас хохирлыг гаргуулж өгнө үү. Ц.Г , Д.С нар хохирлыг хариуцах ёстой гэдэгтээ маргахгүй бол Б.М аас татгалзаж болно гэв.

 

2.Хариуцагч Ц.Г , Д.С нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргасан. Үүнд:

Манайх 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр нүүж орсон. Өмнөх айл нь банны өрөөнд гоо сайхны ширээ тавьсан, ус гоожсон учир ундааны сав тоссон байдалтай байсан учир 27-ны өдөр дуудлага өгсөн. Гэтэл засварчин ирээд танай байр асуудалтай, материалаа авчих гээд 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ирээд алчуур хатаагчийг сольж өгсөн. Энэ талаар дуудлагын тэмдэглэлд нь байгаа. Гэтэл 03 тоот мөн тэр өдөр дуудлага өгсөн юм билээ.

2 дугаар сарын 04-ний өдөр манайд засварчин орж ирээгүй, шөнө ус алдаад байна гэж мессеж ирэхээр нь үзэхэд юу ч байгаагүй учир энэ талаар хариу хэлэхэд 03 тоот өчигдөр алдсан учир сануулж байна гэсэн. Слесарь ч орж ирээд үзсэн, ямар ч ус алдаагүйг үзээд явсан. Харин Г.Отгонбаярынд өөрт нь шугам солиулсан гэж контор тэмдэглэсэн байсан.

4 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд мөн 3 тоот олон удаа дуудлага өгсөн байдаг. Дуудлагаар ирэх болгонд манайд орж ирж үздэг, ус гоожсон зүйл байхгүйг слесарууд болон конторынхон бригадаараа ирээд харсан байгаа. Дуудлагын дэвтэрт угаасаа гоожилт алга гээд бичсэн байгаа. Энэ хүн байнга дуудлага өгөөд байна, надад нүдээр харахаар юм байхгүй, инженер хараад юм байхгүй гээд хэлсэн. Тэгээд нэхэмжлэгч өөрөө ахлах инженерийг дагуулж манайд орж ирж үзсэн. Тэгэхэд манайхаас ус алдсан зүйл байгаагүй. Ус гоожсон зүйл алга гэдэг. Б.Алтанзул инженер орж ирж үзэхэд нь ч манайхаас ус гоожоогүй учир далд шугамын гэмтэл гэж тэмдэглэлдээ бичсэн байдаг. Сүүлдээ 03 тоот байнга дуудлага өгөөд байсан тул та хоёр далд шугамаа соль, ил юм алга гэсэн. Өмнөх айлд нь ч ийм асуудал давтагддаг байсан, олон удаа нэхэмжлэгч шүүхэд өгдөг байсан юм билээ. Тухайн үед нь хаанаас гоожоод байгааг хоёулаа үзчих хэрэгтэй байсан.

Хэрэглэгчдэд үйлчлэх төвийнхөн манай хоёр айлыг андахгүй, далд шугамаа л засварла гэдэг. Сүүлдээ аргаа бараад, байнга хэл ам хийгээд байхаар нь 8 дугаар сарын 22-ны өдөр би далд шугамаа засуулья гэж Б.Алтанзул инженерт хэлсэн. Хамтдаа засварлуулая, би материалын аваад өгье гэхэд 03 тоотын Т.Отгонбаяр өөрөө зөвшөөрөөгүй. Их түвэгтэй хүн тул би конторын засварчдыг 03 тоотоос орж зөвшөөрөл ав гэсэн. Гэтэл Т.Отгонбаяр зөвшөөрөөгүй учир би доошоо 20 см оруулаад өөрийнхөө гэрийн далд шугамаа солиулсан. Хэрэв засвар хийхдээ засварчид ус алдсан, гоожсон бол засвар хийсэн хүмүүстээ нэхэмжлэлээ гаргах хэрэгтэй. Миний хувьд конторын ажилтнуудаар нь хийлгэсэн. Засвар хийхдээ слесарь жаахан ус алдсан байх. 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс хойш дуудлага өгсөн юм байхгүй. Бүхэлд нь ус нэвтрүүлэхгүй шингэн шилээр засвараа хийлгэсэн.

Сүүлд нь 2023 оны 3 дугаар сард контор хоёуланд бичиг өгөөд дундын шугамаа солиулах шаардлага тавьсан. Гэтэл хамаг засвараа хийсэн байтал дахиж нураана гэсэн тул би эхлээд Т.Отгонбаяраас бичгээр хүсэлтийг нь авсны дараа үзүүлнэ гэж хэлсэн нь үнэн. Конторынхон 2023 онд сүүлд шугам сольж завсар дундын хэрэглээний хүйтэн усны шугамын гэмтэл гэж тогтоосон.

Дуу чимээ гаргах тоолонд л цагдаа дуудна. Орой усанд орлоо, ямар их орж гардаг юм гээд байнга л цагдаад дуудлага өгнө. Сүүлдээ намайг танихгүй хүн байхгүй болсон. Гэтэл миний хүүхдүүд том болсон, дуу чимээ гаргах нь битгий хэл надтай ч юм ярьдаггүй учир манайд тэгж дуу чимээ гарах зүйл байдаггүй. Сүүлдээ телевизороо ч чанга дуугарахаа больж, гэртээ ч юм ярилцахаа больж, гэрт маань ч хүн ирэхээ больсон. Яагаад гэвэл дуу гарахаар л байнга паар нүдэж, цагдаад дуудлага өгдөг болсон.

Энэ байрны өмчлөгч нь Ц.Г , Д.С бид хоёр биш, харин манай хүү С.М ийн өмчлөлд бүртгэлтэй байдаг. Гэхдээ энэ орон сууцанд бид амьдарч байгаа тул энэ асуудлыг бид өөрсдөө хариуцна. Б.М орон сууцанд амьдарч байгаагүй тул хамааралгүй гэв.

 

3.Хариуцагч Б.М ын өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.М ын тухайд тухайн орон сууцны өмчлөгчөөр 2022 оны 01 дүгээр сараас 2022 оны 5 дугаар сар хүртэл байгаад С.М д худалдсан. Уг орон сууцанд амьдарч байгаагүй. Нэхэмжлэгч хариуцагч тус бүрээс хэдэн төгрөг шаардсан нь өөрөө тодорхойгүй. Хэрэгт авагдсан баримтаар далд босоо шугамнаас ус алдсан гэж тодорхойлогдсон ч хэдэн төгрөгний хохирол учруулсан талаар эрх бүхий этгээдийн тогтоосон акт алга. Хохирогчийн буруутай үйлдлийн улмаас хохирол учирсан бол хариуцахгүй гэж заасан. Б.М гэм буруугүй тул түүнд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

  4.Нэхэмжлэгчээс баримтаар: Т.О. иргэний үнэмлэхний хуулбар, Т.О.н өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Гэмтлийн шалтгааныг тогтоох тухай 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлт, Вендо ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримт, Вендо ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сард гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлан, 2023 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн кассын орлогын ордер, Зарлага 255, 545 гэсэн баримт, шугамд засвар хийсэн талаарх фото зургууд гэсэн баримтуудыг,

/1хх 4, 6, 7-26/

  Хариуцагч талаас: ОСНААУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-8-ын 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 01/67 дугаартай албан бичиг, 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн зарлагын баримт, Босоо шугамд засвар хийсэн талаарх фото зургууд, 2022 оны 02 дугаар сарын 06, 07, 3 дугаар сарын 02, 2023 оны 3 дугаар сарын 04, 24-ний өдрийн зарлагын баримтууд, ОСНААУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-8-ын 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 01/83 дугаартай албан бичиг, Өмгөөлөгч Д.Энхтунгалагтай байгуулсан өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ гэсэн баримтыг шүүхэд ирүүлсэн байна. /1хх 38, 50-56/

  Шүүхийн журмаар: талуудын хүсэлтээр ОСНААУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-8-ын 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 01/40 дугаартай албан бичиг, ОСНААУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-8-ын 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 01/40 дугаартай албан бичиг, /1 хх 75-76,

Зохигчийн хүсэлтээр нэхэмжлэгч Т.О өмчлөлийн Сүхбаатар дүүргийн ..тоот орон сууцны угаалгын өрөө, коридор, гал тогооны өрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд, Э.Х. гэрчээр асуусан тэмдэглэл, Б.А. гэрчээр асуусан тэмдэглэл, Н.М. гэрчээр асуусан тэмдэглэл, Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 9 дүгээр сарын 02-ны өдрүүдэд удаа дараа ус алдах үед хийсэн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, ОСНААУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-8-ын 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 01/103 дугаартай албан бичиг болон дуудлагын дэвтрийн хуулбар гэсэн баримт /1хх 92-101, 112-130, 131-156/

Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 20-ны 5/21378 тоот хариу, ОСНААУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-8-ын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 01/44 тоот хариу, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 5/3689 тоот хариу зэргийг бүрдүүлжээ. /1хх 78-83, 2хх 69-71, 72, 81-94/

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Т.О.р нь Ц.Г , Д.С , Б.М , С.М нарт холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 933,904 төгрөг гаргуулахаар шаардсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагч С.М ээс татгалзсан тул шүүх түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

2.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: 05 тоот дээд талын айл 2022 оны 01 дүгээр сараас 2022 оны 9 дүгээр сарын хооронд удаа дараа буюу 4 удаа ус алдсан тул эд хөрөнгөд учирсан хохирлыг арилгуулна гэж тайлбарлав.

3.Хариуцагч Ц.Г , Д.С нар нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ: 2022 оны 01, 02, 4 дүгээр сард манайхаас ус алдаагүй, харин хоёр айлын дундын босоо шугамны заадаснаас үүдэлтэй тул гэм буруугүй, 2022 оны 8 дугаар сард засварыг конторын ажилтнуудаар хийлгэхэд ус алдсан бол контор хариуцах учиртай, түүнлчэн нэхэмжлэгч өөрөө дундын шугам солиулахаас татгалзсан гэж тайлбарлав.

4.Хариуцагч Б.М аас татгалзлын үндэслэлээ: Тухайн орон сууцанд амьдарч байгаагүй, ус алдаагүй, түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлээ нотлоогүй гэж тайлбарлав.

5.Хэрэгт авагдсан баримт, зохигчдын маргаангүй тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:

5.1.Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 1 дүгээр дөчин мянгат, 28 дугаар байрны 5 тоот орон сууцыг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн худалдах худалдан авах гэрээгээр өмчлөгч Б.М болж бүртгэгдсэн, түүний дараа 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн худалдах худалдан авах гэрээгээр С.М өмчлөгчөөр бүртгэгдсэн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн лавлагаа, холбогдох бүртгэлийн баримтуудаар тогтоогдсон. /2хх 68-69, 81-94/

5.2.Хариуцагч Ц.Г , түүний нөхөр Д.С , хүү С.Мө.р нар дээрх 28 дугаар байрны 5 тоотод 2021 оны 05 дугаар сараас эхлэн оршин сууж байгаа, 2023 онд үндсэн оршин суугчаар шилжин ирсэн, байнга оршин суугч болох нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 11 тоот тодорхойлолт, хүн амын өрхийн бүртгэлийн баримтаар тогтоогдсон. /2хх 70-71/

5.3. Дээрх 28 дугаар байрны 3 тоотод нэхэмжлэгч 1999 оноос хойш оршин сууж байгаа, тухайн орон сууцыг хамарсан Сууц өмчлөгдийн холбоо байхгүй гэдэгт зохигчид маргаагүй.

6.Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8-д хэрэглэгч буюу орон сууцны өмчлөгч нь өөрийн эзэмшилд байгаа шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах, засвар үйлчилгээг хариуцах үүрэгтэй гэж заасан, тухайн орон сууцанд Сууц өмчлөгчдийн холбоо байгуулагддаг тул Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 1 дүгээр дөчин мянгат, 28 дугаар байрны 5 тоот орон сууцыг хэрэглэгч, өмчлөгч этгээд нь тухайн орон сууцнаас ус алдсан тохиолдолд бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй этгээдэд тооцогдоно.

Дээр дурдснаар маргаанд хамаарах хугацаанд Б.М , С.М нар бүртгэлтэй өмчлөгч этгээдүүд, түүнчлэн Ц.Г , Д.С нарын тухайд тухайн орон сууцанд байнгын амьдардаг бүртгэлтэй хэрэглэгч этгээд болох нь тогтоогдсон тул хэрэв ус алдах замаар бусдад гэм хор учруулсан тохиолдолд хохирлыг хариуцах этгээд мөн.

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүйг үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд гэм хорыг арилгахдаа гэм хор учрахаас өмнөх байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхөөр зохицуулжээ.

Нэхэмжлэгчээс дөрвөн удаагийн тохиолдлоор ус алдсан гэж тайлбарласан.

7.1.Хэрэгт авагдсан баримтаар 2022 оны 01 дүгээр сард тус байрны 05 тоот айлаас ус алдсан үйл баримт тогтоогдоогүй. Маргааны зүйл болсон 28 дугаар байрыг хариуцдаг Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төв-8-аас ирүүлсэн засвар үйлчилгээний дуудлага хүлээн авах дэвтэрт 2022 оны 01 дүгээр сарын 09,11-нд Тагнуулын 28 дугаар байрны 5 тоот айлаас дуудлага ирснээр материал захиж холигч сольсон талаар тэмдэглэсэн. Харин энэ өдрүүдэд доод айл болох 03 тоотоос ус алдсан талаар дуудлага бүртгэгдээгүй байна. Иймд 2022 оны 01 дүгээр сард ус алдсан үйл баримт тогтоогдоогүй, түүнчлэн хариуцагч гэм буруутай гэх байдал тогтоогдоогүй гэж үзнэ.

7.2.2022 оны 02 дугаар сарын 04-нд тус байрны 03 тоот айлаас дээрээс ус алдсан дуудлагыг Хэрэглэгчдэд үйлчлэх төв-8-д өгсөн, түүний дагуу шалгаад 5 тоотод усны алдагдал мэдэгдэхгүй. Ус бага зэрэг шүүрсэн гэж тэмдэглэгджээ.

7.3.2022 оны 4 дүгээр сард дөрвөн удаа 03 тоот айлаас ус алдсан дуудлагыг өгсөн, дуудлагын дагуу шалгаад 4 дүгээр сарын 14-нд усны алдагдал тодорхойгүй гэж, 4 дүгээр сарын 15-нд хэсэгт шилжсэн дуудлага, Зүүн түгээхийн 2 хэсгээс засварчин орсон гэж тэмдэглэсэн, 4 дүгээр сарын 26-нд дуудлагаар очиход усны гоожилт зогссон гэж, 4 дүгээр сарын 28-нд мөн л дээд айлаас хэсэгт шилжүүлэв гэж тэмдэглэсэн байна.

Хариуцсан мэргэжлийн байгууллага болох Хэрэглэгчдэд үйлчлэх төв-8-өөс 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 01/39, 01/40 тоот албан бичгээр тус 28 дугаар байрны 3 болон 5 тоот айлуудад завсар дундын хэрэгцээний халуун, хүйтэн усны шугамыг засварлуулах талаар нэхэмжлэгч, хариуцагч нарт мэдэгдсэн, улмаар 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хоёр айлд засвар үйлчилгээ хийснээр инженерийн шугам сүлжээ хэвийн ажиллагаатай болсон, дээрх хоёр айлын 5 тоотын шал, 3 тоотын таазны завсар буюу завсар дундын босоо шугамнаас ус алдсан болохыг сүүлд тогтоосон болох нь тус байгууллагын 2024 ны 02 дугаар сарын 28-ны өдрийн 01/44 тоот албан бичиг, 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 01/103 тоот, 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 01/67 тоот албан бичгүүдээр тогтоогдсон. /1хх 92, 227, 2хх 72/

Түүнчлэн дээрх завсар дундын босоо шугам нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д зааснаар дундын өмчлөлийн хөрөнгөд хамаарах бөгөөд сууц өмчлөгчдийн холбоо болон хэрэглэгч хариуцах инженерийн шугам сүлжээнд хамаардаг талаар, мөн 3 болон 5 тоотын ус алдсан усны шугам анхнаасаа далд шугам болохыг тодорхойлсон. Үүнд зохигчид хуралдааны явцад маргаагүй.

Дээрх байдлаар 2022 оны 02, 4 дүгээр сард ус алдсан үйл баримт тогтоогдсон ч ийнхүү ус алдсан үйл баримтад хариуцагчийг гэм буруутай гэж үзэх боломжгүй. Ус алдсан шалтгааныг хоёр айлын засвар дундын далд шугамны гэмтлээс үүдэлтэй ус алдсан гэж тогтоосон тул шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан санаатай, болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүй-гээр хохирол учруулсан, тэдгээрийн хооронд шалтгаант холбоо тогтоогдсон гэж үзэх боломжгүй гэж үзэв.

7.4.Харин 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 05 тоотод засварын ажил гүйцэтгэх явцад ус алдсан болох нь Хэрэглэгчдэд үйлчлэх төв-8-аас ирүүлсэн засвар үйлчилгээний дуудлага хүлээн авах дэвтэр дэх тэмдэглэгээ, тус төвөөс олгосон 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн гэмтлийн шалтгааныг тогтоох дүгнэлт зэргээр тогтоогдсон тул ус алдсаны улмаас учирсан хохирлыг хариуцагч Ц.Г , Д.С нар хариуцан арилгах үүрэг хүлээнэ.

Хариуцагчаас мэргэжлийн хүмүүс өөрсдөө засвар хийсэн тул 2022 оны 8 дугаар сард ус алдсан гэвэл конторын засвар хийсэн ажилчид өөрсдөө хариуцах ёстой гэж тайлбарласан.

2022 оны 8 дугаар сард Хэрэглэгчдэд үйлчлэх төв-8-ийн засварчид 5 тоот айлын тухайн айл доторх босоо шугамыг солих засварын ажлыг гүйцэтгэсэн нь гэрчүүдийн мэдүүлэг, зохигчдын өөрсдийн тайлбараар тогтоогдсон ч ийнхүү засварлах ажлыг 5 тоотын дуудлагаар хийж гүйцэтгэх болсон, хариуцагч хөлсөөр ажиллуулсан тул түүнээс гарах үр дагаврыг ажиллуулсан этгээд хариуцах тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т зааснаар хариуцагч нарыг гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй байна.

Хэрэв хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ажилтнууд ажлыг гүйцэтгэхдээ алдаа гаргасан, гэм буруутай гэж үзвэл хариуцагч засвар үйлчилгээг хийсэн ажилтан, байгууллагаас жич шаардах нь зүйтэй.

8.Хохирлын тухайд: нэхэмжлэгч 2022 оны 01 дүгээр сард ус алдсанаас гал тогооны таазны усны хоолойны шугам дагуух хэсэгт ус шүүрч алдсаны хохирлыг өөрөө засварлахад гарах зардал 276,000 төгрөг, Ванны өрөөнд ус алдсаны улмаас засварт Вендо ХХК-ийн үнэлгээний тайлангаар тогтоосон 526,404 төгрөг, үнэлгээ хийлгэхэд төлсөн ажлын хөлс 88,000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргах, баримт бичиг бүрдүүлэхэд гарсан зардал 43,500 төгрөг, нийт 933,904 төгрөг гаргуулахаар шаардсан.

Нэхэмжлэгч гал тогооны өрөөний тааз засварлах зардлаа 2022 оны 01 дүгээр сард ус алдсан тохиолдолтой холбож, харин бусад гурван удаагийн ус алдсан тохиолдолд хамааралгүй гэж тайлбарласан. Шүүх 2022 оны 01 дүгээр сард ус алдсан үйл баримт тогтоогдоогүй гэж үзсэн тул гал тогоо засварлахад гарах зардал 276,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.

Вендо ХХК-ийн үнэлгээний тайлангаар засварын ажлын зардлыг 526,404 төгрөгөөр тогтоосон /1хх 8-26/, нэхэмжлэгч үнэлгээ хийлгэхэд ажлын хөлс 88,000 төгрөг төлсөн орлогын баримт /1хх 7/, шүүхэд нэхэмжлэл гаргах, баримт бичиг бүрдүүлэхэд нотариатын зардалд 3.300 төгрөг /1хх208, 213/, гар утаснаас СД рүү бичлэгт хөрвүүлсэн зардал 20.000 төгрөг /1хх211, 212/, фото цаас, принтерээр хэвлэсэн зардалд 20.500 төгрөг /1хх214-216/ төлсөн баримтуудыг ирүүлсэн тул шүүх дээрх зардлуудыг хохиролд тооцох нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1, 510 дугаар зүйлийн 510.1-д нийцнэ.

9.Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2-т Гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ. гэж, 514 дүгээр зүйлийн 514.1-т Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно. гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч 2022 оны 8 дугаар сард босоо шугамны засварын ажлыг маргаан болсон 3 болон 5 давхрын хоёр айл хамтдаа хийх саналыг хариуцагч талаас тавьсан боловч нэхэмжлэгч өөрөө засвар хийлгэхээс татгалзсан үйл баримт гэрчүүдийн мэдүүлэг, хэргийн баримтаар тогтоогдсон тул тэрээр хохирлын хэмжээ нэмэгдэхэд хэт хайхрамжгүй байдал нөлөөлсөн гэж үзэв.

Нэхэмжлэгчээс мэргэжлийн бус, эрхгүй этгээдээр засвар хийлгэх гэж байсан тул татгалзсан гэж тайлбарласан ч тухайн засварын ажлыг тухайн байрыг хариуцсан Хэрэглэгчдэд үйлчлэх төв-8-ийн ажилчид хийсэн, хийх санал тавьсан болох нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон. Иймд зөвхөн хариуцсан инженер хийх эрхтэй тухай нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

Үүнээс гадна нэхэмжлэгч 1998 оноос хойш тухайн байрандаа амьдарч байгаа хэрнээ шугам хоолой ямар ч асуудалгүй, гэмтэл гараагүй гэж тайлбарлаж, энэ хугацаанд далд шугамыг засварлуулж байгаагүй болох нь өөрийнх нь тайлбараар тогтоогдсон.

Иймд хохирлыг нэхэмжлэгч, хариуцагч нарт тэнцүү хэмжээгээр хуваан хариуцуулах нь зүйтэй.

10.Хариуцагч Б.М 2022 оны 01 дүгээр сараас 05 дугаар сарын өмчлөгч тухайн 05 тоот орон сууцны өмчлөгч байсан, шүүх энэ хугацаанд ус алдсан тохиолдлыг гэм буруугүй гэж үзсэн тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр хариуцагч Ц.Г , Д.С нараас 327,452 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

11.Томилогдсон иргэдийн төлөөлөгч нарт шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар хүргүүлсэн боловч хүрэлцэн ирээгүй тул зохигчдын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

12.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар Ц.Г , Д.С нараас 327.452 /гурван зуун хорин долоон мянга дөрвөн зуун тавин хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Отгонбаярт олгож, нэхэмжлэлээс үлдэх 606.452 төгрөгийг болон хариуцагч Б.М , С.М нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 32.565 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Г , Д.С нараас тэмдэгтийн хураамжид 10.474 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ

 

 

ШҮҮГЧИД Ц.АМАРМЭНД

 

 

С.ХИШИГБАТ