Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 308

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүхийн хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Л.Содномдорж хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Мижиддорж,

хохирогч Б.Н-,

шүүгдэгч Э.М-, түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Э-ийн М-д холбогдох эрүүгийн 1710000000102 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 Монгол Улсын иргэн, 1997 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо ****** тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1388 дугаартай шийтгэх тогтоолтой, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-т зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

- Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 ны 07 дугаар сарын 27-ны өдрийн 775 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялын хугацааг 5 жил 7 сарын хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 458 дугаартай шүүгчийн захирамжаар 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд зааснаар 01 жил 05 сар 07 хоногийн хорих ялаас чөлөөлж, сулласан, Б овогт Э-ийн М

 

Холбогдсон хэргийн талаар

 /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Э.М- нь 2017 оны 08 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо Яармагийн хуучин эцсийн автобусны буудал дээр ямар нэгэн шалтгаангүйгээр иргэн Б.Н-той маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн гаргасан мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн гаргасан мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргийг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.М- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул өөр нэмж ярих зүйлгүй гэв.

Хохирогч Б.Н- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Э.М-ын сууж байсан машин хар тентэй байсан ба дотор нь миний цүнх байна уу гэж цонхоор нь хартал Э.М- нь хаалгаа онгойлгож намайг мөргүүлчихээд “чи юугаа хараад байгаа юм, гичий минь” гэхэд нь “чи яаж байгаа юм бэ, би цүнхээ авах гэж байна” гэж хэлээд адилхан биеэ хамгаалах гээд үсдэлцээд зодолдсон. Тухайн үед Э.М- согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан ба би бие бялдарын хувьд ч Э.М-ыг яагаад ч дийлэхгүй байсан. Би дийлэхээ болиод дээшээ хараад хэвтэж байхад Э.М- нь намайг үг болон үйлдлээрээ доромжилж, тамхиа миний толгой дээр унтраасан. Тухайн үед хамт байсан хүмүүс бид хоёрыг салгах боломжтой байсан боловч цаад талын буланд пиво уугаад сууж байсан. Э.М- миний үснээс зулгааснаас болж үс халзарсан сорвио арилгамаар байна гэв.

 

Мөн хавтаст хэргээс

1.Шүүгдэгч Э.М- мөрдөн байцаалтанд 2017.09.08-ны өдөр яллагдагчаар мэдүүлэхдээ: ...2017 оны 08 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө 03 цагийн үед Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо Яармагийн хуучин эцсийн буудал дээр найз Зоригоогийн хамт машинтай сууж байхад Б.А-, Б.Н- хоёр машинтайгаа ирсэн. Б.Н- машинаасаа буугаад миний сууж байсан машины шилийг тогшихоор нь би хаалгаа онгойлгож өгөхөд “чи яахаараа над руу хаалгаа савдаг хэн юм бэ” гээд намайг үсдэхээр нь би адилхан үсдэлцээд газраар өнхөрсөн. Тэр үед манай найз С ирээд салгахад Б.Н- “чамайг би алнаа янхан минь” гэж хэлээд дайрахаар нь би Б.Н-г түлхээд газар унагаачихаад Зоригоогийн машинд суугаад явсан. Би Б.Н-той газраар үсдэлцээд өнхөрч байхдаа 2 өвдөгөө шалбалсан. Баруун өвдөгний доод хэсэгт, баруун гарын шуу хэсэгт хөхөрсөн байсан. Одоо энэ шархнууд бүдэгрээд арилсан. Би Б.Н-гийн өвдөг рүү нэг удаа өшиглөсөн. Б.Н-г “алнаа янхан минь” гээд дайрахаар нь түлхээд газар унагаачихсан. Намайг Б.Н- цохиж зодсон асуудал байхгүй. Харин Б.Н- миний үснээс эхлээд үсдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/,

2. Хохирогч Б.Н- 2017.08.12-ны өдөр мэдүүлэхдээ: ...Би 2017 оны 08 дугаар сарын 11-нээс 12-ны шилжих шөнө Хүүхдийн паркт болсон шоунаас гараад Б.А- гэдэг найзтайгаа таараад тэрнийг дагаж явсан. Караоке оръё гэтэл ажиллах газар байхгүй болохоор Яармагийн автобусны буудал дээр ирээд зогссон. Би Б.А-гийн найзын машинаас цүнхээ авах гээд хаалганы цонхоор нь гаднаас нь хартал дотор нь сууж байсан хүн хаалгаа хүчтэй онгойлгоод миний толгойг мөргүүлсэн. “Чи яаж байгаа юм бэ” гэсэн чинь дотор сууж байсан эмэгтэй бууж ирээд “чи юу хараад байгаа юм бэ” гэж хэлээд над руу дөхөж ирээд үсдэхээр нь би буцаагаад үсдсэн. Тэр үед хамт явж байсан хүмүүс бид хоёрыг салгаад, би буцаад машиндаа суусан. Нөгөө эмэгтэй нь ирээд миний хөлнөөс чирж буулгаад бид хоёр дахин үсдэлцсэн. Миний баруун талын өвдөгийг хазаад, эмэгний яс хавьцаа арьсанд зүүлттэй байсан 2 ширхэг ээмэгийг татаж аваад, нүүр рүү гараараа хэд хэдэн удаа цохисон. Мөн нүүр, хэвлий хэсэгт 7-8 удаа өшиглөсөн. Үсдэж байхдаа атга үс зулгааж авсан. Харин би нэг л удаа хэвлий хэсэгт нь өшиглөсөн, бусдаар цохиж зодоогүй. Намайг үсдээд байхаар нь би адилхан үсдэлцсэн. Болсон асуудлыг Б.А-, Б.А-гийн найз Соронз, Ч- нар харсан. Би тухайн үед 200гр архи, 0,5 литрийн савлагаатай пивоны талыг уусан. Харин Э.М- согтуу байсан. Би баруун өвдөгөндөө хазуулсны улмаас өвдөг хөхөрсөн, хамрандаа цохиулсны улмаас хамар хавдсан, атга үс зулгааж авсан болохоор толгойн дээд хэсгээр үл ялих халзарсан, эгэмний ясны ойролцоо арьсыг нь цоолж тогтоосон 2 ширхэг ээмэгийг татаж авсны улмаас шарх үүссэн...гэх мэдүүлэг /хх-ийн 7-8-р хуудас/,

2017.09.13-ны өдөр мэдүүлэхдээ: ...Би Э.М-ыг өмнө нь огт харж байгаагүй. 2017 оны 08 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө найз Б.А-, түүний 2 найзтай хамт Яармагийн эцсийн буудал дээр ирж, машин дотор хэсэг сууж байгаад би хамт явж байсан машин дотроос цүнхээ авах гээд цонхоор нь харж байтал Э.М- хаалгаа онгойлгоод “юу хараад байгаа гичий вэ” гэхээр нь “чи юу юм бэ, би  цүнхээ авах гэж байна” гэхэд “намайг Яармагийн Зулаа гэдэг” гээд үсдээд газар унагааж, дээрээс өшиглөсөн. Надад гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/,

 

3. Гэрч Б.А- 2017.08.12-ны өдөр мэдүүлэхдээ: ...2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр найз Б.Н-той хамт Хүүхдийн паркт шоунд очоод шөнийн 03 цагийн үед харихаар болоод Ч-, С, Б.Н- бид дөрөв Яармагт ирсэн. Ч- надаас тусдаа машинтай явж байсан. Яармагийн хуучин эцсийн автобусны буудалд ирээд зогстол Ч-ийн машинд Зулаа хочтой Э.М- сууж байсан. Би Ч-оос “наадах чинь юу хийж байгаа юм бэ” гэсэн чинь “сая тааралдаад суулгачихлаа” гэж хэлсэн. Би машин дээрээ буцаж ирээд Б.Н-д “Ч-ийн машинд Э.М гэх эмэгтэй сууж байна, чи битгий очоорой” гэсэн чинь “наад машинд чинь миний цүнх байгаа” гэж хэлээд буугаад нөгөө машин руу очоод цонхоор нь хартал Э.М- хаалгаа хүчтэй онгойлгоод Б.Н-гийн нүүр хэсгийг цохьчихсон. Тэгтэл Б.Н- “чи одоо наад хаалгаа яаж онгойлгоод байгаа юм бэ” гэхэд Э.М- бууж ирээд хоорондоо үсдэлцээд зодолдож эхэлсэн. Э.М- нь Б.Н-гийн нүүр рүү гараараа цохиод, өшиглөж унагаагаад, үсдэж чирээд байсан. Б.Н- бид нартай хамт 0,5 литрийн шилтэй пиво 1 ширхэг уусан. Шоунд явж байхдаа найзуудтайгаа хамт архи уусан гэж ярьж байсан. Харин Зулаа согтуу байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/,

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №10348 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1.  Б.Н-гийн биед баруун өвдөгөнд цус хуралт, 2 эгэмний дор шархтай гэмтэл тогтоогдлоо.

2.  Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй. /хх-ийн 15-р хуудас/,

 

5. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014.11.24-ний өдрийн 1388 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 30-33-р хуудас/,

6. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015.07.27-ны өдрийн 775 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 34-37-р хуудас/,

7. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.07.03-ны өдрийн 458 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /хх-ийн 38-р хуудас/,

8. Шүүгдэгч Э.М-ын урьд нь ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 22-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Э.М-ыг гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Э.М- нь 2017 оны 08 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо Яармагийн хуучин эцсийн автобусны буудалд хохирогч Б.Н-г зодож биед нь “...баруун өвдөгөнд цус хуралт, 2 эгэмний дор шарх” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

 

1. Хохирогч Б.Н-гийн ...Би Б.А-гийн найзын машинаас цүнхээ авах гээд цонхоор гаднаас хартал дотор нь сууж байсан хүн хаалгаа хүчтэй онгойлгоод миний толгойг мөргүүлсэн. “Чи яаж байгаа юм бэ” гэсэн чинь дотор сууж байсан эмэгтэй бууж ирээд “чи юу хараад байгаа юм бэ” гэж хэлээд над руу дөхөж ирээд үсдэхээр нь би буцаагаад үсдсэн. Тэр үед хамт явж байсан хүмүүс бид хоёрыг салгаад, би буцаад машиндаа суусан. Нөгөө эмэгтэй нь ирээд миний хөлнөөс чирж буулгаад бид хоёр дахин үсдэлцсэн. Миний баруун талын өвдөгийг хазаад, эмэгний яс хавьцаа арьсанд зүүлттэй байсан 2 ширхэг ээмэгийг татаж аваад, нүүр рүү гараараа хэд хэдэн удаа цохисон. Мөн нүүр, хэвлий хэсэгт 7-8 удаа өшиглөсөн. Үсдэж байхдаа атга үс зулгааж авсан. Намайг үсдээд байхаар нь би адилхан үсдэлцсэн. Би баруун өвдөгөндөө хазуулсны улмаас өвдөг хөхөрсөн, хамрандаа цохиулсны улмаас хамар хавдсан, атга үс зулгааж авсан болохоор толгойн дээд хэсгээр үл ялих халзарсан, эгэмний ясны ойролцоо арьсыг нь цоолж тогтоосон 2 ширхэг ээмэгийг татаж авсны улмаас шарх үүссэн...гэх мэдүүлэг /хх-ийн 7-8-р хуудас/,

2017.09.13-ны өдөр: ...машин дотроос цүнхээ авах гээд цонхоор нь харж байтал Э.М- хаалгаа онгойлгоод “юу хараад байгаа гичий вэ” гэхээр нь “чи юу юм бэ, би  цүнхээ авах гэж байна” гэхэд “намайг Яармагийн Зулаа гэдэг” гээд үсдээд газар унагааж, дээрээс өшиглөсөн. Надад гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/,

 

2. Гэрч Б.А-гийн ...Яармагийн хуучин эцсийн автобусны буудалд ирээд зогстол Ч-ийн машинд Зулаа хочтой Э.М- сууж байсан. Би Ч-оос “наадах чинь юу хийж байгаа юм бэ” гэсэн чинь “сая тааралдаад суулгачихлаа” гэж хэлсэн. Би машин дээрээ буцаж ирээд Б.Н-д “Ч-ийн машинд Зулаа гэх эмэгтэй сууж байна, чи битгий очоорой” гэсэн чинь “наад машинд чинь миний цүнх байгаа” гэж хэлээд буугаад нөгөө машин руу очоод цонхноос нь хартал Э.М- хаалгаа хүчтэй онгойлгоод Б.Н-гийн нүүр хэсгийг цохьчихсон. Тэгтэл Б.Н- “чи одоо наад хаалгаа яаж онгойлгоод байгаа юм бэ” гэхэд Э.М- бууж ирээд хоорондоо үсдэлцээд зодолдож эхэлсэн. Э.М- нь Б.Н-гийн нүүр рүү гараараа цохиод, өшиглөж унагаагаад, үсдэж чирээд байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/,

 

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №10348 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1.  Б.Н-гийн биед баруун өвдөгөнд цус хуралт, 2 эгэмний дор шархтай гэмтэл тогтоогдлоо.

2.  Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй. /хх-ийн 15-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Э.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

        

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Э.М- нь 2017 оны 08 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо Яармагийн хуучин эцсийн автобусны буудал дээр хохирогч Б.Н-г зодож бие махбодид хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Б.Н-гийн мэдүүлэг /хх-ийн 7-10-р хуудас/, гэрч Б.А-гийн мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №10348 дүгнэлт, шүүгдэгч Э.М-ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч Б.Н- нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй /хх-ийн 10-р хуудас/ гэж мэдүүлсэн хэдий ч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд сорви арилгахад шаардлагатай зардлыг Э.М-аас гаргуулмаар байна” гэж мэдүүлсэн боловч хавтаст хэрэгт холбогдох нотлох баримт авагдаагүй тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

           Харин хохирогч Б.Н- нь гэмт хэргийн улмаас бие махбодид учирсан  гэмтлээ эмчлүүлэхтэй холбоотой цаашид гарах зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Э.М-д ял оногдуулахдаа гэмт хэрэг гарсан байдал шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Э.М- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Б овогт Э-ийн М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.М-ыг 320 /гурван зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.М-д мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Э.М- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Хохирогч Б.Н- нь гэмт хэргийн улмаас бие махбодид учирсан гэмтлээ эмчлүүлэхтэй холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Э.М-аас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжүүлсүгэй.

                   

 

 

           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Х.ОДБАЯР