Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 14

 

Ц.Л-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2015/01138/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  01 дүгээр сарын 10-ны өдрийн 73 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ц.Л-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хорих-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдох

"Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгчөөс өөр этгээдийн битүүмжилсэн дансыг чөлөөлүүлэх, хууль бусаар хэрэгжүүлсэн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны улмаас учирсан хохирол 2.255.510 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батжаргалын давж заалдсан гомдлыг үндэслэн

           2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаа илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Л-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батжаргал нар шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дархан-Уул аймгийн Өмч хувьчлалын комиссын 1993 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 33 тоот тогтоолоор Орхоны жимс ногооны сангийн аж ахуйг хувьчилж, төрийн өмчийн оролцоотой хувьцаат компани болгон дүрмийн санг 7.430.500 төгрөгөөр тогтоож, нийт 74305 ширхэг хувьцаа гаргаснаас 51 хувь буюу 36365 ширхэг хувьцааг төрийн өмчийн мэдэлд үлдээж, үлдэх 49 хувь буюу 34940 хувьцааг Монголын хөрөнгийн биржээр худалдсан болно. Улмаар Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2001 оны 16 дугаар тогтоолыг үндэслэн Дархан-Уул аймгийн Засаг даргын 2001 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 169 дүгээр захирамжаар Орхон сумын “Х-” ХК-ийн нийт хувьцааны 31.15 хувийг эзэмшдэг хувьцаа эзэмшигч ба бусад 52093 ширхэг хувьцаа буюу хувьцааны 68.85 хувийг өөр иргэд эзэмшдэг.

Гэтэл “Х-” ХК-ийн өр төлбөрийг барагдуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Ц.Л- намайг ОХУ-д ажлаар явж байхад миний дансыг битүүмжилсний улмаас миний бие нь дансан дахь мөнгөө захиран зарцуулж чадахгүй, хүний нутагт маш хүнд байдалд орсон тул тэр даруйд ШШГШГ-ын вэб сайт руу орж, онлайнаар гомдол гаргасан ба өөрийн хуульчийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч, ахлах шийдвэр гүйцэтгэгч нартай уулзуулж, Хуулийн этгээдийн өр төлбөрийг хувь хүний данснаас гаргуулах гэж байгаа нь хууль зөрчиж байгаа тул ажиллагаагаа зогсоох тухай тайлбар, хүсэлт гаргуулсан боловч үр дүн гараагүй, миний дансан дахь мөнгийг татан авч, төлбөр төлөгч “Х-” ХК-ийн өр төлбөрийг барагдуулсан.

Ийнхүү хөрөнгийн биржид бүртгэлтэй хэдэн зуун хувьцаа эзэмшигчтэй хувьцаат компанийг гаргуулах өр төлбөрийг, тус компаний 31.15 хувийг эзэмшдэг хувьцаа эзэмшигчийн банкин дахь хувийн дансыг битүүмжилж, уг дансан дахь мөнгийг хураан авч барагдуулсан нь хууль зөрчсөн.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д заасныг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжлэгдсэн Ц.Л- миний эзэмшлийн Хаан банк дахь 5045529071 тоот дансыг битүүмжлэлээс чөлөөлүүлэх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-д заасныг үндэслэн данснаас хураан авсан 2.255.510 төгрөгийг нөхөн төлүүлэхээр энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн дарга С.Л-, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхцэцэг нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 127 дугаартай шүүгчийн захирамжаар “Х-” ХК-аас 2.195.510 төгрөг гаргуулж, Дархан-Уул аймгийн Татварын хэлтэст олгохоор шийдвэрлэсэн 230 тоот гүйцэтгэх баримт бичгийг 2019 оны 03 дугаар сарын 27-ны хүлээн авч, 19070330 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн.

Төлбөр төлөгч “Х-” ХК нь 2008 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Цэдэнпилийн Л- 1 иргэний 100 хувийн үүсгэн байгуулагчтай итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь Жамцын Батболд болох нь Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 75 дугаар албан бичгээр ирүүлсэн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаагаар тогтоогдсон, мөн итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд Ж.Батболд нь 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр нас баралтын бүртгэлд бүртгэгдсэн байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч “Х-” ХК-ийн үүсгэн байгуулагч Ц.Л-ыг шүүхээс заасан хаягаар очин 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 19070330/01 тоот зарлан дуудах мэдэгдлээр 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 09 цагт ирүүлэхээр зарлан дуудсан боловч шийдвэр гүйцэтгэгчийн тогтоосон хугацаанд ирээгүй тул төлбөр төлөгч “Х-” ХК-ийн арилжааны банк дахь дансыг битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолыг хүргүүлсэн бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д заасны дагуу төлбөр төлөгч-хуулийн этгээдэд гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц мөнгөн хөрөнгөгүй болох нь тогтоогдсон байна.

Төлбөр төлөгч “Х-” ХК-ийн өмчлөл болон эзэмшилд хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө бүртгэлгүй болох нь эрх бүхий байгууллагаас авсан лавлагаагаар тогтоогдсон компанид оруулсан хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгөөс зааглагдаагүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4-т зааснаар болон Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5-д тус тус заасны дагуу 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 19070330/06 дугаар тогтоолоор тус компаний үүсгэн байгуулагч Ц.Л-ын арилжааны банк дахь хадгаламжийн болон харилцах данснаас заасан төлбөрийн үнийн дүн болох 2 255 510 төгрөгийн хасалт хийж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байна.

Тус газар нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу зохион байгуулсан тул иргэн Ц.Л-ын шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 73 дугаар шийдвэрээр:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2, 93 дугаар зүйлийн 93.4, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д тус тус зааснаар нэхэмжлэгч Ц.Л-ын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан гаргасан шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанаас учирсан хохирол 2 255 510 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д нэхэмжлэгч нь битүүмжилсэн дансыг чөлөөлүүлэх шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 120.758 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батжаргал давж заалдсан гомдолдоо:

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Нэг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчиж явагдсан талаар:

Хэрэгт авагдсан Улсын бүртгэлээс ирүүлсэн баримтуудаар Ц.Л- нь “Х-” ХК-ийн хувьцаа эзэмшигч болох нь тогтоогдож Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-д Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцна гэж заасан тул хөрөнгийн бирж дээр хувьцаа нь байршиж, нийтэд нээлттэй зарагдаж байдаг олон зуун хувьцаа эзэмшигчэй хувьцаат компаний өр төлбөрийг тус компаний хувьцааны 31,15 хувийг эзэмшдэг хувьцаа эзэмшигч Ц.Л-ын хувийн хөрөнгөөс гаргуулсан нь илт хууль зөрчсөн ажиллагаа болж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд буруу практик тогтоосон гэж үзэх дараахь үндэслэлүүд байна. Үүнд:

1. “Х-” ХК нь хувьцаа эзэмшигчтэй, хувьцаа нь хөрөнгийн бирж дээр байрлаж, чөлөөтэй зарагддаг хувьцаат компани юм.

2. “Х-” ХК-ний нийт 74305 ширхэг хувьцаанаас 22212 ширхэг буюу нийт хувьцааны 31,15 хувийг Ц.Л- эзэмшдэг ба ба бусад 52093 ширхэг хувьцаа буюу хувьцааны 68,85 хувийг өөр хуулийн этгээд, иргэд эзэмшдэг.

3. Шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас дээр “Х-” ХК-ийг “Х-” ХХК гэж буруу бичигдсэн байхад уг алдааг залруулалгүйгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдсэнийг дурдаж байна.

Хоёр. Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 11 сарын 26-ны өдрийн 1719 дугаартай “ Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр “Х-” ХК-ийн өмчлөлд бүртгэлтэй эрхийн улсын бүртгэлийн Ү-2004000193 дугаартай Дархан-Уул аймаг Орхон сум 1 дүгээр баг Баян-Өлзийт хаягт байрлалтай үл хөдлөх эд хөрөнгөтэй болох нь нотлогддог. Гэтэл “Х-” ХК-ийж өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 94 дугаар зүйлд заасан төлбөр төлөгч хуулийн этгээдийн хөрөнгийг хураан авах, төлбөрт суутгах дарааллын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаагүй хууль зөрчсөн. Хэрвээ үл хөдлөх эд хөрөнгийг хураах, үнэлэх, дуудлага худалдаанд оруулах ажиллагаа хийгдсэний дараа уг үл хөдлөх эд хөрөнгийн үнэ нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангах хүрэлцэхгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар 93.4-д зааснаар хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх ажиллагаа явагдах ёстой байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ц.Л- хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулж шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгчөөс өөр этгээд болох Ц.Л-ын битүүмжилсэн дансыг чөлөөлүүлэх, хууль бусаар хэрэгжүүлсэн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны улмаас учирсан хохирол 2.255.510 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзсаныг баталж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанаас учирсан хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлоор хэргийг бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийлээ.

Хэрэгт авагдсан баримтаар

Нэхэмжлэгч Ц.Л- шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага “Х-” ХК-ний өр төлбөрийг барагдуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 94 дүгээр зүйлд заасныг зөрчиж, миний хувийн данс дахь мөнгийг татан авч өөр хувьцаат компаний өр төлбөрийг барагдуулсан буруутай гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 127 дугаар захирамжаар Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй “Х-” ХХК-нд холбогдох татварын өр 2.195.510 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна.

Энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон ба анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 1169 дугаар захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж энэхүү захирамжийн дагуу гүйцэтгэх хуудас бичигджээ.

Анх Дархан-Уул аймгийн Татварын хэлтэс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагч “Х-” ХХК-ийг хязгаарлагдмал хариуцлагатай компани гэж тодорхойлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан байх бөгөөд тухайн үед хариуцагч Ц.Л- “Х-” ХХК-ний хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн компаний хэлбэрийн талаар маргаагүй бөгөөд шүүхээс гарч буй бүх баримт бичигт тус компанийг хязгаарлагдмал хариуцлагатай компани гэж тодорхойлж, бичигдсэн байна.

Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага шүүгчийн захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс төлбөр төлөгч хуулийн этгээдийн эрх зүйн байдлын талаар лавлагаа гаргуулж авахад Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн лавлагаагаар “Х-” ХХК  нь хувьцаат компаний хэлбэртэй байх бөгөөд 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хуулийн этгээдийн шинэчилсэн бүртгэлд хамрагдахдаа 100 хувь хувьцаа эзэмшигчээр Цэдэнпилийн Л-ыг, цахим системд нэг үүсгэн байгуулагчтайгаар бүртгэгдсэн байна гэсэн лавлагаа ирүүлжээ.

Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн лавлагааны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д “Төлбөр төлөгч- хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгө төлбөр төлөхөд хүрэлцэхгүй тохиолдолд түүний өмчлөлд хамаарах гүйлгээнээс, эсхүл гүйлгээнд оруулахыг хязгаарласнаас бусад хөрөнгөнөөс төлбөрийг суутгана.Энэ тохиолдолд тухайн хөрөнгө хаана ямар зориулалтаар ашиглагдаж байгаа нь үл хамаарна”, 93.4-т “Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5,эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ”  гэж заасныг тус тус зөрчөөгүй буюу Компаний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д “Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компаний өр төлбөрийг давхар хариуцна” гэж заасантай нийцэж байна.

Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг хууль зөрчсөн гэж буруутгах үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий зөв дүгнэлт хийсэн байна.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбоотой асуудал нь энэ маргаанд хамааралгүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч битүүмжилсэн дансыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж шийдвэрийн ТОГТООХ хэсгийн бичвэрт нэмэлт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэсэн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.Л-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 73 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн  1, 2 дугаар заалтыг нэгтгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2, 93 дугаар зүйлийн 93.4, Компаний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д, зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч битүүмжилсэн дансыг чөлөөлүүлэх шаардлагаасаа татгаллзсаныг баталж, Дархан-Уул аймаг дахь ШШГГазар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан гаргасан шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанаас учирсан хохирол 2.255.510 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,

3 дугаар заалтыг 2 гэж,

4 дүгээр заалтыг 3 гэж тус тус дугаарлан шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51.038 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                                 

 

             ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН

                       АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН

                                                  ГҮЙЦЭТГЭГЧ                               О.НАРАНГЭРЭЛ

                                                        ШҮҮГЧИД                               С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                        Л.АМАРСАНАА