Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 2017/ШЦТ/127

 

                                 

 

 

 

                                   

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, улсын яллагч Д.Аянагүл, шүүгдэгч З.Амарсанаа, П.Алтаншагай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч З.Амарсанаа, П.Алтаншагай нарт  холбогдох эрүүгийн 1736000380033 дугаартай, 178/2017/0127/Э/ индекстэй хэргийг 2017 оны 10 дугаар  сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Шагдар овогт Занабазарын Амарсанаа,  1975 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 42 настай, ДЮ75010215 регистрийн дугаартай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн багт  оршин суух, хэрэг хариуцах чадвартай гэх,

2. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төнхөн  овогт Пүрэвжавын Алтаншагай, 1992 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 25 настай, ПЮ92111215 регистрийн дугаартай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2 , эхийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 7-28 тоотод оршин суух, урьд Ховд аймгийн сум дундын шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 14/А шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 05 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар, дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхйин 1167 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 05 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хугацаанаасаа өмнө тэнсэн суллагдсан гэх

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч З.Амарсанаа, П.Алтаншагай нар нь Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баруун бүсийн зах дотор 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хоорондоо маргалдаж харилцан зодолдож, бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч нарын  гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

Хохирогч З.Амарсанаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр би Баруун бүсийн зах дотор 13 тоглож байтал П.Алтаншагай ирээд данс хөтөлж байсан дэвтэр булааж аваад над руу шидсэн.Тэгэхээр нь би маргалдаад барилцаж аваад зодолдоход тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгасан. Тухайн үед П.Алтаншагай согтуу байсан.Миний толгой өвдөөд нүдний доод хэсэг хавдсан байсан. П.Алтаншагай намайг гараараа цохисон гэжээ./хх 3-р хуудас/  

Гэрч Г.Мөнх-Учрал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Манай нөхөр З.Амарсанаа бид хоёр  зах дотор тоглоомын газар ажиллуулдаг. Тухайн өдөр З.Амарсанаа хажуу талын тоглоомын газар хөзөр тоглоно гэж ороод байж байтал хэрүүл маргаан болохооор нь би гараад хартал П.Алтаншагай гэх залуу манай нөхөртэй барилцаад авчихсан нүүр лүү нь цохисон байсан. Тэгээд манай нөхрийн нүүр нь цус болчихсон байхаар нь би цагдаа дуудсан гэжээ. / хх-6-7-р хуудас/

Хохиогч П.Алтаншагай мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр би зах дотор 13 модны хөзөр тоглуулдаг газар ороод би данс хөтөлж болох уу гэхэд З.Амарсанаа “ чамаар данс хөтлүүлэхгүй” гэхээр нь буцаад гараад явчихсан. 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 11 цагийн үед нөгөө газар очиход З.Амарсанаа хүмүүстэй хөзөр тоглож байсан.Тэгтэл З.Амарсанаа  над руу “ чи өчигдөр намайг мөнгө алд, хожигд” гэж хэлсэн билүү гээд бид хоёр маргалдаад З.Амарсанаа миний нүүр лүү гараараа цохихоор нь би буцаагаад хэвлий хэсэг рүү гараараа цохиод нүүр лүү нь гараараа түлхсэн.Тухайн үед миний хамар муруйсан, дух шалбарсан, зулай хавдсан байсан. Надад одоо нэхэмжлэх зүйл гомдол санал алга  гэжээ. /хх -18-19-р хуудас/

Гэрч Д.Нармандах мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр баруун бүсийн зах дотор 13 модны хөзөр тоглуулдаг газар  хөзөр тоглоод байж байтал З.Амарсанаа, П.Алтаншагай нар хоорондоо маргалдаад барилцаж аваад бие биенийхээ нүүр хэсэг рүү 2-3 удаа цохилцсон.Тухайн үед П.Алтаншагай согтуу, З.Амарсанаа эрүүл байсан гэжээ. /хх-20-21-р хуудас /

2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 370 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: З.Амарсанаагийн биед зүүн нүдний доод зовхины хаван хавдар, 2 хөмсөгний дунд 3.2х0.3 см, хамар хэсэг 1х0.8 см зүүн хацар хэсэгт 0.8х0.5 см, зүүн гарын бугалганы доод хэсэгт 13х 9 см цус хуралт, зүүн талын мөр эгэм, бугалга,баруун бугалга хэсэгт олон тооны цус хуралтууд, хэвлийн баруун дээд хэсэгт 6х0.7 см зулгаралт гэмтэл тогтоогдлоо.З.Амарсанаагийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой.З.Амарсанаагийн биед үүссэн дээрх гэмтлүүд нь Хууль зүйн сайд,Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д... гэмтэл,түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош / түр/  хугацаагаар сарниулсан гэх шалгуур тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт / хх-30-р хуудас/,

2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 427 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: П.Алтаншагайгийн биед хамар ясны баруун хажуу хананд дотогш 0.2 см цөмөрсөн хугарал гэмтэл тогтоогдлоо.П.Алтаншагайгийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой. П.Алтаншагайгийн биед үүссэн дээрх гэмтлүүд нь Хууль зүйн сайд,Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д... гэмтэл,түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош / түр/  хугацаагаар сарниулсан гэх шалгуур тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт / хх-41-р хуудас/,

Шүүгдэгч З.Амарсанаа нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч  П.Алтаншагайг зодож цохиогүй гэх боловч хэрэгт цугларсан баримт болох хохирогч П.Алтаншагайгийн болон гэрч Г.Мөнх-Учралын мэдүүлэг, 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 427 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь,

Шүүгдэгч П.Алтаншагай нь хохирогч З.Амарсанаагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрч Д.Нармандахын мэдүүлэг, 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 370 дугаартай шинжээчийн дүгнэлт шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн өөрийнх нь мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч З.Амарсанаа, П.Алтаншагай нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч З.Амарсанаа нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-94-р / -аар тогтоогдож байгаа ба шүүгдэгч , П.Алтаншагай  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлээ болгов.

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгч З.Амарсанаагийн эзэмшлийн 32 инчийн Elko маркийн зурагт, шүүгдэгч П.Алтаншагайгийн эзэмшлийн 21 инчийн зурагт тус тус битүүмжилсэн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Прокурорын тогтоолыг төлбөр төлөгдөх хүртэл хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Шагдар овогт Занабазарын Амарсанаа, Төнхөн овогт Пүрэвжавын Алтаншагай нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Шагдар овогт Занабазарын Амарсанаа, Төнхөн овогт Пүрэвжавын Алтаншагай нарыг 450 / дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч З.Амарсанаа, П.Алтаншагай нар нь 450000  төгрөгний торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд  биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарласугай.

                4.Шүүгдэгч П.Алтаншагай, З.Амарсанаа нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт ирээгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй  болохыг тус тус дурдсугай. 

5.Шүүгдэгч З.Амарсанаагийн эзэмшлийн 32 инчийн, Elko маркийн зурагт битүүмжилсэн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн, шүүгдэгч П.Алтаншагайгийн эзэмшлийн 21 инчийн зурагт битүүмжилсэн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 5/19, 5/20 дугаартай Прокурорын тогтоолыг төлбөр төлөгдөх хүртэл тус тус   хэвээр үлдээсүгэй.

6.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Алтаншагай, З.Амарсанаа нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ГАНТӨГС

Top of Form