Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2020/ДШМ/1419

 

                                      П.Б-д холбогдох эрүүгийн

                                                     хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Амарзаяа,

шүүгдэгч П.Б ,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбаабаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/919 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.Б ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2008 01782 1011 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

П.Б , 5 удаагийн ял шийтгэлтэй,

П.Б  нь 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр 17 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 28 дугаар гудамжны 15-а тоотод байрлах иргэн Б.Нинжбадгарын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч, 32 инчийн Sony брэндийн зурагт, зурагтны удирдлага, Ddish төхөөрөмж, түүний удирдлага, Samsung маркийн гар утас зэрэг эд зүйлсийг хулгайлж, 440.000 төгрөгийн,

2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 11-15 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоогийн 17 дугаар гудамжны 30 тоотод байнга оршин суух иргэн Б.Э ын Монгол гэрийн хаалганы цүүг эвдэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч 42 инчийн Arena брэндийн LD загварын зурагт, жижиг гарын мөнгөн аяга, мөнгөн ээмэг, бөгж, даваа толгойтой, сийлбэртэй халтар манан хөөрөг зэрэг эд зүйлсийг хулгайлж, 1.710.000 төгрөгийн, бусдад нийт 2.150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: П.Б ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт П.Б хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч П.Б ыг 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.Б ад оногдуулсан 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.Б ыг 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 70 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч П.Б аас нийт 2.020.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Нинжбадгарт 190.000 төгрөг, хохирогч Б.Э т 1.710.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч О.Алтанцэцэгт 120.000 төгрөгийг тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий СиДи 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, эрүүгийн 2008 01782 1011 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч П.Б ын иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч П.Б ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч П.Б  давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би урьд өмнө ял шийтгэл эдэлж байсан бөгөөд энэ удаагийн үйлдэлдээ гэмшиж ухаарч дахин хорих ангид олон жил суухаас халширч байна. Миний энэ холбогдсон гэх хэрэг нь 2 удаагийн үйлдэл бөгөөд нэг зүйл анги дээр 2 тусад нь ялласанд харамсаж байна. Мөн би хохирол гомдлыг бүрэн барагдуулна. Иймд миний гомдлыг харгалзан үзэж, надад оногдуулсан минь багасгаж өгнө үү. ...” гэв.

Прокурор М.Амарзаяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч П.Б  нь хоёр удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хоёр үйлдлийг нь нэг гэмт хэрэгт тооцоод 4 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан. Тус тусад нь ял оногдуулсан гэх зүйл байхгүй. Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад 2.150.000 төгрөгийн хохирол учруулсан. Хохирол барагдуулсан зүйл байхгүй. Хохирогч Нинжбадгарын гэрээс хулгайлсан зурагтыг ломбарданд барьцаалсан байсан. Ганцхан уг зурагтыг л хохирогч Нинжбадгарт буцааж өгсөн байдаг. Харин ломбарданд учирсан 120.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч П.Б аас гаргуулж иргэний нэхэмжлэгч О.Алтанцэцэгт олгохоор анхан шатны шүүх шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, бусдад учруулсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаад 4 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх уг хэргийг шийдвэрлэхдээ хууль зөрчөөгүй, хуулийг буруу хэрэглээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

П.Б  нь 2020 оны 4 дүгээр сарын 9-ний оройн 17 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 28 дугаар гудамжны 15-а тоотод байрлах иргэн Б.Нинжбадгарын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч, 32 инчийн Sony брэндийн зурагт, зурагтны удирдлага, Ddish төхөөрөмж, түүний удирдлага, Samsung маркийн гар утас зэрэг эд зүйлсийг хулгайлж, 440.000 төгрөгийн,

2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 11-15 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоогийн 17 дугаар гудамжны 30 тоотод байнга оршин суух иргэн Б.Э ын Монгол гэрийн хаалганы цүүг эвдэж хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч 42 инчийн Arena брэндийн LD загварын зурагт, жижиг гарын мөнгөн аяга, мөнгөн ээмэг, бөгж, даваа толгойтой, сийлбэртэй халтар манан хөөрөг зэрэг эд зүйлсийг хулгайлж, 1.710.000 төгрөгийн, бусдад нийт 2.150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Нинжбадгарын “...Ингээд 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр гэртээ ирэхэд гэрээс 32 инчийн Сони зурагт, удирдлага, ДДШ төхөөрөмж, Самсунг гар утас алга болсон байсан. Гэрийн хажууд байдаг “Цагаан суварга” хүнсний дэлгүүрийн хяналтын камерийг шүүж үзэхэд манай нөхөр Балжиннямтай хамт ажилладаг байсан Болдбат гэх хүн ганцаараа манай гэрт ирээд удалгүй буцаж явсан. Удалгүй Приус маркийн автомашин манай гэрийн гадаа зогсоод Болдбат машинаас бууж ирээд гэр лүү ганцаараа орж, гэрээс зурагт, станц авч гарч байгаа бичлэг үлдсэн байсан. ...” /хх 11-12/,

хохирогч Б.Э ын “...2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 11 цагийн үед эхнэр, хүүхдийн хамт гэрээсээ гараад гадуур байж байгаад 15 цагийн үед ирэхэд Монгол гэрийн хаалганы цоож байхгүй байхаар нь гэртээ ортол гэрийн эд зүйлсийг эмх замбараагүй болгосон, цоожийг нь матрасны доод булан дээр тавьчихсан байсан. Гэрийн цагаан тавилга дээр байсан Арена брэндийн 42 инчийн ЛЕД зурагт, бэлгэнд өгч байсан арслангийн хээтэй жижиг гарын мөнгөн аяга алдагдсан байсан. Мөн эхнэрийн 4 ширхэг мөнгөн бөгж, мөнгөн ээмэг 2 хос алдагдсан байсан. Миний аав Баярсайхан 1989 онд 800.000 төгрөгөөр худалдан авч надад өвлүүлсэн халтар манан, жижиг сийлбэртэй хөөрөг алдагдсан байна. ...” /хх 93-94/,

иргэний нэхэмжлэгч О.Алтанцэцэгийн “...2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр манайхаар үйлчлүүлж байсан нэг залуу ирээд Сони брэндийн ЛСД зурагтыг 120.000 төгрөгөөр барьцаалсан. 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр цагдаа нар ирээд хулгайн эд зүйлс байна гээд хураагаад аваад явсан. ...” /хх 35/,

гэрч Б.Баасандашийн “...тэгсэн 65 дугаар сургуулийн хажуу талд нэг ногоон эрээн, ноосон цамцтай, гялгар савхи шиг зүйл өмссөн, доогуураа цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, хар өнгийн масктай 35-40 орчим насны залуу гар өргөөд машинд суугаад гэрээсээ орж юм аваад Зүүнсалаа орох гэсэн юм гээд 65 дугаар сургуулийн хажуу талын засмал замаар яваад блокон хашаатай, улаан өнгийн төмөр хаалгатай айлын гадаа ирж зогсоод тэр залуу гэр лүүгээ ороод хар өнгийн зурагт, ДДШ төхөөрөмж авч гарч ирээд миний машины арын суудал дээр тавьсан. Өөрөө урд талын суудал дээр суусан. Зүүнсалаа руу яваад автобусны буудлын хажууд тоосгон ломбардны гадаа ирээд зурагтаа аваад буусан. ...” /хх 15/ гэсэн мэдүүлгүүд,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 71-79/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх 17/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 21-25/, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 44-46, 48/, “Танзамит-3” барьцаалан зээлдүүлэх газрын барьцааны бичиг /хх 29/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 36-37/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 04-431 дугаартай дүгнэлт /хх 106-108/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч П.Б ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч П.Б ын 2 удаагийн үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлан авсныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Түүнчлэн, шүүхээс П.Б ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 4 жил хугацаагаар хорих ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлага үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэрэгт тохирсон байхаар заасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино... гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Мөн шүүгдэгч П.Б ыг хоёр удаагийн үйлдлээр бусдад нийт 2.150.000 төгрөгийн хохирол учруулсан, түүний хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч П.Б аас “...миний 2 удаагийн үйлдлийг нэг зүйл дээр тусад нь ялласанд харамсаж байна, хохирол төлөхөө илэрхийлж байх тул ялыг багасгаж өгнө үү” гэсэн утга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Учир нь, шүүгдэгч П.Б  нь урьд 5 удаа ял шийтгэгдсэний дотор бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэж байсан, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн арга, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргээс үзэхэд анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан хорих ялын хэмжээ тохирсон гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Түүнчлэн, П.Б ад холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед улсын яллагч Б.Энэрэл нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналдаа “П.Б ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт биеэр эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар хорих, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай” гэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч П.Б ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/919 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Б ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР  

ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР