Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2018/0791

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Отгонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: З.Мөнхбат

Хариуцагч: Нийслэлийн Засаг даргад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/662 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нарантуяа, түүний өмгөөлөгч Д.Батсүх шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ө.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нарантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.Мөнхбат нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн А/46 тоот захирамжаар Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 065 дугаар ангийн урд 1200 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар таван жилийн хугацаатай эзэмшиж, №0386180 дугаартай гэрчилгээг 2012 оны 3 дугаар сарын 13-ны өдөр авсан.

Гэтэл 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Нийслэлийн Засаг даргын А/662 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамж гарсан ба Нийслэлийн газрын албаны 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн №02- 06/3342 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг дүү З.Бямбадорж 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр олж авсныг З.Мөнхбатад утсаар мэдэгдсэн байна.

З.Мөнхбатын хувьд Нийслэлийн Засаг даргын захирамжид дурдсан нөхцөл байдал, үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Газар эзэмших эрх зөрчилдөөнтэй байгаа асуудал болон №0386180 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохтой холбоотой асуудлаар түүнд нэг ч удаа тайлбарлаж, мэдэгдсэн зүйл гараагүй байна. З.Мөнхбат нь уг 1200 м.кв газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн А/46 тоот шийдвэрээр эзэмшиж байгаа. Гэтэл Нийслэлийн Засаг даргын захирамжаар түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосныг хуульд нийцээгүй гэж үзэж байна. Иймд Нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/662 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү. гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Батсүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Өнөөдрийн шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтууд, хариуцагч талаас шүүхэд гаргасан хариу тайлбар зэргийг үндэслэн дараах тайлбарыг шүүхэд гаргаж байна:

Нэгдүгээрт нэхэмжлэл гаргах эрхтэй холбоотой Монгол Улсын иргэн З.Мөнхбат нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А46 тоот захирамжаар тус дүүргийн 19 дүгээр хороо, 065 дугаар ангийн урд 1200 мкв газрыг эзэмших эрхтэй байсан нь тогтоогдож байгаа. Энэ эрхийг нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн захирамжаар сунгаж шийдвэрлэсэн байгаа.

Хууль зүйн хувьд З.Мөнхбат нь газар эзэмших эрхтэй, хууль ёсны эзэмшигч болох нь тогтоогдож байгаа. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/662 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамж буюу маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгч З.Мөнхбатын газар эзэмших эрх зөрчигдөж байгаа тул, зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар хүсэлт гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйл, 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан заалттай нийцсэн хууль ёсны нэхэмжлэл гэж үзэж байна.

З.Мөнхбат 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр газар эзэмших гэрчилгээ нь хүчингүй болсныг өөрийн хөршөөс мэдсэн бөгөөд түүний дүү З.Бямбадорж нь 2018 оны 08 сарын 09-ний өдөр Улаанбаатар шуудан ХХК-Нэхэмжлэгч 106-р салбараас гардан авсан.

2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасан хугацаанд нийцэж байгаа юм. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хүлээн авч шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

 

Хоёрдугаарт маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг 3 үндсэн хэсгээр тайлбарлавал Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/662 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэлийг Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4, 4.1.5 дахь заалтууд 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.2 дахь хэсэг, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т заасныг тус тус үндэслэсэн гэж тодорхойлсон.

 

Маргаан бүхий захиргааны актыг үндэслэл болгосон дээрх хуулийн зүйл заалт тус бүрээр нь шинжлэн судалбал, дараах байдлаар хууль бус захиргааны акт гэдэг нь нотлогдоно гэж үзэж байна. Үүнд: Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг үндэслэсэн асуудлын талаар, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг нь Засаг дарга нь эрх хэмжээнийхээ хүрээнд болон хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргахаар зохицуулсан.

 

Нэхэмжлэгчийн газар эзэмших гэрчилгээ хүчингүй болох тухай маргаан бүхий захиргааны акт нь хуулийн шаардлагад нийцээгүй, утга агуулгын хувьд алдаатай шийдвэр болсон гэж үзэхээр байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаар З.Мөнхбат нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжийн үндсэн дээр газар эзэмших эрхтэй болсон гэдэг нь тогтоогдож байгаа.

 

Газрын тухай хуульд зааснаар газар эзэмшигч газрын тухай хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд газар эзэмших эрх олгосон тухайн шатны Засаг дарга эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй, харин Засаг дарга эрх олгох шийдвэр гаргахдаа хууль зөрчсөн бол, өөрөө эсвэл түүний дээд шатны Засаг дарга уг хууль зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгоно.

 

Гэтэл нэхэмжлэгч Газрын тухай хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэлээр түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь газрын харилцаатай холбоотой асуудлаар Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээнд хамаарахгүй. Харин дүүргийн Засаг даргын эрх хэмжээнд халдаж хууль бус шийдвэр гаргасан болох нь харагдаж байгаа юм.

Маргаан бүхий захиргааны актын 1 дэх заалтад, З.Мөнхбатыг эзэмшиж байгаа газрын зориулалтыг зохих зөвшөөрөлгүйгээр өөрчилж автомашин худалдан борлуулж байгаа нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.2 дахь заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлээр, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг үндэслэн эзэмших эрхийг хүчингүй болгохоор, харин 3 дахь заалтаар З.Мөнхбатын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэр гаргасантай холбоотой түүнд газар эзэмших эрх олгосон Баянзүрх дүүргийн Засаг даргын актыг хүчингүй болгож тус тус шийдвэр гаргасан.

Маргаан бүхий захиргааны актын эдгээр заалтуудын агуулгаас үзэхэд З.Мөнхбат газрын тухай хуулийн заалтыг зөрчсөн нь тухайн захиргааны актаар шийдвэрлэсэн үндсэн асуудал, харин Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны А/46 дугаар захирамжийг хүчингүй болгосон асуудал нь шийдвэрлэж буй үндсэн асуудалтай холбоотой гарсан шийдвэр гэж үзэж болохоор байгаа юм.

Хариуцагч нь нийслэлийн Засаг дарга болох маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлтэй Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг тус тус үндэслэл болгосон нь шийдвэрлэж байгаа асуудалтай утга агуулгын хувьд хамааралгүй, алдаатай, хуульд нийцээгүй акт гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь эдгээр зүйл заалтуудын агуулга нь газар эзэмшүүлэх эрх олгосон дүүргийн Засаг даргын шийдвэр буюу захирамж нь Газрын тухай хууль тогтоомж зөрчигдсөн тохиолдолд хэрэглэгдэх хуулийн заалт, хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн оролцогчийн шүүхэд гаргасан энэ тайлбараар, З.Мөнхбатад олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээ нь хууль зөрчсөн гэх үйл баримт тогтоогдоогүй.

Газар эзэмших эсвэл газар эзэмших эрх олгосон этгээдийн хэн нь хууль зөрчсөн үйлдлийн улмаас маргаан бүхий захиргааны акт гаргасан болох нь ойлгомжгүй утга агуулгын хувьд илэрхий алдаатай захиргааны акт гэж үзэхээр байна.

Хууль хэрэглээний талаар 2 дахь үндэслэл нь маргаан бүхий захиргааны актад Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.4, 4.5 дахь заалт 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт 40.2 дахь хэсгийг хэрэглэсэн үндэслэлийн талаар Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн холбогдох заалтуудыг газар эзэмшигч иргэний үйлдэлтэй холбож үзсэн нь хуульд нийцээгүй.

Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйл нь төрөөс газрын талаарх баримталж байгаа зарчимтай холбоотой харилцааг зохицуулсан ба энэ зохицуулалт нь газар эзэмшигчийн газрын харилцаатай холбоотой эрх үүрэгт хамааралгүй зохицуулалт юм. Нийслэлийн Засаг дарга маргаан бүхий захиргааны актыг гаргах болсон бодит нөхцөл байдал түүний хууль зүйн үндэслэлийг тодорхой заагаагүйгээс тухайн актын агуулга ойлгомжгүй, тодорхойгүй болж, Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасан шаардлагад нийцээгүй хууль бус захиргааны акт гаргасан гэж үзэх үндэслэлтэй.

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн 35.3.1, 35.3.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг үндэслэн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох үүрэгтэй, мөн 24.2 дахь хэсэгт тухайн ажиллагааг явуулах нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг шийдвэр гаргаж байгаа захиргааны байгууллага өөрөө хариуцахаар зохицуулсан.

Хуульд заасан эдгээр шаардлага зохицуулалтын хүрээнд захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч З.Мөнхбат нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзсэн нөхцөл байдлыг тогтоосон баримтыг цуглуулсны үндсэн дээр тухайн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эсэх асуудлыг шийдвэрлэх нь зөв байсан.

Хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх явцад шүүхээс маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа нөхцөл байдлыг тодруулсантай холбоотой баримтыг гаргуулахыг удаа дараа шаардсан боловч хууль зөрчсөнийг харуулсан гэрэл зургийг агуулсан CD- нээс өөр баримт гаргаж өгөөгүй тухайн CD дотор агуулагдаж байгаа зургийг хэн хэзээ авсан нь тодорхойгүй, Захиргааны ерөнхий хуулийн 25.1 дэх хэсэгт заасан шаардлагад нийцсэн баримт гэж үзэх үндэслэлгүй байна.

Хариуцагчаас иргэн З.Мөнхбатын газар эзэмших гэрээнд заасан үүргийг биелүүлэх, газрыг үр ашигтай ашиглах, хамгаалах, Байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглахтай холбоотой тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх, Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэх үйлдлийг тогтоолгүйгээр, түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэж байна.

Захиргааны актын үндэслэл болсон 3 дахь хууль зүйн зохицуулалтуудын талаар хэлье. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь заалтыг үндэслэж маргаан бүхий актыг гаргасан. 48.2 дахь хэсэгт эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно. 48.2.1 дэх заалтад хууль захиргааны хэм хэмжээний актаар эсвэл захиргааны актыг хүчингүй болгохоор заасан. 48.2.2 дахь заалтад бусад этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхол, нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн гэж тус тус заасан хуулийн энэхүү зохицуулалтын агуулга нь энэ шийдвэрийг зөвхөн дүүргийн Засаг дарга хүчингүй болгох хуулийн зохицуулалттай байгаа нь тус актыг хүчингүй болгох үндэслэл болж байна.

Нийслэлийн Засаг дарга иргэн З.Мөнхбатын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд хөндсөн захиргааны актыг гаргахдаа түүнд урьдчилан мэдэгдэж газар эзэмших эрхийг хүчингүй болгохтой холбоотой асуудлаар тайлбар санал гаргах, оролцох эрхийг хангаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь заалт 26-р зүйлийн 26.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа.

Иймээс Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/662 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг үндэслэн хууль бус захиргааны акт байх тул хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэсэн саналыг гаргаж байна. Нэхэмжлэгчээс газар эзэмших эрхийн гэрчилгээгээ сунгуулах талаар хүсэлт гаргаад 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр шийдвэрлэсэн байна.

Маргаан бүхий актын 3 дахь заалтад 2012 оны эзэмших эрхийн гэрчилгээг З.Мөнхбатад холбогдох хэсгийг хүчингүй болгохоор заасан боловч, Нийслэлийн Засаг даргаас гаргасан маргаан бүхий актыг гарахаас өмнө, Баянзүрх дүүргийн Засаг даргаас газар эзэмших гэрчилгээний хугацааг сунгаж шийдвэрлэсэн байна. Энэ нөхцөл байдал нь ерөнхий дүгнэлтийн саналд дурдагдсан 2 хэсэгт тусгагдаж байгаа. Хэрвээ газар эзэмшигч Газрын хууль тогтоомж зөрчсөн гэж үзвэл дүүргийн Засаг даргад шийдвэрлэх эрх нь байсан. Нийслэлийн Засаг дарга нь дүүргийн Засаг даргын эрх хэмжээнд халдаж шийдвэрлэсэн. Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны актыг гаргахаасаа өмнө эрх ашиг нь хөндөгдөж болох этгээдэд мэдэгдэх нөхцөл байдлыг тодруулах ажиллагааг хуульд нийцүүлж хийгээгүй. Хэрвээ энэ ажиллагааг хийсэн байсан бол Баянзүрх дүүргийн Газрын албанаас энэ асуудлаар тодруулах байсан. Энэ талаар дүүргийн Засаг дарга, Газрын алба энэ асуудлаар бодитой тайлбар мэдээллийг өгөх үүрэгтэй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад л тодорхой болсон асуудал юм. гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Иргэн З.Мөнхбатын гаргасан нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох Захиргааны хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 065 дугаар ангийн урд 1200 мкв газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны А/46 дугаар захирамжаар үйлчилгээний зориулалтаар иргэн З.Мөнхбатад эзэмшүүлж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулан эзэмших эрхийн гэрчилгээг олгосон байна. Дээрх гэрээ болон гэрчилгээнд уг газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр заасан байхад газар эзэмших эрхийн гэрчилгээ эзэмшигч З.Мөнхбат нь гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмшээгүй ба Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн байх тул холбогдох хууль тогтоомжийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/662 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны А/46 дугаар захирамжийн З.Мөнхбатад холбогдох 13 дахь хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэгч З.Мөнхбатын Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/662 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Насанжаргалд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргасан хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийн дагуу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-т Хариуцагч, ...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулалгүйгээр хэргийг хэлэлцэж эхэлсний дараа шүүхийн хэлэлцүүлгийн явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг[1] бичгээр ирүүлсэн тухай шүүгчийн туслахаас мэдэгдсэн.

Шүүхээс нэгэнт хэргийг хэлэлцэж эхэлсэн тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хойшлуулах боломжгүй, шүүх хуралдааныг тасралтгүй явуулах зарчмыг ханган хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Анх Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 415 дугаар захирамжаар[2] иргэн Н.Төрбатын эзэмшиж байсан тус дүүргийн 19 дүгээр хорооны нутагт дэвсгэр 065 дугаар цэргийн ангийн урд байрлалтай 843м2 газрыг нэхэмжлэгч З.Мөнхбатад шилжүүлэн эзэмшүүлж, улмаар мөн Засаг даргын 2012 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн А/46 дугаар захирамжаар[3] З.Мөнхбатын эзэмшил газрын хэмжээг 1200м2 болгон нэмэгдүүлж, 5 хугацаатайгаар үйлчилгээний зориулалттай эзэмшүүлэн, гэрээ[4] байгуулж, 0386180 дугаартай Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ-г[5] 2012 оны 03 дугаар сарын 13-нд нэхэмжлэгчид олгосон байдаг.

 

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/662 дугаар захирамжаар[6] Баянзүрх Засаг даргын 2012 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн А/46 дугаар захирамжийн З.Мөнхбатад холбогдох хэсгийг, нэхэмжлэгч З.Мөнхбатын газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчаас 2018 оны А/662 дугаар маргаан бүхий актыг гаргах бодит нөхцөл байдлыг эзэмшилд байгаа газрын зориулалтыг зөвшөөрөлгүйгээр өөрчилж, автомашин худалдан борлуулж байгаа нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-д газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, 35.3.2-т газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэж тодорхойлсон.

 

Харин нэхэмжлэгчээс Нийслэлийн Засаг даргын гаргасан маргааны бүхий 2018 оны А/662 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлагын үндэслэлээ ...акт нь хуулийн шаардлагад нийцээгүй утга агуулгын хувьд алдаатай, өөрийн эрх хэмжээний биш асуудлаар акт гаргасан, актыг гаргах бодит нөхцөл байдал, зөрчлийг шалган тогтоогоогүй гэх агуулгаар тайлбарлан маргаж байна.

1.Хэрэгт авагдсан баримтаар дараахь нөхцөл байдлууд тогтоогдож байна. Үүнд:

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/22 дугаар захирамжаар[7] /хавсралтын д/д 58/ нэхэмжлэгч З.Мөнхбатын газар эзэмших эрхийн хугацааг сунгаж, аж ахуйн зориулалтаар 16 жилээр эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

Үүнээс үзэхэд хариуцагч Нийслэлийн засаг даргын гаргасан маргаан бүхий 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/662 захирамжийг гаргахдаа газар эзэмшигчээс эрхийн гэрчилгээгээ сунгуулахаар хүсэлт гаргаж шийдвэрлүүлсэн эсэхийг анхааралгүйгээр хүчин төгөлдөр үйлчлэх хугацаа нь дуусгавар болсон Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын А/46 дугаар захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, утга агуулгын хувьд алдаатай болсон байна.

Нэхэмжлэгч нь түүний газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 2018 онд дүүргийн Засаг даргаас сунгаж шийдвэрлэсний дараа мөн дүүргийн газрын албатай газар эзэмшүүлэх газар эзэмшүүлэх гэрээг шинээр байгуулаагүй, газар эзэмших гэрчилгээг шинэчилж аваагүй болох нь[8] тогтоогддог ба дүүргийн газрын албанаас иргэн З.Мөнхбаттай 2012 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 5 жилийн хугацаатай байгуулсан Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-ний 5.5 дахь заалтад Газар эзэмших гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд газар эзэмшигч нь газраа эзэмшсээр байгаа бол энэхүү гэрээг 1 /нэг/ жилийн хугацаанд хүчинтэй гэж үзнэ гэж зааснаар уг гэрээний хугацаа 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөр дуусгавар болсон байна.

Газрын тухай хуулийн 32, 33 дугаар зүйлд зааснаар иргэнд газар эзэмшүүлэх шийдвэрийг гаргах нь тухайн шатны Засаг даргын бүрэн эрхэд хамаарах ба ийнхүү газар эзэмшүүлсэн тохиолдолд газар эзэмшүүлэх гэрээний талууд нь тухайн шатны Засаг дарга болон газар эзэмшигч болно. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д ...гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ гэж зааснаас үзвэл хариуцагч Нийслэлийн Засаг даргаас Дүүргийн Засаг дарга болон газар эзэмшигчийн хооронд хийгдсэн гэрээг дүгнэх эрхгүй байна.

Иймд нэгэнт хүчин төгөлдөр байх хугацаа нь дууссан гэрээг зөрчсөн гэж газар эзэмшигчийг буруутгаж, улмаар өөрт нь хуулиар олгогдоогүй эрх хэмжээний асуудлыг шийдвэрлэн газар эзэмшүүлэх гэрээг дүгнэсэн гэж ойлгогдохуйц хууль бус захиргааны актыг гаргасан хариуцагч Нийслэлийн Засаг даргын үйлдлийг зөвтгөх боломжгүй.

Нөгөөтэйгүүр газар эзэмшигчийг ...гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэж үзэн түүний газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар хүчингүй болгох тохиолдолд газар эзэмшигчээс Газрын тухай хуулийн 40.1.2-40.1.6-д зааснаас бусад хэлбэрээр хууль тогтоомж, гэрээний нөхцөл болзлыг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн, улмаар гэрээний талуудаас урьдчилан тохиролцож, газар эзэмшүүлэх гэрээнд нэрлэн заасан ноцтой зөрчил-ийг гаргасан эсэхийг захиргааны байгууллага албан тушаалтнаас урьдчилан шалган тогтоож, дүгнэлт гаргасан байхыг шаардана.

Гэтэл хариуцагчаас ...газрыг гэрээнд заасан зориулалтаар эзэмшээгүй, автомашин худалдаалж байсан гэж маргаснаас өөрөөр нэхэмжлэгчийн ...гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн асуудлыг шалгаан тогтоож дүгнэлт гаргасан талаар ямар нэг баримтыг шүүхэд гаргаагүйг дурдах нь зүйтэй.

Мөн хариуцагчаас маргаан бүхий актдаа Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэж заасныг үндэслэсэн хууль бус байна.

Учир нь хариуцагч Нийслэлийн Засаг даргын доод шатны байгууллага, албан тушаалтнаас өөрөөр хэлбэл дүүргийн засаг дарга болон түүний газрын асуудал эрхэлсэн албан тушаалтнуудаас газрын тухай хууль тогтоомж болон бусад газар эзэмшигч ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тохиолдолд хариуцагч нь дээрх хуулийн заалтыг хэрэгжүүлэн дүүргийн Засаг даргын хууль бус шийдвэрийг хүчингүй болгох эрх нээгдэхээр байна. Иймээс хариуцагчийг хуулийг буруу хэрэгжүүлэн нэхэмжлэгчид хамааралгүй хуулийн заалтаар түүний газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн хууль бус захиргааны акт гаргасан гэж үзэх үндэслэлтэй.

Түүнчлэн хариуцагчаас Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, 26.2-т Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ гэж заасныг хэрэгжүүлэн ажиллаагүй буюу А/662 дугаар захирамжийг гаргахдаа Сонсох ажиллагаа-г явуулаагүй болох нь тогтоогдож байна. Зүй нь хариуцагчаас нэхэмжлэгч З.Мөнхбатад сонсох ажиллагааг явуулах журам, явуулах он сар, өдөр, цаг байрлал, дараалал, захиргааны шийдвэр гаргах эрх олгогдсон хууль, захиргааны хэм хэмжээний актын зүйл, заалт, захиргааны шийдвэр гаргах тухайн асуудлын талаарх мэдээлэл, үндэслэлийг тус тус тусгасан мэдэгдлийг нэхэмжлэгчийн зүгээс тайлбар, санал гаргах боломжит хугацаанд гарт нь хүргүүлсэн, улмаар сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаарх мэдээллийг бэлтгэж баримтжуулсан тохиолдолд захиргааны зүгээс хуульд заасан оролцогчийн эрхийг хангах үүргээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Дээрхийг бүхэлд нь дүгнэвэл хариуцагч Нийслэлийн Засаг даргын гаргасан маргаан бүхий 2018 оны А/662 дугаар акт нь хууль бус бөгөөд, нэхэмжлэгч З.Мөнхбатын газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчсөн байх тул Нийслэлийн Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн А/662 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус баримтлан З.Мөнхбатын нэхэмжлэлийг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/662 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Засаг даргаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Мөнхбатад олгосугай.

          3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОТГОНТУЯА

 

 

 

[1] Хавтаст хэргийн 186-188-р хуудас

[2] Хавтаст хэргийн 58-р хуудас

[3] Хавтаст хэргийн 60-р хуудас

[4] Хавтаст хэргийн 75-77-р хуудас

[5] Хавтаст хэргийн 62-р хуудас

[6] Хавтаст хэргийн 28-р хуудас

[7] Хавтаст хэргийн 158-р хуудас

[8] Хавтаст хэргийн 179-р хуудас