Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2017/ШЦТ/109

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Д даргалж, 

нарийн бичгийн дарга Ц.С,

орчуулагч А.Е,

улсын яллагч М.О, 

хохирогч А.С,

шүүгдэгчийн өмгөөлөгч Т.К,

шүүгдэгч Ж.А нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.А-т холбогдох 1713000000055 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Ж.А: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, Шеруши бахат овгийн Ж-ийн А, 1982 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Б аймгийн Ө сумын 9 дүгээр багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, РД:...........  

Шүүгдэгч Ж.А-ийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/: 

Шүүгдэгч Ж.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Өлгий сумын 10 дугаар багийн нутагт байрлах гэртээ хэрүүл маргааны улмаас эхнэр А.С-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Ж.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Өлгий сумын 10 дугаар багийн нутагт байрлах гэртээ хэрүүл маргааны улмаас эхнэр А.С-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: 

- Хохирогч А.С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2017 оны 10 сарын 06-ны шөнийн 21 цагийн үед А согтуу орж ирээд хүүхдүүдийг ороо засаад унт гэж хэлэхэд хүүхдүүд ороо засаад унтаад өгсөн. Тэгээд өөрөө надтай хэрүүл үүсгэж “Чи авгай надаас салах гэж байна уу” гэхэд нь би “чи согтуу байна унт, би чамд хоол авч ирж өгье” гэхэд минь ширээн дээр байсан аяга тавгийг шал руу унагаачихаад “Чи чаддаг юм бол цагдаа дууд” гээд гал тогооны өрөөний цонхыг хагалахад би түүнийг болиулах гэтэл хог хийж асгадаг төмөр саваар миний толгой тус газар цохьсон юм” гэх мэдүүлэг /хх-ийн 20-23 дугаар хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч К.Х-ын 389 дугаартай шинжээчийн дүгнэлт: “... Иргэн А.С-ийн биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” /хх-ийн 28 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Ж.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Гадагшаа гарах үедээ үүдэнд байсан бохир усны савыг эхнэр лүү шидэх үед зүүн талын нүдэнд нь тусах үед зугтаж гараад цагдаагийн байгууллагад өөрөө ирээд болсон асуудлыг хэлж дуудлага өгсөн юм. ... одоо дахин эхнэрээ зодохгүй, миний буруу” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Ж.А-ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ. 

1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ж.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Ж.А-ийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв. 

Шүүгдэгч Ж.А-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна. 

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ж.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болно. 

Шүүгдэгч Ж.А нь бусдад төлөх төлбөргүй тул түүний өмч Нокиа-1600 маркын хуучин хэрэглэж байсан гар утсыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Ж.А-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт шүүхэд ирүүлсэн шүүгдэгчийн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж шийдвэрлэлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Шеруши бахат овгийн Ж-ийн А-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А-ийг 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.  

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 5. Шүүгдэгч Ж.А нь энэ хэргийн учир цагдан хоригдож байгаагүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Шүүгдэгч Ж.А нь бусдад төлөх төлбөргүй тул түүний өмч Нокиа-1600 маркын хуучин хэрэглэж байсан гар утсыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар Ж.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 

8. Шүүгдэгч Ж.А-гийн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт газарт шилжүүлсүгэй. 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   А.Д