Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2018/0722

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Отгонтуяа даргалж

Нэхэмжлэгч: Шим ХХК /РД:2040018/

Хариуцагч: Байгаль Орчин Аялал жуулчлалын Яам, Ойн судалгаа, хөгжлийн төвд холбогдох

Гуравдагч этгээд: Агротрейд импекс ХХК, Чингис капитал ХХК, Неүв Чемикал сервис ХХК

Нэхэмжлэлийн шаардлага:

1.Ойн судалгаа, хөгжлийн төвийн зарласан Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажилд хэрэглэх микро биологийн бэлдмэл худалдан авах ОйСХТ-2018/ОХШӨТ-06 тендерийн үйл ажиллагаа хууль бус байсныг тогтоолгох,

2.Тендерийн үйл ажиллагааг хэрэгжүүлэн үнэлгээний хороонд ажиллаж байсан гишүүд шийдвэр гаргахдаа хууль бус үйлдэл гаргасан болохыг тогтоолгохшаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Шим ХХК-ийн ерөнхий захирал Н.Батаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хосбаяр, П.Цэрэн-Очир, гэрч Н.Энхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХнь:

Нэхэмжлэгч Шим ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон Шим ХХК-ийн төлөөлөгч Н.Батаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ойн судалгаа, хөгжлийн төвийн зарласан Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажилд хэрэглэх микро биологийн бэлдмэл худалдан авах ОйСХТ-2018/ОХШӨТ-О6 тоот тендер сонгон шалгаруулалт хэрэгжээд дуусгавар болсон тул өмнө гаргасан Байгаль орчин, аялал жуучлалын яамны харьяа Ойн судалгаа, хөгжлийн төвийн зарласан Ойн

хөнөөлт шавжтай тэмцэх ажилд хэрэглэх микро биологийн бэлдмэл худалдан авах Багц 1, Багц 2, Багц 3 тендер нь хууль зөрчсөн болохыг тогтоож хүчингүй болгуулах, Байгаль орчин, аялал жуучлалын яамны харьяа Ойн судалгаа, хөгжлийн төвийн зарласан Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажилд хэрэглэх микро биологийн бэлдмэл худалдан авах Багц 1, Багц 2, Багц 3 тендерийг хуульд нийцүүлэн буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 101 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцүүлэн дахин сонгон шалгаруулалт явуулахыг даалгах хэрэгцээ шаардлага байхгүй болсон байх тул энэ нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээр шийдвэрлүүлэх, улмаар өөрийн зөрчигдсөн эрхээ хамгаалуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Шим ХХК нь Ойн судалгаа, хөгжлийн төвийн зарласан Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажилд хэрэглэх микро биологийн бэлдмэл худалдан авах ОйСХТ-2018/ОХШӨТ-О6 тоот тендерийн нэгдүгээр багц Лепидоцид ск эсхүл түүнтэй дүйцэх био бэлдмэл худалдан авах, хоёрдугаар багц Энтомотоксин эсхүл түүнтэй дүйцэх био бэлдмэл худалдан авах, мөн тус гуравдугаар багц Bacillus thuringiensis var kurstaki эсхүл түүнтэй дүйцэх омгийн био бэлдмэл худалдан авах цахим сонгон шалгаруулалтад оролцсон.

Захиалагч Байгаль орчин, аялал жуучлалын яамны харьяа Ойн судалгаа, хөгжлийн төвийн 2018 оны 04 сарын 17-ны өдрийн, №1/186, №1/188, №1/191 тоот албан бичгээр тендерээс татгалзахаар шийдвэрлэсэн 2018 оны 04 сарын 19-ний өдөр хүлээн авч танилцаад эс зөвшөөрч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т ...захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн,... гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ажлын 5 өдрийн дотор гаргана" гэж заасны дагуу Сангийн яаманд гомдол гаргасан.

Захиалагчийн 2018 оны 02 сарын 28-ны өдрийн Тендерийн урилга-ын Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: гэсэн хэсэгт дээрх 3 багц болон бусад багцыг ...Химийн хорт болон аюултай бодис импортлох, экспортлох, хил дамжуулан тээвэрлэх, ашиглах, худалдах, үйлдвэрлэх зөвшөөрөл... шаардлагатай гэж тодорхойлсон байна.

Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т ...химийн хорт бодис...гэж хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд хортой нөлөө үзүүлэх, улмаар үхэл, мөхөлд хүргэх үйлчилгээтэй химийн бодис, тэдгээрийн нэгдлийг..., 3.1.2.-т ...химийн аюултай бодис... гэж тэсрэмтгий, шатамхай, идэмхий, исэлдүүлэгч, цочромтгой шинж чанартай химийн бодис, тэдгээрийн нэгдлийг ойлгоно гэж заасан байдаг.

Мөн Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.-т ...Химийн хорт болон аюултай бодисын ангиллыг байгаль орчны болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална... гэжзаасны дагуу Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын хамтарсан 2015 оны А/356/396 дугаар тушаалын Гуравдугаар хавсралтаар батлагдсан Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт-д Лепидоцид ск эсхүл түүнтэй дүйцэх био бэлдмэл, Энтомотоксин эсхүл түүнтэй дүйцэх био бэлдмэл, Bacillus thuringiensis var kurstaki эсхүл түүнтэй дүйцэх омгийн био бэлдмэлийн аль ч багтдаггүй болно. Учир нь эдгээр нь химийн гаралтай бус цэвэр биологийн гаралтай бэлдмэл бактери тул химийн хорт болон аюултай бодисын найрлагагүй байгаль орчинд хэрэглэгдэх бүтээгдэхүүн юм.

Өөрөөр хэлбэл захиалагчийн зарласан тендер нь химийн хорт болон аюултай бодис худалдан авах сонгон шалгаруулалт бус био гаралтай биологийн идэвх болон био бэлдмэл худалдан авах тендер байх тул тендерийн бичиг баримт анхнаасаа хууль зөрчсөн байна.

Захиалагч нь багц 1, багц 2, багц 3-ыг химийн хорт болон аюултай бодис гэж зарлаж байгаа нь дээрх хуульд заасны дагуу хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд хортой нөлөө үзүүлэх, улмаар үхэл, мөхөлд хүргэх үйлчилгээтэй, мөн идэмхий, исэлдүүлэгч, цочромтгой шинж чанартай хориглосон бүтээгдэхүүнийг Монгол Улсын ойн сан хөмрөг, байгаль орчинд хэрэглэхээр байсан нь хууль бус юм.

Бусад тендерт оролцогчид нь химийн хорт болон аюултай бодис нийлүүлэхээр материал ирүүлсэн бол Монгол Улсын байгаль орчинд ноцтой хохирол учруулах нөхөцлийг үүсгэж байна гэж шууд үзэж болох нөхцөл байдлыг үүсгэж байгаа бөгөөд уг тендерт шалгарсан компаниудын хувьд химийн болон аюултай бодис нийлүүлсэн бол энэ нь хүртэл хууль бус үйлдэл, үйл ажиллагаа болох юм.

Нөгөө талаар захиалагч нь Шим ХХК-иас ирүүлсэн тендерээс татгалзах үндэслэлээ "... Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл ирүүлээгүй, тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг тухай нотлох баримт ирүүлээгүй, үйлдвэрлэдэг тусгай зөвшөөрлийн нотлох баримт ирүүлээгүй... гэж үзэн шаардлагад нийцээгүй гэж шийдвэрлэсэн нь илт үндэслэл муутай хууль бус болсон гэж үзэхээр байгаа бөгөөд тухайн тендерийн үнэлгээний хороонд ажиллаж байсан гишүүд Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаарх мэдүүлгийг бөглөж үнэлгээний хорооны дүгнэлт гаргах ажиллагаанд хувийн сонирхлоор бус, хөндлөнгийн байр сууринаас хандана, хараат бус хөндлөнгийн байр сууринаас хандах байдалд нөлөө үзүүлэхүйц нөхцөл байдал байхгүй талаар, тухайн тендер шалгаруулалтад оролцогч талуудтай сонирхлын зөрчилгүй, хэрэв сонирхлын зөрчил бий болох нөхцөл үүссэн тохиолдолд шударгаар мэдэгдэж үнэлгээний хорооны гишүүнээс татгалзана гэсэн боловч сонирхлын зөрчилтэй үйлдлийг гаргасан гэж нэхэмжлэгч Шим ХХК- ийн зүгээс үзэж байгаа болно.

Түүнчлэн Лепидоцид ск эсхүл түүнтэй дүйцэх био бэлдмэл, Энтомотоксин эсхүл түүнтэй дүйцэх био бэлдмэл, Bacillus thuringiensis var kurstaki эсхүл түүнтэй дүйцэх омгийн био бэлдмэл нь химийн хорт болон аюултай бодис биш тул Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.2, 15.6.3 дах хэсэгт заасны дагуу ...Химийн хорт болон аюултай бодис импортлох, экспортлох, хил дамжуулан тээвэрлэх, ашиглах, худалдах, үйлдвэрлэх... тусгай зөвшөөрлийг авах шаардлагагүй, боломжгүй.

Байгалийн буюу ургамал хамгааллын био бэлдмэл, бактери үйлдвэрлэхэд тусгай зөвшөөрөл шаарддаггүй бөгөөд гагцхүү хүний эрүүл мэндийн эм, биологийн идэвхт үйлчилгээтэй бүтээгдэхүүнийг импортлох, үйлдвэрлэх, ханган нийлүүлэх үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл шаарддаг. Шим ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд био бэлдмэл үйлдвэрлэх үйл ажиллагааны чиглэл тусгагдсан байдаг ба захиалагч нь тусгай зөвшөөрөл шаардсан нь анхнаасаа хууль бус шаардлага байсан бөгөөд компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний тусгай зөвшөөрөл гэсэн хэсгийг огт судалж үзээгүй.

Тендерийн бичиг баримтын 18.1-д ...хэрэв ТШӨХ-д шаардсан бол тендерт оролцогч өөрөө үйлдвэрлээгүй барааг тендерт санал болгох тохиолдолд уг барааг Монгол улсад нийлүүлэх эрх олгосон тухай үйлдвэрлэгчийн зөвшөөрлийг...ирүүлнэ. гэсэн. Тендерт оролцогч Шим ХХК санал болгосон бүтээгдэхүүнийг өөрийн ХУД-ийн 12-р хороо Сонгино дахь микро биологийн үйлдвэрт үйлдвэрлэсэн тул өөрөө өөртөө зөвшөөрөл өгөх шаардлагагүй бөгөөд тендерийн бичиг баримтад тухайн бүтээгдэхүүнийг өнгөрсөн жил үйлдвэрлэж байсан туршлага, патент эзэмшигчтэй хамтран ажиллах гэрээ, Шим компани Сонгино дахь үйлдвэрийн танилцуулга өнгөт зургууд, ойн судалгаа хүрээлэнгийн төвийн удирдлагууд, түүний дотор үнэлгээний хорооны дарга Ч.Пүрэвсүрэн нарын үйлдвэртэй дэлгэрэнгүй танилцаж байгаа өнгөт зургуудыг хавсаргасан байдаг. Эдгээр баримт бичгийг тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг тухай нотлох баримт гэж үзнэ. Гэтэл захиалагч үндэслэлгүйгээр тендерт оролцогчийг үйлдвэрлэдэг тухай нотлох баримтаа ирүүлээгүй гэж үнэлж тендерээс татгалзаж шийдвэрлэсэнд гомдолтой байгаа тул тендерийн үйл ажиллагаа анхнаасаа хууль бус байсныг тогтоолгох хүсэлтэй байна.

Мөн захиалагч нь 15 мл шингэн өсгөвөр нь шавжийн хүрэнцрийг 2-оос 5 хоногт үхүүлж 75%-иас дээш үр дүн үзүүлдэг гэсэн байхад Шим ХХК нь Био бэлдмэл нь шавжийн хүрэнцэрт 10 хоногт 75%-иас дээш үр дүн үзүүлдэг гэсэн байна, түүнчлэн Хадгалах хугацаа нь барааг захиалагчид хүлээлгэж өгсөн өдрөөс эхлэн 12 сар байна гэснийг Шим ХХК нь Бодисын хүчинтэй хугацаа 6 сар байна гэсэн нь тендерээс татгалзах үндэслэл хэмээн шийдвэрлэсэн нь илт хууль бус юм.

Энтомотоксин эсхүл түүнтэй дүйцэх био бэлдмэл, Bacillus thuringiensis var kurstaki эсхүл түүнтэй дүйцэх омгийн био бэлдмэл нь Монгол Улсын MNS 6173:2010 стандартын 6.3-т ...Бэлдмэлийг 10с хэмээс дээшгүй дулаантай байранд 45 хоног, хасах температуртай байранд анх бэлтгэсэн савтай нь 6 сар хадгална... гэж заасан байх ба энэхүү хугацаа нь Лепидоцид ск бэлдмэлд мөн адил хамааралтай.

Захиалагчийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т ...Захиалагч техникийн тодорхойлолтыг бэлтгэхдээ дараах шаардлагыг хангасан байна:, 11.1.1 .-т тухайн бараа, ажил, үйлчилгээг гадаад шинж чанарын үзүүлэлтээр бус, зориулалт, хэрэглээ, ашиглалт, чанарын түвшин, техникийн үзүүлэлтээр тодорхойлох;, 11.1.2.-т ...Монгол Улсын хүлээн зөвшөөрсөн олон улсын стандартад үндэслэх, ийм стандарт байхгүй тохиолдолд үндэсний стандарт, техникийн шаардлага, норм, норматив, дүрэм, зааварт үндэслэх; гэж заасныг илтэд зөрчсөн гэж үзэх тул тендер сонгон шалгаруулалт хууль бус байсан нь илэрхий байна.

Захиалагч нь Монгол улсын стандарт болох MNS 6173:2010 -нд заасныг ноцтой зөрчин Монгол улсад хэрэглэвэл зохих Bacillus thuringiensis var kurstaki эсхүл түүнтэй дүйцэх омгийн био бэлдмэлийг биш харин гадны нөхцөлөөр био бэлдмэл авах техникийн нөхцөлийг үнэлгээний хорооны гишүүд зохиож, улсын төсвийн хөрөнгийг санаатайгаар, зохион байгуулалттайгаар шамшигдуулан төрийн бодлогын эсрэг үйл ажиллагаа явуулсан төрийн албан хаагч нарт хариуцлага тооцох ёстой гэж ойлгож байна.

Тухайлбал, байгаль орчин аялал жуулчлалын яамны харьяа Ойн судалгаа хөгжлийн төв УТҮГ-ын тендерийн шалгаруулалтын 2017, 2018 онуудын харьцуулсан судалгаанаас үзэхэд 2018 оны тендер шалгаруулалт өмнөх оныхоос 3.5 дахин их буюу 1, 2 дугаар багцын хувьд 2 дахин их үнээр гадны био бэлдмэл худалдаж авсан, мөн 1,2 дугаар багцын тендерийн нөхцөл адилхан мөртлөө 2 дугаар тендерийн хувьд 2 дахин их үнээр БНХАУ-ын био бэлдмэлийг худалдаж авсан, 3-р багцын хувьд бодисыг авахдаа үйлчлэх нэрээр нь тендер сонгон шалгаруулж авсан, Стандарт болон холбогдох хууль дүрмийн дагуу худалдааны нэрээр нь тендер сонгон шалгаруулж авах журмыг зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр тендерийн үйл ажиллагааг хууль бус гэж үзэж байгаа бөгөөд үнэлгээний хорооны гишүүд өөрсдийн зохиосон техникийн нөхцөлдөө нийцүүлэн тендер зарлаж түүндээ нийцүүлэн химийн гаралтай био бэлдмэлийг гадаад БНХАУ-аас худалдан авахаар сонгон шалгаруулалт зарлаж байгаа нь шударга бус байхаас гадна хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 1011.-т ...Чанар, стандартын шаардлага хангасан барааг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой тохиолдолд тендер шалгаруулалтад гадаадын бараа нийлүүлэгчийг шалгаруулахыг хориглоно...., 101.2.-т...Энэ хуулийн 1011-д заасан дотоодын үйлдвэрээс худалдан авах барааны жагсаалтыг Засгийн газар батална... гэж заасан бөгөөд Засгийн газрын 2015 оны 336 дугаар тогтоолын хавсралт Дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар, стандартын шаардлага хангасан барааны жагсаалт-ын 12.3-т Ургамал хамгааллын бодис; гэж заасны дагуу Багц 1, Багц 2, Багц 3-т заасан ургамал хамгааллын био бэлдмэл бодисыг дотоодын үйлдвэрлэгч нараас хангах, гадаадын бараа нийлүүлэгчийг шалгаруулахыг хориглох хуулийн зохицуулалттай байхад дотооддоо үйлдвэрлэсэн био гаралтай бүтээгдэхүүнийг бус харин БНХАУ-д үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг сонгосон. Энэ нь Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа үндэсний үйлдвэрийг дэмжих, хөгжүүлэх үндэсний хөтөлбөртэй нийцэхгүй байгааг дурьдаж байна.

Мөн үнэлгээний хорооны дарга Ч.Пүрэвсүрэн нь Шим ХХК-ний ХУД-ийн 12-р хороо Сонгино дахь микро биологийн үйлдвэртэй биечлэн танилцаж байсан бөгөөд тендерийн бичиг баримтад тухайн бүтээгдэхүүнийг өнгөрсөн жил үйлдвэрлэж байсан туршлага, патент эзэмшигчтэй хамтран ажиллах гэрээ, Шим компани Сонгино дахь үйлдвэрийн танилцуулга өнгөт зургууд, ойн судалгаа хүрээлэнгийн төвийн удирдлагууд, түүний дотор үнэлгээний хорооны дарга Ч.Пүрэвсүрэн нарын үйлдвэртэй дэлгэрэнгүй танилцаж байгаа өнгөт зургуудыг хавсаргасан ирүүлсээр байхад бодит байдлыг мэдсээр байж үнэлгээний хороо шийдвэр гаргахдаа сонирхлын зөрчилтэй асуудалд хандсан гэж үзэж байгаа болно.

Иймд нэхэмжлэгч Шим ХХК-ний зүгээс өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудаа өөрчлөн ...Тендерийн үйл ажиллагаа хууль бус байсныг тогтоолгох..., ....Тендерийн үйл ажиллагааг хэрэгжүүлэн үнэлгээний хороонд ажиллаж байсан гишүүд шийдвэр гаргахдаа хууль бус үйлдэл гаргасан болохыг тогтоолгох... гэж өөрчлөн гаргаж байна. гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шим ХХК-ийн зүгээс 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Тендерийг хүчингүй болгож, дахин тендер зарлахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан. Бид нэхэмжлэлийн шаардлагаа Тендерийн үйл ажиллагаа хууль бус байсан болохыг тогтоолгох, тендерийн үйл ажиллагаанд Тендерийн үнэлгээний хорооны гишүүд шийдвэр гаргахдаа хууль бус үйлдэл гаргасан болохыг тогтоолгох өөрчилсөн. Захиалагчийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн тендерийн урилгын ...тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх гэсэн хэсэгт маргаан бүхий 3 багц болон бусад багцыг Химийн хорт болон аюултай бодис импортлох, экспортлох, хил дамжуулан тээвэрлэх, ашиглах, худалдах, үйлдвэрлэх зөвшөөрөл шаардлагатай гэж тодорхойлсон байсан. Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт ...химийн хорт бодис гэж хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд хортой нөлөө үзүүлэх, улмаар үхэл, мөхөлд хүргэх үйлчилгээтэй химийн бодис, тэдгээрийн нэгдлийг хэлнэ, 3.1.2 дахь хэсэгт ...химийн аюултай бодис гэж тэсрэмтгий, шатамхай, идэмхий, исэлдүүлэгч, цочромтгой шинж чанартай химийн бодис, тэдгээрийн нэгдлийг хэлнэ гэж тус тус заасан. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт ...Химийн хорт болон аюултай бодисын ангиллыг байгаль орчны болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална гэж заасан байдаг.

Хариуцагчийн төлөөлөгчийн Химийн хорт болон аюултай бодисын тухай хуульд зааснаар энэ бодис нь химийн хорт бодис гэж байгаа нь буруу. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын хамтран баталсан 2015 оны А/356/396 дугаар тушаалын 3 дугаар хавсралтаар химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамааруулсан бодисын жагсаалтыг баталсан байна. Тус жагсаалтад багц 1, 2, 3-ын тендерийн био бэлдмэлүүд огт багтдаггүй юм байна. Мөн хариуцагчаас манай компанийн тендерээс татгалзах нэг үндэслэлээ Шим ХХК нь үйлдвэрлэгчийн зөвшөөрлийг ирүүлээгүй гэж тайлбарладаг. Багц 1, 2-ын хувьд химийн хорт болон аюултай бодис биш учир Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.2, 15.6.3 дахь хэсэгт заасан тусгай зөвшөөрөл шаардагдахгүй. Гэтэл захиалагч нь Тусгай зөвшөөрөл шаардлагатай гээд байгаа нь анхнаасаа илт үндэслэлгүй болсон. Мөн Шим ХХК нь 2010 оноос хойш Ойн судалгаа, хөгжлийн төвөөс зарласан микро биологийн био бэлдмэл нийлүүлэх тендерт оролцож ирсэн. Мөн 2017 он хүртэл Ойн судалгаа, хөгжлийн төвд их хэмжээний био бэлдмэл нийлүүлсэн туршлагатай хуулийн этгээд байгаа. Тендерийн үнэлгээний хорооны дарга Ч.Пүрэвсүрэн гэдэг хүн өмнө нь Шим ХХК-ийн үйлдвэр дээр очиж танилцаж байсан. Хавтаст хэрэгт энэ талаарх зургууд авагдсан байгаа. Мөн хавтаст хэрэгт Ойн судалгаа, хөгжлийн төвөөс 2010-2017 он хүртэлх хугацаанд Шим ХХК-тай гэрээ байгуулаад, ойн хортон шавжтай тэмцэх био бэлдмэлүүдийг худалдан авч байсан талаарх баримтууд авагдсан байгаа. Шим ХХК нь био бэлдмэл үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани байгаа. Шим ХХК-иас тендерийн бичиг баримтад хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл зэргийг хавсаргасан байгаа. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл нь импортлох, борлуулах гэсэн 2 янз байдаг. Мөн хариуцагчаас тендерийн бичиг баримтдаа 15 мл шингэн өсгөвөр нь шавжийн хүрмэнцэрийг 2-5 хоногт үхүүлж, 75 хувиас дээш үр дүн үзүүлдэг байх, хадгалах хугацаа захиалагчид хүлээлгэн өгсөн өдрөөс хойш 12 сар байх гэж тодорхойлсон. Гэтэл Шим ХХК нь тендерийн бичиг баримтаа ...10 хоногт 75-аас дээш үр дүн үзүүлнэ. Хадгалах хугацаа 6 сар байна гэж хүргүүлсэн. MNS 6173:2010 стандартын 6 дугаар зүйлийн 6.3-т ...бэлдмэлийг 10 градус хэмээс дээшгүй дулаантай байранд 45 хоног, хасах температуртай байранд анх бэлтгэсэн савтай нь 6 сар хадгална гэж заасан байдаг. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2 дахь хэсэгт ...Монгол Улсын хүлээн зөвшөөрсөн олон улсын стандартад үндэслэх, ийм стандарт байхгүй тохиолдолд үндэсний стандарт, техникийн шаардлага, норм, норматив, дүрэм, зааварт үндэслэх гэж заасан. Тэгэхээр захиалагчийн ирүүлсэн тендерийн тодорхойлолт нь хууль бус байна. Харин Шим ХХК-ийн зүгээс стандартаа бариад 10 хоногт 75 хувийн үр дүн үзүүлэх, хадгалах хугацаа 6 сар байхаар тендерийн бичиг баримтаа хүргүүлсэн. Тэгэхээр захиалагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Мөн Монгол улсын Засгийн газрын 2015 оны Дотоодын үйлдвэрлэлээс худалдан авах чанар, стандартын шаардлага хангасан барааны жагсаалтыг батлах тухай 336 тогтоолд 12 дугаар зүйлийн 12.3-т Ургамал хамгааллын бодис гэж байдаг. Тэгэхээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 101.1-т ...Чанар, стандартын шаардлага хангасан барааг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой тохиолдолд тендер шалгаруулалтад гадаадын бараа нийлүүлэгчийг шалгаруулахыг хориглоно гэж заасан байгаа. Тус заалтыг захиалагч нь зөрчсөн байна. Тийм учраас тус тендерийн үйл ажиллагаа анхнаасаа хууль бус байсан байна. Мөн тендерийн үйл ажиллагаа хэрэгжүүлэн оролцсон Тендерийн үнэлгээний хорооны гишүүд шийдвэр гаргахдаа хууль бус үйлдэл гаргасан болохыг тогтоож өгнө үү. Хавтаст хэргийн 24 дүгээр талд Ойн судалгаа, хөгжлийн төвийн захирлын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Тендерийн үнэлгээний хороо байгуулах тухай А/17 дугаар тушаал авагдсан байгаа. Тус тушаалаар Тендерийн үнэлгээний хороог Тендерийн үнэлгээний хорооны дарга Ч.Пүрэвсүрэн, н.Жагдаг, н.Буяндалай, Э.Жавхлан, Б.Хосбаяр гэсэн 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан байна. Тус тушаалаас харахад Э.Жавхлан гэдэг хүн төрийн бус байгууллагын төлөөлөл, бусад нь төрийн албан хаагч байгаа юм байна. Тэгэхээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4, 46. 6 дахь хэсэгт заасныг зөрчиж байна. Худалдан авах ажиллагаанд 2 буюу түүнээс дээш төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулах ёстой. Мөн хавтаст хэргийн 29 дүгээр талд Ойн судалгаа, хөгжлийн төвийн захирлын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Тендерийн үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай А/25 дугаар тушаал авагдсан байгаа. Тус тушаалаар Тендерийн үнэлгээний хороонд ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүй нөхцөл байдал үүссэн учир Э.Жавхланг чөлөөлөөд, Б.Отгонбаярыг нөхөн томилсон байгаа. Гэтэл Б.Отгонбаяр гэдэг хүн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Тендерийн үнэлгээний хорооны гишүүнээр томилогдсон хэрнэ 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Тендерийн үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлд гарын үсэг зурсан байна. Б.Отгонбаяр гэдэг хүн тухайн үед Тендерийн үнэлгээний хорооны гишүүн болоогүй байсан хэрнэ яагаад Тендерийн үнэлгээний хуралд оролцоод, оролцсон мэтээр гарын үсэг зураад байгаа юм бэ? Өөрөөр хэлбэл эрх нь үүсээгүй этгээд гарын үсэг зураад байгаа нь Тендерийн үнэлгээний хорооны гишүүд хууль бус үйлдэл гаргаад байгааг нотолж байна. Мөн тус Тендерийн үнэлгээний хорооны дарга Ч.Пүрэвсүрэн гэдэг хүн Шим ХХК-ийн үйлдвэр дээр очиж танилцаад, тодорхой хугацаанд Шим ХХК-ийн био био бэлдмэлийг авч ашиглаж байсан хэрнээ Тендерийн үнэлгээний хорооны хуралд Шим ХХК-ийн талаарх үнэн зөв мэдээллийг гаргаагүй. Үүнийг нь хууль бус үйлдэл байсан гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Байгаль Орчин Аялал жуулчлалын Яамны Ойн судалгаа хөгжлийн төвийн төлөөлөгч Б.Хосбаяр шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Ойн судалгаа, хөгжлийн төв-өөс 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажилд хэрэглэгдэх микро-биологийн бэлдмэл бодис худалдан авах ОСХТ/201802013 дугаартай тендерийг зарласан бөгөөд сонгон шалгаруулалтад дотоодын компаниуд тэгш эрх, үүрэгтэйгээр оролцож, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Ойн судалгаа, хөгжлийн төв-ийн захирлын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/17 дугаар тушаалаар батлагдсан Тендерийн үнэлгээний хороо нь холбогдох хууль, журмын дагуу бүх захиалгыг ижил нөхцөл, аргачлалаар үнэлж, гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж, дүгнэлтийг захиалагчид ирүүлсний үндсэн дээр захиалагчийн зүгээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т ...үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах... гэж заасныг баримтлан гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэсэн.

Үнэлгээний хороо нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдах авах тухай хууль болон Ойн судалгаа, хөгжлийн төв" УТҮГазрын захирлын зөвшөөрсөн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэх ажилд хэрэглэгдэх микро биологийн бэлдмэл нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичиг"-ийг ягштал баримтлан ажилласан тул нэхэмжлэлд дурдагдсан зүйлсийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Тендерт оролцогч Шим" ХХК нь тендерийн нэгдүгээр багц Лепидоцид ск эсхүл түүнтэй дүйцэх биобэлдмэл худалдах авах, хоёрдугаар багц Энтомотоксин эсхүл түүнтэй дүйцэх биобэлдмэл худалдан авах, гуравдугаар багц Bacillus thuringiensis var kurstaki эсхүл түүнтэй дүйцэх омгийн бэлдмэл худалдан авах сонгон шалгаруулалтад оролцож тендер ирүүлсэн.

Тендерийн үнэлгээний хорооны 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 6-01дугаар дүгнэлтээр хорооны 100 хувийн саналаар Багц 1,2,3-т Шим ХХК-ийн нийлүүлэхээр санал болгож буй бэлдмэл нь Тендерийн баримт бичгийн Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 19 дүгээр зүйлийн 19.в-д заасан техникийн тодорхойлолтыгхангаагүй гэж үзэж татгалзах шийдвэрийг гаргасан.

1. Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 19 дүгээр зүйлийн 19.в-д ...нийлүүлэх бараа нь техникийн тодорхойлолтод нийцэхийг зүйл, заалт бүрээр нотлон харуулсан тайлбар, эсхүл тус тодорхойлолтын аль нэг зүйл, заалтыг орхигдуулсан, зөрсөн боловч захиалагчийн тогтоосон техникийн тодорхойлолтын шаардлагыг үндсэнд нь хангаж байгааг нотолсон мэдэгдэл... гэж тусгасан.

Гэтэл тендерт оролцогч Шим ХХК-ийн санал болгож буй бэлдмэл нь техникийн тодорхойлолтын зарим үзүүлэлтүүдийг хангаагүй болно. Учир нь Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 18 дугаар зүйлийн 18.1.а-д ...хэрэв ТШӨХ-д шаардсан бол тендерт оролцогч өөрөө үйлдвэрлээгүй бараа тендерт санал болгох тохиолдолд уг барааг Монгол Улсад нийлүүлэх эрх олгосон тухай үйлдвэрлэгчийн зөвшөөрлийг 4 дүгээр бүлгийн маягтаас ашиглан ирүүлнэ... гэж заасан боловч маягт №ТШМ-4-ын дагуу үйлдвэрлэгчийн зөвшөөрлийг ирүүлээгүй болно.

Мөн Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 17 дугаар зүйлийн 17.1.в-д ...ТШӨХ-д шаардсан бол тухайн төрлийн бараа нийлүүлэх тусгай зөвшөөрөл...-тэй эсэхийг нотлох баримтыг ирүүлэх шаардлагатай байсан боловч тендерт оролцогч ньтухайн бүтээгдэхүүнийг өөрсдөө үйлдвэрлэдэг гэх боловч энэ тухай нотлох баримтаа ирүүлээгүй, тусгай зөвшөөрөлтэй эсэхээ нотолж чадаагүй болно.Учир нь Тендерийн баримт бичгийн Хоёрдугаар хэсгийн Тавдугаар бүлгийн 3-т заасан Багц 1,2,3-ын Техникийн тодорхойлолтын хураангуй хэсгийн 10-т ...Ургамал хамгаалах бодис үйлдвэрлэх, импортлох, борлуулах тусгай зөвшөөрлийн хуулбарыг ирүүлнэ... гэж заасан.

2. Тендерийн баримт бичгийн Хоёрдугаар хэсгийн Тавдугаар бүлгийн Багц 1,2,3- ын Техникийн тодорхойлолтын үзүүлэлтийн 1-т био бэлдмэлийн идэвх чанар нь 15 мл шингэн өсгөвөр нь шавжийн хүрэнцрийг 2-оос 5 хоногт үхүүлж 75 хувиас дээш үр дүн үзүүлдэг... байх үзүүлэлтийг шаардсан атал Шим ХХК-ийн ирүүлсэн тендерт Био бэлдмэл нь шавжийн хүрэнцэрт 10 хоногт 75 хувиас дээш үр дүн үзүүлдэг гэж тендерийн үзүүлэлт заасан дээд хугацаанаас 2 дахин илүү хугацааны дараа үр дүн үзүүлэхээр тендер ирүүлсэн нь тендерийн шалгуур үзүүлэлтийг хангаагүй байна.

Түүнчлэн Тендерийн баримт бичгийн Долдугаар бүлгийн Гэрээний тусгай нөхцөл хэсгийн 7-д ...Хадгалах хугацаа нь барааг захиалагчид хүлээлгэж өгсөн өдрөөс эхлэн 12 сар байна...гэж заасан боловч тендерт оролцогчоос ...бодисын хүчинтэй байх хугацаа 6 сар...гэж дурдсан нь техникийн тодорхойлолтыг хангаагүй гэж үзэж татгалзах шийдвэр гаргасан нь үндэслэлтэй болно.

Учир нь Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 31 дүгээр зүйлийн 31.1.г-д ...тендерийнбаримт бичигт тавигдсан бусад шаардлагад нийцсэн эсэх-ийг тогтоох бөгөөд 31 дүгээр зүйлийн 31.2-т ...ТОӨЗ-ны 31.1 дэх заалтын (а)-(д)-д заасан заалт тус бүрийг хангаж буй тохиолдолд шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цэрэн-Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Нэхэмжлэгч талаас Химийн хорт болон аюултай бодис худалдах худалдан авах тендер зарласан, Тендерийн үнэлгээний хорооны гишүүд эрхгүй буюу хууль бус шийдвэр гаргасан, Тендерийн үнэлгээний хороонд хууль бус шийдвэр гаргасан гэсэн үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж үзэж байна. Аливаа тендер сонгон шалгаруулж байгаа Тендерийн үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу байгуулагддаг, байнгын бус үйл ажиллагаатай, бие даасан үйл ажиллагаа явуулдаг байгууллага байгаа. Гэтэл нэхэмжлэгч талаас Тендерийн үнэлгээний хорооны гишүүд шийдвэр гаргахдаа хууль бус үйлдэл гаргасан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан хэрнэ тус Тендерийн үнэлгээний хороог байгуулсных нь төлөө Ойн судалгаа, хөгжлийн төвийг хариуцагчаар татсан нь үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэгч талаас Химийн хорт болон аюултай бодис худалдах, худалдан авах тендер зарласан гээд байгаа. Химийн хорт болон аюултай бодис худалдах, худалдан авах гэдэг үг, өгүүлбэр зөвхөн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох сонин дээр гарсан тендерийн урилга дээр л байгаа. Бусад тендерийн бичиг баримтад ийм үг, өгүүлбэр огт байхгүй. Мөн Тендерийн бичиг баримтын 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт ...Тендерийн урилга нь энэхүү тендерийн бичиг баримтын нэг хэсэг болохгүй гэж заасан байгаа. Тийм учраас Химийн хорт болон аюултай бодис худалдах, худалдан авах тендер зарласан гэдэг үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн нэхэмжлэгч талаас Тендерийн үнэлгээний хорооны гишүүд нь эрхгүй буюу хууль бус бүрэлдэхүүнтэй гэж тайлбарлаад байгаа. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт ...Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орсон албан тушаалтан дараах шаардлагыг хангасан байвал зохино гээд, 47.3.1 дэх хэсэгт ...худалдан авах ажиллагааны чиглэлээр, эсхүл тухайн бараа, ажил, үйлчилгээнд холбогдох салбарт мэргэшсэн байх гэсэн байгаа. Тус Тендерийн үнэлгээний хорооны гишүүн Б.Отгонбаяр гэдэг хүн албан тушаалтан биш бөгөөд зөвхөн олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор томилогдсон. Тийм учраас Б.Отгонбаярт Худалдах, худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн байх гэдэг шаардлага хамаарахгүй. Мөн нэхэмжлэгч талаас Б.Отгонбаяр гэдэг хүн 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс Тендерийн үнэлгээний хорооны хуралд оролцож эхэлсэн. Гэтэл Б.Отгонбаяр гэдэг хүнийг Тендерийн үнэлгээний хорооны гишүүнээр томилсон тушаал нь 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр буюу сарын дараа гарсан байна гэж байна. Тендерийн үнэлгээний хорооны гишүүн Э.Жавхлан гэдэг хүн ашиг сонирхлын зөрчил илэрсэн учир өөрөө татгалзан гарсан. Ингээд татгалзан гарсан гишүүний оронд Б.Отгонбаярыг нөхөн томилсон учир тушаал нь хожим гарсан байж болох юм. Гэхдээ баримтуудаас харахад Тендерийн үнэлгээний хорооны бүх хурал нь 100 хувийн ирцтэй явагдсан. Тийм учраас Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг хууль ёсны гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн нэхэмжлэгч тал Гадаадаас импортлогчийг дэмжсэн гэж байна. Шим ХХК-ийн ургамал хамгааллын чиглэлээр үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг Ойн судалгаа, хөгжлийн төв болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам л худалдан авах боломжтой. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар 5.000.000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй бараа, ажил, үйлчилгээ худалдан авах бол заавал тендер сонгон шалгаруулах ёстой. Тендер сонгон шалгаруулахад Шим ХХК үйлдвэрлэгч гээд орж ирлээ гэхэд бусад импортлогч компаниуд мөн адил орж ирнэ. Энэ тохиолдолд бусад компаниудыг импортлогч компани байна гээд ялгаварлан гадуурхах, өрсөлдөөнийг хязгаарлах боломжгүй. Тэгэхээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1 дэх хэсэгт ...шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх гэж заасныг зөрчинө. Мөн нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгчийн тайлбараас харахад өнөөдрийг хүртэл Тендерийг хүчингүй болгож, дахин тендер зарлуулах нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ байгаа юм шиг харагдаж байна. Мөн нэхэмжлэгч талаас Хадгалах хугацааг стандартаас илүү тавьснаар илт хууль бус болсон гэж байна. Гэрчээс Хадгалах хугацаа 12 сар байхад юу нь муу юм бэ? гэж асуухад Муу юм байхгүй гэж хариулсан. Ойн судалгаа, хөгжлийн төвөөс тендерийн бичиг баримтыг боловсруулахдаа стандартыг 12 сар гэж сонгон хэрэглэсэн нь хууль зөрчсөн асуудал болохгүй. Учир Монгол улсын хувьд улирлын байдал, бороошилт, хуурайшилт зэргээс хамаараад хавар зарласан тендерийн дагуу худалдан авсан бэлдмэлийг урт болон богино хугацаагаар хадгалах шаардлага гардаг. Энэ тохиолдолд төсвийн хэмнэлтийг бий болгохын тулд урт хугацаа тавьсан нь Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй. Гэрчийг асуухад Хадгалах хугацаа нь 12 сар байгаа бэлдмэл нь өндөр технологиор гаргаж авсан өтгөрүүлсэн буюу хуурай бодис байдаг гэж хэлсэн. Гэтэл Шим ХХК нь зөвхөн шингэн био бэлдмэл нийлүүлэх хүчин чадалтай байсан. Иймд Ойн судалгаа, хөгжлийн төвөөс байгуулагдсан Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээд Агротрейд импекс ХХК-ийн ерөнхий захирал Н.Төмөрхуяг шүүхэд гаргасан тайлбар, хүсэлтдээ: Ойн судалгаа, хөгжлийн төв УТҮГ-аас зарласан Ойн хөнөөлт шавьжтай тэмцэх ажилд хэрэглэх микро биологийн бэлдмэл худалдан авах ОйСХТ-2018/ОХШӨР-06 тоот тендерт оролцож тус тендерийн багц 3-д шалгарсан. Улмаар ОйСХТ-2018/ОХШӨТ-О6-ОЗ тоот гэрээ байгуулж, гэрээний дагуу бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгсөн.

Манай компани нь тендерт баримт бичгийн ТОӨЗ 17.1(в) заасан Хүнс, Хөдөө аж ахуйн яамнаас олгодог Ургамал хамгаалахад ашиглах бодисыг импортлох, Ургамал хамгаалахад ашиглах бодисыг худалдах тусгай зөвшөөрлийг хүргүүлсэн.

Мөн ТОӨЗ 18.1(а)-заасны дагуу БНХАУ-ьш үйлдвэрлэгч Кинг күонсон компаний үйлдвэрлэгчийн зөвшөөрөл хавсаргасан.

Тендерийн техникийн тодорхойлолт хэсэгт заасан техникийн үзүүлэлтийг манай компаний санал болгосон үзүүлэлт хангаж байгаа бөгөөд гэрээний дагуу нийлүүлсэн био бэлдмэлийн Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн дүгнэлтэд биологийн идэвх 100%, Мал эмнэлгийн эмийн сорилт, баталгаажуулалтын улсын лабораторийн дүгнэлтэд биологийн идэвх 80 %-ийн үр дүн үзүүлсэн гэж тус тус дүгнэсэн.

Бидний тендерт санал болгосон Bacillus thiringiensis var kurstaki бүтээгдэхүүний хүчинтэй хугацаа 2 жил болно. Мөн манай компани нь Лепидоцид СК үйлдвэрлэгч ОХУ-ын Сиббиофарм компанийн албан ёсны дилер юм. Тус био бэлдмэлийн хадгалалтын хугацаа 0- +300С хэмд 1 жил гэж заасан байна. ОХУ-ын ГОСТ Р 5727-2016 Лепидоцидийн стандартад хадгалах хугацааг үйлдвэрлэснээс хойш 1,5 жил гэж заасан байна. Сүүлд нэхэмжлэгчээс нэхэмжлэхийн шаардлага өөрчилсөн бөгөөд үүнтэй холбоотой дахин хариу тайлбар гаргаж өгөх шаардлагагүй бөгөөд өмнө бичгээр гаргасан тайлбараа бүрэн дэмжиж байгаа болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22-р зүйлийн 22.2-т заасны дагуу уг Захиргааны хэрэгт гуравдагч этгээд Агротрейд импекс ХХК-г оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно. гэжээ.

Гуравдагч этгээд Чингис капитал ХХК-ийн захирал Г.Идэрболд шүүхэд гаргасан тайлбар, хүсэлтдээ: Ойн хөнөөлт шавьжтай тэмцэх ажилд хэрэглэх микро биологийн бэлдмэл худалдан авах тендерийн Багц-1 : Лепидоцид ск эсхүл түүнтэй дүйцэх био бэлдмэл худалдан авах 2018/ОХШӨТ-06-01 ,Багц-2 Энтомотоксин эсхүл түүнтэй дүйцэх био бэлдмэл худалдан авах ОЙСХТ -2018/ОХШӨТ-06-02, Багц-3 Bacillus thuringiensis var kurstaki эсхүл түүнтэй дүйцэх омгийн био бэлдмэл худалдан авах ОЙСХТ-2018/ОХШӨТ-О6-ОЗ дугаартай гурван багц тендерт тус бүрт нь тендерийн материал илгээсэн авч Багц-1 болон Багц -3 тендерт шалгараагүй гэсэн мэдэгдлийг хүлээн авч зөвшөөрсөн. Харин Багц-2 тендерт манай илгээсэн тендерийн баримт бичгийн бүрдэл нь хангасан тул гэрээ байгуулах мэдэгдлийг хүлээн авч 2018 оны 05 сарын 04-ны өдөр Ойн судалгаа хөгжлийн төвтэй 101 тоот гэрээг байгуулсан бөгөөд гэрээний үүргээ 100% биелүүлсэн.

Шим ХХК-ийн нэхэмжлэлтэй Ойн судалгаа хөгжлийн төвтэй холбогдох захиргааны хэрэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22-р зүйлийн 22.2-т заасны дагуу манай компани болох Чингис капитал ХХК оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно. гэжээ.

 

Гуравдагч этгээд Нью Чемикал ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Мижиддорж шүүхэд гаргасан тайлбар, хүсэлтдээ: Тус компани нь 2018 оны 03-р сарын 28-ны өдөр нээсэн ОйСХТ-2018/ОХШӨТ-О6 ялгах тэмдэг бүхий Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажилд хэрэглэх микро биологийн бэлдмэл худалдан авах тендерийн Багц-1 Лепидоцид ск эсхүл түүнтэй дүйцэх био бэлдмэл худапдан авах тендерт оролцон шалгарч 2018 оны 05-р сарын 04-ны өдөр гэрээ байгуулсан болно.

Бид гэрээний үүргийн дагуу гүйцэтгэлийг 100% гүйцэтгэж дууссан тул Шим ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүйгээ үүгээр мэдэгдэж байна.

Ойн хөнөөлт шавьжтай тэмцэх ажилд хэрэглэх микро биологийн бэлдмэл худалдан авах тендерийн Багц-1 : Лепидоцид ск эсхүл түүнтэй дүйцэх био бэлдмэл худалдан авах 2018/ОХШӨТ-06-01, Багц-2: Энтомотоксин эсхүл түүнтэй дүйцэх био бэлдмэл худалдан авах ОЙСХТ -2018/ОХШӨТ-06-02, Багц-3: Bacillus thuringiensis var kurstaki эсхүл түүнтэй дүйцэх омгийн био бэлдмэл худалдан авах ОЙСХТ-2018/ОХШӨТ-О6-ОЗ дугаартай гурван багц тендерт тус бүрд нь тендерийн материал илгээсэн авч Багц-2 болон Багц -3 тендерт шалгараагүй гэсэн мэдээллийг хүлээн авч зөвшөөрсөн. Харин Багц-1 тендерт манай илгээсэн тендерийн баримт бичгийн бүрдэл нь хангасан тул гэрээ байгуулах мэдэгдлийг хүлээн авч 2018 оны 05-р сарын 04-ны өдөр ОйСХТөвтэй №103 тоот гэрээг байгуулсан бөгөөд гэрээний үүргээ 100% биелүүлсэн. Цаашид үргэлжлэн явах шүүх хурлын үйл ажиллагаанд оролцохоос татгалзаж байгаагаа үүгээр мэдэгдэж байна. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Анх Шим ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа Байгаль орчин, аялал жуучлалын яамны харьяа Ойн судалгаа, хөгжлийн төвийн 2018 оны 04 дүгээр сарын17-ны өдрийн №1/186, №1/188, №1/191 тоот албан бичгээр тендерээс татгалзахаар шийдвэрлэснийг хүчингүй болгуулах, тус төвийн зарласан Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажилд хэрэглэх микробиологийн бэлдмэл худалдан авах Багц 1, Багц 2,Багц 3 тендер нь хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, мөн тендерүүдийг хуульд нийцүүлэн дахин сонгон шалгаруулалт явуулахыг даалгах, Сангийн яамны 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 6-1/2626 тоот албан бичгийг хүчингүй болгуулах гэж тодорхойлж байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа

1 дүгээрт: Ойн судалгаа, хөгжлийн төвийн зарласан Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажилд хэрэглэх микробиологийн бэлдмэл худалдан авах ОйСХТ-2018/ОХШӨТ-06 дугаар тендерийн үйл ажиллагаа хууль бус байсныг тогтоолгох,

2 дугаарт: Тендерийн үйл ажиллагааг хэрэгжүүлэн үнэлгээний хороонд ажиллаж байсан гишүүд шийдвэр гаргахдаа хууль бус үйлдэл гаргасан болохыг тогтоолгох гэж өөрчилсөн[1] болно.

1. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ойн судалгаа, хөгжлийн төвийн захирлын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/17 дугаар тушаалаар[2] Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажилд хэрэглэх микробиологийн бэлдмэл худалдан авах тендер сонгон шалгаруулалтын ажиллагааг зохион байгуулахаар шийдвэрлэж, уг тендер сонгон шалгаруулалтыг зохион байгуулах үүрэг бүхий үнэлгээний хороог 5 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ.

Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажилд хэрэглэх микробиологийн бэлдмэл худалдан авах тендерийн Үнэлгээний хороо нь /цаашид Үнэлгээний хороо гэж товчлох/ 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн №ОйСХТ-2018/ОХШӨТ-06-01 дугаар хуралдаанаараа[3] сонгон шалгаруулалтыг 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр зарлахаар, тендерийн баримт бичгийг жишиг баримт бичгийн дагуу боловсруулахаар тус тус шийдвэрлэсэн байх ба Тендерийн урилга-д заасан дагуу 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 10 цаг 30 минутад тендерийг нээхэд Чингис капитал ХХК, Неүв Чемикал сервис ХХК, Агротрейд импекс ХХК, Ногооны үр ХХК, Цэцүүх ХХК, Шим ХХК-иуд тус тус тендерт оролцохоор материалаа ирүүлсэн нь мөн Үнэлгээний хороо-ны 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн №ОйСХТ-2018/ОХШӨТ-10-01 дугаар хуралдааны тэмдэглэл,[4] нээлтэд зарлагдсан тендерийн үнийн мэдээллээр[5] тус тус тогтоогддог.

2. Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй гэж үзэн Агротрейд импекс ХХК, Чингис капитал ХХК, Неүв Чемикал сервис ХХК-иудыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулсан бөгөөд гуравдагч этгээдүүдээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй талаар хүсэлтээ[6] шүүхэд бичгээр ирүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасантай нийцсэн байх тул гуравдагч этгээдүүдийг оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

3. Тендерийн үйл ажиллагааг хэрэгжүүлэн үнэлгээний хороонд ажиллаж байсан гишүүд шийдвэр гаргахдаа хууль бус үйлдэл гаргасан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн 2 дугаар шаардлагын тухайд

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ гэж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /цаашид Тендерийн хууль гэж товчлох/ 47 дугаар зүйлийн 47.2-т Үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байхаар тус тус заасан байна.

Тендерийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т тендер шалгаруулалт гэж хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг энэ хуульд заасан журмын дагуу шалгаруулж, бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах ажиллагааг ойлгохоор зааснаас үзвэл хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ойн судалгаа, хөгжлийн төвөөс тендерийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Үнэлгээний хороо-г байгуулах, улмаар Үнэлгээний хороо-ноос тендерийн баримт бичиг боловсруулахаас эхлээд захиалагчаас тендерт шалгарсан этгээдтэй гэрээ байгуулах хүртэл бүхий л үе шатны үйл ажиллагаа нь тендер шалгаруулалт гэх ойлголтод хамаархаар байна.

Нэхэмжлэгчээс Тендерийн үйл ажиллагааг хэрэгжүүлэн үнэлгээний хороонд ажиллаж байсан гишүүд шийдвэр гаргахдаа хууль бус үйлдэл гаргасан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн 2 дугаар шаардлагаа бие даасан шаардлага гэж тайлбарлаж байх боловч шүүхэд анх гаргасан болон өөрчлөн гаргасан нэхэмжлэлдээ тендерийн Үнэлгээний хороо, түүний бүрэлдэхүүнийг хариуцагчаар тодорхойлон заагаагүй, 2 дугаар шаардлагын үндэслэл нь Ойн судалгаа, хөгжлийн төвийн зарласан Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажилд хэрэглэх микробиологийн бэлдмэл худалдан авах ОйСХТ-2018/ОХШӨТ-06 дугаар тендерийн үйл ажиллагаа хууль бус байсныг тогтоолгох 1 дүгээр шаардлагын үндэслэлд хамаарч байх тул шүүхээс 1 дүгээр шаардлагын хүрээнд Үнэлгээний хороо-ны үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэх талаар үнэлэлт, дүгнэлт өгөх боломжтой байна.

Иймээс Тендерийн үйл ажиллагааг хэрэгжүүлэн үнэлгээний хороонд ажиллаж байсан гишүүд шийдвэр гаргахдаа хууль бус үйлдэл гаргасан болохыг тогтоолгох шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

4.Ойн судалгаа, хөгжлийн төвийн зарласан Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажилд хэрэглэх микробиологийн бэлдмэл худалдан авах ОйСХТ-2018/ОХШӨТ-06 тендерийн үйл ажиллагаа хууль бус байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн 2 дугаар шаардлагыг үндэслэл тус бүрээр дүгнэлвэл:

5. Захиалагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ойн судалгаа, хөгжлийн төв нь /цаашид хариуцагч гэх/ тендерийн Үнэлгээний хороо-г байгуулахдаа хууль зөрчсөн гэх үндэслэлийн талаар

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ойн судалгаа, хөгжлийн төвийн захирлын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/17 дугаар тушаалаар Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажилд хэрэглэх микробиологийн бэлдмэл худалдан авах тендер сонгон шалгаруулалтын ажиллагааг зохион байгуулахаар шийдвэрлэж, уг тендер сонгон шалгаруулалтыг зохион байгуулах үүрэг бүхий үнэлгээний хороог дарга Ч.Пүрэвсүрэн, гишүүдэд Д.Жагдаг, Ч.Буяндалай, Э.Жавхлан, нарийн бичгийн даргаар Б.Хосбаяр нарын 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай /цаашид Тендерийн хууль гэж товчлох/ хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1-д захиалагч нь ..хуульд заасны дагуу үнэлгээний хороо байгуулах 47 дугаар зүйлийн 47.3-т Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орсон албан тушаалтан дараахь шаардлагыг хангасан байвал зохино, 47.3.1-д худалдан авах ажиллагааны чиглэлээр, эсхүл тухайн бараа, ажил, үйлчилгээнд холбогдох салбарт мэргэшсэн байх, 47.6Үнэлгээний хорооны гишүүд худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн байна гэж заасныг тус тус зөрчин худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшээгүй Ч.Буяндалайг үнэлгээний хорооны гишүүнээр томилсон нь Үнэлгээний хороог байгуулсан 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/17 дугаар тушаалыг гарснаас хойш 9 хоногийн дараа буюу 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Ч.Буяндалайд олгосон Суурь мэдлэг олгох сургалтын гэрчилгээгээр[7], өөрөөр хэлбэл Ч.Буяндалай нь үнэлгээний хорооны гишүүнээр томилогдох үедээ худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшснийг нотлох гэрчилгээгүй байснаар;

мөн Тендерийн хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-д Худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах зорилгоор үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд тухайн салбарын мэргэжлийн холбоодын төлөөлөл, хувийн хэвшлийн, эсхүл төрийн бус байгууллагын хоёроос доошгүй төлөөлөгч, ... оролцуулна гэж заасныг зөрчин үнэлгээний хорооны гишүүнээр төрийн бус байгууллагын төлөөлөлөөр ганц Э.Жавхланг /нэг төлөөлөгч/ томилсон нь тус тус Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ойн судалгаа, хөгжлийн төвийн захирлын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Тендерийн үнэлгээний хороо байгуулах тухай А/17 дугаар тушаалаар тогтоогдож байна.

 

Иймээс нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч нь Үнэлгээний хороог байгуулахдаа хууль зөрчсөн гэж маргасан нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

6. Үнэлгээний хороо хууль бус бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж, улмаар тендерийн баримт бичиг, техникийн тодорхойлолтыг боловсруулахдаа хууль, Монгол улсын стандартыг зөрчсөн гэх үндэслэлийн талаар

Өмнөх хэсэгт хариуцагчийн Тендерийн үнэлгээний хороо байгуулах тухай А/17 дугаар тушаалаар Үнэлгээний хороо-г дарга Ч.Пүрэвсүрэн, гишүүдэд Д.Жагдаг, Ч.Буяндалай, Э.Жавхлан, нарийн бичгийн даргаар Б.Хосбаяр хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан талаар дурдсан бөгөөд, уг Үнэлгээний хороо нь 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн №ОйСХТ-2018/ОХШӨТ-06-01 дугаар хуралдаанаараа[8] тендер сонгон шалгаруулалтыг 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр зарлахаар, тендерийн баримт бичгийг жишиг баримт бичгийн дагуу боловсруулахаар тус тус шийдвэрлэхдээ Үнэлгээний хороо-ны гишүүн биш Б.Отгонбаярыг оролцуулан хуралдааныг зохион байгуулсан болох нь уг хуралдаанаас даруй 28 хоногийн дараа үнэлгээний хорооны гишүүнээс Э.Жавхланг чөлөөлж, Б.Отгонбаярыг үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд томилсон хариуцагчийн гаргасан 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Тендерийн үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай А/25 дугаар тушаал,[9] Үнэлгээний хорооны 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн №ОйСХТ-2018/ОХШӨТ-06-01 дугаар хуралдааны тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна.

7. Ийнхүү хууль бус бүрэлдэхүүнтэй хуралдсан Үнэлгээний хороо-ноос тендерийн баримт бичиг, техникийн тодорхойлолтыг боловсруулахдаа Тендерийн хууль болон холбогдох стандарт, журмыг зөрчсөн нь дараахь байдлаар тогтоогдож байна.

Ургамал хамгааллын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д ургамал хамгаалал гэж бэлчээрийн болон таримал ургамал /цаашид ургамал гэх/-ыг ургамлын өвчин, хөнөөлт шавж, мэрэгч амьтан, хог ургамлын хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх, хорио цээр тогтоох арга хэмжээг хэрэгжүүлэх цогц үйл ажиллагааг, 3.1.5-д хөнөөлт шавж гэж ургамлаар хооллож тархан, түүнд гэмтэл учруулж буй шавжийг, 3.1.8-д ургамал хамгаалах бодис гэж ургамалд хөнөөл учруулдаг ургамлын өвчин, хөнөөлт шавж, мэрэгч амьтан, хог ургамалтай тэмцэхэд хэрэглэх химийн болон биологийн гаралтай бодисыг тус тус ойлгохоор заасан байх тул тендерийн зүйл болох биобэлдмэлийг ургамал хамгалахад ашиглах бодис гэж үзэх нь зүйтэй байна.

Тендерийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1Чанар, стандартын шаардлага хангасан барааг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой тохиолдолд тендер шалгаруулалтад гадаадын бараа нийлүүлэгчийг шалгаруулахыг хориглоно, 101.2-т Энэ хуулийн 101.1-д заасан дотоодын үйлдвэрээс худалдан авах барааны жагсаалтыг Засгийн газар батална гэж тус тус заасан дагуу Монгол Улсын Засгийн газраас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2-т заасныг үндэслэн Дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар, стандартын шаардлага хангасан барааны жагсаалт-ыг 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 336 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан байх ба жагсаалтын 12.3-т Ургамал хамгааллын бодис гэжээ.

-Үнэлгээний хороо нь Тендерийн хуулийн дээрх хориглосон зохиуцуулалт, хуульд зааснаар батлан гаргасан Монгол Улсын Засгийн Газрын 336 дугаар тогтоолыг зөрчин Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажилд хэрэглэгдэх микробиологийн бэлдмэл ургамал хамгааллын бодисыг нийлүүлэх тендерт гадаадад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн буюу гадаадын бараа нийлүүлэгчийг шалгаруулахаар заасан нь Тендерийн баримт бичгийн Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны Эрх бүхий бараа гэх 5-р зүйлийн 5.1-д[10] Гэрээгээр нийлүүлэх бараа нь аль ч улсын гарал үүсэлтэй байж болно гэж заасан байгаагаар,

улмаар баримт бичигтээ Ургамал хамгаалахад ашиглах бодисыг үйлдвэрлэх, импортлох, Ургамал хамгаалахад ашиглах бодисыг худалдах тусгай зөвшөөрлийг ирүүлэхээр заасан нь Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 17.1 (в)[11] заалтаар тогтоогдож байх ба энэ мөн хууль зөрчсөн үйлдэл болжээ.

Учир нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1Энэ зүйлд заасан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлнэ, 15.11Хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр, 15.11.6ургамал хамгаалахад ашиглах бодисыг импортлох, борлуулах гэж заасан байхад өөрөөр хэлбэл үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг олгох талаар хуульд заагаагүй байхад ийм зөвшөөрөл шаардсан нь үндэслэлгүй. Мөн ургамал хамгаалахад ашиглах бодисыг дотоодын үйлдвэрээс худалдан авах талаар хууль болон Засгийн газраас тогтоолд заасан байхад импортлох тусгай зөвшөөрөл шаардан үүгээрээр гадаадаас импортын бүтээгдэхүүн авах нөхцлийг бүрдүүлж, мөн Тендерийн хуулийн 10 дугаар зүйлийн 101.1-д Чанар, стандартын шаардлага хангасан барааг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой тохиолдолд тендер шалгаруулалтад гадаадын бараа нийлүүлэгчийг шалгаруулахыг хориглоно гэх хориглосон зохицуулалтыг дахин зөрчсөнөөрөө хууль бус байна.

Мөн нэхэмжлэгчээс тендерийг зарлахдаа Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т заасныг зөрчсөн гэж хариуцагчийг буруутган маргадаг ба харин шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цэрэн-Очир нь ...Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн пестицид гэх ойлголтод биобэлдмэл хамаарна иймээс урилгад Химийн хорт болон аюултай бодис импортлох, эскпортлох, хил дамжуулан тээвэрлэх, ашиглах, худалдах, үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл шаардсан нь хууль зөрчөөгүй, Химийн хорт болон аюултай бодис худалдах, худалдан авах гэдэг үг, өгүүлбэр зөвхөн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох сонин дээр гарсан тендерийн урилга дээр л байгаа. Бусад тендерийн бичиг баримтад ийм үг, өгүүлбэр огт байхгүй. Мөн Тендерийн бичиг баримтын 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт ...Тендерийн урилга нь энэхүү тендерийн бичиг баримтын нэг хэсэг болохгүй гэж заасан байгаа. Тийм учраас Химийн хорт болон аюултай бодис худалдах, худалдан авах тендер зарласан гэдэг нь үндэслэлгүй гэх илтэд зөрүүтэй тайлбарыг гаргасан болно. Өмнөх хэсэгт тендерийн зүйл болох биобэлдмэл нь ургамал хамгааллын бодист хамаарах, тендерийн баримт бичигт тусгай зөвшөөрлийг хэрхэн заасан талаар дүгнэсэн тул энэ үндэслэлд дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

8. Тендерийн баримт бичгийн бүрдэл болох техникийн тодорхойлолт-ын хураангуй гэх хүснэгтэд Багц 1: Лепидоцид СК эсхүл түүнтэй дүйцэх био бэлдмэл-ийн Техникийн тодорхойлолт болон стандарт-ыг Ойн зонхилох хөнөөлт шавжийн хүрэнцэртэй тэмцэхэд хэрэглэдэг Bacillus thuringiensis var kurstaki омгоор үйлдвэрлэгдсэн био бэлдмэл,[12] гэж

мөн хүснэгтийн Багц 2: Энтомотоксин эсхүл түүнтэй дүйцэх био бэлдмэл ийн Техникийн тодорхойлолт болон стандарт-ыг Ойн зонхилох хөнөөлт шавжийн хүрэнцэртэй тэмцэхэд хэрэглэдэг Bacillus thuringiensis var kurstaki омгоор үйлдвэрлэгдсэн био бэлдмэл,[13] гэж

Багц 3: Bacillus thuringiensis var kurstaki эсхүл түүнтэй дүйцэх био бэлдмэл- ийн Техникийн тодорхойлолт болон стандарт-ыг Ойн зонхилох хөнөөлт шавжийн хүрэнцэртэй тэмцэхэд хэрэглэдэг Bacillus thuringiensis var kurstaki омгоор үйлдвэрлэгдсэн био бэлдмэл[14] гэж тус тус заасан байгаагаас үзвэл 1,2 дугаар багцад заасан бараа, бүтээгдэхүүн болох дээр дурдсан биобэлдмэлүүд нь Bacillus thuringiensis var kurstaki омгоор үйлдвэрлэгдсэн био бэлдмэлд хамаардаг, өөрөөр хэлбэл нэг омогт багтах өөр нэршлийн /худалдааны нэршлүүд/ биобэлдмэлүүд болох нь, харин 3 дугаар багцыг худалдааны болон техникийн нэрийг заалгүйгээр зөвхөн омгийн нэрээр зарласан болох нь тус тус тогтоогдож байх ба энэ талаар хариуцагчийн төлөөлөгч нарын зүгээс маргаагүйг дурдах нь зүйтэй.

Монгол улсад дээрх омгийн био бэлдмэл үйлдвэрлэхэд Хайрсан давалчтны багийн хөнөөлт шавжтай тэмцэх Bt-MN01 бактерийн биобэлдмэл MNS 6543:2015 стандарт үйлчилж байгаа ба Bt-MN01 биобэлдмэлийн шинж чанарын үзэлэлтийг уг стандартад[15]

Үзүүлэлт

Шаардлага

1

Гадаад байдал

Өтгөрүүлсэн шингэн бэлдмэл

2

Өнгө, үнэр

Хүрэн, эхүүн, өөрийн өвөрмөц үнэртэй

3

МПА орчинд ургах онцлог

Гялалзсан, цайвар, гөлгөр, дугираг колони үүсгэнэ. Савханцар, Грам+, аэроб спор үүсгэнэ.

4

Титр (спор/мл)

14-18 млрд

5

рH

6,5-7,5

6

Биологийн идэвх

Биобэлдмэл нь шавжийн хүрэнцэрт 10 хоногт 75%-иас дээш

7

Аюулгүй байдал

Байгаль орчин болон бүлээн цуст амьтанд нөлөөлөхгүй

гэж, түүнчлэн стандартын 7.3-т[16] Биобэлдмэлийг хадгалах хугацааны дээд хязгаарыг ...6 сар хүртэл анх савлагдсан савтай нь хадгална гэж заасан байна.

Гэтэл Үнэлгээний хороо техникийн тодорхойлолтыг бэлтгэхдээ дээрх стандартыг зөрчин биологийн идэвх 10 хоногийг ...шавжийн хүрэнцэр нь 2-5 хоногт үхүүлж 75%-иас дээш үр дүн үзүүлдэг байхаар, стандартад заасан Титр (спор/мл) 14-18 млрд-ийг 18.4 тэрбум спор/мл, 20.0 тэрбум спор/мл[17] гэж стандартаар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэн тогтоож,

мөн биобэлдмэлийг 6 сарын хадгалах стандартаар тогтоосон хугацааг зөрчин техникийн тодорхойлолтод 2017 онд үйлдвэрлэгдсэн байна[18] гэж, Хадгалах хугацаа нь барааг захиалагчид хүлээлгэж өгсөн өдрөөс эхлэн 12 сар байна[19] гэж гэрээний нөхцөлд тус тус зааснаараа Тендерийн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Захиалагч техникийн тодорхойлолтыг бэлтгэхдээ дараахь шаардлагыг хангасан байна, 11.1.1-д тухайн бараа, ажил, үйлчилгээг гадаад шинж чанарын үзүүлэлтээр бус, зориулалт, хэрэглээ, ашиглалт, чанарын түвшин, техникийн үзүүлэлтээр тодорхойлох, 11.1.2-т Монгол Улсын хүлээн зөвшөөрсөн олон улсын стандартад үндэслэх, ийм стандарт байхгүй тохиолдолд үндэсний стандарт, техникийн шаардлага, норм, норматив, дүрэм, зааварт үндэслэх гэж тус тус заасныг зөрчсөн байна.

Дээрхийг дүгнэвэл нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс Засгийн газрын 336 дугаар тогтоолд заасныг болон уг тогтоолоор дотоодын үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүнийг худалдан авахыг дэмжих төрийн бодлогыг санаатайгаар зөрчсөн, дотоодын үйлдвэрлэгчийг хавчин шахсан, Хятад улсад үйлдвэрлэгдсэн хугацаа дууссан бүтээгдэхүүнийг авах зорилгоор илт хууль бус баримт бичгийг бэлтгэсэн гэх агуулгаар хариуцагчийг буруутган маргасан нь үндэслэлтэй байх ба, харин хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс ...стандартад заасан хадгалах хугацаа нь манай нөхцөлд тохирдоггүй гэх агуулгаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

Шүүхээс Монгол улсын стандартад үндэслэх, дотоод үйлдвэрлэх боломжтой бүтээгдэхүүнийг гадаадаас худалдан авахгүй байх талаар зохицуулсан хууль болон Засгийн газрын тогтоолыг илтэд санаатайгаар зөрчин тендерийн баримт бичгийг боловсруулсан Үнэлгээний хороо, ийнхүү боловсруулсан тендерийн баримт бичгийг баталсан захиалагч буюу хариуцагчийн хууль бус эдгээр үйлдэл, үйл ажиллагааг зөвтгөх үндэслэл, нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.

9. тендер шалгаруулалт гэх ойлголтод тендер сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа бүхэлдээ хамаарах талаар дээр дүгнэсэн ба Үнэлгээний хороо-ны тендерийг хянан үзэж үнэлэн шийдвэр /дүгнэлт, зөвлөмж/ гаргасан үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэх талаар

Тендерийн хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан гишүүний баталсан журмаар зохицуулна гэж, Монгол Улсын Сангийн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 212 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Үнэлгээний хорооны зохион байгуулалт үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журмын /цаашид журам гэх/ 1.2Үнэлгээний хороо нь хуулийн 47.2 дахь хэсэгт заасны дагуу худалдан авах ажиллагааны журмыг сонгох, тендерийн баримт бичиг боловсруулах, тендерийн урилгыг зарлах, тендер хүлээж авах, нээх, тендерийн үнэлгээ хийх, үнэлгээ хийхэд зайлшгүй шаардлагатай мэдээллийг олж авах, үнэлгээний дүгнэлт гаргах, нууц хадгалах, гэрээ байгуулах эрх олгох тухай зөвлөмжийг захиалагчид өгөх, тухайн тендер шалгаруулалтын хавтаст хэрэг бүрдүүлэх, гэрээ байгуулахад захиалагчид арга зүйн туслалцаа үзүүлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ гэж тус тус зааснаас үзвэл Үнэлгээний хороо-ны үйл ажиллагаа Тендерийн хууль болон хуульд нийцүүлэн гаргасан журмаар зохицуулагдахаар байна.

Үнэлгээний хороо нь 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн №ОйСХТ-2018/ОХШӨТ-06-03 дугаар хуралдаанаараа тендерийн 1, 2, 3 дугаар багцад материалаа ирүүлсэн нэхэмжлэгч Шим ХХК болон Агротрейд импекс ХХК, Чингис капитал ХХК, Нью Чемикал ХХК, Ногооны үр ХХК, Цэцүүх ХХК-иудын тендерийн баримт бичгийг хянан үзэж, үнэлгээ хийсэн байх ба

Лепидоцид СК эсхүл түүнтэй дүйцэх био бэлдмэлийн нийлүүлэгчийг сонгон шалгаруулах Багц 1 Нью Чемикал ХХК-ийг

Энтомотоксин эсхүл түүнтэй дүйцэх био бэлдмэл нийлүүлэгчийг сонгон шалгаруулах Багц 2Чингис капитал ХХК-ийг

Bacillus thuringiensis var kurstaki эсхүл түүнтэй дүйцэх био бэлдмэл нийлүүлэгчийг сонгон шалгаруулах Багц 3Агротрейд импекс ХХК-ийг тус тус шалгаруулан, харин Шим ХХК-ийн 1, 2, 3 дугаар багцад ирүүлсэн тендерийг тус тус ТОӨЗ-ны 19 дүгээр зүйлийн 19.в-д заасан техникийн тодорхойлолтыг хангаагүй гэж үзэн хасаж шийдвэрлэсэн нь 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Дугаар № ОйСХТ-2018/ОХШӨТ-06-03 хуралдааны тэмдэглэл,[20] 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Дугаар №6-01, Дугаар №6-02, Дугаар №6-03 дугаар дүгнэлтүүдээр тус тус тогтоогдож байх ба мөн Үнэлгээний хороо-ны 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Дугаар №6-01, Дугаар №6-02, Дугаар №6-03 дугаар гэрээ байгуулах эрх олгох тухай зөвлөмжийг гарган захиалагчид хүргүүлсэн байдаг.

Тендерийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр /цаашид үнэлгээний дүгнэлт гэх/ нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонхи дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байна, 47.8Үнэлгээний дүгнэлтэд хорооны бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд эсрэг саналтай байсан гишүүн үнэлгээний дүгнэлтэд энэ тухайгаа тэмдэглэж гарын үсгээ зурна гэж, журмын 6.1Үнэлгээний хорооны дүгнэлтэд үнэлгээний хорооны хуралдааны шийдвэрүүд /хуралдааны тэмдэглэлүүд/, гэрээ байгуулах эрх олгох тухай, эсхүл тендер шалгаруулалтыг хүчингүй болгох тухай зөвлөмж гэж тус заажээ.

Гэтэл Үнэлгээний хороо-ны дүгнэлт, зөвлөмж-д[21] үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Б.Хосбаяр нь гарын үсэг зураагүй өөрөөр хэлбэл үнэлгээний дүгнэлтэд хорооны бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулаагүй байгаа нь дээрх хууль болон журамд заасныг зөрчсөн байх төдийгүй үнэлгээний хорооны дүгнэлт, зөвлөмжийг хууль бус гэж үзэх үндэслэл болж байна.

Цаашлаад хууль бус эдгээр дүгнэлт, зөвлөмжийг үндэслэн захиалагч буюу хариуцагч нь тендерт шалгарсан нэр бүхий компаниудтай гэрээ байгуулж, улмаар шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээ бүрэн хэрэгжиж, тендер сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа дууссан үр дагавар, нөхцөл байдал үүссэн байх ба энэ нь хариуцагч буюу захиалагчийн Тендерийн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулна; журмын 1.3Захиалагч бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа хуулийн 47.1-д заасны дагуу Үнэлгээний хороог байгуулж, ажиллах нөхцөл бололцоогоор хангаж, энэхүү журмын 3-т заасан үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллана, 3.5.3Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга нь хуралдааныг зарлан мэдүүлэх, зохион байгуулах, худалдан авах ажиллагаанд баримтлах хууль, тогтоомжийн талаарх мэдээллээр гишүүдийг хангах, үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл хөтлөх, шийдвэрийг баталгаажуулах гэж заасан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй шууд буруутай үйл ажиллагаа гэж үзлээ.

10. Тендерт шалгарсан 3 компаниас гэрээний зүйл болох био бэлдмэл-ийг захиалагчид нийлүүлсэн байх бөгөөд 1-р багцад шалгарсан Неүв чемикал сервис ХХК-тай Ойн хөнөөлт шавьжтай тэмцэх ажилд хэрэглэх микро-биологийн бэлдмэл худалдан авах тухай гэрээний дагуу бараа хүлээн авсан тухай №103/01 дугаар актыг 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр үйлджээ.

Актын 5 дахь заалтад ОХУ-ны Сиббиоф фарм ХХК-ийн үйлдвэрлэсэн Bacillus thuringiensis var kurstaki омгийн Лепидоцид СК бэлдмэлийг 1000 литрийн савалгаатайгаар хүлээн авсан, 7 дахь заалтад ОХУ-ны Сиббиоф фарм ХХК-ийн үйлдвэрлэсэн Bacillus thuringiensis var kurstaki омгийн Лепидоцид СК бэлдмэлийг 1000 литрийн савтай 80 ширхэг, нийт 80000 литрийг хүлээлгэн өгөв[22] гэж дурдсан байгаагаас үзвэл Монгол улсын стандартад Биобэлдмэлийг ...25 л, 50 литрийн хуванцар саванд битүүмжлэн савлана[23] гэж заасныг болон тендерийн Техникийн тодорхойлолт-д /50-60 литр, түүнээс илүүгүй хэмжээтэй байна/ савалгаатай байхаар[24] заасныг тус тус зөрчсөн;

Мөн хариуцагчаас 2-р багцад шалгарсан Чингис капитал ХХК-тай байгуулсан гэрээгээ дүгнэсэн Ойн хөнөөлт шавьжтай тэмцэх ажилд хэрэглэх микро-биологийн бэлдмэл худалдан авах тухай гэрээний биелэлтийг дүгнэсэн тухай тэмдэглэл-ээс[25] үзвэл өөрсдийн боловсруулсан Техникийн тодорхойлолт-д 18.4 тэрбум спор/мл гэж заасныгаа нийлүүлэгчид /худалдагчид/ тохируулан илтэд бууруулан 10.0 тэрбум спор/мл гэж заасан;

3-р багцад шалгарсан Агротрейд импекс ХХК-ийн шүүхэд ирүүлсэн тайлбарт ...бидний тендерт санал болгосон Bacillus thuringiensis var kurstaki бүтээгдэхүүний хүчинтэй хугацаа 2 жил болно, ...леподоцидийн стандартад хадгалах хугацааг үйлдвэрлэснээс хойш 1.5 жил гэж заасан гэж дурдсан[26] байгаагаар мөн уг компаний нийлүүлсэн бүтээгдэхүүн нь тендерийн баримт бичигт хадгалах хугацаа 12 сар байхаар /энэ нь мөн Монгол улсын стандартад 6 сар хадгалахаар заасан хугацааг зөрчсөн/ заасныг зөрчсөн байжээ.

Тендерийн тухай хуулийн .6 дугаар зүйлийн 6.1-д заасан Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална гэж заасан ба мөн хуулийн 46.1.6бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд хяналт тавих, 50.1.2төрийн ашиг сонирхлыг дээдлэх үүргээ хариуцагчаас биелүүлээгүйн улмаас Үнэлгээний хороо-ны хууль зөрчиж боловсруулсан тендерийн баримт бичиг түүний бүрдэл болох техникийн тодорхойлолт болон гэрээнд заасан шаардлагууд нь тендерт шалгарсан компаниудаас биобэлдмэл-ийг захиалагчид нийлүүлэх үед ч дахин зөрчигдсөн байна. Өөрөөр хэлбэл баримт бичиг боловсруулахаас эхлээд хууль бус байсан тендерийн шалгаруулалтын үйл ажиллагаа эцсийн буюу гэрээний зүйлийг хүлээн авч гэрээг дүгнэх үед ч мөн адил хууль бусаар явагдаж дуусгавар болсон байна гэж дүгнэлээ.

Иймээс нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс ...эрх мэдлээ урвуулан ашиглаж, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан гэж хариуцагчийг буруутган маргасан нь үндэслэлтэй байна.

11. Шим ХХК-ийг тендерээс татгалзсан талаар

Үнэлгээний хороо нэхэмжлэгчийн тендерээс тендерийн баримт бичиг, техникийн тодорхойлолтод ...шавжийн хүрэнцэрийг 2-оос 5 хоногт үхүүлж 75%-риас дээш үр дүн үзүүлдэг, гэрээний тусгай нөхцөлд заасан хадгалах хугацаа нь барааг захиалагчид хүлээлгэн өгсөн өдрөөс эхлэн 12 сар байна гэж заасныг зөрчсөн гэж татгалзсан нь үндэслэлгүй байна.

Учир нь Үнэлгээний хороо-ноос тендерийн баримт бичиг, техникийн тодорхойлолтыг боловсруулахдаа Монгол улсын стандарт мөн Тендерийн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн талаар болон нэхэмжлэгч компаний тендерээс татгалзах энэ үндэслэлүүд нь өөрөө хууль зөрчин тендерийн баримт бичигт тусгагдсан нь хууль бус байсан болохыг өмнөх хэсэгт дүгнэсэн.

Түүнчлэн Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл шаардлагатай гэх заалтыг зөрчсөн тухайд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.11.6д зааснаар ургамал хамгааллын бодис импортлох, борлуулах зөвшөөрлийг олгохоор заасан, харин ургамал хамгааллын бодис үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгох талаар зохицуулалтгүй байна. Шим ХХК-иас өөрөө үйлдвэрлэгч гэдгээ нотлох Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ[27] / үндсэн эрхлэх, үйл ажиллагааны чиглэл-Эм, биобэлдмэл үйлдвэрлэл гэж заасан/, хариуцагчид өмнөх жилүүдэд ижил төрлийн бүтээгдэхүүн нийлүүлж байсан талаар гэрээ, тэдгээрийг дүгнэсэн акт[28] зэрэг баримтуудыг тендерийн баримт бичигт хавсарган ирүүлсэн, өмнө жилүүдэд сонгон шалгаруулалтад оролцон ургамал хамгааллын бодсыг захиалагчид нийлүүлж байсан үйл баримт, ургамал хамгааллын бодис үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэрлэгч компани гэдэг нь илэрхий байхад, дотоодын үйлдвэрлэгч компаниас үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл шаардсан нь хууль бус, мөн дээр дурдсан Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 336 дугаар тогтоолоор баталж, үндэсний үйлдвэрийн бараа, бүтээгдэхүүнийг худалдан авч, дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж Засгийн газрын бодлогыг тусгасан Дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар, стандартын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүний жагсаалт-д ургамал хамгааллын бодис гэж заасаар байхад ургамал хамгааллын бодис импортлох тусгай зөвшөөрөл шаардсан, нь мөн хууль бус болсон байна.

Өөрөөр хэлбэл ургамал хамгааллын бодисыг дотоодоос худалдан авах бүрэн боломжтой, энэ талаар Тендерийн хууль болон Засгийн газрын тов тодорхой заасан байхад илтэд хууль зөрчин импортлох тусгай зөвшөөрөл шаардсан нь хариуцагчийн зориудаар гадаад улсын гарал үүсэлтэй бүтээгдэхүүнийг шалгаруулах зорилготой хууль бус, санаатай үйлдэл байсан гэж дүгнэлээ.

12. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа тендерийн үйл ажиллагаа хууль бус байсан болохыг тогтоолгох болгон өөрчилсөн талаараа тендерийн үйл ажиллагаа хэрэгжиж, дуусгавар болсон үр дагавар үүссэн хэдий ч манай компаниийн зөрчигдсөн эрх, цаашид зөрчигдөж болзошгүй эрхээ хамгаалуулах зорилготой гэх агуулгаар тайлбарладаг.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэж, мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3.нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгоно гэж, 106 дугаар зүйлийн 106.3.3захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох гэж тус тус заасан.

Хариуцагч, түүний Үнэлгээний хороо-ны дээр дурдагдсан хууль бус үйлдэл, үйл ажиллагааны улмаас тендер шалгаруулалт-ын үйл ажиллагаа бүхэлдээ хууль бус болсон нь, улмаар нэхэмжлэгч Шим ХХК-ийн худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой оролцох эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь хангалттай нотлон тогтоогдож байх ба тендер шалгаруулалтын үйл ажиллагаа хэрэгжиж дууссан үр дагавар, нөхцөл байдал бий болсон хэдий ч мөн нэхэмжлэгч компаний хариуцагч Ойн судалгаа, хөгжлийн төвөөс дараагийн удаад /жилүүдэд/ зарлах биобэлдмэл нийлүүлэх тендер сонгон шалгаруулалтад худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой оролцох эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй байх тул шүүхээс нэхэмжлэгч Шим ХХК-ийн энэ шаардлагыг хангаж, Байгаль орчин аялал жуулчлалын яамны Ойн судалгаа, хөгжлийн төв-ийн зарласан Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажилд хэрэглэх микробиологийн бэлдмэл худалдан авах ОйСХТ-2018/ОХШӨТ-06 дугаар тендерийн үйл ажиллагаа хууль бус байсныг болохыг тогтоож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Шүүхээс нэхэмжлэгчээс гаргасан гэрч асуулгах хүсэлтийг ханган Н.Энхболдыг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг авсан боловч Н.Энхболд нэхэмжлэгч Шим ХХК-тай Шинэ бүтээлийн патент ашиглах гэрээ-г байгуулсан уг гэрээгээр шинэ бүтээл ашиглуулсны төлбөрийг нэхэмжлэгчээс авдаг болох нь тогтоогдсон тул Н.Энхболдын мэдүүлгийг сонирхлын зөрчилтэй мэдүүлэг гэж үзэн, мөн хэрэгт болон нэхэмжлэлийн үндэслэлд хамааралгүй зарим баримтыг тус тус үнэлээгүй болохыг, хариуцагчаас нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн тендерт цахимаар ирүүлсэн баримт бичгийг CD-нд хадгалсан, цаасаар хэлбэржүүлэн тус тус шүүхэд ирүүлснийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон зарим баримтыг хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр хэргийн материалд авсныг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.3, 106.3.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 6 дугаар зүйлийн 6.1, 101.1 дүгээр зүйлийн 101.1, 101.2, 11 дүгээр зүйлийн 11.1.2, 46 дугаар зүйлийн 46.1, 46.1.2, 47 дугаар зүйлийн 47.1, 47.2, 47.3.1, 47.4, 47.6, 47.7, 47.8, 47.9 дэх хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Шим ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам, Ойн судалгаа, хөгжлийн төвийн зарласан Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажилд хэрэглэх микро биологийн бэлдмэл худалдан авах ОйСХТ-2018/ОХШӨТ-06 тендерийн үйл ажиллагаа хууль бус байсан болохыг тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч Шим ХХК-ийн Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам, Ойн судалгаа, хөгжлийн төвд холбогдуулан гаргасан Тендерийн үйл ажиллагааг хэрэгжүүлэн үнэлгээний хороонд ажиллаж байсан гишүүд шийдвэр гаргахдаа хууль бус үйлдэл гаргасан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам, Ойн судалгаа, хөгжлийн төвөөс 35.100 төгрөгийг гаргуулан Шим ХХК-д олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОТГОНТУЯА

 

 

 

 

 

[1]Хавтаст хэргийн 2-р боть 55-58-р хуудас

[2]Хавтаст хэргийн 24-р хуудас

[3]Хавтаст хэргийн 44-52р хуудас

[4]Хавтаст хэргийн 147-148р хуудас

[5]Хавтаст хэргийн 149-150р хуудас

[6] Хавтаст хэргийн 2-р боть 68, 69, 91р хуудас

[7]Хавтаст хэргийн 135-р хуудас

[8]Хавтаст хэргийн 44-52р хуудас

[9] Хавтаст хэргийн 25р хуудас

[10] Хавтаст хэргийн 56-р хуудас

[11] Хавтаст хэргийн 65-р хуудас

[12] Хавтаст хэргийн 75-р хуудас

[13] Хавтаст хэргийн 75-р хуудасны арын нүүр

[14] Хавтаст хэргийн 76-р хуудас

[15] Хавтаст хэргийн 2 дугаар боть, 53-р хуудасны арын нүүр

[16] Хавтаст хэргийн 2 дугаар боть, 54-р хуудасны арын нүүр, дээрээсээ 2 дахь мөр

[17] Хавтаст хэргийн 78-80 -р хуудас

[18] Хавтаст хэргийн 79, 80-р хуудас

[19] Хавтаст хэргийн 88-р хуудас

[20] Хавтаст хэргийн 235-238-р.-р хуудас

[21] Хавтаст хэргийн 106-108, 110-112-р хуудас

[22] Хавтаст хэргийн 2-р боть, 70-71-р хуудас

[23] Хавтаст хэргийн 2-р боть, 54-р хуудасны арын нүүр

[24] Хавтаст хэргийн 78-р хуудасны арын нүүр

[25] Хавтаст хэргийн 2-р боть, 93-р хуудас

[26] Хавтаст хэргийн 2-р боть, 25-р хуудас

[27] Хавтаст хэргийн 6-р хуудас

[28] Хавтаст хэргийн 2-р боть, 207-214-р хуудас