Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 41

 

 

 

 

 

 

 

 

 

О.Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Цогтсайхан, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2019/01693 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч О.Н-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Л-” ХХК болон Ц.О- нарт холбогдох

 

Түрээсийн гэрээний барьцаа 1 500 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, түрээсийн гэрээний үүрэгт 1 060 310 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: хариуцагч “Л-” ХХК болон түүний захирал Ц.О-тэй 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Л-” ХХК-ийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэгт байрлах талбайг паб, караоке чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар түрээсэлсэн. Уг гэрээг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаатай байгуулсан боловч түрээслэгч О.Н- нь 2019 оны 02 дугаар сард БНХАУ- д суралцахаар явах шаардлага гарсан учраас түрээсийн гэрээг 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр цуцалж, гэрээг дуусгавар болгосон. Гэрээ байгуулснаас хойш 2 сарын хугацаатай түрээсэлсэн бөгөөд нийт 6 удаагийн төлөлтөөр 4 350 000 төгрөгийг дансаар, 150 000 төгрөгийг бэлнээр төлсөн байдаг. Үүний дараа хариуцагч “Л-” ХХК болон Ц.О- нараас барьцааны 1 500 000 төгрөгийг гаргуулахаар уулзаж байсан. Энэхүү мөнгийг шалтгаангүйгээр өгөхгүй болсон буюу өөрөөр бол гэрээний хугацаанаас өмнө гэрээг цуцалсан учраас барьцаа мөнгийг өгөх боломжгүй гэсэн учраас хариуцагч “Л-” ХХК, Ц.О- нараас 1 500 000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү. “Л-” ХХК нь өөр хүнтэй 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр түрээсийн гэрээ байгуулсан байна. Манайх энэхүү үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ямар нэгэн байдлаар ашиглаагүй, гэрээ дуусгавар болсон байсан. Тэгэхээр түрээслэгчийн ашиглаагүй хугацааны зардлыг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Цахилгаан болон усны төлбөрийг гаргуулах гэж байна. Гэтэл анх гэрээ байгуулахад сарын түрээсийн төлбөрт эдгээр зардлууд хамт орсон гэж байсан. Шүүхэд гаргасан төлбөрийн баримтыг харахад нэгдүгээрт О, “Л-” ХХК нар төлсөн гэдэг нь харагдахгүй байгаа бөгөөд хоёр төлөлтийн үлдэгдэл нь илүү төлөлттэй буюу хасахтай байгаа нь үндэслэлгүй. Нотариатын үйлдэлд төлсөн төлбөр нь хариуцагч өөрөө шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжихийн тулд төлсөн төлбөр бөгөөд энэ бол хариуцагчид учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй юм. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Л-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: нэхэмжлэгч О.Н- нь “Л-” ХХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 18/11 дугаартай Ажлын байрны талбай, өрөө хөлслөх гэрээ-г байгуулж, тус компанийн эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Үйлчилгээний төвд байрлах караоке, пабаар тохижуулсан ажлын байрны талбай болон өрөөнүүдийг хөлсөлсөн ч, гэрээнд заасан үүргийн гүйцэтгэлийг хангалгүй өр төлбөртэйгээр тухайн ажлын байрыг орхиж явсан байдаг. Иймд хариуцагчаар татагдсан “Л-” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг үл хүлээн зөвшөөрч байх ба хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хянан шийдвэрлэнэ үү гэжээ.

 

Хариуцагч “Л-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч нь “Л-” ХХК-тай байгуулсан 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 18/11 дугаартай Ажлын байрны талбай, өрөө хөлслөх гэрээ-гээр тус компанийн эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Үйлчилгээний төвд байрлах караоке, пабаар тохижуулсан ажлын байрны талбай болон өрөөнүүдийг 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаатай хөлсөлж, ажлын байр ашигласны 1 сарын төлбөрт 1 500 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон бөгөөд тэрбээр гэрээний хугацааг дуусгалгүй 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр ажлын байрыг орхиж явснаас тухайн ажлын байрыг 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Ажлын байрны талбай, өрөө хөлслөх гэрээ-гээр бусдад хөлслүүлсэн. Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.4 дэх “Хөлслөн авагч өөрийн буруугаар эд хөрөнгийг ашиглаж чадаагүй бол хөлс төлөхөөс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтын дагуу нэхэмжлэгчээс 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацааны гэрээний үүргийн гүйцэтгэлд төлөөгүй 2 250 000 төгрөгөөс барьцаанд төлсөн 1 500 000 төгрөгийг суутгаж үлдэх 750 000 төгрөгийг гаргуулах. Нэхэмжлэгч нь 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 18/11 дугаартай Ажлын байрны талбай, өрөө хөлслөх гэрээ-гээр караоке, пабаар тохижуулсан ажлын байрны талбай болон өрөөнүүдийн эд хогшлын хамт хүлээж авах үеийн баримт дээр тухайн ажлын байрны цахилгааны тоолуурын заалт 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 2715,9 квт байсан, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ж нь цахилгааны тоолуурын заалт 3813,1 квт болж 1097,2 квт цахилгаан эрчим хүч ашигласан болохыг тус тус хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан байх ба тус гэрээний заалтаар өөрийн ашигласан цахилгаан, цэвэр, бохир усны зардлын нэмэлт төлбөрийг тоолуурын заалтаар сар бүрийн 20-ны өдөр төлөх гэрээний үүргийг биелүүлээгүй. Иймд түүнтэй байгуулсан гэрээний 1.3 дахь заалтын дагуу УБЦТС ХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх №6 төвийн 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн №6190822000408 дугаартай Төлбөрийн нэхэмжлэлийн тарифаар цахилгааны 1097,2 квт эрчим хүч ашигласан төлбөрийг тооцвол 226 800 төгрөг, мөн усны төлбөрт №21043300 дугаар Хэрэглэгчийн төлсөн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 24 900 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 26 700 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 22 410 төгрөг зэрэг нийлээд 300 810 төгрөг гаргуулах. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотойгоор хариуцагч нарын зүгээс нотариатын үйлчилгээнд төлсөн нь 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн №03179 дугаартай Мөнгөний тасалбарын 7 000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн №962 дугаартай Мөнгөний тасалбарын 2 500 төгрөг зэргийг төлсөн. Иймд түүнээс 9 500 төгрөг гаргуулах. Ийнхүү нэхэмжлэгч О.Н-ээс 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 18/11 дугаартай Ажлын байрны талбай, өрөө хөлслөх гэрээ-ний үүргийн гүйцэтгэлд нийт 1 060 310 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 289 дүгээр зүйлийн 289.4, 294 дүгээр зүйлийн 294.3, 238 дугаар зүйлийн 238.1-т зааснаар нэхэмжлэгч О.Н-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг, хариуцагч “Л-” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг тус тус хангаж, үүргийг харилцан тооцож, хариуцагч “Л-” ХХК-иас 425 990 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч О.Н-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Ц.О-т холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч О.Н-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38 950 төгрөг, хариуцагч “Л-” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Л-” ХХК-иас 13 429 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Н-т олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2019/01693 дугаартай шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч талаас доорх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч "Л-" ХХК-ийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэгт байрлах караоке, паб чиглэлээр үйл ажиллагаа явуулах зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэн, барьцаа хөрөнгө 1 500 000 төгрөгийг гаргуулах гэж тодорхойлсон. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн гэрээг түрээсийн гэрээ гэж зөв дүгнэсэн хэдий ч Иргэний хуульд заасан түрээсийн гэрээ бичгээр байгуулах хуулийн шаардлага хангасан гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болоогүй гэж үзэж байна. Талуудын хооронд байгуулсан 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлага хангаагүй тул уг гэрээ нь Иргэний хуулийн 318.4 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн зүйлсээ талууд харилцан буцаан шилжүүлэх үүрэгтэй хэдий ч нэхэмжлэгч тал түрээсийн зүйлийг ашиглаж байсан тул түрээсийн төлбөрт төлсөн 3 000 000 төгрөгийг түрээслүүлэгч талд үлдээх нь зүйд нийцэх бөгөөд харин нэхэмжлэгч талаас түрээслүүлэгч талд өгсөн барьцаа болох 1 500 000 төгрөгийг түрээслэгч талд буцаан шилжүүлэх үндэслэлтэй гэж үзэж байна. Хариуцагч талаас гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагагы хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч талаас уг түрээсийн зүйлийг ашиглаагүй хугацааны төлбөрийг гаргуулж, мөн хариуцагч "Л-" ХХК-аас цэвэр бохир усны төлбөрт төлсөн 74 010 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд тухайн усны төлбөр зөвхөн түрээсий зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийнх мөн эсэх, эсхүл тухайн барилгын усны төлбөр эсэх нь тодорхойгүй хариуцагчаас нэхэмжлэгчийн хэрэглэсэн усны төлбөр гэж үзэж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах байдлаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч "Л-" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Л.Б миний бие, О.Н-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ж нэхэмжлэлтэй "Л-" ХХК болон Ц.О- нарт холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож буй бөгөөд "Л-" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2019/01693 дугаар шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч, энэхүү давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд: Нэхэмжлэгч нь хариуцагч "Л-" ХХК, Ц.О- нарт холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг "Хариуцагч нараас турээсийн гэрээний барьцаа 1 500 000 төгрөгийг хүвь тэнцүүлэн гаргүүлах"-аар буюу "хариүцагч "Л-" ХХК-аас 750 000 төгрөг, хариүцагч Ц.Оюүнчимэгээс 750 000 төгрөг түс түс гаргүүлах" гэж тодорхойлсон ба шүүхээс хариуцагч Ц.Оюунчимзгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч, хариуцагч Ц.О-ээс хувь тэнцүүлж нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын 750 000 төгрөгийг хариуцагч "Л-" ХХК-аас гаргуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгч нь тухайн ажлын байранд 2019 оны 01 дүгээр сарыг дуустал үйл ажиллагаа явуулсан буюу Зохигчдын хооронд байгуулагдсан 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн "Ажлын байрны талбай, өрөө хөлслөх гэрээ"-ний үүргийн гүйцэтгэлийг хангалп/й 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хаяад явсан байдаг ба хариуцагч "Л-" ХХК-ийн зүгээс түүний хаяж явсан ажлын байрыг бусдад 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн "Ажлын байрны талбай, өрөө хөлслөх гэрээ"-гээр хөлслүүлснээр тухайн ажлын байрыг өөрийн мэдэлд авсан байдаг буюу хүлээж авсан үзэж болно. Гэтэл, шүүхээс "Нэхэмжлэгч ажлын байрыг хаяж явсан 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг тухайн ажлын байрыг хүлээлгэж өгсөн өдөр" гэж үзээд сөрөг нэхэмжлэлийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацааны төлбөр 1 250 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь тус шийдвэрийн үндэслэх хэсэгт Талуудын хоорондох гэрээний 3.1, 4.2 дахь заалт болон Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.4, 292 дугаар зүйлийн 292.4, 294 дүгээр зүйлийн 294.3 дахь заалтуудыг үндэслэж шийдвэрлэсэн шийдвэрийнхээ үндэслэлтэй зөрчилдөж байгаад гомдолтой байна. Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2019/01693 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулах байдлаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 750 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 1 250 000 төгрөгийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч О.Н- нь “Л-” ХХК болон Ц.О- нарт холбогдуулан түрээсийн гэрээний барьцаа 1 500 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс түрээсийн гэрээний төлбөрт 1 060 310 төгрөг гаргуулахаар хариуцагч “Л-” ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ./хэргийн 1, 42 дугаар тал/

 

            Нэхэмжлэгч О.Н-, хариуцагч “Л-” ХХК нарын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Л-” ХХК-ийн өмчлөлийн Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 18 дугаар хороо, Чингэлтэй-Яргайтын 37-140 тоотод байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай 432 м.кв талбай бүхий ажлын байрыг караокены зориулалтаар 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл, 12 сарын хугацаатайгаар, нэг сарын төлбөрийг 1 500 000 төгрөг байхаар, барьцаанд нэг сарын төлбөртэй тэнцэх 1 500 000 төгрөгийг барьцаалахаар харилцан тохиролцсоныг анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ./хэргийн 18-20 дугаар тал/ Тухайн түрээсийн талбай нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгүй байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар дээрх гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлага үүсэхгүй тул мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй юм.

 

            Нэхэмжлэгч 2 сарын түрээсийн төлбөрт 3 000 000 төгрөг, барьцаа 1 500 000 төгрөг нийт 4 500 000 төгрөг төлсөн болон нэхэмжлэгчийн санаачилгаар гэрээ цуцлагдсан үйл баримтын талаар маргаагүй байна. Харин гэрээ цуцлагдсан хугацааны талаар маргажээ.

 

            Дээрх гэрээний 3.1-д “Гэрээний нөхцөл бүрэн биелэгдэж, гэрээний хугацаа дууссанаар гэрээ дуусгавар болно. Энэхүү гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тохиолдолд талууд нэг сарын өмнө урьдчилан бичгээр мэдэгдэж харилцан тохиролцож шийдвэрлэнэ” гэж заасан байх ба нэхэмжлэгч гэрээг хугацаанаас нь өмнө буюу 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөр цуцалж, гэрээний зүйлийг буцаан өгсөн гэж тайлбарлаж байх боловч гэрээг цуцлах талаар хариуцагчид 1 сарын өмнө мэдэгдсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Энэ талаар баримт хэрэгт авагдаагүй буюу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг баримтаар нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснан үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

            Харин хариуцагчаас түрээсийн талбайн түлхүүрийг 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр авсан гэх тайлбар гаргасныг шүүх үндэслэн талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр цуцлагдаж дуусгавар болсон гэж дүгнэж нэхэмжлэгчээс 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс мөн оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл 20 хоногийн түрээсийн төлбөрт 1 000 000 төгрөгийг барьцааны 1 500 000 төгрөгөөс хасаж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 500 000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь зөв. Мөн Ц.О- нь түрээсийн гэрээний оролцогч биш тул түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

            Нэхэмжлэгч түрээсийн гэрээ цуцлагдах буюу түрээсийн зүйлийг буцааж өгөх хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг төлөх үүрэгтэй, харин түрээсийн гэрээ цуцлагдсанаас хойших хугацааны төлбөрийг төлөх үүрэггүй.

 

            Иймд шүүхээс хариуцагч байгууллагын гэрээ цуцлагдсанаас хойш буюу 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойшх түрээсийн төлбөрт шаардсан 750 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

            Талууд гэрээний 1.3-т “Хөлслөгч нь ажлын байр ашигласны нэг сарын төлбөрт 1 500 000 төгрөгийг төлж байна. Мөн хөлслөгч нь ашигласан цахилгаан, цэвэр, бохир усны зардлын нэмэлт төлбөрийг тоолуурын заалтаар буюу харилцан тохиролцож сарын 20-ны дотор төлнө...” гэж тохиролцжээ.

 

            Хэдийгээр хариуцагч “Л-” ХХК нь цахилгааны төлбөрийг гэрээнд заасны дагуу шаардах эрхтэй боловч хэрэгт авагдсан төлбөрийн баримтын зарим нь нэхэмжлэгчийн талбай түрээслэж байх хугацаанд хамаарахгүй буюу 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 8 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацааны тооцооны баримтууд байх тул шүүхээс хэргийн 47 дугаар талд авагдсан баримтыг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны ашиглалтын зардлын 74 010 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж, үлдэх 226 800 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.

 

            Түүнчлэн, хариуцагчаас нотариатын зардалд төлсөн 9 500 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй. Учир нь хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар баримтаар нотлох үүрэгтэй тул нэхэмжлэгчийн буруугаас үүссэн хохиролд тооцогдохгүй.

 

            Шүүхээс Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хооронд нь харилцан тооцож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагын дагуу хариуцагчаас гаргуулах барьцаа мөнгөний үлдэгдэл 500 000 төгрөгөөс, сөрөг нэхэмжлэлийн дагуу нэхэмжлэгчээс гаргуулах ашиглалтын зардал 74 010 төгрөгийг хасч, хариуцагч “Л-” ХХК-аас 425 990 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх боловч үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлээгүй орхигдуулсан байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах нь зүйтэй. Мөн анхан шатны шүүх гэрээ цуцлах, дуусгавар болгохтой холбоотой талуудын маргаагүй үйл баримттай холбоотой хуулийн заалтуудыг хэрэглэснийг болон гэрээ цуцлагднаас учирсан хохирол, нэмэлт зардлыг шаардах эрхийг зохицуулсан хуулийн заалтуудыг хэрэглээгүй байгаа зэргийг зөвтгөн өөрчлөх үндэслэлтэй байна.

 

Дээрх үндэслэлээр зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2019/01693 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 292 дугаар зүйлийн 292.3, 227 дугаар зүйлийн 227.1, 238 дугаар зүйлийн 238.1-т зааснаар зохигчдын нэхэмжлэлийн шаардлагыг харилцан тооцож “Л-” ХХК-иас 425 990 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч О.Н-т олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 1 074 010 төгрөг, хариуцагч Ц.О-т холбогдох хэсэг болон хариуцагч “Л-” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 986 300 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, зохигчдын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 13 429 төгрөг, хариуцагчийн 46 950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.ИЧИНХОРЛОО

     

                                          ШҮҮГЧИД                                  Д.ЦОГТСАЙХАН

 

                                                              С.ЭНХТӨР