Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 139/2015/00071/и |
Дугаар | 001/ХТ2016/00686 |
Огноо | 2016-06-14 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2016 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 001/ХТ2016/00686
Цанидноров ХХК-ийн нэхэмжлэлтэй,
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 139/ШШ2016/00031 дүгээр шийдвэр,
Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 203/МА2016/00028 дугаар магадлал,
Нэхэмжлэгч Цанидноров ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч И.Батхишигт холбогдох,
19.767.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн гаргасан хяналтын гомдлоор
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Бат-өлзий, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: И.Батхишигт 2014.6.19-нд 11.980.000 төгрөгийг 2014.7.19-нд төлөхөөр аваад өнөөдрийг хүртэл өгөхгүй хохироож байна. 1 сарын хүү 10 хувь, гэрээний дагуу 11.980.000 төгрөг хэтэрсэн 210 хоногийн алдангийг өдрийн 0.5 хувиар тооцоход 105 хувь, үүнийг 50 хувиас хэтрэхгүй гэж үзээд төлөх ёстой 13.178.000 төгрөгийг 50 хувийн алданги 6.589.000 төгрөг болно. 11.980.000 төгрөг үндсэн зээл , хүү 1.198.000 төгрөг, алданги 6.589.000 төгрөг нийт 19.767.000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2014 онд 6 сая төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлж авсан. 6 сая төгрөгийг 700.000 төгрөг, 800.000 төгрөг, 500.000 төгрөг, 1.500.000 төгрөг, 2 сая төгрөг, 500.000 төгрөг авсныг 2014 оны 9 сард нэгтгэн нэг баримт болгож бичсэн. Сар өдрийг нь сайн санахгүй байна. Уг үндсэн 6 сая төгрөг, хүү 3.000.000 төгрөгийг 2015.6.15-ны өдөр дотор төлж дуусгана гэжээ.
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 139/ШШ2016/00031 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан И.Батхишигтээс 19.767.000 төгрөгийг гаргуулан Цанидноров ХХК-ний захирал Д.Бат-Өлзийд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 256.784 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.Батхишигтээс 256.784 төгрөгийг гаргуулж Цанидноров ХХК-ний захирал Д.Бат-Өлзийд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.4, Тахарын албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2,15 дугаар зүйлийн 15.2-т зааснаар хариуцагчийг шүүхэд албадан ирүүлэх ажиллагааны зардал болох 88.000 төгрөгийг хариуцагч И.Батхишигтээс гаргуулж төрийн сангийн дансанд оруулж шийдвэрлэжээ.
Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 203/МА2016/00028 дугаар магадлал гаргаж шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дүгээр заалтыг “Монгол Улсын Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 1, 56 дугаар зүйлийн 56.1.8, 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1, 286.2, 286.5 дахь хэсэгт зааснаар И.Батхишигтээс 9.900.000 төгрөг гаргуулан “Цанидноров” ХХКомпанид /захирал Дольжавын Бат-Өлзий/ олгож, 2.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт заасныг үндэслэж шийдвэрийн 2 дахь заалтын “И.Батхишигтээс 256.784 гэснийг “Батхишигтээс 173.350 төгрөг гаргуулж” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх зөвхөн хариуцагчийн баримтгүй тайлбарыг үндэслэл болгон хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь 2014.6.19-ний өдөр И.Батхишиг нь 10 хувийн хүүтэйгээр байгуулсан зээлийн гэрээ, хэргийн 19 талд хариуцагчийн шүүхэд өгсөн хариу тайлбар:“...2015.6.15-ны өдөр төлж дуусгана.” гэсэн нь мөнгө зээлсэн нь нотлогдож байна. Мөн шинжээчийн дүгнэлтээр И.Батхишигийн гарын үсэг мөнгө байх нь тогтоогдсон байхад шүүх үнэлж үзээгүй нь анхаарал татаж байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Цанидноров ХХК нь И.Батхишигтээс 11.980.000 төгрөг үндсэн зээл, хүү 1.198.000 төгрөг, алданги 6.589.000 төгрөг нийт 19.767.000 төгрөг шаардсаныг хариуцагч зөвшөөрөөгүй маргасан байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүрэн хангасныг давж заалдах шатны шүүх өөрчилж И.Батхишигтээс үндсэн зээлд 6.600.000 төгрөг, алданги 3.300.000 төгрөг нийт 9.900.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуульд нийцсэн тул Цанидноров ХХК-ийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгч нь 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн гэрээг үндэслэл болгож И.Батхишигтээс нийт 19.767.000 төгрөг гаргуулахыг шаардсан боловч “...өмнө олгосон зээлийг нэгтгэн зээлийн хэмжээг 11.980.000 төгрөг болгож гэрээ хийсэн...” тухай хариуцагчийн тайлбарыг үгүйсгэж чадаагүй /хх 146-149/ тул нэхэмжлэлийг бүрэн хангах боломжгүй, энэ талаар шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд нийцсэн дүгнэлт хийжээ.
Цанидноров ХХК-ийн шаардлагын үндэслэл баримтаар тогтоогдоогүй, 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн гэрээгээр хариуцагчаас мөнгө гаргуулах үндэслэлгүй ч хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээнд давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийг зөрчөөгүй тул нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив.
Харин давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа магадлалын тогтоох хэсгийг ойлгомжгүй бичсэнээс гадна нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгох талаар заагаагүй тул энэ үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1. Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 203/МА2016/00028 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг дэх заалтын 1 дэх хэсгийн “...”Цанидноров” ХХКомпанид /захирал Дольжавын Бат-Өлзий/ олгосугай...” гэснийг “...Цанидноров ХХК-д олгож, нэхэмжлэлээс 9.867.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай...” гэж өөрчлөн, 2 дахь хэсгээс “...Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт заасныг үндэслэж...” гэснийг хасаж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Цанидноров ХХК нь хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төлсөн 173.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Б.УНДРАХ