Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 128/2017/0342/З |
Дугаар | 221/МА2017/0648 |
Огноо | 2017-09-07 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2017/0648
С.Ж-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б, А.З, хариуцагч А.Б, Д.Г нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2017/0534 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, С.Ж-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Татварын хяналт, шалгалт, арга зүйн газрын татварын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2017/0534 дүгээр шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.8, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль (2006 оны)-ийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.1.1, 17.1.2, Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1.1, 4.3, 10.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Ж-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Татварын улсын байцаагчийн 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 360004034 дугаар актын 2 дахь хэсгээр ногдуулсан 2,826,692.30 төгрөгийн торгууль, 54,098.90 төгрөгийн хүү, нийт 2,880,791.20 төгрөгийг өршөөн хэлтрүүлж, нийт төлбөрийн хэмжээг багасгаж, 18,032,963.00 төгрөгийн нөхөн татварыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч С.Ж давж заалдах гомдолдоо: “...Миний бие 18,032,963.00 төгрөгийн нөхөн татварыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Татварын алба, татварын улсын байцаагч Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасан “татварын хууль тогтоомжийг тайлбарлан таниулах” үүргээ биелүүлээгүйн улмаас миний бие хувь хүн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болдог талаар мэдээлэлгүй байсан.
Тодруулбал, Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-т “татварын хууль тогтоомжийг дагаж мөрдөх аргачлал, заавар, мэдээллээр татвар төлөгчдийг хангаж, зөвлөгөө өгч үйлчлэх” эрхээ хэрэгжүүлж бидэнд мэдээлэл өгөөгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх маргаан бүхий актын Тогтоох хэсгийн 2 дахь хэсгээр ногдуулсан төлбөр нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн холбогдох заалтуудад нийцсэн талаар зөв дүгнэсэн боловч уг актаар ногдуулсан төлбөрийн хэмжээг багасгаж шийдвэрлэсэн нь буруу байх тул шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.
Хариуцагч татварын улсын байцаагч нар иргэн С.Ж-ийн 2010-2014 онуудын албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж, 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 360004034 дүгээр актын Тогтоох хэсгийн 2 дахь хэсгээр “нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлж, 2013, 2014 онуудад нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй” 180,329,633.00 төгрөгийн зөрчилд 18,032,963.00 төгрөгийн нөхөн татвар, 2,826,692.30 төгрөгийн торгууль, 54,098.90 төгрөгийн хүү, нийт 20,913,754.20 төгрөгийн төлбөр тогтоосон байна.
Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч С.Ж нь 2012 онд урлагийн тоглолтоос 20,000,000 төгрөгийн орлого олж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10-д заасан нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болох нөхцөлийг хангасан атлаа харьяалах татварын албанд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлээгүй, 2013-2014 онуудад урлагийн тоглолт, зар сурталчилгаанаас олсон нийт 180,329,633.00 төгрөгийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй зөрчил гаргасан болох нь тогтоогдсон байна.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Иргэн... Монгол Улсын нутаг дэвсгэрт ... гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахад энэ хууль үйлчилнэ”, 4 дүгээр зүйлийн 4.1.10-д “нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болсон өдөр гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхэлж орлого олж байгаа иргэн, хуулийн этгээдийн уг үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ ...иргэний орлого, татвар тодорхойлох хуудсаар 10.0 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн өдрийн дараа сарын эхний өдрийг”, 6 дугаар зүйлийн 6.1-д “Энэ хуулийн 4.1.10-т заасан нөхцөл хангасан этгээд ажлын 3 хоногт багтаан нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх өргөдлөө харъяалах татварын албанд гаргана”, 7 дугаар зүйлийн 7.1-д “...дор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна”, 7.1.4-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ” гэж тус тус зааснаас үзэхэд нэхэмжлэгч нь харъяалах татварын албанд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлж, улмаар үйл ажиллагааны орлогодоо нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж, төсөвт төлөх үүрэгтэй байна.
Гэтэл нэхэмжлэгч С.Ж нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болох нөхцөлийг хангасан атлаа харъяалах татварын албанд бүртгүүлж, гэрчилгээ авалгүйгээр үйл ажиллагаа эрхэлж, уг үйл ажиллагааны орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж, төсөвт төлөөгүй байх тул хариуцагч татварын улсын байцаагч нар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.1.1, 17.1.2-т заасны дагуу түүний 2013-2014 онуудад урлагийн тоглолт, зар сурталчилгаанаас олсон нийт 180,329,633.00 төгрөгийн орлогод нөхөн татвар, торгууль, хүү төлүүлэхээр акт тогтоосон нь үндэслэлтэй болжээ.
Нэхэмжлэгчээс “Татварын алба, татварын улсын байцаагч татварын хууль тогтоомжийг тайлбарлан таниулах үүргээ биелүүлээгүйн улмаас хувь хүн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болдог талаар мэдээлэлгүй байсан” гэж маргах боловч энэ нь түүнийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн “маргаан бүхий актын 2 дахь хэсгээр ногдуулсан төлбөрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.6, 106.3.13-д заасныг удирдлага болгон нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох байдлаар “төлбөрийн хэмжээг багасгаж” шийдвэрлэсэн нь буруу байх тул шийдвэрийн тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Мөн шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт хэрэглэвэл зохих хуулийн зүйл, заалтыг оновчтой, зөв баримтлаагүй, бичиглэлийн хувьд алдаатай хэрэглэснийг зөвтгөн өөрчилж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2017/0534 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.8, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.1.1, 17.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Ж-ийн “Татварын улсын байцаагчийн 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 360004034 дүгээр актын Тогтоох хэсгийн 2 дахь хэсэгт 180,329,633.00 төгрөгийн орлогод ногдуулсан 18,032,963.00 төгрөгийн нөхөн татвар, 2,826,692.30 төгрөгийн торгууль, 54,098.90 төгрөгийн хүү, нийт 20,913,754.20 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д заасныг баримтлан татварын улсын байцаагчийн 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 360004034 дүгээр актын 2 дахь хэсгээр ногдуулсан 2,826,692.30 төгрөгийн торгууль, 54,098.90 төгрөгийн хүү, нийт 2,880,791.20 төгрөгийг төлөх хариуцлагаас нэхэмжлэгч С.Ж-г өршөөн хэлтрүүлсүгэй” гэсэн 2 дахь заалтыг нэмж, шийдвэрийн 2 дахь заалтыг “3” гэж дугаарлан, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН