Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2020/ДШМ/1487

 

 

Б.Гхолбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч М.Алдар, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ундрах,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ганболд,

яллагдагчийн өмгөөлөгч Э.Намжилцэрэн,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2020/ШЗ/198 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч яллагдагч Б.Гийн өмгөөлөгч Э.Намжилцэрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Гхолбогдох эрүүгийн 2008 00 0990 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.Г, 

Б.Г нь 2020 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 1-21 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн  дүгээр хороо, Их нарангийн 1 дүгээр гудамжны 2 тоотод өөрийн төрсөн эцэг болох иргэн Б.Бмаргалдаж, улмаар түүний нуруу тус газар хутгалж, хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар 6.1-6.17 дахь заалтад заасан асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана” гэж заасныг үндэслэн, тус зүйлийн 6 дахь хэсэгт заасан асуудлыг хянан хэлэлцэх үндэслэлээр шүүгч өөрийн санаачилгаар яллагдагч Б.Гхолбогдох эрүүгийн хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, тус хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.1-6.17 дахь заалтад заасан асуудлыг хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”..., 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж, мөн  хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, 1.4 дэх заалтад “Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал”-ыг тогтооно гэж заасныг тус тус биелүүлээгүй гэж үзэн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас  яллагдагч Б.Гийг “...иргэн Б.Бмаргалдаж, улмаар түүний нуруу тус газар нь хутгалж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн..." гэж яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй тул  Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Гхолбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Б.Гурьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн яллагдагч Б.Гийн 10 хурууны хумсны дээж, 10 ширхэг тамхины иш, цус мэт хүрэн зүйлийн дээж 4 ширхэг, зүүн гарын арчдас, баруун гарын арчдас, чихний ар хэсгийн арчдас, хар өнгийн иштэй 1 ширхэг хутга зэргийг хэргийн хамт прокурорт хүргүүлж, яллагдагчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг дурдаж шийдвэрлэжээ.

 

Яллагдагчийн өмгөөлөгч Э.Намжилцэрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч С.Намжилцэрэн би Эрүүгийн 2008 00000 0990 дугаартай хэргийн яллагдагч Б.Гийн хууль ёсны эрх ашгийг хамгаалахаар өмгөөлөгчөөр ажиллаж байна.

Яллагдагч Б.Г нь 2020 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 19-21 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 11 дүгээр гудамжны 12 тоотод өөрийн төрсөн эцэг иргэн Б.Бмаргалдаж улмаар түүний нуруу тус газар хутгалж, хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачлагаар 6.1-6.17 дахь заалтуудад заасан асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргана” гэж заасныг үндэслэн шүүгч Б.Гхолбогдох эрүүгийн хэрэгт урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай уг ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж хэргийг прокурорт буцаасан.

Анхан шатны шүүхээс “яллагдагч Б.Гийг “хүнийг алах” гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй тул хэргийн зүйлчлэлийг зөв тогтоох шаардлагатай, мөн амь хохирогч яллагдагч нар нь гэр бүлийн гишүүд эсэхийг шалгаж, тус шинжээр хүндрүүлэх нөхцөл байдал байгаа эсэхийг тогтоовол зохино” гэж хэргийг прокурорын газарт буцаасан байна.

Шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2020/Ш3/1985 дугаартай захирамжийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх, тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухай шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж мөн хуулийн ерөнхий ангийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заасан байх бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх зүйл заалтуудыг зөрчиж, яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулж хэргийн прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

2. Шүүхийн санаачлагаар явуулсан урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагчийн өмгөөлөгч хурал давхацсан шалтгаанаар хэлэлцүүлгийг хойшлуулах хүсэлт гаргасныг хүлээн авахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлд заасан “ Өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах” зарчмыг ноцтой зөрчсөн байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2020/ШЗ/1985 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Б.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...Прокурор хэдийгээр захирамжид эсэргүүцэл бичээгүй ч хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Анх эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахдаа хүндрүүлж зүйлчилсэн боловч хэргийг шалгах явцад яллагдагч Б.Г, хохирогч Б.Батаа нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс мөн боловч Б.Гийн үйлдэлд гэр бүлийн хүчирхийлэл болон уг гэмт хэргийг үйлдэхдээ онц харгис хэрцгий аргаар үйлдсэн болох нь тогтоогдохгүй байсан тул ялыг хөнгөрүүлж, өөрчлөн сонсгосон. гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Яллагдагч Б.Гхолбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай, уг ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүйгэсэн үндэслэлээр прокурорт буцаасан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2020/ШЗ/1985 дугаартай шүүгчийн захирамж нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, 1.4 дэх заалтад заасан Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хангалттай нотолж тогтоогоогүй байхад прокурор яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд шүүх уг яллах дүгнэлтийн хэмжээнд хэргийн талаар дүгнэлт хийх боломжгүй байна.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргийн хүндрүүлэх шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд тусгасан агуулгаар ойлгохын зэрэгцээ, өмнө нь хүчирхийлэл үйлдэж байсан байдал нотлогдсон тохиолдолд уг шинжээр хүндрүүлэн зүйлчлэхээр хууль тогтоогч тодорхойлжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэхэд амь хохирогч Б.Батаа нь яллагдагч Б.Гийн төрсөн эцэг гэх боловч үүнтэй холбоотой холбогдох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд амь хохирогч, яллагдагч нар нь гэр бүлийн гишүүд мөн эсэхийг тодруулж, үүнтэй холбогдуулан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг хангалттай тогтоох шаардлагатай байна.

Түүнчлэн, амь хохирогч Б.Батаа нь хэрэг явдал болох цаг хугацаанд 74 настай байсан бөгөөд өндөр настай, согтуурсан нөхцөл байдалд байхдаа амиа алдсан нөхцөл байдлуудад дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх нь хуульд нийцнэ.

Эдгээр нөхцөл байдлуудаас үзэхэд, мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудад заагдсан хэргийн нотолбол зохих байдлыг нотолж тогтоогоогүй орхигдуулсан үндэслэлүүд тогтоогдож байх тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчимд нийцүүлэн дээрх асуудлыг мөрдөн шалгах ажиллагаагаар нөхөн гүйцэтгүүлэх шаардлагатай тул Б.Гхолбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 2020/ШЗ/1968 дугаартай шүүгчийн захирамжаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг товлож, захирамжлах хэсгийн 1-д “... прокурор Б.Ундрах, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ганболд, яллагдагч Б.Г, түүний өмгөөлөгч Э.Намжилцэрэн нарыг оролцуулан нээлттэй явуулахаар товлосугай.”, 2-д “... шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг оролцогч нарт мэдэгдэхийг шүүгчийн туслах А.Сэрчмаад...” даалгажээ.

Шүүгчийн туслах А.Сэрчмаа нь 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хууль ёсны төлөөлөгч Б.Ганболд, яллагдагч Б.Г, яллагдагчийн өмгөөлөгч Э.Намжилцэрэн нарт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. /2 хх 34-36/

Яллагдагч Б.Гийн өмгөөлөгч Д.Тунгалаг, Э.Намжилцэрэн нар нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг “Шүүх хурал давхацсан” гэх үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлтийг холбогдох баримт /шүүх хуралдааны зар/-ын хамт хавсарган ирүүлсэн байх боловч тус баримтад шүүгдэгч Г.Солтаны өмгөөлөгчөөр Д.Тунгалаг оролцжээ.

Өөрөөр хэлбэл, Б.Гхолбогдох эрүүгийн хэрэгт өмгөөлөгч Э.Намжилцэрэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд яллагдагчийн өмгөөлөгчөөр оролцож байсан ба шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааны товыг мэдсэн бөгөөд тэрээр уг урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд  оролцох боломжтой байсан тул өмгөөлөгч Э.Намжилцэрэнгийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.  

Иймд яллагдагч Б.Гийн өмгөөлөгч Э.Намжилцэрэнгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, хэргийг прокурорт буцаасан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2020/ШЗ/1985 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2020/ШЗ/1985 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, яллагдагч Б.Гийн өмгөөлөгч Э.Намжилцэрэнгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

 

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ