Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2017/ШЦТ/111

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Д даргалж, 

нарийн бичгийн дарга Ц.С,

улсын яллагч Б.Б, 

хохирогч Н.Р,

шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-д холбогдох 1713000000060 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          1. Шүүгдэгч Д.Б: Монгол Улсын иргэн, Шар хуурч овгийн Д-гийн Б, 1970 оны 07 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, цэргийн тэтгэвэртэн, Баян-Өлгий аймгийн Ө сумын ***дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД:..........

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч Д.Б нь тус аймгийн Ө сумын 11 дүгээр баг, Д-24 айлын орон сууцны 21 тоотод байрлах гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, гэр бүлийн амгалан тайван байдал алдагдуулсан тул түүний хадам эцэг Н.Р 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 10 цагийн үед тэднийд очиж “яагаад ийм үйлдэл гаргасан вэ, болиоч” гэж хэлж загнах үед Н.Р-г “чи миний амьдралд оролцоод байлгүй зайл” гэж хэлж мөрнөөс нь чирж гэрээсээ гарган, орцонд цээжнээс нь барьж авч түлхэн унагааж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Д.Б нь тус аймгийн Ө сумын 11 дүгээр баг, Д-24 айлын орон сууцны 21 тоотод байрлах гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, гэр бүлийн амгалан тайван байдал алдагдуулсан тул түүний хадам эцэг Н.Р 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 10 цагийн үед тэднийд очиж “яагаад ийм үйлдэл гаргасан вэ, болиоч” гэж хэлж загнах үед Н.Р-г “чи миний амьдралд оролцоод байлгүй зайл” гэж хэлж мөрнөөс нь чирж гэрээсээ гарган, орцонд цээжнээс нь барьж авч түлхэн унагааж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсангэмт хэрэг үйлдсэн болох нь: 

- Хохирогч Н.Р-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Өнөөдөр би гэртээ байж байхад 10 цагийн үед манай охин М над руу залгаж “нөхөр Б гэр бүлийн амгалан тайван байдлыг алдагдуулж байна, та манай гэрт хүрээд ирээч гэж дуудахаар нь би тэдний гэрт яваад очсон. Тэдний гэр 13 дугаар багт “Д” ХХК-ны барьсан байранд байдаг ба би тэдний гэрт очиход хаалгыг М онгойлгосон. Би гэрт нь орж хүргэн Б-ыг яагаад хүүхдүүдийн амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа юм бэ гэж загнахад тэрээр надад “Чи миний амьдралд оролцоод байлгүй зайл” гэж хэлж хэрэлдэн намайг мөрнөөс чирээд гэрээс гаргаж орц дотор миний цээжнээс барьж авч түлхэхэд би хойшоо шаланд унсан. Би шаланд унах үед толгойн дагзны зүүн тал хэсгээр унасан. Тэр үед М цагдаагийн газарт дуудлага өгөхөд Б хувцсаа өмсөөд гадаа гарч зугтах гэхэд нь би цагдаа нар иртэл түүний араас дагаад явуулаагүй. Тэрээр өчигдөр гэртээ архи ууж ирээд гэр бүлийн амгалан тайван байдлыг алдагдуулсан болохоор М манай гэрт ирээд хонож явсан юм. Тухайн үед Б, М бид гурваас өөр хүн байгаагүй тул уг асуудлыг харсан мэдсэн хүн байхгүй. Б өчигдөр гэртээ архи ууж ирсэн гэсэн. Өнөөдөр согтуу байсан эсэхийг сайн мэдэхгүй байна. Толгойн дагзны зүүн хэсэг хавдсан байна. Өөр учирсан гэмтэл байхгүй болно. Надад өөр учирсан хохирол байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,

- Насанд хүрээгүй гэрч Б.А-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр аав Д.Б гэрт 19 цагийн үед согтуу ирсэн. Бид бүгдээрээ гэрт хоол идэж сууж байх үед аав ах А-д айлд газны хошуу хүргэж өг гэж хэлсэн. Тэр үед ах түүнд “За” гэж хэлэхэд аав буруу сонссон уу мэдэхгүй ахад “надад хуц гэж хэллээ” гэж загнасан. Ах түүнд дахин “За” гэж хэлэхэд аав гэрт хэрүүл маргаан үүсгэж улмаар уг газны хошууг өөрөө хүргэж өгнө гэж гэрээс гарч явах гэж байгаад ахыг “Чи хоол явахгүй, үхнэ пиздаа минь” гэх мэтээр хэлэн гарч явсан. Дараа нь ээж, ах бид гурав хотод сурдаг эгч рүү хүнээр юм өгч явуулах гэж гэрээс гарахад аав гадаа машинаа асааж чадахгүй зогсож байсан. Тэр үед тэрээр намайг дуудахад би очоогүй. Дараа нь нөгөө айлд очиж ах уг айлд хонож, ээж бид хоёр өвөөгийн гэрт очиж хонсон. Өнөөдөр өглөө ээж бид хоёр 10 цагийн үед гэрточиход аав гэрт утсаар хүнтэй ярьж байсан. Биднийг очсоны дараа аав ээж хоёр хоорондоо гэнэт хэрэлдээд ээж цагдаад дуудлага өгнө гэж хэлж дараа нь өвөөг дуудсан. Өвөө манай гэрт ирэх үед аав өвөөтэй хэрэлдэж улмаар аав өвөөг гэрээс ширч гаргаж орцонд зогсож байх үед өвөөг цээж рүү түлхэхэд өвөө арагшаа шаланд унсан. Өвөө унах үед толгойгоороо хананы булангийн ирмэг хэсэгт толгойн дагз орчмоор цохиж унасан. Дараа нь юу болсныг мэдэхгүй. Өчигдөр аав ах руу сандал авч дайрах гэхэд нь ээж сандлыг нь авч болиулсан. Өнөөдөр ээж ах бид гуравт гар хүргэж зодоогүй.  Аав хааяа нэг л архи уудаг. Хааяа архи ууж ирэх үед гэр бүлийн амгалан тайван байдлыг алдагдуулж хэрүүл маргаан үүсгэдэг. Аав Д.Б манай ээжид болон ах бид хоёрт гар хүргэж зоддоггүй. Хааяа согтуу ирэх үед ахад заримдаа ээжтэй хэрэлдэж, тэдэнд хараалын үг хэлдэг. Юуны учир тэгэж хэрүүл маргаан үүсгэдэгийг сайн мэдэхгүй. Өөр ямар нэгэн гэр бүлийн хүчирхийлэл үзүүлдэггүй. Аав хилийн цэргийн 0165 дугаар ангид ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Аав тэтгэвэрийн зээлтэй, уг зээлээ юунд зарцуулсныг сайн мэдэхгүй. Эдийн засгийн ямар нэгэн дарамт үзүүлдэггүй” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,

- Гэрч Р.М-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Миний бие 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 17 цагийн үед ажлаас гэрт ирэхэд манай нөхөр Д овогтой Б согтуу байрны гадаа машин дотор унтаж байсан. Би гэрт ороод хоол хийж байх үед буюу 18 цагийн үед тэрээр орж ирээд хоолоо идсэн. Тэрээр гэрт орж ирж байх үед манай гэрээс гарч явж байсан аав Р-тай зөрсөн. Хоол идэж байх үед надад “Эцэг чинь миний мууг үзэх гэж явж байгаа юм уу?” гэж хэрэлдсэн. Мөн хүү болох Б.А-д “Чи намайг үх гэж байгаа юм уу? Хуц гэж байгаа юм уу?” гэх мэтээр хэлж түүнийг үгээр өдсөн. Дараа нь Б хүү А-д айлд газны хошуу хүргэж өг гэж хэлэхэд А  “За” гэж хэлэхэд аав нь түүнд “Хуц” гэнэ үү гэж сандал барьж авч дайрах гэхэд би түүнийг барьж авсан. Тэр үед Баяржаргал хүү А-д “Үхээд нүднээс далд ор, би чамтай зодолдож амьдарна” гэж хэлсэн. Би тэр үед хүүгээ тайшруулж байх үед тэрээр хувцсаа өмсөөд янз бүрээр хэлээд яваад гараад яваад өгсөн. Дараа нь би хоёр хүүхдээ дагуулж гэрээс гарч яваад том хүүгээ айлд хүргэж өгч, бага хүүгээ дагуулж аавындаа очиж хоносон. Өнөөдөр өглөө гэрт бага хүүгээ дагуулж 10 цагийн үед очих үед Б гэрт сууж байсан ба тэрээр бидэнд “гэртээ хонохгүй яасан юм бэ, сүртэй юмнууд” гэж хэлсэн. Би түүнд хүүхдээ яаж муу үг хэлж чадаж байна вэ гэж өчигдөр хэлсэн үгнүүдийг нь хэлсэн. Тэрээр хэрүүл маргаан үүсгээд байхаар нь би аавыг хүрээд ирээч гэж дуудсан. Аав Р манай гэрт ирэхэд нь би хаалга тайлж өгөөд би түүнийг настай хүний үгийг сонсох байлгүй гэж бодоод болсон асуудлыг хэлсэн. Тэр үед Р түүнийг загнахад тэрээр аавд “Чамд хамаа байхгүй, манай гэрээс гарч зайл” гэж хэлж мөрнөөс нь чирч орцонд гаргаж цээж рүү нь түлхэх үед аав хойшоо толгойн дагз хэсгээр хананы буланг мөргөж шаланд унасан. Тэр хооронд Б гэрийн хаалгыг хааж аваад хувцсаа өмсөөд зөрөөд гарсан. Тухайн үед би цагдаагийн газарт дуудлага өгсөн байсан ба тэрээр зугтаж гарахаар нь аав түүний араас дагаж яваад цагдаа нар ирэхэд гудамжнаас бариулж явуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,

- Хохирогч Н.Р-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсныг тогтоосон шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 394 дугаартай дүгнэлт /хх-ийн 23 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Д.Б-ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ. 

Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй, хуульд заасан журмын дагуу явагдсан байна. 

1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзав.

Иймд шүүгдэгч Д.Б-ын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын хөнгөн ял болох торгох ялыг сонгон, хуульд заасан ялын бага хэмжээгээр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 /нэг мянга/ төгрөгтэй тэнцэх ба 450 нэгж нь 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгтэй тэнцэх юм.

Харин шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Д.Б-ын нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн хохирогч Н.Р-гийн толгойн 2 ширхэг рентген зургийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.Б-д урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол уг таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт шүүхэд ирүүлсэн шүүгдэгчийн гадаад паспорт, иргэний үнэмлэх, 00303437 дугаартай эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ зэргийг өөрт нь буцаан олгож шийдвэрлэлээ.  

Шүүгдэгч Д.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг бүрэн төлж барагдуулсан тохиолдолд гэр бүлийн хамтын өмч Баян-Өлгий аймгийн Ө сумын 11 дүгээр багийн Д-24 айлын орон сууцны 21 тоотод байрлах 71 мкв талбайтай, 2 өрөө орон сууцыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох учиртайг дурдах нь зүйтэй байна.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Шар хуурч овгийн Д-гийн Б-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ыг 450 “дөрвөн зуун тавин” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн хохирогч Н.Р-гийн толгойн 2 ширхэг рентген зургийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгосугай. 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шүүгдэгч Д.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг бүрэн төлж барагдуулсан тохиолдолд гэр бүлийн хамтын өмч Баян-Өлгий аймгийн Ө сумын 11 дүгээр багийн Д-24 айлын орон сууцны 21 тоотод байрлах 71 мкв талбайтай, 2 өрөө орон сууцыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох учиртайг дурдсугай. 

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Б-ын гадаад паспорт, иргэний үнэмлэх, 00303437 дугаартай эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ зэргийг өөрт нь буцаан олгосугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   А.Д