Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 42

 

 

 

 

 

 

 

 

 

“Р-” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Цогтсайхан, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/02487 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Р-” Сууц өмчлөгчдийн холбооны/СӨХ/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч З.Г-ад холбогдох

 

8 227 763 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С, хариуцагч З.Г-, түүний өмгөөлөгч Н.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Р-” СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч "Р-" СӨХ нь сар бүр " Т-" хотхоны оршин суугчдаас СӨХ-ны төлбөр авч " Т-" хотхоны дундын өмчлөлийн эд хөрөнгө болох цэцэрлэгт хүрээлэн, зам талбайг засан сайжруулах, Автомашины зогсоол цахилгаан шат, дундын өмчийн талбай, ус дулаан, гэрэлтүүлгийн тогтмол ажиллуулах үүрэг хүлээдэг бөгөөд харин оршин суугчид дээрх ажил үүргийг хийж гүйцэтгэхэд шаардлагатай СӨХ-ны төлбөрийг сар бүр төлөх үүрэг хүлээдэг. Хариуцагч З.Г- нь нэхэмжлэгч "Р-" СӨХ-ны хариуцдаг 501-р байрны 904 тоот "Н-" ХХК-аас худалдан авч 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр "Н-" ХХК нь хариуцагч З.Г- Байр түрээслэх акт үйлдэж хариуцагч Г нь түлхүүр болон орон сууцыг хүлээн авсан байдаг.Тус актад дурдасны дагуу хариуцагч З.Г- нь байрыг хүлээн авсан өдрөөс хойш гарсан ашиглалтын зардлыг сар бүр нэхэмжлэгч "Р-" СӨХ-д төлөх үүрэг хүлээж гарын үсэг зурсан байдаг. Хариуцагч Г нь Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4 дэх хэсэгт заасны дагуу СӨХ-ны төлбөр төлөх үүрэг хүлээсэн боловч хариуцагч энэ 2016 оын 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх нийт 8 227 763 төгрөгийгтөлөөгүй байна. Хариуцагч З.Г- нь бусад оршин суугчдын төлсөн төлбөрөөр дундын өмчлөлийн хөрөнгө болох цахилгаан шат ногоон байгууламж, автомашины зогсоол зэргийн төлбөрөө төлөлгүйгээр эзэмшиж ашиглаж байна. Улмаар хариуцагч З.Г- нь СӨХ-ны төлбөрөө төлөхгүй удаж байсан тул манай СӨХ-оос 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч З.Г-ад "Шаардлага хүргүүлэх тухай" албан бичиг хүргүүлж СӨХ-ны төлбөрөө төлж барагдуулахыг мэдэгдсэн боловч хариуцагч нь төлбөрөө бүрэн төлж барагдуулахаа албан ёсоор хүлээн зөвшөөрч баталгаа гаргаж өгсөн байдаг. Иймд 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэг болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т заасны дагуу хариуцагч З.Г-аас СӨХ-ны төлбөр болох 8 227 763 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч З.Г- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: З.Г- миний бие 2014 оны 2 сард “Т-” хотхоны 501-р байр 904 тоот орон сууцыг худалдан авч хууль ёсны өмчлөгч болсон бөгөөд тухайн хотхоны анхны оршин суугчдын нэг юм. Нэхэмжлэгч талын нэхэмжилсэн 8 227 763 төгрөгийг үндэслэлгүй гэж үзэн төлөхөөс татгалзаж байна. “Р-” СӨХ-нь бүх гишүүдийн оролцоог хангаагүй хууль бусаар Т- хотхоныг өөрийн бүрэлдэхүүнд нэгтгэсэн. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 3 дүгээр зүйлийн 3.2, 3.4 заалт дурдсанаар бүх гишүүдийг хамруулаагүй. 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн "Т-" хотхоны бүх гишүүдийн ээлжит хурлын дугаар 01 тоот тогтоолд 81 өрх оролцохоос 33 өрх биеэр ирсэн 13 өрх бичгээр санал хүргүүлж 56.7% ирцтэйгээр бүх гишүүдийн хурлыг хүчин төгөлдөр гэж үзсэн нь хууль бус хурал гэж үзэж байна. Манай хотхон нь 501, 502, 503, 504-р байр нийт 382 өрхтэй бөгөөд бүх гишүүдийн тоог бууруулан 81 гэж тооцсон байна. Мөн бичгээр санал хүргүүлсэн өрхүүдийн саналыг дүүргийн архивт хүлээлгэн өгөөгүй. “Р-” СӨХ-нь “Т-” хотхон нэгтгэсэнтэй холбоотой баримт материал тухай дүүргийн архивт байхгүй. “Т-” хотхоны СӨХ-ны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл байхгүй. “Р-” СӨХ-ны гүйцэтгэх захирал Ч.Нина нь ОСНАА "Х С-" ХХК-ийн захирлаар давхар үүрэг гүйцэтгэдэг. “Т-” хотхоны оршин суугч бус хүнийг удирдах зөвлөлийн гишүүнээр сонгосон. “Т-” хотхоны 501-р байрны В1 давхарт автомашины угаалга ажиллуулах зөвшөөрлийг хууль зөрчиж олгосон. Энэ нь манай хотхоны оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчсөн дундын өмчлөлийн ашиглалтын хэвийн байдлыг алдагдуулсан цэвэр бохир усны шугам бөглөрөх эрсдлийг бий болгосон, нян үржих нөхцөл бүрдсэн зэрэг холбогдох хууль тогтоомжийг.зөрчиж байна. “Т-” хотхоны нэг давхарт стандартын бус ажлын байран хууль зөрчиж зөвшөөрөл олгосон. “Р-” СӨХ-ны оршин суугч нараас илүү төлбөр авч байна гэж үзэж байна. СӨХ-ны үйл ажиллагаатай холбоотой тайлан мэдээ материалыг танилцуулдаггүй нь оршин суугчдын эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл. Дээрх хууль зөрчсөн үйлдлүүдийг нь “Р-” СӨХ нь тухайн хотхоны оршин суугчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалахад чиглэгдээгүй хувийн ашиг сонирхолд тулгуурлан хуулийн этгээд мэт хараа хяналтгүй үйл ажиллагаа явуулж байна. Иймд дээрх хууль бус үйлдлүүдийг холбогдох байгууллагуудаар шалгуулан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, 75 дугаар зүйлийн 75.2.3-т зааснаар хариуцагч З.Г-аас 5 833 775 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Р-” СӨХ-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 2 393 988 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 147 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 108 290 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: З.Г- би Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд "Р" СӨХ /РД:9895043/-ны нэхэмжлэлтэй, З.Г--д холбогдох СӨХ-ны төлбөр 8 227 763 төгрөг гаргуулах тухай маргаантай иргэний хэрэгт хариуцагчаар оролцсон. Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд “Р-” СӨХ нь хууль бусаар “Т-” хотхоныг нэгтгэн үндэслэлгүй тариф тогтоон оршин суугчдыг хохироосон. /Хан-Уул дүүргийн засаг даргын тамгын газрын хууль зүй, архивын тасгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Байгалийн албан бичигт “Р-” СӨХ-үүсэн байгуулагдсантай холбоотой баримт бичиг байхгүй/ /Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрийн хууль бус “Р-” СӨХ-ны үйл ажиллагааг зогсоож, сууц өмчлөгчдийн эрх ашгийг хүндэтгэн бүх гишүүдийн хурал зохион байгуулж, хууль ёсны СӨХ байгуулж, хариу мэдэгдэх тухай Хан-Уул дүүргийн засаг дарга Ж.Алдаржавхланд хүргүүлсэн албан бичиг/ Тухайн СӨХ-ны гүйцэтгэх захирал Ч.Нина нь “Р-” СӨХ болон “Х С” ХХК ОСНАА конторын үйл ажиллагааг давхар эрхэлдэг. Оршин суугчдын хууль ёсны өмчлөлийн орон сууцны В1 давхарт автомашин угаалга ажиллуулах зөвшөөрлийг хууль зөрчиж олгосон. Энэ нь оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчсөн дундын өмчлөлийн хэвийн байдлыг алдагдуулсан, цэвэр бохир усны шугам бөглөрөх эрсдэлийг бий болгосон нян үржих нөхцөл бүрдсэн зэрэг нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж байна. /Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хан-Уул дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй халдвар хамгааллын улсын байцаагч   Э.Д-ийн   шалгалтаар (дугаар   17-320/256) автомашин угаалгын газарт Зөрчлийн тухай хуулиар торгуулын арга хэмжээ авч хууль бусаар зөвшөөрөл олгосон газарт албан мэдэгдэл хүргүүлсэн/ “Р-” СӨХ нь оршин суугчдын төлсөн төлбөрт НӨАТ баримт олгодоггүй. /Татварын ерөнхий газрын шалгалт хийгдэж байгаа/ Санхүү    болоод    үйл    ажиллагааны    тайланг    оршин    суугчдад танилцуулдаггүй. / “Р-” СӨХ-ны ажилтны тайлан өгөх боломжгүй тухай цахим шуудан/ “Тайм  скүэр” хотхоны  оршин  суугчид  “Р”  СӨХ нь хууль бусаар манай хотхоныг өөрийн СӨХ-нд нэптэсэн, хяналтын болон удирдах   зөвлөлийн   дарга   нь   өөр   хотхоны   хамааралгүй   хүнийг сонгосон, үндэслэлгүй төлбөр тогтоосон, бизнесийн байгууллага мэт дураараа аашилдаг, хяналт тавих боломжийг хаасан, оршин суугчдын эрх   ашгийн   эсрэг   үйл   ажиллагаа   явуулдаг   зэрэг   хууль   бус үйлдлүүдийг эсэргүүцэн өөрсдийн эрх ашгаа хамгаалсан СӨХ -той болохыг дэмжин нэгдэж гарын үсэгээ зурж баталгаажуулсан. / “Т-” хотхоны 200 гаруй айл өрх нэгдэж гарын үсэг зурж баталгаажуулсан/ Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаан дээр дээрх  нотлох баримтуудыг танилцуулах  боломж гараагүй  бөгөөд холбогдох байгууллагуудын албан ёсны хариу гараагүй байсан болно. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт (183/ШШ2019/02487) тогтоосон 5 833 775 төгрөгийг нэхэмжлэгч “Р-” СӨХ-д төлөх үндэслэлгүй гэж үзэн хууль бус “Р-” СӨХ-ны нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Нэхэмжлэгч “Р-” СӨХ нь хариуцагч З.Г-ад холбогдуулан 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацааны нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, үйлчилгээний зардалд нийт 8 227 763 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Нэхэмжлэгч “Р-” СӨХ нь 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн бүх гишүүдийн хурлыг 56.7 хувийн ирцтэй хийж, 100 хувийн саналаар “Т-” хотхоны ашиглалт үйлчилгээг тус сууц өмчлөгчдийн холбоонд нэгтгэж, СӨХ-ны тогтмол төлбөр 122 700 төгрөг, СӨХ-ны хувьсах төлбөр 1м2-270-308 төгрөг гэж тогтоон дундын өмчлөлийн хэрэглээ халаалтын улиралд 1м2-158 төгрөг, халаалтын бус улиралд 1м2-123.5 төгрөг, дундын өмчлөлийн засвар үйлчилгээ халаалтын болон халаалтын бус улиралд 150 төгрөг, халаалтын болон халаалтын бус улиралд 1 зогсоол 6 500 төгрөг байхаар тогтоосон нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт заасанд нийцжээ. /хэргийн 13 дугаар тал/

 

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 18/63 дугаартай гэрчилгээгээр нэхэмжлэгч нь Хан-уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Р-”-1 301-320, ТХ201-218, “Р-”-2 404-407, “Т-” 501-511, “Ц” хотхон 101-104, Т/Х-1-7 байруудыг хамруулан үйл ажиллагааг явуулдаг болох нь тогтоогдож байна. Уг гэрчилгээг шинээр 1 жилийн хугацаатайгаар олгож, улмаар 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл 2 жилийн хугацаагаар сунгажээ. /хэргийн 9 дүгээр тал/

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын тайлбар нь нотолгооны хэрэгсэлд хамаарах ба хариуцагч З.Г- нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Т- хотхон 501 дүгээр байрны 904 тоот орон сууцны өмчлөгч болох нь түүний хариу тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хуулийн Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4 дэх хэсэгт зааснаар “Р-” СӨХ-ны гишүүн болох тул мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй.

 

Хариуцагч “Р-” СӨХ-ны 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 01, 2018 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 02 дугаартай бүх гишүүдийн хурлын тогтоолууд нь хууль зөрчсөн гэж тайлбарлаж байх боловч, энэ талаар эрх бүхий байгууллагад гомдол гаргаж, хүчингүй болгосон талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байна./хэргийн 10-11, 13 дугаар тал/

 

Хариуцагч дээрх тогтоолуудыг хүчин төгөлдөр бус гэх нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Мөн нэхэмжлэгчээс 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр СӨХ-ны төлбөрөө төлөх шаардлага хүргүүлсний дагуу хариуцагчаас мөн оны 8 дугаар сарын 17-ны өдөр СӨХ-ны төлбөрийг бүрэн төлж барагдуулахаа бичгээр илэрхийлжээ. /хэргийн 12, 14 дүгээр тал/

 

Шүүхээс нэхэмжлэгчийг 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс өмнөх хугацааны ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрийг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т заасны дагуу хариуцагчаас шаардах эрхээ алдсан гэж дүгнэн, 2016 оны 7 сараас 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хугацааны төлбөрт нийт 5 833 775 төгрөгийг хариуцагч З.Г-аас гаргуулан нэхэмжлэгч “Р-” СӨХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 393 988 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Түүнчлэн, шүүхээс 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШЗ2019/12915 дугаартай хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг мөн оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 9 цагт хийхээр товлосныг хариуцагчийн хэргийн материалтай танилцах, өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хүсэлтийн дагуу мөн оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 15 цаг хүртэл хойшлуулж хариуцагчид мөн өдөр нь хэргийн материал танилцуулж хурлын товыг мэдэгдэж баримтанд гарын үсэг зуруулсан байх боловч хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүйн улмаас нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт нийцжээ. 

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/02487 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108 300 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ИЧИНХОРЛОО

 

                                            ШҮҮГЧИД                                Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                С.ЭНХТӨР