Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 2021/ДШМ/133

 

2021             2             2                                          2021/ДШМ/133

 

 

                                         Н.Бт холбогдох

                                            эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мягмаржав, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Дэлгэрмаа,

иргэний нэхэмжлэгч Б.Энхдалай, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/916 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний нэхэмжлэгч Б.Энхдалайгийн өмгөөлөгч Т.Мөнхтуяагийн гаргасан давж заалдах гомдлоор Н.Бт холбогдох эрүүгийн 2003003310281 дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Н.Б,

Шүүгдэгч Н.Б нь 2020 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 20 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Гадаад харилцааны яамны баруун хойд уулзвар замд “Тоёота Приус” маркийн 45-29 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.18-д “Гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч “Зогс-шугам” (1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг)-ийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө, бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио, зохицуулагчийн наана, эсвэл энэ дүрмийн 17.5-д заасны дагуу төмөр замын гармын өмнө зогсоно” гэж заасныг зөрчин хориглосон гэрлэн дохиогоор орсны улмаас Б.Энхдалай жолоочтой “Lexus НS250Н” маркийн 73-64 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч 19 настай Б.Бямбахүүгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, “Lехus НS250Н” маркийн 73-64 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 12.107.000 төгрөгийн шууд хохирол, нийт 12.990.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан буюу Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Н.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Сартуул овгийн Нямын Н.Быг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Быг 650 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогчид баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Баас 18.315.000 төгрөгийг гаргуулж, 13.910.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Б.Энхдалайд, 4.405.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч М.Пагамдуламд тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн хохирогч Б.Бямбахүү нь шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажлыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

Иргэний нэхэмжлэгч Б.Энхдалайгийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус шийтгэх тогтоолын иргэний хариуцагч болох М.Пагамдуламыг үндэслэлгүйгээр чөлөөлсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, М.Пагамдуламын нэр дээр байгаа “Тоёота Приус” 45-29 УБК дугаарын машиныг худалдах, худалдан авах гэрээ нь Н.Бтай хийгдээгүй учраас М.Пагамдуламын нэрээс машин нь өнөөдрийг хүртэл шилжээгүй байгаа, гэмт хэргийн ослоос хойш өнөөдрийг хүртэл М.Пагамдулам нь 45-29 УБК дугаарыг автомашины хууль ёсны өмчлөгч байх бөгөөд Иргэний хуулийн 499.4-д зааснаар “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч хариуцан арилгах үүрэгтэй” гэсэн зохицуулалтыг шүүхээс буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Хавтас хэргийн 37-39 дүгээр талд, иргэний хариуцагч М.Пагмадулам нь 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр манай байгууллагын ззэмшлийнх боловч миний нэр дээр байдаг. ...Мөн иргэний хариуцагчаар татахад татгалзах зүйл байна уу гэхэд татгалзахгүй гэсэн зэргээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6-д зааснаар иргэний хариуцагчийг ямар учраас шүүх чөлөөлөх болсон үндэслэлийг нарийвчлан дүгнээгүй гэж үзэж байна.

Тус шийтгэх тогтоолын 4 дэх заалтаараа иргэний хариуцагч М.Пагмадуламын автомашин учраас Н.Баас 4.405.000 төгрөгийг гаргуулсан, мөн уг автомашин нь өнөөдрийг хүртэл М.Пагмадуламын эзэмшил болон өмчлөлд нь байгаа Н.Б, М.Пагмадулам нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 243.1-д зааснаар худалдан авагч нь худалдан авагчид ямар нэгэн төлбөр төлөөгүй байгаа зэргээс харахад худалдах, худалдан авах гэрээ хийгдээгүй байхад анхан шатны шүүхээс М.Пагмадуламыг чөлөөлсөн байгааг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолын 4 дэх хэсэгт Н.Баас 13.910.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Б.Энхдалайд гэснийг М.Пагмадуламаас гаргуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Иргэний нэхэмжлэгч Б.Энхдалай тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Т.Мөнхтуяагийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

Прокурор Б.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Н.Б нь хууль ёсоор тухайн тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшилдээ авч, цаашилбал өөрийн өмчлөлд авахаар гэрээ байгуулсан болох нь холбогдох баримтуудаар нотлогдож байна. Хэрэг болсон 2020 оны 5 дугаар сарын 24-ний өдөр түүний эзэмшлийн эд хөрөнгө байсан гэж үзэж иргэний нэхэмжлэгч М.Пагамдуламаас шүүгдэгчийн бусдад учруулсан хохирлыг гаргуулах үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Н.Б нь 2020 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 20 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Гадаад харилцааны яамны баруун хойд уулзвар замд “Тоёота Приус” маркийн 45-29 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.18-д “Гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч “Зогс-шугам” (1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг)-ийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө, бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио, зохицуулагчийн наана, эсвэл энэ дүрмийн 17.5-д заасны дагуу төмөр замын гармын өмнө зогсоно” гэж заасныг зөрчин хориглосон гэрлэн дохиогоор орсны улмаас Б.Энхдалай жолоочтой “Lexus НS250Н” маркийн 73-64 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч 19 настай Б.Бямбахүүгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, “Lехus НS250Н” маркийн 73-64 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 12.107.000 төгрөгийн шууд хохирол, нийт 12.990.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан буюу Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Бямбахүүгийн “...уулзвар руу ямар гэрэл дохиогоор орсныг мэдэхгүй, хойноосоо урагшаа чиглэлтэй хар өнгийн машин орж ирэхэд Н.Б машиныхаа рүлийг зүүн тийш дарж байсныг санаж байгаа, өөр зүйл мэдэхгүй. ...ухаан ороод харахад уулзварын голд хар өнгийн машинтай мөргөлдөөд, машин явган хүний зам дээр тэгнээд зогссон байсан. ...” /1хх 27/,

иргэний нэхэмжлэгч /хариуцагч/ М.Пагамдуламын “...2020 оны 5 дугаар сарын 25-ны өглөө 9 цагийн орчим ажлынхаа групп чатыг уншаад миний нэр дээр бүртгэлтэй байдаг байгууллагынхаа эзэмшлийн “Тоёота Приус” маркийн 45-29 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч зам тээврийн осол гаргасан гэдгийг мэдсэн. ...” /1хх 40/,

иргэний нэхэмжлэгч Б.Энхдалайгийн “...автомашины зүүн талын урд хэсэг рүү саарал өнгийн “Тоёота Приус” маркийн тээврийн хэрэгсэл хүчтэй мөргөөд миний унаж явсан тээврийн хэрэгсэл уулзвар дээр 2 бүтэн эргээд ертөнцийн зүгээр хойшоо чиглэлтэй хараад зогссон. ...” /1хх 54/,

гэрч Я.Учралын “...баруун гар талаас буюу ертөнцийн зүгээр зүүнээс “Тоёота Приус” маркийн автомашин гэрлэн дохио зөрчиж орж ирээд урд хөдөлсөн Тоёота Лексус маркийн автомашинтай мөргөлдсөн. ...” /1хх 70/,

шүүгдэгч Н.Бын “...уулзвар арай ороогүй байхад шар гэрэл ассан бөгөөд уулзварт орж байх үед буюу зогс шугам давж байх үед улаан гэрэл асаад хойноосоо автомашин хөдлөөд уулзварын голд би зүүн гар талруугаа дарсан боловч мөргөлдөөд замын баруун урд талын боржур мөргөөд зогссон. ...” /1хх 162/ гэх мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 958 дугаартай “...Б.Бямбахүүгийн биед баруун нүдний судаслаг бүрхүүлийн урагдал, торлогийн доорх цус хуралт, баруун нүдний хараа бууралт 0.1, баруун ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, баруун нүдний алимны суулт, баруун зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт, баруун өвдөгт зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. ...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” /1хх 97-98/ гэх шинжээчийн дүгнэлт, 

Мөрдөгчийн 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн “...Жолооч Н.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмын ...8.18-д заасан “Гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч “Зогс-шугам” (1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг)-ийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө, бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио, зохицуулагчийн наана, эсвэл энэ дүрмийн 17.5-д заасны дагуу төмөр замын гармын өмнө зогсоно.” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Иргэний нэхэмжлэгч Б.Энхдалай нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. ...Тухайн осол хэрэг нь зам орчны нөхцөл байдал эвдрэл гэмтлээс шалтгаалсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. ...” /1хх 127-128/ гэх магадлагаа,

  гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 7/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 8-9/, тээврийн цагдаагийн албаны зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зураг /1хх 10-16/, дуудлагын лавлагааны хуудас /1хх 21/, автомашины техникийн үнэлгээний тайлан /1хх 103, 118/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Н.Быг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн хэмээн дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Н.Бын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөнөөс осол гаргаж гаргаж, хохирогч Б.Бямбахүүгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Н.Быг гэм буруутайд тооцон тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

Иргэний нэхэмжлэгч Б.Энхдалайгийн өмгөөлөгч Т.Мөнхтуяагийн “...худалдах, худалдан авах гэрээ хийгдээгүй байхад анхан шатны шүүхээс М.Пагамдуламыг чөлөөлсөн байгааг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолын 4 дэх хэсэгт Н.Баас 13.910.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Б.Энхдалайд гэснийг М.Пагамдуламаас гаргуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйл 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Н.Бын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас Б.Энхдалайгийн “Lexus НS250Н” маркийн 73-64 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хохирол учирсан байх тул түүнийг уг хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоосон хуульд нийцсэн байна.

Гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг учирсныг гагцхүү өнгөрсөн, одоо үеийн нөхцөл байдлыг харьцуулах замаар тогтоож, нөхөн арилгахуйц байдлыг эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлж шийдвэрлэдэг учиртай.

Монгол Улсын Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг тээврийн хэрэгслийн өмчлөгч буюу эзэмшигч арилгах үүрэгтэй болохыг зохицуулан хуульчилсан болно.  

Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төр, аймаг, нийслэл, сум, дүүрэг, иргэн болон хуулийн этгээд өмчлөгч байна” гэж хуульчилжээ.

Харин “Эзэмшигч” гэдгийг бодит байдал дээр эзэмшилдээ байлгаж байгаа материаллаг шинж чанараар нь болон тухайн эд зүйлсийг тодорхой эрхэд үндэслэн эзэмшилдээ байлгах эрх мэдэлтэй этгээд буюу хууль зүйн шинжээрээ Иргэний хуулийн “эзэмшил, хэлцэл, эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэх”-тэй холбоотой заалтуудын хүрээнд тайлбарлагдах ёстой.

Тухайлбал, Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт “Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ.”, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ.”, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт “Нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг хийхэд нотариат буюу хуульд заасан бусад этгээдээр гэрчлүүлнэ.” гэж тус тус заажээ.

Иргэн М.Пагамдуламаас Б.Бадралд 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “Итгэмжлэл” /1хх 46/ олгож, уг итгэмжлэлийн дагуу Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр /1хх 44-46/ Б.Бадрал, Н.Б нар байгуулж, тухайн өдрөө нотариатаар гэрчлүүлжээ.

Иргэний хуулийн 43.2 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт заасан “талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан”, мөн зүйлийн 43.2.3 дахь хэсэгт заасан “хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн” тохиолдолд хэлцэл хийсэн гэж үздэг.

Түүнчлэн М.Пагамдуламын “...Н.Б нь манай байгууллагатай автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг тээврийн хэрэгслийг 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр авсан. ...” гэх мэдүүлэг хэрэгт авагджээ.

Энэ нь, Иргэний хуулийн 111.2 дугаар зүйлийн 111.2.1 дэх хэсэгт “өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр” хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасны дагуу 45-29 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийн хууль ёсны эзэмшил 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Н.Бт шилжсэн байна.

Дээрх байдлыг нэгтгэн дүгнэвэл, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг эрх зүйн хэм хэмжээтэй харьцуулан судалж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг зөв, эргэлзээгүй, хөдөлбөргүй байдлаар сэргээн тогтоож, түүнийг шүүгдэгч Н.Баас гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлтэй байна.

Иймд иргэний нэхэмжлэгч Б.Энхдалайд учирсан хохирлыг М.Пагамдуламаас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Үүнээс гадна, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн нотлох баримтыг харьцуулан судалж үзэхэд анхан шатны шүүх Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас учирсан хохирол, хор уршгийг зөв тогтоосон атлаа Н.Баас 4.405.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч М.Пагамдуламд олгохоор шийдвэрлэсэн дүгнэлтийнхээ эсрэг, харилцан бие биенээ үгүйсгэсэн, хууль зүйн хувьд буруу болжээ.

Давж заалдах шатны шүүхээс дээрх байдлуудыг дүгнэж үзвэл, уг гэмт хэргийн улмаас иргэн М.Пагамдуламд хохирол учирсан гэж үзэх боломжгүй тул Н.Баас 4.405.000 төгрөгийг гаргуулан М.Пагамдуламд олгохоор шийдвэрлэснийг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын холбогдох заалтад өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

Өөрөөр хэлбэл, “Тоёота Приус” загварын 45-29 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч /эзэмшигч/ Н.Б өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас уг тээврийн хэрэгсэлд учирсан хохирол, хор уршгийг тэрээр хариуцах, тухайн тээврийн хэрэгслийг арчлан хамгаалах үүрэгтэй тул иргэн М.Пагамдуламд гэм хорын хохирол олгохоор заасан нь үндэслэлгүй юм.

Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн гэрээтэй холбоотой үүрэг, бусад эрх зүйн маргаантай асуудлаар М.Пагамдулам Н.Бт холбогдуулж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй.     

Түүнчлэн шүүхийн шийдвэр нь зөвхөн хуульд үндэслэгдсэн байдаг ба хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, шүүхээс оновчтой зөв хэрэглэсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн хууль ёсны байх шаардлага хангагддаг.

Хуулийг буруу тайлбарлан хэрэглэх явдал эрх зүйн маргаантай харилцааг зөв тогтоосон тохиолдолд ч гардаг ба энэ нь хуулийн зүйл, заалтад тусгагдсан эрх, хэм хэмжээний агуулгыг буруу ойлгож, жинхэнэ зохицуулалтаас нь өөр утгаар хэрэглэх байдлаар илэрдэг.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эд хөрөнгөд учирсан хохирол, хор уршгийг мөнгө хэлбэрээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн атлаа Иргэний хуулийн 505 дугаар зүйл буюу “Бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах” зохицуулалтыг баримтласан нь хууль хэрэглээний хувьд алдаатай байгааг зөвтгөн засах нь зүйтэй.

Ингэснээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн хуулийн шаардлагад нийцнэ.

 Шийтгэх тогтоолд дээрх зохих өөрчлөлтүүдийг оруулж шийдвэрлэснээр шүүгдэгч Н.Бын эрх зүйн байдал дордохгүй, түүний хуулиар хамгаалагдсан эрх зөрчигдөхгүй, хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно.

Иймд иргэний нэхэмжлэгч Б.Энхдалайгийн өмгөөлөгч Т.Мөнхтуяагийн гаргасан “...шийтгэх тогтоолын 4 дэх хэсэгт Н.Баас 13.910.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Б.Энхдалайд гэснийг М.Пагамдуламаас гаргуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЦ/916 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

4 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Баас 13.910.000 төгрөгийг гаргуулан, иргэний нэхэмжлэгч Б.Энхдалайд олгосугай.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний нэхэмжлэгч Б.Энхдалайгийн өмгөөлөгч Т.Мөнхтуяагийн “...шийтгэх тогтоолын 4 дэх хэсэгт Н.Баас 13.910.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Б.Энхдалайд гэснийг М.Пагамдуламаас гаргуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ӨСӨХБАЯР

                      

ШҮҮГЧ                                                            Д.МЯГМАРЖАВ

           

ШҮҮГЧ                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ