Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2017/ШЦТ/114

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Д даргалж, 

нарийн бичгийн дарга Ц.С,

улсын яллагч Х.Ө, 

шүүгдэгч Т.М нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.М-д холбогдох 1713000000063 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Т.М: Монгол Улсын иргэн, Ө овгийн Т-ийн М, 1992 оны 06 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, яс үндэс урианхай, дээд боловсролтой, бие хамгаалагч, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Б сумын ***дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, РД:..........

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч Т.М нь 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр орой 22 цагийн үед Б сумын нутаг дэвсгэрт Х.Э-ийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Т.М нь 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр орой 22 цагийн үед хохирогч Х.Э-ийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь: 

- Хохирогч Х.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2017 оны 10 дугаар сарын 10-ны орой би гэртээ байхад 20 цагийн үед М надруу залгаад хаана байна, би аймгаас сая ирлээ. Чи манай гэрт хүрээд ирээч уулзацгаая гэхээр нь би түүний гэрт ирэхэд М халамцуу согтуу байсан. Тэгэж байтал ээж нь бас орж ирээд та нар юу хийж байна гэхээр нь бид хийсэн юмгүй гэртээ харих гэж байна гэж хэлээд тэднийхээс гараад явж байтал М гарч ирээд намайг дуудсан. Тэгээд би түүний хажууд хүрч ирэхэд хоёулаа дэлгүүрт ороод ганц шил архи уух уу гэхээр нь би түүнд чи өөрөө согтуу байна, яах гэж архи уух гээд байгаа юм вэ гэхэд надад хүч өгөлгүй намайг дагуулаад Э гэх хүний дэлгүүрт ирээд нэг шил 0,5 литрийн Ёрөөл нэртэй архи авсан. Тэгээд түүнийгээ аваад О гэх хүний морь уядаг хашаанд ирээд задлаад өөрөө нэг уугаад надад хундаглаад өгөхөөр нь би түүнд би уухгүй гэж хэлээд нэг амсаад буцааж өгөхөд уурлаж чи яагаад уухгүй байгаа юм гэж хэлж зогсож байгаад нөгөө архиа өөрөө уугаад дуусгачихсан. Тэгээд дахиад нэг шил архи ууя гэхээр нь би уухгүй гэж хэлэхэд чи зайл гэж надруу уурлахаар нь би түүнийг хаяад явчихсан. Тэгээд би гэрлүү явж байх замд П гэх хүүхэд тааралдаад та намайг гэртээ хүргээд өгөөч гэхээр нь түүнийг хүргээд хашааных нь гадаа буулгаж байхад Т гэх дүү нь гарч ирсэн. Тэгээд бид хоёр доошоо явж тамхи татах уу гэж ярилцаад дэлгүүрээс тамхи авч татахаар доошоо явж байхад М гудамжинд байдаг сандалд пиво уугаад сууж байсан ба Т бид хоёр түүний хажууд очиж тамхи татаад сууж байхад М надруу дахиад уурлаад чи пизда минь зайл гээд болохгүй байхаар нь чи намайг пизда гэдэг хэн вэ гэж хэлээд би уурлаад явчихсан. Тэгээд Т бид хоёр хоорондоо ярилцаад харихаар явж байх замдаа сумын дээд талд их үнэг ирдэг болсон байна. Хоёулаа мотоциклийн гэрэл тусгаад үнэг хөөх үү гэж хэлээд тийшээ явж байх замд мотоциклийн гинж тасарчихсан. Тэгээд бид хоёр мотоциклээ түрээд буцаад ирж байхад стадионы хажууд ирэхэд М-тэй тааралдсан ба гартаа бас нэг шил архи барьчихсан байсан. Түүнээс надад хоёр гурав хундаглаж уулгаад өөрөө ч хоёр гурван хундаглаж уугаад дараа нь Т бид хоёрыг дагаад мотоциклийг хөтлөлцөөд манай гэрийн гадаа очоод байж байхад би тэдэнд хандаж “за одоо гэртээ харьцгаа, би ч гэсэн амарлаа” гэж хэлэхэд М надтай маргалдаад зогсож байгаад намайг заамдаад бариад авахаар нь би түүнийг цаашаа түлхэхэд тэр газарт уначихсан. Тэгээд тэр босоод ирэхэд нь одоо чи больчих бид нар амарцгаая, чи ч гэсэн харьж амар гэхэд миний нүүр тус газарт 2 удаа, нүд рүү нэг удаа гараараа цохисон. Энэ үед миний нүдний шил хагараад нүдний доод зовхи хэсгийг зүсчихсэн  үед Т түүнийг барьж аваад салгасан. Тэр үед М миний хажууд зогсож байгаад алхаад явчихсан. Болсон асуудал энэ. М-ийн ээж нь миний аавын төрсөн дүү нь болдог, бидний дунд ямар нэгэн өс хонзонгийн болон авлага өглөгийн асуудал гэх зүйл байхгүй. Миний нүүр ам, тус газарт хоёр удаа, нүд рүү 1 удаа гараараа цохисон. Анх намайг заамдаад бариад авахад нь нэг удаа түлхсэн. Энэ үед М өөрөө газарт унасан. Тэрнээс өөр түүнийг цохиж зодсон асуудал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/, 

- Насанд хүрээгүй гэрч Б.Т-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Тус өдрийн 22 цаг дөхөж байх үед байх би гэрээс гадаа гарахад дэлгүүр ажиллуулдаг   эгч болох П-ыг Э гэх хүн мотоциклээр сундлуулж авч ирээд буулгаж байсан. Тэгээд Э надад хоёулаа доошоо яваад ирэх үү гэхээр нь би тэгье гээд түүнтэй хамт доошоо ирж байхад М гэх хүн гудамжинд байдаг сандалд пиво уугаад ганцаараа явж байсан. Тэгээд бид хоёр түүний хажууд хүрч ирээд ярилцаад зогсож байхад М нь Э бид хоёрт хандаж хэдүүлээ үнэг хөөх үү үнэгнүүд сумын төв рүү ороод ирдэг болсон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь бид гурав тийшээ явахаар болоод тохиролцсон. Тэгээд М гэх хүн би нэг шил архи авч явна гэж хэлээд “Од” гэх дэлгүүрээс 1 шил Ёрөөл нэртэй 0,5 литрийн архи авсан. Тэгээд бид нар бүгдээрээ сумаас хойшоо гараад үнэг хайсан боловч үнэг тааралдаагүй. Тэгээд нөгөө архийг М, Э хоёр хувааж уугаад сум руу ирж байх замд Э-ийн мотоциклийн гинж нь тасарчихсан. Тэгээд бид нар нөгөө мотоциклийг түлхээд, чирээд Э-ийн гадаа ирээд нөгөө архинаасаа үлдсэнийг тэр хоёр ууж зогсож байгаад тэр хоёр тоглоод нэг нэгийгээ түлхээд зогсож байсан ба Э М-ийг нэг удаа хүчтэй түлхэхэд М газар унаад босож ирээд уурлаад Э-ийг доошоо тонгойлгож дарж байгаад нүүр рүү нь хоёр гурван удаа цохиход нь би тэднийг салгаад авсан. Тэгээд тэр үед миний гарт байсан ундааг Э аваад М рүү шидэж май энийгээ аваад зайл гэхэд М дахиад үсэрч ирээд Э-ийн нүд рүү нь нэг удаа цохиход түүний нүдний шил нь хугарч нүдний доод зовхийг нь зүсчихсэн. Тэгээд би дахиад М-ийг бариад авахад Э нь чи хүн тоглож байхад яагаад хүн зодоод байгаа юм вэ, би одоо чамтай юм ярихгүй маргааш чамайг цагдаад хэлнэ гээд цаашаа явчихсан. Тэгээд М ч явсан, би ч гэрлүүгээ явсан. Болсон асуудал энэ” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч К.Х-ын 396 дугаартай дүгнэлт /хх-ийн 13 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Т.М-ий үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ. 

Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй, хуульд заасан журмын дагуу явагдсан байна. 

1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзав.

Иймд шүүгдэгч Т.М-ий үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын хөнгөн ял болох торгох ялыг сонгон, хуульд заасан ялын бага хэмжээгээр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 /нэг мянга/ төгрөгтэй тэнцэх ба 450 нэгж нь 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгтэй тэнцэх юм.

Харин шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Т.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно. 

Шүүгдэгч Т.М-д урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол уг таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт шүүхэд ирүүлсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэх, 01762118 дугаартай эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ зэргийг өөрт нь буцаан олгож шийдвэрлэлээ.  

Шүүгдэгч Т.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг бүрэн төлж барагдуулсан тохиолдолд түүний эзэмшлийн “Мустанг-5” маркын мотоциклыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох учиртайг дурдах нь зүйтэй байна.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Ө овгийн Т-ийн М-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М-д 450 “дөрвөн зуун тавин” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М нь торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч Т.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг бүрэн төлж барагдуулсан тохиолдолд түүний эзэмшлийн Мустанг-5 маркын мотоциклыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох учиртайг дурдсугай. 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Т.М-ийн иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ зэргийг өөрт нь буцаан олгосугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлӨч, өмгӨч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   А.Д