Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 76

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар  

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2019/02322 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Э.Э-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Х.О-д холбогдох,

 

Эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 21 640 324 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, өмгөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Э.Э- нь Да хүрээ худалдааны төвөөс 2016 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 2006 онд үйлдвэрлэгдсэн, саарал өнгийн 50-57 УНИ улсын дугаартай тоёота алпард /Тоyota Alphard/ маркийн тээврийн хэрэгслийг 15 500 000 төгрөгөөр худалдан авсан. Тээврийн хэрэгсэлээ 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хадам аавынхаа байрны гадна буюу Баянзүрх дүүрэг 18-р хороо 14-р байрны ил зогсоол дээр байрлуулсан байсан. Гэтэл үүрээр 5-7 цагийн үед Х.О- гэх эмэгтэй согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон, 20-00 УНТ улсын дугаартай тоёота кроун маркийн тээврийн хэрэгсэлтэй утаа гал савалзуулан 14-р байрны зогсоол руу орж зогсохдоо хажууд зогсож байсан миний 50-57 УНИ тоёота алпард, иргэн Б.Э-ын 94-04 УНӨ тоёота волтз маркийн 2 тээврийн хэрэгслийг шатаасан. Х.О-г утаа, гал савсалзуулсан машинтай зогсоол руу орж зогсохыг 14-р байрны орцны жижүүр харсан байдаг. Х.О- нь машинаа шатаж байгааг мэдсээр атлаа шатаж буй тээврийн хэрэгсэлтэй 14-р байрны зогсоол руу орж зогсохдоо 2 талын тээврийн хэрэгсэл руу гал тархаан миний тээврийн хэрэгсэл болон ажлын тусгай хувцас, бусад эд зүйлс хамт шатаж үгүй болсон. ЦЕГ-ын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 9/01 тоот Шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг зэрэг баримтаар Х.О-н 20-00 УНТ улсын дугаартай тоёота кроун маркийн тээврийн хэрэгслийн цахилгаан дамжуулах утсанд богино холбоо үүсч гал түймэр гарсан түүний буруутай болохыг тогтоосон болно. Би шатсан тээврийн хэрэгсэлээ 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр М- ХХК-иар үнэлгээ хийлгэхэд 11 545 500 төгрөгийн засвар, үйлчилгээ орно гэсэн дүгнэлт гарсан. Гэвч Х.О- нь шатаад үлдсэн тээврийн хэрэгслийн эд ангийг мөн авч явж зарсан. Би тээврийн хэрэгслээ 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр улсын бүртгэлээс хасалт хийлгэсэн. Би 2019 оны 3 дугаар сарын 02-ны өдөр зарын unegvi.mn сайтаар тоёота алпард тээврийн хэрэгслийн худалдаалах үнийг судлаж үзэхэд 2006-2007 онд үйлдвэрлэгдэж, 2019 онд монголд орж ирсэн нь 19 000 000-21 500 000 төгрөгийн ханштай байна. Миний шатсан машин худалдаж аваад удаагүй дөнгөж 7 сар болж байсан юм. буруутай үйлдлийн улмаас шатсан төдийгүй эд ангийг нь хүртэл худалдсан. Иймд Х.О-эс гэм хор учруулсан төлбөр 21 640 324 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Х.О- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ...05:00 цагийн орчим ...20-00 УНТ улсын дугаартай тоёота кроун маркийн тээврийн хэрэгслээ барин 13-р хороололд амьдардаг найз хүүхнийх рүүгээ явсан. Очоод зогсоол олдохгүй байсан бөгөөд нилээн хайж байгаад байрнуудын дунд ороход 1 сул зогсоолдтээврийн хэрэгслээ байрлуулсан. Тээврийн хэрэгслээ унтраах үед хэншүү үнэртэж ... сэжигтэй зүйл мэдэгдээгүй, түгжээд найзындаа хальт ороод 10-15 минутын дараа гараад иртэл тээврийн хэрэгслээс минь уур утаа гарч байх шиг болохоор нь сандраад гүйж очтол утаа гарч байсан. Сандраад гал унтраагуураар унтраах гэсэн боловч унтрааж дийлээгүй. Гал команд руу залгаж дуудлага өгсөн. Би маш их айж сандарч байсан ба хажууд зөндөө тээврийн хэрэгслүүд байсан тул юу ч гэсэн өөрийнхийгөө урагшуулья шатвал ганцаараа шатаг гэж бодоод хөдөлгөх гэж оролдсон боловч огт хөдлөхгүй байсан. Хүмүүсээс тусламж хүссэн боловч туслаагүй. Тэгээд гал команд ирэхэд 2 талын тээврийн хэрэгслүүд шатсан байсан. Э.Э-ын шатсан тээврийн хэрэгслийн эд ангийг нь худалдан борлуулсан явдал огт байхгүй, сэгнүүдийг зайлуул гэж СӨХ-оос шаардсан болохоор манай дүү дуудлагын үйлчилгээ дуудаж хогийн цэг рүү ачуулсан. Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрнө, Э.Э-ад учирсан хохирол хэт өндөр байна. Иймд Э.Э-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Х.О-эс 17 957 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Э-ад олгож, 3 683 324 төгрөг үлдсэнийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 264 560 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 247 735 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх "...Хариуцагч Х.О- өөрийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйд маргаагүй бөгөөд нэхэмжлэгч Э.Э-ын эд хөрөнгөд учирсан хохиролд шалтгаант холбоотой байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан гэм хорыг арилгахдаа хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй байна. Э.Э-ын эзэмшлийн тээврийн хэрэгсэл, эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг “М-” ХХК 11 545 000 төгрөгөөр үнэлсэн /хх-34-47/, хариуцагч Х.О- энэ хэмжээнд хохирлыг төлж барагдуулна гэж тайлбарлах бөгөөд энэ үнэлгээ нь тээврийн хэрэгсэлд учирсан шууд ба шууд бус зардал, засварлах үнэлгээ байна. Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчийн тайлбараар дээрх тээврийн хэрэгсэл шатсан, улмаар төмрийн хаягдалд хариуцагч тал авч явсан, засварлах боломжгүй, хариуцагчийн эзэмшилд шилжүүлсэн нь тогтоогдож байна. Э.Э-ын Тоёота альфард маркийн тээврийн хэрэгсэл 2006 онд үйлдвэрлэгдсэн, 2016 оны 6 дугаар сарын 26-ны өдөр худалдан авсан байх бөгөөд тусгай зөвшөөрөл бүхий “Х-” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №445 тоот үнэлгээ /хх-116-135/-нд заасан хавтаст хэргийн 129, хүснэгт 15-д авагдсан тухайн шинж бүхий тээврийн хэрэгсэл одоогийн зах зээлийн үнэ /17 637 000 төгрөг/-ээр тооцон хохирлыг арилгуулах нь зүйтэй байна." гэж шийдвэрийнхээ ҮНДЭСЛЭХ нь хэсэгт дүгнээд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Х.О-эс 17 957 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Э-ад олгож, 3 683 324 төгрөг үлдсэнийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Анхан шатны шүүх ийнхүү шийдвэр нь шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх буюу шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна гэж хариуцагч болон түүний өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Учир нь нэхэмжлэгч Э.Э- нь Тоёота Алфард машинаа 15 500 000 төгрөгөөр худалдан авсан гэдэгээ илэрхийлж, нотолсоор байтал анхан шатны шүүхээс 17 957 000 төгрөг гаргуулах шийдвэр гаргаж байгаа нь бодит нөхцөл байдалтай нийцэхгүй байна. 2016 онд худалдан авч байсан тээврийн хэрэгслийн элэгдэл хорогдолын хэмжээг эс тооцон бүхэл бүтэн 3 жил эдэлж хэрэглэсэн машиныг одоогийн зах зээлийн ханштай харьцуулан үнэлсэн нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй болссн байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх / адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэг хүлээхээр зохицуулжээ. Тодруулбал, яг адил нэр, төрөл, чанарын автотээврийн хэргсэл буюу автомашин авч өгөхөд 11 000 000 төгрөг болох бөгөөд хариуцагчийн зүгээс ийм бодит нөхцөл байдал байгаа тул Э.Э-ын эзэмшлийн тээврийн хэрэгсэл, эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг М- ХХК 11 545 000 төгрөгөөр үнэлсэн /хх-34-47/, хариуцагч Х.О- энэ хэмжээнд хохирлыг төлж барагдуулна гэж тайлбарласаар байхад шүүх үүнийг хэрхэн үгүйсгэж байгааг шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт заасангүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2, 167.1.3-д тус тус заасны дагуу өөрчлөлт оруулан хариуцагчаас гаргуулах хохирлын мөнгийг бодитоор буюу 15 500 000 төгрөг, эсхүл 11 545 000 төгрөгөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

            Нэхэмжлэгч Э.Э- нь хариуцагч Х.О-д холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 21 640 324 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч зарим хэсгийг нь эс зөвшөөрч, үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ нэхэмжилж байна гэж маргажээ./хэргийн 72-73 дугаар тал/

 

            Хэргийн 6 дугаар талд авагдсан Тоёота алфард маркийн 50-57 УНИ дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр нэхэмжлэгч нь уг автомашиныг 2016 оны 6 дугаар сарын 26-ны өдөр бусдаас худалдан авсан болох нь тогтоогдож байна.

 

            Улмаар нэхэмжлэгчийн автомашин шатсан үйл баримтад хариуцагч буруутай болох нь хариуцагчийн “2017 оны 01 дүгээр сарын 14-ний өглөө 05-08 цагийн хооронд Тоёота кроун маркын 20-00 УНТ улсын дугаартай автомашиныг Баянзүрх дүүрэг 18 дугаар хороо, 14 дүгээр байрны ил зогсоолд байрлуулахад автомашинаас хэншүү үнэртэж, хэсэг хугацааны дараа утаа гарч унтраах гэсэн унтрааж дийлээгүй, гал команд ирэхэд 2 талын тээврийн хэрэгслүүд шатсан” гэх тайлбар, Гамшгийн туршилт шинжилгээний төвийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 9/21 тоот шинжээчийн дүгнэлт, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 76/192 дугаар шинжээчийн “Тоёота кроун маркын 20-00 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн цахилгаан дамжуулагч утсанд богино холбоо үүссэнээс гал түймэр гарсан, улмаар уг тээврийн хэрэгслээс эхлэн гал гарч 2 талын тээврийн хэрэгсэлрүү тархан дэлгэрсэн байна” гэх дүгнэлт, Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай 1133 дугаар прокурорын тогтоол, гэрэл зураг, “М-” ХХК-ийн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 0000 дугаар үнэлгээний тайлан, тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасуулсан тухай Авто тээврийн үндэсний төвийн 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 28 тоот тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогджээ./хэргийн 8-21, 29, 34-46, 103 дугаар тал/

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчид гэм хор учирсан болох нь тогтоогдож байх тул хариуцагч нь гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

            Зохигчид автомашин шатсан үйл баримтын талаар маргаагүй, харин хариуцагчаас гаргуулах хохирлын хэмжээний талаар маргажээ.

 

            Хариуцагч давж заалдах гомдолдоо “Э.Э-ын эзэмшлийн тээврийн хэрэгсэл, эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг М- ХХК-ийн үнэлсэн 11 545 000 төгрөг, эсхүл нэхэмжлэгч автомашиныг 15 500 000 төгрөгөөр худалдаж авсан үнээр тогтоож өгнө үү” гэжээ.

 

Гэтэл нэхэмжлэгч Э.Э-ын эзэмшлийн тээврийн хэрэгсэл, эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр “М-” ХХК-аас 11 545 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ нь тээврийн хэрэгсэлд учирсан шууд ба шууд бус зардал, засварлах үнэлгээ байх ба тухайн автомашин тоногдсон, дахин сэргээх боломжгүйгээс төмрийн хаягдалд тушаасан гэх хариуцагчийн тайлбараар тээврийн хэрэгслийг засварлах боломжгүй нь тогтоогдож байх тул хариуцагч нь хохирлыг Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар мөнгөн хэлбэрээр арилгах үүрэгтэй.

            Иймд шүүхээс “Х-” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №445 тоот үнэлгээгээр буюу шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн тээврийн хэрэгслийн одоогийн зах зээлийн үнийг 17 637 000 төгрөгөөр тооцсоныг үндэслэн хариуцагчаас 17 637 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасанд нийцжээ. Уг үнэлгээг үгүйсгэсэн баримтыг хариуцагч шүүхэд гаргаагүй байна.

 

            Мөн шүүхээс “М-” ХХК-аар үнэлгээ хийлгэхэд нэхэмжлэгчийн төлсөн 320 000 төгрөгийн зардлыг хохиролд тооцон, нийт 17 957 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 683 324 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь зөв.

 

            Түүнчлэн, нэхэмжлэгч 2017-2019 оны хооронд төлсөн татварыг хохиролд нэхэмжилсэн нь гэм хорын хохиролд хамаарахгүй, үндэслэлгүйгээр татвар төлсөн гэж үзвэл холбогдох байгууллагад 320 324 төгрөг бүхий татварын маргаанаа жич шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.

 

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2019/02322 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247 735 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ИЧИНХОРЛОО

 

                                     ШҮҮГЧИД                              А.МӨНХЗУЛ

 

                                                С.ЭНХТӨР