Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2022/ДШМ/456

 

 

 

 

 

    2022                04             28                                      2022/ДШМ/456                                                                                                                                Т  M 546                                 МАЛАЛ

С.О-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Отгонбаатар,

шүүгдэгч С.О-, түүний өмгөөлөгч Б.Батцэнгэл, Л.Лхагвадорж,

хохирогч “-” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч0, түүний

өмгөөлөгч Д.Очирдорж,

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 07ы өдрийн 2021/ШЦТ/68 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.О-, түүний өмгөөлөгч Б.Батцэнгэл нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн С.О-т холбогдох 1805027830339 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

О овгийн С-ийн О-, Ховд аймагт 1991 оны 03 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Э” ХХК-ийн “Б” барьцаалан зээлдүүлэх газарт зээлийн мэргэжилтнээр ажиллаж байсан, ам бүл 4, эцэг, эх, хүүхдийн хамт амьдардаг, ... дүүргийн 0 дугаар хороо, - гудамжны - дугаар байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 00000000/

С.О- нь 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл “Э” ХХК-ийн “Б” барьцаалан зээлдүүлэх газарт зээлийн мэргэжилтнээр ажиллах хугацаандаа 322 удаагийн үйлдлээр хуурамчаар зээл гаргасан, хаасан, сунгасан гэх баримт үйлдэн кассын үлдэгдэл, зузаатгал нэртэй тус компаниас санхүүжүүлсэн орлого, зээлийн үйлчилгээ үзүүлсэн үйл ажиллагааны орлого нийт 168,765,000 төгрөгийг завшиж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Баянгол дүүргийн прокурорын газраас С.О-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С.О-ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жил 6 сар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 223 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “хуурамч гэх төмөр металл” гэх 52 ширхэг металл эдлэл, “Нөүтбүүк болон фото аппарат, утас” гэсэн бичиглэл бүхий цүнхнүүд, гар утасны хоосон хайрцаг, чулуу, тоосго, цаас зэрэг нийт 139 ширхэг эд зүйлийг С.О-т буцаан олгож, “I phone 7” загварын гар утас 1 ширхэг, хэрэгт хавсарган хавтаслаж үдсэн 16 хавтас санхүүгийн баримтаас 1-11, 16 дугаар хавтсыг хохирогчийн төлөөлөгч Э.О-д буцаан олгож, 12-15 дугаар хавтасыг хэрэгт хавсаргаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар С.О-ээс 172,765,000 төгрөг гаргуулж хохирогч “Э” ХХК-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-ээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 2,400,000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч С.О- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Э.О-тай 2013 онд танилцаж, түүний нөхөр А.Т-ын найзтайгаа хамтран ажиллуулдаг “-” ХХК хэвлэлийн газрын ажилд орж, улмаар хуурай, эгч дүүсийн харилцаатай болсон. 2016 онд хэвлэлийн газрын үйл ажиллагаа доголдож, тэд ломбард ажиллуулж эхэлсэн. 2017 оны эхээр надад ажлын санал тавиад би хэвлэлийн газраасаа гарч Э.О-тай хамт ломбарданд дадлагжигч хийж эхэлсэн. 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс “Б 1” ломбарданд өдрийн 15,000 төгрөг, хоолны мөнгө 5000 төгрөгөөр тохирч нийгмийн даатгал төлөхгүйгээр ажилласан. Би тэдэнд итгэж хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Э.О- 7-14 хоногт 1 удаа өөрөө ажиллаж үйл ажиллагаатай танилцдаг. Би 1 өдөр амарч, энэ хооронд Ц, А, Т гэх хамаатны ах дүү нар нь ээлжлэн ажилладаг байсан. Ломбард нь зээлийн гэрээний хугацаа дууссан тохиолдолд 10 хоногийн турш үндсэн зээл болон хүүгийн үнийн дүнгээс нь өдрийн 0,5 хувийн алданги нэмж тооцож хүүлээд, эргэн холбогдохгүй бол барьцаат зүйлийн лацыг задлан эд хөрөнгийг ломбардны орлого болгодог. Барьцаат зүйл нь хүлээлгэсэн үнийн дүндээ хүрэхгүй, эсхүл зарж борлуулах боломжгүй бол цалингаасаа суутгадаг байсан. Ажилд ороод удаагүй байхад Э.О- нөхрийн хамт Хөх хот руу аялалд явсан хойно нь би шаардлага хангахгүй барьцааны эд зүйлс авснаа мэдсэн. Э.О- ирээд ээлж хүлээлгэн өгөхдөө “Эгч нь касснаас бэлэн мөнгө дутаачихлаа. Чи өөрийнхөө нэр дээр монетан эдлэл 70,000 төгрөгөөр гаргасан гээд бич, тэгэхгүй бол Түмээ ах нь мэдвэл уурлана” гээд шинэ зээлийн гэрээ бичүүлж, өөрөө мартахгүйн тулд улбар шар өнгөөр тэмдэг тавин, өөрөө хэсэг хугацаанд сунгаж байсан. Хуурамч барьцааны эд зүйл авснаа мэдээд загнах вий, хөгшин настай эцэг, эхээ тэжээдэг би ажлаасаа халагдах вий, ах эгч нарын итгэлийг алдах вий гэж айсандаа Э.О-ийн аргыг ашиглан үнийн дүнтэй нь дүйцүүлж бодит бус мөнгөн дүнгээр зээлийн гэрээ бичиж, өмнөх зээлийн гэрээнүүдийг хаалт гэж бичиж эхэлсэн. Өдөр өдөртөө кассын дэвтэрт бичилт хийдэг байсан тул тухайн өдрийн орлого зарлагаа тэнцүүлж бичих ёстой. Энэхүү зээлийн гэрээнүүд нь барьцаагүй байсныг Э.О- мэдэхэд нь би айсандаа “Таньдаг хүмүүсдээ зээлсэн, найдвартай өгөх хүмүүс байгаа” гэж худал хэлсэн. Ингээд бодит бус орлого бүхий мөнгөн дүнгээр бичигдсэн зээлийн гэрээнүүд дээр хуурамч барьцаа үүсгэн лацдаж эхэлсэн. Хуурамч барьцаа чулуу, тоосго, шармал метал зэрэг зүйлүүдийг хийсэн. Эдгээр зээлийн гэрээнүүд нь 14 хоногийн дараа хугацаа нь дуусахад өмнөх бичсэн зээлийн гэрээнүүдээс заримыг сунгалт гэж, заримыг хаалт гэж бичихэд тухайн өдөртөө орлого орж ирэх ёстой тул хийсвэр дүн бичиж, үнийн дүнгээ тэнцүүлэхийн тулд дахин шинээр бодит бус зээлийн гэрээ үйлддэг байсан. Иймэрхүү байдал 1 жил орчим хугацаанд үргэлжилсэн. Шинжээчийн дүгнэлтүүд нь энэ бүх болсон процессыг авч үзэлгүйгээр хийсвэр мөнгөн дүнгээр бичигдсэн зээлийн гэрээнүүдийг ломбард хүүлж олсон бодит орлого гэж тооцсон. Тухайн үйлдлүүдийг эдийн засгийн шинжилгээгээр тогтоох боломжгүй гэж үзсэн боловч мөрдөн байцаалтын шатанд байцаагч нараас хэн нь ч надаас хийсвэр мөнгөн дүнгээр бичигдсэн зээлийн баримтуудын талаар мэдүүлэг байцаалт аваагүй. 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр байцаагч Хатанбаатар цахилгаан бороохойгоор айлган сүрдүүлж мэдүүлэг авсан. 2021 онд улсын мөрдөн байцаах газарт өгсөн мэдүүлэгтээ бодит бус мөнгөн дүнгээр бичигдсэн зээлийн гэрээнүүдийн талаар хэлсэн боловч миний мэдүүлэг болон миний өмгөөлөгчийн санал, хүсэлт, өргөдөл, гомдол, тайлбарыг аль ч байгууллага шалгаагүй ба зөвхөн нэг талыг баримталж ажилласан. Ломбардын санхүүжилтын мөнгө зөвхөн дансаар явагддаг байсан. 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл санхүүжилт болгож Э.О- болон бусдын данснаас над руу 89,059,500 төгрөг шилжүүлсэн байдаг. Би буцааж Э.О-ийн данс руу 43,990,500 төгрөг шилжүүлсэн байдлаас хийсвэр мөнгөн дүнгээр бичигдсэн зээлийн гэрээнүүдээс сунгалт, хаалт гэж 2,605,800 төгрөг бусад нь бодитой зээлдэгч нарын мөнгөн гүйгээ гэж хэлсэн. 90 дугаартай шинжээчийн дүгнэлтэд 472,525,800 төгрөгийг орлого орж, 445,107,400 төгрөгийн зарлага гаргасан гэвэл дансны хуулга болон 2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 2 дугаар сар хүртэл ажиллах хугацаанд олсон ашиг орлогыг нь авч үзэх юм бол гэмт хэрэг илрэх хүртэлх 13 сарын хугацаанд ийм их хэмжээний бодит орлого олох боломжгүй юм. Хэргийн газрын үзлэгээр илэрсэн бодит бус мөнгөн дүнгээр бичигдсэн зээлийн гэрээнд зориулж лацадсан хуурамч барьцааны эд зүйлээр л хохирлын үнийн дүнг тогтоогоод байгаа болохоос энэ ломбардын бодит орлого, бодит зарлага, бодит ашиг болон учруулсан бодит хохирол нь тогтоогдохгүй байна. Хэрвээ энэ ломбард 472,525,800 төгрөгийн ашиг олж, 168,765,000 төгрөгөө завшуулж алдсан бол Э.О- болон миний дансны мэдээлэл хуулганд энэ хэмжээний мөнгөн гүйлгээ орлого зарлагаар харагдаж байх ёстой. Би анх Э.О-тай танилцаж байхад 70 гарсан эцэг, эхтэйгээ ганц охинтойгоо амьдардаг, гэр бүлдээ ганц хөдөлмөрийн чадвартай хүн юм. Хөгшин хонины насгүй эцэг, эх хоёр минь бурханы оронд одоход охин бид хоёрыг түшиж тулах ах, эгчтэй боллоо гэж манай гэр бүл баярлаж байсан. Тийм учраас ломбард эргэлтийн хөрөнгөгүй боллоо гэхэд нь Чингэлтэй дүүгийн 2 дугаар хороонд байрлах 2 өрөө байраа “Ариг” банкинд 30,000,000 төгрөгийн барьцаанд тавиулахыг эцэг, эх минь зөвшөөрсөн. 2018 оны 4 дүгээр сард А.Түмэнжаргал хамтран зээлдэгчээр орж, би гадаад руу нурууны эмчилгээнд явах гэж байгаа гээд бичиг баримтаа бүрдүүлж, сар бүрийн төлөлтийг нь А.Түмэнжаргал төлж байхаар гэрээ байгуулж банкнаас зээл авч, БНСУ-д сурдаг хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлсөн. Би цагдаад баригдаж, банкинд төлөлт хийхгүй байсаар байр минь хураагдаж эцэг, эх минь орох оронгүй болсон. Буруу хүмүүст итгэж ганц охин нь гэмт хэрэгтэн болж, орон гэргүй болсон. Эцэг минь шаналж зовсоор 2021 оны 5 дугаар сард нас барсан. Хөгшин эх, охин хоёр минь түрээсийн байранд үлдсэн. Эцэг эхийнхээ хэт их хайранд зөв, бурууг ялгалгүй өссөн би гэмт хэрэг хийж байгаагаа ухаарахгүй, бусдын итгэлийг л алдахаас эмээн явснаар ийм зүйл болсон. Энэ бүгд миний буруу. Би гэм буруугаа ойлгон ухаарч 2 жил 6 сарын хорих ялыг хүлээн зөвшөөрч байгаа боловч ганц бие ээжид бодитойгоор завшиж үрэгдүүлээгүй 172,765,000 төгрөг төлөх хүнд байна. Иймд хохирлыг тогтоож өгнө үү” гэв.

            Шүүгдэгч С.О-ийн өмгөөлөгч Б.Батцэнгэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Нэг: Оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан. Миний бие хэргийн материалтай танилцах, дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Уг хүсэлтийн хариуг яллах дүгнэлт гардуулсны дараа буюу 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр өгсөн. Уг хариуг эс зөвшөөрч гомдол гаргах эрхийг хязгаарласан. Энэ талаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэсэн боловч эрхийг маань хамгаалж өгөлгүйгээр гэм буруугийн шүүх хуралдааныг хийн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж, 1.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хүн бүр ... хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж, 1.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүн, хуулийн этгээд хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, хөндөгдсөн гэж үзвэл уг эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандах эрхтэй” гэж тус тус заасныг зөрчиж байна. Хуулиар тогтоосон энэхүү суурь зарчмуудыг зөрчсөн ажиллагаа хууль бус болохыг энэ хэргийг өмнө нь шийдвэрлэсэн Улсын дээд шүүх шийдвэрт дэлгэрэнгүй заасан байдаг.

Хоёр: Хохирлын хэмжээ зөв тогтоогдоогүй. “Э” ХХК-ийн санхүүгийн тайлангаас харахад тухайн үед алдагдалгүй, харин ч ашигтай ажилласан байдаг. Үнэхээр 168,725,000 төгрөгийг нь С.О- завшсан бол уг компанийн санхүүд доголдол үүсч, дампуурах хэмжээнд хүрнэ. Учир нь, компани С.О-ээр дамжуулж 80 гаруй сая төгрөгийн санхүүжилт хийсэн. Аудитын 3 удаагийн, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2 удаагийн дүгнэлт тус тус гарсан боловч давж заалдах шатны шүүх хохирлын хэмжээнд өөрчлөлт оруулж байсан. Хяналтын шатны шүүх ч мөн адил хохирлын хэмжээ бодитой тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцаасан. Ингэхдээ эхний ээлжинд шаардлагатай мөрдөн шалгах ажиллагаа явуулсны эцэст шинжилгээ хийхийг даалгасан. Гэтэл ямар ч мөрдөн шалгах ажиллагаа явуулалгүй шууд дахин шинжээч томилсон бөгөөд Улсын дээд шүүхийн тогтоолыг биелүүлэхгүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулахгүйгээр шинжилгээ хийвэл өмнөх дүгнэлт давтагдах магадлалтай тул Нийслэлийн болон Улсын ерөнхий прокурорт тус тус гомдол гаргасан. Гэвч миний гомдлыг хүлээж аваагүй. Ингэснээр Улсын дээд шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 97 дугаар тогтоол биелэгдээгүй буюу хохирлын хэмжээг дахин буруу тогтоох нөхцөл байдалд хүргэсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хүн, хуулийн этгээд биелүүлнэ” гэж заасныг тус тус зөрчсөн. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг үнэн зөв тогтооход ач холбогдол бүхий ажиллагаа явуулаагүй. Зарим шаардлагатай ажиллагааг шинжээчийн дүгнэлт гарсны дараа хийсэн зэргээс үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бодитой, үнэн зөв, эргэлзээгүй тогтоож чадаагүй.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.

            Шүүгдэгч С.О-ийн өмгөөлөгч Л.Лхагвадорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Мөрдөгч талуудыг /прокурор, хохирогч, холбогдогч, тэдгээрийн өмгөөлөгч нар/ байлцуулан хохирлын хэмжээг тулгах замаар нарийн тогтоох ёстой байсан. Иймд байдлаар прокурор, мөрдөгч нар хохирлын хэмжээг нарийн тогтоосны эцэст зөрүү гарвал шинжээч томилж болох юм. Практикт хэрэг бүртгэлт, байцаалт, шүүхийн шатанд гол төлөв шинжээчийн дүгнэлт давамгайлан авч үздэг. Шинжээчийн дүгнэлтээр хүний гэм буруугийн асуудлыг тогтоодог байдал харагддаг. Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирлын хувьд маргаантай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоож чадаагүй учраас хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү” гэв.

            Хохирогч “Э” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Э.О- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ хэрэг гарснаас хойш 4 жилийн хугацаа өнгөрч байна. Би хохиролыг тогтооход шаардагдах бүхий л нотлох баримтыг гаргаж өгсөн. 3, 4 удаа шүүх шинжилгээний газраар орж хохирлыг тодорхойлсон. Энэ 4 жилийн хугацаанд би маш их хохирсон. Өөрөө хэрэг хийсэн мэт байнга цагдаагийн газраар явж байна. Мөн банк бус болон хүмүүсээс зээлсэн мөнгөө одоо хүртэл төлж чадахгүй маш хүнд нөхцөлд байгаа учраас хэргийг яаралтай үнэн, зөвөөр шийдэж өгнө үү. С.О- болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд яригдаж байгаа асуудал өмнө нь ч яригдаж байсан. Шинжээчийн дүгнэлтэд бүгд тусгагдсан байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Очирдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Шинээчийн дүгнэлт Шүүх шинжилгээний тухай хууль, Эдийн засгийн шинжилгээний тухай хууль зэрэгт нийцсэн, бодит тооцоолол бүхий дүгнэлт юм. Гомдолд өмнөх шинжээчийн дүгнэлтийг 135,000,000 төгрөгөөр гарсан мэтээр тайлбарлаж байна. Өмнөх бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт 168,765,000 төгрөг гэж гарсан. Ингэж өөрчлөгдөж гарах болсон үндэслэлээ дүгнэлтдээ дурдсан байгаа. Хохирлыг бодитоор тогтоох зорилгоор бүх зээлийн гэрээнүүд, кассын дэвтэр, дансны хуулга, мөрдөгчийн хийсэн ажиллагааны мэдээлэл, шаардлагатай бүх баримтуудад үзлэг, шалгалт хийсэн. Мөрдөгчийг ажлаа дутуу хийсэн гэж байх шиг байна. Энэ нь анхан шатны шүүх хуралдаанд ч яригдаж байсан. Шүүгдэгчийн зүгээс яг ямар ажиллагаа нэмж хийлгэх хүсэлтэй байгаа нь тодорхойгүй. Хохирлоо төлөх зорилгоор гэм буруугийн хурлыг 5 хоногоор завсарлуулсан. Бид хохирлоо төлөх зорилгоор завсарлага авсан гэж бодож байтал одоо хүлээн зөвшөөрөхгүй гэж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь үйлдлээ хүлээн зөвшөөрөхөөс гадна учруулсан хохирлоо хүлээн зөвшөөрсөн байхыг хэлдэг. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

            Прокурор П.Отгонбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “С.О-ийн 168,765,000 төгрөг завшсан үйлдэл нь аудитын болон шинжээчийн удаа дараагийн дүгнэлтээр хангалттай тогтоогдсон. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулсан. Шинжээч томилсон тогтоолыг танилцуулж, оролцогчдын хуульд заасан эрхийг хангаж, ажилласан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс оролцогчийн гомдол гаргах эрхийг хангаагүй гэсэнд тайлбар хэлэхэд яллах дүгнэлт үйлдсэнээс хойш 26 хоногийн дараа хэргийг шүүхэд шилжүүлсэн ба өмгөөлөгч сүүлийн гомдол гаргаснаас 8 хоногийн дараа буюу гомдол гаргах хугацаа дууссаны дараа хэргийг шүүхэд шилжүүлсэн байсан. Үүнд оролцогчийн эрхийг хязгаарласан зүйл байхгүй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар С.О-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч С.О-, түүний өмгөөлөгч Б.Батцэнгэл нарын гаргасан давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч С.О- нь 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл “Э” ХХК-ийн “Б” барьцаалан зээлдүүлэх газарт зээлийн мэргэжилтнээр ажиллах хугацаандаа 322 удаагийн үйлдлээр хуурамчаар зээл гаргасан, хаасан, сунгасан гэх баримт үйлдэж, зарим барьцаа хөрөнгийн оронд чулуу, бичгийн цаас, ном, эвдэрхий гар утас, зөөврийн компьютер, хуурамч үнэт металл хийж лацдан кассын үлдэгдэл, зузаатгал нэртэй орж ирсэн санхүүжилтийн орлого, зээлийн үйлчилгээ үзүүлсэн үйл ажиллагааны орлого нийт 118,969,550 төгрөгийг хувьдаа ашигласан болох нь:

хохирогч “Э” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Э.О-ийн “...С.О- нь ажиллах хугацаандаа кассын гүйлгээг тухайн өдрийн орой кассын дэвтэрийн зургийг дарж фэйсбүүкээр явуулж зээл, хаалт, хүүгийн дэлгэрэнгүй мэдээлэл, мөн бэлэн мөнгөний эцсийн үлдэгдлийг мэдээлж байсан. Миний хувьд 14 хоног тутам 1-2 удаа биечлэн шалгаж, шаардлагатай тохиолдолд дансаар болон бэлнээр зузаатгал хийдэг байсан. Сар бүрийн тооллогоор зээлийн барьцааны боолт, лацтай эд барааг баримттай нь тулгаж үздэг боловч барьцаанд тавьсан эд зүйлсийн лацийг хөндөх, задлах эрхгүй тул зөвхөн цүнх болон хайрцаг баглааны гадна талаас тоолж лацийг шалгаж байсан. Гэтэл манай ломбардны зузаатгал, санхүүжилт доголдож эргэн төлөлтүүд удааширч эхэлсэн. 2018 оны 05 дугаар сараас С.О- нь ажлаа таслах зөрчил гаргах болсон тул “Б-1” ломбардны үйл ажиллагаа, барьцааны эд зүйлсийг шалгаж үзтэл тоосго, чулуу гэх мэт гарч ирсэн тул тэр даруй цагдаагийн байгууллагад мэдэгдэж, бүх баримт бичиг, тооцоог битүүмжлүүлж шалгуулсан. Мөн цагдаагаас С.О-ийн гэрт нэгжлэг хийж 344 ширхэг 186,410,000 төгрөгийн зээлийн гэрээг хурааж авсан. 2017 оны 7 сараас эхлэн эвдэрхий нөүтбүүкийг өндөр үзүүлэлттэй Sony i7 гэж хуурамч бичилт хийн 650,000 төгрөгийн зээлийг өөртөө гаргасан байдаг. 12 дугаар сард илт мөнгөтэй болж тухайн үедээ хамгийн үнэтэй гар утас, нөүтбүүк барьж, Орос руу аялалд явсан. Эдгээр үнэтэй зүйлсийг хаанаас авсан талаар асуухад Шведэд амьдардаг найз залуу бэлэглэсэн гэж байсан. Шинжээчийн дүгнэлтэд дурьдсан С.О-ийн данснаас О- миний данс руу шилжүүлсэн 41,494,850 төгрөгөөс 22,678,800 төгрөг нь хаалт, сунгалт, зарсан барааны орлого бөгөөд үлдэгдэл 18,816,000 төгрөг нь О-ээс зээлсэн 29,810,000 төгрөгийн зарим хэсэг юм. Ер нь О-ээс над руу болон Түмэнжаргал, Аззаяа нар руу шилжүүлсэн мөнгөн дүн нь завшиж хохирлын эргэн төлөлт биш ба бодит зээлдэгч нарын зээл төлөлт, зээлийн хүүг төлсөн зэрэг төлбөрийг тэрээр өөрийн дансаар авч бидний данс руу шилжүүлсэн мөнгөнүүд... С.О-тэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Учир нь, өмнө ажиллаж байсан газраасаа гэнэт халагдсаны тэтгэмж авна гэж гуйсан учраас гэрээ байгуулаагүй...” /1-р хх 85-86, 87-91, 94-97, 99-100/,

гэрч Г.Б-гийн “... нагац дүү О- хөдөө явж байгаа учир зузаатгалын мөнгө С.О-ийн данс руу шилжүүлж өгөхийг хүссэн. Би 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 500,000 төгрөг, мөн сарын 15-ны өдөр 300,000 төгрөг тус тус шилжүүлсэн...” /1-р хх 118-119/,

гэрч Э.А-гийн “...Би 7 дугаар сард Э.О- захирлыг хөдөө явсан байхад  нөгөө салбар мөнгөгүй болоод кассын зузаатгал гэж мөнгө шилжүүлсэн. 8, 9 дүгээр сард бас захирлыг эзгүй хойгуур С.О- зузаатгалын мөнгө дуусчихлаа гэж мөнгө шилжүүлж авсан ...” /1-р хх 121-122/,

гэрч Э.Т-ын “...захирал Э.О- эзгүй хойгуур нөгөө салбарт зузаатгал гэж С.О-ийн данс руу 450,000 тгөрөг шилжүүлсэн. Захирал явахдаа хэн нэг нь мөнгөгүй болбол мөнгөтэй нь өгч байгаарай гэсэн...” /1-р хх 116-117/,

гэрч Л.О-ийн “... 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр I phone-7 загварын гар утас барьцаанд тавиад буцаагаад авах гэтэл хагарчихсан байсан тул маргаан болсон. Үүнээс өөр тухайн ломбардаар үйлчлүүлээгүй...” /7-р хх 136-137/,

гэрч С.У-ын “... Би барьцаалан зээлдүүлэх газраар үйлчлүүлж байгаагүй. Тийм учраас энэ асуудал андуурагдсан, эхүл хэн нэгэн миний регистрийн дугаарыг тааж бичсэн байна. Би энэ хүнийг огт танихгүй ...” /7-р хх 138/,

гэрч Ө.Б-гийн “... Би гэрэл зургийн аппарат хэрэглэдэггүй. С.О- гэх хүнийг танихгүй ...” /7-р хх 140/,

гэрч О.Т-гийн “... Би эдгээр зүйлийг барьцаанд тавьж байгаагүй. Харин камер барьцаанд тавьж байсан удаатай. Гэхдээ зээлээ төлж дуусгаад хаалгасан. О- гэх хүн миний ажлын байрны хажуугийн ломбарданд ажилладаг байсан. Зарим үед хүний эд зүйл барьцаанд авсан, мөнгөө бэлнээр өгнө гэх зэргээр надаас маш олон удаа мөнгө аваад тухайн өдрийнхөө орой дансаар буцааж өгдөг байсан ...” /7-р хх 142/,

гэр С.О-ы “... Би гэрэл зургийн аппарат эзэмшиж байгаагүй. Энэ хүнийг огт танихгүй ...” /7-р хх 144/,

гэрч С.Д-ын “... Би эдгээр эд зүйлсийг барьцаанд тавиагүй. Өөр баримт дээр өөр эд зүйл барьцаанд тавиад маш хурдан авч байсан. Зээлийн гэрээн дээр байгаа гарын үсэг минийх биш байна ...” /7-р хх 146/,

шинжээч З.Батжаргалын “...168,765,000 төгрөг нь ломбардны барьцаат зээлийн гэрээний зээл олгож байгаа анхны дүн юм. Учир нь, шинжилгээ хийхдээ хавтаст хэргийн ач холбогдол бүхий хэсэгтэй танилцахад С.О- тус ломбарданд ажиллаж байх үедээ зээлийн барьцааны эд зүйлсийг ашиглагдах боломжгүй үнэ цэнэгүй төмөр, металл, чулуу, цаас зэргээр орлуулсан нь зээлийн гэрээний гүйлгээ утгаар тогтоогдож байна... Зээлийн нийт 322 ширхэг гэрээ байгаа бөгөөд тус 322 ширхэг гэрээний үнийн дүн юм. Уг үнийн дүнг тооцохдоо гэрээний хаалт, сунгалтын хүү, алданги зэргийг оруулалгүй хасаж тооцсон. 16 дугаар хавтаст кассын орлого, зарлагын дэвтэр ирсэн бөгөөд 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Г-0073 дугаартай зээлийн гэрээгээр 40,000 төгрөгийн зарлага гаргасан боловч Г-0073 дугаартай зээлийн гэрээний баримт нь ирүүлсэн баримтанд байхгүй, мөн өмнөх дүгнэлтэд тусгагдаагүй тул 40,000 төгрөгийг хохирлын дүн дээр нэмж оруулсан...” 6-р хх 7/ гэсэн мэдүүлгүүд,

хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 36-43/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 44-57/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /1-р хх 60-62, 64, 67/, “Э” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1-р хх 72-77/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /1-р хх 164-184/, “-” ХХК-ийн Ж/15/02 дугаартай дүгнэлт /1-р хх 207-2-р хх 46/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /2-р хх 56-124/, “-” ХХК-ийн 01/38 дугаартай дүгнэлт /2-р хх 134-250, 3-р хх 1-130, 138-250, 4-р хх 1-20/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 93 тоот бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /5-р хх 208-250, 6-р хх 01-05/, гэрч Г.Б, Э.А, Э.Т, О.Т, А.Т, шүүгдэгч С.О- нарын дансны хуулгууд /1-р хх 120, 123-126, 130-152/, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зээлийн гэрээнүүд /эд мөрийн баримтын 17, 19 дүгээр хавтас/, хавтаст хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсралт /6-р хх 16-250, 7-р хх 01-130/,   зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч С.О- нь “Э” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газарт ажиллах хугацаандаа зээл болон хүүгийн төлбөр, зээл сунгалтын төлбөр, хугацаа хэтэрсэн зээлийн барьцааг худалдан борлуулсны төлбөр, үйл ажиллагаанд шаардагдах санхүүжилтийг хүлээн авах, хөрөнгө барьцаалан зээл гаргах зэргээр тухайн байгууллагын санхүүгийн орлого, зарлагыг бие даан хэрэгжүүлж байсан тул хөрөнгийн итгэмжлэн хариуцсан этгээд гэж үзнэ. Тэрээр барьцаалан зээлдүүлэх газрын хөрөнгийг зориулалтын дагуу зээл хэлбэрээр үйл ажиллагааны эргэлтэд оруулсан мэтээр харагдуулахын тулд зээлийн гэрээ болон сунгалт, хаалт зэргийг хуурамчаар үйлдэж, барьцааны эд хөрөнгийг чулуу, тоосго, бичгийн цаас, хуурамч үнэт эдлэл, хямд үнэтэй утас, эвдэрхий зөөврийн комьпютер зэргээр орлуулан байгууллагын мөнгө, үйл ажиллагааны орлогыг хувьдаа ашиглаж их хэмжээний хохирол учруулсан байх ба анхан шатны шүүх уг гэм буруутай үйлдлийн талаар хэргийн бодитой байдалтай нийцсэн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь шүүгдэгч С.О-ийн гэм буруу, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ тогтоогдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гарсан талаар шүүгдэгч, өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлын дагуу хэргийг хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй. Шүүгдэгч С.О-ийг мөрдөн шалгах ажиллагааны явцад айлган сүрдүүлж, хэрэг тулган мэдүүлэг авсан гэх үндэслэл тогтоогдсонгүй.

Баянгол дүүргийн прокурорын газрын 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 561 дүгээр яллах дүгнэлтийг 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр яллагдагчид гардуулсан. /7-р хх 197/ Өмгөөлөгч Б.Батцэнгэл 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр “... хэрэгтэй танилцах, дахин шинжилгээ хийлгэх ...” тухай хүсэлт гаргасныг прокурорын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор хэрэгтэй танилцах гэснийг хүлээн авч, дахин шинжилгээ хийлгэх хүсэлтийг хангахгүй орхижээ. Энэ шийдвэрийг гаргасан өдрөө өмгөөлөгчид танилцуулж, 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хэргийг шүүхэд хүргүүлсэн /7-р хх 199-202/ байх тул оролцогчийн гомдол гаргах эрхийг хязгаарласан, энэ нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн гэж үзэхээргүй байна.

Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 97 дугаар тогтоолд гэмт хэрэг гарсан байдал, учирсан хохирлыг тогтоох шаардлагатай гэж үзэж, анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасан. Нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар дахин бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийж, зээл авсан гэх иргэдийн зээлийн гэрээнд бичигдсэн регистрийн дугаараар цахим санд хайлт хийн, хайлтаар илэрсэн хүмүүсийг гэрчээр асуух зэрэг ажиллагааг хийж гүйцэтгэжээ. Аудитын тайлан, шинжээчийн дүгнэлт нь хэрэгт хавсаргасан санхүүгийн баримтууд болох кассын орлого, зарлагын дэвтэр, зээлийн гэрээ, дансны хуулга зэрэгт үндэслэн талаар шинжээчид тайлбарласан ба тухайн баримтуудыг хэрэгт хавсаргасан, эдийн засгийн шинжилгээг тусгай мэдлэг бүхий эдийн засгийн шинжээчид хийсэн байх тул шинжээчийн дүгнэлтүүд хуульд нийцсэн гэж үзэх үндэслэлтэй.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч С.О-ийн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг тогтоох зорилгоор эдийн засгийн шинжилгээний таван удаагийн дүгнэлт гаргуулсан байх ба хамгийн сүүлийн бүрэлдэхүүнтэй хийсэн шинжилгээгээр хохирлын хэмжээнд ноцтой зөрүүтэй байдал тогтоогдоогүй болно.

Иймд хуульд заасан бүхий л арга хэрэгслийг ашиглан гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоох ажиллагаа явуулсан ба хяналтын шатны шүүхийн тогтоолын заалт биелэгдсэн гэж үзсэн тул энэ талаар нэмэлт ажиллагаа хийлгэхийг хүссэн шүүгдэгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.    

Шүүгдэгч С.О- нь нийт 376,243,000 төгрөгийн зээл гаргасан мэт боловч үүнээс эд мөрийн баримтаар хураагдсан нийт 167,635,000 төгрөгийн зээлийн баримт нь хий бичилтээр өсгөсөн дүн учир шинжээчид хохирлын тооцоонд оруулаагүй гэдгээ мэдүүлсэн. Мөн 207,518,000 төгрөгийн зээлээс хуурамч эд зүйлс барьцаалсан 95,870,000 төгрөг, огт баримтгүй 45,265,000 төгрөг, зээлийн гэрээтэй боловч барьцаагүй 8,520,000 төгрөг, хуурамч үнэт эдлэл барьцаалсан 15,750,000 төгрөг, эвдэрсэн гар утас барьцаалсан 3,320,000 төгрөг, нийт 168,725,000 төгрөгийг завшсан гэж шинжээчид үзсэн байх тул шүүгдэгчийн “... хийсвэр дүн бичиж, үнийн дүнгээ тэнцүүлэхийн тулд дахин шинээр бодит бус зээлийн гэрээ үйлдсэн нь хохирлын дүнг өсгөсөн ...” гэх агуулгатай давж заалдах гомдол үндэслэл муутайг нотолж байна. Өөрөөр хэлбэл, хий бичилт хийсэн гэрээний үнийн дүнг хохирлын хэмжээнд оруулж тооцоогүй болох нь шинжээчийн дүгнэлт, мэдүүлгээр тогтоогдсон гэж үзлээ.

Шинжээчийн 09, 180 тоот дүгнэлтүүд болон аудитын дүгнэлтээр шүүгдэгч С.О-ийг “Б” барьцаалан зээлдүүлэх газарт 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ажил хүлээж авах үед зээлийн эргэлтэд гарсан 33,734,000 төгрөг байсан бөгөөд ажиллах хугацаанд барьцаалан зээлдүүлэх газрын үйл ажиллагаанд 152,932,300 төгрөг, нийт 186,666,300 төгрөг байсан бол ажил хүлээлцэх үед зээлийн эргэлтэд 7,418,000 төгрөг, кассанд буюу бэлнээр үлдэгдэл 409,350 төгрөг, хохирогч Э.О-д 41,494,850 төгрөг, А.Түмэнжаргалд 250,000 төгрөг, тэдний хамаарал бүхий Э.Аззаяад 2,245,600 төгрөг шилжүүлж, бусад зардалд 8,351,950 төгрөг зарцуулсан болох нь тогтоогджээ.  

Үүнээс үзэхэд, шүүгдэгч С.О-ийн ажиллах хугацаанд итгэмжлэн хариуцсан хөрөнгө нь 186,666,300 төгрөг байснаас ажил хүлээлцэх үеийн кассын үлдэгдэл, зээлийн эргэлтэд гаргасан болон эздэд шилжүүлсэн нийт 60,169,750 төгрөгийг хасч тооцвол шүүгдэгчийн ашигласан хөрөнгийн хэмжээ 126,496,550 төгрөг болж байна. Мөн шинжээчийн дүгнэлтэд санхүүжилт хэлбэрээр Э.О-, А.Т нараас С.О-ийн дансанд шилжүүлсэн мөнгө дотор цалин 5,673,000 төгрөг, дараа тооцох 140,000 төгрөг, урамшуулал болон вискины үнэ 1,075,000 төгрөг, хандив 639,000 төгрөг орж хохиролд тооцогдсон байх тул эдгээр мөнгийг хохирлын хэмжээнээс хасч шүүгдэгч С.О-ийн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг 118,969,550 төгрөг гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэн хохирлын хэмжээнд өөрчлөлт оруулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хохирогчоос төлсөн 4,000,000 төгрөгийг нэмж тооцон нийт 122,969,550 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар тогтов.

Мөн сүүлд хийгдсэн шинжилгээний хөлс 2,400,000 төгрөгийг Шүүх шинжилгээний байгууллага буруутай этгээдээс нэхэмжилсэн /5-р хх 203/ байхад анхан шатны шүүх улсын орлогод оруулахаар заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн зохицуулалтад нийцээгүй байна. Иймд энэ талаар тогтоолд зохих өөрчлөлт оруулсан болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 сарын 07-ны өдрийн 2021/ШЦТ/68 дугаар шийтгэх тогтоолын 8 дахь заалтыгИргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-ээс 122,969,550 төгрөг гаргуулж хохирогч “Э” ХХК-д олгосугай” гэж, тогтоолын 9 дэх заалтыг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.О-ээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 2,400,000 төгрөг гаргуулан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд олгосугай” гэж тус тус өөрчилж, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгч С.О-, түүний өмгөөлөгч Б.Батцэнгэл нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                         ШҮҮГЧ                                                             Л.ДАРЬСҮРЭН

 

                         ШҮҮГЧ                                                             М.ПҮРЭВСҮРЭН