Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2017/ШЦТ/115

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Д даргалж, 

нарийн бичгийн дарга Ц.С,

улсын яллагч Х.Ө, 

шүүгдэгчийн өмгөөлөгч Х.З,

шүүгдэгч Д.А нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.А-д холбогдох 1713000000016 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          1. Монгол Улсын иргэн,Б овгийн Д-гийн А, 1991 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, яс үндэс казах, тусгай дунд боловсролтой, хүний бага эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, С сумын *** дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, РД:............

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч Д.А нь 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 23 цагийн үед С сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Б., Б.О., А.О. нартай тус сумын иргэн С.Х., Т.О. нартай хамт хэрүүл маргаан үүсгэж, улмаар Д.А нь Б.Б, Б.О нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Д.А нь 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 23 цагийн үед хэрүүл маргаан үүсгэж, улмаар хохирогч Б.Б, Б.О нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: 

- Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-11 дүгээр хуудас/,

- Хохирогч Б.Б-ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би өчигдөр буюу 2017 оны 08 дугаар сарын 11-ны орой 23 цагийн үед С сумын төвд найз болох О, О нарын хамт “ЕSSА” гэх нэртэй пиво уугаад сууж байхад үл таних 3 залуу ирээд та нарт би дутаад байна уу ?, яагаад чанга чанга яриад байгаа юм бэ гэж нэг залуу бидэнд уурласан. Тэгэхээр нь бид та нартай яриагүй гэж маргаан хийж байхад О-г нэг залуу толгойгоороо уруул хэсэг рүү нь мөргөсөн. Тэр үед О газар унасан байхаар нь би нөгөө мөргөсөн залууг түлхэж газар унагаасан юм. Гэтэл хэн нь гэдгийг мэдэхгүй гартаа ямар нэгэн зүйл барьсан залуу миний зүүн талын нүдрүү нэг удаа маш хүчтэй цохисон юм. Тэр үед миний хөмсөгнөөс цус гарахаар нь би шууд хашааны баруун булангаар зугтаж гүйгээд явсан. Харин манай хоёр найз төв гудамжаар зугтаасан юм. Тэгээд бид уулзаад ангийн хашаа руу орж ангийн эмч Г-д үзүүлээд би ганцаараа аймаг руу орж ирж нэгдсэн эмнэлэгт ирж хөмсгөө оёулаад буцаж Сд очоод Б ахмадад мэдэгдэж аймагт ирж цагдаад хандах болсон юм. Бид ангийн барилга дээр ажиллаж байгаа юм. Тэгээд ажил орой 21 цагийн үед тараад бид 3 дэлгүүрээс бэлэн гоймон, хоол авч идэх санаатай гараад нэг нэг шил 0,5 граммын “ЕSSА” гэх пиво авч уугаад сууж байхад дээрх асуудал болсон юм. Бид ангийн хашаанаас гарахдаа жижүүрт хэлээд гарсан юм. Тийм ээ, миний зүүн нүд хөхөрсон, зүүн талын хөмсөг задарсан байгаа. Шүүх эмнэлэгт хандах болно. Ямар ч хүн байгаагүй. Бид нар л байсан. ... Миний бие 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Ховд аймагт очиж “А” эмнэлэгт нарийн мэргэжлийн компьютер томографийн шинжилгээ хийлгэж, тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд 252000 төгрөг, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх хугацаанд гаднаас эмийн сангаас “церебролизин” нэртэй тариа худалдаж авахад 35000 төгрөг, Баян-Өлгий аймгаас Ховд аймагт очиж ирсэн таксинд нэг талдаа 20000 төгрөг буюу хоёр талдаа 40000 төгрөг, Ховд аймагт очсон өдөр “Боорж” нэртэй зочид буудалд нэг хоног байрлахад 35000 төгрөг нийт 362000 төгрөгний хохирол учирсан. Ховд аймгаас Баян-Өлгий аймагт 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ирсэн. Надад учирсан хохирлыг одоогоор барагдуулж өгөөгүй байгаа бөгөөд Д.А нь надад учирсан хохирлыг ойрын хугацаанд барагдуулж өгөхөө илэрхийлсэн байгаа. Хэрэв учирсан хохирлыг барагдуулж өгсөн тохиолдолд ямар нэгэн гомдол саналгүй болно. ... Д.А надад учирсан хохирлыг зуун хувь төлж өгч, намайг хохиролгүй болгож өгсөн. Д.А үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмээ ухамсарлаж надаас болон Б.О-аас уучлалт хүссэн. Одоо миний зүгээс ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй болно” гэх мэдүүлэг /хх-ийн 20-24 дүгээр хуудас/,

- Хохирогч Б.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн орой 23 цагийн үед ангиас Б.Б, А.О бид гурав гараад сумын төвийн дэлгүүр орж 3 ширхэг 0,5 литрийн ESSA нэртэй шар айраг аваад буцаж яваад дэлгүүрийн доод талд байгаа сараалжин төмөр тор хашааны хажууд ууж зогсож байхад үл таних 3 залуу ирсэн. Уг залуучуудын бүдүүн биетэй залуу ирээд бид нарт хандаж “би дутаад байна уу” гэж хэлэхэд нь бид нар уг залууд чамайг танихгүй юм байна, зүгээр яваарай гэж хэлсэн үед уг залуу намайг шууд хавирч газар унагаасан, миний хажууд явж байсан О, Б хоёр намайг газраас босгож аваад маргалдаад хэрэггүй гэж хоёр тийшээ явах гэж байхад нөгөө бүдүүн залуу О-г мөргөж авсан үед О мөн газар унасан байсан. Тэр үед Б очиж бүдүүн залууг барьж аваад салгах гэж байсан үед миний зүүн талын нүүр лүү яг хэн нь юу цохисон эсэхийг хараагүй, маш хүчтэй цохилт орж ирсэн үед би доошоо суухад гарыг дагаад нүүрнээс цус гарч байсан. Намайг О босгож аваад цаашаа төв замын дагуу зугтаж явсан. Б-ий нүд рүү яг аль залуу нь цохисон эсэхийг би хараагүй, эхлээд бүдүүн залуу ирээд намайг нэг хавирч газар унагаасан, дараа нь О-г нэг удаа мөргөж авсан, түүний дараагаар намайг нэг маш хүчтэй хатуу зүйлээр хэн нь цохиж авсныг анзаараагүй, би цохилт аваад доошоо суучихсан байсан. Бид нар зугтаж ангид ирэхэд Б-ий зүүн талын нүд нь цус болчихсон байдалтай байсан, О-гийн уруул нь хавдсан байсан, миний зүүн шанаа хавдаж, цус гарчихсан байсан. Тэгээд бид нар анги эмчид үзүүлээд гайгүй юм байхдаа гэж байсан боловч Б-ий хөмсөг нь урагдсан байсан гэж аймгийн эмнэлэг рүү аваад явсан. Би өнөөдөр өглөө ирж эмнэлэгт үзүүлж нүүрэндээ 4 оёдол тавиулсан. Тэгээд бид нар эмчид үзүүлсний дараагаар бид нарыг гэмтлүүд хүнд байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. Бид гурав нэг нэг ширхэг шар айраг аваад ууж арай дуусаагүй л байсан. Нөгөө 3 залуугийн бүдүүн биетэй залуу нилээн согтуу байсан, шар царайтай залуу ч нилээн согтуу харагдаж байсан, харин бор царайтай хамгийн намхан залуу арай гайгүй байсан юм шиг харагдаж байсан. Эхэндээ цагдаагийн байгууллагад хандах бодолгүй байсан ба эмчид үзүүлээд гэмтлүүд хүнд байна гэхээр нь цагдаагийн байгууллагад хандсан. Эрүүл мэндэд ямар нэгэн байдлаар гэмтэл учирч, эмчлүүлэх зардал гарвал түүнийгээ намайг зодсон залуучуудаас нэхэмжлэх болно. Өөр ямар нэгэн гомдол байхгүй, одоогоор нэхэмжлэх зүйл байхгүй. ... Миний бие 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Ховд аймагт очиж “А” эмнэлэгт нарийн мэргэжлийн компьютер томографийн шинжилгээ хийлгэж, тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд 271000 төгрөг, Баян-Өлгий аймгаас Ховд аймагт очиж ирсэн таксинд нэг талдаа 20000 төгрөг буюу хоёр талдаа 40000 төгрөг нийт 311000 төгрөгний хохирол учирсан. Ховд аймгаас Баян-Өлгий аймагт 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ирсэн. Надад учирсан хохирлыг одоогоор барагдуулж өгөөгүй байгаа бөгөөд Д.А нь надад учирсан хохирлыг ойрын хугацаанд барагдуулж өгөхөө илэрхийлсэн байгаа. Хэрэв учирсан хохирлыг барагдуулж өгсөн тохиолдолд ямар нэгэн гомдол, саналгүй болно. ... Д.А надад учирсан хохирлыг зуун хувь төлж, барагдуулж өгч намайг хохиролгүй болгож өгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч бид нараас уучлалт хүссэн. Одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй болно” гэх мэдүүлэг /хх-ийн 28-31 дүгээр хуудас/,

- Гэрч А.О-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Д.А гэдэг залуу бид нар зогсож байсан газраас 2 орчим метр зайтай газар зогсож байсан газраас чулуу аваад О-т шидсэн. Тэр үед О толгой дараад суусан” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

- Гэрч Т.О-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Д.А хажууд талд нь байсан О гэдэг залуу руу чулуу шидэхэд тухайн чулуу О-ын нүүрний хацар хэсэгт онох шиг болсон ба тухайн залуу нүүрээ гараараа дараад О гэдэг залуутай хамт сумын төв гудамжаар чигээрээ зугтаасан. Харин Д.А эргээд Б гэдэг залууг нүд рүү нь цохиход нөгөө залуу цэргийн анги руу зугтаад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,

- Гэрч С.Х-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Д.А хажуу талд нь байсан О-тай маргалдаж байх шиг болоод чулуу шидэхэд О нүүрний хацар хэсэгт онох шиг болсон”, “...Д.А эргээд Б гэдэг залууг нүд рүү нь цохиход нөгөө залуу цэргийн анги руу зугтаад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч К.Х-ын 287 дугаартай дүгнэлт /хх-ийн 45 дугаар хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч К.Х-ын 288 дугаартай дүгнэлт /хх-ийн 51 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч Д.А-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... би тэр хоёрыг салгахаар гүйж очиж тонгойж байхад Билгүүн гэдэг залуу нь миний хамар тус газар гараараа нэг удаа цохисон. Тэр үед би уурлаж газраас чулуу авч босож ирээд эхлээд О-ын хацар тус газар нэг удаа цохисон. Тэр үед О, О нар сумын төв гудамж руу чиглэж гүйж зугтахад, би гарт байсан чулуугаар Билгүүний зүүн талын нүдний хэсэгт нэг удаа цохиход Б нүдээ дарж цэргийн анги руу чиглэж гүйж явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 68-69 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Д.А-н үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ. 

Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй, хуульд заасан журмын дагуу явагдсан байна. 

1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзав.

Иймд шүүгдэгч Д.А-н үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эд хөрөнгийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын хөнгөн ял болох торгох ялыг сонгон, хуульд заасан хэмжээгээр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 /нэг мянга/ төгрөгтэй тэнцэх ба 500 нэгж нь 500000 /таван зуун мянга/ төгрөгтэй тэнцэх юм.

Харин шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Д.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно. 

Шүүгдэгч Д.А-д урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол уг таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт шүүхэд ирүүлсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэх, 00907376 дугаартай эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ зэргийг өөрт нь буцаан олгож шийдвэрлэлээ.  

Шүүгдэгч Д.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг бүрэн төлж барагдуулсан тохиолдолд түүний өмч “Хонда фит” маркын 9356 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох учиртайг дурдах нь зүйтэй байна.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь :

1. ШүүгдэгчБ овгийн Д-ы А-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-д 500 “таван зуун” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А нь торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч Д.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг бүрэн төлж барагдуулсан тохиолдолд түүний өмч “Хонда фит” маркийн 9356 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох учиртайг дурдсугай. 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.А-н иргэний үнэмлэх, 00907376 дугаартай эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ зэргийг өөрт нь буцаан олгосугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   А.Д