Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2017/ШЦТ/116

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Д даргалж, 

нарийн бичгийн дарга Ц.С,

улсын яллагч М.О, 

шүүгдэгчийн өмгөөлөгч Т.К,

шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-д холбогдох 1713000630049 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          1. Шүүгдэгч Д.Б: Монгол Улсын иргэн, Боржигон овгийн Д-гийн Б, 1987 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Г аймгийн С суманд төрсөн. 30 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Г аймгийн С сумын *** дугаар багийн ***дүгээр гудамжны ****тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, у Х мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, РД:...................

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч Д.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд хамт ажилладаг Д.Н нарын хамт барилгачдын баяр тэмдэглэн архидан согтуурч улмаар Д.Н согтоод унтсан хойгуур түүний халаасанд байсан Х банкны виза картыг авч данснаас нь 700.000 төгрөг хулгайлж авсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Шүүгдэгч Д.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд хамт ажилладаг Д.Н нарын хамт барилгачдын баяр тэмдэглэн архидан согтуурч улмаар Д.Н согтоод унтсан хойгуур түүний халаасанд байсан Х банкны виза картыг авч данснаас нь 700.000 төгрөг хулгайлж авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: 

- Хохирогч Д.Н-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Миний бие Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймагт ирж барилга дээр ажиллаж байгаа ба 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр барилгачдын баяр болоод манай ажлын хүмүүс амралттай байсан. Бид хэд тухайн баяраа тэмдэглэн хэдэн шил архи ууж амарсан ба унтаж байгаад сэрсэн чинь миний Х банкны виза картнаас 700.000 төгрөг гарсан талаар миний ****** тоот дугаарын утсанд мессеж ирсэн байна. ... Баян-Өлгий аймагт байхад манай ажлын цалин буугаад Б виза картгүй байсан тул гэрлүүгээ мөнгө явуулах гэсэн юм гээд 2017 оны 08 сарын 30-ны үеэр авч хэрэглэж байсан юм. Тэр үед би хамт яваад картаа өгч нууц кодоо хэлээд мөнгийг нь шилжүүлж байсан юм. ... Миний бие Б гэх хүнээс алдагдсан 700.000 төгрөгийг нэхэмжилж байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 27-32 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Д.Б-ийн гаргаж өгсөн эд зүйлийг хохирогч Д.Н-д хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /20-21 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч Д.Б нь Х банкны АТМ-ээс мөнгө гаргаж авсан бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 22 дугаар хуудас/,

- Хохирогч Д.Н-ын Х банкны *****дугаартай данснаас 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 19:48 цагийн үед 700.000 төгрөг зарлагадсан талаар депозит дансны хуулга /хх-ийн 74 дүгээр хуудас/, 

- Шүүгдэгч Д.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... би Н-ын Х банкны виза картыг турүүвчтэй нь хулгайлан авч яваад Х банкны АТМ шалгаж үзэхэд 700.000 төгрөг байсан. Тэр мөнгийг би бүгдийг нь аваад хойд талынх нь Цамбагарав гэх дэлгүүрт орж 1 шил том архи авч таксинд суусан” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Д.Б-ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ. 

Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй, хуульд заасан журмын дагуу явагдсан байна. 

1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзав.

Иймд шүүгдэгч Д.Б-ийн үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг сонгон, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Б-ийн хувийн байдал, өөрийнхөө үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Д.Б нь нийт 23 хоног цагдан хоригдсон, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД 1 ширхэгийг хэргийн хамт хадгалах нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Т.К нар нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: Хохирогчид төлөх ёстой хохирлоос 250000 төгрөгийг төлсөн. Ирэх долоо хоногт үлдсэн мөнгийг төлөхөөр болсон гэж мэдүүлж байгаа боловч хавтаст хэрэгт хохирол төлсөн талаарх нотлох баримт авагдаагүй тул хохирлыг төлж барагдуулсан гэж үзэх боломжгүй байна. Иймд шүүгдэгч Д.Б-өөс 700000 /долоон зуун мянга/ төгрөг гаргуулан хохирогч Д.Н-д олгож шийдвэрлэлээ. 

Шүүгдэгч Д.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч Д.Б-ийн “Нокиа” маркын гар утсыг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Д.Б-ийн иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ зэргийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Боржигон овгийн Д-гийн Б-ийг “Бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ийг 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ийн урьдчилан цагдан хоригдсон 23 /хорин гурав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай. 

5. Шүүгдэгч Д.Б-өөс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД 1 ширхэгийг хэргийн хамт хадгалсугай. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар шүүгдэгч Д.Б-өөс 700000 /долоон зуун мянга/ төгрөг гаргуулан хохирогч Д.Н-д олгосугай. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Д.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай. 

9. Шүүгдэгч Д.Б-ийн “Нокиа” маркын гар утсыг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй. 

10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Д.Б-ийн иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ зэргийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12. Давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   А.Д