Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2021/ДШМ/351

 

 

 

 

 

 

 

 

Э.Э, Э.З нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Чинзориг,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Улсбаяр,

шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч Х.Даваахүү,

шүүгдэгч Э.Зын өмгөөлөгч Э.Одгэрэл,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 2021/ШЗ/183 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Чинзоригийн бичсэн 2021 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн эсэргүүцэлд үндэслэн Э.Э, Э.З нарт холбогдох эрүүгийн 1803 00008 0195 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овгийн Эгийн З, 1986 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “...” ХХК-нд нягтлан бодогч ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.../,

2. Ш овгийн Этын Э, 1987 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.../;

Э.З нь 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 10 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хужирбулангийн Гачууртын замд “Хьюндэй аванте” загварын ...СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөний улмаас Э.Эгийн жолоодон явсан “Тоёота Приус” загварын ...УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар өөрийн тээврийн хэрэгсэлд зорчин явсан 7 настай У.Эрхцасын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт,

Э.Э нь 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 10 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хужирбулангийн Гачууртын замд “Тоёота Приус” загварын ...УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-д “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөний улмаас Э.Зын жолоодон явсан “Хьюндай аванте” загварын ...СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, Э.Зын эрүүл мэндэд хүнд хохирол, 7 настай У.Эрхцасын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

Тээврийн прокурорын газраас: Э.Зын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Э.Эгийн үйлдлийг мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э.Э, Э.З нарт холбогдох хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан уг яллах дүгнэлтээр хэргийг нэг мөр, бүрэн бодитойгоор хянан шийдвэрлэх боломжгүй байна. Учир нь, шүүх хэргийг энэ яллах дүгнэлтээр шийдвэрлэх боломжгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хүн, хуулийн этгээд биелүүлнэ” гэж, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3, 31.4-т “шүүхийн шийдвэр”-ийг тодорхойлж өгчээ. Гэтэл тус дүүргийн шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 284 дугаартай шүүгчийн захирамж, 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2122 дугаартай шүүгчийн захирамжуудад заасан ажиллагааг биелүүлж ирүүлээгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар өмнөх шүүгчийн захирамжуудад заасан ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Э.Э, Э.З нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэжээ.

Прокурор Б.Чинзориг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 284 дугаартай шүүгчийн захирамжид “...прокуророос ирүүлсэн яллах дүгнэлтээр хэргийг нэг мөр, бүрэн бодитойгоор хянан шийдвэрлэх боломжгүй, зам тээврийн осолд хоёр шүүгдэгчийг буруутгасан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй бөгөөд ойлгомжгүй, хэрэгт авагдсан удаа дараагийн шинжээчийн дүгнэлтүүд хоорондоо харилцан зөрүүтэй буюу бие биеэ үгүйсгэсэн дүгнэлтүүд гарсан. Улсын яллагч 473 дугаартай яллах дүгнэлтийн тодорхойлох хэсэгтээ шинжээчийн 255, 289, 12/27, 779, 654, 2566, 2567, 4099 дугаартай дүгнэлтүүдийг хэргийн бодит байдалтай нийцээгүй, шинжээч нар нь дүгнэлтийнхээ үндэслэлийг шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй нь дээрх дүгнэлтүүдийг нотлох баримтаар үнэлэхгүй байх үндэслэл болж байна гэж хууль зүйн дүгнэлт хийсэн атлаа юуг үндэслэн 654, 2566, 2567, 4099 дугаартай дүгнэлтүүдээр шүүгдэгч Э.Э, Э.З нарыг буруутгасан нь ойлгомжгүй байна. Иймд нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийж дээрх дүгнэлтүүдийн зөрүүтэй байдал болон эсхүл буруутгаж буй дүгнэлтүүдийг хэргийн газрын үзлэг, хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж, гэм буруутай этгээдийг зөв зүйлчилсний эцэст хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй.” гэж, 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2122 дугаартай шүүгчийн захирамжид ‘‘...2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 284 дугаартай шүүгчийн захирамжид заагдсан ажиллагаа бүрэн хийгдээгүй дээрх ажиллагаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй...” гэж хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэж байсан. Өмнө нь хэргийг шүүхээс буцаасныг хүлээн авч шүүгчийн захирамжид заагдсан боломжит бүх ажиллагааг хийж гүйцэтгэсэн. Захирамжид зааснаар шинжээчийн дүгнэлтүүдийг хэргийн газрын үзлэгтэй уялдуулан хууль зүйн дүгнэлт хийсэн, хэргийн бодит байдалтай нийцээгүй, бүрэн бус, эргэлзээтэй, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэн зөв дүгнэлт хийж, шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй дүгнэлтүүдийг яллах талын нотлох баримтаар үнэлээгүй болохоо тайлбарлаж яллах дүгнэлтийг үйлдсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа гэдэгт шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхэд буюу тухайн шүүгдэгчийг цагаатгах болон шийтгэх тогтоолын аль нэгийг гаргахад шууд нөлөөлж болохуйц, эсхүл хэргийг прокурорт буцаахгүйгээр тухайн асуудлыг шүүхийн шатанд шийдвэрлэх, эргэлзээг тайлах боломжгүй тохиолдлыг хамааруулан үзнэ гэж ойлгодог. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг тогтоож өгсөн бөгөөд Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж тодорхой заасан байхад шүүх 1 үндэслэлээр буюу шинжээчийн дүгнэлтүүдийн зөрүүтэй байдалд дүгнэлт хий гэж хэргийг прокурорт буцааж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.  

Шүүгдэгч Э.Эгийн өмгөөлөгч Х.Даваахүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус хэрэгт Улсын Дээд шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 403 дугаартай тогтоолын тодорхойлох хэсэгт “2 машин мөргөлдсөн А цэгийг буюу эхний цэгийг үндэслэлтэй зөв тогтоох нь шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж... энэ талаар зайлшгүй дүгнэлт хийх шаардлагатай гэж заасан. Үүний дагуу 4 дүгээр хавтаст хэргийн 130 дугаар талд үзлэг хийсэн тухай шинжээч Цэндсүрэнг оролцуулж Тээврийн цагдаагийн албаны мөрдөгч, техникийн шинжээчид, креминалист шинжээчид оролцож А цэгийг Э.Эгийн урсгалд 65 см дотор байгааг тогтоосон байдаг. Дээрх нотлох баримтаас үзэхэд Э.Эг эсрэг урсгалд ороогүйг бүрэн нотолж тогтоосноос гадна гэрэл зургуудаас үзэхэд Э.Эгийн явж байсан эгнээнд мөргөлдөлтийн үед Э.Эгийн машинаас унасан шороо шилний хагархай, Э.Зын жолоодож явсан тээврийн хэрэгсэл байдаг зэргээс, мөн техникийн шинжээчдийн удаа дараагийн дүгнэлтээр нотлогдон тогтоогдсон байдаг. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Улсбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцаах саналтай байна. ...” гэв.

Шүүгдэгч Э.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. А цэгийг тогтоох шаардлагатай гэсэн Улсын Дээд шүүхийн тогтоол гарсан байдаг. Уг тогтоолыг огт биелүүлээгүй, хангалттай мөрдөн шалгах ажиллагаа хийгээгүй байна гэж үзэж байна. ...” гэв.

Шүүгдэгч Э.Зын өмгөөлөгч Э.Одгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Анхан шатны шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцааснаас хойш буюу 4 сар гаруй хугацаанд шүүгдэгч нараас нэг, нэг удаа л мэдүүлэг авсан байдаг. Өмнөх болон сүүлд үйлдсэн яллах дүгнэлтүүд хоорондоо үг, утгын хувьд адилхан байдаг. Нэмэлт ажиллагаа хийсэн гэж үзэх үндэслэл байхгүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Э.Э, Э.З нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Анхан шатны шүүх “...Шүүгдэгч Э.Э, Э.З нарт холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан уг яллах дүгнэлтээр хэргийг нэг мөр, бүрэн бодитойгоор хянан шийдвэрлэх боломжгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хүн, хуулийн этгээд биелүүлнэ” гэж заасан байхад тус дүүргийн шүүхийн шүүгчийн 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 284 дугаартай захирамж, 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2122 дугаартай захирамжуудад заасан ажиллагааг биелүүлж ирүүлээгүй байна. ...” гэсэн үндэслэлээр хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэргийн материалыг судлахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан нотолбол зохих байдлуудыг дээрх захирамжуудын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаж тодруулсан байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж дүгнэлт хийлгүйгээр, захирамжуудыг биелүүлээгүй байна гэсэн тодорхой бус, хялбарчилсан дүгнэлт хийж хэргийг буцаасан нь буруу байна.

Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэргийн оролцогчдыг бүрэн хамруулж, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалж, хэргийг прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд бодит байдлыг тогтоон шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж, хянан шийдвэрлэх боломжтой юм.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг шалгаж үнэлэх ажиллагааг мөн хуулийн 16.15 дугаар зүйлд зохицуулсан байх бөгөөд “...хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заажээ.

Иймд прокурор Б.Чинзоригийн бичсэн 2021 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн эсэргүүцлийг хүлээн авч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 2021/ШЗ/183 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Э.Э, Э.З нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцүүлэхээр буцаав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 2021/ШЗ/183 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Э.Э, Э.З нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл Э.Э, Э.З нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.МӨНХӨӨ

ШҮҮГЧ                                                                        Л.ДАРЬСҮРЭН

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                     Д.МЯГМАРЖАВ