Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
Хэргийн индекс | 128/2021/0601/З/Т |
Дугаар | 128/ШШ2021/0884 |
Огноо | 2021-12-20 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 128/ШШ2021/0884
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.Н /РД:*** /
Хариуцагч: Эрүүл мэндийн яам
Нэхэмжлэлийн шаардлага: Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаар тушаалын Г.Н -д холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд дүйцэх албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Н , итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, А.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн *** дугаар тушаалаар Г.Н г албан тушаалаас нь чөлөөлж, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаар тушаалаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт шилжүүлсэн.
Эрүүл мэндийн яам нь төрийн мэргэшсэн албан хаагчдыг ажил үүргээс нь чөлөөлөөд улмаар өөрсдийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр ажилд хүчээр шилжүүлж Засгийн газрын ******* дугаар тогтоолын бодлогыг сөрж мэргэшсэн, төрийн жинхэнэ албан хаагчид бидний хөдөлмөрлөх эрхэнд халдсан учир нэхэмжлэл гаргасан.
*** дугаар тушаал нь Засгийн газрын ******* дугаар тогтоолыг хэрэгжүүлэхээр яамны 97 нэр бүхий албан ажилтныг нэгэн зэрэг чөлөөлөөд бүтцийн өөрчлөлтөөр батлагдсан газар, хэлтэст нь дүйцэх албан тушаалд нь биднийг буцаан томилох зорилготой гарсан тушаал гэж ойлгогдож байна.
Засгийн газрын ******* дугаар тогтоолыг хэрэгжүүлэхдээ бүтцийн еерчлелт нэрийн дор биднийг хүсээгүй, зөвшөөрөөгүй байхад өөр ажилд томилох зорилготой байсан гэж узэж байгаа учир *** тоот тушаалын бидэнд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нь зүйтэй юм байна гэсэн болно.
Засгийн газрын ******* дугаар тогтоолоор Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар харьяалагдах болсон нь биднийг Төрийн албаны тухай хууль, холбогдох журмыг зөрчиж бидэнтэй ядаж зөвшилцөхгүйгээр, бидэнд мэдэгдэхгүйгээр тушаал шийдвэр гаргаж байгаа нь бидний эрхийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.
Зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар Төрийн албаны зөвлөлд холбогдох гомдлыг гаргасан бөгөөд бидний гомдлыг судлаад Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад 2020 оны 12 дугаар сарын 25-ны *** дугаар тушаалыг хүчингүй болгож, эрх нь зөрчигдсөн нэр бүхий терийн жинхэнэ албан хаагчдыг холбогдох албан тушаалтнуудад томилсон шийдвэрийг 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Төрийн албаны зөвлөлд ирүүлэхийг үүрэг болгосныг хэрэгжүүлэхгүй, биднийг урьд ажиллаж байсантай дүйцэх албан тушаалд томилохгүй байгаа учир шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно.
...Би гурван тушаал дээр дүгнэлт хийгээд баримтаа гаргаж өгсөн. Үүн дээр жишээ нь би тухайн үед эрүүл мэндийн даатгалын хэлтэст яг тэр чиг үүрэг дээр нь миний албан тушаал хоёр болоод Эрүүл мэндийн яаманд үлдсэн. Түүний нэг албан тушаалд өмнө нь Эрүүл мэндийн яаманд түр албан тушаалд байсан, төрийн албаны шаардлага хангаагүй н.*** гэдэг мэргэжилтэн ажиллаж байсан, хоёрдугаарт *** гэдэг гаднаас ирсэн хүнийг түр томилсон байсан. н.***, *** хоёр нь 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл жишээ нь *** нь дөрвөн албан тушаал дээр сэлгэсэн. н.*** нь гурван албан тушаалд сэлгэсэн байгааг хүснэгтээр харуулсан байгаа. Тэгэхээр өнөөдөр би төрийн жинхэнэ албан хаагч эрхээ зөрчүүлчихээд Эрүүл мэндийн яам намайг албан тушаал дээр ажиллах боломжгүй гэж халаад төрийн жинхэнэ албан хаагч биш зүгээр өөр албан тушаалд ажиллаж байсан хүн оччихоод Эрүүл мэндийн яамны өөрийн хүссэн албан тушаал дээр сэлгэн ажиллаж болж байхад би өнөөдөр эрүүл мэндийн салбарт 26 жил ажилласан, өрхийн эмчээс авахуулаад өнөөдрийг хүртэл Эрүүл мэндийн яамны мэргэжилтэн хүртлээ бүх албан тушаалыг дамжсан.
Сэлгүүлэн ажилуулах *** дугаар тушаалаар миний эрхийг зөрчөөд зогсоогүй, миний нийгмийн баталгааг алдагдуулаад байна. Жишээ нь миний цалин буурсан, ковидын хуулиар хүмүүсийг аваад ажиллуулж байгаа юм бол хамгийн гол нь сул орон тоо гарсан байхад тухайн байгууллагад ажиллаж байсан хүмүүсээс сул орон тоог нөхөх буюу эсвэл нөөцөөс нөхнө гэсэн. Тэгэхэд бид нар тухайн байгууллагад ажиллаж байхад миний албан тушаалд очсон н.*** гэж хүн тухайн үед түр албан тушаалтай байсан хүнийг гэнэт тавьсан мөртлөө өнөөдөр төрийн жинхэнэ албан хаагч намайг яагаад тавиагүй юм бэ гэдэг асуудал яригдаж байна. Тэгэхээр эхнээсээ *** дугаар тушаал нь хууль зөрчсөн, би Төрийн албаны тухай хуулиар хамгаалагдсан эрхтэй. Уг эрхийг маань шууд зөрчөөд шилжүүлсэн.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт очиж ажилласан. Ингэж ажилласан нь би төрийн өмнө хүлээсэн тангарагтаа үнэнч, мөн гамшгийн бэлэн байдал зарласан үед бид нар албан тушаалаа дураараа орхиж болохгүй, үүргээ хүлээж тэнд очиж ажилласан. Гэтэл өнөөдөр тэгэж ажилласныхаа төлөө зөвшөөрсөн гэсэн зүйл яригдаад байгаа. ******* дугаар тушаалыг бид нарт танилцуулахад *** дугаар тушаал гарахаас өмнө би зөвшөөрөхгүй гэж хэлсэн байхад өнөөдөр миний эрхийг зөрчөөд *** дугаар тушаалыг гаргаад, *** дугаар тушаал гарсны дараа Эрүүл мэндийн яаманд 26 сул орон тоо байхад намайг тус 26 албан тушаалын аль ч албан тушаалд томилох боломж байсан.
Тэгэхээр энэ нь миний хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн. Цар тахлын тухай хуулийн 7.1.2.цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэмд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх, хямралын эсрэг холбогдох санг арвижуулах зорилгоор жилийн батлагдсан төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч хооронд, хөрөнгийн болон урсгал зардал хооронд төсвийн зохицуулалт хийх гэсэн, Эрүүл мэндийн яам энэ заалтыг зөрчсөн, миний ажлын байр хадгалагдах ёстой. Бүх нийтийн бэлэн байдал зарласан үед хуулиараа хэнийг ч албан тушаалаас халах ёсгүй. Би хуулийн өмнө тэгш эрхээ эдлэх ёстой. Тэгэхэд өнөөдөр миний оронд түр ажиллаж байсан хүнийг томилсон мөртлөө төрийн жинхэнэ албан хаагч намайг ажлаас гаргасан нь хууль тэгш үйлчлэхгүй байна. гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч нь Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын Эрүүл мэндийн даатгалын хэлтэст даатгуулагчид үзүүлэх тусламж үйлчилгээний бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах зохион байгуулагчаар ажиллаж байсан. Засгийн газрын ******* дугаар тогтоолоор Эрүүл мэндийн яамны бүтэц орон тоо шинээр батлагдсан. Үүний дагуу Эрүүл мэндийн яамнаас 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр *** тоот тушаал гарч, албан тушаалаас нэр бүхий хүмүүсийг бүхэлд нь чөлөөлсөн. Энэ дотор нэхэмжлэгч нь тухайн албан тушаалаас чөлөөлөгдсөн.
2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр *** тоот тушаалаар албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулах тухай тушаалыг гаргаж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт шилжүүлсэн. Эдгээр шаардлагыг зөвшөөрөхгүй. Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ******* тоот тушаал анх Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс гаргахдаа тухайн төрийн жинхэнэ албан хаагчдыг чөлөөлсөн тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулъя гэж шаардаж байгаа нь Засгийн газрын тогтоолыг үндэслээд бүгдийг нь чөлөөлсөн ч гэсэн энэ дотор тухайн нэхэмжлэгч нарыг албан тушаалаас нь чөлөөлөх, албан тушаалыг дордуулах нөхцөл байдлын зорилготойгоор Засгийн газрын тогтоол гараагүй гэж үзэж байна.
Ийм учраас *** тоот тушаал гаргахдаа Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлж байна гэсэн нэрийн дор нэхэмжлэгчийг албан тушаалаас нь чөлөөлөөд өөрийнх нь хүсээгүй албан тушаалд томилсон. Үүнийг Төрийн албаны зөвлөлд холбогдох гомдлыг гаргасан. Сонсох ажиллагаан дээр нэхэмжлэгч тухайн үед нөхцөл байдлыг эрүүл мэндийн даатгал руу шилжүүлнэ гэдгийг зөвшөөрөхгүй байсан. Зөвшөөрөхгүй үндэслэлээ би Эрүүл мэндийн яамны аль ч газар, хэлтэст ажиллах боломжтой, тийм учраас үүнийг зөвшөөрөхгүй гэж саналаа 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн *** дугаар тушаалыг хүлээн авлаа, тушаалын төслийн саналыг зөвшөөрөхгүй, миний ажиллаж байсан Эрүүл мэндийн даатгалын бодлогын хэлтэс нь чиг үүргээр Эрүүл мэндийн яамны бүтцэд хэвээр байгаа тул цаашид Эрүүл мэндийн яаманд үргэлжлүүлэн ажиллая гэсэн хүсэлтийг сонсох ажиллагаан дээр хэлсэн байдаг.
Энэ сонсох ажиллагааны саналыг гаргаад байхад *** тоот тушаалаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт шилжүүлсэн. Энэхүү тушаалын үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 44.1, 44.3-ыг тус тус заасан. Энэ заалтуудаар тухайн албан тушаалтныг өөрийнх нь саналыг үндэслээд зөвшөөрсний дараа шилжүүлдэг зохицуулалттай заалт юм. Энэ тушаалыг гардаж аваад Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан. Төрийн албаны зөвлөлөөс шалгаад 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр *** гэсэн албан бичиг гаргаж, нэр бүхий хүмүүсийг дүйцэх албан тушаалд нь томилох нь зүйтэй, та бүхний гаргасан шийдвэр Төрийн албаны тухай хууль, холбогдох журмыг ноцтой зөрчсөн байна, ийм учраас эдгээр хүмүүсийг дүйцэх албан тушаалд нь ав гэсэн.
Мөн Төрийн албаны зөвлөлд эдгээр хүмүүсийг албан тушаал, дүйцэх албан тушаалд томилсон талаар албан бичиг яаралтай ирүүл гэж даалгасан. Эдгээр ажиллагаануудыг өнөөдрийг хүртэл хийгээгүй. Төрийн албаны зөвлөлийн өгсөн чиг үүргийг хэрэгжүүлээгүй. *** тоот тушаал нь холбогдох хуулийг зөрчсөн учраас хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Улмаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт ажиллаж байхад 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр *** тоот Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын тушаал гарч цалингийн хэмжээг шинэчлэн тогтоосноор нэхэмжлэгчийн цалин доошоо буурсан, мөн төрийн албан хаагчийн зэрэг дэв нь буурсан. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын тушаалаар *** шилжүүлэн ажиллуулах тушаал нь холбогдох хуулийг зөрчсөн болох нь харагдаж байгаа. Тэгэхээр Төрийн албаны зөвлөлийн эрх хэмжээний хүрээнд шалгаад тогтоосон тогтоол, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цалин хөлс бууруулсан баримтаар нэхэмжлэгчийн төрийн албан хаагчийн баталгаа, төрийн албан хаагчийн цалин хөлсний зэрэг дэв, албан тушаал нь буурсан учраас нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлтэй гэж харж байна. Дүйцэх албан тушаалд томилуулах шаардлагын тухайд нэхэмжлэгч өөрийн албан тушаалын чиг үүрэгт хамаарах албан тушаал дээр түр гэсэн орон тоон дээр хүмүүсийг томилсон. Мөн 6 орон тоо хадгалагдаж байгаа гэж хариуцагч хэлдэг.
Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр яаж гарахыг бид хүлээж байгаа гэдгийг ярьж байсан. Тэгэхээр би шүүхийн шийдвэр хангагдах боломжтой байна, шүүхэд нэхэмжлэгч өөрийн дүйцэх албан тушаалын чиг үүрэгт хамаарах албан тушаалуудыг тодорхой гаргаад түдгэлзүүлж өгөх хүсэлтийг шүүхэд гаргасан. Өөрөөр хэлбэл эдгээр албан тушаалыг түдгэлзүүлж байж дүйцэх албан тушаалд томилуулах шаардлагыг хангуулахгүй бол хариуцагч өнөөдөр би энэ албан тушаалд тэнцэнэ гээд хэлэнгүүт түүн дээр өөр хүн томилчихдог. Түүнийгээ ковидын хуулиар бид ажлаа хийх ёстой гээд, тус албан тушаалд төрийн албан хаагчийн тангараг өргөөгүй, төрийн албаны шалгалт өгөөгүй хүмүүсийг авчраад томилоод, энэ нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, төрийн албаны шалгалтуудаар тогтоогдсон байдаг. Д.Г***-н шүүх хуралдаанд Төрийн албаны зөвлөлийн хяналтын даргын бичлэгийг би судлуулсан. Түүн дээр Төрийн албаны зөвлөлийн Хяналт шалгалтын газрын дарга Эрүүл мэндийн яам хамгийн их хууль зөрчдөг байгууллага, үүнийг бид тогтоолоо, тийм учраас бид хяналт шалгалтын дагуу буруутай этгээдэд хариуцлага тооцохоор ажиллаж байна гэсэн нийтэд мэдээллийн хэрэгслээр гарсан зүйлийг шүүхээр судлуулсан. Улсын их хурлын түвшинд ч гэсэн маш их яригдаж байгаа. Нэхэмжлэгч Авилгатай тэмцэх газар, Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан. Улсын Их Хурлын өргөдөл, гомдол шийдвэрлэх, Хууль зүйн байнгын хороо зэрэг олон газарт гомдол гаргасан. Бүх гомдлууд Төрийн албаны зөвлөлд буцаж очдог. Төрийн албаны зөвлөл шийдвэрээ гаргаад эдгээр хүмүүсийг ажилд нь буцааж авах нь зүйтэй гэсэн. Тэгэхээр Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэгч нарын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасан сонсголыг Төрийн нарийн бичгийн дарга хүн тус бүртэй уулзаж, зохион байгуулан бичлэг хийж баталгаажуулсан болно.
Зарим нэхэмжлэгч нарын албан тушаалын хувьд чиг үүрэгт өөрчлөлт орсон, заримынх нь газар, хэлтэс татан буугдсан, чиг үүргийн хувьд өөр байгууллага руу шилжсэн байх тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хамтад нь шийдвэрлэх боломжгүй юм.
Мөн Төрийн албаны тухай хуулийн 3.1.3-т заасан зарчмыг хангах зорилгоор шилжүүлэн ажиллуулсан Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаар тушаал нь мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасанд нийцсэн байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ажлын байрны тодорхойлолтоос харахад нэхэмжлэгч ТЗ-6, зохион байгуулагч байсан. Засгийн газрын ******* дугаар тогтоолоос өмнө манай стратеги, зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт орохоос өмнөх ажлын байрны 2020 оны А/******* дугаар тушаалаар уг тушаалтай холбогдуулж гарсан ажлын байрны тодорхойлолтоор нэхэмжлэгч нь ТЗ-6. 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн тушаалаар гаргахдаа манайх 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Засгийн газрын ******* тоот тогтоол гарч манай стратеги, зохион байгуулалтад бүтцийн өөрчлөлт орсонтой холбоотойгоор дахин албан тушаалтнуудыг чөлөөлөөд томилсон. Энэ тушаал нь Засгийн газрын тогтоолтой холбоотой. Манайх тухайн үедээ 8 газартай байж байгаад 6 газартай, үндсэндээ Бодлого төлөвлөлтийн газар байхгүй болсон. Бодлого төлөвлөлтийн газарт нэхэмжлэгч ажиллаж байсан. Бодлого төлөвлөлтийн газар бүтцээрээ татан буугдсан. Тийм учраас Бодлого төлөвлөлтийн газарт харьяалагдаж ажиллаж байсан албан хаагчдыг бүгдийг сонсох ажиллагаа хийсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын ярьж байгаагаар нэхэмжлэгч ямар албан тушаалд, юу хүсэж байгаа нь тодорхойгүй байна. Төрийн ажил гэдэг нь тухайн шаардлага хангасан, ажлын байрны тодорхойлолттой, тусгай шаардлага, шалгуур хангасан хүнийг томилдог. Бүгд адилхан чиг үүрэгтэй байвал улсын төсөв, мөнгө барж ажлын байрны тодорхойлолт, албан тушаал гаргаж үргүй зардал гаргаад байх шаардлагагүй. Тэгэхээр энэ нь бүгд тус тусдаа тусгай шаардлага, шалгуур хангасан ажлын байрны тодорхойлолттой. Тэгэхээр сул орон тоо байгаа дээр нь ажиллана гээд яриад байж болохгүй. Тухайн Бодлого төлөвлөлтийн газар байхгүй болсон, нэхэмжлэгчийн албан тушаал байхгүй болсон. Нэхэмжлэгч нь ТЗ-6, шинэ бүтцээр ТЗ-6 гэдэг албан тушаал байхгүй болсон, зохион байгуулагч гэдэг албан тушаал байхгүй. 2020 оны А/******* дугаар тоот Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар ажлын байрны чиг үүрэг гарсан. Түүн дээр манайд ТЗ-6 буюу зохион байгуулагч гэдэг албан тушаал байхгүй. Хамгийн доод тал нь мэргэжилтэн болсон. Хамгийн доод тал нь яаманд ТЗ-7 албан тушаал болсон. Тэгэхээр нэхэмжлэгчийн ажлын байр байхгүй болсон. Нэхэмжлэгч зөвшөөрөхгүй байна. Гэтэл хуулийн дагуу нэхэмжлэгчид ажлын байр санал болгоод, яаманд тийм албан тушаал байхгүй болохоор бид нар нэхэмжлэгчийг гудамжинд хаяхгүйн тулд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт шилжүүлсэн. Төрийн албаны тухай хуулийн 62.1.4-т төрийн алба татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсвэл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсийг бууруулахгүйгээр мэргэжлийн дагуу өөр ажил албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэлх хугацаагаар дахин мэргэшиж болно гэж заасан. Нэхэмжлэгчийн албан тушаал байхгүй болчихлоо. Нэхэмжлэгчийн хэлээд байгаа манай томилсон тушаал дээр хүмүүсийн цалин хөлсийг бууруулахгүйгээр шилжүүлээд ажиллуулж байна гээд Төрийн нарийн бичгийн даргын тушаал гарсан. Энэ тушаал гараад нэхэмжлэгчийн юуг зөрчсөн бэ, нэгэнт байхгүй болсон албан тушаалыг, бид нар боломжоор нь нэхэмжлэгчийг шилжүүлсэн. Эсвэл сургалтад сурах байсан юм уу. Бид нар яаманд хүмүүсийг ковидын тухай хуулиар томилж байна гээд шууд томилдоггүй. Удирдлагын академид сургаад мэргэшсэн тухайн шаардлагыг хангасан байж томилогддог. Нэхэмжлэгч өөрөө Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт очиж ажилласан, эхний удаа зөвшөөрөөгүй гээд бичээд өгсөн байсан. Нэхэмжлэгчтэй хэд хэдэн удаа уулзсан. Нэгэнт байхгүй болсон албан тушаалыг, энэ хүмүүсийг шаардлага хангахгүй болсон байхад өөр албан тушаал дээр тавина гэхэд дараа нь шалгалт ирэхэд энэ хүн чинь шаардлага хангаагүй байна, шаардлага хангаагүй хүнийг яагаад томилсон бэ гэдэг асуудал үүснэ. Төрийн албаны зөвлөлөөс бас нэг албан бичиг ирнэ. Төрийн албаны зөвлөлд гомдол өгөөд тогтоол гарсан юм шиг зүйл яриад байна. Энэ нь тогтоол биш, албан бичиг юм. Албан бичгийг бид нар биелүүлсэн ч болно, эс биелүүлсэн ч болно. Бид нарын гаргасан шийдвэр хууль ёсны гэх юм бол бид нар хуулиараа уг албан бичгийг биелүүлэхгүй байж болно. Энэ нь заавал дагаж биелүүлэх зүйл биш. Тогтоолыг дагаж биелүүлэх ёстой. Хэргийн материалаас үзэхэд Төрийн албаны зөвлөлөөс тогтоол гараагүй, энэ нь албан бичиг юм. Тэгэхээр албан бичгийг та нар заавал дагаж биелүүлэх ёстой гэж шаардаад байж болохгүй. Түүний дараа та нар шүүхэд ханд гээд шүүхийн журмаар явж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн тушаал гараад Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалыг хууль бус, буруу гарсан гэсэн нь нотлогдож байна гэж яриад байна. Үнэн зөвийг тэр тушаал нотлохгүй, Хэрвээ та нарын эрх зөрчигдсөн, цалин мөнгө буурсан байсан бол та нар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын тухайн тушаал дээр гомдол гаргаад явах эрх нээлттэй. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь манай харьяа агентлаг. Манай харьяанд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар байдаг. Энэ хоёр төрийн захиргааны байгууллага нь Эрүүл мэндийн яамнаас өгсөн чиглэлийн дагуу ажилладаг. Тэгэхээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, эсвэл Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар луу шилжүүлээд албан хаагч нарыг өөрсдийнх нь хүсэлтээр, эсвэл тухайн албан тушаал байхгүй болсон тохиолдолд бид нар яалт ч үгүй хоёр байгууллага хоорондоо удирдлагын хэмжээнд тохиролцоод шилжүүлсэн. Төрийн албаны тухай хуулийн 62.1.4-т зааснаар шилжүүлээд цалин мөнгийг бууруулахгүй, зэргийг бууруулахгүй ажиллуул гээд чиглэл өгөөд тушаал гаргасан. Цалин мөнгийг бууруулчихлаа гэж яриад байгаа нь үндэслэлгүй байна. Энэ нь дараагийн тусдаа процесс юм. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт очоод цалин хөлс буурчхаад байгаа бол тухайн акттай маргаж болно. Ковидын тухай хуулийн 7 дугаар зүйлийг яриад байна. Ковидын тухай хуулийн 7 дугаар зүйл нь Засгийн газрын эрх хэмжээний асуудал. Манайх Засгийн газар биш, төрийн захиргааны төв байгууллага. Төрийн захиргааны байгууллага ямар ажиллагаа явуулах нь тухайн хуулийн 9 дүгээр зүйлд байдаг. Засгийн газар гэдэг нь сайд нар байна. Засгийн газрын гишүүдийн буюу сайд нарын олонхын саналаар Засгийн газрын тухай хуулийн 30.1-т зааснаар хуралдаанаар тогтоол гардаг. Засгийн газрын гишүүд сайд нар ковидын тухай хуулийн 7 дугаар зүйлийг баримталж хуралдаанаар шийддэг. Тэгэхээр нэхэмжлэгчийн яриад байгаа тайлбар үндэслэлгүй байна. *** дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гээд байна. Тэгэхээр энэ нь манайхаас шалтгаалж байгаа зүйл биш. Засгийн газрын 2020 оны А/******* дугаар тогтоолтой холбоотойгоор нэгэнт өөрчлөлт ороод, хэдэн газар, хэдэн хэлтэстэй, хэчнээн орон тоотой байхыг зааж өгөөд, албан тушаалыг нь цаанаас нь гаргаж өгсөн учраас бид нар бүх албан тушаалтнуудаа чөлөөлөөд эргэж томилсон. Томилгоо хийхдээ албан тушаалтнуудаа тухайн ажлын байрны чиг үүрэгт хэн шаардлага хангаж байгаа, тэр шаардлага хангаж байгаа гэдэгт нь тохируулж томилгоо хийсэн. Тэгэхээр нэхэмжлэгч нь мэргэжилтэн албан тушаалын ажлын байрны шаардлагыг хангахгүй байгаа учраас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт шилжүүлж ажиллуулсан, эрх зүйн байдлыг дордуулаагүй. Учир нь Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаал дээр ажлын байрны чиг үүрэг, цалин зэрэглэлийг бууруулахгүй гээд заасан. Тэгэхээр манай харьяа байгууллага Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар дагаж биелүүлэх ёстой. Гэтэл биелүүлээгүй дахиж тушаал гаргаж, цалин мөнгө бууруулж байгаа нь тусдаа процессын асуудал юм. Түүн дээр маргаж болно. 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Засгийн газрын ******* дүгээр тогтоолоор манай бүтэц дахиад өөрчлөгдсөн. Одоо нэхэмжлэгч ажиллая гээд ч ажлын байр байхгүй. Нэхэмжлэгчийн хэлж байгаа албан тушаалууд хамгийн багадаа ахлах шинжээч нар байгаа, ТЗ-9-өөс эхэлнэ. Бусад албан тушаалд нь нэхэмжлэгчийн нарийн мэргэжил таарахгүй. Манайх түүнийг харгалзаж томилдог. Төрийн албаны тухай хуульд заасан мерит буюу чадахуйн зарчимд тулгуурлаж ажилласан жилийн туршлага, аль чиглэлээр хэрхэн ажилласан, тухайн чиг үүрэгт таарсан ажил албан тушаал эрхэлж байсан гэдэг шаардлагыг тавьдаг. Өмнө нь Төрийн нарийн бичгийн даргын томилгоо хийгдээд ажлын байрны шаардлага хангахгүй, тухайн чиг үүрэгт таарахгүй, мэргэжил таарахгүй, өмнө нь ажиллаж байсан албан тушаал нь таарахгүй байсан хүмүүсийг чөлөөлөөд чиг үүргээр нь бүгдийг нь цэгцэлж янзалсан. Одоо Эрүүл мэндийн яаманд зохион байгуулагч гэдэг албан тушаал байхгүй. A/******* дугаар тушаал дээр зохион байгуулагч гэдэг албан тушаал мөн байхгүй болсон. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хуульд заасан журмаар хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг үнэлж, дараах үндэслэлээр нэхэмжлэгч Г.Н гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны явцад Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн *** дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ... гэж зааснаар уг татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн *** дугаар[1] тушаалаар Эрүүл мэндийн яамны бүтэц, орон тоо шинэчлэн батлагдсантай холбогдуулан Г.Н г даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бодлого төлөвлөлт хариуцсан ахлах зохион байгуулагч албан тушаалаас чөлөөлсөн.
Засгийн газрын 2020 оны 10 дугаар 21-ний өдрийн Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны хязгаар батлах тухай ******* дугаар тогтоолыг үндэслэн Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн *** дугаар тушаалаар яамны 97 албан хаагчийг чөлөөлж, 2020 оны 12 дугаар сарын 25-ний өдрийн А/*** дугаар[2] тушаалаар чөлөөлөгдсөн дээрх 97 албан хаагчаас 71 албан хаагчийг шинэ бүтцийн дагуу буцааж томилсон бөгөөд буцаан томилогдоогүй 26 албан хаагчийн тоонд Г.Н оржээ.
Г.Н г Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/*** дугаар[3] тушаалаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрийг Г.Н эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан.
Төрийн албаны зөвлөл Г.Н гийн гомдлыг хянан үзээд 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн *** тоот[4] албан бичгээр ... Б/*** дугаар тушаалыг хүчингүй болгож, эрх нь зөрчигдсөн төрийн жинхэнэ албан хаагчдыг Эрүүл мэндийн яаманд холбогдох албан тушаалд томилсон шийдвэрийг гаргаж ирүүлэхийг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад мэдэгдсэн байна.
Нэхэмжлэгчээс ...Б/*** дугаар тушаалаар миний өмнө нь ажиллаж байсан чиг үүргийн дагуу албан тушаал хадгалагдсан байсан тул томилогдох боломжтой байсан... гэж,
Хариуцагчаас ...Төрийн албаны тухай хуулийн 3.1.3-т заасан зарчмыг хангах зорилгоор шилжүүлэн ажиллуулсан Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаар тушаал нь мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасанд нийцсэн... гэж тус тус маргажээ.
Г.Н гийн эрхэлж байсан Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын Эрүүл мэндийн даатгалын бодлогын хэлтсийн Даатгуулагчид үзүүлэх тусламж, үйлчилгээний бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах зохион байгуулагч албан тушаалын чиг үүрэг
Засгийн газрын 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 58 дугаар тогтоолын дагуу баталсан Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/******* дугаар[5] тушаалын хавсралтын 34 дүгээрт Бодлого, төлөвлөлтийн газрын Даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бодлого төлөвлөлт хариуцсан ахлах зохион байгуулагч, 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/******* дугаар[6] тушаалын хавсралтын 34 дүгээрт Эрүүл мэндийн даатгалын бодлогын хэлтсийн Даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бодлого төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн,
Засгийн газрын 2020 оны 10 дугаар 21-ний өдрийн ******* дугаар тогтоолын дагуу Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/******* дугаар[7] тушаалын хавсралтын 28 дугаарт Эрүүл мэндийн салбарын эдийн засгийн бодлого, хэрэгжилтийн газарт Эрүүл мэндийн даатгалын бодлого төлөвлөлтийн асуудал,
Засгийн газрын 2021 оны 8 дугаар 04-ний өдрийн ******* дүгээр тогтоолын дагуу батлагдсан Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн *** дугаар[8] тушаалын хавсралтын 27 дугаарт Бодлого төлөвлөлтийн газрын Эрүүл мэндийн даатгалын бодлого төлөвлөлт хариуцсан шинжээч,
Мөн тогтоолоор батлагдсан Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/141 дүгээр[9] тушаалын хавсралтын 27 дугаарт Эрүүл мэндийн даатгалын бодлого төлөвлөлт гэсэн нэрээр үлдсэн байна.
Тодруулбал, Засгийн газрын 2021 оны ******* дүгээр тогтоолоор Эрүүл мэндийн яамны Бодлого, төлөвлөлтийн газар нь Эрүүл мэндийн салбарын урт, дунд, богино хугацааны бодлого, төлөвлөлтийн нэгдсэн удирдлага, Нийтийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бодлого, төлөвлөлтийн нэгдсэн удирдлага, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний бодлого, төлөвлөлтийн нэгдсэн удирдлага, Салбарын хууль, эрх зүйн шинэчлэлийн бодлого, төлөвлөлт, Эрүүл мэндийн салбарын эдийн засаг, санхүүжилт, хөрөнгө оруулалт, зээл тусламжийн бодлого төлөвлөлтийн нэгдсэн удирдлага, Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хөгжил, нийгмийн баталгааны бодлого, төлөвлөлтийн нэгдсэн удирдлага, Эрүүл мэндийн даатгалын чиглэлийн бодлого төлөвлөлтийн нэгдсэн удирдлага, Эм эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, технологийн бодлого төлөвлөлтийн нэгдсэн удирдлага, Эрүүл мэндийн эрдэм шинжилгээ судалгааны бодлого төлөвлөлтийн нэгдсэн удирдлага, Эрүүл мэндийн удирдлагын мэдээллийн тогтолцоо, цахим шилжилтийн бодлого төлөвлөлтийн нэгдсэн төлөвлөлт, Газрын үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалт, зохицуулалт, тайлагналт зэрэг чиг үүргийг хэрэгжүүлэхээр тусгагджээ.
Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно.
Тайлбар: Энэ хуулийн 44.1-д заасан албан ажлын зайлшгүй шаардлага гэдэгт тухайн байгууллагад шаардлагатай байгаа мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага бүхий хүний нөөцийг бүрдүүлэх, онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлэх, байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг нөхцөл, байдлыг ойлгоно. гэж,
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 34/31 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмын 2.1 Төрийн жинхэнэ албан хаагчийг албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн түүнтэй тохиролцон төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно. Төрийн жинхэнэ албан хаагчтай харилцан тохиролцсон тухай баримтыг бичгээр үйлдэж баталгаажуулсан байна, 2.2-т Албан ажлын зайлшгүй шаардлага гэдгийг Төрийн албаны тухай хуулийн 44.1 дэх хэсгийн тайлбарт дурдсанаар ойлгоно. гэж тус тус зохицуулсан.
Дээрх хууль, журмаар зохицуулсан төрийн албан хаагчийг шилжүүлэн ажиллуулах үндэслэл бүрдээгүй байхад түүнтэй харилцан тохиролцолгүйгээр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн *** дугаар тушаалаар Г.Н г Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн нь хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.
Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3 төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах гэж заасан бөгөөд Г.Н гийн ажиллаж байсан нэгж болон эрхэлж байсан албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг өөрчлөгдөөгүй.
Иймээс нэхэмжлэгч Г.Н гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаар тушаалын Г.Н д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Г.Н г урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэх албан тушаалд эгүүлэн томилохыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн, 44.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Н гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаар тушаалын Г.Н д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Г.Н г урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэх албан тушаалд эгүүлэн томилохыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэл гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН