| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2017/0134/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/129 |
| Огноо | 2017-11-09 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 2017/ШЦТ/129
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, улсын яллагч Д.Аянагүл, шүүгдэгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.*******ид холбогдох эрүүгийн 1736000730063 дугаартай, 178/2017/0134/Э/ индекстэй хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1991 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймгийн Дарви суманд төрсөн, 26 настай,эрэгтэй, ард халх, ******* регистрийн дугаартай, тусгай дунд боловсролтой, барилгын техникч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах эгч нарын хамт Ховд аймгийн Дарви сумын Булган багт оршин суух, ******* ******* овогт *******ийн *******
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Н.******* нь 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Ховд аймгийн Дарви сумын Булган багийн нутаг дэвсгэрт иргэн Б.*******гийн тээврийн хэрэгсэл дотроос Жи-5 маркийн гар утсыг хулгайлж 465000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Ховд аймгийн Дарви сумын Булган багт авга ах Лувсаншаравын найранд оролцож байх хугацаандаа машинаа онгорхой орхисон ба машин дотор байсан Жи-5 маркийн гар утсаа хулгайд алдсан...Хулгайд алдсан гар утсаа бүрэн хүлээж авлаа. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ./хх 10-14-р хуудас/
Гэрч Г.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:...манай нөхөр Мөнх-Очир Их буян зах дээр зогсдог шавьдаа 600000 төгрөг урьдчилж өгөөд 2 утас захисан байсан. 7 хоногийн дараа нөхөр бид хоёр *******ийн ажил дээр очиход “та хоёрт таалагдвал энэ утсыг авах уу” гээд шаргал өнгөтэй Жи-5 утас харуулсан. Бид хоёр тэр утсыг аваад үлдсэн нэг утсаа дараа авахаар болсон. Маргааш орой нь би харанхуй орц руугаа орж явахдаа бүдэрч унаад нөгөө утасныхаа дэлгэцийг хагалчихсан гэжээ. /хх 19-р хуудас/
Гэрч Д.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2017 оны 09 дүгээр сарын 10-даар ажил дээрээ байж байтал нэг залуу ирээд гар утас худалдаж авах уу гэхээр үзэхэд Жи-5 маркийн шинэвтэр утас байсан.Ямар учиртай утас юм бэ гэхэд нөгөө залуу “ хүнээс авах ёстой мөнгөнийхөө оронд авсан“ гэж байсан. Тэгээд тэр утсыг би 90000 төгрөгөөр худалдаж авсан. Намайг хот руу явахаас 4-5 хоногийн өмнө манай их сургуулийн багш *******гийн нөхөр ******* ах надад утас захиад 600000 төгрөг өгсөн байсан. Тэгээд би ******* ахад нөгөө утсаа үзүүлээд та хоёр энийг түр барьж бай, би хот руу бараандаа явж ирээд үлдсэн утсыг чинь өгье гээд уг утсыг өгсөн гэжээ. /хх-20-р хуудас/
Эд зүйл үнэлсэн тухай тайлан / хх-27-р хуудас/
Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг /хх-41-42-р хуудас/
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 43-р хуудас/
Шүүгдэгч Н.******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: 2017 оны 09 дүгээр сарын эхээр Ховд аймгийн Дарви сумын Булган багт манай хамаатны хүний хурим болсон. Уг хуримд зүс таних Баясаа ах ирсэн байсан. Манай ээж Баясаа ахын машинд суугаад хүргэний талд оччихоод ирэхдээ машинд цүнхээ орхисон байна, намайг аваад ир гэхээр нь би гэрийн гадна байсан Баясаа ахын машинд очоод хаалгыг нь таттал онгорхой байсан. Тэгээд ээжийн цүнхийг аваад жолооч талын суудлын ар талын шалан дээр шаргал өнгөтэй, Самсунг Жи-5 гар утас байхаар нь авчихсан.Хэд хоногийн дараа аймгийн төв рүү ажил гараад явахдаа нөгөө утсаа авч яваад Их буян зах дээр байрлах гар утасны засварын газарт 90000 төгрөгөөр зарсан. Би хийсэн хэргээ зөвшөөрч байна.Гэм буруугаа ойлгож байна гэжээ. / хх 44-45-р хуудас/ гэх зэрэг баримт болно.
Шүүгдэгч Н.******* нь 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Ховд аймгийн Дарви сумын Булган багийн нутаг дэвсгэрт иргэн Б.*******гийн тээврийн хэрэгсэл дотроос Жи-5 маркийн гар утсыг хууль бусаар, нууцаар хулгайлж авсан болох нь хохирогч Б.*******гийн мэдүүлэг, гэрч Д.*******, Г.******* нарын мэдүүлэг, эд зүйл үнэлсэн тухай, эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт ач холбогдолтой, хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн авсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Н.*******ийг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар :
Шүүгдэгч Н.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хх-49-р /-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь хохирогчид хохирол төлсөн болох нь хохирогч Б.*******гийн ... би хулгайд алдсан гар утсаа бүрэн хүлээж авлаа. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй /хх 10-14-р хуудас/, иргэний нэхэмжлэгч Д.*******, Г.******* нарын ...хохирлоо нөхөн төлүүлсэн, нэхэмжлэх зүйлгүй /хх 16,18/ гэх мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүхэд эд мөрийн баримт ирээгүй болохыг дурдах, шүүгдэгчийн эзэмшлийн Монел маркийн зурагт битүүмжилсэн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Прокурорын тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* ******* овогт *******ийн *******ийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* овогт *******ийн *******ийг 240 / хоёр зуун дөчин / цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4.Эрүүгийн 1736000730063 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид учирсан хохирол төлөгдсөн болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Н.*******ийн эзэмшлийн Монел маркийн зурагт битүүмжилсэн прокурорын 2017 оны 11 сарын 02-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.
5.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Н.*******ид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч , хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС
Top of Form