Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 125/ШШ2023/0033

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Г” ХХК-нийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймгийн Дөргөн сумын Засаг даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Г ” ХХК-нийн ашигт малтмалын хайгуулын ХV-022233 дугаартай болон XV-022234 дугаартай тусгай зөвшөөрлүүдийн 2023 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Ховд аймгийн Дөргөн сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг хариуцагчид даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хуягбаатар,  хариуцагч Ховд аймгийн Дөргөн сумын Засаг дарга Л.Ц , хариуцагчийн өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун болон шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Аззаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. Нэхэмжлэгч “Г ” ХХК нь Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/155 дугаар “Сонгон шалгаруулалт зарлах тухай” тушаалаар зарласан СШ-64-3 дугаартай сонгон шалгаруулалтан оролцон шалгарч, Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 65 дугаар тушаалаар Дөргөн сумын Баянхайрхан нэртэй 14436.68 га талбайд XV-022234 дугаартай, 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 77 дугаар тушаалаар Дөргөн сумын Цом уул нэртэй 11772.16 га талбайд XV-022233 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгожээ.

1.2. “Г ” ХХК-нийн 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 65 дугаар албан бичгээр хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий 2 талбайд 2023 онд хэрэгжүүлэх байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар Ховд аймгийн Дөргөн сумын Засаг даргад хүргүүлсэн.

1.3. Ховд аймгийн Дөргөн сумын Засаг даргын 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 1/75 дугаар албан бичгээр “... байгаль орчны хяналтын улсын байцаагчийн орон тоо сул байгаа тул 2023 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлах боломжгүй...” гэх үндэслэлээр “Г ” ХХК-ийн 2023 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан хариу өгсөн.

1.4. Нэхэмжлэгчээс 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 101 дүгээр албан бичгээр 2023 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан Дөргөн сумын Засаг даргын эх үйлдэхүйтэй холбоотой арга хэмжээ авч, 2023 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар талаар Ховд аймгийн Засаг даргад хүсэлт гаргасан боловч хариу өгөөгүй тул 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

        

            Хоёр. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

2.1. Нэхэмжлэгч “Г ” ХХК-нийн захирал Ч.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "Г " ХХК нь 2011 онд үүсгэн байгуулагдан, геологи хайгуулын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа инженер, техникийн 60 гаруй үндсэн ажилтантай үндэсний хөрөнгө оруулалттай хуулийн этгээд юм.

Манай компани нь Ашигт малтмал газрын тосны газраас зарласан 52 дугаар сонгон шалгаруулалтад оролцон шалгарч, Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 65 тоот шийдвэрийн дагуу Ховд аймгийн Дөргөн сумын нутагт орших Баян Хайрхан нэртэй 14436.68 га талбай бүхий XV-022234 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл, 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 77 тоот шийдвэрийн дагуу Ховд аймгийн Дөргөн сумын нутагт орших “Цом уул” нэртэй 11772.16 га талбай бүхий XV-022233 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг тус тус эзэмших эрхтэй болсон.

Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай 38 дугаар зүйлийн 38.1.3-д заасны дагуу байгаль орчныг хамгаалах зорилго бүхий байгаль орчны менежментийн төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байрших сумын Засаг даргад хүргүүлж батлуулах үүрэгтэй байдаг. Манай компани дээрх 2 ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн 2023 оны хайгуулын ажлын төлөвлөгөөг Ашигт малтмал газрын тосны газраар 2023 оны 3-р сарын 15,16-ны өдөр батлуулж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар 2023 оны 4-р сарын 03-ний өдөр Ховд аймгийн Дөргөн сумын Засаг дарга Л.Ц-д 2023 оны хайгуулын ажлын төлөвлөгөөний хамт 2023 оны байгаль орчны хамгаалах менежментийн төлөвлөгөөг албан бичгээр хүргүүлсэн.

Ховд аймгийн Дөргөн сумын Засаг дарга Л.Ц  2023 оны 4-р сарын 11-ний өдрийн 1/75 дугаартай албан бичгийг цахим шуудангаар манайд ирүүлсэн бөгөөд тус албан бичигт байгаль орчны хяналтын улсын байцаагчийн орон сул байгаа тул 2023 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах боломжгүй тухай бичсэн байсан.Энэхүү хариу албан бичгийг цахим шуудангаар хүлээн авч танилцаад, 2023 оны 4-р сарын 13-ний өдөр Ховд аймгийн Дөргөн сумын Засаг дарга Л.Ц-д Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлэх”-ээр зохицуулсан тул 2023 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж өгнө үү гэдэг хүсэлтээ гаргасан. Гэвч хүсэлтийг хүлээн авснаас хойш хариуг бичгээр өгөөгүй бөгөөд хүсэлтийг шийдвэрлэн хариу өгөх хуульд заасан 30 хоногийн хугацаа 2023 оны 5-р сарын 13-ны өдөр дууссан. Хариу өгөх хугацаа дууссаны дараа 2023 оны 5-р сарын 19-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газарт Ховд аймгийн Дөргөн сумын Засаг дарга Л. Ц-д “Г” ХХК нь тусгай зөвшөөрлийг холбогдох хууль журмын хүрээнд авсан талаар тайлбар мэдээлэл хүргүүлэхийг хүссэн албан бичиг хүргүүлсэн.

Ашигт малтмал, газрын тосны газар 2023 оны 5-р сарын 31-ний өдрийн 10/2800 дугаартай албан бичгээр Ховд аймгийн Дөргөн сумын Засаг дарга Л. Ц-д мэдээлэл хүргүүлсэн.

Ийнхүү Ховд аймгийн Дөргөн сумын Засаг дарга Л.Ц  тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах хуульд заасан үүргээ биелүүлэхгүй, хуульд заасан хугацаанд ямар нэгэн хариу өгөхгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан тул Захиргааны ерөнхий хуулийн 92, 93, 94 дугаар зүйлд заасны дагуу дээд шатны захиргааны байгууллага болох Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаад 30 хоногийн дотор буюу 2023 оны 6-р сарын 5-ны өдөр гомдол гаргасан. Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа манай гомдлыг Захиргааны ерөнхий хуулийн 94.3-д заасны дагуу 2023 оны 7-р сарын 5-ны дотор хянан шийдвэрлэж хариу өгөх ёстой ч хариу өгөөгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Дөргөн сумын Засаг дарга хууль заасан  үндэслэлгүйгээр манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийн менежментийн төлөвлөгөөг батлах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүйгээс Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болж, манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна. Тодруулбал Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.2-д зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч хайгуулын үйл ажиллагаа явуулж буй газар дээрээ байгаль орчны менежментийн төлөвлөгөөг заавал байлгах үүрэг хүлээдэг. Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрөл эзэмшигч хайгуулын үйл ажиллагаагаа явуулахын тулд заавал бүрдүүлдэг бичиг баримтын нэг нь тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө юм. Батлагдсан байгаль орчны менежментийн төлөвлөгөө байхгүй тохиолдолд хайгуулын үйл ажиллагаагаа явуулах ямар ч боломжгуй бөгөөд энэхүү баримт бичиггүйгээр үйл ажиллагаа явуулсан тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэн, үйл ажиллагааг таслан зогсоож, зохих арга хэмжээ авдаг хууль зүйн үр дагавартай.

Мөн Ашигт малтмал газрын тосны газраар батлуулсан хайгуулын ажлын төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа эрхэлж, хайгуулын тусгай зовшөөрөл эзэмшигчийн хувьд ашигт малтмалын тухай хууль болон бусад хуулийн хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүйд хүрч, хайгуулын талбайд ажил хийгдэхгүйн улмаас Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4-д зааснаар тухайн жилд гаргах хайгуулын ажлын зардлаа гapгaaгүй үндэслэлээр тусгай зөвшөөрөл цуцлагдах сөрөг ур дагавар үүсэх эрсдэлтэй.

Түүнчлэн, манай байгууллагын үндсэн үйл ажиллагаа хайгуулын үйл ажиллагаа эрхэлдэг мэргэжлийн байгууллага тул үндсэн үйл ажиллагаа шууд доголдож, маш олон геологич, инженер техникийн ажилчид сул зогсож, компаниас цалингийн болон бусад үр ашиггүй маш их зардал гарч эдийн засгийн хувьд хохирол амсаж байгаа болно.

Эндээс “Г ” ХХК-ийн Ашигт малтмалын хайгуулын XV-022233 дугаартай болон XV-022234 дугаартай тусгай зөвшөөрлүүдийн 2023 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Ховд аймгийн Дөргөн сумын Засаг даргын эс үйлдэхүйн улмаас "Г ” ХХК-ийн хууль тогтоомжийн дагуу нээлттэй сонгон шалгаруулалтанд оролцож авсан эрхээ хэрэгжүүлж чадахгүй, эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа нь тодорхой билээ.

Иймд, "Г ” ХХК-ийн Ашигт малтмалын хайгуулын XV-022233 дугаартай болон XV-022234 дугаартай тусгай зөвшөөрлүүдийн 2023 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Ховд аймгийн Дөргөн сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

            2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хуягбаатар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Г" ХХК нь ашигт малтмалын хайгуулын XV-022233 дугаартай болон XV-022234 дугаартай тусгай зөвшөөрлүүдийн 2023 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Ховд аймгийн Дөргөн сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

“Г ” ХХК-нийн Ашигт малтмал газрын тосны газраас зарласан 52 дугаар сонгон шалгаруулалтад оролцон шалгарч, Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 65 тоот шийдвэрийн дагуу Ховд аймгийн Дөргөн сумын нутагт орших Баян Хайрхан нэртэй 14436.68 га талбай бүхий XV-022234 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл, 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 77 тоот шийдвэрийн дагуу Ховд аймгийн Дөргөн сумын нутагт орших “Цом уул” нэртэй 11772.16 га талбай бүхий XV-022233 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг тус тус эзэмших эрхтэй болсон.Сонгон шалгаруулалттай холбоотой ямар нэгэн маргаан гаргаагүй. Сонгон шалгаруулалтын үнэ болон хайгуулын тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрүүдийг бүрэн төлсөн.

            Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахдаа энэ зүйлд заасан нийтлэг үүргийг биелүүлж ажиллах бөгөөд зөрчвөл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээн 35.2-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараахь баримт бичгийг хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа газар дээр байлгана”, 35.2.2-д байгаль орчны менежментийн төлөвлөгөө, тайлан” гэж заасан. Хариуцагчаас 2023 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүйгээс хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжгүй болоод байгаа юм. Үүнтэй холбоотой Ашигт малтмал газрын тосны газраар батлуулсан хайгуулын ажлын төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа эрхэлж, хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд ашигт малтмалын тухай хууль болон бусад хуулийн хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүйд хүрч, хайгуулын талбайд ажил хийгдээгүйн улмаас Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4-д зааснаар тухайн жилд гаргах хайгуулын ажлын зардлаа гapгaaгүй үндэслэлээр тусгай зөвшөөрөл цуцлагдах сөрөг үр дагавар үүсэх эрсдэлтэй юм.

Хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд айлуудын өвөлжөө, хаваржааны газар байгааг мэдэж байгаа. Хариуцагчаас үүнийг орлцуулахгүйгээр өөрчилье гэх байдлаар зөвшилцөх саналыг хэлж байгаагүй. Урьд нь байгаль орчны хамгаалах төлөвлөгөөг батлах боломжгүй гэсэн байдлаар хандаад байгаа учраас нөгөө талаас хайгуулын ажлын төлөвлөгөөгөө байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө хайгуулын ажлын төлөвлөгөө дээр уялдаж хийгддэг. Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2019 оны 10 сарын 29-ний өдрийн А/618 тоот тушаалын дагуу батлахаар холбогдох журамд заасан. Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хууль болон Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тухай хууль заасны дагуу боловсруулж, Г  ХХК-аас хууль журмын дагуу төлөвлөгөөгөө боловсруулаад хүргүүлсэн байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасны дагуу Засаг дарга үүнийг хянаж батлах үүргийг хүлээсэн. Сумын Засаг дарга тухайн ашигт малтмал, лицензтэй талбайд хайгуул хийх тусгай зөвшөөрөлтэй Г ХХК-ийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлах үүрэгтэй. Гэвч үүргээ биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгохоор бид шүүхэд хандсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэнэ үү гэв.

 

2.3. Хариуцагч Ховд аймгийн Дөргөн сумын Засаг дарга Л.Ц  шүүхэд гаргасан тайбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ашигт малтмалын тосны газраас 2018 онд Ховд аймгийн хэмжээнд хайгуул хийхээр 2 албан бичиг ирүүлсэн байдаг. Эхний албан бичиг буюу 2018 оны 01 сарын 29-ний 7/626 дугаар албан бичгээр ашигт малтмалын хайгуул хийхээр олгогдоод байгаа 2 байршил ирсэн. Тухайн байршилд аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх нь 2018 оны 03 сарын 14-ны 1/523 тоот албан бичгээр “...Ашигт малтмалын тухай 17 дугаар зүйлийн 17.1-д Засгийн газрын 2014 оны 239, 2015 оны 511, 2017 оны 37, 234 тогтоолуудыг үндэслэн ашиглалтад байгаа хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгохоор ирүүлсэн мэдэгдлийг судлан үзээд татгалзах саналтай байна...” гэсэн хариу хүргүүлсэн байдаг.Татгалзах үндэслэл нь тухайн газрууд нь Хар ус нуур орчим тусгай хамгаалалттай газар нутгийн бүс мөн Мянган угалзатын нурууны байгалийн цогцолборт газрын бүсэд хамаарах бөгөөд Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн тухай хуулийн 8 дугаар зүйл, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийг тус тус зөрчсөн байсан тул энэхүү саналыг зөвшөөрөөгүй юм.

Мөн дээрх саналыг үндэслээд Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 243 тоот тогтоол баталсан. Энэхүү тогтоолыг батлахад Ховд аймаг болон манай сум татгалзсан санал өгсөн учраас “Г ” ХХК-д олгогдсон тусгай зөвшөөрөл нь анхан шатны нэгж аймгаас санал аваад татгалзсан хариу өгсөн учир уг байгаль орчны төлөвлөгөөг батлах боломжгүй гэж үзэж байгаа юм.

Дээрх 2 хайгуулын бүс нь Дөргөн сумын Сээр багт оршдог, тус баг нь 60 орчим малчин өрхтэй, 60,000 толгой малтай, тухайн зөвшөөрөл авсан гэх бүсэд өнөөдрийн байдлаар 22 айлын өвөлжөө, хаваржааны бүс багтдаг. Мөн Цом-Уул гээд байршилд нь 2006 онд улаан номд орсон ховор болон ховордож болзошгүй зэрэглэлээр улаан номд орсон янгир ямаа нутагладаг. Монгол улсын хэмжээнд 13 аймаг, 86 суманд 30 мянга орчим янгир ямаа байдгаас тус газарт 1% буюу 30-аас 40 янгир ямаа нь тус ууланд оршдог гэж үздэг.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

2.4. Хариуцагчийн өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ашигт малтмалын тосны газрын 2018 оны 01 сарын 29-ний 7/626 дугаар болон 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 7/3747 дугаартай албан бичгийг Дөргөн сумын Засаг даргад ирүүлсэн байдаг. Дээрх 2018 оны 01 сарын 29-ний 7/626 дугаар албан бичигт заасан газрын байршил нь тусгай хамгааллалттай газар нутагт хамаарч байгаа учраас хайгуул хийхийг зөвшөөрөхгүй гэх хариуг аймгийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 1/523 дугаар албан бичгээр хүргүүлсэн. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Газар нутгийн орчны бүсийн тухай хуулийн 8 дугаар зүйл, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийг тус тус зөрчсөн гэх үндэслэлээр татгалзсан. Харин Ашигт малтмалын тосны газрын 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 7/3747 дугаартай албан бичигт Дөргөн сумын нутаг дэвсгэрт хайгуул хийх талбай тусгаагүй байсан.

Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 17.1-д заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авч, 45 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ. Аймаг, нийслэлийн Засаг дарга хуульд заасан үндэслэлээр татгалзсан хариу өгч болно” гэж заасан. Энэ заалт нь хэрвээ тухайн орон нутгаас татгалзсан санал өгвөл хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй гэсэн заалт юм.

Гэтэл хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй гэсээр байтал хууль зөрчиж хайгуул хийх талбайд бүртгэж сонгон шалгаруулалт зарласан нь хууль бус юм. Сонгон шалгаруулалтын тухайд Дөргөн сумын Засаг дарга нь оролцогч болон сонирхогч этгээд биш. Гэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан эрхээ хэрэгжүүлье гэх байр сууринаас хандсан. Нэхэмжлэгч компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд тус сумын иргэдийн өвөлжөө, хаваржаа байдаг. Мал сүрэг бол үндэсний баялаг тул уг баялагт аюул учрах нөхцөл байдал үүсээд байгаа юм.

Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар Дөргөн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас санал авсан байх ёстой. Санал аваагүй хэрнээ хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон нь Ашигт малтмал газрын тосны газрын буруутай үйл ажиллагаа тул хариуцлага хүлээх ёстой субьект нь Ашигт малтмал газрын тосны газар юм. Тийм учраас өөрт учирсан гэх хохирлоо нэхэмжлэгч нь Ашигт малтмал газрын тосны газраас нэхэмжлэх эрх нээлттэй байгаа.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

           

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, тайлбар болон хариуцагчийн тайлбарт дүгнэлт хийж, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2.Нэхэмжлэгчээс “Г ” ХХК-нийн ашигт малтмалын хайгуулын ХIV-022233 дугаартай болон XV-022234 дугаартай тусгай зөвшөөрлүүдийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах хууль заасан үүргээ биелүүлэхээс татгалзаж эс үйлдэхүй гаргасан гэж, хариуцагчаас тусгай зөвшөөрөл олгох талаар санал өгөөгүй, тус газарт малчдын өвөлжөө, хаваржаа, ховордсон амьтад хамаарч байх тул батлах боломжгүй гэж тус тус тайлбарлан маргасан.

3. Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/155 дугаар “Сонгон шалгаруулалт зарлах тухай” тушаалаар СШ-64-3 дугаартай нийт 25 талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зарласнаас СШ64159 кодтой Ховд аймгийн Дөргөн сумын нутагт байрлах 11.772.16 га талбай бүхий “Цом уул” нэртэй, мөн СШ64160 кодтой, Ховд аймгийн Дөргөн сумын нутагт байрлах 14.436.68 га талбай бүхий Баян хайрхан нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч “Г ” ХХК оролцсон байна. Сонгон шалгаруулалтын комиссын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 3 дугаар дүгнэлтийг үндэслэн Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 65 дугаар тушаалаар нэхэмжлэгч компанид Дөргөн сумын Баянхайрхан нэртэй 14436.68 га талбай, 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 77 дугаар тушаалаар Дөргөн сумын Цом уул нэртэй 11772.16 га талбайд тус тус ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгожээ.

4. Ашигт малтмал газрын тосны газрын 2023 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 10/679, 2023 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 10/793 дугаар албан бичгүүдээр нэхэмжлэгч “Г ” ХХК-д дээрх 2 талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгосныг Байгаль орчин аялал жуучлалын яаманд мэдэгдэж, уг албан бичгийн хувийг Ховд аймгийн Засаг дарга, Дөргөн сумын Засаг даргад хүргүүлсэн.

5. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах талаар дараахь үүрэг хүлээнэ: 38.1.1-д “ тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах”, 38.1.3-д “энэ хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргад хүргүүлж батлуулах”, 38.2-д “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ. гэж тус тус заажээ.

6. Нэхэмжлэгч “Г ” ХХК-нийн 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 65 дугаар албан бичгээр хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий 2 талбайн 2023 онд хэрэгжүүлэх байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар Ховд аймгийн Дөргөн сумын За саг даргад хүргүүлсэнд Дөргөн сумын Засаг даргын 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 1/75 дугаар албан бичгээр “... байгаль орчны хяналтын улсын байцаагчийн орон тоо сул байгаа тул 2023 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлах боломжгүй...” гэсэн хариуг өгсөн тул дахин  2023 оны 4-р сарын 13-ний өдрийн 76 дугаар албан бичгээр” ...төрийн үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах үүднээс тор орлон ажиллах хүн эсхүл аймгийн холбогдох газрын байцаагчаар хянуулах боломжтой. Төлөвлөгөө батлах хуулийн хугацаандаа батлуулж ажлаа хугацаандаа гүйцэтгэхгүй бол компанид зардал өндөр гарах эрсдэл үүснэ...” гэх агуулгатай   хүсэлтийг хүргүүлсэн байна.

7. Улмаар хариу өгөөгүй тул нэхэмжлэгч Ашигт малтмал, газрын тосны газарт хандаж, тус газраас 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 10/2800 албан бичгээр Дөргөн сумын Засаг даргад нэхэмжлэгч компанид тусгай зөвшөөрөл олгосон үндэслэлийн талаар мэдээлэл өгч, Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйийн 42.1-п”Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, хандив, тусламж өгөх асуудлаар нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулж ажиллана.” гэж зааснаар гэрээ байгуулж ажиллах боломжтой талаар  зөвлөмж өгсөн байна.  

8. Хариуцагчаас “байгаль орчны хяналтын улсын байцаагчийн орон тоо сул байгаа тул 2023 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлах боломжгүй”  гэх үндэслэлээр “Г ” ХХК-ийн 2023 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахаас татгалзсан бол хариуг бичгээр өгсөн байх ч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа “...Ашигт малтмал газрын тосны газраас 2018 онд 2 удаа мэдэгдэл ирүүлсэн боловч 1 мэдэгдэлд хамаарах газар Дөргөн сумын нутаг дэвсгэр тусгагдаагүй, нөгөө мэдэгдэлд Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар 45 хоногийн дотор аймгийн Засаг даргаас “дэмжихгүй” гэх санал хүргүүлсэн. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон  талбайд Дөргөн сумын нэр бүхий 50 орчим өрхийн өвөлжөө, хаваржаа болон улаан номонд ховор болон ховордож буй амьтны зэрэглэлд орсон янгир ямааны тархац нутаг хамаарч байгаа тул төлөвлөгөөг батлахаас татгалзсан” гэжээ.

9. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон үндэслэл, үйл баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хамаарахгүй байх тул дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ. Ашигт малтмал газрын тосны газраас хайгуулын ажлын төлөвлөгөөг баталсан талаар нэхэмжлэгч тайлбарласан болно.

10. Ашигт малтмалын тухай хуулиас үзвэл хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын ажлын төлөвлөгөөг үндэслэн сумын Засаг даргатай зөвшилцөж байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар байх ба төлөвлөгөөг батлахаас татгалзах талаар зохицуулалт байхгүй байна.    

11. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчныг хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, стратегийн үнэлгээний зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээр тогтоосон сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах, урьдчилан сэргийлэх, төсөл хэрэгжих орчинд бий болж болзошгүй сөрөг үр дагаврыг хянах, илрүүлэх зорилгоор байгаль орчны менежментийн төлөвлөгөөг байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг гүйцэтгэсэн байгууллага боловсруулна.”, 9.2-т “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний салшгүй бүрэлдэхүүн хэсэг байна.”, 9.12-т “Байгаль орчны менежментийн болон уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд тухайн орон нутгийн байгаль хамгаалагч, байгаль орчны хяналтын улсын байцаагч, бүх шатны засаг дарга, төрийн захиргааны төв байгууллага болон байгаль орчны төрийн бус байгууллага хяналт тавина” гэж,  Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.5-д “Сумын Засаг дарга нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж тус тус зааснаас үзвэл хариуцагч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзах үндэслэлгүй, харин төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэхээр байна.

12. Иймд хариуцагчаас “байгаль орчны хяналтын улсын байцаагч төлөвлөгөөг хянаж үзэх шаардлагатай, тус албан тушаалын орон тоо сул байгаа” гэх үндэслэлээр “Г ” ХХК-нийн 2023 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах боломжгүй гэж хариу өгсөнийг төлөвлөгөөг батлахаас татгалзсан гэж үзэх боломжгүй.

13. Харин татгалзалын үндэслэлээ хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон газарт амьдрах малчдын эрх, хууль ёсны ашиг сонирхол, ан амьтадын амьдрах орчин хөндөгдөх талаар тайлбарлаж төлөвлөгөөг батлахаас татгалзах нь хууль бус буюу Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцээгүй гэж дүгнэлээ.

14. Нэхэмжлэгчээс байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүйгээс 2023 онд  үйл ажиллагааг явуулж чадаагүй гэж тайлбарласан ч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхгүйгээр шийдвэрлүүлэх боломжтой гэж байх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.

15. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Г ” ХХК-нийн ашигт малтмалын хайгуулын ХIV-022233 дугаартай болон XV-022234 дугаартай тусгай зөвшөөрлүүдийн 2023 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Ховд аймгийн Дөргөн сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.

16. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заанаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан  төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн Дөргөн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1 дэх хэсгийн 106.3.4 дэх заалт, 107 дугаар зүйлийн 107.7 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.1.3, 38.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Г ” ХХК-нийн ашигт малтмалын хайгуулын ХV-022233 дугаартай болон XV-022234 дугаартай тус тус тусгай зөвшөөрлийн 2023 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Ховд аймгийн Дөргөн сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 2023 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Ховд аймгийн Дөргөн сумын Засаг даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заанаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан  төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн Дөргөн сумын Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Г ” ХХК-д буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ОЮУНГЭРЭЛ