Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2020/ДШМ/1455

 

С.Б-, Ч.Д- нарт холбогдох

       эрүүгийн хэргийн тухай     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ганбулган, Ц.Сүхбат, Б.Энэрэл,

шүүгдэгч С.Б-, түүний өмгөөлөгч П.Баасанжав, Г.Должинсүрэн,

шүүгдэгч Ч.Д-, түүний өмгөөлөгч Б.Мөнхбат, О.Сайнгэрэл,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/602 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Б-, түүний өмгөөлөгч П.Баасанжав, Г.Должинсүрэн болон шүүгдэгч Ч.Д-, түүний өмгөөлөгч Б.Мөнхбат, О.Сайнгэрэл нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар С.Б-, Ч.Д- нарт холбогдох эрүүгийн 1702 00165 0085 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. С.Б-, 1956 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 63 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            2. Ч.Д-, 1953 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Төв аймагт төрсөн, 67 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

             С.Б- нь 2007 оны 11 дүгээр сараас 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн “Хөрөнгө оруулалтын гэрээний тухай” 51 дугаартай тогтоолоор “Оюутолгой” ордыг ашиглах зорилгоор гадаад, дотоодын хөрөнгө оруулагчтай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах яриа хэлэлцээр хийхийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нарт үүрэг болгож, Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн “Гарын үсэг зурах эрх олгох тухай” 308 дугаартай тогтоолоор стратегийн орд болох “Оюутолгой” төслийн хүрээнд “Айвенхоу Майнз Монголия Инк”, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компаниудтай хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэх эрхийг нэр бүхий Засгийн газрын гишүүдэд олгож, мөн өдөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах нөхцөлийг бүрдүүлсэн,

            2007 оны 11 дүгээр сараас 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Оюутолгойн ордыг ашиглалтад оруулах Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахад олж авсан мэдээлэл, цаашид үүсэж болох нөхцөл байдал зэрэгт үндэслэн албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгоор:

             найз Ч.Д-ын хувь нийлүүлсэн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Петровис Трейдинг” ХХК-ийг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Айвенхоу Майнз Монголия Инк” /одоогийн Оюутолгой/ ХХК-тай 2009 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ВРА №0027 дугаартай “Шатах, тослох материал нийлүүлэх тухай” гэрээ байгуулах, энэ гэрээ 2013 оныг дуустал хүчинтэй байх хугацаанд “Петровис Трейдинг” ХХК нь 418.385.173.982,34 төгрөгийн орлого олох боломжийг олгож буюу “Оюутолгой” болон “Петровис Трейдинг” компаниудын хооронд байгуулагдсан бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, түүний үр дүнд “Петровис Трейдинг” компанид эдийн засгийн хувьд давуу байдал бий болгон Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан,

            эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад бий болгосон давуу байдлаас үүссэн хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор Америкийн Нэгдсэн Улс руу явж, Ч.Д-тай бүлэглэн өөрийн том охин Б.Нандин болон Ч.Д- нарын хамтран эрхэлдэг гэх үл хөдлөх хөрөнгийн бизнесийг үргэлжлүүлэн явуулж байгаа нэрийдлээр Америкийн Нэгдсэн Улсын Сиэтл, Нью-Йорк хотуудад 2010 оноос 2014 оны хооронд 4 үл хөдлөх хөрөнгийг нийт 11.643.000 ам.доллараар худалдан авч, улмаар дээрх үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогыг Америкийн Нэгдсэн Улсын “Банк оф Америка” банк дахь өөрийн болон эхнэр Э.Сувдын дансаар 2011 оноос 2017 он хүртэлх хугацаанд нийт 3.569.148,56 ам.доллар буюу 5.580.444.637,22 төгрөгийг авч, мөнгө угаасан гэмт хэргийг зохион байгуулсан,

            Ч.Д- нь С.Б-тай бүлэглэн Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Б-ын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад бий болгосон давуу байдлаас үүссэн хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор С.Б-ын охин Б.Нандинтай хамтран үл хөдлөх хөрөнгийн бизнесийг үргэлжлүүлэн явуулж байгаа нэрийдлээр Америкийн Нэгдсэн Улсын Сиэтл, Нью-Йорк хотуудад 2010 оноос 2014 оны хооронд 4 үл хөдлөх хөрөнгийг нийт 11.643.000 ам.доллараар худалдан авч, улмаар дээрх үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогыг Америкийн Нэгдсэн Улсын “Банк оф Америка” банк дахь С.Б-ын болон түүний эхнэр Э.Сувдын дансаар 2011 оноос 2017 он хүртэлх хугацаанд нийт 3.569.148,56 ам.доллар буюу 5.580.444.637,22 төгрөгийг авч, мөнгө угаасан тус тус гэмт хэрэгт холбогджээ.

            Нийслэлийн прокурорын газраас: С.Б-ын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэг, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар, Ч.Д-ын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С.Б-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж давтан үйлдлээр бусдад давуу байдал бий болгон Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан мөнгө угаасан гэмт хэргийг зохион байгуулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн,

            шүүгдэгч Ч.Д-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутайд тооцож,

            шүүгдэгч С.Б-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хорих ялаар, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 2 жилийн хорих ялаар,

            шүүгдэгч Ч.Д-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгэж,

            2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-т оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх ялыг тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 5 жилийн хорих ялаар тогтоож,

             Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-, Ч.Д- нарт тус тус оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ын цагдан хоригдсон 59 хоног, шүүгдэгч Ч.Д-ын сэжигтнээр баривчлагдсан 2 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцож,

            шүүгдэгч С.Б-т авсан барьцаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Ч.Д-д авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, тэдгээрийг цагдан хорьж, эдлэх ялыг 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тус тус тоолж,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 6 дахь заалтад тус тус зааснаар шүүгдэгч С.Б-аас 3.569.148,56 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 5.580.444.000 төгрөгийг, шүүгдэгч Ч.Д-аас 3.5 сая ам.доллар буюу 5.766.040.000 үнэлгээтэй АНУ-д байгаа орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хураан улсын орлого тус тус болгож,

            шүүгдэгч С.Б-ын өмчлөлд байгаа Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Санзай хотхон, 1 дүгээр хэсэг гудамжны 56 тоот хаягт байрлах амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн /61хх-154х/-ийг хохиролд тооцуулахаар Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж,

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн АНУ-ын эрх бүхий байгууллагаас ирүүлсэн эрүүгийн хэргийн эрх зүйн туслалцааны хүсэлтийн хариуд хавсаргасан “Kingston” гэх бичигтэй төмөр флаш диск /С.Б- болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн үүсгэн байгуулсан хуулийн этгээд, үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл, Банк оф Америка банкны дансны мэдээллийг агуулсан/ 1 ширхэг, АНУ-ын эрх бүхий байгууллагаас ирүүлсэн эрүүгийн хэргийн эрх зүйн туслалцааны хүсэлтийн хариуд хавсаргасан /CRM-182-65498/ гэх хар өнгийн бэхээр бичсэн шар өнгийн DVD /С.Б- болон түүний хамаарал бүхий этгээд, тэдний үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжүүдийн банкны дансны мэдээлэл агуулсан/ 1 ширхэг, шүүгдэгч С.Б-ын мэдүүлгийн дүрс бичлэг бүхий 4 ширхэг DVD зэргийг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч С.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...А. “Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж давтан үйлдлээр бусдад давуу байдал бий болгон Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан” гэсний тухайд:

Бодит амьдралд тийм юм огт болоогүй бөгөөд болох бололцоо ч үгүй. Учир нь, “Оюутолгой”, “Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ” бол 2005 оноос хойш Засгийн газар болон түүний яам, агентлаг, Улсын Их хурал болон түүний байнгын хороодоор удаа дараа хэлэлцэгдэж ирсэн нээлттэй баримт юм. “Оюутолгой”, “Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ”, түүний хавсралтад ямар ч компанид “давуу байдал” бий болгох ямар нэгэн мэдээлэл огтхон ч үгүй юм. “Петровис Трейдинг” ХХК нь “Оюутолгой” ХХК-тай 2002-2013 онд хамтран ажиллаж, байгуулсан гэрээгээ жил бүр сунгасаар иржээ. Энэ хоёр компанийн хооронд 2009 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр байгуулсан гэрээний нөхцөл нь 2008 онд байгуулсан гэрээний нөхцөлөөс хэд хэдэн үзүүлэлтээр “Петровис Трейдинг” ХХК-ийн хувьд харин ч дордсон байгааг шүүхэд мэдүүлэг өгөхдөө Ч.Д- баримтаар нотолсон. Хэрэв миний бие энэ гэрээ байгуулахад нь нөлөөлж “Петровис Трейдинг” ХХК-д давуу байдал олгосон” бол гэрээний нөхцөл нь өмнөх гэрээнийхээс дордох ёсгүй байсан биз. Гэвч анхан шатны шүүх баримтаар нотлогдож буй энэ нөхцөл байдлыг үл ойшоов.

Нөгөөтэйгүүр, намайг энэ хоёр компанийн хооронд гэрээ байгуулахад нөлөөлсөн гэж үзвэл, миний бие Ерөнхий сайдаар ажиллаж байсан үед байгуулсан гэрээний үнийн дүнг л надад хамаатуулмаар юм. Миний бие албан тушаалаасаа 2009 оны 10 дугаар сарын 27-ны өдөр чөлөөлөгдсөн байхад анхан шатны шүүх “Шүүгдэгч С.Б- нь ВРА №0027 дугаартай гэрээ 2013 оныг дуустал хүчинтэй байх хугацаанд “Петровис Трейдинг” ХХК нь 418 тэрбум төгрөгийн орлого олох боломжийг олгосон” хэмээн намайг асар их мөнгөний дүнтэй холбон буруутгав.

Цаашилбал, шийтгэх тогтоолд “С.Б- нь “Петровис Трейдинг” ХХК-д 418 тэрбум төгрөгийн орлого олох боломжийг олгож, эдийн засгийн давуу байдал бий болгон Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан” гэж тэмдэглэсэн. Яллах дүгнэлтэд хавсаргасан “Эрүүгийн ... 0085 хэргийн хохирлын болон гэмт хэрэг үйлдэж олсон орлогын тооцоо” гэх баримтад С.Б- гэх нэрийн эсрэг “хүнд хор уршиг” гэсэн хэрнээ “мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх боломжгүй” гэж тэмдэглэсэн байдаг. Улсад хүнд хор уршиг учирсан юм бол түүний үр дагавар нь ямар нэгэн байдлаар илрэх ёстой гэж ойлгож байгаа.

Ийнхүү С.Б- миний бие албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгоор ашиглаж, “Петровис Трейдинг” ХХК-д 418 тэрбум төгрөгийн орлого олох боломжийг олгож, тус компанид эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх хэрэг нотлогдсонгүй. Харин ч эсрэгээр миний бие албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэргийг үйлдээгүй, энэ хэргийн улмаас Монгол Улсад хүнд хор уршиг учраагүй нь нотлогдож байна.

Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Б- намайг “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” хэмээн буруутгах гол үндэслэл нь “Мишээл-Од Аудит” гэх компанийн дүгнэлт байв. Уг дүгнэлт нь нарийн мэргэжлийн болон эрх зүйн талаасаа шаардлага огт хангахгүй, дэндүү хариуцлагагүй дүгнэлт болсон нь шүүхийн явцад бүр ч тодорхой харагдсан бөгөөд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх үүнийг анхааралдаа авна хэмээн найдаж байна.

            Б. “Мөнгө угаасан гэмт хэргийг зохион байгуулсан” гэсний тухайд;

Ерөнхий сайдын ажлаас чөлөөлөгдөөд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа, тэр тусмаа гадаад улсад байгаа миний бие ямар албаны бүрэн эрх, албан тушаалын эрх нөлөөг урвуулан ашиглаж, улмаар мөнгө угаах гэмт хэргийг яаж зохион байгуулсан байж таарах вэ. Шүүхээс гэм буруутай гэж үзсэн Эрүүгийн хуулийн зүйл хэсэг, агуулга нь шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан нотлох баримттай илт зөрчилдөж байгаагийн нэгэн жишээ энэ билээ. “Мөнгө угаах гэмт хэргийг зохион байгуулна” гэдэг нь уг хэргийг санаачлах, удирдах, төлөвлөх, оролцогчийн үүргийг хуваарилах зэрэг үйлдлийг хэлдэг биз. Хэрэв тийм бол С.Б- миний бие мөнгө угаах гэмт хэргийг зохион байгуулсан нь ямар нотлох баримтаар, яаж нотлогдож байгаа нь прокурорын яллах дүгнэлтэд ч, шүүхийн тогтоолд ч ор тас тусгагдсангүй.

            Миний найз Ч.Д-, охин Б.Нандин хоёр Америкийн Нэгдсэн Улсын Нью-Йорк, Сиэтл хотуудад нийтдээ 9 үл хөдлөх хөрөнгө авсан байна. Худалдаж авсан эдгээр 9 байрны эхний 5-ыг засч тохижуулан түрээсэлж байх тэр үед Оюутолгойн гэрээ зурагдах бүү хэл, би Ерөнхий сайд ч болоогүй байсан. Миний бие Оросын Холбооны Улсад элчин сайд байсан бөгөөд нутагтаа буцаж ирээд намын сонгуульт ажил эрхэлж байв. Намайг 2010 онд Ерөнхий сайдын ажлаас чөлөөлөгдөн Америкийн Нэгдсэн Улсад эмчилгээнд очих үед Ч.Д-, Б.Нандин нарын бизнес 5 дахь жилдээ үргэлжилж байв. Шийтгэх тогтоолд Ч.Д-, Б.Нандин нарын 2010 оноос хойш авсан 4 байшинг надтай холбож “мөнгө угаах гэмт хэрэг зохион байгуулсан” гэжээ.

Уг тогтоолоос үзвэл, С.Б- миний бие “Петровис Трейдинг” ХХК-д бий болгосон давуу байдлаас үүссэн гэх, цаашлаад нуун далдлах зорилгоор Америкийн Нэгдсэн Улс руу авч явсан гэх “хөрөнгийн эх үүсвэр” нь “Петровис Трейдинг”, “Оюутолгой” хоёр компани 2009 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр байгуулсан “Шатах, тослох материап нийлүүлэх тухай” ВРА №0027 дугаартай гэрээ бололтой аж. Энэ л эх үүсвэрээс “Америкийн Нэгдсэн Улсад 4 үл хөдлөх хөрөнгийг 2010 оноос хойш 11,6 сая ам.доллараар худалдан авсан” хэмээн шүүгч дүгнэсэн гэж ойлгогдохоор байна.

Гэтэл BРА №0027 дугаартай дээрх гэрээний дагуу “Петровис Трейдинг” компанийн хувь нийлүүлэгч Ч.Д-ын олсон жилийн ашиг нь 200 орчим мянган ам.доллар байж. 2009-2013 онд Ч.Д- энэ гэрээгээр олсон бүх мөнгөө яагаад ч юм С.Б- надад бүгдийг нь өгсөн байлаа гэхэд Америкийн Нэгдсэн Улсад шинээр 4 үл хөдлөх хөрөнгө авах 11,6 сая ам.долларт энэ мөнгө хүрэхгүй. Үүнийг миний бие болон Ч.Д- шүүх хуралдааны явцад дэлгэрүүлж тайлбарласан боловч шүүгч үүнийг үл тоож, “мөнгө угаасан” хэмээх бодит байдалд үл нийцэх дүгнэлт хийжээ.

Би эхнэр Э.Сувдын хамт 2010-2015 онд Америкийн Нэгдсэн Улсын Сиэтл хотод оршин сууж, эмчилгээ хийлгэж байсан. Тэнд байхдаа Ч.Д-, Б.Нандин нарын худалдаж авсан байранд зөвхөн урсгал зардлаа төлөөд сууж байв. Үнэгүй байранд суусныхаа хариуд нь Ч.Д-, Б.Нандин нарын авсан бусад байрны засвар тохижилт хийх гэрээ хэлцлийг холбогдох компаниудтай хийж, ажил гүйцэтгүүлдэг байв. Эдгээрийн зардлыг Ч.Д-, Б.Нандин нараас дансаар бидэнд шилжүүлж, бид тухай бүрт нь төлбөр тооцоо хийж явсан. Америкийн Нэгдсэн Улсад худалдаж авсан үл хөдлөх хөрөнгийг засварлан тохижуулах, түрээслэх, борлуулах эрхийг зөвхөн тухайн байрны албан ёсны эзэмшигч нь эдэлдэг. Тийм ч учраас Америкийн Нэгдсэн Улсын Сиэтл хотод Ч.Д-, Б.Нандин нарын бизнес эрхэлж байсан 2006-2014 оны хооронд тухайн үед нь сууж байсан миний охид болон эхнэр өөрийн нэр дээр өмчлөгчийн гэрчилгээ албан ёсоор авдаг байсан. Ч.Д-, Б.Нандин нар үл хөдлөх хөрөнгө авахдаа банкны барьцаанд тавигдсан, засвар тохижилтын ажил нь дутуу хийгдсэн байр байшин авч, засч борлуулж, түрээслэдэг байв.

Шийтгэх тогтоолд байгаа “бусдад бий болгосон давуу байдлаас үүссэн” гэх 3.569 сая ам.доллар нь 2010-2017 онд миний болон эхнэр Э.Сувдын дансанд орж байсан бүх мөнгийг нэмж гаргасан дүн юм. Орсон энэ мөнгө нь буцаад хэрхэн зарцуулагдсан, хаашаа ямар данс руу шилжсэн нь тодорхой харагдаж байхад мөрдөгч нийт орсон мөнгөний дүнгээр “мөнгө угаах” гэх хэргийн дүнг тооцож, хэргийг бүрэн бодитой шалгах зарчмыг илэрхий зөрчсөн. Шалгалтыг хуулийн дагуу, ном ёсоор нь хийсэн бол бидний дансаар орж байсан мөнгөний 3,087 сая ам.доллар нь Ч.Д-, Б.Нандин нарын үл хөдлөх хөрөнгийн бизнесийн төлбөр тооцоотой шууд холбоотой нь харагдах юм. Миний болон эхнэр Э.Сувдын дансаар хийж байсан бусад гүйлгээ нь бидний хувийн хэрэглээний зардал байв. Америкийн Нэгдсэн Улсад хийлгэж байсан миний эмчилгээ, манай гэр бүлийн амьжиргааны зардал болон Ч.Д- бид хэдийн хувийн хэрэглээтэй холбоотой.

Мөрдөн шалгах явцад Авлигатай тэмцэх газраас албан ёсны хүсэлт тавьж, Америкийн Нэгдсэн Улсын Хууль зүйн яамны эрүүгийн хэлтсээс миний болон эхнэр Э.Сувд, охин Б.Нандин, найз Ч.Д-, түүний эхнэр С.Шагдардулам нарын дансны мэдээлэл, банкны гүйлгээний баримт, Ч.Д-ын Америкийн Нэгдсэн Улсад үүсгэн байгуулсан компани, худалдан авсан, борлуулсан үл хөдлөх хөрөнгийн дэлгэрэнгүй мэдээллийг ирүүлсэн. Энэ бүх мэдээлэл хэргийн материалд бий. Эдгээр мэдээлэл дотор миний болон эхнэр Э.Сувдын дансаар 2011-2017 онд хийгдсэн 3.569.148,56 ам.долларын гүйлгээний зориулалт, мөнгө орж гарч байсан бүх эх үүсвэрийг он, сар, өдрөөр нь гарган Америкийн Нэгдсэн Улсын хууль хяналтын байгууллага албан ёсоор баримтжуулан ирүүлжээ.

Америкийн Нэгдсэн Улсад оршин сууж байхдаа бидний хийж байсан гүйлгээ, Америкийн Нэгдсэн Улсаас ирүүлсэн энэ бүх мэдээллийн талаар мөрдөн байцаалт явуулж, надаас болон Ч.Д-аас мэдүүлэг авсан бол “мөнгө угаах” гэж үзсэн хэрэгтэй холбоотой бүх асуудал тодорхой болох байв. Харамсалтай нь, мэдүүлэг өгөх бололцоог мөрдөгч, прокурор нар олгосонгүй. Шүүх хуралдаанд бид баримт дэлгэн мэдүүлэг өгсөн боловч шүүх нотлох баримт болгон үнэлсэнгүй.

Америкийн Нэгдсэн Улсын эрх бүхий байгууллагаас ирүүлсэн эдгээр мэдээлэл нь миний болон эхнэр Э.Сувд, охин Б.Нандин, найз Ч.Д-, түүний эхнэр С.Шагдардулам бид хэдийн банкны олон гүйлгээ, мөнгөний шилжүүлгийн учир холбогдлыг тайлбарлах боломжийг бүрдүүлсэн. Хамгийн гол нь, намайг болон Ч.Д-ыг бүрэн цагаатгаж байгаа нотлох баримтууд юм. Гэтэл эдгээр нотлох баримтыг биднийг цагаатгах бус, яллан буруутгах баримт байсан мэтээр хандаж анхан шатны шүүх шийдвэрээ гаргав.

Хэрэв Ч.Д- бид хоёр Америкийн Нэгдсэн Улсын нутаг дэвсгэр дээр хууль бус ямар нэгэн үйлдэл хийсэн бол манай хууль хяналтын байгууллага Америкийн Нэгдсэн Улсын талд хандсан ч, эс хандсан ч бидэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах ажиллагаа эхлүүлэх байсан нь ойлгомжтой. Америкийн Нэгдсэн Улсын хууль нь тийм бөгөөд тэд хуулиа чандлан мөрддөг улс. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хууль хяналтын байгууллагын албан хүсэлтээр Америкийн Нэгдсэн Улсын хууль хяналтын байгууллагаас ирүүлсэн олон баримт, мэдээлэл нь С.Б- намайг болон Ч.Д-ыг тус улсын нутаг дэвсгэр дээр “мөнгө угаах” болон өөр ямар нэгэн гэмт хэрэг үйлдээгүй гэдгийн эрх зүйн хөдлөшгүй нотолгоо юм.

С.Б- надад хорих ял зайлшгүй оногдуулах ёстой гэж үзэж байгаа бол анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн хэмжээг нь багасгаж, надаас 3.569.148,56 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 5.580.444.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хэрэгт авагдсан дансны гүйлгээний баримтуудыг үндэслэн хүчингүй болгож, миний эх, эхнэр болон хүүхдүүдийн маань хамтын өмчлөлд байгаа Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Санзай хотхон, 56 тоотод байрлах амины орон сууцыг маань хохиролд тооцож хураасан шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

Миний бие өдгөө 64 настай, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон, эрүүл мэндийн хувьд сайнгүй нэгэн. Элэгний архаг үрэвсэл, багтраа өвчний улмаас Улсын нэгдсэн II дугаар төв эмнэлгийн хяналтад байж, тогтмол эмчилгээ хийлгэдэг. Удаан хугацаагаар хорих ял эдлэхэд гам алдагдаж, архаг өвчин эмгэг маань сэдэрч, эрүүл мэндэд маань эрсдэлтэй нөхцөл үүсч болзошгүй тул эл хүсэлтийг маань хүлээн авч, хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэх явцад анхан шатны шүүхийн Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн, буруу хэрэг үүрүүлсэн, мөшгин гуйвуулсан олон алдааг зөвтгөж, асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж, шүүх засаглалын нэр хүндийг өргөж өгнө үү. Эсвэл хэрэг хийсэн эсэх нь хамаагүй, бусдад сургамж болгохын тулд намайг заавал ял шийтгэх ёстой гэж үзвэл надад оногдуулсан хорих ял болон төлөх төлбөрийн хэмжээг багасгаж өгнө үү. Мөн надтай хамт буруутгагдаж байгаа Ч.Д- гэх хүн миний найз бөгөөд улс төрд ямар ч хамааралгүй. Намайг шийтгэсэн ч надад найз гэх сэтгэлээр хандаж ирсэн нөхрийг минь ялаас чөлөөлж өгнө үү. ...” гэв.

      Шүүгдэгч С.Б-ын өмгөөлөгч П.Баасанжав давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа бүрэн биш явагдсан, нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх”, 1.7 дугаар зүйлд заасан “хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоох” зарчмууд алдагдсан атал шүүх шүүгдэгч нарын гэм буруу нотлогдсон гэж дүгнэж хэргийг шийдвэрлэсэн ба шүүгдэгчийн хувийн байдалд бодитой дүгнэлт хийгээгүй, хүнд ял оногдуулсныг үндэслэлгүй, хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

      Шүүх хэргийг шийдвэрлэхдээ прокуророос яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэлд хуулийн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэл болж байна.

  1. Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн талаар:

            1.1. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлд энэ хэргийн улмаас “их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан байх”, тодруулбал материаллаг хохирол учирсан тохиолдолд гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байхаар хуульчилжээ. Энэ хуулийг тайлбарласан Улсын Дээд шүүхийн тогтоол буюу 2009 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 23 дугаартай “Эрүүгийн хуулийн 28 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 2 дахь заалтад “...“хүнд хор уршиг” гэж онц их хэмжээний хохирол учирсан, хүний амь нас хохирсон, хүний бие махбодид хүнд, эсхүл хэд хэдэн хүний биед хүндэвтэр гэмтэл учирсан, байгаль орчны тэнцэл алдагдсан, халдварт өвчин тархсан, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдсан, зогссон зэргийг хэлнэ.” ...” гэжээ.

Прокурор яллах дүгнэлтийнхээ тодорхойлох хэсэгт “... хүнд хор уршиг учруулсан” гэж дурдсан атлаа ямар хэр хэмжээтэй хор уршиг учирсан болохыг тодорхойлоогүй, харин яллах дүгнэлтийн хавсралтад мөнгөн дүнгээр илэрхийлэх боломжгүй гэж хуулийн шаардлагыг үл хэрэгсэж, Улсын Дээд шүүхийн тогтоолоор бодит хохирол учирсан байх эсэхээс хэргийн зүйлчлэл нь шууд хамаарахаар тайлбарласан байхад шүүх хэргийн зүйлчлэлд дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэл юм.

Мөн прокурор “...давуу байдал бий болгон” гэж гэмт хэргийн бүрэлдэхүүнд нь байхгүй нөхцөлийг тодорхойлон яллагдагчаар татаж, улмаар энэ зүйл, хэсгээр яллах дүгнэлт үйлдсэнийг шүүх шийдвэрлэсэн. “Давуу байдал бий болгох” гэдэг нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинж юм.

Хэдийгээр тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлд “давуу байдал” гэдэг ойлголтыг тайлбарласан боловч 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт “...Эрүүгийн хууль тогтоомж нь энэ хуулиас бүрдэнэ”, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхийг хориглоно” гэж хууль хэрэглэх журмыг хуульчилсан тул Авлигын эсрэг хуульд заасан нэр томъёог хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй. Хэрэв Авлигын эсрэг хуульд заасан нэр томъёог ашиглавал хуулийг төсөөтэй хэрэглэсэн зөрчил болно.

2002, 2015 оны Эрүүгийн хуульд заасан албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн бүрэлдэхүүн, шинжийг хооронд нь хольж, яллагдагчаар татсан байхад шүүх хууль зүйн дүгнэлт хийгээгүй төдийгүй, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж давтан үйлдлээр бусдад давуу байдал бий болгон” гэж улсын яллагчийн яллаагүй үндэслэлээр хүндрүүлэн гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн бас нэг үндэслэл юм.

1.2. Яллагдагчаар татах тогтоолд “...2010 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн худалдан авалтаас эхлэн 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд 4 ширхэг үл хөдлөх хөрөнгө худалдан авсан цаг хугацаагаар тодорхойлсон болно.”, харин “...2011 оноос 2017 он хүртэлх хугацаанд 3.569.148,56 ам.доллар буюу 5.580.444.637,22 төгрөгийг авч мөнгө угаасан гэж гэмт хэрэг үйлдэгдсэн хугацааг тодорхойлжээ.

С.Б-ыг 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөлсөн тухай Улсын Их Хурлын тогтоол хэргийн 61 дүгээр хавтасны 145 дугаар хуудсанд авагдсан байхад дээрх цаг хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн” гэж гэм буруутайд тооцсон нь илтэд буруу, чухам ямар үндэслэлээр тухайн зүйл, хэсгээр хүндрүүлэн зүйлчлэх болсон талаараа шүүх огт дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн бас нэг үндэслэл болж байна.

Мөн шийтгэх тогтоолын 36 дугаар тал, доороосоо 2 дахь догол мөрөнд “...Шүүгдэгч С.Б-, Ч.Д- нар нь мөнгө угаасан гэмт хэргийн улмаас олсон орлогыг одоо болтол зарцуулж байгаа тул уг гэмт хэргийн хугацаа дуусаагүй байна.” гэж дүгнэжээ. Гэтэл шийтгэх тогтоолын 36 дугаар талын эхний догол мөрөнд 2011-2017 оны хооронд мөнгө угаах гэмт хэргийн үйлдэгдсэн цаг хугацааг тодорхойлсон нь нэг хэрэгт хоёр өөр байдлаар дүгнэлт хийсэн байна.

2. Нотлох баримтын талаар:

2.1. Улсын яллагч С.Б-ыг “Албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” хэргийг “Мишээл-Од Аудит” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна гэж яллаж, шүүх энэхүү нотлох баримтыг үндэслэл болгон хэргийг шийдвэрлэсэн.

Шинжээч мөрдөгчийн тавьсан асуултын дагуу тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд шинжилгээг тал бүрээс нь бодитой хийх үүргээ биелүүлээгүй, үндэслэлгүй дүгнэлт гаргасан нөхцөл байдал шүүх хуралдааны явцад тогтоогдсон боловч шүүх дүгнэлт хийгээгүй хэргийг шийдвэрлэсэн. Тухайлбал, шинжилгээний эх сурвалж болсон “Оюутолгой” ХХК, “Петровис Трейдинг” ХХК-ийн хооронд хийгдсэн гэрээ, санхүүгийн анхан шатны баримтууд Англи хэл дээр хэргийн материалд авагдсан байсан. Шинжээчийн дүгнэлтэд гэрээний заалт, зарим тоо хэмжээг буруу бичсэн, буруу орчуулсан байсан нь шинжээч шинжилгээний объекттой ажиллах чадвартай эсэхэд эргэлзээ төрж, шүүх хуралдааны явцад шинжээчээс шинжилгээ хийхэд оролцсон мэргэжилтнүүд Англи хэлний мэдлэгтэй эсэхийг асуухад тэрээр “...Хэлний мэдлэг байхгүй, Англи хэлний сургалтын төвөөс тусламж авч шинжилгээг хийсэн...” талаар мэдүүлсэн. Мөрдөгчөөс “Зах зээлийн бодит үнэтэй нийцэж байгааг тодруулах”-аар шинжээчид асуулт тавьсан боловч шинжээч энэ асуудалд бодитой хариултыг өгөөгүй ба дараах байдлаар дүгнэлтийг гаргасан.

а) “Петровис Трейдинг” ХХК дизелийн түлшийг Үндэсний статистикийн хорооноос ирүүлсэн үнээс 2013 онд 79-607 төгрөгөөр, Өмнөговь аймгийн статистикийн хэлтсээс ирүүлсэн үнээс 79-507 төгрөгөөр илүү үнээр “Оюутолгой” ХХК-д худалдсан гэжээ. Гэтэл бага үнээр нийлүүлсэн гэж харьцуулагдсан “М-Ойл” ХХК нь Үндэсний статистикийн хорооны үнээс 222-469 төгрөгөөр, Өмнөговь аймгийн статистикийн хэлтсээс ирүүлсэн үнээс 178-349 төгрөгөөр, Ашигт малтмалын газрын үнээс 172-419 төгрөгөөр илүү үнээр худалдаж байсан байна. /Хэргийн 9 дүгээр хавтас, 111 дүгээр хуудас, 44 дүгээр хүснэгт/ “Петровис Трейдинг” ХХК нь 2002-2013 оныг дуустал, “М-Ойл”, “Шунхлай” ХХК-иуд 2014-2017 онуудад нийлүүлж байсан, энэ цаг хугацаанд нефтийн бүтээгдэхүүний үнэ өөр өөр байсан нь тодорхой байхад үндэслэлгүй харьцуулалт хийж дүгнэлт гаргасан.

б) Шинжээч    нар “Петровис Трейдинг” ХХК нь “Оюутолгой ХХК-тай 2002-2013 оны хооронд удаа дараа гэрээ байгуулж шатах, тослох материал нийлүүлэх хугацаанд гэрээний үнэ, нөхцөл хэрхэн өөрчлөгдсөн, С.Б-тай холбоод байгаа 2009 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр байгуулсан ВРА №0027 дугаартай “Шатах, тослох материал нийлүүлэх тухай” гэрээний нөхцөл нь өмнө байгуулсан гэрээний нөхцөлөөс өөрчлөгдсөн эсэхэд дүгнэлт хийгээгүй. Шүүх хуралдаанаар өмнө байгуулсан гэрээний нөхцөлөөс зарим төлбөр хасагдаж, үнийн хувьд ч буурсан гэдгийг Ч.Д- тодорхой тайлбарлаж мэдүүлсэн.

в) “Петровис  Трейдинг” ХХК, “Оюутолгой” ХХК-иуд нь шатах тослох материалын үнэ, тээврийн зардлыг тогтоохдоо Зам тээврийн яамны сайдын тушаалаар баталсан “Авто тээврийн жишиг үнийн тариф”, Төмөр замын даргын тушаалаар баталсан “Төмөр замын ачаа тээврийн жишиг үнийн тариф”-ийн дагуу тогтоож байсан нь хэрэгт авагдсан байна. Энэ нотлох баримтыг дүгнэлт гаргахдаа ашиглаагүй, тээврийн зардлыг бусад компаниудаас өндөр үнээр тооцсон гэх дүгнэлтийг гаргасан.

г) “Оюутолгой” ХХК-ийн шатахуун худалдан авсан цаг хугацааг тодорхойлохгүйгээр харьцуулалт хийсэн. Тодруулбал, хэргийн 9 дүгээр хавтасны 109 дүгээр хуудаст 2011 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 1780,44 төгрөг, 1933,42 төгрөг, 1284,89 төгрөг, 107 дугаар хуудаст 2009 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 1650 төгрөг, 1630 төгрөг, 2010 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр 1532, 1574 төгрөгөөр тус тус худалдан авсан байна. Нэг өдөр яагаад ийм үнийн зөрүүтэй худалдан авалт хийсэн, тэгээд үүнийг тухайн өдрийн үнийн статистиктай харьцуулж байгаа нь зөв үү.

Үүнээс үзэхэд нэгт, харьцуулаад байгаа статистикийн мэдээ, тоо баримт нь бодит зах зээлийн үнэ мөн үү гэдэг нь эргэлзээтэй. Хоёрт, шинжээч нар бодит дүгнэлт хийхээс илүүтэйгээр, их хэмжээний зөрүү гаргах, энэ зөрүүгээр С.Б-т холбогдуулаад байгаа албан тушаалаа урвуулан ашиглаж “Петровис Трейдинг” ХХК-д эдийн засгийн давуу байдал олгосон гэх хэргийг нотлох зорилготойгоор дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл бүрэн нотлогдож байхад шүүх шинжээчийн дүгнэлтэд бодитой дүгнэлт хийгээгүй хэргийг шийдвэрлэсэн.

            2.2. Шүүх хэргийн 16 дугаар хавтасны 65 дугаар хуудасны ар талд авагдсан мөрдөгчийн үзлэг хийсэн магадлагаанд үндэслэн С.Б-ыг өөрийн болон эхнэр Э.Сувдын хамтран эзэмшдэг 5 дансаар 3.569.148,56 долларыг авч зарцуулан мөнгө угаах гэмт хэргийг зохион байгуулсан хэрэгт гэм буруутайд тооцсон. Энэ магадлагаанд 5 дансны мэдээллийг ашигласан. /Хэргийн 16 дугаар хавтасны 60 дугаар хуудас/

Үзлэг хийсэн тэмдэглэлд нэр тодорхойгүй 7669 данснаас 1.201.313,18 ам.доллар, нэр утга тодорхойгүй орлого 180.000 ам.доллар, “Newport law group РС” компаниас үл хөдлөх хөрөнгө борлуулсан орлого 1.392.792,29 ам.доллар, Э.Сувдаас 50.000 ам.доллар, Ц.Гантулгаас 50.000 ам.доллар, С.Шагдардуламаас 326.900 ам.доллар, “True kind ltd” компаниас 259.880,43 ам.доллар, бусад орлого 107.564.084, хүүгийн орлого 698.63, нийт 3.569.148,56 ам.доллар гэжээ.

Гэвч эдгээр сэжигтэй гэж үзсэн гүйлгээг шалгах мөрдөн байцаалтын ажиллагаа явуулаагүй. Хэрэв дансны гүйлгээг шалгах ажиллагаа явуулсан бол мөнгө угаах гэмт хэрэг үйлдэгдсэн үү, энэ мөнгийг хэн, хэрхэн зарцуулсан бэ, С.Б-т холбоотой мөнгө үү гэдэг нь тодорхой болох байсан. Тухайлбал, Э.Сувд, С.Шагдардулам нарын хамтран эзэмшдэг 1381 1316 2914 дугаартай дансанд 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр “Newport law group РС” компаниас үл хөдлөх хөрөнгө борлуулсан орлого 1.392.792,29 ам.доллар орж иржээ.

Уг мөнгөнөөс мөн өдрөө 1.200.000 ам.долларыг үл мэдэгдэх гэж нэрлээд байгаа 7669 данс уруу шилжүүлсэн байна. Энэ хамтарсан дансны талаар С.Шагдардулам мэдүүлэхдээ /хэргийн 12 дугаар хавтасны 26, 14 дүгээр хавтасны 171-173 дугаар хуудас/ “...Э.Сувдтай хамтарсан данс нээж байсан. Гэхдээ энэ дансыг нэг их ашиглаагүй санагдаад байна. Энэ дансыг нээхдээ Америкийн Нэгдсэн Улсад байшингийн төлбөр, тооцоог манайхыг Монголд байх үед хийж байгаа ч гэсэн утгаар нээж байсан санагдаж байна. Би энэ данснаас бэлэн мөнгө гарган авч Америкийн Нэгдсэн Улсад машин худалдаж авсан байж магадгүй, мөн хоол хүнсний тооцоонууд хийж байсан байх...” гэжээ. Мөн энэ дансны талаар Сувд мэдүүлэхдээ /хэргийн 14 дүгээр хавтасны 105 дугаар хуудас/ “...үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой нээсэн данс, би энэ дансыг ашиглаж байгаагүй...” гэжээ.

Тэгвэл мөрдөгчийн магадлагаанд энэ дансны гүйлгээг нягталж үзвэл, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой зардлуудыг төлсөн ба 2015 оны 3 дугаар сарын 3-ны өдөр 135.329,36 ам.долларыг бэлнээр авч дансыг хаасан байна гэжээ. Энэ нь С.Шагдардуламын “...Би энэ данснаас бэлэн мөнгө авч машин худалдан авсан байж магадгүй...” гэсэн мэдүүлгээр нотлогдож байна.

Эдгээр гүйлгээг С.Шагдардулам хийсэн үү, Э.Сувд хийсэн үү гэдгийг зайлшгүй шалгах ёстой. С.Шагдардулам өөрийн дансанд орсон мөнгийг захиран зарцуулсан байхад С.Б- мөнгө угаасан гэж үзэх үндэслэл байхгүй. Мөн үл мэдэгдэх гэх 7669 дансыг ч гүйлгээ хийсэн хүнээс нь тодруулах шаардлагатай. 7669 дансны мэдээллийг авахаар мөрдөгчийн даалгавар бичсэн, хариу ирүүлээгүй байгаа. /хэргийн 459 дүгээр хавтасны 56-57 дугаар хуудас/

            С.Б- болон түүний эхнэрийн дансанд Ч.Д-аас шилжүүлсэн мөнгөнөөс гадна С.Б-ын өөрийн мөнгө, татварын болон эмнэлгийн төлбөр, эрүүл мэндийн даатгалын буцаалт зэрэг олон мөнгө орж ирсэн, түүний дүү Ц.Гантулгаас 50.000 ам.долларыг эмчилгээний зардалд, Ч.Д- машин захиж мөнгө шилжүүлсэн нь нийлээд дээрх мөнгөн дүн болж байгааг С.Б- шүүх хуралдаан дээр тодорхой мэдүүлж, эдгээр нь дансны гүйлгээний баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байхад бүхэлд нь мөнгө угаах гэмт хэрэг гэж хууль зүйн үндэслэлгүй шийдвэрлэсэн нь тодорхой байна.

            Мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд Ч.Д- Америкийн Нэгдсэн Улсад үл хөдлөх хөрөнгө худалдан авсан хөрөнгийн эх үүсвэрийг тодорхой тайлбарлаж Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Зоос банкнаас шилжүүлсэн, сүүлийн үл хөдлөх хөрөнгүүдийг хувьцаа зарсан 10 сая ам.долларын 5 сая ам.долларыг “Forest Berries” компанийн данснаас шилжүүлж худалдан авсан баримтууд хэрэгт авагдсан. Ийм тодорхой нөхцөл байдал, нотлох баримтууд байсаар атал С.Б-аас 3.569.148,56 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 5.766.040.000 төгрөгийг, шүүгдэгч Ч.Д-аас 3.5 сая ам.доллар буюу 5.766.040.000 төгрөгийн үнэлгээтэй Америкийн Нэгдсэн Улсад байгаа орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хураан улсын орлого тус тус болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Эдгээр мөнгөнүүд Ч.Д-ын хуулийн дагуу бизнес эрхэлж олсон орлого гэдгийг өөрөө нотолж баримтуудыг гаргаж хэрэгт хавсаргасан. Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Санзай хотхонд байрлах орон сууцны зориулалттай байшин нь түүний гэр бүлийн дундын өмчлөлийн хөрөнгө ба энэ гэмт хэрэгтэй хамааралгүй. Тэрээр энэ үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан эх үүсвэрээ төрийн албанд ажиллаж байхдаа “Хөрөнгө орлогын мэдүүлэг”-тээ тодорхой мэдүүлсэн байдаг.

Шүүх хууль бусаар олсон орлого гэж үзсэн мөнгийг С.Б-аас гаргуулахаар шийдвэрлэсэн. Харин энэ хохиролд тооцож, түүний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг хурааж шийдвэрлэсэн нь огт үндэслэлгүй бөгөөд харин битүүмжлэлийг хэвээр үлдээж, тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хохирлыг төлүүлэх ажиллагааг гүйцэтгэх журамтай.

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн талаар:

Хэргийн зүйлчлэл, шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу хэрэглэж, нотлох баримтыг зөв үнэлээгүй, бодитой дүгнэлт хийгээгүйгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэл үүсч байгаа юм.

Шүүх С.Б-ыг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөнгө угаасан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдсон гэж үзсэн үндэслэл, өмгөөлөгчийн дүгнэлтийн үндэслэл, нотлох баримт, улсын яллагчийн дүгнэлтийг няцаасан үндэслэл, хэргийн тогтоогдсон бодит нөхцөл байдал, хэргийн зүйлчлэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4 дэх заалтын шаардлагад нийцээгүй бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан ноцтой зөрчил болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд яллах, цагаатгах нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэж заасан ч мөрдөн байцаалтыг хэт нэг талыг баримталж явуулсан, цагаатгах нөхцөл байдлыг шалгаагүй, нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтад үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй нь С.Б-ыг үйлдээгүй хэрэгт хүнд ял оногдуулж, хүний эрхийн ноцтой зөрчил гарлаа. Энэ хэргийн мөрдөн байцаалтын явцад түүнийг хуулийн үндэслэл, нотлох баримтгүйгээр “Гэмт хэрэг үйлдэх зорилготой зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан” гэх хүнд гэмт хэрэгт яллагдагчаар татаж цагдан хорьсон нь ямар ч байдлаар хамаагүй гэмт хэрэг үйлдсэн гэж олон нийтэд ойлгуулах улс төрийн зорилготойгоор эрүүдэн шүүсэн, заавал яллах зорилготойгоор мөрдөн байцаалтын ажиллагааг явуулсныг харуулах баримт юм. Гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай нотлох баримт байхгүй ч шүүх С.Б-ыг гэм буруутайд тооцохдоо хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй хуулийг хэрэглэсэн нь түүний эрх зүйн байдлыг улам дордуулж байна.

С.Б- нь 64 настай, элэгний вирусын улмаас удаан хугацаанд эмчилгээ хийлгэсэн, байнгын эмнэлгийн хяналтад байдаг зэрэг нөхцөл байдал, хэргийн 61 дүгээр хавтасны 38 дугаар хуудсанд авагдсан Улсын хоёрдугаар төв эмнэлгийн тодорхойлолтоор нотлогдож байна. Удаан хугацаагаар хорих ял эдлэхэд түүний эрүүл мэндийн байдал улам дордох, амь насанд нь аюул учруулж ч болзошгүй. Түүнийг энэ асуудлаар 10 жил гаруй хугацаанд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр эчнээ яллаж, 3 жил гаруй мөрдөн байцаалт явуулсан боловч хэргийн бодит байдлыг бүрэн тогтоосонгүй. Улс төр, нийгмийн олон шалтгаан нөхцөл нөлөөлсөн нь тодорхой.

Иймд хэргийн зүйлчлэлийг зөвтгөж, С.Б-т оногдуулсан ялыг хөнгөрүүлэх, С.Б-аас 3.569.148,56 ам.доллар буюу 5.580.444.637,22 төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэснийг хэрэгт авагдсан дансны гүйлгээний баримтуудыг үндэслэн хүчингүй болгох, С.Б-ын гэр бүлийн дундын өмч, гэр бүлийн бусад гишүүдийн эрхэд халдаж Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Санзай хотхоны 56 тоотод байрлах байшинг хохиролд тооцож хураасан шийдвэрийг хүчингүй болгох байдлаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.

Түүнчлэн С.Б-ын хувийн байдалтай холбоотой 2 хуудас баримтыг гаргаж байна. Мөн шинжлэн судлуулахаар /хэргийн 69 дүгээр хавтасны 127 дугаар хуудсанд/ Улсын төв эмнэлгийн анагаах ухааны доктор Баясгалангийн тодорхойлолт, “С.Б- нь гуурсан хоолойн багтраа,  амьсгалын дутагдал 2 дугаар шат, зүрхний булчингийн цусан хангамжийн дутагдал, С вирусээр үрэвсэлсэн элэгний архаг үрэвсэл” гэсэн оноштойгоор Улсын хоёрдугаар төв эмнэлгийн хяналтад байж байгаад Ерөнхий сайдын албан тушаалаас өвчний учир чөлөөлөгдсөн гэх тодорхойлолтыг өгч байна. Прокурорын яллах дүгнэлтэд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж олсон мөнгөө угаахаар Америкийн Нэгдсэн Улс руу явсан мэтээр дүгнэдэг. Гэтэл уг тодорхойлолтоор өвчний учир ажлаас чөлөөлөгдөж явсан талаар харуулдаг. Мөн /хэргийн 69 дүгээр хавтасны 94 дэх хуудсанд/ 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн эмнэлгийн тодорхойлолт /хэргийн 65 дугаар хавтасны 88 дугаар хуудсанд/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас прокурорт С.Б-ын эрүүл мэндийн талаарх танилцуулга, өөрөөр хэлбэл, цагдан хоригдож байсан үеийн талаарх эрүүл мэндийн тодорхойлолт, 461 дүгээр хорих ангийн тодорхойлолт, Эмнэлэг хяналтын комиссын дүгнэлт, мөн гуурсан хоолойн багтраа, амьсгалын дутагдал, зүрхний булчингийн цусан хангамжийн дутагдал, элэгний вирус, тулаа өвчний хүндрэл гэсэн тодорхойлолт, мөн Улсын хоёрдугаар төв эмнэлгийн тодорхойлолт зэрэг баримтыг гаргаж өгч байгаа учир түүний эрүүл мэндийн байдлыг харгалзан үзнэ үү. ...” гэв.

Шүүгдэгч С.Б-ын өмгөөлөгч Г.Должинсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

1. Анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тухайд:

С.Б-ыг гэм буруутайд тооцсон 2 үйлдэл нь шийтгэх тогтоолд дурдсанаар 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө үйлдэгдсэн гэж үзэхээр байх тул түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж үзвэл 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002, 2015 оны Эрүүгийн хуулийн алийг нь ч хэрэглэх боломжтой байна.

“Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах” гэмт хэргийн тухайд:

Анхан шатны шүүх С.Б-ыг “2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж давтан үйлдлээр бусдад давуу байдал бий болгон Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан” гэж прокурорын яллах дүгнэлтэд дурдагдаагүй “давтан үйлдэл” гэж шинэ хүндрүүлэх нөхцөлөөр гэм буруутайд тооцсон байна.

Улсын Дээд шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 23 дугаартай тогтоол, Авлигын эсрэг хуулийн 3.1.3-т “Албан тушаалын байдлаа урвуулах” гэж юуг хэлэх талаар тодорхой тайлбарласан. Авлигын эсрэг хуулийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг ойлгоно.” гэж заасан.

Тэгвэл С.Б- Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод яаж, хэрхэн ашиглаж, ямар хийх ёстой үйлдлийг хийгээгүй, эсхүл ямар хийх ёсгүй үйлдлийг хийсэн болохыг яллах дүгнэлт, шийтгэх тогтоолд тодорхойлоогүй. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын үйлдлийг тодорхойлоогүй байж С.Б-ын үйлдлийг гэмт хэрэгт тооцсон нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нэг үндэслэл болж байна.

Прокурорын яллах дүгнэлт, шүүхийн шийтгэх тогтоолд гэмт хэргийг тодорхойлсон нь “Оюутолгойн ордыг ашиглалтад оруулах Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахад олж авсан мэдээлэл, цаашид үүсэж болох нөхцөл байдал зэрэгт үндэслэн албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгоор ашиглаж гэрээ байгуулах, 418 тэрбум төгрөгийн орлого олох боломжийг олгосон” гэсэн.

Тэгвэл С.Б- Ерөнхий сайдын хувиар олж авсан ямар мэдээлэл, цаашид ямар үүсэж болох ямар нөхцөл байдал байсан юм бэ. Энэ нь түүний ямар хийх ёстой үйлдэл, ямар хийх ёсгүй үйлдэлд хамаарч байсныг тодорхойлоогүй, тогтоогоогүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тооцох боломжгүй болгосон.

С.Б- гэдэг хүн Ерөнхий сайдын хувиар ганцаараа Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулаагүй, ганцаараа дур мэдэж нэр бүхий сайд нарт гарын үсэг зурах, гэрээ байгуулах эрх олгоогүй юм.

Энэхүү үйл ажиллагаатай холбоотой гол баримт бичгүүд бол Улсын Их хурлаас гаргасан 40, 57, 58 дугаар тогтоол, Засгийн газраас гаргасан 51, 61, 308 дугаар тогтоол. Энэ бүгд хамтын шийдвэр, хууль дүрэм журмын дагуу явагдсан ажиллагаа, нэр бүхий 3 сайдад эрх олгосон тогтоол мөн Улсын Их хурлын тогтоолыг үндэслэсэн, Засгийн газрын хамтын шийдвэр байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдсон байхад С.Б- ганцаараа эрх олгосон мэтээр, Оюутолгойн гэрээг байгуулах нөхцөлийг Ерөнхий сайдын хувиар ганцаараа бүрдүүлсэн мэтээр яллах дүгнэлт, шийтгэх тогтоолд дүгнэсэн нь хэт өрөөсгөл, нотлох баримтад үндэслээгүй, хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт болсон.

Анхан шатны шүүх “Албан тушаалын байдлаа урвуулсан” үйлдэл байгааг тодорхойлж, тогтоож чадаагүйгээс гадна “Монгол Улсад хүнд хор уршиг учирсан” гэсэн хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн дүгнэлтийг гаргасан.

Уг дүгнэлтийн талаар:

2002 оны Эрүүгийн хуулийн үзэл баримтлал, зарчим, агуулгаас хохирол шаардсан гэмт хэрэг буюу материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг, хохирол шаардаагүй гэмт хэрэг буюу хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг гэх 2 ойлголтод хамаарч байгаа. С.Б-ыг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан “Их хэмжээний хохирол, эсхүл хүнд хор уршиг учирсан” байж гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж байгаа материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг. Энэ хоёр хүндрүүлэх шинжээс прокурор, шүүх “хүнд хор уршиг учирсан” гэх хүндрүүлэх байдлыг С.Б-т хамаатуулсан.

Уг хүнд хор уршгийг хэрхэн ойлгож, хуулийг хэрэглэх тухай Улсын дээд шүүх албан ёсны тайлбар гаргасан, уг тайлбарт “Хүнд хор уршиг” гэж онц их хэмжээний хохирол учирсан, хүний амь нас хохирсон, хүний бие махбодид хүнд, эсхүл хэд хэдэн хүний биед хүндэвтэр гэмтэл учирсан, байгаль орчны тэнцэл алдагдсан, халдварт өвчин тархсан, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдсан, зогссон зэргийг хэлнэ” гэж заасан. С.Б-ыг албан тушаалын байдлаа урвуулсан гэх үйлдэлд хүний амь нас хохироогүй, байгаль орчны тэнцэл алдаагүй, аж ахуй нэгжийн хэвийн үйл ажиллагаа алдагдаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно. Гэтэл шүүх Монгол Улсад хүнд хор уршиг учирсан гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэсэн дараагийн үндэслэл юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан. Прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэрэгт “С.Б-ыг албан тушаалын байдлаа давтан үйлдлээр ашигласан” гэж үзэх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, мөн яллах дүгнэлтэд дурдагдаагүй, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдээгүй юм. Шүүхээс гаргасан дээрх дүгнэлтийг хэргийг шийдвэрлэхдээ прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулаагүй гэж үзэх үндэслэл болж байна.

Анхан шатны шүүх С.Б-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Мөнгө угаах гэмт хэргийг албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн” гэмт хэрэгт гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тухайд:

Шүүхийн дүгнэлтээс үзвэл “Хэний үйлдсэн, ямар гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж, ямар эх үүсвэрийг нуун далдлах зорилго агуулсан, хэнд ямар давуу байдал бий болгосноос бий болсон ямар хэмжээний хөрөнгө, мөнгө, орлого аль нь болох нь тодорхойгүй байна. Мөн уг гэмт хэргийг С.Б- нь үйлдэхдээ төрийн ямар албан тушаал, түүний бүрэн эрх, нөлөөг хэрхэн ашигласан болохыг тодорхойлоогүй, тогтоогоогүй байна. Шүүхээс С.Б-ыг өөрийн үйлдсэн гэх “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах” гэмт хэргийн улмаас олсон орлогыг угаасан гэж үзсэн нь шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Дээр дурдсанчлан энэхүү гэмт хэрэг нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бус харин бусад этгээдийн үйлдсэн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний эх үүсвэрийг хувиргах ойлголт юм. Мөн С.Б-ыг 3.569.148.56 ам.доллар угаасан гэж үзсэн. Уг үнийн дүн нь Америкийн Нэгдсэн Улсаас эрх зүйн туслалцааны хүрээнд ирсэн дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэлд тусгагдсан нийт орлогын дүн юм. Тус дансны хуулгаар уг орсон орлого нь буцаад хэрхэн зарцуулагдсан, хаашаа ямар данс руу хэрхэн шилжсэн болох нь тодорхой харагдаж байхад мөрдөгч зөвхөн нийт олсон орлогын дүнгээр мөнгө угаах хэргийн мөнгөн дүнг тооцож гаргасныг мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа цагаатгах, яллах талын нотлох баримтыг цуглуулах, хэргийг тал бүрээс нь бүрэн бодиттой шалгах зарчмыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Мөн энэхүү үнийн дүнд эхнэр Э.Сувдаас шилжүүлсэн 50.000 ам.доллар, үеэл дүү болох Ц.Гантулгаас орж ирсэн 50.000 ам.доллар, дансны хүүний орлого 698.63 ам.доллар, С.Шагдардуламаас шилжүүлсэн 326.900.00 ам.доллар, бусад орлого 107.564,08 ам.доллар зэрэг орлогыг оруулан тооцсон нь шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй болохыг мөн харуулсан. Шүүхийн шатанд С.Б- мэдүүлэхдээ “...3.569.148,56 ам.долларын 3.080.000 орчим нь дээрх үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой орсон мөнгө бөгөөд бусад нь бидний хувийн хэрэгцээний бидний өөрсдийн мөнгө юм. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой орсон мөнгө нь буцаад үл хөдлөх хөрөнгийн засвар үйлчилгээ, дараагийн үл хөдлөх хөрөнгийн барьцаа, зарим хэсэг нь Б.Нандингийн заавраар үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой бусад зардалд зарцуулагдсан” гэж мэдүүлсэн. С.Б-ын энэхүү мэдүүлэг үнэн зөв мэдүүлэг болох нь эрх зүйн туслалцааны хүрээнд ирсэн дансны хуулгаар нотлогдож байгаа юм. Гэтэл шүүх 3.569.148,56 ам.долларыг угаасан гэж үзсэн нь үндэслэлгүй дүгнэлт болох нь дээрх баримтуудаас харагдаж байна.

С.Б-, Ч.Д- нар мөнгө угаах гэмт хэргийг хамтран үйлдсэн гэх хууль зүйн дүгнэлтийн тухайд:

Шүүхээс С.Б-ын мөнгө угаах гэмт хэргийг зохион байгуулсан, гэмт хэргийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, оролцогчийн үүрэг оролцоог хуваарилсан, харин Ч.Д-ыг мөнгө угаах гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцож, гэмт хэрэг үйлдэхэд тэднийг санаатай нэгдсэн гэж үзсэн.     Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл Б.Нандин, Ч.Д- нар нь Америкийн Нэгдсэн Улс дахь үл хөдлөх хөрөнгийн бизнесийг 2006 оноос эхэлсэн бөгөөд Оюутолгой гэрээ байгуулагдахаас ч өмнө 4 үл хөдлөх хөрөнгийг худалдан авч үйл ажиллагаагаа явуулж байсан нь тогтоогддог. Мөн нийт худалдан авсан 9 үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан хөрөнгийн эх сурвалжаа Ч.Д- тодорхой мэдүүлсэн, энэ талаарх холбогдох баримтыг хавтаст хэрэгт хавсаргуулсан байдаг. Гэтэл С.Б-ыг мөнгө угаах гэмт хэргийг хэрхэн зохион байгуулсан, гэмт хэргийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, оролцогчийн үүрэг оролцоог хуваарилсан гэж үзсэн нь ямар нотлох баримтаар яаж нотлогдож байгаа нь тодорхойгүй байхад түүнд мөнгө угаах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 7 дахь заалтаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 6 дахь заалтад тус тус зааснаар шүүгдэгч С.Б-аас 3.569.148,56 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 5.580.444.000 төгрөгийг хураан улсын орлого болгож, 8 дахь заалтаар С.Б-ын өмчлөлд байгаа Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Санзай хотхон 1 дүгээр гудамжны 56 тоот хаягт байрлах амины орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг битүүмжилснийг хохиролд тооцуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж тус тус шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрийг гаргахдаа шүүх эрүүгийн хуулийг дараах байдлаар буруу хэрэглэсэн байна. Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн улмаас учирсан “хохирол”, гэмт хэргийн улмаас олсон “Орлого” гэх ойлголтыг тус тусад нь тодорхойлж өгснөөс үзвэл дээрх ойлголтууд нь хууль зүйн хувьд өөр өөр ойлголт гэж үзэхээр байна. Гэтэл шүүхийн шийтгэх тогтоолын 7, 8 дахь заалтаас үзвэл гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзсэн, эсхүл орлого гэж үзсэн нь тодорхойгүй байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Б-ын хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулах хуулийн зохицуулалтай байхад шүүх гэр бүлийн дундын өмчлөлийн хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Санзай хотхон 1 дүгээр гудамжны 56 тоот хаягт байрлах амины орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг бүхэлд нь хураахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийг буруу хэрэглэсэн болох нь харагдаж байна.

Анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй болон шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тухайд:

С.Б- нь 418.385.173.982 төгрөгийн орлого олох боломжийг олгосон гэж дүгнэсэн дүгнэлтийн талаар:

Шийтгэх тогтоолд дурдсан “Айвенхоу Майнз Монголия”, Ник” ХХК-тай 2009 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ВРА №0027 дугаартай “Шатах, тослох материал нийлүүлэх” гэрээ нь анх байгуулагдахдаа 2009 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 1 жилийн хугацаатай буюу 2010 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл хугацаатай байгуулагдсан байдаг.

Гэтэл “Мишээл-Од Аудит” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэд дурдсан тоо баримт болох 418.385.173.982 төгрөгийн орлого бол 2009-2013 оныг хүртэл “Айвенхоу Майнз”, Монголия Ник” ХХК-тай 2009 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ВРА №0027 дугаартай “Шатах, тослох материал нийлүүлэх” гэрээ, түүний 12 нэмэлт өөрчлөлтийн дүнд бий болсон орлогын тоо баримт юм. С.Б-ыг албан тушаалын байдлаа ашиглан, нөлөөлсөн гэж үзвэл С.Б- Ерөнхий сайдаар ажиллаж байсан үеийн 1 жилийн хугацаатай байгуулсан үндсэн гэрээний нийт үнийн дүн түүнд хамааралтай байж болохоор байна.

Учир нь, энэ хугацаанаас хойших нь гэрээний нэмэлт өөрчлөлтөөр сунгагдсан, С.Б-ыг албан тушаалаас чөлөөлөгдсөнөөс хойш болсон асуудал юм. Гэтэл эдгээр 418.385.173.982 төгрөгийн орлогын хэд нь 2009-2010 оны хооронд хамааралтай орлого болох, үүнээс хэд нь ашиг болох, энэ ашгийн хэд нь 33.3 хувийн хувьцаа эзэмшигч давуу байдал олсон гэх Ч.Д-д хамааралтай болох нь тодорхойгүй байгаа нь хэргийг бодит байдлыг тогтоосон гэж үзэх үндэслэлгүй болохыг харуулж байна.

Мөн шийтгэх тогтоолд заасан яллах талын нотлох баримт болох “Мишээл-Од Аудит” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа энэ хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтална”, 9.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “шинжээчид тавьсан асуулт нь ... эсхүл тусгай мэдлэгт хамаарахгүй,... бол шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзах”, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-т “4.1.5 шинжилгээг тал бүрээс нь бүрэн, бодитой, шинжлэх ухааны үндэслэлтэй хийх”, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт “Шинжилгээний обьект нь тодорхой шаардлагыг хангасан байна”, мөн хуулийн 16.1.6-т “шинжилгээний объект нь шинжилгээ хийж дүгнэлт гаргах шаардлага хангахгүй байгаа бол” дүгнэлт гаргахаас татгалзах”, мөн хуулийн 17.3-т “Шинжээчийн дүгнэлтийг шинжээчийн хувийн болон байгууллагын тэмдгээр баталгаажуулснаар хүчинтэйд тооцно” гэж заасныг тус тус зөрчсөн, нотлох баримтаар тооцох боломжгүй шинжээчийн дүгнэлт болох нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон шинжээчийн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтаар тогтоогдсон.

Шинжээч дүгнэлт гаргах нь тусгай мэдлэг бүхий асуултад хариулт авах, шүүгч, прокурор, өмгөөлөгч, хэргийн оролцогч нарт тусгай мэдлэг шаардлагатай болсон тохиолдолд шинжээч томилдог. “Мишээл-Од Аудит” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт гаргахдаа 9 асуултад хариулт өгсөн. Эдгээрээс 1, 2, 8 дахь асуулт нь шинжээчийн тусгай мэдлэгт хамаарахгүй, тусгай мэдлэг шаардаагүй, гэрээний заалтыг үнэлж дүгнэсэн, гэрээний нөхцөлөө тодорхойлох талуудын эрхэд халдсан, гэрээний чөлөөт байдлыг алдагдуулсан, талуудын гэрээгээр зохицуулсан үнэ тодорхойлох, бусад гэрээгээр тохиролцсон үйл баримтад үнэлэлт дүгнэлт өгч байгаа нь шинжээчийн тусгай мэдлэгээс хэтэрсэн дүгнэлт болсон байна.

Гэрээг хуульд нийцэж байгаа эсэх, гэрээ хүчин төгөлдөр эсэх, бусад байдлаар гэрээнд дүгнэлт өгөх эрхтэй этгээд нь шүүх бөгөөд “Мишээл-Од Аудит” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт нь шүүхийн эрх хэмжээнд халдсан дүгнэлт болсон байна. “Мишээл-Од Аудит” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт нь “Айвөнхоу Майнз Монголия” ХХК, “Оюутолгой” компани, “Петровис” ХХК-ийн тухайн цаг хугацаа, үйл баримтад хамааралтай санхүүгийн баримтад үндэслэн гараагүй, дутуу материалд дүгнэлт гаргасан болохоо хүлээн зөвшөөрсөн бодит бус дүгнэлт болсон. Мөн байгууллагын болон хувийн тэмдгээр баталгаажаагүй, хуульд заасан шинжээчийн дүгнэлтийг хүчинтэйд тооцох зохицуулалтыг зөрчсөн, хуульд заасан журмын дагуу авагдаагүй нотлох баримт байхад шүүх яллах талын нотлох баримтаар үнэлсэн нь шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.

Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С.Б-т холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ч.Д-, түүний өмгөөлөгч Б.Мөнхбат, О.Сайнгэрэл нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо болон өмгөөлөгч Б.Мөнхбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 1.3 дахь заалтад заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Нэг. Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тухайд;     

1.1.1. Шүүхийн “Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Б-ын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үйлдлийн үр дүнд “Петровис Трейдинг” ХХК, “Оюутолгой” ХХК-тай гэрээ байгуулж орлого олсон” хэмээх дүгнэлт үндэслэлгүйн зэрэгцээ шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдоогүй. Тухайлбал: “Петровис Трейдинг” ХХК “Айвенхоу Майнз Монголия Инк” /одоогийн Оюутолгой/ ХХК-тай 2009 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр ВРА №0027 дугаартай “Шатах, тослох материал нийлүүлэх тухай” гэрээ байгуулахад Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Б-ын нөлөөлөл, оролцоо огт байгаагүй бөгөөд хэргийн материал дотор С.Б- тухайн гэрээг байгуулахад оролцсон гэх нэг хуудас ч нотлох баримт байхгүй.

1.1.2. Улсын яллагч “...гэрээний зүйл, үнийн дүнг их хэмжээгээр нэмэгдүүлж шинэчлэн байгуулсан нь “Петровис Трейдинг” ХХК-д үүссэн давуу байдал...” гэж тодорхойлсон. Улсын яллагчийн уг тодорхойлолт “...“Мишээл-Од Аудит” ХХК-ийн шинжээч нарын гаргасан худалдан авалтын хэмжээ эрс ихэссэн, мөн нэгж үнэ өндөр болж үнийн зөрүүгээс үүссэн “Оюутолгой” ХХК-ийн алдагдал маш өндөр болж байна.” гэсэн дүгнэлтэд үндэслэгдсэн байсан.

А. “Мишээл-Од Аудит” ХХК-ийн шинжээч уг дүгнэлтийг гаргахдаа Улаанбаатар хотод борлуулагдаж байсан шатахууны үнийг Улаанбаатар хотоос 690 км-ийн алсад байгаа Оюутолгойн уурхай дахь шатахууны үнэтэй харьцуулж үнийн зөрүү гаргасан байсан. Өөрөөр хэлбэл, 2009 оноос 2013 он хүртэл 4 жилийн хугацаанд нийлүүлсэн нийт шатахуун буюу 214.679.111 литр шатахууныг Улаанбаатар хотоос Чойр хүртэл 240 км төмөр замаар тээвэрлэх тээврийн зардал, Чойроос Оюутолгой хүртэл 450 км авто замаар тээвэрлэх тээврийн зардлыг тооцолгүйгээр харьцуулалт хийсэн байсан. Тухайлбал: Шинжээчийн харьцуулсан статистик тоонуудад ороогүй зардлуудыг 418.4 тэрбум төгрөгөөс тооцож тайлбарлавал:

- тээврийн зардал: Улаанбаатар хотоос төмөр замаар 240 км тээж Чойрын агуулахад буулгах зардал 2.5 тэрбум төгрөг, цааш дахин ачиж автоцистернээр 450 км Оюутолгойн сайтад хүргэх авто тээврийн зардал 28.5 тэрбум төгрөг,

- төлбөрийн нөхцөлөөс үүдсэн санхүүжилтийн зардал: Улаанбаатар хотын шатахуун түгээх станцаар борлуулж буй шатахууны төлбөрийг хэрэглэгчид худалдсан даруй авдаг бол “Оюутолгой” ХХК-д нийлүүлсэн шатахууны төлбөр дунджаар гадаад шатахууны төлбөр хийснээс хойш 90 орчим хоногийн дараа орж ирдэг. Үүнтэй уялдаад тухайн хугацааны банкны зээлийн хүү 5.4 тэрбум төгрөг, тухайн хугацаанд гарсан ханшийн өөрчлөлтөөс үүдсэн ханшийн алдагдлын зардал 7.5 тэрбум төгрөг болно.

Дээрх бүх зардлууд нийлээд 43.9 тэрбум төгрөг болж байгаа бөгөөд шинжээчийн харьцуулсан аль ч статистик тоонд эдгээр зардал ороогүй байдаг.

Б. “Мишээл-Од Аудит” ХХК-ийн гаргасан “нэгж үнэ өндөр болсон, худалдан авалтын хэмжээ эрс ихэссэн” гэсэн дүгнэлт бодит үндэслэлгүй, худал дүгнэлт болох нь дараах байдлаар нотлогдсон. “Петровис Трейдинг” ХХК, “Оюутолгой” ХХК-тай байгуулсан гэрээнд шатахууны нэгжийн үнийг тогтоохдоо дараах зарчмыг баримталж ирсэн. Үнийг сар бүр тооцох аргачлалыг 2 тал гэрээнд тодорхой тохирч хавсаргадаг бөгөөд 2008 оноос эхлэн 2013 хүртэл дараа дараагийн гэрээнүүдэд үнэ тооцох зардлууд өсөөгүй, эсрэгээрээ тоон үзүүлэлтээрээ буурсан байна. Мөн 2009 оны 9 дүгээр сард өмнөх гэрээнээс тонн тутамд 11.000 төгрөгөөр буурсан байдаг. Тухайлбал:

- Чойр агуулахаас Оюутолгойн сайт хүртэлх тээврийн зардал 2009 оны 3 сард 121.500-аас 99.000 төгрөг болж буурсан, 2013 оныг дуустал дахин өөрчлөгдөөгүй,

- Үйл ажиллагааны зардал 2009 оны 3 сард 100.000-аас 90.606 төгрөг, 2009 оны 9 сард 90.606-аас 79.472 төгрөг болж буурсан, 2013 оныг дуустал дахин өөрчлөгдөөгүй,

- Зээлийн хүүнд өөрчлөлт ороогүй,

- Ханшийн алдагдал 2009 оны 3 сард 26.700-аар тооцогдсон, 2013 оныг дуустал дахин өөрчлөгдөөгүй,

- Ашгийн 5 хувьд өөрчлөлт ороогүй болно.

Дээрх тооцооллоос харахад бодит амьдрал дээр литрийн үнэ нь харин ч буурсан байна. Энэ зардлыг өөрчлөхгүйгээр гэрээний үнийг огцом өсгөх ямар ч боломжгүй. “Роснефть” компаниас нийлүүлж байсан үнэ сар бүрээрээ АМГТГ болон гааль дээр ил тод байдаг бөгөөд 2008-2013 онуудад Петровисоос Оюутолгойд нийлүүлж байсан үнийн өөрчлөлт Роснефтийн үнийн өөрчлөлттэй нягт уялдаж байсан бөгөөд 2009 оноос эхлэн гэнэт огцом өсгөчихсөн юм байхгүй. Сар бүрийн шатахууны захиалгын хэмжээ нэмэгдсэн нь тухайн үед хийгдэж байсан бүтээн байгуулалтын ажилтай шууд хамааралтай болохоос бус “Петровис” ХХК болон бусад хэн нэгнийг дэмжихийн тулд хэрэгцээнээсээ илүү худалдан авалт хийсэн гэж бодохгүй байна.

Роснефтийн шатахууны үнэ “Шунхлай”, “М-Ойл” зэрэг компаниудыг “Оюутолгой” ХХК-д шатахуун нийлүүлж байх 2014-2016 оны үед дунджаар 315 ам.доллараар хямдарсан байсан. Гэтэл энэ үнийг 2009-2013 оны үнэтэй харьцуулж дүгнэсэн. Мөн “Петровис” компаниас шатахуун нийлүүлж байсан 2007-2013 оны 7 жилийн хугацаанд 418.4 тэрбум төгрөгийн шатахуун хэрэглэж байсан бол “Шунхлай”, “М-Ойл” компаниудын нийлүүлж байсан 2014-2017 оны 4 жилийн хугацаанд 535.5 тэрбум төгрөгийн шатахуун хэрэглэсэн байдаг.

В. Шинжээч дүгнэлт гаргах үндэслэл болсон тооцооллын хүснэгтээ хийхдээ мөр гүйлгэн бичиж техникийн алдаа гаргасан, үнийн харьцуулалтыг хийхдээ 2 сараар зөрүүлж харьцуулсан зэрэг алдаанаас болж 12 тэрбумаас 42 тэрбум хүртэлх төгрөгийн зөрүүтэй дүгнэлт гаргасан.

Г. “Петровис Трейдинг” ХХК, “Оюутолгой” компанид шатахуун нийлүүлэхдээ Оюутолгойн уурхай дээр үйл ажиллагаа явуулж буй бусад 8 компанид нийлүүлж буй үнээс ямагт хямд үнээр нийлүүлж байсан.

Д. Шинжээч шүүх хуралдаанд оролцохдоо мөрдөгчөөс гаргаж өгсөн статистикийн баримтуудыг “Оюутолгой” ХХК-ийн санхүүгийн баримтуудтай харьцуул гэсний дагуу л харьцуулалт хийсэн, тээврийн зардал болоод бусад зардлыг тооцолгүйгээр харьцуулах боломжгүй зүйлсийг хооронд нь харьцуулалт хийсэн байна гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Дээрх байдлаар “Мишээл-Од Аудит” ХХК-ийн гаргасан “Петровис Трейдинг” ХХК өндөр үнэтэй шатахуун нийлүүлсэн гэх дүгнэлт бүхэлдээ үгүйсгэгдсээр байхад “давуу байдал бий болгосон” үйлдэл нотлогдсон гэж дүгнэсэн байна.

1.1.3. “Петровис Трейдинг” ХХК болон түүний хамаарал бүхий аж ахуйн нэгжээс Америкийн Нэгдсэн Улсад үл хөдлөх хөрөнгө худалдан авахад зориулж мөнгө шилжүүлсэн талаар нэг ч нотлох баримт хэрэгт байхгүй.

“Петровис” компани нь 2007-2013 оныг дуустал 7 жилийн хугацаанд Оюутолгойн төсөлд нийт эргэлтээрээ 418.4 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн нийлүүлсний орлогыг задлан тайлбарлавал:

- Нийт авсан 418.4 тэрбум төгрөгийн 60% буюу 251 тэрбумыг нь Роснефтьд шатахуунаа худалдан авахад төлсөн.

- Гаалийн татвар, Онцгой албан татвар, Замын татвар гэх мэт  Монгол Улсын хил дээр төлөгддөг холбогдох албан татварууд нийлээд 20% нь болдог.

- 80% нь дээрх төлбөрүүдэд төлөгдөөд 20% буюу 83.9 тэрбум төгрөг үлдэж байна.

- Дээрх 83.9 тэрбум төгрөгөөс төмөр замын тээвэр, агуулах, ачих буулгах, авто тээвэр, үйл ажиллагаа, санхүүгийн зардалд 15% нь зарцуулагддаг.

- Ингээд үлдэж байгаа 5% нь буюу 15.7 тэрбум нь манай 7 жилийн ашиг болж байна.

“Петровис Трейдинг” ХХК, “Оюутолгой” ХХК-тай байгуулсан гэрээнээс олсон нэг жилийн ашгийг тооцвол 2.2 тэрбум төгрөг болж байна.

Энэхүү ашгийн талаас илүүг нь дээрх үйл ажиллагаа явуулахад шаардлагатай хөрөнгө оруулалтууд, тухайлбал Чойр, Сайншанд, Бор-Өндөрийн агуулахын өргөтгөл засвар, шатахуун зөөх 20 гаруй автоцистерн худалдан авахад зарцуулсан байдаг. Мөн “Петровис” компанийн хувьцааг би ганцаараа эзэмшдэггүй, 33%-ийг л эзэмшдэг учраас Петровисийн орлогыг ганцаараа захиран зарцуулах ямар ч боломжгүй. Хөрөнгө оруулалтаа хасаад ашгийн талыг нь ногдол ашгаар хуваарлилаа гэж бодоход надад жишээ нь жилд 367 сая төгрөг оногдож байна.

Тэгэхээр Оюутолгойтой хийсэн шатахуун нийлүүлэх гэрээний ашгаар дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг худалдаж авах ямар ч боломжгүй юм.

Яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд дурдагдаж буй 4 үл хөдлөх хөрөнгийг худалдан авахдаа 3.6 саяыг нь өмнөх байр зарсан болон түрээслүүлсэн орлогуудаас 400 мянган ам.долларыг Монгол улс дахь өөрийн хувийн данснаас, үлдсэнийг нь Хонконг дахь өөрийн “Forest Berries”, “ТRК” зэрэг компаниудаас шилжүүлсэн. Америкаас ирсэн материал дээр хаанаас хэзээ мөнгө шилжүүлсэн нь нэрээрээ тодорхой харагдаж байгаа.

Тиймээс “Петровис Трейдинг” ХХК, “Оюутолгой” ХХК-д шатахуун нийлүүлсэн хөрөнгийн эх үүсвэрээс Америкийн Нэгдсэн Улсад байр худалдан авсан гэх дүгнэлт үндэслэлгүй юм.

1.2. Дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан.

1.2.1. Шүүх “...С.Б-ын Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Оюутолгойн ордыг ашиглалтад оруулах Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахад олж авсан мэдээлэлд тулгуурлан “Петровис Трейдинг” ХХК болон “Айвенхоу Майнз Монголия Инк” /одоогийн Оюутолгой/ ХХК-ийн хооронд 2009 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр ВРА №0027 дугаартай “Шатах, тослох материал нийлүүлэх тухай” гэрээ байгуулагдсан” мэтээр үзсэн. Гэтэл хоёр компанийн хамтын ажиллагаа аль 2002 оноос эхлэн 2013 он хүртэл, мөн 2018 оноос одоог хүртэл үргэлжлэн явж байна. Анх Оюутолгойн ордын нөөц илрээгүй хайгуулын анги байх үе, 2002 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “Айванхоу Майнз Монголиа Инк” компанийн хайгуулын 3 төсөл болох Өмнөговь аймгийн Оюутолгой, Хармагтай, Шүтээн гэсэн газруудад түлш нийлүүлэх гэрээг байгуулж 150м3 багтаамжтай агуулах барьж өгч хамтын ажиллагаа эхэлсэн бөгөөд 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдах үед манай 2 компани 8 дахь жилдээ хамтран ажиллаж байсан.

Оюутолгой төслийн “Петровис” компанийг сонгох болсон нь дараах шаардлагаас үүдэлтэй юм.

- “Айвенхоу Майнз Монголиа Инк” ХХК-ийн хайгуулийн ажил явуулж буй Өмнөговь аймгийн Ханбогд, Манлай, Баян-Овоо сумдад гурвууланд нь ганц манай компани шатахуун түгээх станцуудтай байсан.

- Тухайн үед 22 төрлийн шинжилгээ хийх хүчин чадалтай итгэмжлэгдсэн чанарын төв лаборторитай байсан.         

- Өндөр даацын автоцистерний парктай байсан.

- Оюутолгойд ойр хамгийн их савны багтаамжтай Чойрын /14 мянган тонн/, Сайншандын /8.8 мянган тонн/ 2 агуулахаас ханган нийлүүлэх, нөөц хадгалах боломжтой байсан.

Энэхүү хамтын ажиллагааны явцад хоёр компанийн хооронд 2002, 2006, 2007, 2008, 2009, 2011, 2012, 2014, 2018 онуудад зарим жилдээ 1-2 удаа гэрээ шинэчлэгдэн хийгдэж байсан. 2009 оны 9 сард шинэчлэгдэн байгуулагдсан гэрээ нь хамтын ажиллагааны явцад заримдаа жилд 1-2 удаа хийгдэж байсан бусад гэрээнүүдийн л нэг нь юм.

Хэрэв Оюутолгой компанитай гэрээ байгуулах нь гэмт хэрэг юм бол дээрх бүх гэрээ нь гэмт хэрэг болно. 2009 оны гэрээнд дээрх бусад гэрээнээс ялгагдах зохицуулалт, аятай таатай нөхцөл нэгээхэн ч тусгагдаагүй, өнөөг хүртэл аль ч байгууллага хууль бус гэж үзээгүй, хүчин төгөлдөр үйлчлээд дуусгавар болсон байхад чухам яагаад уг гэрээг гэмт үйлдэл гэж үзээд байгааг ойлгохгүй байна.

1.2.2. Шүүх яллах дүгнэлтэд заасан “...хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор С.Б-ын охин Б.Нандинтай хамтран үл хөдлөх хөрөнгийн бизнесийг үргэлжлүүлэн явуулж байгаа нэрийдлээр Америкийн Нэгдсэн Улсад байр худалдан авсан” гэх дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзсэн.

Гэтэл 2006 онд С.Б-ыг Ерөнхий сайд болох сураг ч үгүй байхад Б.Нандинтай  хамтран үл хөдлөх эд хөрөнгийн бизнесээ эхлүүлж, 2007 онд анхны 2 байрыг худалдаж авсан. Үүнээс хойш нийт 9 байрыг худалдан авч түрээслүүлэх, худалдах зэргээр бизнесийн үйл ажиллагаа явуулсан. Эдгээр байрнуудаас 5 байрыг нь Оюутолгойн гэрээ зурагдсан 2009 оноос аль өмнө аль хэдийн худалдаад авчихсан байсан. Гэтэл шүүх 2009 оны гэрээний ашгаас уг бизнесийг хийсэн гэж үзээд байгааг үнэндээ ойлгохгүй байна. Эдгээр байруудаа Америкийн Нэгдсэн Улсад аль болох удаан амьдрах хүмүүс дээрээ бүртгүүлээд явсан. Нэгэнт бодитой эд хөрөнгө бүртгүүлж байгаа тул найдвартай хүн дээрээ бүртгэх нь ойлгомжтой учраас Б.Нандин гэрийнхнээсээ тэнд хэн нь, хэзээ удаан хугацаагаар байхаар нь зохицуулж бүртгүүлээд явж байсан. Тиймээс тэдний нэрээр зохих гэрээ, гүйлгээнүүдийг хийлгэж байсан.

Цаг хугацааны хувьд худалдан авсан хөрөнгийн эх үүсвэрийн хувьд Б.Нандин, Ч.Д- хоёрын хамтарсан үл хөдлөх эд хөрөнгийн энэхүү бизнес Оюутолгойн гэрээтэй огтоос хамааралгүйгээр явагдсан байхад “Оюутолгой” ХХК-тай байгуулсан хууль бус гэрээнээс олсон хөрөнгөө нуун далдлах зорилгоор, үл хөдлөх эд хөрөнгийн бизнес эрхэлж байгаа нэрийдсэн” хэмээн үндэслэлгүй дүгнэлт хийсэн байх юм.

1.2.3. “Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлого 3.569.148,56 ам.доллар буюу 5.580.444.637,22 төгрөгийг Америкийн Нэгдсэн Улсын “Банк оф Америка” банк дахь С.Б-ын болон түүний эхнэр Э.Сувдын дансаар 2011 оноос 2017 он хүртэлх хугацаанд авсан” гэж дүгнэсэн. Дээрх мөнгөнөөс надад хамааралтай гүйлгээг задлан тайлбарлавал, 301.337,28 ам.доллар нь байр зарсны орлого бөгөөд Э.Сувдын эзэмшлийн 1380 4085 5983 тоот дансанд 2013 оны 2 дугаар сарын 13-ны өдөр шилжсэн, 899.976 ам.доллар нь мөн байр зарсны орлого бөгөөд Э.Сувд болон С.Б- нарын хамтын эзэмшлийн 1381 0132 3642 тоот дансанд 2014 оны 2 дугаар сарын 13-ны өдөр шилжсэн, 1.392.792.29 ам.доллар нь мөн байр зарсны орлого бөгөөд С.Шагдардулам, Э.Сувд нарын хамтын эзэмшлийн 1381 1316 2914 тоот дансанд 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр шилжсэн, 326.900 ам.доллар нь С.Б-ын эмчилгээний төлбөрт болон манай гэр бүлийн хувийн хэрэгцээнд автомашин худалдан авахад зориулж Э.Шагдардуламаас С.Б-, Э.Сувд нарын 1380 4388 2349 тоот дансанд 2012 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд нийтдээ 7 удаагийн гүйлгээр шилжүүлсэн мөнгө юм. 259.880,43 ам.доллар нь гэрийн тавилга, моторт завь, аялалын трактор зэргийг худалдан авах зориулалтаар “True Kind Limited” компаниасаа 2013 оны 1 дүгээр сарын 23-ны өдрөөс 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд нийтдээ 5 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн мөнгө болно. Нийтдээ 3.180.886 ам.доллар С.Б-, Э.Сувд, С.Шагдардулам нарын дансаар орсон боловч байр худалдан авах, автомашин, гэрийн тавилга, моторт завь, аялалын трактор зэргийг худалдан авах, байранд засвар үйлчилгээ хийх, С.Б-ын эмчилгээ зэрэгт зарцуулагдсан. Гэтэл 3.569.148,56 ам.долларыг бүхэлдээ үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлого, гэмт хэрэг үйлдэж олсон орлого мэтээр дүгнэж хураан авч улсын орлого болгохоор шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй юм.

1.2.4. Ч.Д- “Forest Berries” компаниараа Нью-Йорк хотын 34 Greene street 2N, NY 10023 хаягт бүртгэлтэй орон сууцыг 2010 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 3.300.000 ам.доллараар худалдан авсан бөгөөд 2021 он хүртэл хугацаагаар бусдад түрээслүүлсэн байгаа. Уг байрыг худалдан авахдаа 400.000 ам.долларыг Монгол Улсаас шилжүүлж, үлдсэн төлбөрийг нь “Forest Berries” компанийнхаа данснаас шилжүүлсэн. Гэтэл шүүх ямар нэгэн үндэслэл заалгүйгээр уг байрыг “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө” мэтээр дүгнэсэн.

Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байдаг бөгөөд прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээ нь яллах дүгнэлтэд зааснаар хязгаарлагддаг. Мөн хуулийн 32.10 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.3 дахь заалтад яллах дүгнэлтийн хавсралтад “хохирол, хор уршгийн талаарх мэдээлэл”-ийг тусгахаар хуульчилсан бөгөөд 2020 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 66 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад “С.Б-, Ч.Д- нарын гэмт хэрэг үйлдэж олсон орлогын хэмжээ” гэсэн хэсэгт 3.569.148,56 ам.доллар буюу 5.580.444.637,22 төгрөг гэж бичсэн байдаг. Үүний зэрэгцээ Америкийн Нэгдсэн Улсын “Dechin” компанид бүртгэлтэй, Нью-Йорк хотын 34 Greene street 2N, NY 10023 хаягт бүртгэлтэй орон сууцыг “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө” болох талаар шүүхийн хэлэлцүүлэгт огт мэтгэлцээн явагдаагүй. Гэтэл улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэг дууссаны дараа дүгнэлт хэлэх шатанд уг орон сууцыг хурааж улсын орлого болгох саналыг “гэнэт” гаргаж тавьсан, улмаар шүүх прокурорын саналыг ёсоор болгож Ч.Д-аас 3.5 сая ам.доллар буюу 5.766.040.000 төгрөгийн үнэлгээтэй, Америкийн Нэгдсэн Улсад байгаа үл хөдлөх хөрөнгийг хураан авч улсын орлого болгохоор шийдсэн.

2.2. Шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй. Энэ зүйлд шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн шүүгдэгчийг гэм буруутай тооцох хэсэгт тусгах 4 шаардлага, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэгт тусгах 6 шаардлагыг заасан байдаг. Гэтэл энэхүү шийтгэх тогтоол нь шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх 4 шаардлагын алийг нь ч хангаагүй бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэгтээ “ямар ч үндэслэл заалгүйгээр Ч.Д-аас 3.5 сая ам.доллар буюу 5.766.040.000 төгрөгийн үнэлгээтэй, Америкийн Нэгдсэн Улсад байгаа үл хөдлөх хөрөнгийг хураан авч улсын орлого болгож шийдвэрлэсэн. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан “ноцтой зөрчил”-д тооцогдоно.

2.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно.” гэж, 3 дахь хэсэгт “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна.” хэмээн заасан бөгөөд хэрэг үйлдсэн хугацааг зайлшгүй тогтоох шаардлагатай байдаг. Шүүх Америкийн Нэгдсэн Улсад байр худалдан авсан болон С.Б-, Э.Сувд нарын дансанд мөнгө шилжүүлсэн хоёр үйлдлийн чухам алиныг нь “мөнгө угаах гэмт хэрэг” гэж үзэж байгаа талаар огт дүгнээгүй.

С.Б-аас 3.569.148,56 ам.доллар буюу 5.580.444.637,22 төгрөг хурааж шийдвэрлэснийг нь харахад С.Б-, Э.Сувд нарын дансанд шилжсэн үйлдлийг мөнгө угаалт гэж дүгнэсэн юм байна гэж ойлгогдохоор байна. Гэтэл Ч.Д-аас 3.5 сая ам.доллар буюу 5.766.040.000 төгрөгийн үнэлгээтэй, Америкийн Нэгдсэн Улсад байгаа үл хөдлөх хөрөнгийг хураан авахаар шийдвэрлэснийг нь харахад Америкийн Нэгдсэн Улсад үл хөдлөх хөрөнгө худалдан авсан үйлдлийг мөнгө угаалт гэж үзсэн юм шиг ойлгогдохоор байна. Энэ байдлаас шалтгаалаад гэмт хэрэг үйлдсэн хугацаа, хөөн хэлэлцэх хугацааны талаар үндэслэлтэй дүгнэж чадаагүй.

Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ч.Д-ыг цагаатган шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ч.Д-ын өмгөөлөгч О.Сайнгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх шүүгдэгч нарт хорих ял оногдуулж шийдвэрлэхдээ шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан үндэслэл, ялын төрөл хэмжээнд тохироогүй, ялангуяа гэмт хэрэгт шалгагдахаас өмнө болон одоогийн байгаа эрүүл мэнд, хувийн байдлыг огт анхаарч үзээгүй. Учир нь, шийтгэх тогтоолын 37 дахь хуудсанд Эрүүгийн хуулийн зүйл, заалтыг зөвхөн дурдаж бичээд чухам юугаар нөхцөлүүд нь нийцэж байгааг тайлбарлаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гээд эрүүгийн хариуцлагын хамгийн хүнд хэлбэр буюу хорих ялыг 2 жилийн хугацаагаар оногдуулсан. Миний үйлчлүүлэгчид оногдуулсан хуулийн зүйл, заалт нь эдийн засгийн эсрэг гэмт хэрэг бөгөөд хэлбэрийн хувьд хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарна. Эдийн засгийн эсрэг гэмт хэрэг нь гэм буруутай байсан үгүй ч гэм хор, хохирол хэзээд арилах боломжтой. Гэтэл миний үйлчлүүлэгчийн хувьд эрүүл мэнд, амь нас нь дахин сэргэх боломжгүй нөхцөл байдалд хүрсэн. Өөрөөр хэлбэл, түүнийг заавал хорих шаардлага байхгүй гэж үзэж байна. Ч.Д- нь одоо 68 настай, олон төрлийн хавсарсан нийлмэл оноштой эрүүл мэнд тун хүнд нөхцөлд байна. Саяхан шүд нь буглаж идээлсний улмаас хорих ангид мэс ажилбарт орсон. Ч.Д-ын хувийн байдал нь хавтаст хэрэгт авагдсанаар зөвхөн С.Б- гэх хүний найз биш, монголын ард түмэнд “Петровис Трейдинг” ХХК-ийн үүсгэн байгуулагчдын нэг, хувьцаа эзэмшигч, Монголын газрын тосны салбарын түүхийг бүтээлцэхэд өөрийн хувь нэмрээ оруулж салбарын хөгжлийг тодорхойлж ирсэн, Монгол орны өнцөг булан бүрт хүрч үйлчилдэг улсын хөгжлийн гол салбаруудад хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийж, улс орны хөгжил цэцэглэлтэд гар бие оролцож хамгийн багадаа 2500 ажилчдыг ажлын байраар хангадаг үндэсний тэргүүлэх компанийн удирдагч, хувь хүнийхээ хувьд шулуун шударга ноён нуруутай хүн гэдгээр танигдсан Монгол Улсын иргэн юм. Гэсэн хэдий ч хэрэгт шалгагдаад хорих ял шийтгүүлсэн. Ял эдлэхээс өмнө маш олон төрлийн хавдартай байсан. 1999 оноос өнөөдрийг хүртэл 7 удаагийн мэс ажилбарт орсон. 1999 онд зүрхний хүнд хагалгаанд, 2011 онд нурууны хүнд хагалгаанд, 2016 онд дунд чихний тэнцвэр алдах өвчнөөр хагалгаанд орсон. Уг тэнцвэр алдах өвчин нь дархлаа муудахаар ухаан алдаж унадаг өвчтэй юм. 2017 оноос төрөл бүрийн буюу бүдүүн, шулуун гэдэсний хавдар, тунгалагийн булчирхайн хавдар, цусны эд эсийн хортой хавдрууд илэрсэн. 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хоригдоод маргааш нь ухаан алдаж цагдан хорих төвд хүргүүлсэн. Өнөөдрийг хүртэл цагдан хорих төвд эмч нарын хяналтад байж, өдөр бүр өвчинтэйгээ тэмцэж амьдарч байна. Шүдээ авахуулаад эдгээгүй, эрүүний ясыг нь хусаж авсан. Өөрөөр хэлбэл, зажлуурын эрхтэн ажиллахгүйн улмаас зовиуртай байгаа. Монгол Улсын Үндсэн хуульд хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлооно гэсэн зорилготой. Хэдийгээр Ч.Д-д ял халдааж байгаа ч гэсэн энэрэнгүй ёсны зарчмыг баримтлах ёстой. Түүний нас, хувийн байдал, улс оронд үүссэн цар тахал зэрэг ноцтой байдлуудыг харгалзан үзэж шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт онцгой нөхцөл байдал үүсэхэд ялыг хөнгөрүүлж болно гэж заасныг харгалзан оногдуулсан ялыг хуульд заасан хамгийн бага хэмжээгээр оногдуулж өгнө үү. Өмгөөлөгч нар уулзах гээд хорих ангид очиход хөл нь өвдөөд гарч ирж чаддаггүй. Ангийн даргаас гуйж, прокуророос зөвшөөрөл авч байж уулздаг. Сүүлд цагдан хорих ангиас гаргаж өгсөн тодорхойлолт, шүдний эмчийн тодорхойлолтоос гадна 61 дүгээр хавтаст хэрэгт шүүгдэгч нарын нууцын зэрэглэлтэй эмнэлгийн магадлагаанууд, 69 дүгээр хавтаст хэргийн 180, 182,184 дэх талд “Сөүл Асан“ эмнэлгийн цөмийн онош зүйн шинжилгээний хариу, РЕТ-СТ гэх оношлуурын хариунд цусны хавдар, бүдүүн гэдэсний хавдар, тунгалагийн булчирхайн хавдаруудтай гэсэн 18 хуудас баримт байгаа. Эдгээрийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Монгол Улсын иргэн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх ёстой учраас эрүүгийн хариуцлага оногдуулахдаа энэ зарчмын дагуу эрх тэгш байх ёстой гэж үзэж байна. Энэрэнгүй ёсны зарчмыг баримталж, Үндсэн хуульд нийцүүлэн шүүгдэгчийн хорих ялаас багасгаж өгнө үү. Эрүүгийн хууль нь хохирогч, шүүгдэгчийн аюулгүй байдлыг хангах зарчимтай. Нэг талаасаа төр хүнийг гэмт хэрэг үйлдсэнийх нь төлөө ял халдааж цээрлүүлж байгаа ч гэсэн нөгөө талдаа түүнд амьд явах, бие махбод, сэтгэл санааны зовиур үүсгэхгүй, зовлон шаналал үзүүлэхгүй байхыг тусгасан байдаг. Иймд шүүх түүний эрүүл мэнд, насыг харгалзан үзэж хуульд заасан хорих ялыг хамгийн багаар оногдуулж өгнө үү. Түүнчлэн хэрэг шалгагдаж байх үед нийт 24 дансыг шалгасан бөгөөд үүнээс 4 дансыг тодорхойгүй үндэслэлээр Авлигатай тэмцэх газарт дахин шалгана гээд буцаасан. Уг дансны хуулгууд ирснээр өөрөө буцааж мөнгөө авсан эсэх нь харагдана. Америкийн Нэгдсэн Улсын дансны хуулгыг бүгдийг шүүж үзэхэд үл хөдлөх эд хөрөнгийн мөнгийг С.Б- аваагүй болохыг анхаарч үзнэ үү. 10 настай хүүхэд нь эцгийгээ хүлээгээд сууж байгаа.” гэв.

Шүүгдэгч Ч.Д- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч нарынхаа гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Би дунд чихний үрэвсэл, зүрхний цусны архаг хомсдол, бөөрний архаг дутагдалтай гэж оношлогдсон бөгөөд энэ насандаа хорих байгууллагын орчин нөхцөлийг дийлэхээргүй байгаа тул миний эрүүл мэндийн байдлыг анхаарч үзнэ үү.” гэв.

Прокурор Ц.Сүхбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч С.Б-, түүний өмгөөлөгч П.Баасанжав, Г.Должинсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлын тухайд дараах тайлбарыг гаргаж байна. Хэргийн зүйлчлэлийг зөвтгүүлэхээр давж заалдах гомдол гаргасан хэдий ч яг аль зүйлчлэлээр зүйлчлэхийг тодорхой тусгаж өгөөгүй. Энэ хэргийн тухайд суурь гэмт хэрэг нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйл байна. Мөнгө угаах гэмт хэрэг нь суурь гэмт хэргээс улбаатайгаар үйлдэгддэг. Иймд мөнгө угаах гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд тухайн этгээд албан тушаалаа хашиж байсан эсэхээс үл хамаарч тухайн зүйлээр хүндрүүлж зүйлчлэх нь үндэслэлтэй. Энэ гэмт хэрэг нь албан тушаалын байдалтай хамааралгүй бусад төрлийн гэмт хэрэг байсан бол ийм зүйл яригдахгүй байсан. Мөн эрүүл мэндийн тухайд, анхан шатны шүүх хуралдаанаар хүндрүүлэх болон хөнгөрүүлэх бүхий л нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдвэр гаргасан. Гэтэл давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож байгаа өмгөөлөгч нар хувийн байдлын талаарх баримтыг гаргаж өгөх эрх нь нээлттэй байдаг. Шүүх хуралдаанаас хойших нөхцөл байдал болон хувийн байдлыг тодруулсан нөхцөл байдлыг үндэслэж зүйлчлэлийг өөрчлөх эсвэл өөрчлөхгүйгээр хөнгөрүүлэх хууль зүйн боломж байдаг. Энэ нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг хураах талаар зохицуулсан. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгийг албадан гаргуулахаар хуульчилсан. 5.580.444.637,22 төгрөгийг гэмт хэрэг үйлдэж олж авсан хөрөнгө гэж үзэж С.Б-аас гаргуулж, мөн Ч.Д-аас байрыг гаргуулж шийдсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хуулийн зорилгод нийцсэн гэж үзэж байна. Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Санзай хотхон, 1 дүгээр хэсэг гудамж 56 тоот хаягт байрлах амины орон сууцыг гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгө байсан талаар дурдсан байна. Харин хавтас хэрэгт авагдсан баримтаар С.Б-ын нэр дээр бүртгэлтэй болох нь тогтоогдсон. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээг хангах зорилгоор яллагдагч, шүүгдэгчийн хөрөнгийг прокурорын шийдвэрээр битүүмжилнэ гэсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод нийцэж байгаа учраас шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. Яллах дүгнэлт болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан прокурорын дүгнэлтээр хүнд хор уршгийн талаар тайлбарласан. Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж хуульчилсан. Төрийн бүх шатанд дээрх үндсэн зарчим хэрэгжих ёстой. С.Б-ын хувьд Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэж байхдаа албан тушаал, ажил үүрэгтэй холбоотойгоор өөрт бий болсон давуу байдлыг урвуулан ашиглаж өөрийн хамаарал нэгдмэл сонирхол бүхий хүн, хуулийн этгээдэд эдийн засгийн давуу байдал бий болгосон нь иргэдийн шударгаар орлого олох боломж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулахаас гадна төр нийтийн ашиг сонирхлыг зөрчсөнөөрөө 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан хүнд хор уршиг учруулсан гэх шинжийг хангасан гэж үзэж байна. Хүнд хор уршгийн тухайд иргэдийн шударгаар орлого олох боломж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулахаас гадна төр нийтийн ашиг сонирхлыг зөрчсөнөөр илэрхийлэгддэг. Энэ талаар одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд тайлбар хийсэн Улсын Дээд шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 407 дугаартай тогтоол, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлд тайлбар хийсэн Улсын Дээд шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 268 дугаар тогтоол тус бүрт хүнд хор уршгийг тайлбарлаж шийдвэрлэсэн хэргүүд бидний дүгнэлттэй шууд нийцдэг. Мөн өмгөөлөгч нар гомдолдоо давуу байдлын талаар удаа дараа дурдсан. Давуу байдлын нэр томьёоны талаар 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдсөн Авлигын эсрэг хуулийн нэр томьёоны тодорхойлолт хэсэгт хуульчилсан байдаг. Авлига, албан тушаалын талаар зохицуулсан салбар хуулиудад тусгагдсан нэр томьёоны асуудал онолын болон хууль хэрэглээний хувьд давхар хэрэглэгдэх ёстой. Үүнээс үзэхэд өмгөөлөгч нарын давуу байдал гэх ойлголт 2015 оны хуульд цоо шинээр орж ирсэн мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолуудад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлд заасан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн бүх шинжүүд тодорхой бичигдсэн. Үүн дээр нэмээд давуу байдлыг “Петровис Трейдинг” ХХК-д олгосон гэх үйлдэл яригддаг. Түүнээс биш давуу байдал олгосон гэх зүйлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж болгож тайлбарлан дүгнэсэн асуудал байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасантай холбогдуулан шүүх хууль зүйн дүгнэлт хийгээгүй гэж ярьж байна. Гэвч шийтгэх тогтоолын үндэслэл болсон нотлох баримтын агуулга, тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналыг үндэслэл болгосон баримт зэргийг тусгасан. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийсэн шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 602 дугаартай шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн 2 дахь заалтад тодорхой тусгагдсан гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлтийн талаар өмгөөлөгч нарын гомдолд удаа дараа тусгагддаг. “Петровис Трейдинг” ХХК-д шатахуун нийлүүлсэн бусад компанийн шатахуун нийлүүлэх үнээс илүү байсан, Улаанбаатар хот дахь үнийг Оюутолгой дахь шатахууны үнэтэй харьцуулалт хийсэн, үнийн дүнгийн зөрүүнээс ашиг олсон эсэх асуудлыг хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй гэж үзэж байна. Прокуророос хууль зүйн дүгнэлт хийж, яллах дүгнэлт үйлдэхдээ “Петровис Трейдинг” ХХК-д 418 тэрбум төгрөгийн орлого олох боломжийг олгосон гэж дүгнэсэн. 2009 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр байгуулсан “Шатах, тослох материал нийлүүлэх“ гэрээнд орсон холбогдох өөрчлөлтүүдийн дагуу “Петровис Трейдинг” ХХК-ийн дансанд 418 тэрбум төгрөг орсон болох нь дансны хуулга, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Түүнээс биш харьцуулалтын арга, бусад мөрдөн шалгах ажиллагааны дүнд тогтоогдсон дүн биш. Өмгөөлөгч нарын гомдолд Америкийн Нэгдсэн Улсаас ирсэн хариу дутуу, “7996” гэх дансны гүйлгээг дурдаж байна. Америкийн Нэгдсэн Улсын Хууль зүйн яам руу Монгол Улсад эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа иргэд, тэдгээрийн хамаарал бүхий иргэн, хуулийн этгээдийн дансны мэдээллийг авахаар хандсан. Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу ирсэн хариунд манай хэрэгт холбогдон шалгагдсан нэр бүхий этгээдүүд болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүдийн дансыг ирүүлсэн. Тэгэхээр холбогдох ажиллагаа хийгдсэн. “7669” төгсгөлтэй данс нь эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа этгээдүүд болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүдтэй хамааралгүй данс байсан тул тухайн дансны мэдээлэл ирээгүй. Одоо ч мөрдөн шалгах ажиллагааны дүнд уг дансны мэдээлэл ирсэн талаар баримт байхгүй. Өмгөөлөгч нар дахин ирэх ёстой гэсэн байдлаар хандаж байгаа боловч ирэхгүй. Хэрэгт хамаарал бүхий этгээдүүдийн бүх дансны мэдээлэл ирчихсэн, мөрдөн шалгах ажиллагаа хангалттай хийгдсэн гэж үзэж байна. Өмгөөлөгч нар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжийг тодорхойлоогүй гэж байна. Гэвч яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд тодорхой бичигдсэн байгаа тул үүнийг дахин уншиж тайлбарлах шаардлагагүй.

Мөнгө угаах гэмт хэргийн тухайд, өмгөөлөгч нар бусад этгээдэд хамааралтай гэж гомдол гаргасан байгаа боловч 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд тусгагдсан мөнгө угаах гэмт хэрэгт нь мэдсээр байж түүнийг эзэмшсэн, ашигласан, захиран зарцуулсан, түүний гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө орлогын хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор шилжүүлсэн бусад шинжүүдийг хуульд тусгасан. Эндээс зөвхөн эхний шинжээр нь бусад зүйлийг холбон ойлгож болохгүй. Түүнчлэн гэрээ байгуулах үед С.Б- албан тушаалаа хашиж байгаагүй тул зөвхөн эхний гэрээний хүрээнд албан тушаалаа хашиж байсан. Тиймээс эхний гэрээнээс үүдэлтэй хохирлыг тооцох ёстой гэсэн утга бүхий гомдлыг гаргасан байна. Үндсэн 2009 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн гэрээ байгуулах, улмаар түүнээс үүдэлтэй орлого олох боломжийг бүрдүүлсэн гэдэг утгаар дүгнэсэн. Эхний гэрээнээс бусад гэрээний нэмэлт сунгалтууд үүдэлтэй тул “Петровис Трейдинг” ХХК-д бий болсон давуу байдал одоо хүртэл үргэлжилж байгаа тул нийт өгсөн үнийн дүнгээр тооцох үндэслэлтэй. Шинжээчийн дүгнэлтийн тухайд холбогдох шинжээчийн гарын үсэг байдаг. Шүүх шинжилгээнээс гадуур шинжилгээ хийлгэхэд тусгай мэдлэг бүхий этгээдийг томилдог. Тусгай мэдлэг бүхий иргэн хүн ч гэсэн уг мэдлэгийн хүрээнд гаргасан шинжилгээнд гарын үсэг зурж баталгаажуулах боломжтой. Мөн С.Б- гэрээ байгуулахад нөлөөлсөн гэх нотлох баримт байхгүй гэж өмгөөлөгч ярьж байгаа боловч Авлигын эсрэг конвенцийн 28 дугаар зүйлд бодит үйл баримтад тулгуурлан хууль зүйн дүгнэлт хийж хэргийг нотлох талаар тусгасан байдаг. Авлига, албан тушаалын гэмт хэрэг нь өөрөө нууц, далд аргаар үйлдэгддэг. Бусад гэмт хэрэгтэй харьцуулахад шууд нотлох баримт бага үлддэг. Хэргийн ерөнхий нөхцөл байдал, үйл баримтын хувьд тулгуурлаж шийдвэрлэх олон улсын хандлага бий. Энэ ч утгаараа Авлигын эсрэг конвенцид зүйл, хэсэг болж орсон байдаг. Хэргийн үйл баримтын хувьд С.Б- Ерөнхий сайдаар ажиллаж, түүнд холбогдох мэдээллүүд танилцуулагдаж байсан. Тэрээр Улсын Их Хуралд Хөрөнгө оруулалтын гэрээний талаар танилцуулж байсан. 2009 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Улсын Их Хурлын хуралдаанаар Байгаль орчны тухай хууль тогтоомжийн нэмэлт өөрчлөлтийн талаар хэлэлцсэн гэж өмгөөлөгч ярьж байгаа боловч тухайн өдөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдахад шаардлагатай Монгол Улсын материаллаг хууль тогтоомжуудыг түүнд нийцүүлж нэмэлт өөрчлөлт оруулсан хурал байсан. Үүнээс 7 хоногийн дараа Ч.Д-ын  “Петровис Трейдинг” ХХК “Оюутолгой” ХХК-тай “Шатах, тослох материал нийлүүлэх” гэрээ байгуулсан байдаг. Улмаар С.Б- Америкийн Нэгдсэн Улс руу явж, Ч.Д-ын үл хөдлөх хөрөнгөд амьдарч байсан. Ч.Д-ын үл хөдлөх хөрөнгөөс олсон орлого, мөнгө С.Б- болон түүний хамаарал бүхий этгээдийн дансаар шилжиж байсан. Мөн С.Б- Б.Нандин болон Ч.Д- нарын зааварчилгааны дагуу үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулах үйл ажиллагаанд оролцож байсан зэрэг үйл баримтууд нотлогдсон. Энэ үйл баримтууд дээр хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын хүрээнд хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. Шинжээчийн дүгнэлтээр дансны хуулганд орсон мөнгөн дүн тодорхой гарсан. Тийм хэмжээний орлого олох боломжийг бүрдүүлснээрээ давуу байдал болно. Мөн “Петровис Трейдинг” ХХК болон түүний хамаарал бүхий ах ахуйн нэгж, байгууллагаас Америкийн Нэгдсэн Улсад үл хөдлөх эд хөрөнгө худалдан авахад зориулж мөнгө шилжүүлсэн талаар нэг ч нотлох баримт байхгүй. “Оюутолгой” ХХК-тай байгуулсан шатахуун нийлүүлэх гэрээний ашгаар үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдаж авах ямар ч боломжгүй гэж давж заалдах гомдолд дурдагдсан. Гэвч С.Б-ын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн улмаас Ч.Д-ын хувьцаа эзэмшдэг “Петровис Трейдинг” ХХК-д 418 тэрбум төгрөгийн орлого олох боломж бүрдсэн. Заавал “Петровис Трейдинг” ХХК болон түүний хамаарал бүхий өөр бусад компанийн данснаас Америкийн Нэгдсэн Улсад үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах гэж мөнгө шилжүүлсэн бодит баримт байхгүй гэж байгаа боловч “Петровис Трейдинг” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ч.Д- нь Америкийн Нэгдсэн Улсад худалдан авсан бүхий л хөрөнгүүдийг санхүүжүүлсэн болох нь нотлох баримтаар нотлогдсон. Өөрөөр хэлбэл, Ч.Д-ын хувьцаа эзэмшдэг компанид давуу байдал бий болж, Ч.Д- Америкийн Нэгдсэн Улс руу үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан санхүүжилтийг хийсэн гэх үйл баримт тогтоогдсон. Урьд нь 5 үл хөдлөх эд хөрөнгө худалдан авч бизнес эрхэлж байсан гэх асуудал яригддаг. 2007 оноос 2009 оны хооронд 5 үл хөдлөх эд хөрөнгө худалдан авч борлуулсан үйлдэл байгаа. Америкийн Нэгдсэн Улсаас ирсэн эрх зүйн туслалцааны даалгаврын хариу, түүнд хийсэн мөрдөгчийн тэмдэглэл зэргээр тодорхой харагдана. Тэдгээр 5 үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авч борлуулсан нийт авсан дүн, орлого хоёрын зөрүү -1.470.100.000 ам.долларын алдагдал хүлээсэн байдаг. Энэ нь өмнөх 5 үл хөдлөх хөрөнгийг худалдсанаас олсон орлогоор 4 үл хөдлөх эд хөрөнгийг санхүүжүүлсэн гэдэг нь үндэслэлгүй. Учир нь, өмнөх 5 үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан дүн нь худалдсан үнийн дүнгээсээ 1.470.100.000 ам.долларын алдагдалтай тул дараагийн 4 үл хөдлөх эд хөрөнгийг худалдсан орлогоос худалдан авсан гэх тайлбар нь үндэслэлгүй бөгөөд нотлогдохгүй. Мөн өмнө худалдан авсан гэх 5 үл хөдлөх эд хөрөнгө 2009 оноос хойш худалдан авсан 4 үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс эрс ялгаатай буюу 5 үл хөдлөх эд хөрөнгийн алийг ч 1.000.000 ам.доллараас дээш үнийн дүнгээр аваагүй. Гэтэл сүүлд авсан 4 үл хөдлөх хөрөнгийн хамгийн багыг нь 1.290.000 түүнээс дээш 3.500.000, 3.800.000 ам.доллар гэсэн эрс өссөн үнийн дүнгүүдээр худалдан авсан болох нь хэрэгт авагдсан худалдан авалтуудын баримтаар нотлогддог. Гэм буруугийн хуралдаанд үл хөдлөх эд хөрөнгийг хэрхэх талаар огт яригдаагүй байхад шүүх шийдвэр гаргасан гэж ярьж байгаа боловч гэм буруугийн хуралдаанд шүүгдэгч нарыг буруутгаж байгаа 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн  18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай юу гэдэг асуудал дээр талууд мэтгэлцдэг. Гэм буруутайд тооцож шийдвэрлэсний дараах эрүүгийн хариуцлагын хуралдаанд бусад саналууд прокуророос тавигдана. Энэ хүрээнд гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг хэрхэн шийдвэрлэх, үл хөдлөх эд хөрөнгийг хураах санал гаргасан. Тэгэхээр энэ асуудлаар мэтгэлцээн явуулаагүй гэж байгаа өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй. Түүнчлэн өмгөөлөгч нар Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдана гэх асуудлын талаар ярьж байгаа боловч 2015 оны Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг урьдчилсан нөхцөлүүд хангагдсан байхыг шаарддаг онцлогтой.

Прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дараах өөрчлөлтүүдийг оруулах саналтай байна. Үүнд, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “давтан үйлдлээр” гэснийг шийтгэх тогтоолоос хасуулах, 8 дахь заалтад “хохиролд тооцуулахаар” гэснийг “хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээг хангуулахаар” гэж өөрчлөх, 7 дахь заалтад “Ч.Д-ын өмчлөлийн Америкийн Нэгдсэн Улсад байгаа орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хураан улсын орлого болгох” гээд ерөнхий байдлаар бичигдсэнийг “Америкийн Нэгдсэн Улсын Нью Иорк хотын 34 Greene street 2N, NY 10023 хаягт бүртгэлтэй орон сууц” гэж хаягаар нь тодорхой бичих нь дараа дараагийн хууль зүйн үр дагаварт нөлөөтэй байж болох учир түүний хаягийг тодорхой бичүүлэх талаар санал оруулж байна. Мөн шийтгэх тогтоолын 10 дахь заалтад “С.Б-, Ч.Д- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй“ гэснийг “урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар” гэсэн байдлаар шийтгэх тогтоолд тус тус өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад хэсгийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

            Прокуророос С.Баярцогт, Б.Бямбасайхан, С.Б-, Ч.Д-, Б.Ариунсан, Д.Ганболд, Б.Бадрал нарт холбогдох эрүүгийн 1702 0016 50085 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэхдээ С.Б-ыг 2007 оны 11 дүгээр сараас 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн “Хөрөнгө оруулалтын гэрээний тухай” 51 дугаартай тогтоолоор “Оюутолгой” ордыг ашиглах зорилгоор гадаад, дотоодын хөрөнгө оруулагчтай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах яриа хэлэлцээр хийхийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нарт үүрэг болгож, Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн “Гарын үсэг зурах эрх олгох тухай” 308 дугаартай тогтоолоор стратегийн орд болох “Оюутолгой” төслийн хүрээнд “Айвенхоу Майнз Монголия Инк”, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компаниудтай хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэх эрхийг нэр бүхий Засгийн газрын гишүүдэд олгож, мөн өдөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах нөхцөлийг бүрдүүлсэн,

            2007 оны 11 дүгээр сараас 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Оюутолгойн ордыг ашиглалтад оруулах Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахад олж авсан мэдээлэл, цаашид үүсэж болох нөхцөл байдал зэрэгт үндэслэн албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгоор найз Ч.Д-ын хувь нийлүүлсэн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Петровис Трейдинг” ХХК-ийг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Айвенхоу Майнз Монголия Инк” /одоогийн Оюутолгой/ ХХК-тай 2009 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ВРА №0027 дугаартай “Шатах, тослох материал нийлүүлэх тухай” гэрээ байгуулах, энэ гэрээ 2013 оныг дуустал хүчинтэй байх хугацаанд “Петровис Трейдинг” ХХК нь 418.385.173.982,34 төгрөгийн орлого олох боломжийг олгож буюу “Оюутолгой” болон “Петровис Трейдинг” компаниудын хооронд байгуулагдсан бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, түүний үр дүнд “Петровис Трейдинг” компанид эдийн засгийн хувьд давуу байдал бий болгон Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан гэж 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

            мөн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад бий болгосон давуу байдлаас үүссэн хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор Америкийн Нэгдсэн Улс руу явж, Ч.Д-тай бүлэглэн өөрийн том охин Б.Нандин болон Ч.Д- нарын хамтран эрхэлдэг гэх үл хөдлөх хөрөнгийн бизнесийг үргэлжлүүлэн явуулж байгаа нэрийдлээр Америкийн Нэгдсэн Улсын Сиэтл, Нью-Йорк хотуудад 2010 оноос 2014 оны хооронд 4 үл хөдлөх хөрөнгийг нийт 11.643.000 ам.доллараар худалдан авч, улмаар дээрх үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогыг Америкийн Нэгдсэн Улсын “Банк оф Америка” банк дахь өөрийн болон эхнэр Э.Сувдын дансаар 2011 оноос 2017 он хүртэлх хугацаанд нийт 3.569.148,56 ам.доллар буюу 5.580.444.637,22 төгрөгийг авч, мөнгө угаасан гэмт хэргийг зохион байгуулсан гэж 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт,

            Ч.Д-ыг С.Б-тай бүлэглэн Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Б-ын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад бий болгосон давуу байдлаас үүссэн хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор С.Б-ын охин Б.Нандинтай хамтран үл хөдлөх хөрөнгийн бизнесийг үргэлжлүүлэн явуулж байгаа нэрийдлээр Америкийн Нэгдсэн Улсын Сиэтл, Нью-Йорк хотуудад 2010 оноос 2014 оны хооронд 4 үл хөдлөх хөрөнгийг нийт 11.643.000 ам.доллараар худалдан авч, улмаар дээрх үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогыг Америкийн Нэгдсэн Улсын “Банк оф Америка” банк дахь С.Б-ын болон түүний эхнэр Э.Сувдын дансаар 2011 оноос 2017 он хүртэлх хугацаанд нийт 3.569.148,56 ам.доллар буюу 5.580.444.637,22 төгрөгийг авч, мөнгө угаасан гэж 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулжээ.

    Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад прокурор, өмгөөлөгч нараас гаргасан “...хэргийг тусгаарлаж шийдвэрлүүлэх...” санал, хүсэлтийг үндэслэн шүүгдэгч С.Баярцогт, Б.Бямбасайхан, С.Б-, Ч.Д-, Д.Ганболд, Б.Ариунсан, Б.Бадрал нарт холбогдох эрүүгийн 1702 00165 0085 дугаартай хэргээс шүүгдэгч С.Б-, Ч.Д- нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар тусгаарлах тухай шийдвэр гаргасан байна.

    Улмаар 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр шүүгдэгч С.Б-, Ч.Д- нарт холбогдох хэргийг үндсэн хавтаст хэрэгт авагдсан материал, нотлох баримтын хүрээнд хэлэлцэж 2020/ШЦТ/602 дугаартай шийтгэх тогтоол гаргасны дараа эрүүгийн 1702 00165 0085 дугаар бүхий хэргийн материалаас шүүгдэгч С.Б-, Ч.Д- нарт холбогдох баримтуудыг түүвэрлэн хуулбарлаж давж заалдсан гомдлуудын хамт /нийт 64 хавтас 15689 хуудас бүхий материалыг/ тус шүүхэд ирүүлсэн болох нь талуудын гаргасан тайлбаруудаар тодорхойлогдсон билээ.

    Ингээд шүүгдэгч С.Баярцогт, Б.Бямбасайхан, Д.Ганболд, Б.Ариунсан, Б.Бадрал нарт холбогдох эрүүгийн 1702 00165 0085 дугаартай хэрэг тус шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэд, мөн дээрх хэргээс тусгаарласан шүүгдэгч С.Б-, Ч.Д- нарт холбогдох хэрэг тус шүүхийн шүүгч Н.Батсайханд Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системээр тойрог дотор санамсаргүй буюу тохиолдлын байдлаар сонгогдох зарчмаар хуваарилагдсан.

    Шүүгдэгч С.Б-, Ч.Д- нарт холбогдох хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцээгүй, шинжлэн судлаагүй, хуулбар хэргийн материалд үндэслэж шийдвэрлэх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх, хэргийн бодит байдлыг тогтоох зарчим, үзэл баримтлалд үл нийцэхээс гадна, давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээнд хориглосон.

    Иймээс дээрх нөхцөл байдлыг болон талуудаас гаргасан “...үндсэн хавтаст хэрэгт тусгагдсан эх нотлох баримтуудын хүрээнд хэргийг хэлэлцүүлэх…”  хүсэлтийг үндэслэн шүүгдэгч С.Б-, Ч.Д- нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 15 дахь хэсэгт зааснаар эрүүгийн 1702 00165 0085 дугаартай үндсэн хавтаст хэрэгт тусгагдсан эх нотлох баримтуудад тулгуурлан давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

    Анхан шатны шүүх нь 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/602 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.Б-, Ч.Д- нарыг яллах дүгнэлтэд заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, улсын яллагчаас гаргасан саналын дагуу тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэжээ.

    Гэвч уг шийтгэх тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байхаас гадна, шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон нөхцөл байдал, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтын агуулга, тухайн нотлох баримтуудын алийг нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн үндэслэл, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гэм буруу, хууль хэрэглээ, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдсон бусад асуудлаар гаргасан санал, үндэслэл болгосон баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тусгаагүй, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлын талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй зэргээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтын шаардлагыг хангаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтад зааснаар шүүхийн шийдвэрийг өөрчлөх үндэслэл болсон болно.

  Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

- гэрч Д.Зоригт /Эрдэс баялаг, эрчим хүчний сайд асан/-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ерөнхий сайд С.Б- ажлын хэсэг, Засгийн газар дээр танилцуулахад асуудалтай танилцаж хэлэлцүүлж байсан, мөн Улсын Их Хурлаар асуудлыг хэлэлцүүлэхэд авч орж байсан. Ерөнхий сайд С.Б- хэлэлцээр, ажлыг хэсгийн хуралд миний санаж байгаагаар оролцож байгаагүй. Харин гэрээний төслийг бэлэн боллоо гээд Засгийн газар, Улсын Их Хуралд танилцуулахад өөрөө маш сайн танилцаж байсан. ...” /2хх-31/,

- гэрч Б.Ганбат /Сангийн яамны хууль эрх зүйн газрын орлогч дарга асан/-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...миний мэдэхээр Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Б- нь Хөрөнгө оруулалтын гэрээ болон Хувь нийлүүлэгчдийн гэрээний төслийг боловсруулахад, мөн хэлэлцээр хийхэд ямар нэгэн байдлаар оролцож байсан удаа байхгүй ээ. Ажлын хэсгийн хуралдаан дээр нэг ч удаа орж ирж байгаагүй, нэг ч удаа үүрэг чиглэл өгч байсан удаа байхгүй ээ. Засгийн газрын хуралдааны үеэр төслийг эцэслэн хэлэлцүүлэхэд Ерөнхий сайдын хувиар л мэдээллийг сонссон. ...” /2хх-38/,

- гэрч П.Сүхбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би “Петровис” ХХК-ийн борлуулалтын менежер байсан бөгөөд тухайн үед гадаад хэлтэй учир гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн компаниудыг хариуцан ажиллаж байсан. “Айвенхоу Майнз Монголиа Инк” ХХК-ийн хайгуулын хүмүүстэй уулзаж, 2002 онд компанийнхаа талаар танилцуулж, хамтран ажиллахаар тохиролцоонд хүрч Өмнөговь аймгийн Манлай суманд шатахуун хадгалах бага оврын агуулах барьж, 2 шатахуун цэнэглэж автоцирстернтэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тухайн үед Манлай, Хармагтайд байрлах “Айвенхоу Майнз Монголиа Инк” ХХК-ийн хайгуулын ангийг 2006 он хүртэл шатахуунаар хангасан. Улмаар манай компанийн бүтээгдэхүүн үйлчилгээ сайн байсан учир Ханбогд суман дахь “Оюутолгой” төслийн бүтээн байгуулалтын ажлын шатахууныг хангах тухай хүсэлтийг “Айвенхоу Майнз Монголиа Инк” ХХК 2006 онд “Петровис” ХХК-д тавьсан. Ингээд 2007 оноос гэрээ байгуулж Оюутолгой төслийн талбарт агуулах барьж, 5-6 машинтайгаар төслийн үйл ажиллагааг шатахуунаар хангаж эхэлсэн. Тэгээд би 2008 онд ажлаасаа гарч буцаад 2013 оны 11 сард ажилдаа ороход “Оюутолгой” ХХК-тай байгуулсан манай гэрээ 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дуусгавар болсон байсан. Манай компани 2002-2006 оны хооронд тус компанийн хайгуулын төсөлд нийт 5688 тонн шатахуун нийлүүлж, борлуулалтын орлого 4.899.663.350 төгрөг, үүнээс хоёр талаас гэрээгээр тохирсон үнийн томьёоны дагуу 5 хувийн ашиг болох 244,9 сая төгрөгийн татварын өмнөх ашигтай ажилласан. Харин 2007-2013 онд нийт 184.990 тонн шатахуун нийлүүлж, 364.992.237.330 төгрөгийн борлуулалтын орлого төвлөрүүлж, үүнээс 2 талаас гэрээгээр тохирсон үнийн томьёоны дагуу 5 хувийн ашиг болох 18.249.611.870 төгрөгийн татварын өмнөх ашигтай ажилласан. ...” /3хх-63-64, 69-70/,

- гэрч Н.Насанжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би 2008-2009 онд “Петровис Трейдинг" ХХК-д техник хариуцсан дэд захирлаар ажиллаж байгаад 2010 оноос хойш гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. “Петровис Трейдинг” ХХК нь 2008 онд үүсгэн байгуулагдсан санагдаж байна. Нефтийн бүтээгдэхүүн импортлох, бөөнөөр борлуулах, хадгалах, тээвэрлэх, түгээх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. “Петровис Ойл” ХХК-ийн охин компаниар бүртгэлтэй байдаг санагдаж байна. “Петровис Трейдинг” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь “Петровис Ойл” ХХК. “Петровис Ойл” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь хэн байдаг талаар би мэдэхгүй. “Петровис Трейдинг” ХХК нь гэрээний дагуу 2009-2013 оныг дуустал хугацаанд “Оюутолгой” ХХК-д түлш, бензин бөөнөөр нь нийлүүлж ажилласан. 2013 онд гэрээний хугацаа дууссанаас хойш “Оюутолгой” ХХК-д манай “Петровис Трейдинг” ХХК гэрээ байгуулж хамтран ажиллаагүй. 2013 онд “Оюутолгой” ХХК нь тендер сонгон шалгаруулалт зарлаад манайхаас өөр компаниуд түлш, бензин нийлүүлэх болсон. Маш олон хуудастай Англи хэл дээр хийгдсэн гэрээ байдаг. Энэхүү гэрээг хийхэд манай төв компаниас том харилцагч хариуцсан хэлтсийн холбогдох хүмүүс ажиллаж хийсэн. Гэрээ байгуулах ажлыг П.Сүхбаатар гэж хүн хариуцан ажиллаж байсан байж магадгүй. Би энэ талаар хэлж мэдэхгүй байна. 2013 онд манай гэрээний хугацаа дуусаж, түүнээс хойш “Оюутолгой” ХХК-д ханган нийлүүлэлт хийгээгүй. 2009 оны гэрээ байгуулахад тендер сонгон шалгаруулалт явуулсан байх, би дэд захирлаар ажиллаж байхдаа машин, техникийн үзүүлэлтүүдийг гаргаж өгч байсан санагдаж байна. 2013 онд манай гэрээний хугацаа дуусаад “Оюутолгой” ХХК-иас тендер сонгон шалгаруулалт явуулахад нь манай компани оролцсон боловч шалгарч чадаагүй. ”Оюутолгой” ХХК-иас манай компанид аюулгүй ажиллагаатай холбоотой ажилчдыг сургалтанд хамруулаагүй, машин техник хэрхэн нэвтрүүлж явуулах гэх зэрэг асуудлууд дээр шаардлагуудыг тавьдаг байсан. Мөн шатахууны чанарын асуудлын хувьд газар дээр лабораторид шинжилгээ хийлгэж “Оюутолгой” ХХК-д үзүүлдэг байсан бөгөөд шинжилгээний хариу шаардлагад нийцэхгүй муу гарсан тохиолдолд шатахууныг буулгахгүйгээр буцаадаг байсан. ...” /Зхх-65-66/,

- гэрч Р.БатБ- /“М-Ойл” ХХК-ийн захирал/-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би 2012 оны 3 дугаар сараас Солонгос улсаас евро 5 стандартын дизель түлш анх удаа Монгол улсад оруулж ирэхэд “Оюутолгой” ХХК-иас асуулга ирээд, 2012 оны 5 дугаар сард “Оюутолгой” ХХК-д туршилтын журмаар 2000 тонн евро 5 стандартын түлш нийлүүлсэн... 2012 онд /сарыг нь санахгүй байна/ “Оюутолгой” ХХК-иас тендер зарлаад 2012 оны 11 дүгээр сард тендерийн хариу гарч манай компани шалгарч 3 жилийн хугацаанд сард ойролцоогоор 3000 тонн түлш нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурсан. “Оюутолгой” ХХК-ийн нийт түлшний хэрэглээний 65 хувийг манай компани хангахаар гэрээ байгуулсан ... манай компанийн нэмж байгаа нийт ашиг нь 2.5 хувь байдаг. 2.5 хувь гэдэг бол бараг банкны хүүтэй адилхан болж байгаа. ... 2012 оны 11 дүгээр сард манай компанийг гэрээнд гарын үсэг зурж байхад “Оюутолгой” ХХК-ийн дэд захирлаар ажиллаж байсан Айван Велла гэж хүн анх удаа том хэмжээний тендерийг шударгаар явууллаа гэж хэлж байсан. Манай компанийн хувьд тендерт шалгарах зорилгоор ямар нэг танил талаа ашигласан, хээл хахууль өгсөн зүйл байхгүй. Манай компанийг түлш нийлүүлэхээс өмнө “Петровис” ХХК “Оюу толгой” ХХК-д түлш нийлүүлж байсан. 2015 онд “Оюутолгой” ХХК-иас тендер зарлаж бас “Шунхлай” ХХК, манай компани хоёр шалгарсан. “Шунхлай” ХХК Оросоос евро 5 стандартын дизель түлшийг оруулж ирж байгаа. Мөн манай компани Оросын Ангаркс хот, Хятадын хөх хотоос евро 5 стандартын дизель түлшийг нийлүүлж байгаа ... “Оюутолгой” ХХК-ийн хувьд сахилга бат сайтай компанитай ажиллах дуртай байдаг юм байна лээ. Өмнө нь ажиллаж байсан “Петровис” компанид шаардлага тавихаар төрийн байгууллага, албан тушаалтнаас шууд нөлөөлөл орж ирээд хүндрэлтэй байдаг байсан гэсэн яриа сонсогдож байсан. Гэхдээ ямар хүмүүс тэгж ярьж байсныг би мэдэхгүй байна. Мөн өмнө нь үнийн томьёо гэж байгаагүй учир нийлүүлэгч компани өөрсдөө энэ сарын үнэ гэж шууд үнээ өгдөг байсан юм шиг байна лээ. ...” /Зхх-207-208/,

- гэрч Ш.Амгаланжаргал /“Оюутолгой” ХХК-ийн хөрөнгийн удирдлага, бараа материалын хэлтсийн түлшний багын ахлах ажилтан/-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ”... “М-Ойл”, “Шунхлай” ХХК-иуд 2013 оны 11 дүгээр сараас эхлэн нийлүүлэлт хийж байгаа. Түүнээс өмнө буюу 2013 оны 11 дүгээр сараас өмнө хугацаанд “Петровис” ХХК нийлүүлэлт хийж байсан. ...” /Зхх-209-210/,

- гэрч Э.Сувдын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Д-, Нандин нар нь Америкийн Нэгдсэн Улсад үл хөдлөх хөрөнгө худалдан авч, түүнийгээ засварлаж буцаан зарж тодорхой хэмжээний ашиг олох зорилготой бизнес хийдэг гэж би ойлгож байгаа. Манай гэр бүлийн хувьд Америкийн Нэгдсэн Улсад амьдарч байх хугацаанд тухайн худалдан авсан байшинд нь амьдарч засвар, арчилгаанд нь тусалдаг байсан. Энэхүү бизнестэй холбоотой миний үүрэг оролцоо гэхээр тухайн байшинд нь амьдарч байх хугацаандаа засвар үйлчилгээ хийх компанитай нь харилцаж, тухайн ажлыг хийлгэх, мөн байшингийн хэрэглээний зардлыг төлөх гэх зэргээр л оролцдог байсан. Би худалдах, худалдан авахтай холбоотой гэрээ байгуулж байгаагүй бөгөөд ус, цахилгааны билл гэх зэрэг баримтуудыг нь тухайн үед нь бүрдүүлж өгдөг байсан. Миний хувьд Америкийн Нэгдсэн Улсад амьдарч байхдаа тухайн худалдан авсан байшинд нь үнэ төлбөргүй амьдарч байсан бөгөөд үл хөдлөх хөрөнгийн бизнест туслалцаа үзүүлсний хариуд цалин, хөлс авч байгаагүй. Миний дансаар Америкийн Нэгдсэн Улсад үл хөдлөх хөрөнгө худалдан авахтай холбоотой мөнгө дамжиж байсан байж магадгүй. Учир нь, тухайн цаг хугацаанд Америкийн Нэгдсэн Улсад надаас өөр байшинг хариуцаад ажиллах хүн байхгүй тохиолдолд миний дансаар холбогдох мөнгө нь шилжиж гарсан байж магадгүй. Үл хөдлөх хөрөнгийн бизнестэй холбоотой Америкийн Нэгдсэн Улсад миний мэдэж байгаагаар 2 компани үүсгэн байгуулж байсныг санаж байна. Нэг компанийн нэрийг нь Вода гэж байсан, нөгөө компанийн нэрийг нь би санахгүй байна. Би үүсгэн байгуулагдсан компанид нь менежерээр бүртгүүлж байсан. Миний хувьд Нандин, Д- ах хоёрыг байхгүй үед нь төлөөлж гарын үсэг зурах зорилгоор тухайн компаниудад менежерээр бүртгүүлж байсан. Гэхдээ цалин хөлс авч байсан удаа байхгүй. Үл хөдлөх хөрөнгийн бизнес нь эхэндээ дандаа алдагдалтай яваад байсан. Манай гэр бүлийн хувьд байшин зарсан мөнгөнөөс ашиг гэж авч байсан зүйл байхгүй. Америкийн Нэгдсэн Улсын “Банк оф Америка” банкинд С.Шагдардулам та хоёрын хамтран эзэмшдэг данс нээсэн нь Үл хөдлөх хөрөнгийн бизнестэй холбоотой нээсэн данс байх. Миний хувьд энэхүү дансыг хувийн хэрэгцээндээ ашиглаж байгаагүй, би “Банк оф Америка” банкинд энэ дансаар гадна 2-3 данстай. Би картын дансаа байнга ашигладаг байсан. “Гаруда центр” гэх барилга нь “Грийн ресурс” ХХК-ийн өмчлөлийнх бөгөөд энэхүү компанийн хувь эзэмшигчээр Цэцэнзориг бид хоёр ямар ч байсан байгаа. Бас Бадамханд хувь эзэмшигчээр нь бүртгэгдсэн байж магадгүй. Би яг хэдэн хувь эзэмшиж байгааг мэдэхгүй байна, ямар ч байсан 30 хувийн хувьцаа эзэмшиж байгаа байх. ...” /14хх-104-105/,

- гэрч С.Шагдардуламын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...нөхөр Д- найз Б-ын охин Нандинтай хамт Америкийн Нэгдсэн Улсад үл хөдлөх хөрөнгийн бизнесийн үйл ажиллагаа явуулдаг. Нөхөр маань хөрөнгө оруулалтыг хариуцдаг, Нандин бусад асуудлыг хариуцдаг. Ер нь бол Б-тай их дотно байдаг, гэр бүлийн найз нөхөд байгаа юм ... Д- ер нь бол Б-тай их дотно. Миний нөхөр Д- нь “Петровис”, “НИК” ХХК-иудын хувь нийлүүлэгч бөгөөд өөрийнхөө компанид зээл олгохдоо өөрийнхөө нэрээр олгодоггүй болохоор миний нэрээр зээл олгосон байж магадгүй. Миний хувьд энэхүү зээлийн талаар мэдэхгүй байна. Би 2009 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 1.775.314,00 ам.доллар, мөн өдөр 189.850,00 ам.долларын гүйлгээг “Бадамханд зээл” гэсэн утгаар “Петровис” ХХК-руу шилжүүлснийг үнэхээр санахгүй байна. Би Бадамханд гэж хүнийг танихгүй, яагаад Бадамханд гэсэн утгаар мөнгө шилжүүлсэн болохыг үнэхээр санахгүй байна. Үл хөдлөх хөрөнгийн бизнестэй холбоотой Америкийн Нэгдсэн Улсад хэн хэдэн аж ахуй нэгж үүсгэн байгуулснаа мэдэхгүй байна, би энэ хоёр зүйл дээр Даваагийн хэлсний дагуу гарын үсэг зурж байсан. Ямар баримт дээр гарын үсэг зурсан болохыг мэдэхгүй байна. “Форест Берриес” /Forest Berries/ гэж компанийн талаар сонсож байсан, ямар үйл ажиллагаа явуулдаг, хэний компани болохыг би мэдэхгүй байна. Сувдтай хамтран эзэмшдэг нэг данс нээж байсан, гэхдээ энэхүү дансыг нээх ашиглаагүй санагдаад байна. Энэ дансыг нээхдээ манай Америкийн Нэгдсэн Улсад байдаг байшингийн төлбөр тооцоог манайхыг Монголд байхад үед хийж байгаач гэсэн утгаар нээлгэсэн санагдаж байна. Миний санаж байгаагаар Сувдтай хамтран нээсэн дансыг би нээх ашиглаагүй. Харин Сувд ашиглаж байсан үгүйг би мэдэхгүй байна. Би энэ данснаас бэлэн мөнгө гаргаж авч Америкийн Нэгдсэн Улсад машин авсан байж магадгүй, мөн хоол хүнсний жижиг тооцоонууд хийж байсан байх. ...” /12хх-26, 14хх-171-173/,

- гэрч Д.Энхмаа /Ч.Д-ын охин “Петровис групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал/-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...“Петровис Ресурс Инк” компанийг Д-, Оюунгэрэл, Туяа нар хувьцааг эзэмшиж байсан ... Уг компани нь Isle of man арал дээр бүртгэлтэй компани байгаа юм. ...” /456хх-249-250/,

- шүүгдэгч С.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...миний эхний эхнэр Гэрэлтуяа нь “Петровис” компанийн гадаад харилцаа хариуцсан захирлаар ажиллаж байсан. Бид нар бага залуугийн найзууд бөгөөд Д- надтай харилцаатай байдгаас гадна Гэрэлтуяатай хамтарч ажиллаж байсан, ойр харилцаатай байдаг. ...” /60хх-224/,

- шүүгдэгч Ч.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Америкийн Нэгдсэн Улсад худалдан авсан 9 байшинд би нийт 13 сая
ам.долларыг зарцуулсан байдаг бөгөөд энэхүү мөнгийг бүгдийг би хувиасаа
гаргасан. Одоогийн байдлаар би энэ бизнесээс ашиг олоогүй. Би Америкийн
Нэгдсэн Улсад үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэх хугацаанд ашиг олоогүй, энэ
чиглэлийн ажлын маш их туршлагатай болсон. ...” /69хх-171/ гэсэн мэдүүлгүүд,

- мөрдөн шалгах ажиллагааны үед С.Б-ын өгсөн “...2000 он гараад Нандин, Д- нар үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлбэл яасан юм гэсэн яриатай явж байгаад 2006 оноос ажлаа эхэлсэн. Д- мөнгө санхүүг нь хариуцан, Нандин менежментийг хариуцан ажиллах тохироонд хүрсэн гэж ойлгосон. ...” /11хх-122/,

- О.Гэрэлтуяагийн өгсөн “...байрыг худалдан авсан хөрөнгө бол Д-ын хөрөнгө байгаа юм. Манай охин Нандин болон манай гэр бүлийнхнээс оруулсан хөрөнгө байхгүй. ...” /11хх-125/,

- Э.Сувдын өгсөн “...үл хөдлөх хөрөнгийн бизнест зориулан Нандин ямар хэмжээний хөрөнгө оруулалт хийснийг мэдэхгүй. ...” /11хх-128/,

- Ч.Д-ын өгсөн “...Байрны бизнест Нандингаас нэг ч ам.долларын хөрөнгө ороогүй. Бид 2 анх тохирохдоо Нандин ашгийн 15 хувийг, би 85 хувийг авахаар тохиролцсон. Нандин өөрт ногдох 15 хувийн ашгаасаа хөрөнгө оруулалт хийсэн зүйл байхгүй. ...” /11хх-130/ гэсэн тайлбарууд,

- Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 14/1383 дугаартай албан бичгээр ирүүлсэн “Монгол Улсын Их Хурлын 2008 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 10 дугаартай С.Б-ыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилсон тухай тогтоол” /449хх-08/,

- Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 15/973 дугаартай албан бичгээр ирүүлсэн албан бичиг, түүний хавсралт “Монгол Улсын Их Хурлын 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 67 дугаартай С.Б-ыг Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөлсөн тухай тогтоол” /61хх-144-153/,

- “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 03/09 дугаартай албан бичгээр ирүүлсэн “2009 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Монгол дээр дээр 54 хуудас, Англи хэл дээр 45 хуудас Хөрөнгө оруулалтын гэрээ /189хх-191-241/,

- Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Монгол Улсын Их Хурлын 2008 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 35 дугаартай “Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” тогтоолд үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргасан баримтууд /40хх-154-155, 162-179/,

- Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Монгол Улсын Их Хурлын 2007 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 27 дугаартай “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” тогтоолд үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргасан баримтууд /40хх-180-183, 86хх-ийн 147/,

- Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 51 дугаартай “Хөрөнгө оруулалтын гэрээний тухай” тогтоол /40хх-193, 83хх-21, 141хх-221/,

- Монгол Улсын Ерөнхий сайдын 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 47 дугаартай “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамж /141хх-223-224/,

- Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 61 дугаартай “Эрх олгох тухай” тогтоол /142хх-7/,

- Монгол Улсын Их Хурлын 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 57 дугаартай “Хөрөнгө оруулалтын гэрээний тухай” тогтоол /128хх-62/,

- Монгол Улсын Ерөнхий сайдын 2009 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 73 дугаартай “Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулах тухай” захирамж /142хх-73/,

- Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 308 дугаартай “Гарын үсэг зурах эрх олгох тухай” тогтоол /40хх-194, 86хх-42/,

- Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 12/1150 дугаартай “Оюутолгой” ХХК-ийн хуулийн этгээдийн лавлагаа, мэдээлэл /126хх-1-7, 127хх-58, 128хх-29, 31/,

- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 6/2222 дугаартай албан бичгээр ирүүлсэн “Оюутолгой” ХХК-ийн улсын бүртгэлийн талаарх танилцуулга /128хх-229-231/,

- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 11/1178 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ч.Д-ын “Петровис Трейдинг” ХХК, “Петровис-Ойл” ХХК-ийн хуулийн этгээдийн лавлагаа /15хх-195, 202, 241, 131хх-159-160/,

- Авлигатай тэмцэх газрын Гүйцэтгэх ажлын хэлтсийн мөрдөгч, комиссар Х.Аюушийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн шинжилгээ хийлгэх тогтоолын дагуу, шинжээчээр томилогдсон “Мишээл-Од Аудит” ХХК-иас “Оюутолгой” ХХК-д түлш шатахуун, тос тосолгооны материал нийлүүлсэн “Петровис” ХХК, “Петровис трейд” ХХК, “НИК” ХХК, “Петровис карт” ХХК, “Петровис тос” ХХК, “МТ-Ойл” ХХК, “М-Ойл Групп” ХХК, “Содмонгол” ХХК, “Тэс петролиум” ХХК, “Шунхлай говь” ХХК, “Магнай трейд” ХХК, мөн кэмп катерингийн үйлчилгээ үзүүлж байсан “Кью Эф Эс” ХХК болон “Номадс Катеринг энд Интегратед Сервисис” ХХК, “Геомандал” ХХК, “Си Ай Эс Монголиа” ХХК болон “Саппорт сервис Монголиа” ХХК-ийн 2007-2017 онд бараа, ажил үйлчилгээ нийлүүлсэн байдал, эдгээр нь нягтлан бодох бүртгэлийн журнал, нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгагдсан эсэх, ажил, үйлчилгээний төлбөр хэрхэн хийгдсэн, нягтлан бодох бүртгэл, анхан шатны баримтаар нотлогдож байгаа эсэх, “Оюутолгой” ХХК нь худалдан авах ажиллагааг ямар хууль дүрэм, журмаар зохицуулж, зохион байгуулж байсан, худалдан авах ажиллагаанд гэрээний үнийг мөрдөж байсан эсэх, бага үнийн аргыг хэрэглэж, өртөг, зардал хэмнэж ажилласан эсэх, харилцагч компаниудын хэрэглэсэн түлш, шатахуун, кэмп, катерингийн үйлчилгээний төлбөрийг суутган тооцож байсан эсэх зэрэг асуудлуудад шинжилгээ хийсэн 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 01 дугаартай дүгнэлт /9хх 14-170/,

-  Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр “Оюутолгой” ХХК-ийн агуулахын ахлах мэргэжилтэн Ш.Амгаланжаргалаас “Петровис” ХХК-ийн шатахуун, дизелийн агуулахад хүлээн авсан орлого, зарлагын баримт /1хх-198-201/,

- шатахуун нийлүүлэх гэрээ, холбогдох баримтууд /Зхх-71-206, 144-148, 183-188/,

- Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Улсын Их Хурлын гишүүн асан Г.Уянгаас цахим хэлбэрээр гаргаж өгсөн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /10хх-243-250, 11хх-01-120/,

- Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Америкийн Нэгдсэн Улсын эрх бүхий байгууллагад хүргүүлсэн эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай хүсэлт /15хх-244-250, 16хх-01-12/,

- Америкийн Нэгдсэн Улсын эрх бүхий байгууллагаас 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ирүүлсэн эрх зүйн туслалцааны хүсэлтийн хариу, холбогдох баримтууд /16х-40-45/,

- Америкийн Нэгдсэн Улсын эрх бүхий байгууллагаас ирүүлсэн эрүүгийн хэргийн эрх зүйн туслалцааны хүсэлтийн хариуд хавсаргасан “Kingston” гэх бичигтэй зөөврийн төхөөрөмжид /төмөр флаш диск/ үзлэг хийсэн тэмдэглэл /16хх-47-59/,

- Америкийн Нэгдсэн Улсын эрх бүхий байгууллагаас цахим хэлбэрээр ирүүлсэн эрх зүйн туслалцааны хүсэлтийг Монгол хэл рүү орчуулсан баримтад хийсэн тэмдэглэл /16хх-60-66/,

- Америкийн Нэгдсэн Улсын эрх бүхий байгууллагаас 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр ирүүлсэн эрх зүйн туслалцааны хүсэлтийн хариу, холбогдох баримтууд /38х-55-56, 65/,

- Америкийн Нэгдсэн Улсын эрх бүхий байгууллагаас ирүүлсэн эрүүгийн хэргийн эрх зүйн туслалцааны хүсэлтийн хариуд хавсаргасан /СРМ-182-65498/ гэх хар өнгийн бэхээр бичсэн шар өнгийн DVD-д үзлэг хийсэн тэмдэглэл /38хх-60-63/,

- С.Б-ын хамаарал бүхий этгээдүүд, тэдний эзэмшдэг аж ахуйн нэгжүүд нь Америкийн Нэгдсэн Улсад үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авч, борлуулсан талаар гүйцэтгэх ажлын журмаар шалгасан мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн “...О.Гэрэлтуяа, Б.Нандин, Б.Бадамханд нар нь Вашингтон мужийн Сиэтл хотын Квин Энн дүүрэгт байрлах орон сууцыг 2007 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 635.000 ам доллараар худалдан авч, 2011 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 439.000 ам.доллараар худалдсан, Б.Нандин нь Нью-Йорк мужийн 16 W.19th St, Unit 10-B, Flatron, NY 10011 хаягт бүртгэлтэй орон сууцыг 2007 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 895.000 ам.доллараар худалдан авч, 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 1.092.500 ам.доллараар худалдсан, Э.Сувд, Ч.Д-, С.Шагдардулам нар нь 4516 NE 38th St, Seattle-University District, WA 98105 хаягт бүртгэлтэй байшинг 2010 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 1.290.000 ам.доллараар худалдан авч, 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр “Гүндэл” ХХК /Gundel LLC/-д бэлэглэлээр өгснийг 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 1.488.000 ам.доллараар худалдсан, Ч.Д- нь АНУ-ын Сиэтл хотын 6539 SW 41st Ave, Avenue WA 98136 хаягт бүртгэлтэй орон сууцыг 2008 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 995.000 ам.доллараар худалдан авч, 2011 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр О.Гэрэлтуяад бэлэглэлээр өгснийг 2012 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 655.000 ам.доллараар худалдсан, Ч.Д-, С.Шагдардулам нар нь АНУ-ын Сиэтл хотын 1706  N Dexter #A, Seattle, WA 98109 хаягт бүртгэлтэй орон сууцыг 409.000 ам.доллараар худалдан авч, 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өдөр “Вода” ХХК /Voda/-д 0 ам.доллараар өгснийг 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 480.000 ам.доллараар худалдсан, “Небо” ХХК /Nebo/ нь 2013 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Steven D Smith 9125 Ne 15th st8, Clyde Hill, WA 98004 хаягт бүртгэлтэй орон сууцыг 3.853.000 ам.доллараар худалдан авч, 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 4.250.000 ам.доллараар худалдсан, Ч.Д- Америкийн Нэгдсэн Улсын 21310 55th Ave Se Wooddinville, WA 98072 хаягт бүртгэлтэй орон сууцыг 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 882.400 ам.доллараар худалдсан, ... магадлагаанд дурдсан Монгол улсын иргэд, аж ахуйн нэгжийн талаар тодруулбал: Э.Сувд нь АНУ-д 2 хаягтай, 1 үл хөдлөх эд хөрөнгөтэй бөгөөд Вашингтон мужид “Гүндэл” ХХК, “Вода” ХХК, “Небо” ХХК-иудыг 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдөр үүсгэн байгуулсан талаар бүртгэгдсэн байна. ...” гэсэн магадлагаа /14хх-203-207/,

- мөрдөгчийн мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах даалгаврын дагуу Авлигатай тэмцэх газрын Гүйцэтгэх ажлын хэлтсээс ирүүлсэн мөрдөн шалгах нууц ажиллагааны “...Ч.Д-ын эзэмшиж байсан IPhone6 маркийн 99113171 дугаартай гар утсыг Ufed cellebrite тусгай программыг ашиглан илрүүлсэн мэдээллээс хэрэгт ач холбогдол бүхий 46 мессеж С.Б-ын охин Б.Нандинтай болон Б.Б-, түүний эхнэр Э.Сувд нартай харилцсан мессеж, мэйлүүдийг баримтжуулсан...” магадлагаа /14хх-212-227/ зэргийг харьцуулан шинжлэн судлахад:

             С.Б- нь 2007 оны 11 дүгээр сараас 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн “Хөрөнгө оруулалтын гэрээний тухай” 51 дугаартай тогтоолоор “Оюутолгой” ордыг ашиглах зорилгоор гадаад, дотоодын хөрөнгө оруулагчтай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах яриа хэлэлцээр хийхийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нарт үүрэг болгож, Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн “Гарын үсэг зурах эрх олгох тухай” 308 дугаартай тогтоолоор стратегийн орд болох “Оюутолгой” төслийн хүрээнд “Айвенхоу Майнз Монголия Инк”, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компаниудтай хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэх эрхийг нэр бүхий Засгийн газрын гишүүдэд олгосноор Оюутолгойн ордыг ашиглалтад оруулах Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан ба уг гэрээг байгуулахад олж авсан мэдээлэл, цаашид үүсэж болох нөхцөл байдал зэрэгт үндэслэн өөрийн найз Ч.Д-ын хувь нийлүүлсэн “Петровис Трейдинг” ХХК-ийг “Айвенхоу Майнз Монголия Инк” /одоогийн Оюутолгой/ ХХК-тай 2009 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ВРА №0027 дугаартай “Шатах, тослох материал нийлүүлэх тухай” гэрээ байгуулах, энэ гэрээ 2013 оныг дуустал хүчинтэй байх хугацаанд “Петровис Трейдинг” ХХК нь 418.385.173.982,34 төгрөгийн орлого олох боломжийг олгож буюу “Оюутолгой” болон “Петровис Трейдинг” компаниудын хооронд байгуулагдсан бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, түүний үр дүнд “Петровис Трейдинг” компанид эдийн засгийн хувьд давуу байдал бий болгосон,

            улмаар эдийн засгийн давуу байдлаас үүссэн хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор Ч.Д-тай бүлэглэн өөрийн том охин Б.Нандин болон Ч.Д- нарын хамтран эрхэлдэг гэх үл хөдлөх хөрөнгийн бизнесийг үргэлжлүүлэн явуулж байгаа нэрийдлээр Америкийн Нэгдсэн Улсын Сиэтл, Нью-Йорк хотуудад 2010 оноос 2014 оны хооронд 4 үл хөдлөх хөрөнгийг нийт 11.643.000 ам.доллараар худалдан авч, эдгээр үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогыг Америкийн Нэгдсэн Улсын “Банк оф Америка” банк дахь өөрийн болон эхнэр Э.Сувдын дансаар 2011 оноос 2017 он хүртэлх хугацаанд нийт 3.569.148,56 ам.доллар буюу 5.580.444.637,22 төгрөгийг авсан үйл баримтууд тогтоогджээ.

Харин энэхүү үйл баримтаас өмнө бий болсон өөр бусад хөрөнгө, орлого, санхүүжилтийн эх үүсвэрээр дээрх 4 үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан байх бодит үндэслэл тогтоогдоогүй болно.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ч.Д-, түүний өмгөөлөгч нарын зүгээс Америкийн Нэгдсэн Улсад 2007-2009 оны хооронд үл хөдлөх эд хөрөнгийн бизнес эрхэлж, 5 үл хөдлөх эд хөрөнгө худалдан авч борлуулснаас олсон хөрөнгийн эх үүсвэрээр дараагийн 4 үл хөдлөх эд хөрөнгийг санхүүжүүлсэн гэж тайлбарладаг боловч тэдгээр 5 үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан болон борлуулсан дүн 1.470.100.000 ам.долларын зөрүүтэй буюу алдагдалтай ажиллаж байсан нь шүүгдэгч Ч.Д-ын мэдүүлэг болон Америкийн Нэгдсэн Улсын эрх бүхий байгууллагаас ирүүлсэн эрх зүйн туслалцааны хүсэлтийн хариу, холбогдох баримтуудаар тогтоогджээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй бөгөөд хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлжээ.

“Оюутолгой” ХХК-д түлш шатахуун, тос тосолгооны материал нийлүүлсэн болон кэмп катерингийн үйлчилгээ үзүүлж байсан компаниудын 2007-2017 оны хоорондох санхүүгийн баримтад шинжилгээ хийсэн “Мишээл-Од Аудит” ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлтийг холбогдох тендерийн материал, гэрээ хэлцэл, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, санхүүгийн анхан шатны баримт материал, нягтлан бодох бүртгэлийн журнал, тайлангууд болон ижил төстэй үйлчилгээ үзүүлдэг компаниуд, хөндлөнгийн мэдээлэл зэрэгт үндэслэн тусгай мэдлэг, туршлага бүхий 8 шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр гаргажээ.

Уг дүгнэлттэй холбогдуулан зарим асуудлыг тодруулах зорилгоор шинжээч Т.Одончимэг, П.Гэндэнсүрэн нарыг шүүх хуралдаанд оролцуулахад шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нараас тавьсан асуултуудад тодорхой тайлбар, мэдүүлгийг /464хх 157-168/ өгсөн байна.

Хэдийгээр дээрх дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6 дахь хэсэгт заасан “Шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур шинжилгээ хийлгэсэн тохиолдолд шинжээчийн дүгнэлтийг тухайн байгууллагын тэмдэг, шинжээчийн гарын үсгээр баталгаажуулна.” гэсэн зарим хэлбэрийн шаардлагыг хангаагүй боловч шинжилгээг хийлгэх болон мэдүүлэг авах явцад шинжээч нарт хууль сануулсан, тэд гаргасан дүгнэлт, өгсөн мэдүүлгийнхээ хариуцлагыг бүрэн хүлээх чадвартай этгээдүүд байх бөгөөд тусгай мэдлэгийнхээ хүрээнд гаргасан дүгнэлтийг агуулгын хувьд үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Иймээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн болон шинжээчийн дүгнэлттэй холбогдсон асуудлаар маргасан шүүгдэгч С.Б-, түүний өмгөөлөгч П.Баасанжав, Г.Должинсүрэн болон шүүгдэгч Ч.Д-, түүний өмгөөлөгч Б.Мөнхбат, О.Сайнгэрэл нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

     Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн талаар:

Нэгдсэн Үндэстний Байгууллага /НҮБ/-ын Ерөнхий Ассамблей 2000 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 55/61 тоот тогтоолд “Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг НҮБ-ын Конвенциос тусдаа авлигын эсрэг олон улсын бие даасан эрх зүйн баримт бичиг боловсруулах нь чухал байгаа”-г дурдаж Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны дэргэд авлигын эсрэг олон улсын баримт бичгийн төсөл боловсруулах түр хороог байгуулсан. Тус түр хороо нь 2002 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс 2003 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн хооронд 7 удаа хэлэлцэж, зөвшилцөн Авлигын эсрэг конвенцийн төслийн эцсийн найруулгыг боловсруулсан бөгөөд Ерөнхий Ассамблей 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 58/4 тоот тогтоолоор баталжээ.

            Монгол Улс тус конвенцид 2005 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр нэгдэн орж, мөн оны 10 дугаар сарын 27-ны өдөр Улсын Их Хурал соёрхон баталсан ба конвенцийг соёрхон баталсан тухай батламж жуух бичгийг 2006 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулахаар хүргүүлж, 2006 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байна.

Ингэснээр манай улс тухайн олон улсын гэрээг даган мөрдөх, түүний хэрэгжилтийг хангахад хүчин чармайлт тавих үүргийг олон улсын өмнө албан ёсоор хүлээж, улмаар авлигатай тэмцэх үйл ажиллагаа, авлигатай тэмцэх байгууллагын эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулах зорилго бүхий Авлигын эсрэг хуулийг 2006 оны 7 дугаар сарын 6-ны өдөр, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр тус тус баталжээ.

Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн 3 дугаар зүйл /Конвенцийн хамрах хүрээ/-ийн 2 дахь хэсэгт “Энэхүү конвенцийг хэрэгжүүлэх зорилгод, энэхүү конвенцид заасан гэмт хэрэг нь энд өөрөөр заагаагүй бол эцсийн дүндээ нийтийн эд хөрөнгөд хохирол буюу гэм хор учруулсан байх албагүй.” гэж, 19 дүгээр зүйл /Чиг үүргээ урвуулан ашиглах/-д “Оролцогч улс бүр нийтийн албан тушаалтан өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэх явцад өөртөө эсхүл өөр этгээд буюу байгууллагад шууд буюу шууд бусаар зүй бус давуу тал олж авах зорилгоор чиг үүрэг буюу албан тушаалаа урвуулан ашиглах, өөрөөр хэлбэл, аливаа үйлдлийг хууль тогтоомж зөрчин гүйцэтгэх буюу гүйцэтгэхгүй байх үйлдлийг санаатайгаар үйлдсэнийг гэмт хэрэг гэж тогтооход шаардлагатай байж болох хууль тогтоох болон бусад арга хэмжээг авах асуудлыг авч үзнэ.” гэж тусгасан.

            Тус конвенцийн дагуу авлигын гэмт хэргийн субьект болох магадлалтай нийтийн албан тушаалтан гэдгийг манай улс үндэсний хууль тогтоомж болох Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан этгээдүүдийг хамааруулж ойлгохоор хуульчилснаас гадна мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “ашиг хонжоо” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосны төлөө өөрт нь болон бусдад буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг; 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг; 3.1.4-т “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг;

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “нийтийн ашиг сонирхол” гэж нийтийн албан тушаалтан Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хувийн ашиг сонирхлоосоо ангид тэгш, шударгаар хэрэгжүүлнэ гэх олон нийтийн итгэлийг; 3.1.2-т “хувийн ашиг сонирхол” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг; 3.1.3-т “ашиг сонирхлын зөрчил” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг; 3.1.6-д “нэгдмэл сонирхолтой этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтантай ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбоотой хувь хүн, хуулийн этгээдийг тус тус ойлгохоор зарим нэр томъёог тодотгож өгсөн ба дээрх конвенц, хуульд заасан хэм хэмжээнүүд нь 2002 оны Эрүүгийн хуулийн Хорин наймдугаар бүлэгт заасан “Албан тушаалын гэмт хэрэг” болон 2015 оны Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийн Хорин хоёрдугаар бүлэгт заасан “Авлигын гэмт хэрэг”-үүдийн шинжийг тодорхойлох нөхцөл болжээ.

    Гэмт хэрэг болон эрүүгийн хариуцлагыг тухайн гэмт хэргийг үйлдэх цаг хугацаанд үйлчилж буй Эрүүгийн хуулиар тодорхойлж, тогтоодог боловч энэхүү нийтлэг зарчимд хамаарахгүй ганц тохиолдол нь шинээр мөрдөгдөж эхэлсэн хууль нь урьд мөрдөгдөж байсан хуультай харьцуулахад “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн” нөхцөлийг бий болгосон үед шинэ хуулийг хуучин хуулийн оронд буцаан хэрэглэх нь Эрүүгийн эрх зүйн шинжлэх ухааны суурь зарчмуудын нэг юм.

Иймээс ч энэхүү хууль буцаан хэрэглэх зарчим Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, үндэсний хууль тогтоомж болох 2015 оны Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд тусгалаа олсон билээ.

Прокуророос С.Б-ыг “...албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан...” гэж 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн.

Албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах гэмт хэрэг нь хувийн эрх ашгийг эрхэлж буй албан тушаал, байгууллагын эрх ашгийн эсрэг ашигласан үйлдэл, эс үйлдэхүй байдаг бөгөөд төр, нийгэм, иргэдийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан, үйлдэл үр дагаварын хооронд шалтгаант холбоо байдаг.

Албан тушаалын байдал гэж тухайн албан тушаалтны хашиж байгаа албаны эрх, үүрэгтэй шууд холбоогүй боловч албан тушаалынх нь нэр хүнд, нөлөөг авч үздэг.

Албан тушаалтан хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгоор албан тушаалын байдлаа ашиглаж, хийвэл зохих ажил үүргээ биелүүлэхгүй байх, эсхүл хийх ёсгүй ажил үүрэг гүйцэтгэснээс өөртөө болон бусдад давуу байдал олгосон нь албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах гэмт хэрэгт хамаарна.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэгт “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд үлэмж хэмжээний хохирол учирсан бол ...” гэж,

2015 оны Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол ...” гэж тус тус гэмт хэргийг тодорхойлсноос үзэхэд, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан өөртөө, бусдад давуу байдал бий болгосон ойлголт нь хууль зүйн хувьд шинээр нэмж тусгасан шинжид хамаарахгүй.

Учир нь, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тайлбарлахдаа, албан тушаалын байдлаа ашиглаж хийвэл зохих ажил үүргээ биелүүлэхгүй байх, эсхүл хийх ёсгүй ажил үүрэг гүйцэтгэснээс үүссэн үр дагавар нь өөртөө болон бусдад давуу байдал олгосноор илэрч, уг үйлдлийг тухайн зүйл, хэсгээр зүйлчлэн гэм буруутай этгээдэд ял шийтгэл оногдуулж байсан.

Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн 3 дугаар зүйл /Конвенцийн хамрах хүрээ/-ийн 2 дахь хэсэгт “Энэхүү конвенцийг хэрэгжүүлэх зорилгод, энэхүү конвенцид заасан гэмт хэрэг нь энд өөрөөр заагаагүй бол эцсийн дүндээ нийтийн эд хөрөнгөд хохирол буюу гэм хор учруулсан байх албагүй.” гэж заасан бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйл болон 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийг тус тус хэрэглэхэд хохирол шаардахгүйгээр хэргийг зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт “Энэ хэргийг давтан үйлдсэн, уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол...” гэж зааснаас үзэхэд, албан тушаалтын гэм буруутай үйлдлийн улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхол зөрчигдсөн байхыг шаардсан бөгөөд шүүгдэгч С.Б-ын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт үйлдлийн улмаас Монгол Улсад хүнд хор уршиг учирсан гэж үзэхгүй.

Учир нь, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хохирогч нь хуульд нэрлэн заасан аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээр хязгаарлагдах бөгөөд хохирогчийг шууд утгаар нь Монгол Улс гэж үзсэн нь хуулийг хэт өргөжүүлэн тайлбарласан байна гэж үзэв.

Түүнчлэн дээрх зүйлд заасан хүнд хор уршиг нь хуульд нэрлэн заасан аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд учирсан байхыг ойлгоно.

Нөгөөтэйгүүр, Улсын дээд шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 23 дугаартай “Эрүүгийн хуулийн 28 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 2 дахь заалтад “Мөн зүйлийн 263.2-т заасан “хүнд хор уршиг” гэж онц их хэмжээний хохирол учирсан, хүний амь нас хохирсон, хүний бие махбодид хүнд, эсхүл хэд хэдэн хүний биед хүндэвтэр гэмтэл учирсан, байгаль орчны тэнцэл алдагдсан, халдварт өвчин тархсан, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдсан, зогссон зэргийг хэлнэ.” гэж тайлбарласнаас үзвэл дээрх гэмт хэргийн улмаас “хүнд хор уршиг учирсан” гэж дүгнэх бодит үндэслэл тогтоогдохгүй байна.

Хууль тогтоогчоос тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох “хүнд хор уршиг учирсан” гэсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэгт нэрлэн заасан тодорхой субъектүүдэд хохирол учруулсан байхаар тодорхойлсон бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулиар “гэмт хэрэг давтан үйлдэх” гэж тусгайлан хүндрүүлэн үзэж байсан хууль зүйн үр дагавар үүсгэдэг ойлголтыг халсан байхад анхан шатны шүүх үүнийг үл анзаарч шүүгдэгч С.Б-ыг эдгээр шинжээр гэм буруутайд тооцсон тул тогтоолд өөрчлөлт оруулж шүүхийн алдааг залруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзсэн.

Гэмт хэрэг давтан үйлдэх гэдэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг зүйл, түүний нэг хэсэгт заасан гэмт хэргийг хоёр ба түүнээс дээш удаа биеэ даасан эхлэл, төгсгөлтэй үйлдсэн байх явдал бөгөөд энэ нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг үлэмж ихэсгэдэг билээ.

            Прокурор яллах дүгнэлтдээ С.Б-ын холбогдсон 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн үйл баримтыг “...2007 оны 11 дүгээр сараас 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн “Хөрөнгө оруулалтын гэрээний тухай” 51 дугаартай тогтоолоор “Оюутолгой” ордыг ашиглах зорилгоор гадаад, дотоодын хөрөнгө оруулагчтай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах яриа хэлэлцээр хийхийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нарт үүрэг болгож, Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн “Гарын үсэг зурах эрх олгох тухай” 308 дугаартай тогтоолоор стратегийн орд болох “Оюутолгой” төслийн хүрээнд “Айвенхоу Майнз Монголия Инк”, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компаниудтай хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэх эрхийг нэр бүхий Засгийн газрын гишүүдэд олгож, мөн өдөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах нөхцөлийг бүрдүүлсэн,

            2007 оны 11 дүгээр сараас 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Оюутолгойн ордыг ашиглалтад оруулах Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахад олж авсан мэдээлэл, цаашид үүсэж болох нөхцөл байдал зэрэгт үндэслэн албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгоор:

            найз Ч.Д-ын хувь нийлүүлсэн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Петровис Трейдинг” ХХК-ийг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Айвенхоу Майнз Монголия Инк” /одоогийн Оюутолгой/ ХХК-тай 2009 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ВРА №0027 дугаартай “Шатах, тослох материал нийлүүлэх тухай” гэрээ байгуулах, энэ гэрээ 2013 оныг дуустал хүчинтэй байх хугацаанд “Петровис Трейдинг” ХХК нь 418.385.173.982,34 төгрөгийн орлого олох боломжийг олгож буюу “Оюутолгой” болон “Петровис Трейдинг” компаниудын хооронд байгуулагдсан бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, түүний үр дүнд “Петровис Трейдинг” компанид эдийн засгийн хувьд давуу байдал бий болгон Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан...” гэх байдлаар тусгасныг анхан шатны шүүх “давтан үйлдэл” мэтээр дүгнэж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

            Учир нь, Монгол Улсын Их Хурал 2008 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 40 дугаартай тогтоолоор Оюутолгой төслийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах үндсэн зарчим, чиглэлийг тодорхойлсон бөгөөд 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 57 дугаартай тогтоолоор Оюутолгой ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьцааны төрийн эзэмшлийн хэмжээг 34 хувиар /Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэгт 2009 оны 1 дүгээр сарын 8, 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрүүдэд нэмэлт өөрчлөлт орсон/ тогтоож, Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжид нийцүүлэн байгуулах эрхийг Засгийн газарт олгосон.

            Улмаар Ерөнхий сайд Монгол Улсын Үндсэн хуулийн дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Их Хурлаас тодорхойлсон үндсэн чиглэлийн дагуу Засгийн газрын дотоод үйл ажиллагааг удирдаж, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах нөхцлийг бүрдүүлсэн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй юм.

Харин шүүгдэгч С.Б-ын хувьд төрийн үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байгаа Оюутолгой төслийн, Оюутолгойн ордыг ашиглалтад оруулах Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахад албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллийг албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилго ашиглаж өөрийн найз Ч.Д-ын хувь нийлүүлсэн “Петровис Трейдинг” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосон нь “Петровис Трейдинг” ХХК болон “Айвенхоу Майнз Монголия Инк” /Оюутолгой/ ХХК-ийн хооронд 2013 он хүртэл байгуулагдсан шатах, тослох материал нийлүүлэх гэрээ “...нийлүүлж 5 хувь ашиг авах...”-нүүдийг байгуулсан байхад “М-Ойл” ХХК-ийн захирал Р.БатБ-ын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн “...2012 оны 11 дүгээр сард тендерийн хариу гарч манай компани шалгарч 3 жилийн хугацаанд сард ойролцоогоор 3000 тонн түлш нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурсан. ... Манай компанийн нэмж байгаа нийт ашиг нь 2.5 хувь байдаг. 2.5 хувь гэдэг бол бараг банкны хүүтэй адилхан болж байгаа. ...” гэсэн мэдүүлгээр бусдад давуу байдал бий болгосон нь тодорхойлогдож байна.

Гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын шинжүүдийг гэмт хэргийн бүрэлдэхүүний төрөл болон тодорхой гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангид хэрхэн хуульчлан тогтоосноос шалтгаалан ангилдаг.

   Өөрөөр хэлбэл, нийгэмд аюултай тодорхой гэмт үйлдлийн шинжийг хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангид заахдаа түүний гол шинж болох объектив талын, ялангуяа үйлдэл, эс үйлдэхүй, хор уршгийг ихэвчлэн хуульчилдаг бөгөөд үүнтэй холбоотойгоор гэмт хэргийн бүрэлдэхүүний бүтцийг материаллаг, хэлбэрийн, хэсэгчилсэн гэсэн төрөлд хуваадаг.

    Материаллаг бүрэлдэхүүний хувьд үйлдэл, эс үйлдэхүй, хор уршиг, тэдгээрийн хоорондох шалтгаант холбоо заавал байх үндсэн шинжид хамаардаг бол хэсэгчилсэн бүрэлдэхүүний тухайд гэмт хэрэг үйлдэх урьдчилсан шатанд /бэлтгэх, завдах/ төгс үйлдсэнд тооцогддог онцлогтой.

    Харин хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийгдсэнээр төгс үйлдэгдсэнд тооцогддог бөгөөд хор уршиг заавал учирсан байхыг шаарддаггүй болно.

     Хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн хувьд объектив талын заавал байх үндсэн шинжид хор уршиг /эдийн болон эдийн бус/ хамаардаггүй тул хууль тогтоогч энэ төрлийн гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангид тодорхойлон томъёолохдоо хор уршгийг хуульчилдаггүй ажээ.

    2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн хувьд хууль тогтоогч хор уршиг заавал учирсан байхыг шууд хуульчлан тодорхойлолгүйгээр хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт хамааруулсан.

    “Петровис Трейдинг” ХХК нь “Айвенхоу Майнз Монголия Инк” /Оюутолгой/ ХХК-тай 2009-2013 онд хооронд байгуулсан “Шатах, тослох материал нийлүүлэх тухай” гэрээний үр дүнд бий болсон нийт 418.385.173.982,34 төгрөгийн орлогыг бүхэлд нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол хэмээн хууль зүйн хамаарлыг бүрэн тусгалгүйгээр үзэх үндэслэлгүй.

    “Петровис Трейдинг” ХХК-иас 2009-2013 оны хооронд нийлүүлсэн шатахууны худалдан авалтын дүнг 2009 оноос өмнөх хугацаанд нийлүүлсэн шатахуун худалдан авалтын дүнтэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй байгаа нь Оюутолгойн бүтээн байгуулалт явагдаж эхэлсэнтэй холбогдуулан хэрэгцээ шаардлага ихэссэн байна.

    Гэвч дээрх гэмт хэрэг нь хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй хийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчлан тогтоосон болно.

    Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхийн хүрээнд Монгол төрийн зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх бүхий л үйл ажиллагааг төрийн алба гэдэг.

    Төрийн аливаа албыг тухайн албан тушаалын шалгуур үзүүлэлтүүдэд тэнцэж, улмаар сонгогдсон буюу томилогдсон хүмүүс хашдаг бөгөөд түүнийг төрийн албан хаагч гэж нэрлэдэг.

    Монгол Улс соёрхон баталсан Авлигын эсрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцийн 2 дугаар зүйлийн “а” хэсэгт: Нийтийн албан тушаалтан” гэж оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон, байнга буюу түр хугацаагаар, цалинтай буюу цалингүйгээр ажилладаг аливаа хүнийг /албан тушаалын зэрэглэлээс нь үл хамаарна/;

    - оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсны дагуу бөгөөд тухайн оролцогч улсын эрх зүйн холбогдох салбарт хэрэглэж байгаагийн дагуу нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг, түүний дотор нийтийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт зориулж нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу нийтийн үйлчилгээ үзүүлдэг аливаа бусад хүнийг;

    - оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид “нийтийн албан тушаалтан” гэж тодорхойлсон аливаа бусад хүнийг тус тус хэлнэ гэж өргөн утгаар тодорхойлсон бол “нийтийн албан тушаалтан” гэдгийг манай улс үндэсний хууль тогтоомж болох Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан эдгээдүүдийг хамааруулж ойлгохоор хуульчилжээ.

    Дээрхээс үзвэл 2002 оны Эрүүгийн хуульд заасан “төрийн албан тушаалтан”, 2015 оны Эрүүгийн хуульд заасан “нийтийн албан тушаалтан” хэмээх ойлголтууд нь ижил утгыг агуулсан байна.

    2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйл /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол” гэж ердийн бүрэлдэхүүнийг, 2 дахь хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнийг, 3 дахь хэсэгт эдгээр гэмт хэргийг “улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол” гэж онцлон хүндрүүлэх бүрэлдэхүүнийг тус тус тодорхойлжээ.

    Дээрхээс дүгнэхэд, шүүгдэгч С.Б-ын хувьд 2007 оны 11 дүгээр сараас 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Монгол Улсын Ерөнхий сайд буюу улс төрийн албан тушаал хашиж байхдаа Оюутолгойн төслийн хүрээнд Оюутолгойн ордыг ашиглалтад оруулах Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахад албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллийг албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод буюу өөрийн найз Ч.Д-ын хувь нийлүүлсэн “Петровис Трейдинг” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгоход ашиглаж, төрийн үйл ажиллагааны /Монгол Улсын Засгийн газар “Оюутолгой” ХХК-ийн 34 хувийг эзэмшдэг/ хүрээнд хэрэгжүүлж байгаа төслийн үр шим, өгөөжийг шударгаар хүртэх байсан бусад иргэд, аж ахуйн нэгжийн хууль ёсны ашиг сонирхол, түүнчлэн дээрх харилцааг зохицуулахад чиглэсэн төрийн үйл ажиллагааны хууль ёсны байдал аль алийг зөрчсөн нь “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн ердийн бүрэлдэхүүний шинжтэй тохирч байна гэж үзлээ.

    Мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн талаар

              Мөнгө угаах гэмт хэрэг нь хууль бусаар олсон мөнгө, эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж, түүний гарал, үүслийг нуун далдалж, уг эд хөрөнгийг эзэмших, ашиглах захиран зарцуулах эрхээ хууль ёсны болгох зорилгоор гүйлгээнд оруулах өргөн хүрээтэй, олон арга хэлбэрээр үйлдэгддэг шат дамжлага бүхий үйл ажиллагаа юм.

              Монгол Улс 2003 онд Терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын конвенцид нэгдэн орж, 2004 онд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаатай тэмцэх, тэдгээрээс урьдчилан сэргийлэх олон улсын бодлогыг тодорхойлдог “Олон Улсын санхүүгийн арга хэмжээ авах бүлэг /Financial Action Task Force буюу ФАТФ/-ийн салбар байгууллага болох Ази, Номхон далайн бүс нутгийн мөнгө угаахтай тэмцэх байгууллага /APG/-д элсэн орсноор мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын стандартыг мөрдөж ажиллах үүрэг хүлээсэн.

              Улмаар 2006 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль батлагдсан бөгөөд энэхүү хууль нь 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн шинэчилсэн найруулгаар хэрэгжиж байна.

              Олон улсын түвшинд мөнгө угаах гэсэн ойлголтыг өргөн хүрээнд хэрэглэдэг бөгөөд гэмт хэрэг үйлдэж олсон орлогоо нуусан, халхалсан, шилжүүлсэн үйлдэлд нь тухайн гэмт этгээдэд анх үйлдсэн гэмт хэрэг дээр нь давхардуулж ял шийтгэл оноох эсхүл гэмт хэрэгт нь биечлэн оролцоогүй ч түүнээс олсон орлогыг хууль бус гэдгийг нь мэдсээр байж хүлээн авч, нууж, шилжүүлсэн бусад этгээдийг яллан шийтгэхэд мөнгө угаах гэсэн томьёоллыг ашигладаг.

              Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэхийн гол зорилго нь хэн нэгний гэмт үйлдлүүдэд нь  ял оногдуулаад зогсох бус харин хөндлөнгийн бусад этгээдийг уг гэмт хэрэгт тус дэм үзүүлж болохуйц үйл ажиллагаа явуулан тэднийг хаацайлах, гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг нь нуун далдалж, улмаар ашиглах, захиран зарцуулах боломж олгож буй далд эдийн засгийн хөрөнгийн эх үүсвэрийг хязгаарлахад оршдог. Энэ нь нөгөө талаас мөнгө угаах гэмт хэргийг үйлдэх, түүнд татагдан оролцохоос сэргийлэх ач холбогдолтой.

Мөнгө угаах нь гэмт хэргийн замаар олсон эд хөрөнгийг эхлээд найдвартай орчинд байршуулах, дараа нь тараах буюу цэвэр бизнесийг ашиглан гүйлгээнд оруулж, иргэний гүйлгээнд чөлөөтэй арилжаалагддаг эд хөрөнгө болгосны эцэст, буцааж төвлөрүүлэх гэсэн үндсэн үе шаттайгаар явагддаг. Эхний үе шат буюу байршуулах үе шатанд хууль бусаар олсон мөнгөө хаа нэгтээ байршуулах шаардлагатай байдаг бол хоёр дахь үе шатанд гарал үүслийг нь нуун далдлах, хууль ёсны орлого мэт харагдуулах зорилготойгоор нэгэнт байршуулсан мөнгөө эргэлтэд оруулдаг. Харин гурав дахь үе шат нь гарал үүслийг нь тогтооход бэрх болсон эсхүл хууль ёсны юм шиг харагдах болсон мөнгөө эргүүлэн өөрийн нэр дээр төвлөрүүлдэг зүй тогтолтой.

Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг конвенцийн 2 дугаар зүйлд “...үл хөдлөх, хөдлөх хөрөнгө, биет эсхүл биет бус бүх төрлийн хөрөнгө хамаарах болон тэдгээр эд хөрөнгийн эрх, ашиг сонирхлыг нотлох хууль зүйн баримт бичиг хэрэгсэл...” гэж тодорхойлжээ.

Тодруулбал, мөнгө угаах нь хууль бус орлогыг хууль ёсны мэт харуулахыг зорьдог бөгөөд энэ нь санхүүгийн тогтвортой байдлыг алдагдуулж, эдийн засгийн чөлөөт шударга өрсөлдөөнийг үгүй хийх сөрөг үр дагаврыг дагуулдаг болно.

              Манай улс энэ төрлийн гэмт явдалтай хийх тэмцэлд анхаарал хандуулж 2002 оны Эрүүгийн хуулиар мөнгө угаах гэмт үйлдлийг гэмт хэрэгт тооцож, улмаар 2009, 2014 онуудад өөрчлөн найруулж, 2015 оны Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-иар улам боловсронгуй болгожээ.

              Прокуророос С.Б-ыг “...эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад бий болгосон давуу байдлаас үүссэн хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор Ч.Д-тай бүлэглэн мөнгө угаах гэмт хэргийг зохион байгуулсан...” гэж 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт,

              Ч.Д-ыг “...С.Б-тай бүлэглэн, түүний эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад бий болгосон давуу байдлаас үүссэн хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор мөнгө угаасан...” гэж 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн.

              2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1661 дүгээр зүйл /Мөнгө угаах/-д 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдөр орсон нэмэлт өөрчлөлтөөр 1661.1 дэх хэсэгт “Хууль бус эх үүсвэрийг нь халхавчлах, нуун далдлах, түүнчлэн аливаа этгээдийг хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор энэ хуулийн 166 дугаар зүйлд зааснаас бусад хүндэвтэр, хүнд, онц хүнд гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө, эдийн бус хөрөнгө, мөнгийг санаатайгаар хүлээн авсан, хадгалсан, ашигласан, шилжүүлсэн, хувиргасан” бол гэж ердийн бүрэлдэхүүнийг, 1661.2 дахь хэсэгт энэ хэргийг “давтан буюу бүлэглэж”, эсхүл “албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн”, түүнчлэн “их хэмжээний орлого олсон” бол гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнийг зааж өгсөн бол, 1661.3 дахь хэсэгт энэ хэргийг “зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн”, эсхүл “онц их хэмжээний орлого олсон” бол гэж онцлон хүндрүүлэх бүрэлдэхүүнийг,

              2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр орсон нэмэлт өөрчлөлтөөр 1661.1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, эсхүл түүний хууль бус эх үүсвэрийг нь нуух, далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, эсхүл түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эсхүл эд хөрөнгийн эрхийг нуусан, далдалсан” бол гэж ердийн бүрэлдэхүүнийг, 1661.2 дахь хэсэгт энэ гэмт хэргийн улмаас “онц их хэмжээний хохирол учирсан”, эсхүл “албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж”, түүнчлэн “зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн” бол гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнийг зааж өгсөн бол,

              2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйл /Мөнгө угаах/-ийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан” бол гэж ердийн бүрэлдэхүүнийг, 2 дахь хэсэгт энэ гэмт хэргийг “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого болохыг мэдсээр байж”, эсхүл “байнга тогтвортой үйлдэж”, түүнчлэн “албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн” бол гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнийг, 3 дахь хэсэгт энэ гэмт хэргийг “зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн” бол гэж онцлон хүндрүүлэх бүрэлдэхүүнийг тус тус тодорхойлжээ.

              Үүнээс үзвэл, мөнгө угаах гэмт хэргийн тухайд Эрүүгийн хуульд орж байсан нэмэлт өөрчлөлтүүдэд бүтэц, дараалал, зарим зүйл, хэсгийн нэршил өөрчлөгдөж байсан боловч үндсэн шинжийг тодорхойлох нөхцөл өөрчлөгдөөгүй, улам боловсронгуй нарийвчилсан зохицуулалттай болж өгснөөс гадна, 2015 оны Эрүүгийн хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах үндсэн болон нэмэгдэл ялын төрөл, хэмжээ багассан байна.

             Анхан шатны шүүх Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг үйлдэх үед нь дотоодын хууль буюу олон улсын эрх зүйгээр эрүүгийн гэмт хэрэгт эс тооцож байсан ямар нэг үйлдэл буюу эс үйлдлээр хэнийг ч гэмт хэрэгтэн гэж буруутгаж болохгүй түүнчлэн эрүүгийн гэмт хэрэг үйлдэх үед хэрэглэж байснаас илүү хүнд ял шийтгэл оногдуулж болохгүй. Гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш тийм хэргийн ялыг хуулиар хөнгөлсөн бол уг хэрэгтэнд тэрхүү хөнгөлсөн ялыг хэрэглэнэ.” гэж, үндэсний хууль тогтоомж болох 2015 оны Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж тус тус заасныг баримтлан С.Б-, Ч.Д- нарын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд зааснаар зөв зүйлчилсэн боловч тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангаагүй үйлдэлд буюу “албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг ашиглаж” үйлдсэн гэх шинжээр шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь, шүүгдэгч С.Б- 2007 оны 11 дүгээр сараас 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд Монгол Улсын Ерөнхий сайдын алба хашиж байсан байх бөгөөд /Оюутолгойн ордыг ашиглалтад оруулах хөрөнгө оруулалтын гэрээ 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байгуулагдсан/ 2010-2014 онд Америкийн Нэгдсэн Улсын Сиэтл, Нью-Йорк хотуудад 4 үл хөдлөх хөрөнгө худалдан авсан гэх цаг хугацаатай харьцуулан үзэхэд тэрээр тухайн цаг хугацаанд албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглах бололцоогүй байжээ.

Өөрөөр хэлбэл, дээрх хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхий сайд Үндсэн хуулийн дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ёсоор Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна. Түүний дотор:

1/ Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, Засгийн газрын гишүүнийг томилох, албан тушаалаас чөлөөлөх, огцруулах тухай саналаа Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Засгийн газрын гишүүнд нэр дэвшигч нь Улсын Их Хурлын гишүүдийн олонхийн санал авч чадаагүй бол 7 хоногийн дотор тухайн Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд Засгийн газрын гишүүнд нэр нь дэвшиж байгаагүй хүний нэрийг дэвшүүлнэ;

2/ хууль болон Улсын Их Хурлаас баталсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэлийн дагуу Засгийн газрын дотоод, гадаад үйл ажиллагааг удирдана;

3/ Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарын үйл ажиллагааг чиглүүлж удирдана;

4/ Засгийн газрын үйл ажиллагааны тухай Улсын Их Хурлын чуулганд мэдээлж, авах арга хэмжээний тухай саналаа өргөн мэдүүлнэ;          

5/ энэ хуулиар тогтоосон үндсэн хүрээнд Засгийн газрын гишүүдийн эрхлэх ажлыг тодруулан хуваарилж, түүний гүйцэтгэлд хяналт тавина. Шаардлагатай бол тэдгээрт нэмэлт ажил үүрэг хариуцуулж болно. Хэрэв энэ хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан Монгол Улсын сайд нарын эрхлэх асуудлыг нэгээс нөгөөд шилжүүлэх, нэг орон тоонд нэгтгэх, шинэ орон тоонд тусгаарлан хариуцуулах зэрэг өөрчлөлт оруулах бол энэ тухай саналаа Улсын Их Хуралд өргөн мэдүүлж шийдвэрлүүлсний үндсэн дээр гүйцэтгэнэ;

6/ Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг тодорхойлж хуралдааныг товлож, даргална;

7/ дотоод, гадаад харилцаанд Засгийн газрыг төлөөлнө;

8/ хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрхийг хэрэгжүүлнэ;” гэж заасан байх бөгөөд энэ хуульд заасан бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаагүй байна.  

Тодруулбал, албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж мөнгө угаах гэмт хэрэг үйлдэх анхдагч нөхцөл нь албан тушаалын бүрэн эрхийн хугацаанд үйлдэгдсэн байхыг шаардах агаад мөнгө угаасан цаг хугацаа албан тушаалтны ажил албаа эрхэлж байсан үетэй давхцаж байх нь гол шалгуур болдог.

Харин цаг хугацаа нь зөрж буй бол албаны бүрэн эрх, нөлөөг ашигласан хууль бус үйлдэлтэй шалтгаант холбоо бий болоогүй гэж үзнэ.

Албан тушаалтан өөрийн бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж мөнгө угаах гэмт хэрэг үйлдэх дараагийн нөхцөл нь албаны эрх үүргээ хэрэгжүүлэхтэй нь холбоотойгоор өөрт олгогдсон тодорхой эрх мэдлийг албаны ашиг сонирхлын эсрэг мөн чанарт харшлах байдлаар хэрэгжүүлэн дээрх гэмт хэргийг үйлдсэн байхыг шаардана.

Харин шүүгдэгч С.Б- нь “Айвенхоу Майнз Монголия Инк” /одоогийн Оюутолгой/ ХХК болон “Петровис Трейдинг” ХХК-ийн хооронд 2009 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр байгуулагдсан ВРА №0027 дугаартай “Шатах, тослох материал нийлүүлэх тухай” гэрээ, түүний үр дүнд “Петровис Трейдинг” ХХК-д бий болсон эдийн засгийн давуу байдлаас үүссэн хууль бус хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор тус ХХК-ийн захирал Ч.Д-тай бүлэглэн өөрийн том охин Б.Нандин болон Ч.Д- нарын хамтран эрхэлдэг гэх үл хөдлөх хөрөнгийн бизнесийг үргэлжлүүлэн явуулж байгаа нэрийдлээр Америкийн Нэгдсэн Улсын Сиэтл, Нью-Йорк хотуудад 2010 оноос 2014 оны хооронд 4 үл хөдлөх хөрөнгийг нийт 11.643.000 ам.доллараар худалдан авч иргэний гүйлгээнд чөлөөтэй арилжаалагддаг эд хөрөнгө болгосны дараа эдгээр үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж эргэлтэд оруулсан, эцэст нь худалдан борлууснаас олсон орлогыг /Б.Нандин, Ч.Д- нарын бизнес эрхэлж олсон гэх мөнгийг/ Америкийн Нэгдсэн Улсын “Банк оф Америка” банк дахь өөрийн болон эхнэр Э.Сувдын дансаар 2011 оноос 2017 он хүртэлх хугацаанд нийт 3.569.148,56 ам.доллар буюу 5.580.444.637,22 төгрөгийг авч буцаан төвлөрүүлсэн нь мөнгө угаах гэмт хэргийг тодорхойлох үндсэн шинж, хэлбэрийг хангажээ.

Үүнээс гадна, шүүгдэгч С.Б-ын хамаарал бүхий этгээдүүд, тэдгээрийн эзэмшдэг аж ахуйн нэгжүүд нь Америкийн Нэгдсэн Улсад үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авч, борлуулсан талаар гүйцэтгэх ажлын журмаар шалгасан мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн магадлагаанд үндэслэн судлахад, С.Б-ын эхнэр Э.Сувд нь тус улсад “Гүндэл” /Gundel/, “Небо” /Nebo/, “Вода” /Voda/ зэрэг компаниудыг 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдөр үүсгэн байгуулж, “Гүндэл” компани нь 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдөр, “Небо”, “Вода” компаниуд нь 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр татан буугдсан бол охин Б.Нандин, Б.Бадамханд нар “Линнок Холдинг” /Linnock Holding/ компанийг 2014 оны 2 дугаар сарын 28-ны өдөр, Б.Бадамханд нь “Голд Виллин” /Gold Wellin/ компанийг 2013 оны 8 дугаар сарын 13-ны өдөр үүсгэн байгуулж, “Линнок Холдинг” компани нь 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр, “Голд Виллин” компани нь 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр татан буугдсан байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч С.Б-ын эхнэр, охидууд Ч.Д-тай хамтран Америкийн Нэгдсэн Улсад бизнес хийдэг гэх бөгөөд үл хөдлөх хөрөнгө бэлэглэсэн, худалдсан цаг хугацаанд дээрх компаниудыг үүсгэн байгуулж, татан буулгасан байгааг дурдах нь зүйтэй.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Гуравдугаар бүлэгт “Гэмт хэрэгт хамтран оролцох” хэлбэрүүдийг тодорхойлсон. Ингэхдээ уг бүлгийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.”, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн, ял оногдуулах насанд хүрээгүй хүнийг, хэрэг хариуцах чадваргүй хүнийг, гэмт хэргийг хамтран үйлдээгүй ба гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг, мал, амьтан ашиглан үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ.”, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилсан, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан хүнийг гэмт хэргийн зохион байгуулагч гэнэ.” гэж тус тус заажээ.

Тодруулбал, зохион байгуулагч гэдэг нь гэмт хэрэг үйлдэх явдлыг анхнаас нь сэдэж санаачлан түүнийгээ хэрэгжүүлэх бүх боломж, нөхцлийг бүрдүүлэх талаар идэвхтэй үйл ажиллагаа явуулж, удирдан чиглүүлэх ажлыг гардан хариуцаж, гэмт хэрэг үйлдэх төлөвлөгөө боловсруулах, гэмт хэрэгт оролцогчдын үүргийг хуваарилах замаар гэмт хэрэг хэдийд, хаана, хэрхэн яаж үйлдэх, гэмт хэрэг үйлдсэний дараах ул мөрийг арилгах зэрэг асуудлыг зохицуулагч этгээд байх ба гэмт хэрэг үйлдэхэд өөрийн биеэр оролцсон эсэхээс үл хамааран эрүүгийн хариуцлага хүлээдэг. Түүнчлэн зохион байгуулагчийн үйл ажиллагаа нь зөвхөн гүйцэтгэгчийн үйлдлээр дамжин хэрэгжих бөгөөд эдгээр этгээдүүд нь бие биенээсээ шууд хамаарах харьцангуй ойлголт юм.

Иймд шүүгдэгч нарын гүйцэтгэж байгаа үйл ажиллагааны шинж чанараас үзэхэд С.Б- нь зохион байгуулагчаар, Ч.Д- нь гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Дээрх дэс дараалалтай гэмт үйлдлийн шинж байдлаар нь шүүгдэгч С.Б-ыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах суурь гэмт хэргийн улмаас олсон хөрөнгийнхөө хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор өөрчилснөөр мөнгө угаах гэмт хэргийг зохион байгуулсан сэдэлт зорилго нь хангалттай нотлогдсон.

Авлигын эсрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцийн III дугаар бүлэг болон 23 дугаар зүйлд сэдэлтийг заавал тогтоохыг үүрэг болгосон боловч энэ гэмт хэрэг нууц далд аргаар үйлдэгддэг болохыг харгалзан санаа, зорилгыг хэргийн үйл баримт, бусад нөхцөл байдлаас дүгнэн тогтоож болохыг конвенцийн 28 дугаар зүйлээр зөвшөөрсөн болно.

Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай” хуулийг баталсан. Ингэхдээ 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Энэ хууль 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна.” гэж хууль үйлчлэх цаг хугацааг,

- 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг “Дараах хүнийг өршөөлд хамааруулахгүй:”-ийн 9.1.3-т “...Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах /Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл/...” гэж өршөөлд хамаарахгүй нөхцөл байдлыг тус тус заасан тул шүүгдэгч С.Б-, Ч.Д- нарт энэ хуулийг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

 Түүнчлэн Америкийн Нэгдсэн Улсын эрх бүхий байгууллагаас цахим хэлбэрээр ирүүлсэн эрх зүйн туслалцааны хариуг Монгол хэл рүү орчуулсан баримтад үзлэг хийсэн тэмдэглэлээс үзвэл, шүүгдэгч С.Б- болон түүний эхнэр Э.Сувдын дансаар 2011 оноос 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд нийт 3.569.148,56 ам.долларыг зарлагадсан байх бөгөөд шүүгдэгч С.Б-, Ч.Д- нарын мөнгө угаасан үйлдэл 2017 оны 11 дүгээр сард дууссан гэж үзэхээр байна. 

              2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно.” гэж заасныг 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс яллагдагчаар татах хүртэл тоолохоор зохицуулжээ.

Дээрх байдлаар хуульд өөрчлөлт орсон боловч 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй” гэж заасан зохицуулалт нь хуулийн өөрчлөлтийн аль ч цаг хугацаанд үйлчилж байгаагаас үзэхэд яллагдагчаар татах хүртэл хөөн хэлэлцэх хугацаа тоолох ойлголтыг 2015 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш үйлдсэн гэмт хэргийг шийдвэрлэхэд хэрэглэх хууль зүйн үндэслэлтэй.

Яллагдагчаар татах хүртэл хөөн хэлэлцэх хугацаа тоолох зохицуулалтыг хэвээр үлдээж, түүнтэй зөрчилдөж байсан шүүхээр шийдвэрлэх хүртэл хөөн хэлэлцэх хугацаа тоолох зохицуулалтыг хуулиас хассан тул яллагдагчаар татах хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолох ойлголт нь буцаан хэрэглэгдэж байгаа гэж үзэхгүй.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй.” гэж заасан бөгөөд шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэдэгт гурван шатны шүүх хамаарахаас гадна тухайн шийтгэх тогтоолд гомдол гаргаснаар хуулийн хүчин төгөлдөр болоогүй гэж үзнэ.

Энэхүү зохицуулалттай холбогдуулан шүүгдэгч С.Б-, Ч.Д- нарын үйлдсэн дээрх гэмт хэргүүдэд хөөн хэлэлцэх хугацаа тоолох хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймээс давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж … болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд, хэрэгт цугларч, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчим, үзэл баримтлалд нийцүүлж шүүгдэгч С.Б-ыг нийтийн албан тушаалтан, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон буюу 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, мөн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан гэмт хэргийг зохион байгуулсан буюу 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ч.Д-ыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан буюу 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж, тэдгээрийн гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-т нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сарын хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-, Ч.Д- нарт тус бүр 1 жилийн хорих ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангана гэж үзлээ.

            Гэмт хэргийн замаар олсон хөрөнгө, орлогыг хураан авахад чиглэгдсэн Олон улсын хамтын ажиллагааны “Практик ажилтанд зориулсан зөвлөмж”-өөс үзвэл дараах нэр томьёог тодорхойлсон. Үүнд: 

            Хөрөнгө буцаах /Asset recovery/ гэдэг нь гадны улсад нуусан гэмт хэргээс олсон орлогыг эх оронд нь буцаан олгоход чиглэсэн Засгийн газрын хүчин чармайлтыг тодорхойлоход хэрэглэгдэх ойлголтыг;

            Гэмт хэргээс олсон ашиг буюу гэмт хэргийн ашиг хонжоо /Benefit derived from crime or criminal benefit/ гэдэг нь тухайн өмч хөрөнгө, үйлчилгээ, давуу байдал буюу ашиг орлогыг хууль ёсны дагуу олж авснаас үл хамааран тухайн хүний хөрөнгийн нэг хэсэг болох, гэмт хэрэг үйлдэхэд тухайн этгээдийн шууд болон шууд бусаар олж авсан аливаа өмч хөрөнгө, үйлчилгээ, эсхүл ашиг орлогыг;

            Шийтгэх тогтоолд үндэслэн хөрөнгийг улсын орлого болгох, эсхүл хураан авах /Conviction-based confiscation or forfeiture/ гэдэг нь ял шийтгэл оногдуулсан тогтоолд заагдсаны дагуу гэмт хэргээс олсон орлогыг Улс хураан авахыг ойлгохоор тус тус тодорхойлсон ба манай улс Эрүүгийн хуулиндаа “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хураах” гэсэн нэр томьёогоор хэрэглэж байна.

             Анхан шатны шүүх шүүгдэгч С.Б-, Ч.Д- нарыг үйлдсэн гэмт хэрэгтэй нь холбогдуулан тэдгээрийн хувьд ногдох хөрөнгө, орлогын тодорхой хэсгийг хураах албадлагын арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.3 дахь хэсгийн зохицуулалттай нийцжээ.

             Ингэхдээ шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 6 дахь заалтад тус тус зааснаар шүүгдэгч С.Б-аас 3.569.148,56 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 5.580.444.000 төгрөгийг, шүүгдэгч Ч.Д-аас 3.5 сая ам.доллар буюу 5.766.040.000 үнэлгээтэй АНУ-д байгаа орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хураан улсын орлого тус тус болгосугай.” гэж, 8 дахь заалтад “Шүүгдэгч С.Б-ын өмчлөлд байгаа Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Санзай хотхон, 1 дүгээр хэсэг гудамж 56 тоот хаягт байрлах амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн /61хх-154х/-ийг хохиролд тооцуулахаар Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.” гэж битүүмжилсэн хөрөнгө, орлогыг хэрхэн шийдвэрлэх тухай асуудлыг тусгаснаас гадна, 10 дахь заалтад “... С.Б-, Ч.Д- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.” гэж шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэх эсэх асуудлыг тусгаж шийдвэрлэжээ.

Харин давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурорын зүгээс уг шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн дээрх заалтуудад, тухайлбал 7 дахь заалтын “...АНУ-д байгаа орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг...” гэснийг “...АНУ-ын Нью-Йорк хотод байрлах /34 Greene St. 2N NY-10023/ хаягт бүртгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг...” гэж, 8 дахь заалтын “...хохиролд тооцуулахаар...” гэснийг “...хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээг хангуулахаар...” гэж, 10 дахь заалтын “...С.Б-, Ч.Д- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.“ гэснийг “...С.Б-, Ч.Д- нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.” гэж тус тус өөрчлөлт оруулах санал гаргасан.

Давж заалдах шатны шүүх дээрх саналаас шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7, 8 дахь заалтуудад өөрчлөлт оруулах саналыг хүлээн авч шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн хуулийн шаардлагад нийцнэ гэж үзсэн ба харин шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэх эсэх асуудлыг тогтоох хэсгийн 6 дахь заалтад “Шүүгдэгч С.Б-т авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Ч.Д-д авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, тэдгээрийг цагдан хорьж эдлэх ялыг 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс тус тус тоолсугай.” гэж нэгэнт тодорхой тусгасан байх тул тогтоох хэсгийн 10 дахь заалтыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иймд дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, гэм буруу, эрүүгийн хариуцлага, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан гаргасан шүүгдэгч С.Б-, түүний өмгөөлөгч П.Баасанжав, Г.Должинсүрэн болон шүүгдэгч Ч.Д-, түүний өмгөөлөгч Б.Мөнхбат, О.Сайнгэрэл нарын давж заалдсан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын хэлбэр, бүтцэд тавигдах хуулийн шаардлагыг хангаагүй буюу шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хууль зүйн дүгнэлт дутмаг хийж, үүнийгээ давж заалдах шатны шүүхээр нөхөн гүйцэтгүүлдэг зөрчил олон удаа давтагдаж байгааг цаашид анхааруулж тэмдэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/602 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Нийслэлийн прокурорын газраас С.Б-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон,

            мөн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон,

Ч.Д-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон тус тус өөрчилсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн 10 дахь заалтыг хүчингүй болгосугай.

            2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Шүүгдэгч Лувсан овгийн Санжаагийн Б-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж давтан үйлдлээр бусдад давуу байдал бий болгон Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан мөнгө угаасан гэмт хэргийг зохион байгуулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн,

            шүүгдэгч Чойндон овгийн Чойндогийн Д-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан мөнгө угаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэснийг “Шүүгдэгч Лувсан овгийн Санжаагийн Б-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан гэмт хэргийг зохион байгуулсан гэм буруутайд,

            шүүгдэгч Чойндон овгийн Чойндонгийн Д-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэж,

            - 2 дахь заалтын “Шүүгдэгч С.Б-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хорих ялаар, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 2 жилийн хорих ялаар,

            шүүгдэгч Ч.Д-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэснийг “Шүүгдэгч С.Б-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сарын хорих ялаар, мөн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар,

            шүүгдэгч Ч.Д-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж,

            - 3 дахь заалтын “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-т 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хорих ял дээр 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх ялыг тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 5 /тав/ жилийн хорих ялаар тогтоосугай.” гэснийг “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-т 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сарын хорих ял дээр мөн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар тогтоосугай.” гэж,

            - 7 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 6 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Б-аас 3.569.148,56 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 5.580.444.000 төгрөгийг, шүүгдэгч Ч.Д-аас 3.5 сая ам.доллар буюу 5.766.040.000 үнэлгээтэй АНУ-д байгаа орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хураан улсын орлого тус тус болгосугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 6 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Б-аас 3.569.148,56 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 5.580.444.000 төгрөгийг, шүүгдэгч Ч.Д-аас 3.5 сая ам.доллар буюу 5.766.040.000 төгрөгийн үнэлгээтэй АНУ-ын Нью-Йорк хотод байрлах /34 Greene St. 2N NY-10023/ орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус хураан улсын орлого болгосугай.” гэж,

            - 8 дахь заалтын “Шүүгдэгч С.Б-ын өмчлөлд байгаа Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Санзай хотхон, 1 дүгээр хэсэг гудамж 56 тоот хаягт байрлах амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн /61хх-154х/-ийг хохиролд тооцуулахаар Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 6 дахь заалтад тус тус зааснаар шүүгдэгч С.Б-ын өмчлөлд байгаа Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Санзай хотхон, 1 дүгээр хэсэг гудамж 56 тоот хаягт байрлах амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн /61хх-154х/-ийг хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээг хангуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

            3. Шүүгдэгч С.Б-, түүний өмгөөлөгч П.Баасанжав, Г.Должинсүрэн болон шүүгдэгч Ч.Д-, түүний өмгөөлөгч Б.Мөнхбат, О.Сайнгэрэл нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

            4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                              ДАРГАЛАГЧ,

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

                              ШҮҮГЧ                                                            Б.ЗОРИГ

                              ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН