Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2023/0900

 

 

    2023          11           27                                    128/ШШ2023/0900

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “1” дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Импайрланд” ХХК, РД:5370507, итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Чингис, өмгөөлөгч: Д.Цолмон,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Лувсанданзанжанцан, Б.Болор-Эрдэнэ,

Хамтран хариуцагч: Хан-Уул дүүргийн Засаг дарга, итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Байгаль,

Гуравдагч этгээд: О.Ванданрагчаа, З.Хишигт, итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Анхбаяр,

Гуравдагч этгээд: Д.Алтанцэцэг, итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Хашцэцэг, өмгөөлөгч: Д.Доржсүрэн,

Гуравдагч этгээд: Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Очир,

Гуравдагч этгээд: Нийслэлийн Боловсролын газар, итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Цэндсүрэн, Э.Баярмагнай,

Гуравдагч этгээд: “Оч гагнуур” ХХК, захирал О.Бадмаараг,

Гуравдагч этгээд: “Содон гео инженеринг” ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Саруул,

Гуравдагч этгээд: Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Батмөнх,

Гуравдагч этгээд: Б.Орхонтуул, итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Одхүү нарын  хоорондын нийслэлийн Засаг даргын 2020 оны А/525, 2021 оны А/533, А/666, 2022 оны А/247, 2023 оны А/267, А/295, А/707, А/810 дугаар захирамжуудын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Чингис, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Лувсанданзанжанцан, хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Байгаль, гуравдагч этгээд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Очир, гуравдагч этгээд Б.Орхонтуулын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Одхүү, гуравдагч этгээд Нийслэлийн Боловсролын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэндсүрэн, гуравдагч этгээд З.Хишигт, О.Ванданрагчаа нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхбаяр, гуравдагч этгээд “Содон гео инженеринг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Саруул, гуравдагч этгээд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Энхжаргал нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Маргааны үйл баримтын талаар:

            1.1. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/525 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5-д заасныг тус тус баримтлан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.

            1.2. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 02-06/2326 дугаар албан бичгээр дээрх А/525 дугаар захирамжийг “Импайрланд” ХХК-д хүргүүлсэн.

1.3. “Импайрланд” ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/525 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гаргасан.

1.4. Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШЗ2022/1546 тоот захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.3-т заасныг баримтлан нэхэмжлэлийг буцаасан.

1.5. “Импайрланд” ХХК-иас 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн “Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/525 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлээ дахин гаргасан.

1.6. 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021 оны А/533 дугаар захирамж, 2021 оны А/660 дугаар захирамжийн иргэн О.Ванданрагчаа, З.Хишигт нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” гэж,

1.7. 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/247 дугаар захирамжийн Нийслэлийн Боловсролын газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж,

1.8. 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр “Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/267 дугаар захирамжийн “Оч гагнуур” ХХК-д холбогдох хэсгийг, 2023 оны А/295 дугаар захирамжийн “Содон гео инженеринг” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” гэж,

1.9. 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр “Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/707 дугаар захирамжийн Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт холбогдох хэсгийг, 2023 оны А/810 дугаар захирамжийн Б.Орхонтуулд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” гэж тус тус нэмэгдүүлсэн.

 

            Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1 Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Манай Импайрланд ХХК нь орон сууц, үйлчилгээний цогцолбор барилгын төслийг хэрэгжүүлэхээр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 20 га газрыг Нийслэлийн Засаг даргын 2010 оны 584 дүгээр шийдвэрээр эзэмшиж эхэлсэн бөгөөд тус шийдвэрийг үндэслэн 2011 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн Газрын албатай газар эзэмших гэрээг байгуулан 0231003 дугаартай Аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон бөгөөд газар эзэмшигчийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу газрын төлбөрийг төлж байсан. Мөн хуулийн дагуу газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх төслөө зохион, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө гаргах зэрэг ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж ирсэн. Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/760 тоот захирамжийг гаргасан бөгөөд 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 296 тоот шүүхийн шийдвэрээр А/760 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Үүний дараагаар Дээд шүүхийн хяналтын захиргааны хэргийн 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 53 тоот шүүхийн тогтоолоор Зохигчдын эвлэрлийг баталж шийдвэрлэсэн бөгөөд талууд эвлэрлийн гэрээг байгуулан дуудлага худалдааны анхны үнэ болох 316,800,000 /гурван зуун арван зургаан сая найман зуун мянга/ төгрөгийг төлснөөр Нийслэлийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/207 тоот захирамжаар дээрх газрын эзэмших эрх олгож, 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 000319202 дугаартай Аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон.

Мөн Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 6345 тоот шүүгчийн захирамжаар А.Хашчулуу, Д.Алтанцэцэг нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр “Импайрланд” ХХК-ийг татан оролцуулахаар шийдвэрлэсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж Улсын дээд шүүхийн хяналтын шатны 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 297 тоот шүүх хуралдааны тогтоолоор хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “Импайрланд” ХХК нь 2012 оноос 2018 оны 6 дугаар сарыг дуустал захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас 7 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн бөгөөд шүүхийн шийдвэр, тогтоол гарах хүртэлх хугацаанд компанийн газар эзэмших эрхэд тавьсан хоригийг чөлөөлүүлэх хүсэлтийг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд ямар нэг хариу ирүүлээгүй. “Импайрланд” ХХК нь газар эзэмшигчийн зүгээс 2008 оноос эхлэн газрын төлбөрт нийт 44,999,973 /дөчин дөрвөн сая есөн зуун ерэн есөн мянга есөн зуун далан гурав/ төгрөг, дуудлага худалдааны үнэ нийт 316,800,000 /гурван зуун арван зургаан сая найман зуун мянга/ төгрөг, нийт 461,799,973 /дөрвөн зуун жаран нэгэн сая долоон зуун ерэн есөн мянга есөн зуун далан гурав/ төгрөгийг төлсөн бөгөөд маргаан бүхий газар дээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төслийн нэмэлт зардал зэргийг тусгаагүй. Нийслэлийн Газрын албаны 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 01- 09/2557 тоот “Зөрчил арилгуулах тухай” албан бичигт 2016-2019 онуудын газрын төлбөрийг төлж барагдуулах тухай мэдэгдлийг ирүүлсэн. Манай компани тухайн мэдэгдлийг дагуу Нийслэлийн Газрын албаны холбогдох байцаагчтай уулзаж газрын төлбөр тооцоо нийлсэн актыг үйлдэх, дээрх онуудад тухайн газрын бодитоор эзэмших боломжгүй нөхцөл байдал манай компаниас шалтгаалахгүйгээр үүссэн, мөн илүү төлсөн төлбөрийг дараагийн жилд шилжүүлэх шаардлагатай талаар мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон, давхцуулан олгосноос үүдэн шүүхээс эзэмших эрхийг түдгэлзүүлсэн шийдвэр гарсантай холбоотойгоор газар эзэмшигч буюу манай компани нь дээрх газрын бодитоор эзэмших боломжгүй байсан учраас Газрын төлбөрийг төлөх боломжгүй талаар мэдэгдсэн боловч Газрын албаны байцаагч нь Нийслэлийн Газрын албаны 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 01-09/2557 тоот мэдэгдэлд дурдсан онуудын газрын төлбөрийг төлөхийг шаардсан тул зөвшилцөлд хүрч чадаагүй. Шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд газрын албанаас эрх бүхий этгээд холбогдоогүй мөн тодорхой шийдвэр гараагүй.

Гэтэл бидэнд 2020 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Монгол Шуудангаар илгээмжийг хүргүүлсэн бөгөөд илгээмж нь Газар зохион байгуулалтын албанаас 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 02-06/2326 тоот албан бичгийг Нийслэлийн Засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн А/525 тоот захирамжийн хамт байсан бөгөөд тус захирамжаар "Импайрланд" ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон бөгөөд газар эзэмших эрхийг хүчингүй болгох талаар Нийслэлийн Газрын алба болон Нийслэлийн Засаг даргаас манай компанид мэдэгдээгүй. Манай компани нь хуулийн дагуу шударгаар, төрийн хуулийн дагуу томилогдсон Нийслэлийн Засаг даргад хандаж газар эзэмших хүсэлтээ гаргасны дагуу газар эзэмших шийдвэрийг гаргасан тул Иргэний хуулийн дагуу уг газрын шударга эзэмшигч нь мөн болно. Нийслэлийн Засаг дарга нь манай компанид газар эзэмших эрхийг олгосон шийдвэрийг цуцалж, өөрсдийн өмнө нь гаргасан хууль бус захирамж, манай компанийн эзэмшлийн газрыг давхцуулан олгосон гэх хил заагийн маргаантай асуудал үүсгэсэн үйлдлийг харахгүйгээр ялгавартайгаар шийдвэрлэж байгаа нь Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль, Иргэний хуулийг зөрчиж манай компанийн газар эзэмших эрхийн зөрчиж байна. Иймд дээрх үндэслэлээр 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн А/525 тоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү. "Импайрланд" ХХК-ийн зүгээс шүүхэд анх 2020 оны 05 дугаар сарын 26-ний өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан. Гэтэл 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШЗ2022/1546 тоот “Нэхэмжлэлийг буцаах тухай" захирамжаа манай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд 2 удаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн байна. "Импайрланд" ХХК-ийн зүгээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй холбоотой барьж чадаагүй бөгөөд манай компанийн нэхэмжлэлийг буцаасан гэдгийг шүүхийн мэдээлэл лавлагааны утсаар тодруулж мэдсэн бөгөөд эрх ашгаа хамгаалах үүднээс хуульд заасан 30 хоногийн хугацааны дотор нэхэмжлэлийг дахин гаргаж байна.” гэжээ.

2.2 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Чингис шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч компани нь орон сууц, үйлчилгээний барилгын цогцолбор төслийг хэрэгжүүлэхээр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт анх 20 га газрыг Нийслэлийн Засаг даргын 2010 оны 581 дүгээр захирамжаар эзэмшиж эхэлсэн байдаг. Тус шийдвэрийг үндэслээд 2011 оны 3 дугаар сард Нийслэлийн газрын албатай тухайн газар эзэмших гэрээг байгуулаад тухайн төслийн ажлыг эхлүүлэхээр ажиллаж байсан. Мөн газар эзэмшиж эхэлснээс хойш газрын төлбөрийг төлж ирсэн. Үүний дараагаар Нийслэлийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “3захирамжийн холбогдох заалтуудын газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/760 тоот захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг. Үүнийг манай компанийн зүгээс эс зөвшөөрөөд шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн шүүх хуралдааны тогтоолоор зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан. Тухайн эвлэрлийг баталж шийдвэрлэсэн тогтоолтой холбоотойгоор нэхэмжлэгч компани нь тухайн газрын дуудлага худалдааны анхны үнэ болох 316,800,000 төгрөгийг төлснөөр тухайн газрыг эзэмших эрхтэй болж газар эзэмших гэрээг дахин Нийслэлийн газрын албатай байгуулсан байдаг.

2016 онд захиргааны хэргийн шүүхээс А.Хаш-Чулуу, Д.Алтанцэцэг нарын нэхэмжлэлтэй хэрэгт манай компанийг гуравдагч этгээдээр татан оролцуулсан. Тухайн хэрэгт татан оролцуулаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаад 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр тухайн хэргийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн шүүх хуралдааны 297 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэхдээ гуравдагч этгээд компанийн газар эзэмших эрх нь хуулиар олгогдсон үндэслэлтэй шийдвэр байна гээд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. 2010 оноос хойш тухайн газрыг эзэмшиж эхэлснээс хойш нийтдээ бараг 7 жил гаруй хугацаанд шүүхийн маргаануудаас болоод нэхэмжлэгч компани бол тухайн газар дээр яг зориулалтын дагуу орон сууцны барилгын төслийн үйл ажиллагааг явуулах боломжгүй нөхцөл байдалтай байсан. 2018 оны 6 сараас хойш шүүхийн маргаанууд арай гэж дуусаад 2019 оноос эхлэн барилгын ажлын төслийг үргэлжлүүлэхээр ажлаа явуулж байсан. Гэтэл маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 525 тоот захирамж гарсан байгаа. Тухайн захирамжаар манай компанийн эзэмшиж байсан 15 га газрын төлбөрийг хугацаандаа төлөөгүй гэх шалтгаанаар газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байсан.

Маргаан бүхий захирамжийг гаргахдаа манай компанид ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй. Бид бол газрын төлбөрийг төлөх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх нь ойлгомжтой. Гэтэл өмнө нь бодитоор ашиглаж чадаагүй гээд байгаа шүүхийн маргаантай байсан хугацааны төлбөр төлөхийг Нийслэлийн газрын албанаас шаардаж байсан. Нэхэмжлэгч манай компани нэгэнт газрын төлбөрийг төлөх хуулиар хүлээсэн үүргээр биелүүлэх нь ойлгомжтой. Гэхдээ бодитоор ашиглаж чадаагүй буюу шүүхийн маргаантай байснаас шалтгаалаад ашиглаагүй хугацааны төлбөрийг бид нар төлмөөргүй байна, ашигласан хугацааны газрын төлбөрийг төлье гэдэг хүсэлтийг гаргасан боловч шийдвэрлээгүй байж маргаан бүхий захирамжийг гаргасан байгаа.

Энэхүү захирамжтай холбоотойгоор шүүхийн маргаан эхлэх явцад Монгол Улсад коронавирусийн цар тахлын өвчин дэгдсэн. Энэ дэгдэлттэй холбоотойгоор  Улсын Их Хурлаас Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг баталсан. Энэ хууль бол өнөөдрийг хүртэл хүчин мөрдөгдөж байгаа. Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө анхны дуудлага худалдааны үнийг төлсөн газрын зохих төлбөрийг нь төлөх хүсэлтэй байгаагаа илэрхийлээд явж байтал Нийслэлийн Засаг даргаас болон Хан-Уул дүүргийн Засаг даргаас яг давхцуулсан байдлаар газрыг олгож байсан. Газрын тухай хуульд нэгэнт шүүхийн маргаан эхэлчихсэн маргаантай байгаа газар дээр дахиж газар олголт хийж болохгүй гэдэг ерөнхий зохицуулалт байгаа. Энэ зохицуулалтын үүднээс гуравдагч этгээдэд олгосон захирамж хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/525 дугаар захирамж болон гуравдагч этгээдэд давхцуулан олгосон захирамжийг, мөн гуравдагч этгээд нарт холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

3.1. Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 сарын 15-ны өдрийн А/207 тоот захирамжаар 150000 м.кв газрыг “Импайрланд” ХХК-д Орон сууц, үйлчилгээний зориулалтаар 10.9 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг үндэслэн гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3, Газрын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5-д заасныг тус тус үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 сарын 17-ны өдрийн А/525 дугаар захирамжаар “Импайрланд” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгон шийдвэрлэсэн байна. “Импайрланд” ХХК нь Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 35 дугаар зүйлийн 35.3.3, 2016 оны 11 сарын 16-ны өдөр талуудын байгуулсан “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-нд тусгагдсан газрын төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2019 оны 06 сарын 24-ний өдрийн 01-09/2557 тоот “Зөрчил арилгуулах тухай”, 2019 оны 11 сарын 20-ны өдрийн 02-09/5778 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг тус тус хүргүүлсэн болно. “Импайрланд” ХХК нь газрын төлбөр төлж барагдуулах удаа дараагийн мэдэгдэлд заасан хугацаанд газрын төлбөрийг төлөөгүй байх тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Иймд Нийслэлийн засаг даргын 2020 оны 04 сарын 17-ны өдрийн А/525 дугаар захирамж нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Лувсанданзанжанцан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/207 дугаартай захирамжаар 150000 м.кв газрыг нэхэмжлэгч компанид орон сууц, үйлчилгээний зориулалтаар 10 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд уг захирамжид үндэслэн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэр, түүний нэгж удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3, Газрын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5-д заасныг тус тус үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн А/525 дугаар захирамжаар нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч компани нь Монгол Улсын Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 35 дугаар зүйлийн 35.3.3, 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээнд тусгагдсан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул Нийслэлийн газар, зохион байгуулалтын албанаас 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 01/9, 2557 тоот, 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 02/5578 тоот “Зөрчил арилгуулах тухай” мэдэгдлийг тус бүр нэхэмжлэгч компанид хүргүүлсэн. Нэхэмжлэгч компанид газрын төлбөрөө төлж барагдуулах тухай мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн боловч заасан хугацаанд газрын төлбөрөө төлөөгүй байх тул Нийслэлийн Засаг даргын зүгээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 36 дугаар зүйлийн 36.1, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Нэмэгдүүлсэн шаардлагын тухайд Нийслэлийн Засаг даргын 2023 оны 707 дугаар захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн 2022 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 116 тогтоолыг тус тус үндэслэн Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон. 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 810 дугаар захирамжийн тухайд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэг, мөн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасан үндэслэлээр н.Орхонтуулд 8000 м.кв газрыг үйлчилгээ, орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэсэн. Дээрх Нийслэлийн Засаг даргын захирамжууд нь Монгол Улсын Газрын тухай хууль болон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Захиргааны ерөнхий хуульд заасан үндэслэлтэй захиргааны акт тул нэхэмжлэгчийн зүгээс гаргаад байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авах боломжгүй байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

3.3. Хамтран хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-д “энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэж заасан. Яармаг Улаанбаатар хотын шинэ томоохон суурьшлын бүс болон хөгжиж байгаа бөгөөд үүнийг дагаад сургууль, цэцэрлэгийн хүртээмж тулгамдсан асуудал болж дээрх асуудлыг шийдвэрлэхээр дүүргийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Засаг дарга 2021 оны А/533 дугаар захирамжаар дүүргийн Засаг даргын Тамгын газарт 2.5 га газрыг сургуулийн зориулалтаар, 1.5 га газрыг хүүхдийн цэцэрлэгийн зориулалтаар 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д "Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, харьяалах дээд шатны Засаг даргын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах, түүнчлэн тухайн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн төлөөлөгч мөн” гэж заасан бөгөөд төрийн бодлого шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэгчийн хувьд Монгол улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор гаргасан хуульд нийцсэн захиргааны акт юм. Мөн О.Ванданрагчаа, 3.Хишигт нарын гаргасан хүсэлтийг дүүргийн Газар зохион байгуулалтын алба судлан Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан гэж үзсэн тул дүүргийн Засаг даргын 2021 оны А/660 дугаар захирамжаар газар эзэмших эрх олгож шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргын 2010 оны 584 дүгээр захирамжаар тус дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 20га газар эзэмшүүлсэн байх бөгөөд 2017 оны А/25 дугаар захирамжаар хугацаа сунгасан байна. Маргаан бүхий газар нь 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай бөгөөд нэхэмжлэлийн үндэслэл болж хууль, ёсны эрх ашиг сонирхол үүсгэсэн гэх захиргааны актаар олгосон газартай давхцалгүй болно. Иймд Засаг даргын Тамгын газар болон нэр бүхий 2 иргэнд эзэмшүүлсэн захирамж нь Газрын тухай хуульд заасан шаардлагыг хангасан мөн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.4. Хамтран хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Байгаль шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо буюу Яармагийн бүс маань сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын нилээн томоохон суурьшлын бүс болж хөгжиж байгаа. Үүнийгээ дагаад сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудал маш том тулгамдсан асуудал болж байдаг. 8 дугаар хорооны хувьд нийтдээ 11560 хүн амтай мөртлөө улсын 118 дугаар сургууль, улсын 209 дүгээр цэцэрлэг гэсэн ердөө нэг сургууль, нэг цэцэрлэг л үйл ажиллагаа явуулдаг. Энэ сургууль болон цэцэрлэг нь хүртээмжийн хувьд маш хомсдолтой байдаг. Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 8 дугаар тогтоолоор батлагдсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан хүрээнд Засаг даргын Тамгын газарт 2.5 га газрыг сургуулийн зориулалтаар, 1.5 га газрыг цэцэрлэгийн зориулалтаар тус тус 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж 2021 оны А/533 дугаар захирамж гарч, газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон байгаа.

Мөн иргэн О.Ванданрагчаа З.Хишигт нарын гаргасан хүсэлтийг нь судалж үзээд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байна гэж үзсэний хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021 оны А/660 дугаар захирамжаар энэ 2 иргэнд газар эзэмших эрхийг олгож шийдвэрлэсэн байгаа.  Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь хэсэгт тодорхой заасан байгаа. 21 дүгээр зүйлийн 21.5.3-д “Энэ хуулийн 21.2.3-д зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хүрээнд Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.2-д заасныг баримталж дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж зохион байгуулах” гэж заасан байгаа. Энэ хүрээнд Засаг даргын Тамгын газар болон нэр бүхий 2 иргэнд газар эзэмшүүлсэн энэ захирамж нь Газрын тухай хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байгаа, нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Дөрөв. Гуравдагч этгээдийн тайлбар.

4.1. Гуравдагч этгээд О.Ванданрагчаа, З.Хишигт нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхбаяр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “О.Ванданрагчаа дүүргийн газар зохион байгуулалтын албанд 2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр газар эзэмших хүсэлтээ гаргаж байсан. Уг хүсэлтийн дагуу Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэгж талбарын 1781112874 дугаартай, 3499 м.кв газрыг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолбор зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/660 дугаар захирамжаар газар эзэмшүүлсэн бөгөөд 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан. Үүнээс хойш Газрын тухай хуульд заасны дагуу эзэмшиж байгаа бөгөөд гэрээнд заасан ямар нэгэн зөрчил гаргаагүй. Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамж нь О.Ванданрагчаагийн гаргасан газар эзэмших хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлэн газар эзэмших эрхийг олгосон бөгөөд хуульд нийцсэн болно. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан бөгөөд Нийслэлийн Засаг даргын захирамж хууль нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.

3.Хишигт Мод болон жимсний мод үржүүлгийн газрын чиглэлээр шинээр газар эзэмших хүсэлтийг дүүргийн Засаг даргад гаргасны дагуу Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/660 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Түргэн хаягт, нэгж талбарын 1781112875 дугаартай, 4200 м.кв газрыг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолбор зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрхтэй болсон. Улмаар 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан. Одоогоор Газрын тухай хуульд заасны дагуу эзэмшиж байгаа бөгөөд гэрээнд заасан ямар нэгэн зөрчил гаргаагүй. Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамж нь 3. Хишигтийн гаргасан газар эзэмших хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлэн газар эзэмших эрхийг олгосон бөгөөд хуульд нийцсэн болно. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан бөгөөд Нийслэлийн Засаг даргын захирамж хууль нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4.2. Гуравдагч этгээд О.Ванданрагчаа, З.Хишигт нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагын тухайд хүлээн зөвшөөрөхгүй байгаа. О.Ванданрагчаагийн хувьд дүүргийн Газар зохион байгуулалтын албанд 2019 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр газар эзэмших хүсэлтээ гаргаад 3499 м.кв газрыг хөдөө, аж ахуй, үйлдвэрлэлийн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшиж байгаа. Үүн дээр ямар нэгэн хөөн хэлэлцэх хугацааны асуудалгүй газар эзэмших эрхийг хэрэгжүүлээд явж байгаа. З.Хишигтийн тухайд Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/660 дугаар захирамжийн дагуу 4200 м.кв газрыг хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн зориулалтаар, гуравдагч этгээд нарын хувьд аль аль нь мод болон жимсний мод үржүүлгийн газрын чиглэлээр 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрхтэй болсон, одоог хүртэл хуулийн дагуу газар эзэмших эрхээ хэрэгжүүлээд явж байгаа.

Маргааны тухайд эхлээд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн юм уу гэдгээс нь энэ маргаан шийдвэрлэх болов уу гэж үзэж байна. Тэгээд яг хэрэгт цугларсан баримтуудыг үзэхээр нэхэмжлэгч анхнаасаа газар эзэмших эрхтэй байж байгаад 2014 онд нэг удаа газар эзэмших эрх нь хүчингүй болоод маргаж явж байгаад Улсын Дээд шүүх дээр эвлэрлийг нь батлаад хэргийг хэрэгсэхгүй болгосон. 2015 онд бас ийм маргаан гаргаад явж байгаад эвлэрээд хэргийг нь хэрэгсэхгүй болгосон. Энэ талаар баримтуудаа нэхэмжлэгч хэрэгт өгчихсөн. Энэ маргаануудыг нь харахаар газрын төлбөртэй холбоотой асуудал байдаг. Тухайн үедээ газрын төлбөрөө хоёр ч удаа төлөхгүй явж байсан харагддаг. Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/525 дугаар захирамжийг хүчингүй болгож байгаа захирамж нь өөрөө үндэслэлгүй юм. 2019 онд төрийн аудитаас хяналт шалгалт ороод нэхэмжлэгч байгууллагатай холбоотойгоор 2016-2019 оны газрын төлбөрийг алдангитай нь хамт төлүүл гэсэн ийм шаардлага тавиад үүний дагуу 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас шаардлага хүргүүлээд 202,000,000 төгрөг төл гэсэн шаардлага хүргүүлсэн. Үүнийг нягтлан бодогч н.Баярцэнгэл хүлээж аваад авсан.

Үүнээс хойшоо жил орчмын дараа маргаан бүхий захирамж гарсан. Энэ хугацаанд нэхэмжлэгчээс газрын төлбөрөө төлөөгүй ийм зүйл байгаад байгаа учраас хариуцагч захирамж гаргахдаа Газрын тухай хуулийг баримтлаад газрын төлбөр төлөөгүй гэдгийг үндэслэсэн, энэ захирамж хуулийн дагуу гарсан гэж үзэж байгаа. Нэхэмжлэгчид сэргэх эрх хууль ёсны ашиг сонирхол байхгүй. Тийм учраас гуравдагч этгээдэд олгосон газар эзэмшүүлэх захирамжийн тухайд нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих нөхцөл байдал үүсэхгүй гэж үзэж байгаа учраас бол нэхэмжлэлийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна.

Нэхэмжлэгч анх 2020 оны 5 сард захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад үүний дагуу захиргааны хэрэг үүсээд явж байгаад 2022 оны 2 сард нэхэмжлэлийг шүүхээс буцаасан байгаа. Яагаад вэ гэхээр нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлээ дэмжиж ирээгүй юм байна гэдэг агуулгаар буцаагаад дараа нь 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр дахиад нэхэмжлэл гаргасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжлээд явж байгаа. Тэгэхээр энэ тохиолдолд юу харагдах вэ гэхээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг харахаар маргаан бүхий актыг одоо мэдсэнээс хойш 30 хоногийн дотор Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах ийм агуулга явж байна. Гэтэл 2020 оны захирамжтай холбогдуулж 2022 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Энийгээ тайлбарлахдаа нэхэмжлэлийг буцаасан болохоор 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс хойш 30 хоногоо тоолоод 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлаж байгаа. Гэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хугацаа тасалдах тухай ойлголт бол байхгүй. Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.15-д иргэн, хуулийн этгээдээс гомдол гаргаад тухайн гомдлыг нь хангаж шийдвэрлэж байгаа тохиолдолд бол хугацаа тасалдана. Хугацаа тасалдсан тохиолдолд тухайн хугацааг эхнээс нь тоолно гэсэн ийм агуулга бүхий заалт байдаг. Энэ тохиолдолд 2020 онд гаргасан нэхэмжлэлтэй холбоотойгоор хариуцагчаас хүлээн зөвшөөрөөд юм уу шүүхээс ямар нэгэн өргөдөл гомдлыг хангасан байдалтай шийдвэр гараагүй байгаа учраас нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ийм зүйл бол харагдаж байгаа гэдгийг шүүхээс анхаараасай гэж хүсэж байна. А/525 дугаар захирамжийн тухайд Газрын тухай хуулиараа гэрээнд заасан нөхцөл болзол шаардлагыг биелүүлж газар эзэмшигч өөрөө газрын төлбөрөө төлөх үүрэгтэй, ямар ч тохиолдолд биелүүлнэ гэдэг. Гэтэл энэ үүргээ биелүүлээгүй байгаа юм байна гэдэг нь тодорхой харагдаж байгаа. Гэрээнд ч гэсэн улирал бүрийн эхний сарын 25-ны дотор төлбөрүүдийг үл маргах журмаар төлнө гээд заачихсан байгаа. Тэгэхээр энэ бүх нөхцөл шаардлагыг өөрсдөө зөрчөөд байсан учраас Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/525 дугаар захирамж, мөн гуравдагч этгээдүүдэд олгосон захирамж хууль ёсны дагуу гарсан гэж үзэж байна” гэв.

4.3. Гуравдагч этгээд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “Яармаг Улаанбаатар хотын шинэ томоохон суурьшлын бүс болон хөгжиж байгаа бөгөөд үүнийг дагаад сургууль, цэцэрлэгийн хүртээмж тулгагдсан асуудал болсон. Дээрх асуудлыг шийдвэрлэхээр дүүргийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Засаг дарга 2021 оны А/533 дугаар захирамжаар дүүргийн Засаг даргын Тамгын газарт 2.5 га газрыг сургуулийн зориулалтаар, 1.5 га газрыг хүүхдийн цэцэрлэгийн зориулалтаар 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д "Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, харьяалах дээд шатны Засаг даргын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах, түүнчлэн тухайн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн төлөөлөгч мөн" гэж заасан бөгөөд төрийн бодлого шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэгчийн хувьд Монгол улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор гаргасан хуульд нийцсэн захиргааны акт юм. Засаг даргын Тамгын газар эзэмшүүлсэн захирамж нь Газрын тухай хуульд заасан шаардлагыг хангасан мөн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4.4. Гуравдагч этгээд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байгаа. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт ямар зорилгоор, ямар хуульд заасан үндэслэлээр газар эзэмших эрх олгов гэдэг асуудал яригдаж байгаа юм. Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар Засаг даргын Тамгын газар нь ажлын алба юм. Энэ хуульд төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхээр заасан байгаа. Энэ үүрэг нь ямар учиртай байдаг вэ гэвэл Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 27 дугаар зүйл дээр заасан байгаа. Засаг дарга нь тухайн орон нутагтаа төрийн зарим чиг үүргийг төлөөлөн хэрэгжүүлдэг буюу сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагааг гүйцэтгүүлдэг байгаа. Ийм учраас Тамгын газар ажлын албаараа дамжуулан сургууль, цэцэрлэгийн газрыг эзэмшүүлэх, сурган хүмүүжүүлэх, нийгмийн чиглэлийн барилга байгууламжуудын газрыг дүүргийн Засаг даргын Тамгын газарт эзэмшүүлдэг ийм асуудал байгаа. Энэ асуудал нь ч гэсэн хуульд нийцсэн хэлбэрээр явдаг байгаа.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлага гэж байгаа. Хамгийн гол нэхэмжлэгчийн гаргаад байгаа үндэслэл нь газрыг давхцуулсан гэдэг тайлбар байгаа. 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/536 захирамжаар газар эзэмших эрх олгох үед тухайн маргаан бүхий газар нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтад байхгүй, хэн нэгний газартай давхцаагүй байсан. Улмаар Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан шийдвэрийг гаргасан байдаг. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д заасан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газрыг Тамгын газрын албан хэрэгцээнд эзэмшүүлэх захирамж гарсан. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндсэн шаардлагаа тодорхойлохдоо Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нийслэлийн Засаг даргын 2010 оны 584 дүгээр захирамжаар бид газар эзэмших эрхтэй болсон гэж өөрсдөө яриад байдаг. Гэтэл Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд буюу “Импайрланд” ХХК нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд буюу замынхаа эсрэг талд нисэхийнхээ хойд талдаа бас 20 га газартай. Үүнтэйгээ холбоод давхацсан мэт яриад байдаг. Мөн нэхэмжлэлийн шаардлагаа гаргахдаа хууль ёсны эрх ашиг нь хөндөгдсөн этгээд шаардах эрхтэй мэтээр одоог хүртэл нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж байгаа нь хууль тогтоомжид бол нийцэхгүй байна гэж үзэж байгаа.

Нэхэмжлэгч Газрын тухай хуульд заасны дагуу шүүхэд маргаж байгаа тохиолдолд энэ газрыг гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн асуудал яригдаад байна. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн захирамжаар Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт энэ газрыг олгож байхад маргаан бүхий хэргүүд шүүхээс буцчихсан байсан бөгөөд холбогдох шийдвэрүүд хэрэгт авагдчихсан байгаа. Тийм учраас шүүхэд маргаан явж байсан гэдэг үндэслэлд энэ асуудлууд хамаарахгүй. Захиргааны акт гаргахад бодит нөхцөл байдлыг тогтоосон байх шаардлагатай гэдэг. Өнөөдөр бодит нөхцөл байдалд Хан-Уул дүүргийн Яармагийн бүс ямар байдалтай байгаа билээ? Монгол Улсын Засгийн газрын 2023 оны хөрөнгө оруулалтын төсөв нь төлөвлөгөөнд туссан байгаа. Цэцэрлэг шаардлагатай юу? гэвэл шаардлагатай, сургууль шаардлагатай юу? Гэвэл шаардлагатай. Үүнийг шийдвэрлэсэн ийм эерэг нөлөө бүхий захиргааны акт байгаа юм. Нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол өнөөдөр юун дээр байх ёстой вэ? Газрын тухай хуульд заасан төлбөрөө төлөөд явж байсан бол хууль ёсны эрх ашиг сонирхлоо хамгаалуулаад явна. Шаардах эрх нь үүсээгүй байж гуравдагч этгээд нарын хууль ёсны дагуу үүссэн эрхийг хүчингүй болгохоор шаардаж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий агуулга зарчимд нийцэхгүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна” гэв.

4.5. Гуравдагч этгээд Нийслэлийн Боловсролын газраас шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: ““Импайрланд” ХХК-д олгосон газрыг Нийслэлийн засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн захирамжийн холбогдох заалгаг даргын 2020 оны 02 эрхийн гэрчилгээг хүчингүй болгох А/525 дугаар захирамжаар хүчингүй болгосон. Энэ хүчингүй болгосон газар дээр нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/247 дугаар захирамж гарч цэцэрлэгийн зориулалтаар 5000 мкв газрыг Нийслэлийн боловсролын газарт олгосон байдаг. 2023 оны Нийслэлийн төсөвт 240 ортой цэцэрлэг барихаар 2,3 тэрбум төгрөг батлагдаж, гүйцэтгэгчээр “Жинст цамхаг” ХХК шалгарч гэрээ байгуулан ажил эхлэхэд бэлэн болсон байгаа болно. Хан-Уул дүүргийн 8-р хороонд одоогийн байдлаар цэцэрлэгийн насны хүүхэд 1200 байгаа үүнээс 416 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байна. Цаашид Шинэ яармаг хорооллын барьж байгаа барилгууд ашиглалтад орох тул хүн ам улам нэмэгдэнэ. Иймд тус газар дээр цэцэрлэг барих зайлшгүй шаардлагатай байгаа болно” гэжээ.

4.6. Гуравдагч этгээд Нийслэлийн Боловсролын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэндсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бичгээр гаргасан тайлбараа дэмжиж оролцож байна” гэв.

4.7. Гуравдагч этгээд “Оч гагнуур” ХХК-иас шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: ““Оч гагнуур” ХХК нь тус газрыг хууль ёсны дагуу, газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгасны дагуу эзэмших эрх авсан тул “Импайрланд” ХХК-ийн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэхийг хүлээн зөвшөөрөхгүй байгааг хүлээн авна уу” гэжээ.

4.8. Гуравдагч этгээд “Содон гео инженеринг” ХХК-иас шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Чингис нь Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/267 дугаар захирамжийн “Оч гагнуур” ХХК-д холбогдох хэсгийг, 2023 оны А/295 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/295 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг авсан манай “Содон гео инженеринг” ХХК нь тус захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр татагдаад байгаа билээ. Манай “Содон гео инженеринг” ХХК нь газар тариалан, жимс хүнсний ногооны тариалалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд бөгөөд маргаан бүхий газрыг анх 2021 онд Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд аж ахуйн чиглэлээр газар эзэмших хүсэлтээ Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу зохих ёсоор гаргаж 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/295 дугаартай захирамжаар нэгж талбарын 1781116353 дугаартай 25000 м.кв талбайтай газрыг “Жимс жимсгэний усалгаатай тариалан”-гийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар газар эзэмших эрхтэй болсон байдаг. Хавтас хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл тус маргаан бүхий газрыг нэхэмжлэгч “Импайрланд” ХХК 2016 он 03 дугаар сарын 15-ны өдрийн А/207 тоот захирамжаар 150,000 м.кв талбай бүхий газрыг “Орон сууц, үйлчилгээний зориулалтаар” 10.9 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болсон байна. Гэвч нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 35 дугаар зүйлийн 35.3.3-д заасны дагуу Газар эзэмшигч нь газрын төлбөрийг хугацаандаа төлөх үүргээ биелүүлээгүй тул Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 209 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 01-09/2557 тоот Зөрчил арилгуулах тухай, 2019 оны 11 дугаар сарын 20-ны өдрийн 02-09/5778 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай бичгийг хариуцагчаас тус тус хүргүүлсэн нь баримтуудаар нотлогдож байна. Ийнхүү газар эзэмшигч нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, үүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Захиргаан ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3, Газрын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 40.1.5-д заасныг тус тус үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/525 дугаар захирамжаар “Импайрланд” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хуульд нийцсэн үйлдэл болжээ. Иймд “Импайранд” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг дарга болон Хан-Уул дүүргийн Засаг дарга нарт холбогдох захиргааны хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хуульд заасны үндсэн дээр газар эзэмших эрх олж авсан гуравдагч этгээдүүдийн эрхийг хамгаалж өгнө үү” гэжээ.

4.9. Гуравдагч этгээд “Содон гео инженеринг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Саруул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани нь 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хүсэлт гаргасны дагуу 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/295 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаатайгаар эзэмшиж авсан. Манай компани жимс жимсгэнэ тарьдаг тариалангийн газарт эзэмших хүсэлтээ гаргаж газар эзэмших эрхтэй болсон. Газар эзэмшүүлсэн захирамжийг хуульд нийцсэн гэж үзэж байгаа учраас хариуцагч нарын тайлбарыг дэмжиж оролцож байна” гэв.

4.10. Гуравдагч этгээд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмөнх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг хуульд заасан зориулалт хугацаа болон гэрээний үндсэн дээр гэрчилгээний дагуу эзэмшүүлнэ” гэж заасан. Сая хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ярихдаа энэ газар ямар нэгэн байгууллагын газартай давхцалгүй байсан гэсэн. Мөн Газрын тухай хуульд заасны дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөг  батлуулаад газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд заагдсаны дагуу энэ газар олгогдсон байна. Тийм болохоор нэхэмжлэгчийн эрх ашиг үүн дээр хөндөгдсөн гэж яригдахааргүй байна. Харин эсрэгээрээ Хан-Уул дүүрэгт оршин суух иргэдийн, цаашлаад тухайн сургууль, цэцэрлэгт суралцах хүүхдүүдийн ашиг сонирхол хөндөгдөхөөр байна гэж үзэхээр байна. Тийм болохоор нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан тайлбартаа 2016 оны 207 дугаар захирамжийг хүчингүй болгох үндэслэл болсон газрын төлбөрөө төлье гэдгээ илэрхийлсэн. Гэхдээ шүүхэд маргаан явж байх үед энэ хугацааны төлбөрийг бол манайхаас төлөхгүй, төлөх боломжгүй гэдгийг илэрхийлсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Тэгэхээр тухайн үеийн газрын төлбөрийг бол төлөөгүй гэдэг нь үүнээс харагдаж байгаа” гэв.

4.11. Гуравдагч этгээд Б.Орхонтуулаас шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “Иргэн Б.Орхонтуул нь Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/810 дугаартай захирамжаар Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэгж талбарын 1781116427 дугаартай 8000 мкв үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшдэг. Дээрх газрыг Газрын тухай хууль болон холбогдох хууль, дүрэм журмын дагуу эзэмшиж байгаа болно. Нэхэмжлэгчээс гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага буюу Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/810 дугаартай захирамжийн иргэн Б.Орхонтуулд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын үндэслэл хэсэгт шүүхээр хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад бусдад газар олгосон гэх тайлбар нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн ямар эрх, ашгийг зөрчиж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан иргэн Б.Орхонтуулд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

4.12. Гуравдагч этгээд Б.Орхонтуулын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Одхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Б.Орхонтуул нь Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/810 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 8000 м.кв газрыг орон сууцны зориулалтаар эзэмшдэг. Тухайн газрыг эзэмшихдээ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг бүрэн хангасны үндсэн дээр мөн хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу хүсэлтээ гаргаад Нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлд зааснаар тухайн асуудлыг шийдвэрлээд маргаан бүхий А/810 дугаар захирамжийг гаргасан байдаг.

Тухайн захирамж нь Газрын тухай хуульд заасан бүхий л шаардлагыг хангасан хууль зүйн үндэслэлтэй захирамж байгаа. Мөн нэхэмжлэгч компанийн 2010 онд эзэмшсэн газар нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 20 га газар байдаг. Харин Б.Орхонтуулын эзэмшиж буй газар нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг. Хариуцагч Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч бас дурдлаа. Тухайн үед Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байсан бөгөөд ямар нэгэн давхцалгүй байсан учраас энэ газрыг эзэмшүүлсэн. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. “Импайрланд” ХХК-иас Нийслэлийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Засаг даргад тус тус холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/525 дугаар захирамж, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021 оны А/533 дугаар захирамжийн Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газарт холбогдох хэсгийг, 2021 оны А/660 дугаар захирамжийн О.Ванданрагчаа, З.Хишигт нарт холбогдох хэсгийг, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/247 дугаар захирамжийн Нийслэлийн Боловсролын газарт холбогдох хэсгийг, 2023 оны А/267 дугаар захирамжийн “Оч гагнуур” ХХК-д холбогдох хэсгийг, 2023 оны А/295 дугаар захирамжийн “Содон гео инженеринг” ХХК-д холбогдох хэсгийг, 2023 оны А/707 дугаар захирамжийн Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт холбогдох хэсгийг, 2023 оны А/810 дугаар захирамжийн Б.Орхонтуулд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ, “шүүхийн удаа дараагийн маргаан үүсэж, тухайн газрыг бодитоор эзэмших боломж гараагүй тухайн хугацааны төлбөрийг төлөхийг шаардсан, дуудлага худалдааны анхны үнэнд 300 гаруй сая төгрөгийг төлснийг харгалзаж үзээгүй, газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо хуульд заасны дагуу мэдэгдэх, сонсгох ажиллагаа хийгээгүй, газар эзэмших эрхийг хүчингүй болгосныг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад маргаан бүхий газрыг гуравдагч этгээдүүдэд эзэмшүүлсэн нь хууль бус” гэх агуулгаар тайлбарлан маргасан.

2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

3. Нийслэлийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 340 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн 08 дугаар хороонд орон сууц үйлчилгээний зориулалтаар 200000мкв газрыг “Эл Ти Даблю” ХХК-иас “Импайрланд” ХХК-д шилжүүлснийг баталгаажуулжээ.

4. Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/207 дугаар захирамжаар “Импайрланд” ХХК нь дээрх газраас 50000мкв газрыг “Кэй Эф Эм” ХХК-д шилжүүлж, нэхэмжлэгч хуулийн этгээдийн газрын хэмжээг 150000мкв талбайтайгаар, 10 жил 9 сарын хугацаагаар эзэмшүүлэхээр баталгаажуулсан байна.  

5. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/525 дугаар захирамжаар “Хан-Уул дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууц, үйлчилгээний зориулалтаар 150,000мкв газрыг эзэмшигч “Импайрланд” ХХК нь газрын төлбөр төлж барагдуулах удаа дараагийн мэдэгдэлд заасан хугацаанд газрын төлбөрийг төлөөгүй тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

6. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” тохиолдолд Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор зохицуулсан.

7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан бичгийн нотлох баримтаар газар эзэмшигч “Импайрланд” ХХК нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд байрлах 150,000мкв газрын төлбөрийг хууль болон гэрээнд заасан хугацаанд төлөөгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байсан болох нь тогтоогдож байх тул хариуцагчаас маргаан бүхий А/525 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн дээрх зохицуулалтын хүрээнд гарсан хууль ёсны акт байна. Үүнд:

7.1. Нэхэмжлэгч компани нь нийслэлийн Засаг даргын 2016 оны А/207 дугаар захирамж бүхий 178025/033 тоот гэрээ бүхий газрын төлбөрт 2016 оноос хойш 28,400,000 төгрөг төлсөн, 2020 оны 04 дүгээр сарын 17-ны байдлаар 145,816,661 төгрөгийг төлөөгүй үлдэгдэлтэй болохыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 01-09/5036 тоот албан бичгээр ирүүлсэн лавлагаагаар(1хх-228 дахь талд) тогтоогдов.

7.2. Нийслэл дэх Төрийн аудитын газрын 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 03/188 дугаартай албан шаардлагаар “…8 иргэн, 29 аж ахуйн нэгж байгууллагын газрын төлбөрийг 2019 оны 12 дугаар сарын 01-ний дотор төсөвт төвлөрүүлэх, холбогдох бусад арга хэмжээ авах” гэсний дотор “Импайрланд ХХК, 5370507, 3, 2018 онд төлбөл зохих төлбөрийн дүн 108,900,000 төгрөг ХУД” гэж тэмдэглэгдсэн байна.

7.3. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 01-09/2557 тоот, 11 дүгээр сарын 20-ны өдрийн 02-09/778 тоот албан бичгүүдээр газрын төлбөр төлөхийг болон, газар эзэмших эрхийг хүчингүй болгох болсныг нэхэмжлэгч хуулийн этгээдэд мэдэгдсэн байх ба “Импайрланд” ХХК нь тус мэдэгдлүүдийн дагуу нэмэлт төлөлт хийгээгүй байх тул нэхэмжлэгч талын “... хуульд заасны дагуу мэдэгдэх сонсгох ажиллагаа хийгээгүй” гэх тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй.

7.4. Нэхэмжлэгч компаниас 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ газрын төлбөрт 2019 оныг дуусталх хугацаанд нийт 144,999,973 төгрөгийг төлсөн жагсаалт гаргаж, баримтуудыг ирүүлсэн байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах хугацаанд газрын төлбөрийг нэмж төлсөн талаарх баримтыг ирүүлээгүй тул мэдэгдэх сонсгох ажиллагаа хийгдсэнээр өөрчлөгдөх нөхцөл байдал мөн байхгүй байжээ.

7.5. Энэ тохиолдолд “Импайрланд” ХХК нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т “Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ:”, 35.3.1-д “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх”, 35.3.2-т “газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх”, 35.3.3-т “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх” гэж заасан үүргээ хэрэгжүүлээгүй байх тул хариуцагч нийслэлийн Засаг даргаас маргаан бүхий А/525 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.

 

8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “тухайн газарт шүүхийн маргаан удаан хугацаагаар үргэлжилж байгаа, хариуцагчаас шүүхийн маргааны улмаас газрыг бодитоор ашиглаж чадаагүй хугацааны төлбөрийг төлүүлэхээр шаардсан” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь:

8.1. Нийслэлийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/760 дугаар захирамжаар “Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Чингис хаан нисэх онгоцны буудлын урд дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмыг баримтлалгүйгээр Газрын тухай хуулийг зөрчил илт хууль бус захиргааны актаар газар эзэмшүүлсэн тул нийслэлийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 340 дугаар захирамжийн “Импайрланд” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцож” шийдвэрлэснийг эс зөвшөөрч тус хуулийн этгээдээс Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба тус шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 296 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 30 дугаар магадлалаар “... анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй” болгож, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 53 дугаар тогтоолоор “Зохигчдын эвлэрлийг баталж” шийдвэрлэсэн нь маргаан бүхий газар биш, нэхэмжлэгчийн эзэмшлийн Хан-уул дүүргийн 10 дугаар хорооны нутагт байрлах 200,000мкв газартай холбоотой маргаан байна. 

 8.2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 6345 дугаар захирамжаар А.Хашчулуу, Д.Алтанцэцэг нарын нэхэмжлэлтэй нийслэлийн Засаг даргад холбогдох “... 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/340 дүгээр захирамжийн “Импайрланд” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ...” тухай шаардлагатай захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулсан, уг хэрэг Монгол Улсын дээд шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 297 тоот тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн байх боловч энэ нь газрын төлбөр төлөхөөс чөлөөлөх, төлбөрийн хэмжээг багасгах үндэслэл болохгүй.

Өөрөөр хэлбэл, шүүхийн дээрх маргаан нь нэхэмжлэгчийн эзэмшиж байсан 150000мкв газрын хэмжээгээр бүхэлдээ давхцалтай бус 59803мкв талбайгаар давхцалтай байсан, “Импайрланд” ХХК-иас иргэн А.Хашчулуу, Д.Алтанцэцэг нарын ашиглалтад олгосон газрын давхцал бүхий хэсгийг илт хууль бус захиргааны актад тооцуулахаар бие даасан шаардлага гаргаж маргасныг шүүх хангаж байх тул нэхэмжлэгч нь шүүхийн маргаантай хугацаанд газрын төлбөрийг давхцалгүй хэмжээгээр төлөх, эсхүл бүтэн төлөөд гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг шүүхээс хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж давхцал бүхий газрын эзэмшигч биш болсон тохиолдолд илүү төлсөн төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шаардах боломжтой байсан байна.  

 

9. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “дуудлага худалдааны анхны үнэд 300 гаруй сая төгрөг төлсөн” хэмээн тайлбарлаж Худалдаа хөгжлийн банкны 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 221,460,000 төгрөгийн орлогын ордер, Хаан банкны 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 31,680,000 төгрөгийн, 11-ний өдрийн 63,680,000 төгрөгийн мөнгөн шилжүүлгийн баримтуудыг нотлох баримтаар ирүүлсэн, мөн нийслэлийн Өмчийн харилцааны газрын 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “...гэрээний үүргийн биелэлтийг дүгнэх акт”-д нэхэмжлэгч хуулийн этгээд нь дуудлага худалдааны анхны үнэнд 264 сая төгрөгийг төлснөөр, 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн төлбөрийн тооцоо нийлсэн актад “ДХАҮ 316,000,000 төгрөг төлсөн” гэж гараар тэмдэглэсэн боловч “Импайрланд” ХХК нь эдгээр баримтыг маргаан бүхий газрын дуудлага худалдааны анхны үнэд төлсөн гэж үзэхээргүй байна. Учир нь:

9.1. “Импайрланд” ХХК-иас “нийслэлийн Засаг даргын 2013 оны А/307, А915 дүгээр захирамжийг илт хүчин төгөлдөр бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрүүлэх, ... газар эрхийг хүчингүй болгуулах тухай мэдэгдлийг хүчингүй болгуулах”-аар 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан нэхэмжлэлдээ нийслэлийн Засаг даргын 2010 оны 584 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 20гар газрыг эзэмшдэг гэж дурьдаад 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 264,000,000 төгрөгийг дуудлага худалдааны анхны үнэнд төлсөн” гэжээ.

9.2. “Импайрланд” ХХК-ийн захирал Б.Дашдорж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, түүнийг төлөөлж Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар нарын хооронд 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан 12/14 тоот “Эвлэрлийн гэрээ”-ний 2.1.1-т ““Импайрланд” ХХК нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байрлах өөрийн эзэмшилд байсан 200,000 мкв газарт үйлчилгээтэй орон сууцны цогцолборыг батлагдсан зураг төсөл, зөвшөөрлийн дагуу барих” гэж, 2.1.2-т “Тухайн газрын дуудлага худалдааны анхны үнэтэй тэнцэх төлбөр болох 316,800,000 төгрөгийг гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 10 өдөрт багтаан Нийслэлийн төрийн сан банкин дахь НӨХГазрын 200051049 тоот дансанд төлөх” гэж заажээ.

9.3. Улмаар Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 318 дугаартай “Нэхэмжлэгч хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 318 дугаар захирамжаар “... Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/307, А/915 дугаар захирамжуудыг тус тус илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлж, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 10/6275 дугаар мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, нэхэмжлэгчид учруулсан хохирол болох 264,000,000 төгрөгийг гаргуулах” шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгч хариуцагч нь эвлэрлийн гэрээ байгуулж, харилцан тохиролцсоныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

9.4. Мөн нэгж талбарын 1781300934 дугаартай 200000мкв газар нь хуучнаар Хан-уул дүүргийн 10 дугаар хороо, одоогийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Төв аймаг руу явдаг автозамын баруун талд “Буянт Ухаа” спорт цогцолборын урд байрлалтай болох нь газрын кадастрын зурган мэдээллийн санд бүртгэлтэй / https://egazar.gov.mn/map?parcel_no=1781300934 / байх бөгөөд нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 02-06/199, 02 дугаар сарын 01-ний өдрийн 02-06/358 тоот албан бичгүүдээр тусдаа өөр газар болохыг тодорхойлж, байршлыг харуулсан зургийг ирүүлжээ.

9.5. Дээрх 9.4 дэх хэсэгт дурьдсан газрыг Нийслэлийн Засаг даргын 2010 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 584 дүгээр захирамжаар Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газар, “Импайрланд” ХХК-д Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Морин уулын энгэрт байршуулан 20 га газрыг аж, ахуй, орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, мөн Засаг даргын 2017 оны А/25 дугаар захирамжаар газрын эзэмших эрхийг “Импайрланд” ХХК-ийн нэр дээр 5 жилийн хугацаагаар сунгасан, эзэмших эрх хүчин төгөлдөр хэвээр байна.

9.6. Түүнчлэн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 53 дугаар тогтоолоор дээрх 9.2 дахь хэсэгт дурьдсан “Эвлэрлийн гэрээ”-г үндэслэж, нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 296 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 30 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

9.6. Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч хуулийн этгээд нь нэгж талбарын 178025/0033,18634301305961 дугаартай/хуучин/ Хан-уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 150,000мкв газрын дуудлагын худалдааны анхны үнэд 316,800,000 төгрөгийг төлсөн байх боловч энэ төлбөр нь бодит байдал дээр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 20 га газартай холбоотой удаа дараагийн маргаануудыг шийдвэрлэх, газар эзэмших эрхийн хугацааг сунгах үндэслэл болж байсан байна.

9.7. Үүнээс гадна газар эзэмшигчээс газрын дуудлага худалдааны анхны үнэ төлсөн нь газар эзэмших эрх олгох үндэслэл болохоос бус, газрын төлбөр төлөөгүй үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоход харгалзан үзвэл зохих нөхцөл биш тул энэ үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй.

10. Дээр дурьдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч “Импайрланд” ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/525 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.  

 

11. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагуудыг мөн хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.Үүнд:

11.1. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021 оны А/533 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Архивын ерөнхий газрын урд талд байрлах 15000мкв болон 24999мкв газруудыг Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газарт боловсролын байгууллагын зориулалтаар, 15 жилийн хугацаагаар,  

11.2. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021 оны А/660 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Түргэн-д байрлах 3499мкв газрыг иргэн О.Ванданрагчаад, иргэн З.Хишигтэд 4200мкв газрыг Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолборын зориулалтаар 15 жилийн хугацаагаар,

11.3. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/247 дугаар захирамжаар 5000мкв газрыг Нийслэлийн Боловсролын газарт цэцэрлэгийн зориулалтаар, 40 жилийн хугацаагаар,

11.4. Нийслэлийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/267 дугаар захирамжаар “Оч гагнуур” ХХК-д 3251мкв болон 4264мкв газруудыг үйлдвэрлэлийн зориулалтаар 15 жилийн хугацаагаар,

11.5. Нийслэлийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн А/295 дугаар захирамжаар “Содон гео инженеринг” ХХК-д 25000мкв газрыг жимс жимсгэний зориулалтаар,

11.6. Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/707 дугаар захирамжаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт 140 мкв газрыг дэд бүтцийн байгууллагын зориулалтаар 15 жилийн хугацаагаар, 250 мкв газрыг дулаан хуваарилах төвийн зориулалтаар 15 жилийн хугацаагаар,

11.7. Нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/810 дугаар захирамжаар Б.Орхонтуулд 8000 мкв газрыг үйлчилгээ, орон сууцны зориулалтаар тус тус эзэмшүүлжээ.

12. Гуравдагч этгээдүүдийн дээрх газрууд нь нийслэлийн Засаг даргын 2016 оны А/207 дугаар захирамжаар “Импайрланд” ХХК-ийн эзэмшиж байсан 150,000мкв талбайтай газартай давхцалтай болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн лавлагаануудаар тогтоогдож байна.

13. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 5-д “Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаалагч шүүхэд гомдол гаргасан тохиолдолд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гартал тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээ шинээр олгохгүй” гэж заасан тул хариуцагч захиргааны байгууллагууд нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд байрлалтай “Импайрланд” ХХК-ийн эзэмшилд байсан 150,000мкв талбай бүхий газрын эрхийг хүчингүй болгосонтой холбоотой захиргааны хэрэг үүссэн, хянан шийдвэрлэх ажиллагаа дуусаагүй байхад тухайн байршилд гуравдагч этгээдүүдэд газар эзэмших эрх олгосон нь буруу, энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “тухайн тохиолдолд нэгэнт газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нэхэмжлэлийг шүүхэд гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа, шүүхэд тухайн маргааныг хэрхэн шийдвэрлэх тодорхойгүй байгаа нөхцөлд 40.5 дахь заалт нэгэнт маргаан үүссэн бол тухайн газарт газар эзэмших эрх олгохгүй гэж тайлбарлагдах ёстой” гэсэн тайлбар үндэслэлтэй боловч нэхэмэлжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хангаж шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн хувьд сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн “...А/525 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдоогүйтэй холбоотойгоор нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын улмаас нэхэмжлэгч хуулийн этгээдийн хувьд зөрчигдөх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй гэж үзнэ.

14. Иймд нэхэмжлэлийн “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021 оны А/533 дугаар захирамж, 2021 оны А/660 дугаар захирамжийн иргэн О.Ванданрагчаа, З.Хишигт нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/247 дугаар захирамжийн Нийслэлийн Боловсролын газарт холбогдох хэсгийг, 2023 оны А/267 дугаар захирамжийн “Оч гагнуур” ХХК-д холбогдох хэсгийг, 2023 оны А/295 дугаар захирамжийн “Содон гео инженеринг” ХХК-д холбогдох хэсгийг, 2023 оны А/707 дугаар захирамжийн Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт холбогдох хэсгийг, 2023 оны А/810 дугаар захирамжийн Б.Орхонтуулд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” тухай “Импайрланд” ХХК-ийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Цолмон нь 2023 оны 03 дугаар сарын 13-ны, 05 дугаар сарын 08 болон 18, 09 дүгээр сарын 18, 11 дүүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанд хүрэлцэн ирээгүй, шүүхээс нэхэмжлэгчийн хууль зүйн туслалцаа авах эрхийг удаа дараа хангасан тул өмгөөлөгчийг оролцуулалгүйгээр шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэн шийдвэрлэсний тэмдэглэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Импайрланд” ХХК-иас Нийслэлийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Засаг даргад тус тус холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/525 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021 оны А/533 дугаар захирамж, 2021 оны А/660 дугаар захирамжийн иргэн О.Ванданрагчаа, З.Хишигт нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/247 дугаар захирамжийн Нийслэлийн Боловсролын газарт холбогдох хэсгийг, 2023 оны А/267 дугаар захирамжийн “Оч гагнуур” ХХК-д холбогдох хэсгийг, 2023 оны А/295 дугаар захирамжийн “Содон гео инженеринг” ХХК-д холбогдох хэсгийг, 2023 оны А/707 дугаар захирамжийн Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт холбогдох хэсгийг, 2023 оны А/810 дугаар захирамжийн Б.Орхонтуулд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулахтухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.МӨНХЗУЛ