Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 92

 

 

 

 

 

 

 

 

 

Г.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Цогтсайхан, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 00000- дугаар шийдвэртэй, Г.О-ын нэхэмжлэлтэй, хариуцагч “Т-”  ХХК-д холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 16 378 570  төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилтийг хийхийг хариуцагчид даалгуулахыг хүссэн тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.О-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь “Т-” -ны Дархан-Уул салбарын захирлаар ажиллаж байгаад “Т-” ны гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/1487 тоот тушаалаар үүрэгт ажлаасаа үндэслэлгүй халагдсан билээ. Миний бие 2016 оны 12 дугаар сард Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаснаар 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 00000- тоот шийдвэр гарч, улмаар Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1217 тоот магадлал. Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 00000- тоот тогтоол, мөн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр “Т-” ны Дархан-Уул салбарын захирлын албан тушаалд эргүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 31 342 627 төгрөгийг хариуцагч “Т-” ХХК-аас гаргуулж нэхэмжпэгч Г.О-т олгон.нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагч “Т-” ХХК-д даалгах, хариуцагч “Т-” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 314 663 төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор тус тус шийдвэрлэсэн. Гэвч хариуцагч “Т-” ХХК нь Улсын дээд шүүхийн тогтоол гарсан өдрөөс хойш 23 сар орчим хугацаа өнгөрч байхад шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхээс татгалзаж, шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа ба Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас удаа дараа мэдэгдэл өгсөн. Хууль зүй дотоод хэргийн яамнаас миний гаргасан гомдлын дагуу шүүхийн шийдвэр биелүүлэх тухай албан бичиг өгсөн боловч өнөөг хүртэл үүрэгт ажилд минь томилохгүй байна. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн 9,10,11 дүгээр сарын цалингийн дундаж 1 637 857 төгрөгөөр нэг сарын цалинг тодорхойлон, ажилгүй байсан хугацаа буюу 74 ажлын өдөр/ 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийг дуустал/-ийн хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 5 509 155 төгрөг /1 637 857:22=74 448*74/-ийг хариуцагчаас гаргуулан нэхэмжпэгчид олгох шийдвэр гарсны дагуу 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Монгол банкнаас татан авч 5 509 155 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 0000- тоот Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 31 342 627 төгрөгийг олгосон. Одоо 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс хойших 10 сарын цалин хөлстэй тэнцэх олговорт 1 637 057 төгрөгөөр нэг сарын цалинг тодорхойлон ажилгүй байсан хугацаа буюу 333 ажлын өдөр /2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийг дуустал/-ийн хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 16 378 570 төгрөг /1 637 857:21 =77 993*333/-ийг хариуцагчаас гаргуулан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх хүсэлтэй сайна. Иймд ажилгүй байсан 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговор 16 378 570 төгрөгийг хариуцагч “Т-”  ХХК-аас гаргуулж нэхэмжпэгч Г.О-т олгон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Т-” ны Дархан-Уул салбарын захирлаар ажиллаж байсан Г.О- тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Г.О- нь “Т-”  ХХК-тай 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 430 дугаартай, 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 734 дугаартай хөдөлмөрийн гэрээг тус тус байгуулан тус банкны Дархан-Уул салбарын захирлаар томилогдон ажиллаж байсан. Тус салбарын захирлаар ажиллаж байсан С.Мөнхдалай Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2016/00871 дугаартай шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5-д заасан үндэслэлээр “Т-” ны гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/1487 дугаартай тушаалаар Г.О-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Хөдөлмөрийи тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалинг 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 00000- дугаартай шийдвэрээр 5 509 155 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 0000- дугаартай шийдвэрээр 31 342 627 төгрөгийг тус тус олгосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “Ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө” гэж заасны дагуу “Т-” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 1111- дугаартай Ажилд томилох тухай тушаалаар Г.О-ыг Чингэлтэй дүүрэг салбарын харьяа Төв салбарын захирлаар томилж шүүхийн шийдвэрийг биелүүлсэн болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 16 378 570 төгрөгийг хариуцагч “Т-”  ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч Г.О-т олгож, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасны дагуу дээрх хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239 843 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Т-”  ХХК-аас 239 843 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.О-т олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дуүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 00000- тоот дутаартай "Ажилд эгүүлэн тогтоолгох. ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 0000- дугаартай "Ажилгүй байсан хугацааны цалин хөлс тэнцэх олговор гаргуулах" тухай шийдвэрүүдэд тус тус зааснаар Г.О-ын нэг өдрийн цалин хөлсийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2 удаагийн шийдвэрээр 74 448 гэж тогтоосон бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн хооронд ажилгүй байсан хугацааны цалин 15 559 632 /74 448 цалин*209хоног/ төгрөг болж байна. Нэхэмжлэгч 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацааны ажлын 209 хоногийн цалинг “Т-” ХХК-аас нэхэмжлэсэн бөгөөд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шуүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 00000- дугаартай шийдвэрээр 16 378 570 /78 366 цалин*209хоног/ төгрөгийг олгохоор шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т "Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвап түүнийг дахин нотлохгүй. " гэж заасны дагуу анхан шатны шүүхээс тогтоосон нэг өдрийн цалинг өөрчлөн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээр хариуцагчаас 16 378 570 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснээс хариуцагчийн зүгээс 818 938 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч Г.О- нь хариуцагч “Т-”  ХХК-д холбогдуулан 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх 10 сарын цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 16 378 570 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчийг 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр ажил албан тушаалд нь эгүүлэн томилсон ажил олгогчийн шийдвэр гарсан тул ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор олгох хууль зүйн үндэслэлгүй гэж маргажээ.

 

            Нэхэмжлэгч Г.О-ыг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 00000- дугаар шийдвэрээр Дархан-Уул аймгийн Дархан-Уул салбарын захирлын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэснийг, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 1217 тоот магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 0000 тоот тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болжээ. /хэргийн 14-19 дүгээр тал/.

 

            Хэдийгээр хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 1111- тоот тушаалаар нэхэмжлэгч Г.О-ыг Нийслэлийн Чингэлтэй дүүрэг салбарын харьяа төв салбарын захирлаар томилсон байх боловч уг ажил нь шүүхийн шийдвэрт зааснаас өөр ажлын байранд нэхэмжлэгчийг томилсон байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэж үзнэ.

 

            Мөн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 0000- дугаар шийдвэрээр 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 19 сар 3 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 31 342 627 төгрөгийг “Т-” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна.

 

             Нэхэмжлэгч Г.О- нь хариуцагч байгууллагын Дархан-Уул аймгийн Дархан-Уул салбарын захирлын албан тушаалд сарын 1 637 857 төгрөгийн цалинтай ажиллаж байсан болох нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2 удаагийн шүүхийн дээрх хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх 10 сарын цалин хөлсний дундажтай тэнцэх олговорт хариуцагч байгууллагаас 16 378 570 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.О-т олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь зөв.

 

Нэхэмжлэгч Г.О- нь 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацаа нь 10 сар болж байх ба дундаж цалин хөлсний хэмжээг хоногоор тооцох шаардлага үүсээгүй байх тул шүүхээс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрын хэмжээг сарын дунджаар тооцсоныг буруутгах үндэслэлгүй.

 

Өөрөөр хэлбэл, Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй тул нэхэмжлэгч Г.О-ыг ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдөхөөс өмнө авч байсан цалин хөлсний дундаж хэмжээгээр тооцож ажилгүй байсан хугацааны олговрын хэмжээг тогтоосон нь хуульд нийцжээ.

  

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн анхан шатны шүүхийн шийдвэрээр хариуцагчаас 16 378 570 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснээс хариуцагчийн зүгээс 818 938 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 00000- дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24 205 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ИЧИНХОРЛОО

 

                                              ШҮҮГЧИД                                 Д.ЦОГТСАЙХАН

                   

                                                                                                С.ЭНХТӨР