Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 73

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь

Улсын яллагч Б.Батнасан

Шүүгдэгч А.Д

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батмөнх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Д-д холбогдох 17160003100022 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Г овогт А-ийн Д /РД:................./ гэв.

 

Яллагдагч А.Д нь 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн орой 20 цагийн үед Говь-Алтай аймгийн Шарга сумын Ээвийн буудлаас баруун тийш засмал замын 92 дахь километрийн шонгийн орчимд хатуу хучилттай засмал зам дээр өөрийн өмчлөлийн .......... УБЧ улсын дугаартай Приус-20 /prius/ загварын тээвийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээвийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас 13 настай охин Г.Ү-г мөргөж, амь насыг нь хохироосон  гэмт хэрэг үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч А.Д нь 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн орой 20 цагийн үед Говь-Алтай аймгийн Шарга сумын Ээвийн буудлаас баруун тийш засмал замын 92 дахь километрийн шонгийн орчимд хатуу хучилттай засмал зам дээр өөрийн өмчлөлийн ............ УБЧ улсын дугаартай Приус-20 /prius/ загварын тээвийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээвийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас 13 настай охин Г.Ү-г мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн шүүгдэгч А.Д-ын “... Тухайн үед тээврийн хэрэгслийг газар дээр нь зогсоох ямар ч боломжгүй, хүүхэд гэнэт гүйж гарч ирсэн. Гүйж гарч ирсэн хүүхэд маш ойрхон тулж гарч ирсэн тул машиныг газар дээр нь зогсоох боломжгүй учир зүүн гар тийш машиныг дарж замаас гарч зогсоосон. Үүний улмаас хүний амь нас хохирсон явдалд өөрийн бурууг маш сайн ойлгож ухамсарлаж байна..” гэх мэдүүлэг /ХХ69-70/

Хохирогч Д.О-ийн “...Хүмүүс бууцгаагаад бие засаад байцгааж байтал гэнэт тас няс гээд их чимээ гараад машин юм мөргөх чимээ гарсан. Юу болов гэтэл хүн дайруулчихлаа гэсэн. Нөгөө машин чигээрээ явсаар замын хажуугийн ховол руу орсон байсан. Хүмүүс орилолдоод талийгаач охиныг өргөөд ирсэн. Хартал манай охин байсан. Тэгээд ухаан санаа самуурч эхэлсэн...” гэх мэдүүлэг / ХХ21-24/,

  Гэрч Г.Д-ын “...Би гадаа бие засчихаад урд талд нь зогсож байсан. Автобусны урд талд зогсож байтал хажуугаар цагаан өнгийн машин хурдтай өнгөрөөд л замын хажуу далан руу орсон. Машин дээр очтол хажууханд нь талийгаач газар уруугаа хараад хэвтэж байсан... Миний бодож байгаагаар 60 орчим км цагийн хурдтай байсан болов уу гэж бодож байна...” гэх мэдүүлэг /ХХ25-26/

Гэрч Н.Б-ын “...нэг шугаманд зогссон байсан автобусны хажуугаар зүүн гар тийш дохио өгөөд сигнал дараад өнгөртөл 2 автобусны голоос 1 ягаан хувцастай эмэгтэй хүүхэд үс нь хийсээд гэнэт гүйгээд гараад ирсэн. Машины урд хэсэгт мөргүүлсэн. Хэсэг машины хамар дээр машин зогсох хүртэл явсан...” гэх мэдүүлэг /ХХ29-30/

Шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 37 дугаартай дүгнэлт

 “...1. Талийгаач Ү-ийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавал тархины битүү гэмтэл: зүүн чамархайнаас суурийн арын хонхор хүртэл үргэлжилсэн шугаман хугарал, хуйхан доорх цус хуралт, духанд шарх, дух, бааруун бугалга, баруун мөр, баруун шуу, баруун гуя, зүүн өвдөг, зүүн шагай, баруун шагай, цээж, зүүн мөр, зүүн өгзөг, зүүн гуя зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүдээс гавал тархины битүү гэмтэл: зүүн чамархайнаас суурийн арын хонхор хүртэл үргэлжилсэн шугаман хугарал, хуйхан доорх цус хуралт гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Гавал тархины битүү гэмтэл: зүүн чамархайнаас суурийн арын хонхор хүртэл үргэлжилсэн шугаман хугарал, хуйхан доорх цус хуралт гэмтэл нь талийгаачийг үхэлд хүргэх шалтгаан болсон байна. 

5. Талийгаач Нямдаваа нь гавал тархины битүү гэмтэл: зүүн чамархайнаас суурийн арын хонхор хүртэл үргэлжилсэн шугаман хугарал, хуйхан доорх цус хуралт гэмтлийн улмаас амьсгал, зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ.

6.Талийгаачийн цогцсонд хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр ямар нэгэн архаг хууч өвчин тогтоогдсонгүй...” гэх шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн акт /ХХ37-38/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /ХХ7/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /8-10/, гэрэл зургийн үзүүлэлт /11-14/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /15-16/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй, аймгийн Прокурорын газраас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд шүүгдэгч шүүх хуралдаанд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх

Шүүгдэгч А.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлж, хохирогчтой эвлэрсэн болох нь хохирогч Д.О-ийн мөдөн байцаалтын шатанд гаргасан хүсэлт /ХХ110/-ээр тогтоогдож байгаа бөгөөд хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ /ХХ109/ прокурорт гаргасныг прокурорын 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 11 дугаартай тогтоол /ХХ114/-оор хангаж шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч А.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Д.О нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн, гомдол санал байхгүй гэх хүсэлт гаргасан тул шүүхээс Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Д-д  Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 3 жил 1 сарын хугацаагаар хасч, оршин суух газраа өөрчилсөн тохиолдолд хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ72/-аар, учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан болох нь хохирогч Д.О-ийн “...Миний бие Д.О жолооч А.Д-аас оршуулгын зардал бэлнээр 4.300.000 төгрөг, сэтгэлийн дэм болгож 4.700.000 төгрөг Хаан банкны дансанд орсон. Нийт 9.000.000 төгрөг авсан. Иймд ямар нэгэн санал, гомдол нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх хүсэлт /ХХ110/ зэргээр тус тус тогтоогдож байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд зааснаар эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял ногдуулахдаа харгалзаж үзэв.

Шүүгдэгч А.Д-д Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигч А.Д-д буцаан олгож, жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г овогтой А-ийн Д-ыг  Монгол Улсын Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тус хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар А.Д-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 1 сарын хугацаагаар хасаж, тухайн хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссүгэй. 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д-д оршин суугаа газраа өөрчлөх, оршин суух эрхэлсэн ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйл, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар А.Д-д хүлээлгэсэн үүргийн биелэлтэнд  хяналт тавихыг Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанд хариуцуулсугай.

5. Хэрэгт хураагдаж ирсэн №......... дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигч А.Д-д буцаан олгож, №............. дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

6. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг А.Д-д сануулсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирогчид төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.Д нь цагдан хоригдоогүй, түүний иргэний үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

6 Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол А.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА