Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2021/ДШМ/352

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Бд холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Батнасан,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Эын өмгөөлөгч П.Гансүх,

шүүгдэгч Г.Бы өмгөөлөгч О.Оюунчимэг, Ш.Пүрэвсүрэн,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж, шүүгч С.Болортуяа, Г.Золбоо нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/67 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Бы өмгөөлөгч О.Оюунчимэгийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Г.Бд холбогдох эрүүгийн 2005021881158 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Т овгийн Гийн Б, 1959 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Булган аймагт төрсөн, 62 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт гарсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.../,

Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 1996 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 139 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1996 оны 12 дугаар сарын 06-ны өдөр өвчний улмаас хугацаанаасаа өмнө тэнсэн суллагдсан;

Г.Б нь 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, төмөр замын вокзалын замын хойд талын автобусны буудал дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргааны улмаас С.Бгийн нүүр тус газар нь гараараа цохиж, газар унаган гавал тархины битүү гэмтэл учруулж алсан гэмт хэрэгт холбогджээ.  

Баянгол дүүргийн прокурорын газраас: Г.Бы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Т овогт Гийн Быг хүнийг алах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Г.Бы эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Г.Бы цагдан хоригдсон 8 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялд нь оруулан тооцож, Г.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг дурдаж, хэргийн хамт ирүүлсэн сиди 3 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан биологийн гаралтай зүйлээр бохирлогдсон 1 ширхэг салфетка, талийгаачийн өмсөж явсан хувцас болох юүдэнтэй цамц 1 ширхэг, хар өнгийн өмд 1 ширхэг, саарал өнгийн өмд 1 ширхэг, хар өнгийн хос оймс 1 ширхэг, саарал өнгийн дотоож 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Бы өмгөөлөгч О.Оюунчимэг гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Г.Бд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийсэн гэж үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ “...Б газар унаад өгсөн. Удалгүй босоод ирэхээр нь би Бгоос уучлалт гуйгаад тэр гурвыг үлдээж яваад гэртээ хариад амарсан. Үйл явдал болсон гэх үед Уранчимэг, Батчимэг гэх хоёр хүний хамт байсан. Бтой хамт үлдсэн. ...” гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Г.Б нь амь хохирогчийн ...баруун шанаа, ...зүүн шанаа орчим гэж тогтворгүй мэдүүлэг өгсөн. Харин Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.Быг “...нүүрэн тус газар цохиж, газар унаган гавал тархины гэмтэл учруулсан” гэх хэргийн үйл баримт тогтоогдсон гэж үзсэн. Үүнээс дүгнэхэд, Г.Б нь амь хохирогчийн баруун шанаа, зүүн шанаа, эсхүл нүүрэн тус газар аль нь болох нь тодорхой биш, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 7842 дугаартай дүгнэлтэд “...дээрх гэмтэл нь олон удаагийн үйлчлэлээр үүссэн ...” талаар дүгнэсэн байдаг. Гэтэл Г.Бы өөрийн мэдүүлгээр амь хохирогчийг нэг л удаа цохисон гэдэг нь зөрүүтэй. Мөн Г.Б нь амь хохирогч С.Б нартай хамт байсан Уранчимэг, Батчимэг нараас мэдүүлэг аваагүй. Г.Б нь Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 1996 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 139 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1996 оны 12 дугаар сарын 06-ны өдөр өвчний улмаас хугацаанаасаа өмнө тэнсэн суллагдсан гэх мэдээлэл ял шалгах хуудаст тэмдэглэгдсэн байх боловч ямар өвчний улмаас суллагдсан талаарх нотлох баримт буюу магадлал, шийдвэр хэрэгт хавсаргагдаагүй. Энэ нь шүүгдэгчийн хувийн байдал, өвчний байдлыг нь тодруулна. Г.Б нь хэрэг хариуцах чадвартай гэх боловч зарим үед тогтворгүй мэдүүлэг өгдөг. Олон жил боксын спортоор хичээллэдэг байсан нь эрүүл мэндэд нь нөлөөлөх боломжтой байж болзошгүй. Өмнө нь эдэлж байсан ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан өвчний талаарх мэдээлэл байхгүй зэрэг байдлаас сэтгэцийн байдлыг заавал шалгуулах шаардлагатай гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Г.Бд холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.  

Шүүгдэгч Г.Бы өмгөөлөгч Ш.Пүрэвсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломж байгаа эсэхийг шүүх шийдвэрлэх байх. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Эын өмгөөлөгч П.Гансүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэргийг үндэслэлтэй зөв шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

Прокурор А.Батнасан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Г.Б нь 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, төмөр замын вокзалын замын хойд талын автобусны буудал дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргааны улмаас С.Бгийн нүүрэн тус газар нь гараараа цохиж, газар унаган гавал тархины битүү гэмтэл учруулж алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Энэ талаар гаргасан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж хорих ялыг багасгах талаар тайлбар хэлж байна. Хохирол нөхөн төлөгдсөн, хор уршиг арилсан тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэдэг. Энэ хэргийн хувьд хүний амь нас хохирсон учраас хохирол, хор уршиг арилсан гэж үзэхгүй. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Г.Б нь 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, төмөр замын вокзалын замын хойд талын автобусны буудал дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсан үедээ маргааны улмаас С.Бгийн нүүр тус газар гараараа цохиж, газар унаган гавал тархины битүү гэмтэл учруулж алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Эын “...С.Бг 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд бусдад зодуулсан байдалтай эмчлэгдэж байгааг мэдсэн. Ингээд эмнэлэг дээр очиход 2020 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүргэгдэж ирээд тархины хагалгаанд орсон байсан. Эмчилгээ хийлгэж байх хугацаандаа ухаан ороогүй бөгөөд ухаангүй байж байгаад нас барсан. ...” /1хх 24-25/,

гэрч С.Болдбаярын “...Тэр газар хэвтэж байсан ахын духны баруун хэсэгт шалбараад тав тогтсон, бага зэрэг цус гарсан байсан. Бас тэр ахын хамрын баруун хэсэгт бага зэрэг цус болсон байсан. Хажууд нь сууж байсан 2 хүн газар хэвтэж байсан хүнийг мэдэхгүй гэж байсан. ...” /1хх 31-32/,

 гэрч Г.Ган-Эрдэнийн “...Ингээд өгсөн дуудлага мэдээллийн дагуу вокзалын автобусны буудал дээр 7 орчим минутын дотор очиход яг автобусны буудлын сандлын ертөнцийн зүгээр урд талд замын хашлага руу хөл нь орсон, биеийн хажуу хэсгээр хэвтчихсэн, толгой, хацар хэсэг нь мөн газарт бүрэн хүрсэн, цагаан сараал өнгийн малгайтай цамц, хар өмдтэй, тэнэмэл амьдралтай бололтой 40 орчим насны хүн байсан. Тэгээд тэр иргэнийг очиж шалгахад зүүн хацраас цус гарч газарт тунарсан байдалтай, ямар нэг хариу үйлдэл үзүүлэхгүй, ухаангүй байсан учраас шууд яаралтай түргэн тусламжийн төв рүү дуудлага өгсөн. Нийслэлийн яаралтай түргэн тусламжаас 15 орчим минутын дотор эмч Г.Энхжин ирж үзлэг хийгээд толгойдоо хүчтэй цохиулсан бололтой байна. Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү авч явна гээд авч явсан. ...зүүн хацраас цус их гарч, хацар орчмын газарт цус тодорхой хэмжээнд тунарсан байсан учраас гэмтэлтэй байж магадгүй гэж бодоод шууд түргэн дуудсан. ...Өглөө эрт байсан учраас ойр орчимд хүн байгаагүй. Хэрвээ хажууд нь болон тухайн хүнийг таньж мэдэж байж болох хүн, сэжигтэй хүн байсан бол шалгах байсан. ...” /1хх 40-41/,

гэрч Ч.Түмэнбаярын “...С.Б нь ухаангүй, комын байдалтай, биеийн ерөнхий байдал хүнд гэмтэлтэй, зүүн талд чамархай ясны хугаралтай, хатуу хальс доорх их хэмжээний цус хуралттай, мөн ховил хоорондын цус хуралттай байсан. Уг онош компьютер томографын шинжилгээгээр оношлогдсон. Тухайн өдрөө яаралтай хагалгааны мэс засалд орж тархи дарагдалтыг чөлөөлж эрчимт эмчилгээний тасагт шилжүүлсэн юм. ...Амь хохирогч С.Бд учирсан гэмтлийн шалтгааныг би тодорхойлохгүй. Оношийг тогтоож анхны тусламж үзүүлсэн юм. ...Амь насыг аврахад хэцүү гэмтэл байсан. ...” /1хх 43/,

шинжээч эмч Г.Ханхүүгийн “...С.Бд учирсан гавал тархины гэмтэл нь мохоо зүйлээр нэг удаагийн үйлчлэлээр буюу гараар толгойн зүүн хэсэгт болон зүүн зулай, чамархай хэсэгт хүч үйлчлэхэд үүсэж болохоор байна. Уг үйлчлэлийн улмаас гавал тархинд битүү гэмтэл үүсчээ. Уг гэмтэл нь шинэ гэмтэл байсан. ...” /1хх 50-52/,

шинжээч эмч Ө.Сарангэрэлийн “...С.Б нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан бөгөөд мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр толгойн орой хэсэгт үйлчилсэн гэмтэл байна. Толгойн зүүн хэсэг буюу зулай, чамархай орчимд цохих үед нэг удаагийн цохилтоос үүсэх боломжтой. Дээрх хүчин зүйлийн улмаас гавал тархины гэмтэлтэй холбоотой бөгөөд нэг дор үүссэн шинэ гэмтлүүд юм. ...” /1хх 71-72/ гэх мэдүүлгүүд,  

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн “...С.Бгийн биед суман заадлаас зүүн титэм заадал дайрсан хугарал, зүүн чамархай яснаас хөхлөг сэртэн дайрсан шугаман хугарал, зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэнг хамарсан хатуу хальсны доорх цусан хураа, цусан хурааг авч тархи дарагдлаас чөлөөлөх мэс заслын дараах байдал /2020.07.04/, аалзавчийн доорх тархмал цус харвалт, духны дэлбэнгийн цусархаг няцрал, хуйхны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөг, хацар, шанаа, дээд уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. ...” гэх 7842 дугаартай,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн “...1.2.3 Талийгаачид хийсэн задлан шинжилгээгээр гавал тархины битүү гэмтэл, тархины баруун зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай, дагз, бага тархины аалзан хальс доорх цус харвалт, баруун зүүн дух, чамархайн суурийн хэсгийн няцрал, зүүн тал бөмбөлгийн чамархай зулай хэсгийн хатуу хальс дээрх ялтаслаг цусан хураа, зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальс доорх бүлэгнэсэн цусан хураа, зүүн чамархай зулай, дагз ясны цөмөрсөн болон шугаман хугарал, сагитал болон хөндлөн синусын урагдал, гавлын оройн шарх хальс, хуйханд цус хуралт, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдийн гавал тархины гэмтлүүд нь хүнд, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдийн гавал тархины гэмтлүүд нь хүнд, баруун гуянд цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлүүдийн улмаас тархи хавагнаж дарагдаж нас баржээ. 5. Талийгаач нь О /1/ бүлгийн цустай байна. 6. Талийгаач нь 2020.07.18-ны 03.20 минутад нас баржээ. 7. Талийгаач нь эмнэлэгт 14 хоног хэвтэн мэс засал, сэхээн амьдруулалт, эрчимт эмчилгээ хийгдсэн тул химийн шинжилгээнүүд хийгдээгүй. 8. Талийгаач нь зүрхний булчингийн томрол сорвижил өвчтэй байна. 9. Яаралтай эмнэлгийн тусламж авсан ч амь нас аврагдах боломжгүй. ...” гэх 1516 дугаартай,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн биологийн шинжээчийн 020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн “...1. Шинжилгээнд ирүүлсэн юүдэнтэй саарал өнгийн цамц дээр цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй. 2. Юүдэнтэй саарал өнгийн цамц дээрх цусны бүлгийн харъяалал болон хүн, амьтны цус аль нь болохыг тогтоох боломжгүй байна. 3. Хар хөх өнгийн бэлтгэлийн өмд, саарал өнгийн дотуур өмд, хар өнгийн хос оймс, саарал өнгийн хос оймс, хар саарал алаг өнгийн дотоож дээр цус болон биологийн гаралтай ул мөр илрээгүй. ...” гэх 3891 дугаартай дүгнэлтүүд,

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 8-12/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 55-67/, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 24866 дугаартай талийгаачийн өвчний түүхийн хуулбар /1хх 72-102/, эмч нарын зөвлөгөөний шийдвэр /1хх 78-79/, мэс заслын өмнөх дүгнэлт /1хх 79/, үзлэгийн тэмдэглэл /1хх 80-91/, компьютер томограф болон өвчний түүх /1хх 92-103/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч нарыг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг хууль зүйн үндэслэлтэй дүгнэж, шүүгдэгч Г.Быг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Бы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн нь зөв бөгөөд түүнд тухайн зүйлд зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн ба уг эрүүгийн хариуцлага нь гэм буруутай этгээдийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршиг, хувийн байдал, гэм бурууд тохирчээ.

Хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан нотлох баримтууд нь хэргийн бодит байдлыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ бүхий байдлыг үүсгээгүй, шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байх тул шүүгдэгч Г.Бы өмгөөлөгч О.Оюунчимэгийн гаргасан “...нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Г.Бы өмгөөлөгч О.Оюунчимэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/67 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/67 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Бы өмгөөлөгч О.Оюунчимэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт өнөөдрийн байдлаар 84 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.
  3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.МӨНХӨӨ

ШҮҮГЧ                                                                        Л.ДАРЬСҮРЭН

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                     Д.МЯГМАРЖАВ